Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 102/ШШ2022/00989

 

 

 

 

2022 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 102/ШШ2022/00989

Улаанбаатар хот

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Оюунтуул даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

нэхэмжлэгч: С

 

 нэхэмжлэлтэй,

 

хариуцагч: Б

холбогдох,

 

орон сууц, авто зогсоолын өмчлөгчөөр тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

нэхэмжлэгч Г.*******-*******,

түүний өмгөөлөгч Ш.Оюумаа,

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.*******,

гуравдагч этгээд Д.*******,

түүний өмгөөлөгч Д.*******сүх нар оролцож,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Дүүриймаа хөтлөв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Г.*******-******* хариуцагч ******* интернэйшнл ХХК-д холбогдуулан орон сууц, авто зогсоол хөрөнгийн өмчлөгч болохыг, мөн өмчлөх эрхтэй болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: ...миний бие *******-******* 2016 оны 07 сарын 07-ний өдөр Дархан уул аймгийн 11 багт 9 давхрын 62 тоот 62,7мкв 2 өрөө байрыг 62 700 000 төгрөгийн төлбөрийг бүрэн дуусч 20мк авто зогсоолыг гэрээний дагуу бариулж байр зогсоолоо хүлээж авсан. 2016 оны 12 сарын 10 өдөр байрандаа орсон. Байрны мөнгө бүрэн төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтыг 2018 оны 12 сарын 24-нд албан ёсоор буцаан олгосон. Байранд орсныхоо дараа ******* интернэйшнл ХХК 2017 оны 08 сарын 20 өдрийн улсын бүртгэлийн дугаартай Дархан-Уул аймгийн Дархан сум, 11-баг, 10 байрны 63 айлын зориулалтын дагуу ашиглах үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ олгосны дагуу ашиглах мэдэгдлийг хүлээж аваад үл хөдлөх хөрөнгийн газар хандсан. Үл хөдлөх хөрөнгийн газар хандахад нийтээрээ нэгдсэн журмаар байраа 100 хувь төлсөн айлуудыг гаргаж өгнө гэсэн. Тиймээс би гэрээний гүйцэтгэлийг хангуулмаар байна. Гэрээний тусгай нөхцөлийн 2.1 дэх заалтын дагуу 33 хувь төлөөд албан ёсны өмчлөгч гэж ойлгож байгаа, дараа нь 100 хувь төлсний дараа ямар нэг барьцаанд тавиагүй, давхар худалдаагүй гэж мэдэгдэх байсан үүргээ биелүүлээгүй. Өнөөдрийг хүртэл байр, автомашины зогсоолоо ашиглаад амьдарч байгаа учир миний өмчлөл болохыг тогтоолгомоор байна... гэв.

 

3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч гаргасан хариу тайлбартаа: ...нэхэмжлэгч Г.*******-******* ******* компанитай хийсэн хууль ёсны гэрээ хүчин төгөлдөр болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна. Орон сууц, авто зогсоолыг бариулах гэрээний нэхэмжлэгч өөрөө зөрчсөн, гэрээний дагуу тухайн худалдан авагч өөрөө улсын бүртгэлд бүртгүүлэх ёстой байсан, манай компаний удирдлагууд давхцалтай гэрээ хийгдсэн. Энэ нь өөрөө шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар нотлогддог. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар иргэн *******гийн нэр дээр байрыг 2019 оны 02 сарын 21-ний өдөр шилжүүлсэн. Нэхэмжлэгч өөрөө гэрээг зөрчиж улсын бүртгэлд бүртгүүлээгүй байж манай компанид холбогдох нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна... гэв.

