Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 133

 

 

 

 

 

2019 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 207/МА2019/00133

 

*******ын нэхэмжлэлтэй хариуцагч

*******т холбогдох иргэний

хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Оюунцэцэг даргалж, Ерөнхий шүүгч Б.Баттөр, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 142/ШШ2019/00810 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: *******ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******т холбогдох,

Гэм хорын хохиролд 8.541.692 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Даваахүүгийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ариунтүвшин, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Даваахүү, нарийн бичгийн дарга Ө.Оюумаа нар оролцов.

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

******* нь 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Хүрэнбулаг багийн нутаг дэвсгэр 4-20 дугаар байрны баруун урд талд байх уулзварт Тоёото Ланд крузер-200 загварын 07-97 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчиж, *******ын хөлийг дайрч хүндэвтэр гэмтэл учруулсан. 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 204 дугаартай Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор *******ийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчиж хүний бие, эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан гэм буруутайд тооцсон. Тус ослоос хойш хадаас авахуулах хагалгаанд орж, хөдөлмөрийн чадвараа 60 хувь алдаж хөдөлмөр эрхлэх боломжгүй, ажил төрлөө хийж чадалгүй өнөөдрийг хүрч байна. 2019 оны 01 дүгээр сард группээс гарсан боловч хөл дээрээ 10 минутаас илүү зогсож чадахгүй хөл, нуруу байнгын өвддөг нөхцөл байдалтай байна. Иймээс 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн цалингийн зөрүү 7.685.714 төгрөг, эм тариа, эмчилгээ, ор хоног, хоол хүнс, шатахууны төлбөрт 855.978 төгрөг, нийт 8.541.692 төгрөгийг *******ээс гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

******* нь надад холбогдуулан 8.541.692 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ. Уг нэхэмжлэлийг 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр шүүхээс хүлээн авсан. Миний бие *******ын гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Даваахүү шүүх хуралдаанд тайлбарлахдаа:

Миний бие эрүүгийн хэрэгт өмгөөлөгчөөр ажиллаж байсан. Зохигчдын хоорондын харилцааг бол хэлж мэдэхгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэж байх явцад 2.000.000 төгрөгийг бэлнээр өгсөн, өмнөх шүүх хуралдааны шийдвэрээр 4.317.549 төгрөгийг төлсөн. Тухайн үед тээврийн хэрэгслийн эзэмшигч нь компани байсан. Иймд нэхэмжлэгч компаниас хохирлоо нэхэмжлэх ёстой. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 142/ШШ2019/00810 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1, 497 дугаар зүйлийн 497.1., 505 дугаар зүйлийн 505.1.-д заасныг баримтлан хариуцагч *******ээс 4.945.806 /дөрвөн сая есөн зуун дөчин таван мянга найман зуун зургаа/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3.595.886 /гурван сая таван зуун ерэн таван мянга найман зуун наян зургаан/төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс хуульд зааснаар чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч *******ээс 94.083 төгрөг гаргуулан Төрийн санд оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Даваахүү давж заалдсан гомдолдоо:

Хариуцагч *******ээс зам тээврийн ослоос үүссэн гэм хорын хохирол нэхэмжилсэн бөгөөд нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн нотлох баримт болох эмнэлгийн хөдөлмөрийн /акт/ комиссын шийдвэр Эрдэнэбаярын овог байхгүй онош зөрүүтэй байх бөгөөд осол болох үеийн шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтэнд хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт байхад комиссын шийдвэр 60 хувийн чадвар алдалттай гэсэн нь үндэслэлгүй эргэлзээ төрүүлж байна. Өмнө нь 3 удаа хагалгаанд орж байсан тухай нотлох баримтыг шүүх хуралдааны явцад шинжлэн судлуулсан. Нэхэмжлэгч тал Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 175 дугаар шийдвэрийг нотлох баримт болгон шүүхэд гаргаж өгсөн бөгөөд шийдвэрт хөдөлмөрийн чадвар алдалт 6 хувь гэсэн алдаатай шийдвэр гаргасан байдаг. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлд зааснаар Уламдэлгэрэхд холбогдох эрхийг зөрчсөн, зам тээврийн ослоос үүссэн гэм хорыг эзэмшигч, ашиглагч төлөх хуулийн заалт байхад *******ээс гаргуулахаар заасан нь үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ариунтүвшин гэм хорын хохиролд 8.541.692 төгрөгийг хариуцагч *******ээс гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч ******* нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй маргажээ.

