| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдины Ганзориг |
| Хэргийн индекс | 176/2017/0465/Э |
| Дугаар | 259 |
| Огноо | 2018-06-13 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | Г.Гэрэлтуяа |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2018 оны 06 сарын 13 өдөр
Дугаар 259
Д.Б-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Д.Ганзориг, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Г.Гэрэлтуяа, шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Даваахүү, Ж.Хандсүрэн, хохирогчийн өмгөөлөгч Р.Булган, нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 447 дугаар шийтгэх тогтоол, Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 26 дугаар магадлалтай, Д.Б-д холбогдох 201619000587 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч Х.Даваахүү нарын гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Ганзоригийн танилцуулснаар хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1956 онд төрсөн, эмэгтэй, ял шийтгүүлж байгаагүй, Б овогт Д-гийн Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон” гэмт хэрэгт холбогджээ.
Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Д.Б-ыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жил хасаж, 2 жил 06 сар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр, мөрдөгчийн шүүгдэгч Д.Б-ын эзэмшлээс 300,000,000 /гучин сая/ төгрөгийн үнэ бүхий Х аймгийн Х сумын 1 дүгээр баг, Жаргалан хотхоны 12-4 тоотод байрлах 41.2 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг битүүмжилсэн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хүчингүй болгож, хууль ёсны эзэмшигч Д.Б-д буцаан олгохоор шийдвэрлэсэн байна.
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтын “...Мөрдөгчийн шүүгдэгч Д.Б-ын эзэмшлээс 300,000,000 /гучин сая/ төгрөгийн үнэ бүхий Х аймгийн Х сумын 1 дүгээр баг, Жаргалан хотхоны 12-4 тоотод байрлах 41.2 м2 талбай бүхий 1 өрөө орон сууцыг битүүмжилсэн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хүчингүй болгож, хууль ёсны эзэмшигч Д.Б-д буцаан олгосугай” гэснийг “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-ын өмчлөлийн 30,000,000 /гучин сая/ төгрөгийн үнэ бүхий Х аймгийн Х сумын 1 дүгээр баг, Жаргалан хотхоны 12-4 тоотод байрлах 41.2 м2 талбай бүхий 1 өрөө орон сууцыг битүүмжилснийг хэвээр үлдээж, зохих журмын дагуу төлбөрт тооцуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлсүгэй” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч Х.Даваахүү, Н.Баяр нарын гаргасан “шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх агуулга бүхий давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Д.Б гаргасан гомдолдоо “...Миний бие Төв аймгийн Зуунмод сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт 2016 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 15:52 цагийн үед зам тээврийн осол гаргасан дуудлагаа 102 дугаарын утсаар мэдээлсний дагуу ослын газар дээр хяналтын прокурор Г.