 

4. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.******* тайлбартаа: ... . ******* компани гэрээний үүргийг гүйцэтгэхгүй шаардах явцад 2016 онд анх хийсэн гэрээний дагуу 7800мкв талбайнаас 2667мкв орон сууцыг өөрийн нэр дээр барьцаанд авсан. Барьцаалсан үл хөдлөх хөрөнгөө улсын бүртгэлийн газар бүртгүүлсэн. ******* компани гэрээний үүргээ гүйцэтгэхгүй байсан тул шүүхэд хандаад хялбаршуулсан журмаар эвлэрлийн гэрээг 2018 оны 08 сарын 30-ны өдөр байгуулаад Хан-Уул дүүргийн шүүхийн шийдвэр гарсан. Шүүхийн шийдвэрийн дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх үйл ажиллагаа явагдаж 1 жил болсон. Энэ хугацаанд ******* компаний зүгээс *******-******* гэх хүн гэрээтэй байна гэж надад мэдэгдээгүй. Дархан хотод шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдахад *******-******* гэх хүн одоо байгаагүй, тухайн үед ч байгаагүй. Би бол төлбөр авагч тухайн үед би маш их хэмжээний мөнгө хөрөнгө оруулчихаад өнөөдөр нэг ч төгрөг авч чадалгүй өнөөдрийн байдлаар 7 жил шүүхээр явж байна. *******-Эрдэний хувьд өмнөх хурал дээр намайг залилан хийдэг гээд байсан материалын хувьд ******* компани миний мөнгөөр юу хийлгэсэн талаар би адилхан хохирогч байхад намайг авсан мэт яриад байдаг... гэв.

 

5. Нэхэмжлэгч Г.*******-Эрдэнийн шүүхэд ирүүлсэн

Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 3-6 дугаар тал/

Итгэмжлэл /хэргийн 7 дугаар тал/

БГД-ийн 18-р хорооны Засаг даргын тодорхойлолт /хэргийн 8 дугаар тал/

2014.7.07-ны өдрийн Орон сууц захиалгаар барих тухай гэрээ /хэргийн 9-13 дугаар тал/

62 700 000 төгрөгийн баримт /хэргийн 14 дүгээр тал/

Банкны шилжүүлгийн маягт /хэргийн 15, 15-р хуудасны ар тал, 29 дүгээр тал,/

******* интернэшнл ХХК-ийн албан бичиг /хэргийн 16 дугаар тал/

2016.02.05-ны өдрийн Авто зогсоол захиалгаар бариулах гэрээ /хэргийн 17-18 дугаар тал/

2017.12.20-ны өдрийн 01 дугаар Авто зогсоол худалдан авах гэрээ /хэргийн 20-21 дүгээр тал/ баримтууд

Нэхэмжлэлийн шаардлага өөрчлөх тухай /хэргийн 77 дугаар тал/

Нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан тухай /хэргийн 155-156 дугаар тал/

 

6. Хариуцагч ******* интернэйшнл ХХК-ийн шүүхэд ирүүлсэн

Хариу тайлбар /хэргийн 26-27 дугаар тал/

Компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, эрх шилжүүлэх гэрээ, уулзалтын тэмдэглэл /хэргийн 28-33 дугаар тал/

******* интернэшнл ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хэргийн 79, 96 дугаар тал/

******* интернэшнл ХХК-ийн хүсэлт /хэргийн 34 дүгээр тал/

******* интернэшнл ХХК-иас Г.*******т олгосон итгэмжлэл /хэргийн 40 дүгээр тал

******* интернэшнл ХХК-ийн төлөөлөгч Г.*******ын давж заалдах гомдол, улсын тэмдэгтийн хураамж /хэргийн 58-59 дүгээр тал/

 

7. Гуравдагч этгээд Г.*******гийн шүүхэд ирүүлсэн

Итгэмжлэл /хэргийн 51 дүгээр тал/

Д.*******гийн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ /хэргийн 45,100 дугаар тал/

Д.*******гийн давж заалдах гомдол, улсын тэмдэгтийн хураамж /хэргийн 55-56 дугаар тал/

Хариу тайлбар /хэргийн 81-82 дугаар тал/

Хөрөнгө оруулалтын гэрээ, гэрээний хугацаа сунгасан гэрээ, гэрээнд нэмэлт өөрчөлт оруулах гэрээ, барьцааны гэрээ /хэргийн 83-95 дугаар тал/

2017.8.22-ны өдрийн Эвлэрлийн гэрээ /хэргийн 97 дугаар тал/

ХУДИХАШШүүхийн 2017.08.30-ны өдрийн Эвлэрлийн гэрээг баталгаажуулах тухай шүүгчийн захирамж /хэргийн 96-97 дугаар тал/

