Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 001/ХТ2021/01311

 

 

*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 11 дүгээр сарын 19ий өдрийн 184/ШШ2019/02968 дугаар шийдвэр

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 217 дугаар магадлалтай, 

*******гийн нэхэмжлэлтэй,

******* ХХК, ******* нарт холбогдох  

Хамтран ажиллах гэрээнээс татгалзаж, 62,331,600 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, олох ёстой байсан орлогод 72,266,600 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Баднайсүрэнгийн гаргасан гомдлоор

Шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Баднайсүрэн, хариуцагч *******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Чулуунгэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би *******тай хамтран ажиллахаар болж 2 талаасаа хэн хэн нь эхний ээлжид 1,300,000 иен гаргахаар болж, би мөнгөө өгсөн. Хамтран цэцэрлэг ажиллуулахад хүүхдүүдийг угтан авах машин авна гэж надаас 440,000 иен авсан. Мөн мөнгө зээлээч, бараа авч зарна хэмээн 800,000 иен зээлж авсан. Намайг хуурч мэхлэн, хуурамч, хүчин төгөлдөр бус гэрээ хэлцэл хийн намайг залилсанд гомдолтой байна. Иймд иргэн *******гаас 60,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. /Энэ зөвхөн баримттай шилжүүлсэн мөнгө болно/ Мөн дээр нь янз бүрийн арга хэрэглэн авсан мөнгө, Монгол, Япон улсын хооронд ирж очсон зардлууд, буудал, хоол, хүлээн авалт, бэлэг сэлт гэх мэт 100 сая орчим төгрөгийг нэхэмжлээгүй болно. 2018 оны 08 дугаар сард 1,300,000 иен, 440,000 иен, 800,000 иенийг тус тус буцаан төлөхийг шаардахад 2018.12.24-ний өдөр төлнө гэж хэлээд сураггүй болсон. 2018.12.05-ны өдрөөс хойш холбогдож чадаагүй тул шүүхэд хандаж байна. Мөн нэмж улсын тэмдэгтийн хураамжид төлсөн мөнгийг гаргуулж өгнө үү. ******* нь *******тай байгуулсан 2017.06.15-ны өдрийн хамтран ажиллах гэрээний дагуу хамтран ажиллахаар болж 2017.07.21-ний өдөр 1,300,000 иен буюу тухайн үеийн Монгол банкны ханшаар /1 иен-21.68 төгрөг/ 28,184,000 төгрөгийг шилжүүлсэн. Хамтран ажиллах гэрээний дагуу 2 тал аль аль нь тэнцүү буюу 50:50 хувийн хөрөнгө оруулалт хийнэ, гэсэн хэдий ч ******* нь бизнест *******тай адил тэнцүү буюу 28,184,000 төгрөгийн хөрөнгөө оруулаагүй, бизнесийн үйл ажиллагаа, гэрээний дагуу ******* ХХК-ийн нэр дээр явагдах ёстой атал явагдаагүй, аж ахуйн нэгж буюу ******* ХХК-ийн нэр дээр хамтарсан бизнесийн үйл ажиллагаа, алдагдал, татвар зэргийн тайланг гаргаж өгөх ёстой боловч гаргаж өгөөгүй гэрээний дагуу үүргээ биелүүлээгүй. Мөн ******* нь *******гаас найз танилын хувьд буцааж төлөх нөхцөлтэйгээр 2017.08.28-ны өдөр 440,000 иен буюу /1иен-22.31 төгрөг/ 9,816,400 төгрөг, 2017.10.05-ны өдрийн 800,000 иен буюу /1иен-21.85 төгрөг/ 17,840,000 төгрөг нийт 27,296,400 төгрөгийг нэхэмжилж байна. Өөрөөр хэлбэл хамтран ажиллах гэрээний дагуу өгсөн 28,184,000 төгрөг, найз танилын журмаар зээлж авсан 27,296,400 төгрөг, нийт 55,480,000 төгрөгийг, тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү гэжээ. 