Энхмаа, техникийн байцаагч Ш.Анхбаяр, мөрдөгч Жаргал, замын цагдаа нар ирж ослын үзлэгийг 1 цаг шахам хугацаанд хийж дуусаад байхад техникийн байцаагч Ш.Анхбаяр ослын зам дээр тэмдэг, тэмдэглэгээгээ тавихгүй хүлээсээр 19 цагийн үед аймгийн орлогч прокурор Ц.Сонинмөнх ирсэн. Энэ үед миний хажуугаар техникийн байцаагч явж өнгөрөх үед эсрэг урсгалын хөвөөний шороо хонхойж чирэгдсэн, дугуйны тормос гишгэсэн мөр, үргэлжлээд гурван метр өндөр далан руу хөндлөн чирэгдэж орсон мөрөө зааж үзүүлтэл байцаагч “наадах чинь хамаагүй” гээд яваад өгсөн. Ц.Сонинмөнх прокурорыг ирэхэд би эсрэг урсгалд унасан машины эд анги, цагаан будагны хэлтэрхий, тоормосны мөр, баруун гар талын зорчих хэсгийн эгнээнд үсэрч унасан дугуйны гинж, эргэдэг араа шүдтэй төмөр зэргийг тайлбарлах гэхэд “яв зайл, дуугүй бай” гээд намайг үг хэлүүлээгүй. Техникийн байцаагч Ш.Анхбаяр, прокурор Ц.Сонинмөнх хоёр уулзаад удалгүй Ш.Анхбаяр нэг том чулуу аваад зам дээр араа шүдтэй төмрийн дэргэд тавиад Ц.Сонинмөнх “энийг А цэг гэж авлаа, яагаад гэвэл энд ухагдсан нэг шинэ мөр байна” гэж тайлбарласан. Гэтэл миний хэлэх гээд байсан эсрэг урсгалд цагаан гуперны таг унасны дэргэд Ц.Сонинмөнх прокурорын А цэг гэж заасантай яг адил гурван газар ухагдсан шинэ мөр байсан. Үүнийг тэд огт авч хэлэлцээгүй. Техникийн байцаагч Ш.Анхбаяр А цэгийг анхнаасаа буруу авсан учраас бүх зүйл буруу болсон. Ослын үзлэг хийж байх үед мөрдөгч Жаргал эсрэг урсгалд осол болсныг мөр тэмдгээр хараад ажиллагаагаа явуулах гэж байтал дугуйтай явж байсан хүмүүсийн нэг гэрч Э.Б орилж Жаргалыг барьж аваад “Муу гөлөг минь чиний наад хоёр мөрдөстэй чинь ярина шүү, би том ар талтай хүн мэдээ биз, чам шиг муу гөлгийг хохь нь болгож чадна шүү” гэх мэтээр айлгаж сүрдүүлэн заналхийлсэн. Түүнээс хойш мөрдөгч Жаргал ахиж замын асуудалд оролцоогүй гарын үсгээ зурсан байдаг. Ослын газар дээр үзлэг шалгалт, хэмжилт хийж дуусаад тэмдэглэл дээр тэнд байсан хүмүүсээр гарын үсэг зуруулсан боловч надаар хэргийн газар дээрх үзлэг шалгалтын талаар гарын үсэг зуруулаагүй. Мөн хэд хоногийн дараа тэр өдөр би байхгүй өвчтэй байсан гэж мэдүүлэг өгч Доржданзан гэдэг хүнээр гарын үсгээ нөхөж зуруулсан байдаг. Доржданзан гэдэг хүн тэр өдөр байхгүй байсан. Прокурор Ц.Сонинмөнх намайг өрөөндөө дуудаж дарамталсан. Гэтэл миний хэргийг хяналтын прокурор Г.Энхмаа хариуцаж байсан. Хяналтын прокурор Г.Энхмаа яллах дүгнэлт үйлдэх байтал Ц.Сонинмөнх өөрөө үйлдсэн байдаг. 2017 оны 244 дүгээр шүүгчийн захирамжаар хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан боловч түүнд дурдсан асуудал биелэгдээгүй. Шүүх хурал дээр техникийн байцаагч Ш.Анхбаяр “гэрчүүд А цэг энэ л багцаанд байгаа байхаа гэхээр нь А цэгийг авчихсан” гэж, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд “хяналтын прокурор Г.Энхмаа, орлогч прокурор Ц.