Дархан уул аймгийн Засаг даргын Тамгын газрын албан бичиг /хэргийн 180 дугаар тал/

Дархан уул аймгийн Засаг даргад гаргасан орон сууц захиалагчдаас хүргүүлсэн хүсэлт, гарын үсэг /181, 184, 185 дугаар тал/

Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн албан бичиг /хэргийн 182, 192 дугаар тал/

Захиалгаар барьсан орон сууцны жагсаалт /хэргийн 183 дугаар тал/

Д.*******гийн мэдэгдэл /хэргийн 186 дугаар тал/

2014.7.07-ны өдрийн Орон сууц захиалгаар барих тухай гэрээ /хэргийн 187-192 дүгээр тал/

Шийдвэр, тогтоол магадлалууд /хэргийн 200-223 дугаар тал/

 

8. Шүүхээс

Анхан болон давж заалдах шүүх хуралдааны тэмдэглэл, шийдвэр магадлалууд, Улсын дээд шүүхийн тогтоол Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн тэмдэглэл, Магадлал /хэргийн 46-50, 68-74, 116-122,131-141, 152 дугаар тал/ нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар нэг бүрчлэн уншин сонсгож шинжлэн судлав.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

 

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд байгуулагдсан орон сууц, авто зогсоол захиалан бариулах гэрээний дагуу төлбөрийг бүрэн төлж дуусгасан тул тухайн хөрөнгүүдийн өмчлөх эрхтэй болон өмчлөгчөөр тогтоолгох шаардлага гаргасан... гэж тайлбарласныг

 

3. Хариуцагч эс зөвшөөрч ...2 гэрээний дагуу төлбөрөө төлсөн нь банкны баримтаар тогтоогдож байгаа тул энэ талаар маргахгүй, нэхэмжлэгч орон сууц хөрөнгөө бүртгүүлэх талаар эрх бүхий байгууллагад хандаагүй, одоо тухайн орон сууц хөрөнгө Д.*******гийн өмчлөлд бүртгэлтэй тул энэ шаардлагыг зөвшөөрөхгүй... гэж тайлбарлав.

 

4. Хэрэгт авагдсан баримт зохигч талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

5. 2014 оны 07 сарын 07-ны өдрийн дугаар 020 тоот Орон сууц захиалгаар барих тухай гэрээгээр захиалагч буюу нэхэмжлэгч Дархан-Уул аймаг, Дархан сум, 11 баг, ******* таун хотхоны 9 давхар орон сууцны А блокын 1 орц 9 давхарт 36 тоот 62.7м2 талбайтай 2 өрөө орон сууцыг гүйцэтгэгч буюу хариуцагч ******* интернэйшнл ХХК-аар захиалан бариулж, 62 700 000 төгрөгөөр худалдан авахаар, мөн 2016 оны 02 сарын 05-ны өдөр дугаар 05 тоот Автозогсоол захиалгаар бариулах гэрээг талууд байгуулан, хариуцагч ******* интернэйшнл ХХК-аас нэхэмжлэгч Г.*******-******* Дархан-Уул аймаг, Дархан сум, 11 баг, 13 хороолол, таун нэртэй 144 айлын орон сууцны 05 тоот 20м2 талбай бүхий авто зогсоолыг 16 000 000 төгрөгөөр худалдан авахаар тус тус тохиролцсон нь гэрээ болон талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбар баримтаар тогтоогдож байна. /хэргийн 9-13, 17-18 дугаар тал/

 

6. Энэ нь нэхэмжлэгч Г.*******-*******, хариуцагч ******* интернэйшнл ХХК нарын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэхь хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ тус тус байгуулагдсан гэж үзэх үндэслэл болно.

 

7. Дээрхи гэрээнүүд зохигчдын хүсэл зоригийн илэрхийлэл болсон, хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан, Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 43 дугаар зүйлийн 43.2.1-д заасан шаардлагыг хангасан байх тул  талуудын хооронд хийгдсэн гэрээ хүчин төгөлдөр хэлцэл байна.

 

8. Хэлцэл хийгдсэн, хүчин төгөлдөр эсэх талаар зохигчид маргаагүй.

