Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2022/01155

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                                           

ХМ-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Г.Даваадорж, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 184/ШШ2022/01057 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч ХМ-ийн хариуцагч Б.М, “ТМИ” ХХК-д холбогдуулан гаргасан 62,331,600 төгрөг гаргуулах үндсэн, 79,266,600 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баднайсүрэн, хариуцагч “ТМИ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Төгөлдөр, хариуцагч Б.Мгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Чулуунгэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: ... ХМ 2016 оны 10 сард Б.Мтай танилцсан. Б.М нь нэхэмжлэгчид 2017 оны зун хүртэл бүтээн байгуулах шинэ ажил эрхлэх, бизнес санаа болон хамтран ажиллах санал тавьж байсан. Ингээд хамтран ажиллахаар 2 талаасаа эхний ээлжид 1,300,000 иен гаргахаар болж, нэхэмжлэгч мөнгийг Б.Мд өгсөн. Хамтран цэцэрлэг ажиллуулахад хүүхдүүдийг угтан авах машин авахаар 440,000 иен авсан. Мөн бараа авч зарна гэж 800,000 иен зээлж авсан. Нэхэмжлэгчийг хуурч мэхлэн, хуурамч, хүчин төгөлдөр бус хэлцэл хийж залилсанд гомдолтой байна. 2018 оны 8 сард 1,300,000 иен, 440,000 иен, 800,000 иенийг тус тус буцаан төлөхийг шаардахад 2018 оны 12 сарын 24-ний өдөр төлнө гэж хэлээд сураггүй болсон. 2018 оны 12 сарын 05-ны өдрөөс хойш холбогдож чадаагүй. Б.Мгийн зүгээс ямар ч мөнгө гаргаагүй, нэхэмжлэгчийг гэрээгээр хуурч залилсанд гомдолтой байна. Б.М нь 800,000 иен, 440,000 иенийг зээлж авсан нь үнэн болно гэж гарын үсэг зурж баталгаа гаргаж өгсөн. Зээлж авсан баталгааг хариуцагч үгүйсгээгүй. Зээлийн баталгааг нотлох баримтаар өгөхөд хариуцагч өмнө нь маргаж байгаагүй, мөн зээлийн баталгааг үгүйсгэсэн баримт хэрэгт өгөөгүй.

... Гэрээнд хамтын үйл ажиллагааны зорилгыг цэцэрлэгийн үйл ажиллагаанд хөрөнгө оруулалт хийх байдлаар санаачилсан. Хамтран ажиллах гэрээнд хувьцаа эзэмших замаар хөрөнгө оруулах, түүнээс гарах ашгийг хүртэх гэсэн хамтын ажиллагааны гол зорилгоо тохиролцсон. Б.М нь ЭН гэх өөрийн хувийн бизнесийн үйл ажиллагаа буюу цэцэрлэгийн үйл ажиллагаанд хөрөнгө оруулалт орсон гэдэг байдлаар тайлбарлаж өгсөн. Анхнаасаа Монгол Улсад цэцэрлэгийн үйл ажиллагаа эрхлэх талаар нэхэмжлэгчийн зүгээс тодорхойлж байгаагүй. Анхнаасаа тохиролцоод цэцэрлэгийн үйл ажиллагаа явуулах байсан бол ЭН боловсрол соёлын байгууллагад ХМг хувьцаа эзэмшигчээр оруулах ёстой байсан. Бодит байдал дээр ХМг хууран мэхэлж хувийн бизнестээ хөрөнгө оруулж ашигласан. Хамтран ажиллах гэрээ анхнаасаа биелэгдээгүй, хамтын ажиллагаа хэрэгжээгүй. Хамтран ажиллах гэрээ анхнаасаа биелэгдэх боломжгүй байсан гэж үзэж 1,300,000 иенийг буцааж авахаар шаардаж байна. “ТМИ” ХХК хөрөнгө оруулах үйл ажиллагаа явагдаагүй. Хөрөнгө оруулалтаа 50/50 хувиар хувааж төлөхөөс ХМ үүргээ биелүүлсэн. Б.Мн зүгээс үүргээ биелүүлсэн талаар баримтгүй. ЭН цэцэрлэг нь  “ТМИ” ХХК-тай огт холбоогүй ба уг цэцэрлэг нь Б.Мн хувийн бизнес юм. “ТМИ” ХХК нь хамтран ажиллах гэрээний зорилгын дагуу үйл ажиллагаа явуулаагүй. Иймд “ТМИ” ХХК, захирал Б.Мтай байгуулсан 2017 оны 06 сарын 15-ны өдрийн хамтран ажиллах гэрээнээс татгалзаж, “ТМИ” ХХК-аас хамтран ажиллах гэрээний үүрэгт 31,902,000 төгрөг, хариуцагч Б.Мгаас зээлийн гэрээний үүрэгт 30,429,600 төгрөг гаргуулна гэжээ.