Сонинмөнх, мөрдөгч Жаргал, шинжээч Доржданзан нартай хэргийн газар дээр зөвшилцөж А цэгийг тогтоож авсан” гэж хоёр өөр мэдүүлэг өгсөн. Ослын зам дээр шинжээч байхгүй байсан. Хэргийн газар байхгүй байсан хүнтэй зөвшилцсөн байх боломжгүй юм. 5059, 5060, 5065 дугаартай гурван шинжээчийн дүгнэлтээр унадаг дугуй урдаас хойш чиглэлд хатуу зүйлд нэг удаагийн хүчтэй харилцан үйлчилсний улмаас гэж тогтоосон. Дугуйтай хүн огцом нүүр нь харагдаад эсрэг урсгалд зүүн гар тал руугаа дарж хөндлөн эргээд ороод ирснийг нотолж байхад 2016 оны 12 дугаар сарын 15-нд хуурамч тогтоолоор 7230 дугаартай техник шинжлэх эрхгүй шинжээч “дугуйтай хүнийг араас нь хоёр удаагийн үйлчлэлээр” гэсэн дүгнэлтийг дөрвөн сарын дараагаар дахин гаргасан байна. Дээрх шинжээчийн дүгнэлтийг 7230 дугаартай нэг хүний дүгнэлтээр няцааж байгаа нь ойлгомжгүй байна. Осол маш хурдан болсон. Би О.Х-ийг гэнэт огцом эргээд ороод ирнэ гэж бодоогүй. Тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, тойрох үйлдэл хийгээд эсрэг урсгалд даялаад удаан явж байсан. О.Х миний баруун урд талд зогсоогүй явж байснаа цээжээ өргөөд эргээд ухасхийсэн. Энэ гэнэтийн тохиолдолд яаж ч чадаагүй. Би тэр бөөгнөрсөн 5 хүнийг цочоочих байх гээд дуут дохио өгөлгүйгээр алсуур тойроод гарах гээд арын 2 хүнийг тойрч өнгөрөөд эсрэг урсгалаа сонгоод явж байсан. Эсрэг урсгалд ямар ч саад байгаагүй. Би өмгөөлөгчөөр дамжуулж хэд хэдэн удаа бодит хохирол 8,000,000 төгрөг өгөх гэсэн боловч тэд аваагүй. Тэдгээр хүмүүс заавал шүүхийн шийдвэрээр гарсан 41,000,000 төгрөгөө бүгдийг бөөнөөр нь авна, тэгвэл бид шүүх хуралд оролцохгүй гэсэн хариу өгсөн. Би оршуулгын бодит зардлыг өгөх талаар тайлбартаа илэрхийлж байсан. Надаас цагдаа, прокурор, шүүхийн шатанд зардал мөнгөний талаар асуугаагүй ч гэсэн би өөрөө санаачилгаараа өгөх гэж миний хүү банкнаас зээл аваад цуглуулсан мөнгө байсан. Оршуулгын бодит зардлыг би одоо ч төлөхөд бэлэн байгаа, оршуулгын зардал 13,000,000 төгрөг нэхэмжилсэн байдаг боловч баримт дотор тулгаад үзэхээр үнийн дүнг илүү дүгнэж 2,000,000 төгрөгийн алдаатай байдаг. Мөн бодит зардал нотлогдохгүй баримтууд байгаа. Үүнийг тооцоо хийж шалгаж хянаагүй. Би өмгөөлөгчийнхөө гомдлыг дэмжиж байна” гэжээ.
Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Даваахүү гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Тухайн өдөр хэргийн газрын үзлэгийг хийсэн бүрэлдэхүүнд албан ёсоор оролцсон мөрдөгч Жаргал, хяналтын прокурор Г.Энхмаа, техникийн байцаагч Анхбаяр нар хэргийн газрын үзлэгийг 16:40 цагт эхэлж 18:50 минутад дуусгасан байдаг. Цагдаагийн мэргэшсэн бүрэлдэхүүн албан чиг үүргийнхээ дагуу үзлэг хийж байхад үзлэг эхэлснээс хойш 2 цагийн дараа орлогч прокурор Ц.Сонинмөнх ирж, дур зоргоороо ёс зүйгүй аашилж Д.