        

9. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасны дагуу ажил гүйцэтгэгч буюу хариуцагч захиалагчийн эсхүл өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч буюу нэхэмжлэгч уг ажлын үр дүнг хүлээн авч хэлэлцэн тохиролцсон хөлс төлөх үүрэгтэй.

 

10. Дээрхи гэрээнүүдийн дагуу нэхэмжлэгч орон сууцны үнэ 62 700 000 төгрөгийг, авто зогсоолын үнэ 16 000 000 төгрөгийг тус тус бүрэн төлж барагдуулан тухайн хөрөнгүүдийн өөрийн эзэмшилд хүлээн авч, гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор бүрэн биелүүлсэн, өнөөдрийг хүртэл хөрөнгүүдийг эзэмшиж ашиглаж байгаа нь банкны мөнгөн шилжүүлэг, төлбөрийн баримтууд болон зохигч талуудын тайлбараар тогтоогдож байна./хэргийн 13-15, 19 дүгээр тал/

 

11. Хариуцагч нэхэмжлэгчийн гэрээгээр хүлээсэн мөнгөн төлбөрийн үүргээ бүрэн биелүүлснийг хүлээн зөвшөөрч маргаагүй.

 

12. Орон сууц захиалгаар бариулах гэрээний 3.4, Авто зогсоол захиалгаар бариулах гэрээний 3.5-д тус тус зааснаар захиалагч мөнгөн төлбөрийг гүйцэтгэгчийн дансанд 100 хувь төлснөөр гүйцэтгэгч өмчлөх эрхийг захиалагчид шилжүүлэх, өмчлөх эрхийн гэрчилгээ авахад шаардлагатай бичиг баримтыг захиалагчид саадгүй өгөхөөр тохиролцсон, нэхэмжлэгч мөнгөн төлбөрийн үүргээ биелүүлсэн атал хариуцагч орон сууц болон авто зогсоолыг нэхэмжлэгчийн эзэмшил ашиглалтад шилжүүлж хүлээлгэн өгч харин өмчлөх эрхийг шилжүүлээгүй, шаардлагатай бичиг баримтыг хүлээлгэн өгөөгүй нь зохигч талуудын тайлбар баримтаар тогтоогдож байна.

 

13. Эдгээр үйл баримтын талаар зохигчид маргаагүй болно.

 

14. 2014 оны 04 сарын 21-ны өдөр №01/14 тоот Хөрөнгө оруулалтын гэрээ бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.*******, ******* интернэйшнл ХХК-ийн хооронд байгуулагдаж ******* интернэйшнл ХХК-ийн Дархан-Уул аймаг, Дархан сум, 11 баг, 13 хороололд байрлах 1500м2 талбай бүхий газарт барих гэж буй 144 айлын 8470м2 талбай бүхий орон сууцны зориулалттай барилгад Д.******* хөрөнгө оруулахаар тохиролцжээ. Мөн эдгээр талуудын хооронд 2014 оны 12 сарын 22-ны өдөр №01 тоот Хөрөнгө оруулалтын гэрээ, 2015 оны 03 сарын 31-ны өдөр №02 тоот Хөрөнгө оруулалтын гэрээний хугацаа сунгах гэрээ, 2015 оны 10 сарын 14-ны өдөр №03 тоот Хөрөнгө оруулалтын гэрээний хугацаа сунгах гэрээ, 2016 оны 03 сарын 11-ны өдөр дугаар 16/001 тоот хөрөнгө оруулалтын гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ, 2016 оны 03 сарын 11-ны өдөр дугаар 16/001/01 тоот Барьцааны гэрээ тус тус байгуулагдаж Дархан-Уул аймаг, Дархан сум, 11 баг, 13 хороололд байрлах 1500м2 талбай бүхий газарт баригдаж дууссан 144 айлын 8470м2 талбай бүхий орон сууцны зориулалттай барилгаас нийт 2 667,22м2 талбай бүхий 46 айлын орон сууцыг барьцаалсан нь талуудын хооронд бичгээр байгуулсан гэрээнүүд, Д.*******гийн тайлбар баримтуудаар тогтоогдож байна. /хэргийн 81-95 дугаар тал/

 

