Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 184/ШШ2022/01057

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранзул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Япон Улс, Х муж, .... хот, Тоёооко Рокужа 2, Чомэ ..... тоот хаягт оршин суух, эрэгтэй, .... өдөр төрсөн, Х /Н/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, ээээ дугаар хороо, Хангайн .... гудамж, .... тоот хаягт оршин суух, Б овогт Б.М /рд:..../-д холбогдох,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн .... дугаар хороо, Хангайн .... гудамж, ... тоот хаягт байрлах, Т ХХК /рд:..../ нарт холбогдох,

 

62,331,600 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, 79,266,600 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагч Т ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т, хариуцагч Б.М-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Т нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Х шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Х би Япон Улсын иргэн бөгөөд 2016 оны 10 сард Монгол Улсад байх үедээ Б.М....тай танилцсан юм. 2017 оны зун хүртэл бүтээн байгуулах шинэ ажил эрхлэх, бизнес санаа болон хамтран ажиллах санал маш ихээр тавьж байсан. Түүний ярианд би итгэн хууртагдаж хамтран ажиллахаар болж 2 талаасаа хэн хэн нь эхний ээлжид 1,300,000 иен гаргахаар болж, би мөнгөө Б.Мд өгсөн. Хамтран цэцэрлэг ажиллуулахад хүүхдүүдийг угтан авах машин авна гэж надаас 440,000 иен авсан. Мөн мөнгө зээлээч, бараа авч зарна хэмээн 800,000 иен зээлж авсан. Намайг хуурч мэхлэн, хуурамч, хүчин төгөлдөр бус гэрээ хэлцэл хийн намайг залилсанд гомдолтой байна. Арай ч ингэнэ гэж бодоогүй. Иймд иргэн Б.М....гаас 60,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. /Энэ зөвхөн баримттай шилжүүлсэн мөнгө болно/ Мөн дээр нь янз бүрийн арга хэрэглэн авсан мөнгө, Монгол, Япон улсын хооронд ирж очсон зардлууд, буудал, хоол, хүлээн авалт, бэлэг сэлт гэх мэт 100 сая орчим төгрөгийг нэхэмжлээгүй болно. 2018 оны 8 сард 1,300,000 иен, 440,000 иен, 800,000 иенийг тус тус буцаан төлөхийг шаардахад 2018 оны 12 сарын 24-ний өдөр төлнө гэж хэлээд сураггүй болсон. 2018 оны 12 сарын 5-ны өдрөөс хойш холбогдож чадаагүй тул хуульч хөлслөн Монгол Улсын шүүхэд хандаж байна. Хэрэв иргэний журмаар асуудлаа шийдүүлж чадахгүй, зөвшөөрөхгүй бол цагдаагийн байгууллагаар бүлэглэн залилсан гэдгээр шалгуулах болно. Б.М нь өөрийн зүгээс ямар ч мөнгө гаргаагүй, зөвхөн намайг гэрээгээр хуурч залилж байсанд гомдолтой байгаа бөгөөд би уучилж чадахгүй. Гадаад иргэдийг итгэлийг нь олж байгаад ингэж хуурч мэхэлж байдаг хүмүүсийн талаар сонсоод маш их харамсаж байна. Мөн нэмж улсын тэмдэгтийн хураамжид төлсөн мөнгийг хамтатган гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч нараас нийт 62,331,600 төгрөг гаргуулахаар шаардсан. Үүнээс зээлийн гэрээний дагуу иргэн Б.М....гаас 30,429,600 төгрөгийг, хамтран ажиллах гэрээний дагуу Т ХХК-иас 31,902,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна.

Япон улсын иргэн Х нь 2016 оны 10 сард Монгол улсад байх үедээ Б.М....тай танилцсан. Б.М нь 2017 оны зун хүртэл бүтээн байгуулах шинэ ажил эрхлэх, бизнес санаа болон хамтран ажиллах санал маш ихээр тавьж байсан. Х нь түүний ярианд итгэн хамтран ажиллахаар болж 2 талаасаа эхний ээлжид 1,300,000 иен гаргахаар болж 2017 оны 07 сарын 21-ний өдөр Б.Мд мөнгөө шилжүүлсэн. Цэцэрлэг ажиллуулахад хүүхдүүдийг угтан авах машин авна гэж 2017 оны 08 сарын 28-ны өдөр 440,000 иен зээлийн гэрээ хийж авсан. 2017 оны 10 сарын 05-ны өдөр мөнгө зээлээч, бараа авч зарна гээд мөн 800,000 иен зээлийн гэрээ хийж авсан. Б.М нь 800,000 иен болон 440,000 иенийг зээлж авсан нь үнэн болно гэж гарын үсэг зурж баталгаа гаргаж өгсөн. Зээлж авсан баталгааг хариуцагч үгүйсгээгүй. Зээлийн баталгааг нотлох баримтаар өгөхөд хариуцагч өмнө нь маргаж байгаагүй, мөн зээлийн баталгааг үгүйсгэсэн баримт хавтаст хэрэгт өгөөгүй. Талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан. Зээлийн гэрээ хийсэн гэж үзэж байгаа тул манай талаас 800,000 иен болон 440,000 иений тухайд зээлийн гэрээний үүрэгт иргэн Б.Мгаас 30,429,600 төгрөгийг шаардаж байна.