 2. Хариуцагч Б.Мгийн татгалзал, тайлбарын агуулга: ХМ 2016 оны 10 сард танилцсан, тэрээр Монголд хийж болох бизнесийн санааны тухай ярьдаг байсан. Бид дундаасаа мөнгө гаргаж асрамжийн хүүхдүүд хооллож, тоглоомууд аваачиж өгсөн. ХМ хэлэхдээ Монгол дахь бүх ажлыг хариуцан ажиллавал амьдрах бүх зардлыг төлнө, Японд ажиллахаасаа илүү орлого олно, бүхнийг хийж өгнө гэж итгүүлсэн. Олон удаа ятгасны дараа зөвшөөрч, хамтарч ажиллах саналыг нь хүлээн авсан. ХМг “ТМИ” ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр бүртгүүлсэн. Хүүхдэд буян болох зүйл хийнэ гэснийх нь дагуу хүүхдийн цэцэрлэгийн үйл ажиллагаа эхлүүлсэн. Нэхэмжлэгчийн явуулсан мөнгөөр ....... хаягт байрлах, ЭН цэцэрлэгийг сарын 3,000,000 төгрөгөөр түрээслэн ажиллуулахаар болсон. Мөн хороололд байрлах ....... 2 өрөө байрыг сарын 750,000 төгрөгөөр түрээслэн амьдрах, Сити центр оффисын байрыг сарын 1,000,000 төгрөгөөр түрээслэн үйл ажиллагаа явуулахаар болсон. Цэцэрлэгт нэг бүрийн үнэ нь 1,650 ам.долларын үнэтэй 2 ширхэг агаар цэвэршүүлэгч худалдан авсан. Гаалийн татварт тус бүр 750,000 төгрөг төлсөн. ЭН цэцэрлэгийг 2018 оны 06 дугаар сар хүртэл ажиллуулсан. ХМг Монгол Улсад ирэх бүрт хоол, унаагаар үйлчилж, орчуулга, хөдөө авч явах зэргээр тусалдаг байсан. Эхний 3 жил ашиг хараад хэрэггүй гэж байнга хэлдэг байсан.