Хариуцагч ******* шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Чулуунгэрэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* нь Монголд бизнес хийе, чи Монголд хариуцаад ажиллуулаач гэх болсон. Удалгүй авга маань бурхан болж би дүүгээ дагуулан 6 сард Монголд ирсэн. Энэ үеэр ******* ч гэсэн Монголд ирсэн байсан. Тэгээд хүүгийнхээ хойчид зориулж хүүхдүүдэд буян хийе гэж хэлсэн. Тэгээд бид 2 дундаасаа мөнгө гарган Гачууртын эцэст асрамжийн газар очин хүүхдүүд хооллож, тэдэнд тоглох тоглоомууд аваачиж өгсөн. Маргааш нь хүний өөрийн 30 гаруй хүүхэд асардаг Сарнай гэх эмэгтэйнд очиж мөн л хоол хүнс, тоглоом, 32 инчийн зурагт аваачиж өгч буян үйлдсэн. Монгол дахь бүх ажлыг хариуцан ажиллавал амьдрах бүх зардлыг ******* би төлнө, чи Японд ажиллахаасаа илүү орлого олох болно, би бүхнийг хийж өгнө гэж итгүүлсэн. Ийнхүү олон удаа ятгасны дүнд би зөвшөөрч, хамтарч ажиллаж саналыг нь хүлээн авч, *******г ахтайгаа хамт байгуулсан ******* ХХК-д хувьцаа эзэмшигчээр бүртгүүлсэн. Хүүхдэд буян болох зүйл хийе гэснийх нь дагуу хүүхдийн цэцэрлэг эхэлж түрээслэн ажиллуулах болсон. Ийнхүү түүний явуулсан мөнгөөр Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, Нарны хороолол 13 дугаар байр, 120 тоот хаягт байрлах, Эрхэсийн найзууд цэцэрлэгийг сарын 3,000,000 төгрөгөөр түрээслэн ажиллуулахаар болж, мөн хорооллын 3 дугаар байрны 98 тоот хаягт байрлах 2 өрөө байрыг ойрхон гэж сарын 750,000 төгрөгөөр түрээслэн амьдруулахаар шийдсэн. Мөн Сити центер оффисын байрыг сарын 1,000,000 төгрөгөөр түрээслэн үйл ажиллагаа явуулахаар шийдэцгээсэн. *******гийн хэлсэнчлэн бүхий л зүйлийг бэлдэж огт хийж үзээгүй цэцэрлэгийн эрхлэгч болж маш их хичээсэн. Утаатай, тоос шороо их тул агаар цэвэршүүлэгч авч цэцэрлэгтээ тавь гэж хэлсний дагуу нэг бүрийн үнэ нь 1,650 ам.долларын үнэтэй 2 ширхэг агаар цэвэршүүлэгч авч тавьсан. Үнэтэй бараа гээд гаалийн татварт тус бүр 750,000 төгрөг хүртэл өгсөн. Ийнхүү Эрхэсийн найзууд цэцэрлэгийг 2018 оны 06 дугаар сар хүртэл ажиллуулж байгаад больсон. Одоо цэцэрлэгийн бараа бүтээгдэхүүнийг айлын гараашид хадгалж байгаа. *******г Монголд ирэх бүрд хоол, унаа /авга ах Батдоржийнхоо Приус маркийн машинаар үйлчилдэг байсан/, орчуулга, хөдөө газар үзүүлэх гээд бүхий л зүйлээр хангаж, тусалдаг байсан. Мэдээж огт хийж үзээгүй ажил тул туршлагагүйтэх, алдах эндэх асуудал байх нь мэдээж, эхний гурван жил ашиг хараад хэрэггүй гэж байнга хэлдэг байсан. Монгол банкны данс нээлгээд өгье гэхээр үгүй гэдэг байсан. Тэгээд үргэлж миний Япон данс руу шилжүүлдэг байсан. Хэрэв *******д итгэж Монголд ирээгүй байсан бол Японд ажлаа хийн сар бүрийн цалингаа хураан /1 жил хагасын хугацаанд 3,240,000 иений цалин авах байсан/ нэлээдгүй мөнгөө хурааж чадах байсан. Учир нь компани маань амьдрах байр, унах машин, хоол гээд бүхнийг хариуцдаг байсан. Иймд *******гийн гоё үгэнд хууртан ажлаа орхин Монголд ирээд харин ч хохирогч болоод байна. Иймд энэ хүнд би ямар ч мөнгө төлөх ёсгүй бөгөөд харин ч Японд ажиллаж байсан бол 3,240,000 иенийг хуримтлуулчихсан, үргэлжлүүлэн 2019.08 дугаар сарыг дуустал ажиллаад ахин визээ сунгуулан ажиллах байсан.

