Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 217

 

 

 

 

 

 

 

 

 

Х.Мгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Э.Золзаяа, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 184/ШШ2019/02968 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Х.Мгийн хариуцагч “Т” ХХК, Б.М- нарт холбогдуулан гаргасан хамтран ажиллах гэрээнээс татгалзаж, 62 331 600 төгрөг гаргуулах үндсэн, олох ёстой байсан орлогод 72 266 600 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч Б.М-гийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагч Б.М-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Одонтуяа нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.С  нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би Б.М-тай хамтран ажиллахаар болж 2 талаасаа хэн хэн нь эхний ээлжид 1 300 000 иен гаргахаар болж, би мөнгөө өгсөн. Хамтран цэцэрлэг ажиллуулахад хүүхдүүдийг угтан авах машин авна гэж надаас 440 000 иен авсан. Мөн мөнгө зээлээч, бараа авч зарна хэмээн 800 000 иен зээлж авсан. Намайг хуурч мэхлэн, хуурамч, хүчин төгөлдөр бус гэрээ хэлцэл хийн намайг залилсанд гомдолтой байна. Иймд иргэн Б.М-гаас 60 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү. /Энэ зөвхөн баримттай шилжүүлсэн мөнгө болно/ Мөн дээр нь янз бүрийн арга хэрэглэн авсан мөнгө, Монгол, Япон улсын хооронд ирж очсон зардлууд, буудал, хоол, хүлээн авалт, бэлэг сэлт гэх мэт 100 сая орчим төгрөгийг нэхэмжлээгүй болно. 2018 оны 8 дугаар сард 1 300 000 иен, 440 000 иен, 800 000 иенийг тус тус буцаан төлөхийг шаардахад 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр төлнө гэж хэлээд сураггүй болсон. 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс хойш холбогдож чадаагүй тул шүүхэд хандаж байна. Мөн нэмж улсын тэмдэгтийн хураамжид төлсөн мөнгийг гаргуулж өгнө үү. Х.М нь Б.М-тай байгуулсан 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн хамтран ажиллах гэрээний дагуу хамтран ажиллахаар болж 2017 оны 7 дугаар сарын 21-ний өдөр 1 300 000 иен буюу тухайн үеийн Монгол банкны ханшаар /1 иен-21.68 төгрөг/ 28 184 000 төгрөгийг шилжүүлсэн. Хамтран ажиллах гэрээний дагуу 2 тал аль аль нь тэнцүү буюу тавь тавин хувийн хөрөнгө оруулалт хийнэ, гэсэн хэдий ч Б.М- нь бизнест Х.Мтай адил тэнцүү буюу 28 184 000 төгрөгийн хөрөнгөө оруулаагүй, бизнесийн үйл ажиллагаа, гэрээний дагуу “Т” ХХК-ийн нэр дээр явагдах ёстой атал явагдаагүй, аж ахуйн нэгж буюу “Т” ХХК-ийн нэр дээр хамтарсан бизнесийн үйл ажиллагаа, алдагдал, татвар зэргийн тайланг гаргаж өгөх ёстой боловч гаргаж өгөөгүй гэрээний дагуу үүргээ биелүүлээгүй. Мөн Б.М- нь Х.Мгаас найз танилын хувьд буцааж төлөх нөхцөлтэйгээр 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдөр 440 000 иен буюу /1иен-22.31 төгрөг/ 9 816 400 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 800 000 иен буюу /1иен-21.85 төгрөг/ 17 840 000 төгрөг нийт 27 296 400 төгрөгийг нэхэмжилж байна. Өөрөөр хэлбэл хамтран ажиллах гэрээний дагуу өгсөн 28 184 000 төгрөг, найз танилын журмаар зээлж авсан 27 296 400 төгрөг нийт 55 480 000 төгрөгийг, тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б.М- шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Х.М нь Монголд бизнес хийе, чи Монголд хариуцаад ажиллуулаач гэх болсон. Удалгүй авга маань бурхан болж би дүүгээ дагуулан 6 сард Монголд ирсэн. Энэ үеэр Х.М ч гэсэн Монголд ирсэн байсан. Тэгээд хүүгийнхээ хойчид зориулж хүүхдүүдэд буян хийе гэж хэлсэн. Тэгээд бид 2 дундаасаа мөнгө гарган Гачууртын эцэст асрамжийн газар очин хүүхдүүд хооллож, тэдэнд тоглох тоглоомууд аваачиж өгсөн. Маргааш нь хүний өөрийн 30 гаруй хүүхэд асардаг Сарнай гэх эмэгтэйнд очиж мөн л хоол хүнс, тоглоом, 32 инчийн зурагт аваачиж өгч буян үйлдсэн. Монгол дахь бүх ажлыг хариуцан ажиллавал амьдрах бүх зардлыг Х.М би төлнө, чи Японд ажиллахаасаа илүү орлого олох болно, би бүхнийг хийж өгнө гэж итгүүлсэн. Ийнхүү олон удаа ятгасны дүнд би зөвшөөрч, хамтарч ажиллаж саналыг нь хүлээн авч, Х.Мг ахтайгаа хамт байгуулсан Таван мөнх интернэшнл ХХК-д хувьцаа эзэмшигчээр бүртгүүлсэн. Хүүхдэд буян болох зүйл хийе гэснийх нь дагуу хүүхдийн цэцэрлэг эхэлж түрээслэн ажиллуулах болсон. Ийнхүү түүний явуулсан мөнгөөр Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, Нарны хороолол 13 дугаар байр, 120 тоот хаягт байрлах, Эрхэсийн найзууд цэцэрлэгийг сарын 3.000.000 төгрөгөөр түрээслэн ажиллуулахаар болж, мөн хорооллын 3 дугаар байрны 98 тоот хаягт байрлах 2 өрөө байрыг ойрхон гэж сарын 750 000 төгрөгөөр түрээслэн амьдруулахаар шийдсэн. Мөн Сити центер оффисын байрыг сарын 1 000 000 төгрөгөөр түрээслэн үйл ажиллагаа явуулахаар шийдэцгээсэн. Х.Мгийн хэлсэнчлэн бүхий л зүйлийг бэлдэж огт хийж үзээгүй цэцэрлэгийн эрхлэгч болж маш их хичээсэн. Утаатай, тоос шороо их тул агаар цэвэршүүлэгч авч цэцэрлэгтээ тавь гэж хэлсний дагуу нэг бүрийн үнэ нь 1 650 ам.долларын үнэтэй 2 ширхэг агаар цэвэршүүлэгч авч тавьсан. Үнэтэй бараа гээд гаалийн татварт тус бүр 750 000 төгрөг хүртэл өгсөн. Ийнхүү Эрхэсийн найзууд цэцэрлэгийг 2018 оны 6 дугаар сар хүртэл ажиллуулж байгаад больсон. Одоо цэцэрлэгийн бараа бүтээгдэхүүнийг айлын гараашид хадгалж байгаа. Х.Мг Монголд ирэх бүрд хоол, унаа /авга ах Батдоржийнхоо Приус маркийн машинаар үйлчилдэг байсан/, орчуулга, хөдөө газар үзүүлэх гээд бүхий л зүйлээр хангаж, тусалдаг байсан. Мэдээж огт хийж үзээгүй ажил тул туршлагагүйтэх, алдах эндэх асуудал байх нь мэдээж, эхний гурван жил ашиг хараад хэрэггүй гэж байнга хэлдэг байсан. Монгол банкны данс нээлгээд өгье гэхээр үгүй гэдэг байсан. Тэгээд үргэлж миний Япон данс руу шилжүүлдэг байсан. Хэрэв Х.Мд итгэж Монголд ирээгүй байсан бол Японд ажлаа хийн сар бүрийн цалингаа хураан /1 жил хагасын хугацаанд 3 240 000 иений цалин авах байсан/ нэлээдгүй мөнгөө хурааж чадах байсан. Учир нь компани маань амьдрах байр, унах машин, хоол гээд бүхнийг хариуцдаг байсан. Иймд Х.Мгийн гоё үгэнд хууртан ажлаа орхин Монголд ирээд харин ч хохирогч болоод байна. Иймд энэ хүнд би ямар ч мөнгө төлөх ёсгүй бөгөөд харин ч Японд ажиллаж байсан бол 3 240 000 иенийг хуримтлуулчихсан, үргэлжлүүлэн 2019 оны 8 дугаар сарыг дуустал ажиллаад ахин визээ сунгуулан ажиллах байсан.