ЭН цэцэрлэгийг анх 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Н.О гэх хүн үүсгэн байгуулж байсан. 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдөр шилжүүлсэн. Б.Мгийн хувийн бизнес гэх зүйл байгаагүй. ХМ цэцэрлэг ажиллуулах, хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлж бизнес хийх зорилготой байсан ба үүнд нь маргаагүй. ХМ, Б.М нарын хүсэл зорилго давхцаж байсан тул хамтарч ажиллах тохиролцоо байсан боловч “ТМИ” ХХК хамтран ажиллах боломжгүй болсон. Ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг тусгай зөвшөөрөлтэй байгууллагын эрхийг шилжүүлж авах шаардлагатай болсон. Б.М зээлийн гэрээ байгуулаагүй, харин ХМгаас мөнгө авсан дээр баталгаа гаргаж өгсөн. 2017 оны 11 сард ХМ цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцсан. Зээлийн гэрээ биш харин хамтран ажиллаж цэцэрлэгийн үйл ажиллагаа явуулсан. Зээлийн гэрээ байгуулаагүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдоно. ХМ нь Япон Улсад байсан тул цэцэрлэгийн үйл ажиллагаанд шууд биечлэн оролцох боломжгүй, хөрөнгө гаргах, захиран зарцуулах, үйл ажиллагаа явуулах ажлыг Б.М эрхлэхээр талууд тохиролцсон. ХМд цэцэрлэгийн үйл ажиллагаанд хяналт тавих болон хөрөнгө гаргах эрх байсан. Б.М 2017 оны 09 сараас 2018 оны 06 сар хүртэл цэцэрлэгийг ажиллуулсан. Зээлийн гэрээг хэлбэрийн төдий байгуулсан атлаа зээлийн гэрээ хийсэн гэж байна. Хамтран ажиллах гэрээ нь амаар байгуулагдсан. Зээлийн гэрээ байгуулагдаагүй учраас нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй. Б.М нь ХМ 2016 онд Монгол Улс руу явж байхдаа танилцсан. ХМ, Б.М нар хүүхдийн асрамжийн газарт бэлэг тараасан асуудлыг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрсөн. ХМ, Б.М нарын харилцаа анхнаасаа хүүхэдтэй холбоотой харилцаа байсан. Талуудын хэн аль нь бизнес хийх санаа гаргасан. Б.М Япон Улсад ажлаасаа гарч ХМ хамтарч ажиллахаар Монгол Улсад ирсэн. Эдгээр нөхцөл байдлын талаар нэхэмжлэгч өнөөдрийг хүртэл дурдахгүй байна. Зээлийн гэрээ, зээлийн баталгааны цаг хугацаа нь цэцэрлэгийн үйл ажиллагаа эрхэлснээс хойш байна. Цэцэрлэгийн үйл ажиллагаа хэрэгжиж эхлээд үйл ажиллагаатай танилцах үед нэхэмжлэгч бичиг хийж өг гэж Б.Мд шахалт үзүүлж бичүүлсэн. Зээлийн гэрээ байгуулсан бол Б.М үндэслэлгүй цэцэрлэгийн үйл ажиллагаа явуулахгүй байсан. Мэдэхгүй, ажиллаж үзээгүй салбартаа хөрөнгө оруулалт хийхгүй байсан. Нэхэмжлэгч нь хариуцагчийн үйл ажиллагааг мушгиж тайлбарлаж байгаа нь зүй бус байна. Хэрэв зээл байсан бол гэрээ байгуулагдсаны дараа тодорхой хэмжээгээр төлөлт хийх байсан. Гэвч ийм үйл ажиллагаа явуулаагүй. Анхнаасаа хамтарч бизнесийн үйл ажиллагаа явуулсан буюу цэцэрлэгийн үйл ажиллагаа байсан. “ТМИ” ХХК-д хүүхдийн цэцэрлэгийн тусгай зөвшөөрөл нь байхгүй учраас уг зорилгодоо хүрэх боломжгүй байсан. ХМ, Б.М нар Иргэний хуулийн 43.1 дэх хэсэгт зааснаар амаар хэлцэл байгуулсан. Уг тохиролцооны дараа тусгай зөвшөөрөлтэй ЭН цэцэрлэгийн эрхийг шилжүүлэн авсан. Эрхийг нь шилжүүлэхдээ түрээсийн төлбөрт 10,000,000 төгрөг, эрх шилжүүлэхэд 3,000,000 төгрөг өгсөн талаар гэрчийн мэдүүлгээр нотлогдоно. ЭН цэцэрлэг анхнаасаа Б.Мгийн үүсгэн байгуулсан компани биш. Б.М н.Оюумаад цэцэрлэгийн үйл ажиллагаа явуулах гэж байгаа талаар хэлсэн. Б.Мгийн данснаас Н.Огийн данс руу 10,000,000 төгрөг шилжсэн болох нь харагдана. ХМгийн шилжүүлсэн мөнгө юунд зарцуулагдсан нь дансны хуулгаас харагдана. Нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус байна. Хамтран ажиллах гэрээ байгуулж, хөрөнгө оруулалт авч зарцуулсан боловч ашиггүй ажилласан. 2017 оны 09 сараас 2018 оны 06 сар хүртэл ашиггүй ажиллаад дууссан. Энэ бизнес цааш үргэлжлэх боломжгүй байдал үүссэн. ХМ Япон Улс руу явахдаа  Б.Мг мөнгө авсан бичиг хийж өг гэж хэлсэн. Зээлийн баталгааг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.  