******* нь анхны санаагаа илэрхийлэхдээ Монголд үйл ажиллагаа явуулъя, чи Монгол дахь ажлыг хариуцан ажилла, би хөрөнгө оруулалтыг нь хийе гэсэн байдлаар илэрхийлсэн. Гэтэл өнөөдөр нэхэмжлэлийн шаардлага тодруулахдаа хамтран ажиллах гэрээний нөхцөлөөр үүргээ биелүүлээгүй гэдэг зүйл ярьж байгаа нь зүйд нийцэхгүй байна. 2017.06.15-ны өдрийн хамтран ажиллах гэрээний хувьд үүрэг нь ингэж тусгагдсан ч гэсэн хамтран ажиллахдаа хөрөнгөө өөрийн хийж буй ажлаар нөхөх боломжтой талаар ч ярилцсан байсан. Заавал мөнгөн хөрөнгө оруулах шаардлагагүй байсан гэдгийг хэрэгт хавсаргагдсан баримтаар харагдаж байгаа. Мөн цэцэрлэгийн үйл ажиллагааг ******* ХХК-ийн нэр дээр хийх ёстой байсан гэдэг зүйлийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дурдсан. Угтаа бол уг үйл ажиллагааг хийхийн тулд тусгай зөвшөөрөл авах ёстой болсон төдийгүй, гадаад эзэнтэй цэцэрлэгийн байгууллага байх ёсгүй гэж улсын бүртгэлийн газраас хамтдаа лавлаж асуусан. Иймд шинэ компани худалдан авах юм уу эрхийг нь худалдаж авснаас өөр тусгай эрхтэй байгууллагыг ажиллуулах, *******гийн хүсэл зоригийн дагуу ажиллах боломжтой тухай өөрт нь тайлбарлаж хэлсэн. Нэхэмжлэгч тайлбарыг минь хүлээн авч зөвшөөрсний үндсэн дээр Эрхэсийн найзууд цэцэрлэгийг авч үйл ажиллагаа явуулсан. Гэтэл огт ийм юм мэдэхгүй мэтээр мэлзэж байгаад гомдолтой байна. Миний бие 28,184,000 төгрөгийг төлөх үндэслэлгүй. *******гийн хүсэл зоригийн дагуу хийх ёстой ажлуудыг бүгдийг нь хийсэн атал уг мөнгөн хөрөнгийг надаас шаардаж байгаа нь үндэслэлгүй юм. Нийт 27,296,400 төгрөгийг надад зээлдүүлсэн гэж байна. Гэтэл уг мөнгөөр нөгөө нэг яриад байгаа Эрхэсийн найзууд цэцэрлэгийн үйл ажиллагаанд зарцуулсан. Зээлийн баталгаа гэх бичгийг бол надаар шаардан тулгаж байсаар байгаад бичиг хийлгүүлж авсан уг бичиг өөрөө хүчин төгөлдөр бус бичиг. Тиймээс шүүх уг бичгийг хүчин төгөлдөр бусаар тооцох ёстой. *******гийн хүсэл зоригийн дагуу ашиглагдсан мөнгө учраас миний бие уг мөнгөн төлбөрийг төлөх ёсгүй. Өөрөө ч түүнийгээ маш сайн мэдэж байгаа. 55,480,000 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ. 