Х.М нь анхны санаагаа илэрхийлэхдээ Монголд үйл ажиллагаа явуулъя, чи Монгол дахь ажлыг хариуцан ажилла, би хөрөнгө оруулалтыг нь хийе гэсэн байдлаар илэрхийлсэн. Гэтэл өнөөдөр нэхэмжлэлийн шаардлага тодруулахдаа хамтран ажиллах гэрээний нөхцөлөөр үүргээ биелүүлээгүй гэдэг зүйл ярьж байгаа нь зүйд нийцэхгүй байна. 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн хамтран ажиллах гэрээний хувьд үүрэг нь ингэж тусгагдсан ч гэсэн хамтран ажиллахдаа хөрөнгөө өөрийн хийж буй ажлаар нөхөх боломжтой талаар ч ярилцсан байсан. Заавал мөнгөн хөрөнгө оруулах шаардлагагүй байсан гэдгийг хэрэгт хавсаргагдсан баримтаар харагдаж байгаа. Мөн цэцэрлэгийн үйл ажиллагааг “Т” ХХК-ийн нэр дээр хийх ёстой байсан гэдэг зүйлийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дурдсан. Угтаа бол уг үйл ажиллагааг хийхийн тулд тусгай зөвшөөрөл авах ёстой болсон төдийгүй, гадаад эзэнтэй цэцэрлэгийн байгууллага байх ёсгүй гэж улсын бүртгэлийн газраас хамтдаа лавлаж асуусан. Иймд шинэ компани худалдан авах юм уу эрхийг нь худалдаж авснаас өөр тусгай эрхтэй байгууллагыг ажиллуулах, Х.Мгийн хүсэл зоригийн дагуу ажиллах боломжтой тухай өөрт нь тайлбарлаж хэлсэн. Нэхэмжлэгч тайлбарыг минь хүлээн авч зөвшөөрсний үндсэн дээр Эрхэсийн найзууд цэцэрлэгийг авч үйл ажиллагаа явуулсан. Гэтэл огт ийм юм мэдэхгүй мэтээр мэлзэж байгаад гомдолтой байна. Миний бие 28 184 000 төгрөгийг төлөх үндэслэлгүй. Х.Мгийн хүсэл зоригийн дагуу хийх ёстой ажлуудыг бүгдийг нь хийсэн атал уг мөнгөн хөрөнгийг надаас шаардаж байгаа нь үндэслэлгүй юм. Нийт 27 296 400 төгрөгийг надад зээлдүүлсэн гэж байна. Гэтэл уг мөнгөөр нөгөө нэг яриад байгаа Эрхэсийн найзууд цэцэрлэгийн үйл ажиллагаанд зарцуулсан. Зээлийн баталгаа гэх бичгийг бол надаар шаардан тулгаж байсаар байгаад бичиг хийлгүүлж авсан уг бичиг өөрөө хүчин төгөлдөр бус бичиг. Тиймээс шүүх уг бичгийг хүчин төгөлдөр бусаар тооцох ёстой. Х.Мгийн хүсэл зоригийн дагуу ашиглагдсан мөнгө учраас миний бие уг мөнгөн төлбөрийг төлөх ёсгүй. Өөрөө ч түүнийгээ маш сайн мэдэж байгаа. 55 480 000 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Хариуцагч Б.М- шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