15. Хөрөнгө оруулалтын гэрээний талууд гэрээний талаар маргаж эвлэрүүлэн зуучлагчид хандсан ба Д.*******д хөрөнгө оруулалтын гэрээний үүргийн дагуу ******* интернэйшнл ХХК 2 500 000 000 төгрөгийг төлөхөөр тохирч 2017 оны 08 сарын 22-ны өдөр №183 тоот Эвлэрлийн гэрээ байгуулж, 2017 оны 08 сарын 30-ны өдөр дугаар 183/ШЗ2017/08942 Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар талуудын хооронд байгуулагдсан энэхүү эвлэрлийн гэрээг баталгаажуулжээ. /хэргийн 97-99 дүгээр тал/

 

16. Энэхүү шүүгчийн захирамжтай холбоотой шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж Дархан-Уул аймаг, Дархан сум, 11 баг, 13 хороолол, 10 А байр, ... 36, .... тоот нийт 1423.42 м2 талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр Д.******* 2019 оны 02 сарын 21-ны өдөр бүртгэгдсэн нь улсын бүртгэлийн гэрчилгээ баримтаар тогтоогдож байна. /хэргийн 100 дугаар тал/

 

17. Нэхэмжлэгч Г.*******-******* захиалгын гэрээний дагуу орон сууцны үлдэгдэл төлбөрийг хамгийн сүүлд 2016 оны 12 сарын 02-ны өдөр 1000 000 төгрөгийг төлснөөр төлбөрийг бүрэн төлж дуусган 2016 оны 12 сарын 10-ны өдөр орон сууцандаа нүүн орж эзэмшилдээ авсан нь түүний шүүхэд гаргасан тайлбар баримтаар тогтоогдож байна. /хэргийн 117 дугаар хуудас ар тал, 134 дүгээр тал/

 

18. Хариуцагч ******* интернэйшнл ХХК 2017 оны 08 сарын 02-ны өдрийн улсын бүртгэлийн Y-2003018160 дугаарт бүртгэгдсэн Дархан-Уул аймаг дархан сум, 11 баг 13 хороолол, 10А байрны 58 айл ... нийт 7310 м2 талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тус компани бүртгэгдэж гэрчилгээ олгогдсон, төлбөрөө төлсөн тохиолдолд үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ олгогдохыг Г.*******-*******д 2017 оны 12 сарын 28-ны өдөр бичгээр мэдэгдсэн нь Г.*******-*******д өгсөн мэдэгдэл, 2020 оны 02 сарын 18-ны өдөр орон сууцны захиалагчдын Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст гаргасан хүсэлт баримтаар тогтоогдож байна. /хэргийн 15, 181 дүгээр тал/

 

19. Нэхэмжлэгч Г.*******-******* орон сууц захиалгын гэрээний дагуу хүлээн авсан орон сууц үл хөдлөх хөрөнгөө өмчлөх талаар улсын бүртгэлийн байгууллагад хүсэлт гаргаж байгаагүй нь /2020 оны 02 сараас өмнө/ түүний шүүхэд гаргасан тайлбар баримтаар тогтоогдож байгаа ба харин тухайн орон сууцны өмчлөгчөөр Д.******* бүртгэгдсэн талаар нэхэмжлэгч шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас мэдсэн, мөн 2017 оны 08 сарын 03-ны өдөр Улсын бүртгэлээс харж мэдсэн нь түүний шүүхэд гаргасан тайлбар, Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст гаргасан хүсэлт баримтаар тогтоогдож байна. /хэргийн 47 дугаар хуудас ар тал, 117 дугаар тал, ар талын хамт, 134, 180-192 дугаар тал/

 

20. Хариуцагч ******* интернэйшнл ХХК 2014 оны 04 сарын 21-ны өдөр бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.*******тай Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж гэрээний 5.2.2-т гүйцэтгэгч тал хамтын үйл ажиллагааны үр дүнд бий болсон үл хөдлөх хөрөнгийг өмчлөх эрхтэй бөгөөд хөрөнгө оруулагч талтай харилцан тохиролцсоны үндсэн дээр захиран зарцуулах үүрэгтэй гэж тохиролцсон, мөн талууд 2016 оны 03 сарын 11-ны өдөр дугаар 16/001/01 тоот Барьцааны гэрээгээр 46 айлын орон сууцыг барьцаалсан атал хариуцагч хөрөнгө оруулагч Д.*******д мэдэгдэлгүй 36 тоот орон сууц хөрөнгийг 2016 оны 12 сард нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн нь Г.*******гийн тайлбар болон дээр авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