Хариуцагч ******* шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: 2016.10 дугаар сард Япон улсаас эх орондоо ирсэн байх хугацаандаа анх *******тай танилцсан бөгөөд тэрээр Монголд ашгийн болон ашгийн бус үйл ажиллагаа явуулах зорилготой байгаа талаар тайлбарлах болсон. Миний бие тухайн үед сургуулиа төгсөөд 2016 оны 4 дүгээр сараас RK management гэх компанид сарын 180,000 иен /2017.07.01-ний өдөр буюу ажлаас гарсан өдрийн ханшаар бодвол 1 иен-20.97 төгрөг байсан/ буюу нийт 3,774,600 төгрөгийн цалинтай ажил хийх болсон. Тус байгууллагаас маань байр болон хоол, унааны зардлыг хариуцдаг байсан. Ерөнхийдөө гурван жил тус байгууллагад ажиллахад иргэншил, гадаадад зорчих эрхийн зөрчилгүйгээр ажиллах бүхий л боломжийг бүрдүүлж өгсөн. Миний бие 2017.06 дугаар сарын эхээр авга ах маань нас барсан тул ажлаас хэсэг хугацааны чөлөө аваад Монголд ирэхэд ******* бас ирчихсэн байсан. Тэгээд надтай чатаар холбоо барьж Монгол дахь бүх ажлыг хариуцан ажиллавал амьдрах бүхий л зардлыг би төлнө, чи Японд ажиллахаасаа илүү орлого олох болно, би бүхнийг хийж өгнө гэх болсон тул саналыг хүлээн зөвшөөрч, өөрийн ажлаасаа гараад сайхан боломж олгож өгсөн байгууллагаасаа татгалзсан. Гэтэл ******* нь өнөөдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаад гомдолтой байна. Иймд миний бие 2017.07.01-ний өдрөөс 2019.04 01-ний өдрийг хүртэл ажиллаж байсан бол олох ёстой байсан буюу нийт 21 сарын цалин хөлс болох 79,266,600 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж байна. Тус мөнгөн дүнд онгоцны билетийн зардал, Японд ажиллаж байх байсан үеийн цалинтай ээлжийн амралтын мөнгө, илүү цагийн хөлс, амралтын өдөр ажилласны нэмэгдэл гэх мэт илүү цалин урамшууллыг нэхэмжлээгүй гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Сэлэнгэ сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Тухайн үед ******* нь өөрөө Монгол явж бизнес хийнэ гэж ярьж байсан ба Японд олсон орлогоо найз залуудаа алдчихлаа гэж ярьж байсан. ******* нь тогтсон орлого, цалинтай байсан нь тодорхойгүй. Сар бүр тогтмол цалин орлого олж байсан баримтгүй байх тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хариуцагч ******* ХХК-ийн төлөөлөгч ******* шүүхэд ирүүлсэн тайлбартаа: *******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэлийн шаардлага тодруулсан нэхэмжлэлтэй танилцаад хуулийн этгээдэд холбогдуулан гаргасан 31,902,000 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. *******, ******* ХХК-ийн хооронд хамтран ажиллах санал солилцож байсан үед хийгдсэн гэрээ юм. Гэвч уг этгээдүүдийн хооронд хамтран ажиллах ямар ч тохиолдолд болоогүй. Учир нь ******* анх байгууллагын үйл ажиллагаа болон бичиг баримттай танилцаад байгууллагад хөрөнгө оруулалт хийж, улмаар бизнес хийх санал тавьсан. Уг саналыг компанийн үүсгэн байгуулагчид болон хувьцаа эзэмшигчид хүлээн зөвшөөрч байгууллагын тодорхой хувьцааг шилжүүлэхээр болж тохиролцсон. Үүнээс үзвэл хамтран ажиллах гэрээнээс үүдэн нэн түрүүнд хөрөнгө оруулалт хийх хэлцэл хийгдсэн гэж үзэх үндэслэлтэй. Нэхэмжлэгч иргэн байгууллагын тодорхой хувьцааг эзэмших хууль ёсны дагуу авсан боловч гүйцэтгэх захирал *******гаас заавал гэрээ байгуул, байгуулахгүй бол хөрөнгө оруулалт хийхгүй мэтээр олон талаас нь ятгаж байгууллагын тамга тэмдгийг ашиглан хамтран