Х нь Б.Мтай итгэлцлээр Монгол улсад хөрөнгө оруулагч гэдэг байдлаар анх харьцаж байсан. Б.М нь Т ХХК-иар дамжигдаад хийх буюу хөрөнгө оруулах энэ ажиллагааг удирдахдаа өөрөө санаачилж цэцэрлэгийн үйл ажиллагаагаар эхэлье гэж санаа гаргасан. Т ХХК-ийн хуулийн этгээдийн лавлагаа байгаа. Энэ компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд нь Б.М юм. Гэрээ хийхэд Т ХХК-ийн захирал Б.М нь гарын үсэг зурсан байна. Хариуцагчийн гаргаж өгсөн баримт дээр цэцэрлэгийн үйл ажиллагааг танилцуулж байсан баримт нь харагдана. Хамтын үйл ажиллагааны зорилгыг Б.М гэрээнд заасны дагуу цэцэрлэгийн үйл ажиллагаанд хөрөнгө оруулалт хийе гэх байдлаар цэцэрлэгийн үйл ажиллагаа хийх санаачилгыг гаргаж ирсэн байгаа. Хамтран ажиллах гэрээн дээр хувьцаа эзэмших замаар хөрөнгө оруулах түүнээс гарах ашгийг хүртэх гэсэн хамтын ажиллагааны гол зорилго тохиролцсон байсан. Хөрөнгө оруулах чиглэлийг Б.М нь Эрхсийн найзууд гэж өөрийн хувийн бизнесийн үйл ажиллагаа буюу цэцэрлэгийн үйл ажиллагаанд таны хөрөнгө оруулалт энэ бизнест орсон шүү гэдэг байдлаар тайлбарлаж өгсөн байсан. Анхнаасаа Монгол улсад цэцэрлэгийн үйл ажиллагаа хийнэ гэж манай үйлчлүүлэгчийн зүгээс тодорхойлж байсан зүйл байхгүй. Гэрээн дээрээ хөрөнгө оруулалт хийх түүнээсээ ашиг хүртэх зорилгоор хамтран ажиллана гэж гэрээний 1.1-ээр зорилго нь тогтоогддог. Анхнаасаа тохиролцоод цэцэрлэгийн үйл ажиллагаа явуулах байсан бол Эрхсийн найзууд гээд боловсрол соёлын байгууллагад Хг хувьцаа эзэмшигчээр оруулах ёстой байсан. Бодит байдал юу харагдаж байна вэ гэхээр Хг хууран мэхэлж хувийн бизнестээ хөрөнгө оруулж ашигласан гэж харагдаж байна. Гол маргаад байгаа зүйл нь хамтран ажиллах гэрээ нь анхнаасаа биелэгдээгүй буюу хамтын ажиллагаа ерөөсөө хэрэгжээгүй дээр л маргаж байгаа. Үнэхээр гэрээ байгуулагдаагүй гэж үзэж байгаа бол өгсөн авснаа буцаана гэж үзэж байна. Бид хамтран ажиллах гэрээ анхнаасаа биелэгдэх боломжгүй байсан гэж үзээд 1,300,000 иенээ буцааж авахаар хариуцагч талаас шаардаж байгаа. Х нь Т ХХК-ийн хувьцааг эзэмших замаар ашиг хүртэх байдлаар хамтран ажиллана гэдгээ гэрээний 1 дүгээр зүйлд тодорхой тусгаж өгсөн. Т ХХК-ийн зүгээс хөрөнгө оруулах үйл ажиллагаа явагдаагүй байна. Хөрөнгө оруулалтаа 50/50 хувиар хувааж төлөхөөс Х нь үүргээ биелүүлсэн. Б.Мн зүгээс үүргээ биелүүлсэн нэг ч баримт байхгүй. Энэ гэрээ нь анхнаасаа хэрэгжээгүй байна. Эрхсийн найзууд гэдэг тусдаа эрх зүйн чадвар чадамжтай хуулийн этгээд нь Т ХХК-тай огт холбогдоогүй. Эрхсийн найзууд цэцэрлэг нь 100 хувь Б.Мн хувийн бизнес гэж харагдаж байгаа. Т ХХК нь анх байгуулагдсан хамтран ажиллах гэрээний зорилгын дагуу нэг ч үйл ажиллагаа хийгээгүй. Иймд Т ХХК, түүний захирал Б.Мтай байгуулсан 2017 оны 06 сарын 15-ны өдрийн хамтран ажиллах гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу шилжүүлсэн 31,902,000 төгрөгийг хариуцагч Т ХХК-иас гаргуулж өгнө үү гэв.

 

3.Хариуцагч Б.М шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие 2016 оны 10 сард Япон улсаас эх орондоо ирсэн байх хугацаанд анх Хтай танилцсан. Буцах нислэг нэг өдөр таарсан тул замын туршид юм ярьж, утасны дугаар болон цахим хаягаа солилцсон. Түүнээс хойш Х үргэлж утсаар ярьж мессеж бичин Монголд хийж болох бизнесийн санааны тухай ярьдаг байсан. 