2016 оны 10 дугаар сард Япон улсаас эх орондоо ирсэн байх хугацаандаа анх Х.Мтай танилцсан бөгөөд тэрээр Монголд ашгийн болон ашгийн бус үйл ажиллагаа явуулах зорилготой байгаа талаар тайлбарлах болсон. Миний бие тухайн үед сургуулиа төгсөөд 2016 оны 4 дүгээр сараас RK management гэх компанид сарын 180 000 иен /2017 оны 7 дугаар сарын 01-ний өдөр буюу ажлаас гарсан өдрийн ханшаар бодвол 1 иен-20.97 төгрөг байсан/ буюу нийт 3 774 600 төгрөгийн цалинтай ажил хийх болсон. Тус байгууллагаас маань байр болон хоол, унааны зардлыг хариуцдаг байсан. Ерөнхийдөө гурван жил тус байгууллагад ажиллахад иргэншил, гадаадад зорчих эрхийн зөрчилгүйгээр ажиллах бүхий л боломжийг бүрдүүлж өгсөн. Миний бие 2017 оны 6 дугаар сарын эхээр авга ах маань нас барсан тул ажлаас хэсэг хугацааны чөлөө аваад Монголд ирэхэд Х.М бас ирчихсэн байсан. Тэгээд надтай чатаар холбоо барьж Монгол дахь бүх ажлыг хариуцан ажиллавал амьдрах бүхий л зардлыг би төлнө, чи Японд ажиллахаасаа илүү орлого олох болно, би бүхнийг хийж өгнө гэх болсон тул саналыг хүлээн зөвшөөрч, өөрийн ажлаасаа гараад сайхан боломж олгож өгсөн байгууллагаасаа татгалзсан. Гэтэл Х.М нь өнөөдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаад гомдолтой байна. Иймд миний бие 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл ажиллаж байсан бол олох ёстой байсан буюу нийт 21 сарын цалин хөлс болох 79 266 600 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж байна. Тус мөнгөн дүнд онгоцны билетийн зардал, Японд ажиллаж байх байсан үеийн цалинтай ээлжийн амралтын мөнгө, илүү цагийн хөлс, амралтын өдөр ажилласны нэмэгдэл гэх мэт илүү цалин урамшууллыг нэхэмжлээгүй гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Сэлэнгэ сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа:

Сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Тухайн үед Б.М- нь өөрөө Монгол явж бизнес хийнэ гэж ярьж байсан ба Японд олсон орлогоо найз залуудаа алдчихлаа гэж ярьж байсан. Б.М- нь тогтсон орлого, цалинтай байсан нь тодорхойгүй. Сар бүр тогтмол цалин орлого олж байсан баримтгүй байх тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Хариуцагч “Т” ХХК-ийн төлөөлөгч Б.М- шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

Х.Мгийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэлийн шаардлага тодруулсан нэхэмжлэлтэй танилцаад хуулийн этгээдэд холбогдуулан гаргасан 31 902 000 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Х.М, “Т” ХХК-ийн хооронд хамтран ажиллах санал солилцож байсан үед хийгдсэн гэрээ юм. Гэвч уг этгээдүүдийн хооронд хамтран ажиллах ямар ч тохиолдолд болоогүй. Учир нь Х.М анх байгууллагын үйл ажиллагаа болон бичиг баримттай танилцаад байгууллагад хөрөнгө оруулалт хийж, улмаар бизнес хийх санал тавьсан. Уг саналыг компанийн үүсгэн байгуулагчид болон хувьцаа эзэмшигчид хүлээн зөвшөөрч байгууллагын тодорхой хувьцааг шилжүүлэхээр болж тохиролцсон. Үүнээс үзвэл хамтран ажиллах гэрээнээс үүдэн нэн түрүүнд хөрөнгө оруулалт хийх хэлцэл хийгдсэн гэж үзэх үндэслэлтэй. Нэхэмжлэгч иргэн байгууллагын тодорхой хувьцааг эзэмших хууль ёсны дагуу авсан боловч гүйцэтгэх захирал Б.М-гаас заавал гэрээ байгуул, байгуулахгүй бол хөрөнгө оруулалт хийхгүй мэтээр олон талаас нь ятгаж байгууллагын тамга тэмдгийг ашиглан хамтран ажиллах гэрээ байгуулсан. Тэгвэл Иргэний хуульд хүч хэрэглэсэн, шахалт дарамт дунд хийсэн хэлцэл анхнаасаа хүчин төгөлдөр бус байдаг. Тиймээс хамтран ажиллах гэрээ хийгдсэн гэж хэлэх нь үндэсгүй. Нэхэмжлэлд хамтран ажиллах гэрээний дагуу 2 тал аль аль нь тэнцүү буюу тавь, тавин хувийн хөрөнгө оруулалт хийнэ гэдэг заалтыг барьж нийт 1 300 000 иен буюу 31 902 000 төгрөгийг нэхэмжилсэн байна. Чухам 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн Хамтран ажиллах гэрээ ямар зорилгоор хийгдсэн гэрээ болох, ямар төрлийн хамтын ажиллагаанд зориулж хийгдсэн нь тодорхой бус. Нэхэмжлэгчээс гаргаад байгаа санаа ч тэр цэцэрлэг байгуулах санал дээр гэж яригдаж байгаа боловч бодит байдал дээр анх хувьцаа эзэмших үйл явцад цэцэрлэгийн үйл ажиллагаа явуулах санал нэг ч удаа яригдаагүй. Сүүлд нь иргэн Б.М-тай нэхэмжлэгч тал өөрөө холбоо барьж цэцэрлэгийн үйл ажиллагаа явуулмаар байгаа тухайгаа мэдэгдсэн байдаг. Үүнээс үзвэл хамтран ажиллах гол зорилгоо Б.М-тай хуваалцсан байна. Байгууллагын зүгээс буюу ашгийн төлөө үйл ажиллагаанд буюу өөрийн байгууллагын эрхэлдэг үйл ажиллагаанд хөрөнгө татах зорилготой байсан. Үүнийг нэхэмжлэгч мушгиж шүүхэд тайлбарлаж байгаад харамсалтай байна. Бизнесийн хувь хөрөнгө оруулалт авах, татах, үүсгэн байгуулах, байгууллагын дүрмээс гадна үйл ажиллагааг эрхлэх зөвшөөрөл байхгүй байсан нь хамтын ажиллагаа хийгдэх боломжгүй байсныг илэрхийлж байна. Иймд хамтран ажиллах эрх үүрэг үүсээгүй, анхнаасаа хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн. Иймд байгууллагад холбогдуулан гаргасан 31 902 000 төгрөгийг нэхэмжлэгч талд төлөх үндэслэлгүй. Эцэст нь хамтран ажиллах гэрээ анхнаасаа хүчин төгөлдөр бус байсан төдийгүй өнөөдөр шүүхийн шатанд гэрээнээс татгалзах тухай ярьж байгаа нь ойлгомжгүй байна. Анхнаасаа хамтран ажиллах үйл ажиллагаа “Т” ХХК-тай нэхэмжлэгч Х.М хийгээгүй байж ямар үндэслэлээр хөрөнгө нэхэмжилж байгаа нь ойлгомжгүй төдийгүй хууль зүйн үндэсгүй байна. Иймд нэхэмжлэгчийн зүгээс гаргаж буй байгууллагад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 205 дугаар зүйлийн 205.1-д заасныг тус тус баримтлан Б.М-гаас 60 198 000 төгрөгийг гаргуулан Х.Мд олгож, нэхэмжлэлээс 2 133 600 төгрөгийн шаардлага болон хариуцагч “Т” ХХК-д холбогдох шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 227 дугаар зүйлийн 227.1-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул Х.Мгаас 79 266 600 төгрөг гаргуулахыг хүссэн Б.М-гийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 510 210 төгрөгөөс 469 608 төгрөгийг, мөн хариуцагчаас сөрөг нэхэмжлэл гаргахдаа тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 554 300 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн илүү төлсөн 40 602 төгрөгийг улсын орлогоос, мөн 469 608 төгрөгийг хариуцагч Б.М-гаас тус тус гаргуулан нэхэмжлэгч Х.Мд олгож шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагч Б.М- давж заалдах гомдолдоо:

... Миний бие Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна.

Нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн баримтын хүрээнд шүүх дүгнэхдээ хамтын үйл ажиллагааны талаар мэдээлэл өгөөгүй гэдэг байдлаар дүгнэсэн нь хэргийн, маргааны гол үйл баримтыг бүрэн дүгнээгүй гэж дүгнэх үндэслэлтэй юм. Учир нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудад нэхэмжлэгч Х.М цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцсан, цэцэрлэгийн ажилчид болон цэцэрлэгийн хүүхдүүдтэй уулзсан зурган баримт, хүүхдүүдэд бэлэг сэлт өгсөн баримт хавсаргасан нь цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцсан гэж үзэх үндэстэй. Мөн нэхэмжлэгч тал цэцэрлэг дээр очсон талаараа маргадаггүй, цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцсан талаараа огтоос маргадаггүй. Мөн гэрч Л.Биндэръяагийн мэдүүлэгт мөн нэхэмжлэгч Х.М цэцэрлэг дээр ирж зураг хөргөө даруулах, хүүхдүүдэд бэлэг өгөн, цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцсан тухай тайлбарлаж мэдүүлдэг. Талууд цэцэрлэгийн үйл ажиллагаа эрхлэх талаараа илэрхийлсэн, хамтран ажилласанд талууд маргадаггүй. Мэдээж бодит амьдрал дээр цэцэрлэгийн үйл ажиллагаа явуулна гэдэг бол санхүүгийн хувьд хүндрэлтэй. Гэтэл шүүх дүгнэхдээ тайлан тооцоогоо харуулаагүй, харилцаа үүсгээгүй гэдэг байдлаар дүгнэсэн нь буруу. Учир нь 2018 оны 12 дугаар сард Х.М цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцаж бүхий л баримттай танилцсан. Үүнийг тухайн үед цэцэрлэгт тогоочоор ажиллаж байсан Л.Биндэръяа, түрээслэгч, өөрийн цэцэрлэгийн эрхийг шилжүүлж өгсөн Т.Оюумаа нарын мэдүүлэгт яригдаж дурдагдсан атал шүүх энэ талаас нь дүгнээгүй нь хэт нэг талыг барьж шүүхийн шийдвэрийг гаргаж, мөн хариуцагч хамтын үйл ажиллагаа болон нийт 2 540 000 иенийг хүлээн авсан дээрээ маргадаггүй. Уг мөнгийг юу юунд зарцуулсан талаараа шүүх хуралдаан дээрээ нотлох баримтын хүрээнд тайлбарлаж өгсөн. Гэтэл шүүх дүгнэхдээ хамтын үйл ажиллагааны тайлангаа тайлагнаагүй гэж дүгнэсэн нь чухам ямар баримтыг үндэслэн дүгнэсэн нь гэдэг нь эргэлзээтэй байна. Хариуцагчийн зүгээс хариу тайлбар болон гаргаж өгсөн баримтууд, шүүх хуралдаан дээр төлөөлөгчийн дурдсанаар ажлын байрны түрээс, өөрийн дансны хуулгаар худалдаж авсан болон төлбөр төлсөн үйл баримтыг нотолдог. Үүнээс өөр нотлох баримтгүй, хэргийн үнэн бодит байдлыг тогтоох голлох баримт атал уг баримтыг дүгнээгүй нь эргэлзээтэй байна.

Иргэний хуулийн 476 дугаар зүйлд зааснаар хамтран ажиллах хамтын үйл ажиллагааны арга төрөл хэлбэрээ тохиролцох, төсвийг зарцуулах эрх Монголд байгаа Б.М-д оногдсон /оногдохоос өөр аргагүй/, чухамдаа Х.Мгийн тайлбарлаж буйгаар хариуцагчийг Монголд ажиллуулах, өөрөө хөрөнгө оруулалт хийх зарчмаар ажиллах санаа зорилго илэрхийлсэн нь өөрийнх нь нэхэмжлэл, хамтран ажиллах гэрээг байгуулсан үйл баримт дээр нотлогдож байгаа атал шүүх буруу дүгнэж тайлбарласан.

Гэрээнээс татгалзах ойлголт шүүхэд нэхэмжлэл гаргаснаар бус хамтын үйл ажиллагаа цаашид хэрэгжих боломжгүй нөхцөл байдал үүссэний улмаас талууд харилцан татгалзсан тухай талууд хүлээн зөвшөөрч маргаагүй. Гэтэл шүүх шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрөөр гэрээнээс татгалзсан гэж үзэх үндэслэлгүй. Тиймээс хамтын үйл ажиллагаа цаашид хэрэгжих боломжгүй болсон, цэцэрлэгийн үйл ажиллагаа цаашид тогтвортой ажиллах санхүүгийн боломжгүй болсон талаар гэрчүүд мэдүүлээд, тайлан тооцоогоо үзүүлсэн хэдий ч өнөөдөр шүүх Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг баримтлан шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Авсан мөнгөний зарцуулалтыг өөрийн гаргаж өгсөн дансны хуулганы баримтуудаар, мөн гэрчүүдийн мэдүүлгүүдээр, өөрийн гаргаж өгсөн бусад нотлох баримтуудаар нотлогдоно. Нэхэмжлэгчийн хүсээд байсан ажлыг гүйцэтгэснийхээ төлөө, нэхэмжлэгчийн хэлсэн болгоныг хийснийхээ төлөө, эргээд нэхэмжлэгчид өрөнд орж буй нь шударга эсэхэд эргэлзээтэй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

                                                            ХЯНАВАЛ:

 

            Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

 

            Нэхэмжлэгч Х.М нь 1 300 000 иенийг хамтран ажиллах гэрээний дагуу хариуцагч “Т” ХХК-д, 440 000 иенийг хамтын үйл ажиллагаанд, 800 000 иенийг хувийн бизнест нь зориулж хариуцагч Б.М-д тус тус дансаар нь шилжүүлснээ хамтран ажиллах гэрээний үүрэг зөрчсөн, зээлийг буцаан төлөөгүй гэх үндэслэлээр “Т” ХХК болон Б.М-гаас буцаан гаргуулахаар шаардсанаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тодруулж, бүх мөнгийг Б.М- зарцуулсан тул түүнээс гаргуулна гэжээ.

 

            Хариуцагч Б.М- нь дээрх мөнгийг Х.Мгаас шилжүүлгээр авснаа үгүйсгээгүй бөгөөд түүний хүссэнээр цэцэрлэгийн үйл ажиллагааны зардалд бүрэн зарцуулсан тул буцаан төлөх үндэслэлгүй гэж маргажээ.

 

Улмаар нэхэмжлэгч Х.Мгийн хамтран ажиллах гэрээг дуусгавар болгосны улмаас Япон улсад тогтвортой ажлын байранд ажиллаж, олох байсан орлогоор хохирсон гэж 79 266 600 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлээр шаарджээ.

 

Япон Улсын иргэн Х.М нь Монгол Улсад бизнес эрхлэх хүсэл зоригоо илэрхийлсэн Хамтран ажиллах гэрээг 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдөр “Т” ХХК буюу Б.М-тай байгуулж, компанийн хувьцаа эзэмших, хөрөнгө оруулах, ашиг хүртэх хэлбэрээр хамтран ажиллана гэж гэрээний 1.1 дэх заалтаар, гэрээний хугацаа 3 жил гэж гэрээний 1.3 дахь заалтаар тохиролцсон нь хэрэгт баримтаар авагдсан байна. /хх1-123/

 

“Т” ХХК-ийн 24 хувийн хувьцааг Х.М эзэмших болсон нь 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн улсын бүртгэлээр баталгаажсан баримт хэрэгт байна./хх1-233/

 

Зохигчид хэн аль нь хамтран ажиллахаар тохиролцсон талаар тайлбарласан бөгөөд нэхэмжлэгч Х.Мгийн хүсэлтээр хүүхдийн цэцэрлэгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж, “Эрхэсийн найзууд” цэцэрлэгийг 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 6 дугаар сарыг хүртэл Б.М- эрхлэн удирдаж ажиллуулсан үйл баримт тогтоогдсон, шилжүүлсэн мөнгийг нэхэмжлэгчийн өөрийнх нь зөвшөөрсний дагуу хамтын үйл ажиллагаанд зарцуулсан гэж хариуцагч тайлбарлажээ.

 

Талууд хамтын ажиллагаанд 50, 50 хувийн хөрөнгө оруулахаар тохиролцсон ч Б.М- өөрийн оруулбал зохих хувь, хураамжийг оруулаагүй гэж нэхэмжлэгч тайлбарласан боловч гэрээнд хураамжийг мөнгөн дүнгээр илэрхийлж, 50, 50 хувиар оруулах талаар заагаагүй, харин мөнгөн хөрөнгө, хөдлөх болон үл хөдлөх хөрөнгөөр оруулна гэж зааснаас гадна хамтын үйл ажиллагаатай холбоотой санаа, зардал, олсон орлого, өр, авлага, бусад эд зүйлс нь талуудын хамтын өмч байна гэж гэрээний 3.1-т заажээ.

 

Гэрээний дээрх заалт нь Иргэний хуулийн 477 дугаар зүйлийн 477.2 дахь хэсэгт заасныг зөрчихгүй бөгөөд хариуцагч Б.М- нь цэцэрлэгийн үйл ажиллагаа явуулахтай холбоотой бүхий л ажлыг хариуцаж зохион байгуулсан болох нь хэрэгт авагдсан түрээсийн гэрээ, гэрчийн мэдүүлэг, бусад бичгийн баримтаар тогтоогдсон байна.

 

Шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасан хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж зөв дүгнэсэн боловч маргааны зүйл болсон гэрээг хугацаанаас өмнө цуцлах, түүнээс гарах үр дагавартай холбоотой хэргийн үйл баримтыг зөв тогтоож, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглээгүй байна.

 

Х.М нь цэцэрлэгийн үйл ажиллагаанд хөрөнгө зарцуулагдсаныг мэдээгүй, гэрээний хэрэгжилтэд хяналт тавих эрхээ эдлэх боломжгүй байсан гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байх бөгөөд аль ч тал гэрээний хэрэгжилтэд хяналт тавих эрхтэй талаар талууд гэрээгээр харилцан тохиролцсоныг шүүх анхааралгүй, хариуцагчийг тухай бүр тайлагнаагүй гэрээний зөрчил гаргасан тул нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж дүгнэн, шилжүүлсэн мөнгийг буцаан гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болж чадаагүй байна.

 

Талуудын хооронд хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн тул хугацаанаас өмнө цуцлах, гэрээ дуусгавар болох нөхцөлд талуудын оруулсан хураамжийг хуваарилахад хамааралтай Иргэний хуулийн 479 дүгээр зүйлийн 479.2, 480 дугаар зүйлийг хэрэглэж эрх зүйн дүгнэлт хийх шаардлагатай.

 

Хэрэгт хамтын ажиллагаанд хэн ямар үүрэг, оролцоотой байсан, хүлээсэн үүргийг талууд ямар хэмжээгээр биелүүлсэн талаарх тооцоо, тайлан, үлдэх эд хөрөнгийн жагсаалт зэрэг хэргийн нөхцөл байдал, маргааны үйл баримтыг тогтооход ач холбогдол бүхий баримт авагдаагүй байна.

 

Х.Мгаас шилжүүлсэн мөнгө нь хамтын ажиллагаанд зарцуулагдсан гэх хэргийн нөхцөл байдлыг тодруулж, маргааны үйл баримтыг бүрэн тогтоолгүйгээр хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 184/ШШ2019/02968 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 461 491 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                А.МӨНХЗУЛ

 

                                         ШҮҮГЧИД                                Э.ЗОЛЗАЯА

 

                                                                                          А.ОТГОНЦЭЦЭГ