Нэхэмжлэгч ******* нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Хүрэнбулаг багийн нутаг дэвсгэр Ланд крузер-200 загварын 07-97 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа *******ыг дайрч хүндэвтэр гэмтэл учруулсан гэм буруутай үйлдэлд үндэслэн тодорхойлжээ.

Хариуцагч ******* нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа татгалзалаа миний бие осол гаргасан тээврийн хэрэгслийн эзэмшигч, өмчлөгч биш уг тээврийн хэрэгслийн өмчлөгч нь Кью ЭС СИ ХХК гэсэн тайлбарт үндэслэсэн байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хариуцагч ******* нь 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Хүрэнбулаг багийн 4 дүгээр микрийн баруун урд талын уулзварт Ланд крузер-200 загварын 07-97 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийг зөрчсөний улмаас *******ыг дайрч хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай, нэхэмжлэгч *******т гэм хор учруулсан болох нь тогтоогджээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч *******ын хөдөлмөрийн чадвараа 60 хувь алдсан тахир дутуугийн тэтгэмж цалингийн зөрүүнд нийт 4.945.806 төгрөгийг *******ээс гаргуулж *******т олгож шийдвэрлэжээ.

Тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүссэн гэм хорыг арилгахад тухайн тээврийн хэрэгслийн эзэмшигч өмчлөгч өөрөө шилжүүлэн өгсөн, томилогдсон эсэхээс шалтгаалж учирсан гэм хорын хохирлыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах талаар иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.3., 499.4. дүгээр зүйлд зохицуулсан тул хэрэгт цугларсан нотлох баримтуудыг дүгнэхэд тухайн тээврийн хэрэгсэл нь Кью ЭС СИ ХХК-ийн өмч байх тул хариуцагч ******* нь өмчлөгч эзэмшигчээс зөвшөөрөл авсан эсэх, албан томилолтоор явж байсан эсэх нь тодорхойгүй, Кью ЭС СИ ХХК иргэний хариуцагч болох эсэх, иргэний хариуцагч нь хэн болох нь тодорхойгүй байхад хэргийг шийдвэрлэсэн нь хариуцагчийг зөв тодорхойлсон эсэхэд эргэлзээтэй байна.

Нөгөө талаар шүүх хуралдаанаар *******т холбогдох эрүүгийн хэргийн материалыг судалсан байх боловч уг нотлох баримт буюу хэрэг нь давж заалдах шатны шүүхэд ирээгүй, хэрэгт нотлох баримтаар хуулбарлан авсан нотлох баримт /хх174, 175 дахь хуудас/ нотлох баримтын шаардлага хангаагүй /унших боломжгүй муу хортой принтерээр хуулбарлаж авсан/ хх160 дахь хуудсанд авагдсан нотлох баримт буюу шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэг байхгүй дутуу хавсаргагдсан /унших боломжгүй/ эдгээр нотлох баримтууд нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37, 40, 44 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй байхад шүүх үнэлж шийдвэрлэсэн нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байна.

Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5. дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 19ий өдрийн 142/ШШ2019/00810 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагч *******ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94.083 төгрөгийг шүүгчийн захирамжаар төрийн сангаас буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ОЮУНЦЭЦЭГ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАТТӨР

ШҮҮГЧ С.УРАНЧИМЭГ