2017 оны хавар ганц хүү маань өөд болчихлоо гэж уй гашуугаа хуваалцах болсон. Х мөн л хүүхдэд буян хийж, хүүхдэд ээлтэй зүйл Монголд хийе гэж байнга хэлэх болсон ч би Японд хэлний сургуулиа 2016 оны 4 сард төгсөөд RK менежмент гэх компанид сарын 180,000 иений цалинтай ажил хийдэг байсан ба хангамж сайтай компани байсан болохоор ажлаа орхин явах боломжгүй байсан. RK менежмент компанид оюутан байхаасаа цагийн ажил хийдэг ба сургуулиа төгсөнгүүт надад үндсэн ажилтан болох санал тавьж гурван жилээр виз гаргаж өгсөн. Гэвч Х нь Монголд бизнес хийе, чи Монголд хариуцаад ажиллуулаач гэх болсон. Удалгүй авга маань бурхан болж би дүүгээ дагуулан 6 сард Монголд ирсэн. Энэ үеэр Х ч гэсэн Монголд ирсэн байсан. Тэгээд хүүгийнхээ хойчид зориулж хүүхдүүдэд буян хийе гэж хэлсэн. Тэгээд бид 2 дундаасаа мөнгө гарган Гачууртын эцэст асрамжийн газарт очин хүүхдүүд хооллож, тэдэнд тоглох тоглоомууд аваачиж өгсөн. Маргааш нь хүний өөрийн 30 гаруй хүүхэд асардаг Сарнай гэх эмэгтэйнд очиж мөн л хоол хүнс, тоглоом, 32 инчийн зурагт аваачиж өгч буян үйлдсэн. Монгол дахь бүх ажлыг хариуцан ажиллавал амьдрах бүх зардлыг Х би төлнө, чи Японд ажиллахаасаа илүү орлого олох болно, би бүхнийг хийж өгнө гэж итгүүлсэн. Ийнхүү олон удаа ятгасны дүнд би зөвшөөрч, хамтарч ажиллах саналыг нь хүлээн авч, Хг ахтайгаа хамт байгуулсан Т ХХК-д хувьцаа эзэмшигчээр бүртгүүлсэн. Хүүхдэд буян болох зүйл хийе гэснийх нь дагуу хүүхдийн цэцэрлэг эхэлж түрээслэн ажиллуулах болсон. Ийнхүү түүний явуулсан мөнгөөр Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, Нарны хороолол 13 дугаар байр, 120 тоот хаягт байрлах, Эрхэсийн найзууд цэцэрлэгийг сарын 3,000,000 төгрөгөөр түрээслэн ажиллуулахаар болж, мөн хорооллын 3 дугаар байрны 98 тоот хаягт байрлах 2 өрөө байрыг ойрхон гэж сарын 750,000 төгрөгөөр түрээслэн амьдруулахаар шийдсэн. Мөн Сити центр оффисын байрыг сарын 1,000,000 төгрөгөөр түрээслэн үйл ажиллагаа явуулахаар шийдэцгээсэн. Хгийн хэлсэнчлэн бүхий л зүйлийг бэлдэж огт хийж үзээгүй цэцэрлэгийн эрхлэгч болж маш их хичээсэн. Утаатай, тоос шороо их тул агаар цэвэршүүлэгч авч цэцэрлэгтээ тавь гэж хэлсний дагуу нэг бүрийн үнэ нь 1,650 ам.долларын үнэтэй 2 ширхэг агаар цэвэршүүлэгч авч тавьсан. Үнэтэй бараа гээд гаалийн татварт тус бүр 750,000 төгрөг хүртэл өгсөн. Ийнхүү Эрхэсийн найзууд цэцэрлэгийг 2018 оны 6 сар хүртэл ажиллуулж байгаад больсон. Одоо цэцэрлэгийн бараа бүтээгдэхүүнийг айлын гараажид хадгалж байгаа. Хг Монголд ирэх бүрд хоол, унаа /авга ах Батдоржийнхоо приус маркийн машинаар үйлчилдэг байсан/, орчуулга, хөдөө газар үзүүлэх гээд бүхий л зүйлээр хангаж, тусалдаг байсан. Мэдээж огт хийж үзээгүй ажил тул туршлагагүйтэх, алдах эндэх асуудал байх нь мэдээж, эхний гурван жил ашиг хараад хэрэггүй гэж байнга хэлдэг байсан. Гэвч 2018 оны 7 дугаар сараас эхлэн надтай их өөрөөр харьцах болсон. Миний Монгол эхнэр бол ч гэх шиг. Та эхнэртэй байж юу хэлж байна гэхээр би Монголд удаан хугацаагаар амьдрах бодолтой байна. Мөн байр авна, чи эсвэл миний байрыг хараад амьдар, миний эхнэр болбол хүссэн бүхнийг чинь авч өгнө, мөрөөдлийг чинь биелүүлнэ. Чиний мөрөөдөл гадаадаар аялах гэдэг биз дээ, бүүр Lexus 470 гоё уу, Lexus 570 нь дээр үү чи алинд нь дуртай вэ гээд л янз янзын гоё гоё машины зургууд явуулаад байнга иймэрхүү зүйл ярих болсон. 9 дүгээр сард Монголд ирээд байр авмаар байна гэсэн. Тэгээд би байрны зар харан олон байр үзүүлсэн. Эцэст нь Hill Side хотхонд 9В байрны 152 тоот 2 өрөө байр худалдаж авсан. Байр авч байх үедээ мөн л өмнө ярьж байсан зүйлээ дахин ярьж байсан ч би найз залуудаа хэлнэ шүү гэхээр ахин энэ тухай ярихаа больсон. Харин олон охидын Facebook харуулан ямар байна, Монгол эхнэр хайж байна, энэ нь ч ийм, тэр нь ч тийм гээд л их олон охидтой харьцдаг чатаа мөн зургийг нь харуулан сонголт хийхдээ туслуулахыг хүсэж байсан. Сүүлд уулзахад Монгол эхнэртэй болчихсон одоо энд бизнесээ хийх гэж байгаа гэж байсан. Ямар айлын охиныг хууран эхнэртэй байж байраа сахиулан над шиг дараа нь мөнгө нэхэх гэж байгаа болдоо. Монгол банкны данс нээлгээд өгье гэхээр үгүй гэдэг байсан. Тэгээд үргэлж миний Япон данс руу шилжүүлдэг байсан. Би маш их гомдолтой байна гэжээ.