 3. Хариуцагч ТМИ ХХК-ийн татгалзал, тайлбарын агуулга:  ХМ, Б.М нарын хооронд хэлцэл хийгдсэн. Бизнесийн зорилгоор хөрөнгө оруулах зорилготой байсан. “ТМИ” ХХК тусдаа хуулийн этгээд бөгөөд компанийг хамааруулсан нь буруу. Гэрээний зорилго “ТМИ” ХХК-ийн хувьцааг эзэмших, хөрөнгө оруулах, ашиг олох зорилгоор хамтран ажиллах зорилго анхнаасаа биелэгдэх боломжгүй байсан. Нэхэмжлэгчийн “ТМИ” ХХК-д холбогдуулан гаргасан цэцэрлэгийн үйл ажиллагаа эрхлэх асуудал манай компанийн зүгээс боломжгүй. “ТМИ” ХХК хувьцаагаа ХМд шилжүүлсэн, хамтран ажиллах гэрээний зорилго биелсэн гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ. 

4. Хариуцагч Б.Мгийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: 2016 оны 10 сард Япон Улсаас ирэхдээ ХМ танилцсан. Тэрээр Монгол Улсад ашгийн болон ашгийн бус үйл ажиллагаа явуулах зорилготой талаараа тайлбарлах болсон. Хариуцагч нь тухайн үед сургуулиа төгсөөд 2016 оны 04 дүгээр сараас РК гэх компанид сарын 180,000 иен /2017 оны 07 дугаар сарын 01-ний өдөр буюу ажлаас гарсан өдрийн ханшаар 1 иен 20.97 төгрөг байсан/ буюу нийт 3,774,600 төгрөгийн цалинтай ажилдаг байсан. Ажлын газраас байр, хоол, унааны зардлыг хариуцдаг байсан. 3 жилийн хугацаанд тус байгууллагад ажиллахад иргэншил, гадаадад зорчих эрхийн зөрчилгүйгээр ажиллах бүх боломжийг бүрдүүлж өгсөн. 2017 оны 6 сарын эхээр авга ах нь нас барсан тул ажлаасаа хэсэг хугацааны чөлөө аваад Монгол Улсад ирэхэд ХМ ирсэн байсан. Тэрээр Монгол дахь бүх ажлыг хариуцан ажиллавал амьдрах бүх зардлыг төлнө, Японд ажиллахаасаа илүү орлого олох болно, бүхнийг хийж өгнө гэх болсон тул саналыг нь хүлээн зөвшөөрч, ажлаасаа гарч байгууллагаасаа татгалзсан. Б.М РК компанид 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл ажиллаж байсан бол 21 сарын цалин хөлс болох 79,266,600 төгрөгийг олох боломжтой байсан. Иймд уг мөнгийг нэхэмжлэгчээс гаргуулна. Харин онгоцны билетийн зардал, Япон Улсад ажиллаж байсан үеийн цалинтай ээлжийн амралт, илүү цагийн хөлс, амралтын өдөр ажилласны нэмэгдэл зэргийг нэхэмжлээгүй гэжээ.

 5. Нэхэмжлэгч талын сөрөг нэхэмжлэлд гаргасан татгалзал, тайлбарын агуулга: ХМгийн зүгээс хандив тусламжийн үйл ажиллагаа тогтмол хийдэг. Ажилтан, ажил олгогч гэсэн статустай нөхцөлд цалин хөлс шаардах эрхтэй. ХМ нь Б.Мгийн ажил олгогч биш, ХМгаас болж хохирсон гэх нотлох баримт хэрэгт байхгүй. Аль улсад ажиллах, ямар компанид ажиллах нь тухайн хүний өөрийнх нь сонголтын асуудал. Б.М сайн дураараа Монгол Улсад ирсэн. ХМ ямар гэм буруутай үйлдэл хийсэн талаарх нотлох баримтыг хариуцагчийн зүгээс тодорхойлоогүй. Ажилтан, ажил олгогчийн харилцаа байсан гэдгийг нотлох баримт байхгүй. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 

6. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 480 дугаар зүйлийн 480.4-т заасныг баримтлан Б.Мгаас 30,099,000 төгрөгийг гаргуулан ХМ-д олгож, нэхэмжлэлээс 32,232,600 төгрөгийн шаардлага болон хариуцагч ТМИ ХХК-д холбогдох шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 227 дугаар зүйлийн 227.3-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул ХМ/-д холбогдох 79,266,600 төгрөг гаргуулах тухай Б.Мн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн 510,210 төгрөг, хариуцагчаас урьдчилан төлсөн 554,300 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж, хариуцагч Б.Мгаас 308,445 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ХМ/-д олгож шийдвэрлэжээ.

7. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Шүүхийн шийдвэрийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгосон хэсгийг эс зөвшөөрч байна.

 

7.1. Нэхэмжпэгч нь хариуцагч Б.М болон “ТМИ” ХХК-д зээлийн гэрээний дагуу 1,240,000 иен, хамтран ажиллах гэрээний дагуу 1,300,000 иенийг тус тус шилжүүлсэн ба бичгээр гэрээ байгуулсан. Талууд дээрх мөнгийг Б.М нь хүлээн авсан, ашигласан талаар маргадаггүй бөгөөд зөвхөн зарцуулсан зориулалт, зарцуулалтын талаар маргадаг. Энэ хүрээнд шүүх дүгнэсэн. Анхан шатны шүүхээс нийт шилжүүлсэн 1,240,000 иен, 1,300,000 иенийг хамтран ажиллах гэрээний дагуу шилжүүлсэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Б.М нь ХМаас автомашин авах, бараа худалдан авч борлуулах зорилгоор 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 440,000 иен, 2017 ны 10 дугаар сарын 05-ны өдөр 800,000 иенийг тус тус Япон Улсаас мөнгөн гуйвуулгаар “зээл” гэх утгаар шилжүүлсэн. Монгол Улсад уулзах үедээ зээлийн гэрээ байгуулж, баталгаажуулсан. Гэтэл шүүхээс “эргэлзээтэй, нотлох баримтыг үнэлэхгүй” гэж дүгнэсэн нь илт үндэслэлгүй. Зээлийн гэрээг бичгээр байгуулахаасаа өмнө төлбөрийг шилжүүлж болохгүй талаар хориглосон заалт байхгүй. Хариуцагч бичгээр байгуулсан зээлийн гэрээг үгүйсгэсэн, татгалзсан баримтыг гаргаагүй, үгүйсгээгүй байхад хариуцагчийн хүсэл зоригоо илэрхийлж, хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан гэрээг үндэслэлгүйгээр байгуулагдаагүй гэж дүгнэсэн.  Иймд зээлийн гэрээний дагуу шилжүүлсэн 1,240,000 иен буюу 30,429,600 төгрөгийг хариуцагч Б.Мгаас зээлийн гэрээний дагуу гаргуулж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү.

 

7.2. Хамтран ажиллах гэрээний хураамж 50, 50 хувиар төлөх үүргийн дагуу нэхэмжлэгчээс 1,300,000 иенийг хамтран ажиллах гэрээг бичгээр байгуулж, эрх, үүргээ тохиролцож Б.М, “ТМИ” ХХК руу шилжүүлсэн. Б.М “ТМИ” ХХК-ийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд буюу захирал нь учраас уг мөнгийг хүлээн авч ашигласан талаар талууд маргадаггүй. Хамтран ажиллах гэрээгээр “ТМИ” ХХК-ийн хувьцааг эзэмших замаар хөрөнгө оруулж, ашиг хүртэх замаар хамтран ажиллахаар тохиролцсон байтал Б.М хамтын үйл ажиллагааны хураамжийг хувийн бизнес болох 100 хувийн хувьцаа эзэмшдэг цэцэрлэгийн үйл ажиллагаанд зарцуулсан гэж маргадаг. Б.М тухайн цэцэрлэгийг худалдаж авахдаа хамтран ажиллах гэрээний дагуу үйл ажиллагаа явуулж ашиглах “ТМИ” ХХК-ийн нэр дээр шилжүүлэн авахгүй, ЭН цэцэрлэгийн хувьцааг 100 хувь хувьдаа худалдан авч, эзэмшиж, цэцэрлэгт тухайн хураамжийг зарцуулсан гэж маргадаг. Үүгээр хамтын үйл ажиллагаа анхнаасаа хэрэгжээгүй бөгөөд Б.М нь 100 хувь хувийн бизнесийн үйл ажиллагаандаа зарцуулсан нь хамтран ажиллах гэрээний нөхцөл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, хуулийн этгээдийн үүсгэн байгуулах баримт бичиг, дансны хуулга, татварын баримтуудаар тогтоогдсон. Гэтэл шүүх зөвхөн хариуцагчийн аман тайлбарыг үндэслэж хэргийг шийдвэрлэсэн. Анхнаасаа хамтран ажиллах гэрээний гол нөхцөл, тохиролцоо болох хамтын үйл ажиллагаа, хамтын үйл ажиллагааны зарчим хэрэгжээгүй болохыг шүүх анхаарч үзээгүй. Б.Мгийн 100 хувийн бизнесийн үйл ажиллагааны зардлыг 32,232,600 төгрөг гэж дүгнэхдээ хариуцагчаас хэнтэй байгуулагдсан нь тодорхойгүй, тамга тэмдэггүй, оффиссын түрээс гэх тусдаа хэд хэдэн байрууд түрээслэсэн баримтуудыг хамтран ажиллах гэрээний зардал гэж нэмж нэгтгэн гаргасан. Хамтран ажиллах гэрээний “зардал нь мөн" гэж үзэх боломжгүй, шалтгаант холбоогүй баримтууд болон хариуцагчийн аман тайлбараар хамтран ажиллах гэрээний орлогын нийт хэмжээг тодорхойлсон нь нотлох баримтын шаардлага хангаагүй, үнэлэгдэх боломжгүй баримтаар хэргийг нэг мөр шийдвэрлэсэн. Анхнаасаа үүргээ биелүүлж 50 хувийн хураамжаа төлсөн этгээдээс нийт зардлыг 100 хувь гаргуулахаар шийдвэрлэсэн нь шүүх хууль болон гэрээг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэт нэг талыг баримталсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн үндсэн нэхэмжпэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгосон хэсгийг өөрчилж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

