Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 142/ШШ2020/00332

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа даргалж, Ерөнхий шүүгч Б.Бямбасүрэн, шүүгч Б.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, ******* тоотод оршин суух *******хуулар овогт Б.Э /*******/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Согоот 6-14-78 тоотод оршин суух *******овогт Д.У /ЧК69091314/-т холбогдох

Гэм хорын хохирол 8 541 692 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Д онлайнаар, иргэдийн төлөөлөгч Д.Дагийсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтаншагай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Эын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Д.У нь 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Хүрэнбулаг багийн нутаг дэвсгэр 4-20 дугаар байрны баруун урд талд байх уулзварт Тоёото Ланд круйзер-200 загварын 07-97 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчиж, Б.Эын хөлийг дайрч хүндэвтэр гэмтэл учруулсан. 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 204 дугаартай Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор Д.Уийг Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчиж хүний бие, эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан гэм буруутайд тооцсон. Тус ослоос хойш хадаас авахуулах хагалгаанд орж, хөдөлмөрийн чадвараа 60 хувь алдаж хөдөлмөр эрхлэх боломжгүй, ажил төрлөө хийж чадалгүй өнөөдрийг хүрж байна. 2019 оны 01 дүгээр сард группээс гарсан боловч хөл дээрээ 10 минутаас илүү зогсож чадахгүй хөл, нуруу байнгын өвддөг нөхцөл байдалтай байна. Иймээс 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн цалингийн зөрүү 7 685 714 төгрөг, эм тариа, эмчилгээ, ор хоног, хоол хүнс, шатахууны төлбөрт 855 978 төгрөг, нийт 8 541 692 төгрөгийг Д.Уээс гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Д.У шүүхэд ирүүлсэн хариу тайлбараа: Б.Э нь надад холбогдуулан 8 541 692 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ. Уг нэхэмжлэлийг 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр шүүхээс хүлээн авсан. Миний бие Б.Эын гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж байна гэжээ.

Шүүх зохигчдын тайлбар, хэрэгт ирүүлсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Э түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А нь хариуцагч Д.Ут холбогдуулан гэм хорын хохирол 8 541 692 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Д.У түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Д нар нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэсэн.

Шүүх нэхэмжлэлийг хэсэгчлэн хангаж шийдвэрлэв.

Д.У нь 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багийн нутаг дэвсгэр 4-20 дугаар байрны баруун урд байх уулзварт Тоёота ланд круйзер 200 маркийн 07-97 УНЕ дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад зүүн гар тийш эргэх хөдөлгөөн хийхдээ Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас чигээрээ яваа Б.Эын жолоодож явсан Сузуки свифт маркийн 76-78 ОРО улсын дугаартай тээврийн хэрэгслийг шүргэсэн, хөдөлгөөн эхлэхдээ тээврийн хэрэгслийн хажууд зогсож байсан Б.Эын хөлийг дайрч хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан, зам тээврийн осол болсон газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэгт холбогдож, Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 204 дугаартай шийтгэх тогтоолоор Д.Уийг Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчиж хүний бие эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1-д зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450 000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Д.Ут Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн эдлэх ялыг 900 нэгжтэй тэнцэх төгрөгөөр буюу 900 000 төгрөгөөр торгох ялаар тогтоосон байх ба, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон байна.

Хариуцагч нь гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй бөгөөд нэхэмжлэгч Б.Э нь хариуцагчаас гэмт хэргийн улмаас учруулсан гэм хорын хохирлыг шаардах эрхтэй байна.

Нэхэмжлэгч Б.Э нь хариуцагч Д.Уийн буруутай үйлдлийн улмаас хөдөлмөрийн чадвараа 60 хувь алдаж улмаар 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн тахир дутуугийн тэтгэвэр тогтоолгож, 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүртэл авчээ.

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 142/ШШ2018/00175 дугаартай шийдвэрээр Б.Эын хөдөлмөрийн чадвар алдалтын улмаас тогтоогдсон тахир дутуугийн тэтгэвэр, түүний цалингийн зөрүүг 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарыг дуустал хугацаагаар тооцож Д.Уээс гаргуулан шийдвэрлэж шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байх ба, нэхэмжлэгч нь үүний үргэлжлэл болгон 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл хугацааны цалингийн зөрүүг нэхэмжилсэн байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1.-д Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж заасан.

Хариуцагч Д.Уийн буруутай үйлдлийн улмаас Б.Эын эрүүл мэндэд хохирол учирсан шалтгаант холбоо тогтоогдож байх тул хариуцагч гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.

Орхон аймгийн Цагдаагийн газрын 2016-11-22-ны өдрийн 44/04м-3156 дугаартай албан бичигт: Тус газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах тасагт шалгагдаж байгаа эрүүгийн 201614000466 дугаартай хэрэгт танай эзэмшлийн 0797 УНЕ улсын дугаартай Тоёота ланд круйзер 200 маркийн тээврийн хэрэгслийг Дарханы төмөрлөгийн үйлдвэр ХХК-ийн Санхүү, эдийн засгийн хэлтсийн дарга Д.У нь 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдөр жолоодож яваад осол гаргасан байх тул Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 44 дүгээр зүйлийн заалтыг хангах үүднээс байгууллагыг төлөөлөх иргэний хариуцагчийг томилж ирүүлнэ үү гэсэн албан бичиг явуулсны дагуу, Кью эс си ХХК нь 2016-12-08-ны өдрийн 1/131 дугаартай албан бичигт: Танай газарт шалгагдаж байгаа 201614000466 дугаартай эрүүгийн хэрэгт Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсэгт заасныг үндэслэн Дарханы төмөрлөгийн үйлдвэр ХХК-ийн дотоод хяналтын хэлтсийн дарга Б.Цогтбаатар /ВК76040217/-г иргэний хариуцагчаар томилж байна. Мөн Б.Цогтбаатарт дээрх хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3 дахь хэсэгт заасан эрхийг эдэлж, Кью эс си ХХК-г бүрэн төлөөлөхийг үүгээр уламжилж байна гэжээ.

Ингээд эрүүгийн хэрэгт иргэний хариуцагчаар татагдсан Б.Цогтбаатар нь: ...Уламдэлгэрийг танина. Манай байгууллагад Санхүү эдийн засгийн хэлтсийн дарга ажилтай. 0797 УНЕ улсын дугаартай Ланд круйзер 200 маркийн тээврийн хэрэгслийн жолооч нь Отгонбаяр гэдэг хүн байдаг харин дээрх машин нь Уламдэлгэрийн хэлтсийн албаны авто машин байгаа юм. Гэхдээ дээрх тээврийн хэрэгслийг ганц жолооч жолоодох биш жолооч байхгүй үед тухайн албаны дарга жолоодох эрхтэй байдаг талаар тээврийн хэрэгсэл бүрэн хариуцах гэрээн дээр тусгагдсан байдаг. Бүрэн бүтэн байдлыг манай байгууллага болон тухайн хариуцуулсан албаны дарга жолооч нар хариуцна... гэсэн мэдүүлэг өгчээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд: ...07-97 УНЕ улсын дугаартай Тоёота ланд круйзер 200 маркийн тээврийн хэрэгслийг Д.У жолоодох эрхтэй гэж иргэний хариуцагчаар татагдсан Б.Цогтбаатар мэдүүлсэн байдаг. Тиймээс компани хохирлыг хариуцах ёстой гэж... мэтгэлцсэн.

Хэдийгээр 07-97 УНЕ улсын дугаартай Тоёота ланд круйзер 200 маркийн тээврийн хэрэгсэл нь Кью эс си ХХК-ийн өмчлөлд байдаг ч, осол болох үед Д.Уийг жолоодох эрхтэй байсан гэдгийг нотолсон баримт хэрэгт авагдаагүй болно. Өөрөөр хэлбэл: иргэний хариуцагчаар татагдсан Б.Цогтбаатарын мэдүүлгээс үзэхэд ... тээврийн хэрэгслийг ганц жолооч жолоодох биш жолооч байхгүй үед тухайн албаны дарга жолоодох эрхтэй гэсэн тайлбараас үзэхэд тухайн үед жолооч нь байсан эсэх, байгаагүй бол ямар шалтгаанаар ажилдаа ирээгүй байсан зэрэг нөхцөл байдлууд нотлогдоогүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 499 дүгээр зүйлийн 499.3.-д Хэн нэг этгээд өмчлөгч буюу эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр тээврийн хэрэгслийг ашигласнаас бусдад хохирол учирсан бол гэм хорыг тухайн этгээд хариуцах боловч өөрийн буруугаас тээврийн хэрэгслийг ашиглах боломж олгосон өмчлөгч буюу эзэмшигч хариуцлагаас чөлөөлөгдөхгүй гэж заажээ.

Тиймээс хариуцагч Д.У нь Б.Э т учруулсан гэм хорын хохирлыг хариуцан арилгах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Нэхэмжлэгч Б.Э нь хөлний хадаас авахуулахаар эмнэлэгт хэвтэж үйлчлүүлсэн, эм тариа, ор хоногийн төлбөр, хоол хүнсний зардал, шатахууны зардалд 855 978 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн бөгөөд, гэм хорын хохиролтой шууд хамааралтай зардал болох /эм тарианы 20 300₮, ор хоногийн төлбөр 400 000₮, төлбөртэй платны 40 000₮, шатахууны зардал 73 006₮/ баримтаар нотлогдож буй 533 306 төгрөгийг хариуцагчаас гаргуулж бусад зардлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Учир нь Б.Э нь хоол хүнсийг өдөр тутамдаа хэрэглэх нь зайлшгүй бөгөөд зөвхөн эмчилгээ хийлгэхэд шаардлагатай гэж тусгайлсан заалтаар хоол хүнс хэрэглэсэн байдал нотлогдоогүй болно.

Б.Э нь осолд орохын өмнө Эржиэч ХХК-нд цахилгаанчнаар ажиллаж сард 600 000 төгрөгийн цалин авдаг байсан болох нь тус компаний захирлын 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 11 дугаартай тодорхойлолт, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн баримтаар нотлогдож байх ба, цалин болон тахир дутуугийн тэтгэврийн зөрүүд 4 307 000 төгрөг /600.0-280.0*11 сар, 2018 оны 1 дүгээр сарын зөрүү 349.0, 2019 оны 01 дүгээр сарын зөрүү 438 000 төгрөг/ дээр ор хоног, эм тариа, шатахуун, платны үнэ 533 306 төгрөгийг нэмж нийт 4 840 306 төгрөг /533 306+4 307 000/ хариуцагч Д.Уээс гаргуулахаар шийдвэрлэв.

Нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас хуульд заасны дагуу чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас 92 395 төгрөг гаргуулан төрийн сангийн орлогод оруулахаар заав.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 505 дугаар зүйлийн 505.1.-д заасныг баримтлан хариуцагч Д.Уээс 4 840 306 /дөрвөн сая найман зуун дөчин мянга гурван зуун зургаан/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Эт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3 699 136 /гурван сая зургаан зуун ерэн есөн мянга нэг зуун гучин зургаан/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс хуульд зааснаар чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, хариуцагч Д.Уээс 92 395 төгрөг гаргуулан Төрийн санд оруулсугай.

3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА

 

ШҮҮГЧИД Б.БЯМБАСҮРЭН

 

Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