4.Хариуцагч Б.Мн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нотлох баримтыг үнэлэхдээ хэт нэг талыг барьж хэлээд байна. Эрхсийн найзууд гэх сургалт хүмүүжлийн байгууллагын гэрчилгээ хэрэгт авагдсан байгаа. Гэрчилгээний хойд талд тухайн Эрхэсийн найзууд сургалт хүмүүжлийн байгууллага нь анх 2015 оны 12 сарын 21-ний өдөр н.Оюунмаа гэдэг хүн үүсгэн байгуулж байсан. 2017 оны 08 сарын 25-ны өдөр шилжүүлж өгсөн байдаг. Б.Мн хувьд Э цэцэрлэг дээр хувийн бизнес гэх зүйл байгаагүй болно. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мгаас 30,429,600 төгрөг нэхэмжилдэг гэвч энэ зээлийн баталгаа нь зээлийн гэрээ болох уу үгүй юу маргаантай асуудал. Хгийн үндсэн зорилго нь цэцэрлэг ажиллуулах, хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлж бизнес хийх гэдэг санаа зорилгыг илэрхийлж байсан. Үүн дээр манай талаас маргасан зүйл байхгүй. Х болон Б.Мн хүсэл зорилго давхцаж байсан тул хамтарч ажиллая гэж яриа тохироо хийж байсан боловч Т ХХК нь хамтран ажиллах боломжгүй болсон. Ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг тусгай зөвшөөрөлтэй байгууллагын эрхийг шилжүүлж авах шаардлагатай болсон. Энэ нь нэхэмжлэл болон хариу тайлбар дээр дурдагддаг. Б.М нь зээлийн гэрээ байгуулаагүй харин Хгаас мөнгө авсан дээрээ баталгаа гаргаж өгсөн. Мөн Хгаас авсан мөнгө юунд зарцуулагдсан бэ гэдэг дээр маргаантай байгаа. 2017 оны 11 сард Х хүрч ирэхдээ цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцсан. Зээлийн гэрээ биш харин хамтран ажиллаж цэцэрлэгийн үйл ажиллагаа явуулсан байна гэж харагдаж байгаа. Цэцэрлэгийн үйл ажиллагаа явуулж байсан н.Оюунмаа болон тогооч нараас гэрчийн мэдүүлэг авахад энэ цэцэрлэгийг Японы хөрөнгө оруулалттай гэдгийг дурдаж өгсөн байдаг. Зээлийн гэрээ хийгдэх ямар ч үндэслэлгүй нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд харагдана. Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.4-т заасан хамтын үйл ажиллагаагаа нэг нь дангаараа хариуцаж явна гэж заасан байгаа. Х нь Японд байгаа тул цэцэрлэгийн үйл ажиллагаанд шууд биечлэн оролцох боломжгүй тул хөрөнгө гаргах, захиран зарцуулах, үйл ажиллагаа явуулах ажлыг Б.М эрхлэхээр талууд хоорондоо тохиролцсон байна. Хд цэцэрлэгийн үйл ажиллагаанд хяналт тавих болон хөрөнгө гаргах өөрийнх нь эрх байсан. Б.М нь 2017 оны 09 сараас 2018 оны 6 сар хүртэл цэцэрлэгийг ажиллуулсан байдаг. Зээлийн гэрээг хэлбэрийн төдий хийчхээд зээлийн гэрээ хийсэн гэж хэлээд байна. Хамтран ажиллах гэрээ нь амаар хийгдсэн гэж үзэж байгаа. 30,429,600 төгрөгийг зээлийн гэрээний үүргийн дагуу төлөх үндэс байхгүй. Зээлийн гэрээ байгуулагдаагүй учир нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн зүгээс 2 зүйлийг хольж хэлээд байна. Нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан үйл баримттай холбоотой тайлбар хэлэхгүй байна. Х болон Б.М нар хэдэн онд танилцсан талаар дурдах ёстой. 2016 онд Монгол руу явж байх явцдаа танилцсан байдаг. Х болон Б.М нар хүүхдийн асрамжийн газар очиж бэлэг тараасан гэж яригддаг. Үүнтэй холбоотой нэхэмжлэгч хүлээн зөвшөөрсөн асуудал байдаг. Х болон Б.М нарын харилцаа нь анхнаасаа хүүхэдтэй холбоотой харилцаа байсан. Хоёр тал аль аль нь бизнес хийе гэсэн санаа гарсан. Б.М Японд ажил хийх гэж байгаад ажлаасаа гараад Хтай хамтарч ажиллахаар Монголд ирсэн байдаг. Энэ нөхцөл байдлын талаар нэхэмжлэгч тал өнөөдрийг хүртэл дурдахгүй байна. Яагаад вэ гэхээр Хгийн хүсэл зоригийн дагуу хамтарч хийхийн тулд Б.М нь золиос гаргаж ирсэн. Зээлийн гэрээ, зээлийн баталгаа гээд байгаа зүйлийн хугацааг нь харах юм бол цэцэрлэгийн үйл ажиллагаа эрхэлснээс хамаагүй хойно байгаа. Цэцэрлэгийн үйл ажиллагаа хэрэгжиж эхлээд үйл ажиллагаатай танилцах үедээ чи надаа бичиг хийж өг гэж шахалт өгч бичүүлж авсан талаар Б.М өөрийн биеэр тайлбарласан байдаг. Зээлийн гэрээ байгуулсан бол Б.М үндэслэлгүй цэцэрлэгийн үйл ажиллагаа явуулахгүй байсан. Өөрийн мэдэхгүй, ажиллаж үзээгүй салбартаа хэзээ ч хөрөнгө оруулалт хийгээд явахгүй байсан. Нэхэмжлэгч тал хариуцагчийн үйл ажиллагааг мушгиж тайлбарлаж байгаа нь зүй бус байна. Х нь өөрөө ирээд цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцсан. Санхүүгийн баримттай нь танилцсан. Энийг зээлийн гэрээ гэж үзэх үндэслэлгүй байна. Хэрвээ зээл байсан бол гэрээ байгуулагдсаны дараа тодорхой хэмжээгээр мөнгө буцааж төлөөд явна шүү дээ. Гэвч ийм үйл ажиллагаа явуулаагүй. Анхнаасаа Т ХХК дээр хоёулаа хамтарч бизнесийн үйл ажиллагаа явуулаад байсан нь үнэн. Гэхдээ бизнес нь юу байсан бэ гэхээр цэцэрлэгийн үйл ажиллагаа байсан. Гэвч Т ХХК-д хүүхдийн цэцэрлэгийн тусгай зөвшөөрөл нь байхгүй учир энэ зорилгодоо хүрэх боломжгүй байсан. Х болон Б.М нар тохиролцож байж Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-т зааснаар амаар хэлцэл хийсэн. Энэ нь Иргэний хуулийн 476 дугаар зүйлд заасан хамтран ажиллах гэрээ буюу цэцэрлэгийн үйл ажиллагаа хамтарч явуулах хувь хүмүүс тохиролцоо хийсэн болно. Энэ тохиролцооны дараа тусгай зөвшөөрөлтэй Эрхэсийн найзууд цэцэрлэгийн эрхийг шилжүүлэн авсан байдаг. Эрхийг нь шилжүүлэхдээ түрээсийн төлбөрт 10,000,000 төгрөг, эрх шилжүүлэхэд 3,000,000 төгрөг өгсөн талаар гэрчийн мэдүүлгээр гэрчилнэ. Эрхсийн найзууд цэцэрлэг нь анхнаасаа Б.Мн үүсгэн байгуулсан компани биш болно. 2015 оны 12 сарын 28-ны өдөр н.Оюумаа гэдэг хүн үүсгэн байгуулаад эрхлэгчээр нь ажиллаж байсан тусгай зөвшөөрөл бүхий компани. Б.М н.Оюумаад цэцэрлэгийн үйл ажиллагаа явуулах гэж байгаа талаараа хэлсэн. Эрхээ шилжүүлэх үү тодорхой хэмжээний хөлс мөнгө төлнө гэж хэлдэг. Б.Мн данснаас 10,000,000 төгрөг н.Оюунмаагийн данс руу шилжсэн нь харагдана. Иргэний хуулийн 476.1 болон 477.2-т заасны дагуу хамтран ажиллах хэлцэл хийсэн байна. Гэрээг амаар байгуулсан байна. Хгийн шилжүүлсэн мөнгө юунд зарцуулагдсан талаар Б.Мн дансны хуулгаас харж болно. Нэхэмжлэгчийн гаргаад байгаа нэхэмжлэлийн шаардлага нь тодорхой бус учир өнөөдрийг хүртэлх хугацаанд хэрэг шийдэгдэхгүй төөрөгдөлд ороод байна. Хамтран ажиллах гэрээгээ байгуулж, хөрөнгө оруулалтаа авлаа. Хөрөнгө оруулалтыг нь зарцууллаа гэвч ашиггүй ажилласан. Тэгээд энэ үйл ажиллагаа 2017 оны 9 сараас 2018 оны 6 сар хүртэл хугацаанд ажиллаад ашиггүй ажиллаад дууссан. Энэ бизнес цааш үргэлжлэх боломжгүй байдал үүссэн. Тэрнээс биш мөнгө зээлж аваад эргүүлээд өгнө шүү гэсэн харилцаа огтоосоо үүсээгүй. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэлээд байгаа хавтаст хэрэгт авагдсан баримт нь хүчээр хийгдсэн баримт болно. Шалтгаан нь Х нь би одоо Япон явлаа чи надад мөнгө авсан бичиг хийж өг гэж хэлсэн. Зээлийн баталгаа гээд байгаа зүйлийг хүлээн зөвшөөрөхгүй Зээлийн үүрэг гээд нэхээд байгаа мөнгийг нь зөвшөөрөхгүй гэв.