 

21. Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1-д зааснаар нэхэмжлэгч маргаан бүхий орон сууц үл хөдлөх хөрөнгөө өмчлөх эрхээ бүртгүүлэх талаар бүртгэлийн байгууллагад хүсэлтээ гаргаж байсан нь тогтоогдохгүй, Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-д зааснаар гуравдагч этгээд Д.******* маргаан бүхий орон сууц үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр бүтгэгдсэн бөгөөд уг бүртгэл хүчин төгөлдөр хэвээр байгаа, энэ талаар ямар нэг маргаан гаргаагүй, Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1, 121 дүгээр зүйлийн 121.1-д зааснаар маргаан бүхий орон сууц үл хөдлөх хөрөнгийн өмчлөх Д.*******гийн өмчлөлд бүртгэгдсэн тул бусад этгээдийн тухайн хөрөнгийн хувьд эдлэх аливаа эрх дуусгавар болсон гэж үзэх үндэслэлтэй.

 

22. Нэхэмжлэгч Г.*******-Эрдэний Дархан-Уул аймаг Дархан сум, 11 баг 13 хороолол, 10А байрны 36 тоот 62.7м2 талбай бүхий 2 өрөө орон сууц үл хөдлөх хөрөнгийг өмчлөх эрхтэй болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хангах хуулийн үндэслэл тогтоогдохгүй тул нэхэмжлэлийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэлээ.

 

23. Харин Дархан-Уул аймаг Дархан сум, 11 баг 13 хороолол, 144 айлын орон сууцны 05 тоот 20м2 талбай бүхий авто зогсоолыг нэхэмжлэгч өөрийн эзэмшил ашиглалтад шилжүүлэн авсан боловч 2016 оны 02 сарын 5-ны өдөр талуудын хооронд байгуулсан Авто зогсоол захиалгаар бариулах гэрээний 3.5-д заасан өмчлөх эрхийн гэрчилгээ авахад шаардлагатай бичиг баримтыг саадгүй өгөх үүргээ хариуцагч биелүүлээгүй, хариуцагчийн өмчлөлд бүртгэлтэй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байгаа, хариуцагч энэхүү шаардлагыг эс зөвшөөрч ямар нэг тайлбар татгалзал гаргаж маргаагүй.

 

24. Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2, 112 дугаар зүйлийн 112.1-д зааснаар нэхэмжлэгчийн шаардах эрх үндэслэлтэй тул Дархан-Уул аймаг Дархан сум, 11 баг 13 хороолол, 144 айлын орон сууцны 05 тоот 20м2 талбай бүхий авто зогсоол хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй.

 

25. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 709 400 төгрөгөөс 140 400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 569 000 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор тогтоов.

 

26. 2020 оны 09 сарын 23-ны өдрийн №20/112, 2022 оны 03 сарын 01-ний өдрийн №22/11 тоот ******* интернэйшнл ХХК-аас Г.*******т олгогдсон итгэмжлэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх, үүрэг олгогдсон байна. /хэргийн 40, 199 дүгээр тал/

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1, 106 дугаар зүйлийн 106.1, 109 дүгээр зүйлийн 109.1-д зааснаар хариуцагч ******* интернэйшнл ХХК-д холбогдох, Дархан-Уул аймаг, Дархан сум, 11 баг, 13 хороолол, 10 а байр, 36 тоот, 62,7 м.кв талбайтай 2 өрөө орон сууц үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхтэй болохыг тогтоолгох тухай нэхэмжлэгч Г.*******-Эрдэний нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т зааснаар Дархан-Уул аймаг, Дархан сум, 11 баг, 13 хороолол, ******* таун 144 айлын орон сууцны байрны 05 тоот 20 м.кв талбайтай авто зогсоол хөрөнгийн өмчлөгчөөр нэхэмжлэгч Г.*******-Эрдэнийг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагыг хангасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 709 400 төгрөгөөс 140 400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 569 000 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны  шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ш.ОЮУНТУУЛ