            8. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч Б.Мгийн тайлбарын агуулга:

            ... Анхан шатны шүүх хуулийг зөв хэрэглэж хэргийг шийдвэрлэсэн. Талууд 2016 оноос хойш бизнесийн болон цэцэрлэгийн үйл ажиллагаа явуулдаг харилцаатай байсан. Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасан хамтран ажиллах гэрээ байгуулагдсан. Хариуцагч Б.М нь нэхэмжлэгчийн шилжүүлсэн мөнгийг талуудын хамтын үйл ажиллагааны нэг болох цэцэрлэгийн үйл ажиллагаанд зарцуулсан. Нэхэмжлэгч Монгол Улсад ирээд цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцан баримт үйлдэж, баталгаа гаргуулан гэрээ байгуулсан. Шүүх Иргэний хуулийн 477 дугаар зүйлийн 477.2 дахь хэсгийг үндэслэн шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй. Талууд хүүхдэд ээлтэй үйл ажиллагаа болон цэцэрлэгийн үйл ажиллагаа явуулахаар тохиролцсон. Үүний дагуу хариуцагч ТМИ ХХК-д хувьцаа эзэмшигчээр ороод үйл ажиллагаа явуулах гэтэл уг компани үйл ажиллагаа явуулах эрх нь байгаагүй улмаас ЭН ХХК-ийг худалдаж авсан. Нэхэмжлэгчийн хүсэл зориг биелсэн боловч ашиг бага байсан учир хариуцагч Б.Мг төөрөгдөлд оруулж баталгаа хийлгэсэн. Талуудын хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасан хамтран ажиллах гэрээ байгуулагдсан гэжээ.

            9. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч “ТМИ” ХХК-ийн тайлбарын агуулга: ... Тус компанийн улсын бүртгэлийн гэрчилгээнд цэцэрлэгийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл байхгүй. 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан хамтран ажиллах гэрээний дагуу нэхэмжлэгчид компанийн хувьцааны 12 хувийг шилжүүлсэн. Хамтран ажиллах гэрээ нь Иргэний хуулийн 480 дугаар зүйлийн 480.1.4-т заасан биелэгдэх боломжгүй гэрээ байсан. Нэхэмжлэгч манай компанийн дансруу мөнгийг шилжүүлээгүй атлаа шүүхэд ирүүлсэн тайлбар болон нэхэмжлэлдээ мөнгийг манай компани хэрэглэсэн гэж тайлбарладаг. Нэхэмжлэгчээс ямар нэгэн хөрөнгө аваагүй. Анхан шатны шүүх манай компанийг хариуцагчаар тооцох үндэслэлгүй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй гэжээ.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг гомдолд дурьдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч ХМ хариуцагч Б.Мгаас зээлийн гэрээний үүрэгт 30,429,600 төгрөг, хариуцагч “ТМИ” ХХК-аас хамтран ажиллах гэрээний үүрэгт 31,902,000 төгрөг нэхэмжилснийг хариуцагч тал эс зөвшөөрч, хариуцагч Б.М олох ёстой байсан орлогод 79,266,600 төгрөг сөрөг нэхэмжлэлээр шаардсан байна.

