Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 44

 

Д.Ц, Ч.Ө нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Жамбалсүрэн даргалан, шүүгч Л.Алтан, шүүгч Н.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй хийж,

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 132 дугаар шийтгэх тогтоолтой, Д.Ц, Ч.Ө нарт холбогдох, 2035000000113 дугаартай, 1 хавтас эрүүгийн хэргийг дээд шатны прокурорын эсэргүүцлийг үндэслэн шүүгч Н.Мөнхжаргалын илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Болорзаяа, Увс аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэх мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Х.Энхтуул нар оролцов.

Монгол Улсын иргэн, 1972 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Увс аймгийн Тэс суманд төрсөн, 48 настай, эрэгтэй, яс үндэс Баяд, тусгай дунд боловсролтой, малын бага эмч мэргэжилтэй, малчин, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Увс аймгийн Тэс сумын 3 дугаар багт оршин суух хаягтай, гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Б ургийн овогт Д-гийн Ц.

Монгол улсын иргэн, 1971 оны 6 дугаар сарын 04-ний өдөр Увс аймгийн Тэс суманд төрсөн, 49 настай, эрэгтэй, яс үндэс Баяд, боловсролгүй /уншиж бичиж чадна/, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Увс аймгийн Тэс сумын 3 дугаар багт оршин суух хаягтай, гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Б-ийн овогт Ч-ийн Ө6/.

Шүүгдэгч Д.Ц, Ч.Ө нар нь бүлэглэн Увс аймгийн Тэс сумын 6 дугаар багийн нутагт байрлах Засаг даргын Тамгын газрын байрны хажууд байрлах зогсоолоос 2020 оны 6 дугаар сарын 25-ны өглөөний 05 цагийн үед иргэн Ч.Д-гийн эзэмшлийн Бүгд Найрамдах Хятад Ард Улсад үйлдвэрлэсэн “Мустанг-5” маркийн улсын дугааргүй, хүрэн өнгийн мотоциклийг хулгайлж 1.922.917 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б ургийн овогт Д-гийн Ц, Б ургийн овогт Ч-гийн Ө нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан шүүгдэгч Д.Ц, Ч.Ө нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тус бүр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн байна.

Дээд шатны прокурор давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ: “Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 8 дугаар сарын 21-ний өдөр хэргийг хянан хэлэлцээд 132 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Д.Ц, Ч.Ө нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан шүүгдэгч Д.Ц, Ч.Ө нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тус бүр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Үүнд:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох нь хэсгийн 1 дэх заалтад “...шүүгдэгч Д.Ц, Ч.Ө нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэж дурдсан атлаа, тогтоолын 2 дахь заалтад “...Эрүугийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан шүүгдэгч Д.Ц, Ч.Ө нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тус бүр 1 жил 6 сарын хугацаагаар тэнссүгэй” гэж заажээ.

Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх шүүгдэгч нарыг хулгайлах гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, мал хулгайлах гэмт хэрэг оногдуулахаар заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна гэх хуулийн шаардлагыг хангахгүй байна.

Мөн шүүх хуралдаанд уншиж сонсгосон шийдвэрийн тогтоох хэсэг гардуулсан шийдвэрийн тогтоох хэсгээс зөрүүтэй байгаа нь шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзнэ.