Б-г загнаж, хэргийн газраас холдуулан, А цэгийг худлаа тогтоосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг зөрчсөн, албан тушаалын байдлаа ашигласан, хувийн сонирхлоор хэрэгт оролцсон хууль бус үйлдэл юм. А цэгийг тогтоохдоо хохирогчийн ард хамгийн ойр явж байсан Э, Х, Б нараас асуугаагүй, замын зорчих хэсгийн хаана хаана тус бүр хэдэн метрийн зайд байрлаж байгаа хэмжээсүүд схем зураг огт байхгүй, замын гэмтлийн урт, өргөн, гүний хэмжээсийг тодорхойлоогүй, дугуй болон автомашины ямар эд ангиар цохигдож үүссэнийг тодорхойлоогүй. Техникийн байцаагч Анхбаяр А цэгийг “прокуроруудтай зөвшилцөж байгаад авсан”, “шинэ гэмтэл, цагаан өнгийн будаг, болон гэрч нарын мэдүүлгээр тогтоосон” гэх зэргээр зөрүүтэй мэдүүлсэн. Тэмдэглэлд зөвхөн будаг, шинэ эвдрэл гэж тэмдэглэсэн бөгөөд гэрч хэн хэн байсныг дурдаагүй. Ш.Анхбаяр хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд гарын үсэг зурсан гэх боловч түүний гарын үсэг зурсан тэмдэглэл хэргээс алга болсон. Мөн шинээр үүссэн цэгийг зөвхөн 3 ширхэг байсан гэж мэдүүлдэг. Тэр нь схем зурагт 1, 2, 3 гэсэн цэг байдаг бөгөөд А цэгээс 11,8м-1390м зайд замынхаа эсрэг урсгалд үүссэн байгаа нь А цэгийг худлаа гэдгийг гэрчилж байгаагаас гадна дугуй, машин хоёрын мөргөлдсөн цэг Д.Б дугуйтай хүмүүсийг тойрон гарах үйлдлээ хийгээд эсрэг урсгалд орсон үед мөргөлдсөнийг гэрчилж байна. Хэрэгт авагдсан фото зураг 3-т А цэгийг чулуутай авсан, харин фото зураг 4-т чулуугүй байдаг ямар учраас А цэг 2 өөр байгаа нь эргэлзээ төрүүлж байна. Чулуу схем зураг, тэмдэглэлд, зарим цэгт огт тусгагдаагүйгээс үзэхэд замын шинэ гэмтэл 4 цэгт үүсээд байгаа нь А цэг худлаа, үнэн зөв тогтоогоогүйг нотолж байна. А цэг гэгч нь В үл хөдлөх цэгээс 35,60м х 8,50м гэж схем зурагт тэмдэглэсэн байдаг. Гэтэл гэрчүүдийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, схем зургуудад осол болсон А цэгийг 20-25м-ийн зөрүүтэй заадгаар нотлогддог. Мөн хохирогч О.Х-тэй цуг явсан гэрчүүд бүгд 40-50 м-ийн зайд явсан гэж мэдүүлдэг. Хэргийн газар 49 ширхэг фото зургийг авсан гэж тэмдэглэсэн ч 40 ширхэг фото зураг хавтаст хэрэгт байгаа, 9 ширхэг фото зураг байхгүй байгаа нь дээрх нотлох баримтууд үнэн зөв гэдэгт эргэлзээ үүсгэж байна. Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, схем зурагтай Д.Б-г танилцуулж гарын үсгийг зуруулаагүй нь худал хуурмаг зүйлээ нуух гэсэн арга гэж үзэхээс өөр аргагүй. Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд криминалист шинжээчээр Доржданзан оролцсон гэж гарын үсгээ зурсан байдаг боловч Доржданзан оролцоогүй гэдэг нь нотлогддог. Ослын үеийн фото зургийг Доржданзан биш, Маргад шинжээчийн 163 дугаартай тамгаар тамгалагдсан байдаг, гэтэл Доржданзан гэрчээр худал мэдүүлэг өгч хуурамч нотлох баримт бүрдүүлэхэд оролцсон. Яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт хэргийн зүйлчлэлийг “Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 4.2 дахь хэсэг” гэж, харин тогтоох хэсэгт “27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэг” гэж бичсэн нь ноцтой алдаа болно. Мөн Д.