 

3. Нэхэмжлэгч нь хариуцагч Б.Мгаас зээлийн гэрээний үүрэг шаардсан байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хальж хамтран ажиллах гэрээний үүргийн гүйцэтгэлд дүгнэлт хийсэн нь буруу болжээ.

 

4. Хариуцагч Б.Мд холбогдох нэхэмжлэлийн хувьд,

 

4.а. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ “бараа худалдаж авахаар 800,000 иен, цэцэрлэгт автомашин авахаар 440,000 иен тус тус зээлж авсан” гэж тайлбарласныг хариуцагч Б.М эс зөвшөөрч “... зээл аваагүй, зээлийн гэрээ байгуулаагүй, талуудын хооронд бизнесийн үйл ажиллагаа явуулах тохиролцоо байсан, хамтран ажиллах гэрээ байгуулж, хөрөнгө оруулалт авсан боловч ашиггүй ажилласан ..,” гэж маргажээ.

 

4.б. 800,000 иенийг хариуцагч Б.М бараа авахаар зээлсэн гэж нэхэмжлэгч тайлбарласан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогчийн тайлбар нь нотолгооны хэрэгсэл болно. Хэрэгт 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн “Б.М миний бие 2017 оны 10 сард ХМгаас 800,000 иенийг зээлж авсан болно, эргэн төлөх хугацаа 2019 оны 10 сарын 30-ны өдөр” гэсэн Б.Мгийн гараар бичсэн зээлийн баталгаа гэх баримт авагдсан байна. Нэхэмжлэгч нь 800,000 иенийг 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хариуцагч Б.Мгийн дансаар шилжүүлэн өгсөн баримт байна. Уг баримтыг шахалтад оруулж бичүүлсэн, зээлийн гэрээ байгуулаагүй гэх тайлбараа хариуцагч баримтаар нотлоогүй. /1хх69-70/

 

4.в. Зээлийн баталгаа гэх баримт нь Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт заасан хэлцэл тул нэхэмжлэгч болон хариуцагч Б.М нарын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасны дагуу 800,000 иенийн зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Хариуцагч Б.Мгийн зээлийн гэрээний дагуу гүйцэтгэвэл зохих үүргийг тооцож үзэхэд нийт 19,632,000 /нэхэмжлэл гаргах үеийн иений ханш 24,54 төгрөг*800,000/ төгрөг байх боловч анхан шатны шүүх 30,099,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэнд хариуцагч Б.М давж заалдах гомдол гаргаагүй тул үнийн дүнгийн хувьд хэвээр үлдээх нь талуудын зарчимд нийцнэ. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт хууль хэрэглээний зохих өөрчлөлт оруулав.

 

440,000 иенийг цэцэрлэгт автомашин авах зорилгоор зээлдэн авсан гэх нэхэмжлэгчийн тайлбарыг, уг мөнгийг хамтын үйл ажиллагаанд зарцуулсан, зээл байгаагүй гэж хариуцагч үгүйсгэжээ. Хэдийгээр хариуцагч Б.М 440,000 иений зээлийн баталгаа гэх баримтад гарын үсэг зурсан боловч талуудын тайлбарыг хэргийн нөхцөл байдалтай харьцуулан үзэхэд 440,000 иен нь хамтын үйл ажиллагаанд зарцуулагдсан байна. /1хх11-13/

 

5. “ТМИ” ХХК-д холбогдох нэхэмжлэлийн хувьд,

 

5.а. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ “... цэцэрлэгийн үйл ажиллагаанд хөрөнгө оруулж хамтран ажиллахаар тохиролцсон, “ТМИ” ХХК-ийн хувьцааг эзэмших замаар хөрөнгө оруулж, түүнээс гарах ашгийг хүртэх нь хамтын ажиллагааны гол зорилго байсан, гэтэл хариуцагч хууран мэхэлж хувийн бизнестээ хөрөнгө оруулж ашигласан, Б.Мд хамтран ажиллах гэрээний хураамжид 1,300,000 иен өгсөн, Гэрээ нэгэнт хэрэгжээгүй учраас гэрээнээс татгалзаж, шилжүүлсэн хураамжаа буцааж авна” гэж тайлбарласан.