Иймд шүүхийн шийтгэх тогтоол нь тодорхой, ойлгомжтой, хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болж чадаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байх тул Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 132 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэрэгт зааснаар дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: “Эсэргүүцлээ дэмжиж байна. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 21-ны өдрийн 132 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дүгээр сарын 21-ны өдрийн 132 дугаар  шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулах тухай дээд шатны прокурорын эсэргүүцлийг үндэслэн шүүгдэгч Д.Ц, Ч.Ө нарт  холбогдох 2035000000113 дугаартай эрүүгийн хэргийг давж заалдах шатны шүүхээр хянан хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Увс аймгийн Прокурорын газраас Д.Ц, Ч.Ө нарыг бүлэглэн  хохирогч Ч.Дгийн өмчлөлийн 1.922.917 төгрөгийн үнэ бүхий “Мустанг-5” маркийн мотоцикл хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан  гэмт хэрэгт яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Д.Ц, Ч.Ө нарт  холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөнөөс шийтгэх тогтоол хууль ёсны болж чадаагүй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Д.Ц, Т.Өлзийтогтох нар бүлэглэн 2020 оны 6 дугаар сарын 25-ны өглөө 05 цагийн үед Увс аймгийн Тэс сумын 6 дугаар багийн нутагт байрлах Засаг даргын Тамгын газрын байрны гаднах автомашины зогсоол дээр байрлуулж тавьсан байсан Ч.Дгийн өмчлөлийн 1.922.917 төгрөгийн үнэ бүхий “Мустанг-5 “ маркийн мотоцикл хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байх ба энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй болжээ.

          Харин анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.Ц, Т.Өлзийтогтох нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцээд гаргасан 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 132 дугаар шийтгэх тогтоолын Тогтоох хэсэгт “ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэж бичсэн атлаа тогтоолын 2 дахь заалтад : Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан шүүгдэгч Д.Ц, Ч.Ө нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тус бүр 1 жил 6 сарын хугацаагаар тэнссүгэй” гэж бичиж, шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцоогүй зүйл, хэсгээр  буюу Мал хулгайлах гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь үндэслэлгүй  болсон байна. 

          Шүүгдэгч Д.Ц, Ч.Өлзийбаяр нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “ Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэх шаардлагыг хангаагүй байх ба  энэхүү нөхцөл байдал нь  мөн хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчилд хамаарч,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох, эсхүл өөрчлөх үндэслэл болох юм.

       Анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн зарим тохиолдолд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах байдлаар давж заалдах шатны шүүхээс зөвтгөж болохоор хуульчилсан боловч анхан шатны шүүхийн дээрх алдааг давж заалдах шатны шүүхээс зөвтгөн өөрчлөх боломжгүй байна.

            Дээд шатны прокурор эсэргүүцэлдээ “ шүүх хуралдаанд уншиж сонсгосон шийдвэрийн тогтоох хэсэг   гардуулсан шийдвэрийн тогтоох хэсгээс зөрүүтэй гарсан “ гэж бичсэн байх боловч шүүгдэгч Д.Ц, Т.Өлзийтогтох нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 132 дугаар шийтгэх тогтоолын Тогтоох хэсэг нь уг шүүх хуралдааны тэмдэглэлд бичигдсэнтэй адил байх тул шүүх хуралдаанд уншиж сонсгосон  шийдвэрийн тогтоох хэсэг гардуулсан шийдвэрийн тогтоох хэсгээс зөрүүтэй гарсан гэж дүгнэх боломжгүй, өөрөөр хэлбэл : шүүхийн уншиж сонсгосон шийтгэх тогтоол нь  бичгээр үйлдэж гардуулсан шийтгэх тогтоолоос зөрүүтэй эсэх нь тодорхойгүй, шүүх хуралдааны дуу, дүрсний бичлэг хэрэгт хавсаргагдаагүй байна.           

        Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байх тул  дээд шатны прокурорын “ шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах “ тухай эсэргүүцлийг  хүлээн авч, Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар  сарын 21-ний өдрийн 132 дугаар  шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар  сарын 21-ны өдрийн 132 дугаар  шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Д.Ц, Ч.Ө нарт  холбогдох эрүүгийн 2035000000113 дугаартай хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2.Хэрэг анхан шатны шүүхэд очтол Д.Ц, Ч.Ө нарт  урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл Давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ,   ШҮҮГЧ                                           Д.ЖАМБАЛСҮРЭН                                          

 

ШҮҮГЧИД                                                                 Л.АЛТАН

 

                                                                                    Н.МӨНХЖАРГАЛ