ажиллах гэрээ байгуулсан. Тэгвэл Иргэний хуульд хүч хэрэглэсэн, шахалт дарамт дунд хийсэн хэлцэл анхнаасаа хүчин төгөлдөр бус байдаг. Тиймээс хамтран ажиллах гэрээ хийгдсэн гэж хэлэх нь үндэсгүй. Нэхэмжлэлд хамтран ажиллах гэрээний дагуу 2 тал аль аль нь тэнцүү буюу 50:50 хувийн хөрөнгө оруулалт хийнэ гэдэг заалтыг барьж нийт 1,300,000 иен буюу 31,902,000 төгрөгийг нэхэмжилсэн байна. Чухам 2017.06.15-ны өдрийн Хамтран ажиллах гэрээ ямар зорилгоор хийгдсэн гэрээ болох, ямар төрлийн хамтын ажиллагаанд зориулж хийгдсэн нь тодорхой бус. Нэхэмжлэгчээс гаргаад байгаа санаа ч тэр цэцэрлэг байгуулах санал дээр гэж яригдаж байгаа боловч бодит байдал дээр анх хувьцаа эзэмших үйл явцад цэцэрлэгийн үйл ажиллагаа явуулах санал нэг ч удаа яригдаагүй. Сүүлд нь иргэн *******тай нэхэмжлэгч тал өөрөө холбоо барьж цэцэрлэгийн үйл ажиллагаа явуулмаар байгаа тухайгаа мэдэгдсэн байдаг. Үүнээс үзвэл хамтран ажиллах гол зорилгоо *******тай хуваалцсан байна. Байгууллагын зүгээс буюу ашгийн төлөө үйл ажиллагаанд буюу өөрийн байгууллагын эрхэлдэг үйл ажиллагаанд хөрөнгө татах зорилготой байсан. Үүнийг нэхэмжлэгч мушгиж шүүхэд тайлбарлаж байгаад харамсалтай байна. Бизнесийн хувь хөрөнгө оруулалт авах, татах, үүсгэн байгуулах, байгууллагын дүрмээс гадна үйл ажиллагааг эрхлэх зөвшөөрөл байхгүй байсан нь хамтын ажиллагаа хийгдэх боломжгүй байсныг илэрхийлж байна. Иймд хамтран ажиллах эрх үүрэг үүсээгүй, анхнаасаа хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн. Иймд байгууллагад холбогдуулан гаргасан 31,902,000 төгрөгийг нэхэмжлэгч талд төлөх үндэслэлгүй. Эцэст нь хамтран ажиллах гэрээ анхнаасаа хүчин төгөлдөр бус байсан төдийгүй өнөөдөр шүүхийн шатанд гэрээнээс татгалзах тухай ярьж байгаа нь ойлгомжгүй байна. Анхнаасаа хамтран ажиллах үйл ажиллагаа ******* ХХК-тай нэхэмжлэгч ******* хийгээгүй байж ямар үндэслэлээр хөрөнгө нэхэмжилж байгаа нь ойлгомжгүй төдийгүй хууль зүйн үндэсгүй байна. Иймд нэхэмжлэгчийн зүгээс гаргаж буй байгууллагад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ. 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 19ий өдрийн 184/ШШ2019/02968 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 205 дугаар зүйлийн 205.1-д заасныг тус тус баримтлан *******гаас 60,198,000 төгрөгийг гаргуулан *******д олгож, нэхэмжлэлээс 2,133,600 төгрөгийн шаардлага болон ******* ХХК-д холбогдох шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 227 дугаар зүйлийн 227.1-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул *******гаас 79,266,600 төгрөг гаргуулахыг хүссэн *******гийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 510,210 төгрөгөөс 469,608 төгрөгийг, мөн хариуцагчаас сөрөг нэхэмжлэл гаргахдаа тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 554,300 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн илүү төлсөн 40,602 төгрөгийг улсын орлогоос, мөн 469,608 төгрөгийг *******гаас тус тус гаргуулан нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэжээ. 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 217 дугаар магадлалаар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 184/ШШ2019/02968 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 461,491 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохоор шийдвэрлэсэн байна.  