 

5.б. 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдөр нэхэмжлэгчийн хариуцагч Б.М болон иргэн С.Батдорж нартай байгуулсан “ТМИ” ХХК-ийн 24 хувийн хувьцаа худалдах, худалдан авах тухай гэрээ, эрх шилжүүлэх гэрээ, компанийн дүрэм болон улсын бүртгэлийн гэрчилгээ, Б.Мгийн 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдөр нэхэмжлэгчтэй байгуулсан хамтран ажиллах гэрээ хэрэгт байна. /1хх140-141, 144-147/

 

Анхан шатны шүүх “нэхэмжлэгчийн “ТМИ” ХХК-тай байгуулсан хамтран ажиллах гэрээ нь хуулийн этгээдийн тамга, тэмдгээр баталгаажаагүй, “ТМИ” ХХК-ийн нэрээр цэцэрлэгийн үйл ажиллагаа эрхлээгүй, цэцэрлэгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг “ТМИ” ХХК эзэмшээгүй” гэх үндэслэлээр холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй байна.

 

6. Харин нэхэмжлэгч Япон Улсын иргэн ХМ болон хариуцагч Б.М нар Монгол Улсад хамтран бизнес эрхлэх /цэцэрлэгийн үйл ажиллагаа/-ээр харилцан тохиролцож, нэхэмжлэгч нь хамтын үйл ажиллагааны хураамжид 1,300,000 иен төлсөн. Б.М нь 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдөр иргэн Т.Оюумаагаас цэцэрлэгийн сургалт эрхлэх тусгай зөвшөөрөлтэй ЭН боловсрол сургалтын байгууллагын эрхийг шилжүүлэн авч, улсын бүртгэлд бүртгүүлсэн, цэцэрлэгийн үйл ажиллагаа 2018 оны 06 дугаар сар хүртэл явагдсан болох нь хэрэгт авагдсан цэцэрлэгийн үйл ажиллагаа болон нэхэмжлэгчийн энэ үйл ажиллагаатай танилцаж байгаа талаарх гэрэл зургууд, мөнгөн шилжүүлгийн баримт, ЭН боловсрол сургалтын байгууллагын эрх шилжүүлэх болон хувьцаа худалдах худалдан авах гэрээ, сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, ЭН цэцэрлэгийн үүсгэн байгуулагчийн шийдвэр, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдож байна.  /1хх1-2, 9, 32-36, 132-138/

 

Дээрхээс үзэхэд ХМ, хариуцагч Б.М нар хамтран ажиллахаар тохиролцож, гэрээ хэрэгжсэн үйл баримт тогтоогдсон. Нэхэмжлэгч нь хариуцагчаа өөрөө тодорхойлох эрхтэй бөгөөд тэрээр хамтран ажиллах гэрээний үүргийг Б.Мгаас биш ТМИ” ХХК-аас шаардсан.

Иймд анхан шатны шүүхийн “хамтран ажиллах гэрээний харилцаа иргэн ХМ болон иргэн Б.М нарын хооронд үүссэн, ТМИ” ХХК  эрх зүйн харилцааны оролцогч биш тул тус хуулийн этгээдэд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй” гэх дүгнэлтийг буруутгах хуулийн үндэслэлгүй байна.

7. Сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна. Хариуцагч нь олох ёстой байсан орлого 79,266,600 төгрөг нэхэмжилсэн боловч нэхэмжлэгчийн буруугаас хариуцагч олох ёстой байсан цалин хөлсөөрөө хохирсон гэх үндэслэл хэргийн баримтаар нотлогдоогүй байна.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 184/ШШ2022/01057 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “... 476 дугаар зүйлийн 476.1, 480 дугаар зүйлийн 480.4-т ...” гэснийг “... 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт ...” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч талаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 319,150 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

                 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Д.НЯМБАЗАР

                   ШҮҮГЧИД                                        Г.ДАВААДОРЖ

                                                                       А.МӨНХЗУЛ