 

5.Хариуцагч Т ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Төгөлдөр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х болон Б.М нарын хооронд хувь хүмүүсийн хоорондын хэлцэл хийгдсэн байна. Бизнесийн зорилгоор хөрөнгө оруулах зорилготой байсан гэж хэлээд байгаа. Б.Мтай хэлцэл хийсэн. Т ХХК нь тусдаа хуулийн этгээд болно. Гэтэл энийг хамаатуулж ойлгоод байгаа нь буруу байна. Гэрээний зорилго бол Т ХХК-ийн хувьцаа эзэмших, хөрөнгө оруулах, ашиг олох зорилгоор хамтран ажиллана гэх зорилго нь анхнаасаа биелэгдэх боломжгүй байсан. Нэхэмжлэгч нь Т ХХК-д холбогдуулан шаардаад байгаа цэцэрлэгийн үйл ажиллагаа эрхлэх нь манай компанийн зүгээс боломжгүй байна. Т ХХК нь хувьцаагаа Хд шилжүүлсэн. Манай компаниас хамтран ажиллах гэрээний зорилго биелсэн гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэв.

 

6.Хариуцагч Б.М шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 оны 10 сард Япон улсаас эх орондоо ирсэн байх хугацаандаа анх Хтай танилцсан бөгөөд тэрээр Монголд ашгийн болон ашгийн бус үйл ажиллагаа явуулах зорилготой байгаа талаар тайлбарлах болсон. Миний бие тухайн үед сургуулиа төгсөөд 2016 оны 4 дүгээр сараас RK management гэх компанид сарын 180,000 иен /2017 оны 7 дугаар сарын 01-ний өдөр буюу ажлаас гарсан өдрийн ханшаар бодвол 1 иен-20.97 төгрөг байсан/ буюу нийт 3,774,600 төгрөгийн цалинтай ажил хийх болсон. Тус байгууллагаас маань байр болон хоол, унааны зардлыг хариуцдаг байсан. Ерөнхийдөө гурван жил тус байгууллагад ажиллахад иргэншил, гадаадад зорчих эрхийн зөрчилгүйгээр ажиллах бүхий л боломжийг бүрдүүлж өгсөн. Миний бие 2017 оны 6 сарын эхээр авга ах маань нас барсан тул ажлаас хэсэг хугацааны чөлөө аваад Монголд ирэхэд Х бас ирчихсэн байсан. Тэгээд надтай чатаар холбоо барьж Монгол дахь бүх ажлыг хариуцан ажиллавал амьдрах бүхий л зардлыг би төлнө, чи Японд ажиллахаасаа илүү орлого олох болно, би бүхнийг хийж өгнө гэх болсон тул саналыг хүлээн зөвшөөрч, өөрийн ажлаасаа гараад сайхан боломж олгож өгсөн байгууллагаасаа татгалзсан. Гэтэл Х нь өнөөдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаад гомдолтой байна. Иймд миний бие 2017 оны 7 сарын 01-ний өдрөөс 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл ажиллаж байсан бол олох ёстой байсан буюу нийт 21 сарын цалин хөлс болох 79,266,600 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж байна. Тус мөнгөн дүнд онгоцны билетийн зардал, Японд ажиллаж байх байсан үеийн цалинтай ээлжийн амралтын мөнгө, илүү цагийн хөлс, амралтын өдөр ажилласны нэмэгдэл гэх мэт илүү цалин урамшууллыг нэхэмжлээгүй болно гэжээ.

 

7.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баднайсүрэн шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа: Хгийн зүгээс хандив тусламжийн үйл ажиллагаа тогтмол хийдэг. Энэ чиглэлээр аль болох дэмжин ажиллах сонирхолтой хүн болно. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага 79,266,600 төгрөг болох олох ёстой байсан цалин, хөлс гэж шаардаад байна. Цалин хөлс шаардаад байгаа юм бол ажилтан, ажил олгогч гэх 2 статустай байж байж цалин хөлс гэх ойлголтыг шаардах эрхтэй байна. Х нь Б.Мгийн ажил олгогч биш бөгөөд энэ нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт нь өөр этгээдтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээгээр тогтоогдоно. Хохирол гэж үзээд байна. Хгаас болж хохирсон юм бол нотлох баримт хавтаст хэрэг байхгүй байна. Аль улсад ажиллах, ямар компанид ажиллах нь тухайн хүний өөрийнх нь сонголтын асуудал болно. Б.М нь сайн дураараа сонголт хийгээд Монголд ирсэн нөхцөл байдал дээр ямар төлбөрийг Хгаас гаргуулах гээд байгаа юм. Хохирол шаардаад байгаа юм бол Х нь ямар гэм буруутай үйлдэл хийгээд байгаа талаар нотлох баримтыг хариуцагчийн зүгээс тодорхойлохгүй байгаад байна. Цалин шаардаад байгаа бол Х нь ажил олгогч биш болно. Ажилтан ажил олгогч гэсэн харилцаа байсан гэдгийг нотлох баримт байхгүй байна. Хөдөлмөрийн гэрээний цалин хөлсийг гуравдагч өөр этгээдээс шаардаж болж байгаа юм уу. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангахгүй шийдвэрлэж өгнө үү гэв.

 

8.Нэхэмжлэгч тал дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, 2017.07.21-ний өдрийн мөнгөн шилжүүлгийн төлбөрийн баримт /орчуулгатай/, 2017.10.05-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн төлбөрийн баримт /орчуулгатай/, 2017.08.28-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн төлбөрийн баримт /орчуулгатай/, 2017.11.16-ны өдрийн зээлийн баталгаа /орчуулгатай/, гадаад паспортын хуулбар /орчуулгатай/, 2017.10.05-ны өдрийн Монгол банкнаас зарласан ханшийн 2019.05.06-ны өдөр гаргасан лавлагаа, 2017.08.28-ны өдрийн Монгол банкнаас зарласан ханшийн 2019.05.06-ны өдөр гаргасан лавлагаа, 2017.07.21-ний өдрийн Монгол банкнаас зарласан ханшийн 2019.05.06-ны өдөр гаргасан лавлагаа, 2019.05.14-ний өдрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс татгалзах тухай /орчуулгатай/, 2019.06.04-ний өдрийн Монгол банкнаас зарласан ханшийн 2019.06.05-ны өдөр гаргасан лавлагаа,

 

9.Хариуцагч тал дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: Т ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэл, 2017.06.14-ны өдрийн тогтоолын 1 дүгээр хавсралт Т ХХК-ийн дүрэм, 2017.08.24-ний өдрийн компаний эрх шилжүүлэх гэрээ, 2017.08.24-ний өдрийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, Эрхэсийн найзууд цэцэрлэг-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, Эрхэсийн найзууд цэцэрлэг БСБ-ын 2017.08.01-ний өдрийн үүсгэн байгуулагчийн шийдвэр, 2017.08.01-ний өдрийн оффисын байр түрээслүүлэх гэрээ, 2017.07.21-ний өдрийн ажлын байр түрээслэх гэрээ, Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг, Голомт банкны 2017.10.12-ны өдрийн мемориалын баримтууд, 2017.10.12-ны өдрийн бэлэн мөнгөний орлогын баримт, 2017.10.12-ны өдрийн татвар төлсөн баримтууд, Хаан банкны 5429379370 дугаартай депозит дансны 2018.01.31-2019.03.05-ны өдрийг хүртэлх дэлгэрэнгүй хуулгууд, 2017.06.15-ны өдрийн хамтран ажиллах гэрээ, Б.Мн гадаад паспортын хилээр орсон, гарсан талаарх тамга бүхий хуулбарууд, Б.Мөнхсайханы ажил байдлын тодорхойлолт /орчуулгатай/, 6 хуудас фото зураг, 2017.06.14-ний өдрийн С.Батдорж, Х нарын хооронд байгуулсан эрх шилжүүлэх гэрээ, 2017.06.14-ний өдрийн С.Батдорж, Х нарын хооронд байгуулсан хувьцаа, худалдах, худалдан авах гэрээ, 2017.06.14-ний өдрийн Б.М, Х нарын хооронд байгуулсан эрх шилжүүлэх гэрээ, 2017.06.14-ний өдрийн Б.М, Х нарын хооронд байгуулсан хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, Хаан банкны 5429379370 дугаар депозит дансны 2017.12.31-2019.05.08-ны өдрийг хүртэлх дэлгэрэнгүй хуулга, 2017.07.01-ний өдрийн Монгол банкнаас зарласан ханшийн 2019.05.08-ны өдөр гаргасан лавлагаа, 2017.08.04-ний өдрийн 2017/294 дугаартай орон сууц хөлслөх, хөлслүүлэх гэрээ,

 

10.Шүүхийн журмаар дараах баримтыг цуглуулсан: Үүнд: Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2019.05.16-ны өдрийн 6/3844 дугаартай албан бичгээр ирүүлсэн Т ХХК-ийн 2017.06.14-ний өдрийн тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан дүрэм, Т ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, өргөдөл хүлээн авах хуудас, хуулийн этгээдийн мэдээлэлд орчуулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдөл, 2017.06.14-ний өдрийн хувьцаа эзэмшигчдийн тогтоол, 2017.06.14-ний өдрийн эрх шилжүүлэх гэрээ, 2017.06.14-ний өдрийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгэх шийдвэр, хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдөл гаргагчаас баримт бичиг хүлээн авсан тасалбар, шинээр байгуулсан хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдөл, хуулийн этгээдийн нэрийн баталгаажуулалтын хуудас, Голомт банкны 2016.05.11-ний өдрийн орлогын мэдүүлэг, Хас банкны 2016.05.08-ны өдрийн орлогын маягт, Т ХХК-ийг үүсгэн байгуулах тогтоол, 2016.05.09-ний өдрийн тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан дүрэм, 2019.07.19-ний өдрийн гэрч Т.Оюунмааг асуусан тэмдэглэл, Хил хамгаалах ерөнхий газрын 2022.03.10-ны өдрийн 24в/1138 дугаартай албан бичиг, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2022.03.15-ны өдрийн 03/224 дугаартай албан бичгээр ирүүлсэн 2017-2018 онуудын цалин хөдөлмөрийн хөлс тэдгээртэй адилтгах орлого болон шууд бус орлогоос суутгасан албан татварын тайлан, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын 2022.03.18-ны өдрийн 288 дугаартай албан бичгээр ирүүлсэн төрийн мэдээлэл солилцооны Хур системээс гаргасан хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа, Хил хамгаалах ерөнхий газрын 2-4в/1377 дугаартай албан бичгээр бичгээр ирүүлсэн лавлагааны хариу, Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газрын 2022.03.23-ны өдрийн 02/482 дугаартай албан бичгээр ирүүлсэн 2018,2019 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан зэрэг бичмэл баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар, татгалзал, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

11.Нэхэмжлэгч Х нь хариуцагч Б.М, Т ХХК нарт холбогдуулан 2,540,000 иен буюу 62,331,600 төгрөгийг гаргуулахаар шаардаж, үүнээс зээлийн гэрээний дагуу иргэн Б.Мгаас 30,429,600 төгрөгийг, хамтран ажиллах гэрээнээс татгалзаж Т ХХК-иас 31,902,000 төгрөгийг тус тус гаргуулахаар нэхэмжилсэн ба хариуцагч Б.М нь олох ёстой байсан орлогод 79.266.600 төгрөгийг нэхэмжлэгч Хгаас сөрөг нэхэмжлэлээр шаарджээ.

 

12.Үндсэн нэхэмжлэлийн тухайд:

 

Х нь 2017 оны 07 сарын 21-ний өдөр 1,300,000 иен, 2017 оны 08 сарын 28-ны өдөр 440,000 иен, 2017 оны 10 сарын 05-ны өдөр 800,000 иенийг тус тус Япон улсын Рисона банк дахь Б.Мн 0081752 дугаарын дансанд шилжүүлсэн бөгөөд хариуцагч Б.М нь дээрх мөнгийг өөрийн дансаар хүлээн авсан үйл баримтын тухайд маргаагүй.

 

Б.М нь 440,000 иен болон 800,000 иенийг зээлж аваагүй, харин дансаар хүлээн авсан нийт 2,540,000 иенийг хамтын үйл ажиллагаанд зарцуулсан хэмээн тайлбарлаж, нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргав.

 

Нэхэмжлэгч Х болон хариуцагч Б.М нар нь хамтарч, Монгол Улсад хүүхдийн цэцэрлэгийн үйл ажиллагаа эрхлэхээр харилцан тохиролцсон болох нь талуудын тайлбар, нэхэмжлэгчийн тус шүүхэд анх гаргасан нэхэмжлэл зэргээр тогтоогдов.

 

2017 оны 11 сарын 16-ны өдөр Б.М нь Т ХХК-ийн тамга бүхий 450,000 иенийн дүнтэй Зээлийн баталгаа гэх баримтыг, мөн өдөр 800,000 иенийн дүн бүхий Зээлийн баталгаа гэх баримтыг иргэн Б.Мн нэрээр тус тус үйлдсэн байх ба энэхүү баримтаар Х, Т ХХК болон Б.М нарын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэхэд эргэлзээ бүхий байна. Учир нь 440,000 иенийг 2017 оны 08 сарын 28-ны өдөр, 800,000 иенийг 2017 оны 10 сарын 05-ны өдөр Б.Мд шилжүүлсэн бөгөөд нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан ...хамтран цэцэрлэг ажиллуулахад хүүхдүүдийг угтан авах машин авна гэж надаас 440,000 иен, мөнгө зээлээч, бараа авч зарна хэмээн 800,000 иен зээлж авсан гэх тайлбар зэргээс үзэхэд зээлийн харилцаа үүссэн болохыг шууд нотлох боломжгүй юм. Түүнчлэн нэхэмжлэгчийн тайлбараар 2 өөр зориулалтаар, 2 өөр цаг хугацаанд хүлээн авсан мөнгийг хожим буюу 2017 оны 11 сарын 16-ны өдөр Б.М нь Зээлийн баталгаа гэх ижил агуулга бүхий хоёр баримт үйлдэн баталгаажуулсан нь эргэлзээтэй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар эргэлзээтэй баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй юм.

 

Харин Б.М нь хамтын үйл ажиллагаанд зарцуулахаар нэхэмжлэгч Хгаас нийт 2,540,000 иенийг шилжүүлэн авсан болох нь талуудын тайлбар, мөнгө шилжүүлсэн баримт зэргээр тогтоогдов.

 

Нэхэмжлэгч нь Компанийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3-т заасан хуулийн этгээд үүсгэн байгуулж хамтран ажиллах тохиролцоо бий болсон гэж, хариуцагч Б.М нь Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д зааснаар хуулийн этгээд байгуулахгүйгээр хамтран ажиллахаар тохиролцсон гэж тайлбарладаг.

 

2017 оны 06 сарын 14-ний өдрийн Эрх шилжүүлэх гэрээ, Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ-ээр Х нь хариуцагч Б.М болон С.Батдорж нарын үүсгэн байгуулсан Т ХХК-ийн 24%-ийн хувьцааг эзэмших болжээ. 2017 оны 06 сарын 15-ны өдөр Б.М Х нар нь Хамтран ажиллах гэрээ-г бичгээр үйлдсэн байх бөгөөд энэхүү гэрээг нэхэмжлэгч нь Т ХХК-тай байгуулсан гэж тайлбарладаг боловч гэрээ нь хуулийн этгээдийн тамга, тэмдгээр баталгаажаагүй байна.

 

Талуудын шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэл, хариу тайлбар, Т ХХК-ийн нэрээр цэцэрлэгийн үйл ажиллагаа эрхлээгүй, цэцэрлэгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг Т ХХК эзэмшээгүй, Эрхэсийн найзууд цэцэрлэг БСБ-н хувьцаа болон компанийн эрхийг иргэн Б.М гэрээгээр шилжүүлэн авсан байдал, Х нь компанийн хувьцааг эзэмшихээр тохирсон 2017 оны 06 сарын 14-ний өдрөөс цаг хугацааны хувьд хожим буюу 2017 оны 06 сарын 15-ны өдөр Хамтран ажиллах гэрээ-г бичгээр үйлдсэн, гэрээнд хуулийн этгээдийн тамга дарагдаагүй байгаа зэргээс үзвэл иргэн Х болон Б.М нар нь хамтарч цэцэрлэгийн үйл ажиллагаа эрхлэхээр Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д заасан Хамтран ажиллах гэрээ байгуулсан гэж үзэх үндэслэлтэй.

 

Б.М нь нэхэмжлэгч Хгийн хүсэлтээр хүүхдийн цэцэрлэгийн үйл ажиллагаа явуулж, Эрхэсийн найзууд цэцэрлэгийг 2017 оны 9 сарын 01-ний өдрөөс 2018 оны 6 сарыг хүртэл хугацаанд удирдан ажиллуулсан үйл баримт тогтоогдсон, шилжүүлсэн мөнгийг нэхэмжлэгчийн өөрийнх нь зөвшөөрсний дагуу хамтын үйл ажиллагаанд зарцуулсан гэж хариуцагч тайлбарладаг.

 

Хамтран ажиллах гэрээгээр талууд 50, 50 хувийн хөрөнгө оруулахаар тохиролцсон ч Б.М өөрийн оруулбал зохих хувь, хураамжийг оруулаагүй гэж нэхэмжлэгч тайлбарладаг боловч гэрээнд хураамжийг мөнгөн дүнгээр илэрхийлж, 50, 50 хувиар оруулах талаар заагаагүй, харин мөнгөн хөрөнгө, хөдлөх болон үл хөдлөх хөрөнгөөр оруулна гэж зааснаас гадна хамтын үйл ажиллагаатай холбоотой санаа, зардал, олсон орлого, өр, авлага, бусад эд зүйлс нь талуудын хамтын өмч байна гэж гэрээний 3.1-т заажээ.

 

Иргэний хуулийн 477 дугаар зүйлийн 477.2 дахь хэсэгт хураамжийг үйлчилгээ үзүүлэх хэлбэрээр төлж болохоор заасан ба хариуцагч Б.М нь цэцэрлэгийн үйл ажиллагааг явуулахтай холбоотой бүхий л ажлыг хариуцан ажиллуулж байсан болох нь хэрэгт авагдсан 2017 оны 08 сарын 24-ний өдрийн Эрхэсийн найзууд цэцэрлэг БСБ-н хувьцаа болон компанийн эрхийг шилжүүлэн авах гэрээ, түрээсийн гэрээ, гэрчийн мэдүүлэг, Б.Мн дансны хуулга болон бусад бичгийн баримтаар тогтоогдов. Энэ тохиолдолд Б.Мг үйл ажиллагаа буюу өөрийн хөдөлмөрөөр хамтын үйл ажиллагааны хураамжийг оруулсан гэж үзэж болохоор байна.

 

Иргэний хуулийн 479 дүгээр зүйлийн 479.2-т хамтын үйл ажиллагааны үргэлжлэх хугацааг гэрээнд заасан тохиолдолд, гагцхүү зайлшгүй хүндэтгэн үзэх шалтгаанаар хугацаанаас өмнө гэрээнээс гарч болно гэж заасан бөгөөд талууд гэрээний 1.3-т гэрээний хугацаа 3 жил байхаар тохиролцсон, уг хугацаа нэхэмжлэгчийг шүүхэд нэхэмжлэл гаргасан 2019 оны 02 сарын 14-ний өдрийн байдлаар дуусаагүй бөгөөд нэхэмжлэгч гэрээнээс гарах зайлшгүй хүндэтгэн үзэх шалтгааны талаар дурдаагүй тул Иргэний хуулийн 480 дугаар зүйлийн 480.1.4-т зааснаар талууд хамтын үйл ажиллагааны зорилгыг биелүүлэх боломжгүй болсон гэж үзэж гэрээ дуусгавар болсонд тооцно.

Хамтран ажиллах гэрээний 3.1, 4.1-т зааснаар хамтын үйл ажиллагаатай холбоотой санаа, зардал, олсон орлого, өр, авлага, бусад эд зүйлс нь талуудын хамтын өмч, учирсан алдагдал, хохирол бусад этгээдийн өмнө үүссэн хариуцлагыг талууд хувь тэнцүү хэмжээгээр хамтран хариуцах, мөн Иргэний хуулийн 480 дугаар зүйлийн 480.4-т хөрөнгийг хуваарилахад хамтын үйл ажиллагааны явцад бий болсон үүргийг гүйцэтгэсэн байх бөгөөд хэрэв үгүй бол талууд өөрт ногдох хэсэгт хувь тэнцүүлэн үүргийг гүйцэтгэхээр зохицуулсан байна.

Хамтран ажиллах гэрээний 2.3-т гэрээний аль ч тал гэрээний хэрэгжилтэд хяналт тавих эрхтэй талаар заасан бөгөөд Х нь цэцэрлэгийн үйл ажиллагаанд хөрөнгө зарцуулагдсаныг мэдээгүй, гэрээний хэрэгжилтэд хяналт тавих эрхээ эдлэх боломжгүй байсан гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдсонгүй. Тиймээс гэрээ дуусгавар болсноор хөрөнгийг хуваарилах шаардлага үүснэ.

Хариуцагч Б.М нь цэцэрлэгийн үйл ажиллагааг явуулахын тулд тусгай зөвшөөрөл бүхий Боловсрол сургалтын байгууллагын хувьцааг 7,000,000 төгрөгөөр худалдан авсан, цэцэрлэгийн байрны түрээсийн төлбөрт сард 1,000,000 төгрөгөөр, нийт 16,000,000-17,000,000 төгрөгийг Эрхэсийн найзууд цэцэрлэгийн үүсгэн байгуулагч Т.О....д төлсөн, цэцэрлэгийн зориулалттай 100м.кв талбай, хүүхдэд зориулсан суултуур угаалтуур зэргээс түрээсийн хөрөнгө бүрддэг талаар талаар гэрч мэдүүлдэг бөгөөд цэцэрлэгийн үйл ажиллагааг явуулахад зарцуулагдсан бусад зардлыг хариуцагч нь нэхэмжлэгчийн оруулсан хөрөнгөөр гүйцэтгэн явуулж байсан талаар тайлбарладаг. Хэрэгт баримтаар авагдсан хариуцагч Б.Мн дансны хуулга, гаалийн баримт, цэцэрлэгийн 2017-2018 оны татварын тайлан, гэрч Л.Б нарын мэдүүлэг зэргээс зөвхөн цэцэрлэгийн үйл ажиллагаатай холбоотой гарсан зардлын хэмжээг түүвэрлэн тооцоход 30,919,454 төгрөг болж байна. Энэхүү зардалд хариуцагчийн мэдүүлсэн ...нарны хороололд 2 өрөө байр болон сити центр гэх газар оффисын байр түрээсэлсэн гэх түрээсийн зардлыг тооцоогүй бөгөөд энэхүү зардал нь цэцэрлэгийн үйл ажиллагаа явуулахад зайлшгүй гарах зардал гэж үзэх боломжгүй юм.

Дээрхээс үзэхэд хариуцагч нь хамтын үйл ажиллагааг хэрэгжүүлэхийн тулд тодорхой хэмжээний мөнгөн зарцуулалтыг хийсэн болох нь нотлогдож байна. Нэхэмжлэгч нь цэцэрлэгийн үйл ажиллагааны ашиг, орлогын талаар шаардаагүй бөгөөд хамтран ажиллах гэрээнд оруулсан хураамжаа буцаан авахаар шаардсан. Хамтын үйл ажиллагаа 2018 оны 06 сар хүртэл хэрэгжсэн, талууд гэрээнд хөрөнгийг 50 хувиар оруулж, хариуцлагыг хувь тэнцүү хэмжээгээр хариуцахаар тохиролцсон байна. Тиймээс гэрээ дуусгавар болсноор нэхэмжлэгч Х нь хамтын үйл ажиллагаанд оруулсан хөрөнгийн 50 хувиар үүрэг хүлээж, үлдэх 50 хувийг хариуцагч Б.Мгаас гаргуулах нь Иргэний хуулийн 480 дугаар зүйлийн 480.4-т заасантай нийцнэ.

Нэхэмжлэгч нь хамтын үйл ажиллагаанд нийт 2,540,000 иен зарцуулснаа Монгол банкны 2019 оны 06 сарын 05-ны өдрийн ханш болох 1иен=24.54 төгрөгөөр тооцож нэхэмжилсэн нь үндэслэлгүй байх ба тэрээр анх шүүхэд хандаж 2019 оны 02 сарын 14-ний өдөр нэхэмжлэл гаргасан тул энэ өдрөөр гэрээ дуусгавар болсонд тооцох нь зүйтэй юм. Монгол банкны 2019 оны 02 сарын 14-ний өдрийн ханшаар 1иен=23.70 төгрөг байх ба 2,540,000 иен нь 60,198,000 төгрөг байна.

Дээр дурдсан үндэслэлүүдээр хамтран ажиллах гэрээний харилцаа иргэн Х болон иргэн Б.М нарын хооронд үүссэн, Т ХХК нь эрх зүйн харилцааны оролцогч биш байх тул энэ талаарх хариуцагч Т ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлтэй. Тиймээс тус хуулийн этгээдэд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

13.Сөрөг шаардлагын тухайд:

 

Хариуцагч Б.М нь хамтын үйл ажиллагаа цаашид хэрэгжих боломжгүй болсон, мөн Япон улсад хөдөлмөр үргэлжлүүлэн эрхэлж байсан бол олох ёстой байсан орлогод өмнө эрхэлж байсан ажил, хөдөлмөрийн хөлсөөр тооцож, 79,266,600 төгрөгийг нэхэмжлэгч Хгаас шаардсан. Хариуцагч нь Япон улсад үргэлжлүүлэн хөдөлмөрлөж орлого олж чадаагүйд нэхэмжлэгчийг буруутай гэж үзэхдээ буюу гэрээ хэрэгжих боломжгүй болсон явдалд нэхэмжлэгч Хгийн зүй бус харьцаа нөлөөлсөн гэх боловч тэрээр сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д зааснаар нотолж чадаагүй байна. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд нэхэмжлэгчээс гаргуулах хууль зүйн үндэслэл тогтоогдсонгүй.

 

14.Дээрх үндэслэлүүдээр хариуцагч Б.Мгаас 60,198,000 төгрөгийн 50 хувь болох 30,099,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Хд олгож, үлдэх 32,232,600 төгрөг, Т ХХК-д холбогдох шаардлага болон Хгаас 79,266,600 төгрөг гаргуулах тухай хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

15.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 510,210 төгрөг, хариуцагчийн төлсөн 554,300 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Мгаас 30,099,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжид 308,445 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон,

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 480 дугаар зүйлийн 480.4-т заасныг баримтлан Б.Мгаас 30,099,000 төгрөгийг гаргуулан Япон улсын иргэн Х /H/-д олгож, нэхэмжлэлээс 32,232,600 төгрөгийн шаардлага болон хариуцагч Т ХХК-д холбогдох шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 227 дугаар зүйлийн 227.3-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул Х /H/-д холбогдох 79,266,600 төгрөг гаргуулах тухай Б.Мн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн 510,210 төгрөг, хариуцагчаас урьдчилан төлсөн 554,300 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Мгаас 308,445 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х /H/-д олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан буюу хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Д.УРАНЗУЛ