Б-д яллах дүгнэлтийн зөвхөн тэмдэглэх, тогтоох хэсгийг гардуулсан бөгөөд хавсралт хэсгийг гардуулж өгөөгүй, 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн яллагдагчаар татсан тогтоол дугааргүй байгаа нь хууль ёсны гэж үзэх үндэслэлгүй байна. Өмгөөлөгчийн зүгээс 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдөр “гэрчүүдийн мэдүүлгийг газар дээр нь шалгах, хэргийн газрын нөхөн үзлэгийг хийлгэх, техникийн шинжээчдийн дүгнэлтийг гаргуулах” хүсэлт гаргасан, мөрдөгч Цэрэндондов 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн тогтоолдоо гэрчүүдийн мэдүүлгийг шалгахыг хэрэгсэхгүй болгоод бусад 2 хүсэлтийг хангахаар дурдсан. Гэтэл тогтоолд заасан ажиллагааг хийхгүй, гэрчүүдийн мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаа хийсэн бөгөөд ямар учраас тогтоолд дурдсан нөхөн үзлэгийг хийхгүй байгаа тухай асуухад прокурор хийлгэхгүй байна гэсэн хариу өгдөг. Магадлалын унадаг дугуй, тээврийн хэрэгсэлд эвдрэлийн үнэлгээ хийлгэхээр заасан заалт биелээгүй. Хавтаст хэрэгт авагдсан баримтаар хх хх ТӨВ дугаартай машин Л овогтой Б-гийн нэр дээр бүртгэлтэй, Хаан банкны нэр дээр шилжсэн байдаг ч Хаан банк болон эзэмшигч Л.Б-гийн мэдүүлгийг шалгаж тогтоосон нотлох баримт нэг ч байхгүй байхад шүүх иргэний нэхэмжлэлтэй холбоотой асуудлыг шийдвэрлээд байгаа нь хуульд нийцэхгүй байна. Магадлалын 7-д “зам тээврийн осол гарсан нөхцөл байдлын талаар дахин бүрэлдэхүүнтэй шинжээч томилж дүгнэлт гаргуулах шаардлагатай” гэж заасан ч дахин дүгнэлт гаргах нь битгий хэл 2 өөр тогтоолтой болгож, энэ 2 тогтоолыг хоёуланг Д.Б болон өмгөөлөгч надад танилцуулаагүй нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 157 дугаар зүйлийн 157.1.1-1.4-д заасныг зөрчсөн. Шинжээч Э.Болдмандахын гаргасан 00000114 тоот дүгнэлт 2016 оны 10 дугаар сарын 24-нд, дахин бүрэлдэхүүнтэй гаргасан 00000130 тоот дүгнэлт 2016 оны 11 дүгээр сарын 24-нд гарсан, эдгээр дүгнэлтүүд гарахаас өмнө Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Б.Галбадрахын 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 5059 тоот дүгнэлтэд “дугуйнд үүссэн гэмтэл урдаас хойш чиглэлд үүссэн шинэ гэмтэл байна” гэж тогтоосон байхад дээрх дүгнэлт гаргасан шинжээчид дугуйн гэмтэл “араасаа мөргөгдсөнөөс үүссэн” гэж үзээд байгаа нь үндэслэлгүй байна. Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 447 дугаар шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш бид мэдээгүй байхад 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 09 дүгээр шүүхийн шийдвэрийг залруулсан тогтоол үйлдсэн байдаг бөгөөд энэ тогтоолыг өнөөдрийг хүртэл бидэнд гардуулаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.14 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож өгнө үү” гэв.
Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Хандсүрэн хэлсэн саналдаа “...Д.Б-ын унаж явсан машин нь Б гэдэг хүний эзэмшилд байдаг. Гэтэл хохирлын асуудал зөвхөн Д.Б дээр яригдаж байгаад гомдолтой байна. Шүүх хохирлын асуудлыг нарийвчлан тогтоогоогүй бөгөөд зөвхөн шүүгдэгч төлөх ёстой гэж үзэн шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцааж өгнө үү” гэв.