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Баднайсүрэн хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Магадлалд ...Хэрэгт хамтын ажиллагаанд хэн ямар үүрэг, оролцоотой байсан, хүлээсэн үүргийг талууд ямар нөхцөл байдал, маргааны үйл баримтыг тогтооход ач холбогдол бүхий баримт авагдаагүй байна... гэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож буй гол үндэслэлээ магадлалыг уншин сонсгож байхдаа мөн тайлбарласан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдэврлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зохигч өөрийн татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж заасан бөгөөд анхан шатны шүүхээс хариуцагч талыг нотлох баримтаа гаргаж өгөх боломжоор тухай бүр хангасан. Мөн зохигчийн хүсэлтээр нотлох баримтыг шүүх бүрдүүлэх ганцхан зохицуулалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасан бөгөөд нотлох баримт бүрдүүлэх, авах нь шүүхийн өөрийн чиг үүрэг биш байтал энэхүү үндэслэлээр шүүхийн шийдвэрийн үндэслэлийг буруутгаж, хүчингүй болгосон. Хариуцагч нь маргааны үйл баримтыг тогтооход ач холбогдол бүхий баримтаа гаргаж өгөөгүй үйлдэл нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болохгүй бөгөөд давж заалдах шатны шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.6 дах заалтуудыг анхааралгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Давж заалдах шатны шүүх хуралдааны үед илтгэгч шүүгчээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс танайх хуулийн этгээд буюу цэцэрлэгийн үйл ажиллагаа явуулж байсан юм чинь албан ёсны тайлан санхүү, зардлын баримт байдаг л байх, тэрийгээ яагаад гаргаж өгөөгүй вэ гэхэд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс манайд ийм баримтууд байхгүй, байсан ганцхан баримтаа шүүхэд өгсөн, энэ нь дансны хуулга юм гэх агуулгатай тайлбарыг хэлж байсан. Ийнхүү хариуцагчаас өөрөө дахин баримт байхгүй, байсан баримтуудаа шүүхэд өгсөн гэж тайлбарлаад байхад нэмэлт нотлох баримт бүрдүүлэх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон. Шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасан хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж зөв дүтнэсэн боловч маргааны зүйл болсон гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, түүнээс гарах үр дагавартай холбоотой хэргийн үйл баримтыг зөв тогтоож, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглээгүй байна. Анхан шатны шүүхээс хамтран ажиллах гэрээ болон гэрээнээс татгалзах зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн бөгөөд хамтран ажиллах гэрээний хамгийн гол онцлог болох хамтын үйл ажиллагаа буюу хамтын шинжтэй үйлдлийг хариуцагч нь анхнаасаа хийгээгүй, хэрэгжүүлээгүй, үүнийгээ шүүхэд нотлоогүй байхад давж заалдах шатны шүүхээс шууд хамтран ажиллах гэрээний дагуу хариуцагчийг үйл ажиллагаа явуулсан мэтээр дүгнэж, шийдвэрийг хүчингүй болгосон. Хариуцагч нь хамтран ажиллах гэрээний дагуу 50:50 хувиар хөрөнгө гаргах үүргийн дагуу нэхэмжлэгчийн шилжүүлсэн хөрөнгө оруулалтаар өөрийн 100 хувь хувьцааг нь эзэмшдэг компанидаа буюу хувьдаа ашигласан үйлдлийг хариуцагч нь хамтын ажиллагааг хэрэгжүүлсэн мэтээр дүгнэсэн нь үндэслэлгүй байгааг анхаарч үзнэ үү. Хариуцагч талаас анхан шатны шүүх хурлын үеэр дахин гаргаж өгөх нотлох баримт байхгүй хэмээн шүүх хуралдааныг эхлүүлсэн ба хавтаст хэргийн хх1-69-70 дугаар талд хариуцагчийн хувийн хэрэгцээний зээлд нэхэмжлэгчийн оруулсан хөрөнгө оруулалтыг ашигласан талаарх баримтууд авагдсан. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.  

ХЯНАВАЛ: 

Япон улсын иргэн ******* нь ******* ХХК, ******* нарт холбогдуулан хамтран ажиллах гэрээнээс татгалзаж, 62,331,600 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, олох ёстой байсан орлогод 79,266,600 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, *******гийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасан байна.

Магадлалыг хэвээр үлдээж, хяналтын шатны шүүхэд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Баднайсүрэнгийн гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

1.Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3-т зааснаар шийдвэрийг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргана.  

Шүүх хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргах гол нөхцөлүүдийн нэг нь нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлэх явдал бөгөөд эдгээр ажиллагааны зарчим, зохицуулалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд нарийвчлан заасан байна. 

Хамтран ажиллах гэрээний харилцаа хэний хооронд үүссэн, гэрээг цуцлах, гэрээ дуусгавар болсон эсэх, хамааралтай Иргэний хуулийн 479 дүгээр зүйлийн 479.2, 480 дугаар зүйлийг хэрэглэх эсэх, хэргийн үйл баримтыг зөв тогтоож, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглээгүй гэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчсөн гэж үзэхгүй.  

2. Давж заалдах шатны шүүхийн магадлалд зааснаар хамтран ажиллах гэрээнд хэн ямар үүрэг, оролцоотой байсан, хүлээсэн үүргийг талууд ямар хэмжээгээр биелүүлсэн талаарх тооцоо, тайлан, үлдэх эд хөрөнгийн жагсаалт зэрэг хэргийн нөхцөл байдал, маргааны үйл баримтыг тогтооход ач холбогдол бүхий баримт авагдаагүй, шилжүүлсэн мөнгө нь хамтын ажиллагаанд зарцуулагдсан гэх хэргийн нөхцөл байдлыг тодруулж, маргааны үйл баримтыг бүрэн тогтоолгүйгээр хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэж дүгнэснийг буруутгах боломжгүй байна. 

3. Хэрэгт 2017.06.14-ний өдрийн ******* ХХК-ийн эрх шилжүүлэх, мөн компанийн хувьцаа худалдах-худалдан авах гэрээнүүд, 2017.06.15-ны өдрийн хамтран ажиллах гэрээ, 2017.11.16-ны өдрийн зээлийн баталгаанууд авагджээ.

Давж заалдах шатны шүүхийн дүгнэлтээс гадна нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл, нэхэмжлэгч нь хариуцагч нарын хэнээс хэдэн төгрөгийг эрх зүйн ямар хамгаалалт хүсэж, зөрчигдсөн эрхээ сэргээх зорилгоор нэхэмжилж байгаа, хэний хооронд ямар хамтын ажиллагаа байсан, ажиллагаанд хэн хэрхэн оролцсон, ******* ХХК-ийн эрх шилжүүлэх, хувьцаа худалдах-худалдан авах гэрээ болон ******* уг компанийн хувьцааг эзэмшихэд эрх зүйн үр дагавар үүсэх эсэхэд шүүхээс зайлшгүй эрх зүйн дүгнэлт хийх шаардлагатай.  

Ингэснээр талуудын маргааны үйл баримтад Иргэний болон эсхүл Компанийн тухай хуулийг алийг хэрэглэж хянан шийдвэрлэх талаарх эрх зүйн нөхцөл бүрдэнэ. 

Иймд хяналтын шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтын хэмжээнд нэхэмжлэлийн талаар дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Баднайсүрэнгийн гаргасан гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 217 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Баднайсүрэнгийн гомдлыг хангахгүй орхисугай.  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг үндэслэн нэхэмжлэгчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 458,940 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

  

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                    П.ЗОЛЗАЯА

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                 Г.АЛТАНЧИМЭГ 

                                                 ШҮҮГЧИД                Г.БАНЗРАГЧ            

                                                                                  С.СОЁМБО-ЭРДЭНЭ 

                                                                                  Х.ЭРДЭНЭСУВД