Хяналтын шатны шүүх хуралдаанд хохирогчийн өмгөөлөгч Р.Булган хэлсэн саналдаа “...Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангасан гэж үзэж байна. Шинжээчийн дүгнэлтээр шүүгдэгч нь хохирогчийн араас ирж мөргөсөн болох нь тогтоогдсон. Хохирлын баримтуудыг үндэслэлгүй гэж ярьж байна. Гэтэл мөрдөн байцаалтын шатанд баримтжуулж амжсан материалаа гаргаж өгсөн. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор Г.Гэрэлтуяа гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “...Шүүгдэгч Д.Б-ын шууд буруутай үйлдлээс дээрх осол гарсан гэдгийг шүүх хуралдаанд оролцсон шинжээч мэдүүлэг өгөхдөө хангалттай тайлбарласан. Шүүх хохирлын асуудлыг үндэслэлтэй шийдвэрлэсэн. Хэргийн газрын үзлэг хийж А цэгийг зөв тогтоосон. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д.Б нь 2016 оны 08 дугаар сарын 13-ны өдөр 15 цагийн үед Төв аймгийн Зуунмод сумын Зүүндэлгэр 4 дүгээр багийн гэр хорооллын урд талын “Зуунмод-Налайх” чиглэлийн зам дээр хх хх ТӨВ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 8.11-д заасан “Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна”, 9.2-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг тус тус зөрчсөний улмаас унадаг дугуйгаар зорчиж явсан О.Х-гийн араас мөргөж, амь насыг нь хохироосон үйл баримт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанд хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх хууль ёсны бөгөөд үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.
Д.Б-ын дээрх гэмт үйлдэл нь тухайн цаг хугацаанд хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байх бөгөөд энэ зүйл, хэсэгт зааснаар хэргийг зүйлчилж, шийдвэрлэх ёстой боловч урьд хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан хуулийн оногдуулах ялаас шинээр мөрдөгдөж эхэлсэн хуулийн ял хөнгөрсөн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэх зарчим Монгол Улсын нэгдэн орсон Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 15 дугаар зүйлийн 1, үндэсний хууль тогтоомж болох шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлд тусгагджээ.
Анхан болон давж заалдах шатны шүүх дээрх зарчим, хэм хэмжээг баримтлан шүүгдэгч Д.Б-ын үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсгээр зүйлчилж, хуульд заасан төрөл, хэмжээний дотор ял оногдуулахдаа хууль буцаан хэрэглэх зарчмыг зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.
Харин хоёр шатны шүүх Д.Б-гээс гэмт хэргийн улмаас учирсан хохирол, түүнтэй холбогдох гэм хорын зардалд “цалингийн болон орон сууцны зээл” зэргийг гэмт хэргийн улмаас үүссэн хор уршигт тооцон гаргуулахдаа ямар нэг хууль зүйн үндэслэл заагаагүй, гэмт үйлдэлтэй ямар шалтгаант холбоотой болохыг огт дүгнэж тогтоогоогүй атлаа шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх тул эдгээртэй холбогдох нэхэмжлэлийг хангасныг хүчингүй болгож, жич шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч Х.Даваахүү нар нь гэмт хэргийн нөхцөл байдал бодитой тогтоогдоогүй, үйл баримтыг нотолж буй нотлох баримтууд хуульд заасан шаардлага хангаагүй талаар гомдол гаргажээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хяналтын шатны шүүхийн эрх хэмжээг “...анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрээр тогтоогдоогүй, эсхүл үгүйсгэгдсэн нөхцөл байдлыг тогтоох, түүнийг нотлогдсон гэж үзэх, ямар нэг нотлох баримтыг нөгөөгөөс нь ач холбогдолтойд тооцох ...эрхгүй” хэмээн тодорхой зохицуулсан тул үйл баримтын талаарх гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал бүхий зөрчил тогтоогдоогүй, шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд нотлох баримтуудыг харьцуулан шинжилж, хэргийн үйл баримтыг бодитой тогтоосон байна гэж дүгнэв.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалын иргэний нэхэмжлэлийг хангасан хэсэгт зохих өөрчлөлт оруулж, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан гомдлуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.7-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
1. Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 447 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7 дахь заалтын “...цалингийн зээл 888,888 төгрөг, орон сууцны зээл 24,799,998 төгрөг” гэснийг хүчингүй болгож, шийтгэх тогтоол, Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 26 дугаар магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Хохирогч нь цалингийн болон орон сууцны зээлтэй холбогдох нэхэмжлэлийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич гаргах эрхтэйг дурдсугай.
3. Шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч Х.Даваахүү нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
ДАРГАЛАГЧ Б.ЦОГТ
ШҮҮГЧ С.БАТДЭЛГЭР
Б.БАТЦЭРЭН
Д.ГАНЗОРИГ
Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН