Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 001/ХТ2022/00624

 

Б.Э ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Б.Мөнхтуяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 142/ШШ2020/00332 дугаар шийдвэр,

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 71 дүгээр магадлалтай,

Б.Э ын нэхэмжлэлтэй,

Д.У т холбогдох,

Гэм хорын хохирол 8,541,692 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Д-гийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Б.Э ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А нь хариуцагч Д.У т холбогдуулан гэм хорын хохиролд 8,541,692 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргасан байна.

2. Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 142/ШШ2020/00332 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 505 дугаар зүйлийн 505.1.-д заасныг баримтлан хариуцагч Д.У ээс 4,840,306 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Э т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3,699,136 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс хуульд зааснаар чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Д.У ээс 92,395 төгрөг гаргуулан Төрийн санд оруулж шийдвэрлэжээ.

3. Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 71 дүгээр магадлалаар: Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 142/ШШ2020/00332 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Дгийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Дгийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 92,955 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Д хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Д.Э ын нэхэмжлэлтэй, Д.У  хариуцагчтай гэм хорын хохирол нэхэмжилсэн иргэний хэрэгт Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.05.21-ний өдрийн 71 тоот магадлалыг эс хүлээн зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Шүүх хэргийг хянан хэлэлцэж шийдвэрлэхдээ:

4.1. Тухайн нэхэмжлэгчид үүссэн гэм хор нь тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүссэн гэм хор тул Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1.4-т зааснаар хэргийг шийдвэрлээгүй гэж үзэж байна. Хэрэгт Д.У ийн жолоодож явсан тээврийн хэрэгслийн тээврийн хэрэгслийн гэрчилгээнд эзэмшигч өмчлөгч нь “К” ХХК-ийн эзэмшлийнх гэдэг нь маш тодорхой байгаа. Эрүүгийн хэрэг хянан шалгах ажиллагааны явцад иргэний хариуцагчаар татсан байдаг бөгөөд иргэний хариуцагчийн төлөөлөгч Цогтбаатар тухайн тээврийн хэрэгслийг У т ашиглах эрхийг өгсөн талаар маш тодорхой дурдсан байдаг. 2019.09.10-ны өдрийн 133 тоот тус шүүхийн магадлалд хянах хэсэгтээ тээврийн хэрэгслийн эзэмшигч өмчлөгч хэн болох нь тодорхойгүй байхад хэргийг шийдвэрлэсэн нь хариуцагчийг зөв тодорхойлоогүй эргэлзээтэй байна гэсэн байдаг.

4.2. Э ын биед үүссэн гэмтэл нь шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэж дүгнэсэн байдаг. Гэтэл эмнэлгийн хөдөлмөрийн магадлах комиссын гаргасан шийдвэр нотлох баримтууд нь  эргэлзээтэй баримтаар байдаг.

4.3. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хэт нэг талыг барьж хариуцагч талаас гаргасан хүсэлтүүдийг хүлээн авч шийдвэрлэдэггүй байсанд гомдолтой байдаг гомдлыг товч бичлээ.

Иймд 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 71 тоот магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

6. Нэхэмжлэгч Б.Э ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А нь хариуцагч Д.У т холбогдуулан гэм хорын хохиролд 8,541,692 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

7. Анхан шатны шүүх хариуцагчаас гэм хорын хохиролд 4,840,306 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгон, үлдэх 3,699,136 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хэргийг хянаж, шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

8. Хоёр шатны шүүх маргаанд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д заасан зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж, хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсэн, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчөөгүй гэж үзлээ.

9. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар бусдын эрх, амь нас, эрүүл мэндэд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвар алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй гарах бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй байна.

10. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд хариуцагч Д.У  нь 2016.10.01-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багийн нутаг дэвсгэр, 4-20 байрны баруун урд уулзварт “Тоёота ланд круйзер 200” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөнөөс чигээрээ яваа “Сузуки свифт” маркийн тээврийн хэрэгслийг шүргэн, уг тээврийн хэрэгслийн хажууд зогсож байсан Б.Э ын хөлийг дайрч, биед нь хүндэвтэр гэмтэл учруулсан, зам тээврийн осол болсон газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэргийг үйлдсэн, энэ үйлдэлдээ Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017.08.02-ны өдрийн 204 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1, 27.11 дүгээр зүйлийн 1-д зааснаар торгох ялаар шийтгүүлсэн.

Уг гэмтлийн улмаас Б.Э  нь хөдөлмөрийн чадвараа 60 хувь алдаж, 2017.01.17-ны өдрөөс 1 жилийн хугацаатай тахир дутуугийн тэтгэвэр тогтоогдсон байх ба хугацааг 2019.01.17-ны өдрийг хүртэл сунгасан, нэхэмжлэгч сард 280,000 төгрөгийн тэтгэвэр авдаг байна. Мөн Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.02.19-ний өдрийн 175 дугаар шийдвэрээр 2016.10.01-ний өдрөөс 2017.12 дугаар сарыг дуусталх хугацааны цалин, тэтгэврийн зөрүүнд Д.У ээс 4,317,549 төгрөгийг гаргуулан Б.Э т олгож шийдвэрлэсэн, уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон зэрэг үйл баримтууд тогтоогджээ.

11. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг ...Д.У ийн буруугаас биед хүндэвтэр гэмтэл учирсан. ...ослоос хойш хадаас авахуулах хагалгаанд орж, хөдөлмөрийн чадвараа 60 хувь алдаж, ажил хөдөлмөр хийж чадалгүй өнөөдрийг хүрсэн, ...2018.01.01-ний өдрөөс 2019.01.17-ны өдрийг хүртэл хугацааны цалин, тэтгэврийн зөрүүнд 7,685,714 төгрөг, эм тариа, эмчилгээ, хоол хүнс, шатахууны төлбөрт 855,978 төгрөг, нийт 8,541,692 төгрөгийг гаргуулна... гэж тодорхойлсон байна.

12. Хоёр шатны шүүх хариуцагч Д.У ийн буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгч Б.Э ын биед хүндэвтэр гэмтэл учирч, эрүүл мэндэд хохирол учирсан болох нь хэргийн баримтаар тогтоогдсон, хариуцагч нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар нэхэмжлэгчид учирсан гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж дүгнэн, хариуцагчаас нэхэмжилсэн гэм хорын хохиролд 4,840,306 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгон, нэхэмжлэлийн бусад шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь хуульд нийцжээ.

13. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...Д.У ийн жолоодож явсан тээврийн хэрэгслийн гэрчилгээнд эзэмшигч, өмчлөгч нь “К” ХХК гэдэг нь тодорхой байгаа. Эрүүгийн хэрэг хянан шалгах ажиллагааны явцад тус компанийг иргэний хариуцагчаар татсан бөгөөд хариуцагчийн төлөөлөгч Б.Цогтбаатар нь тухайн тээврийн хэрэгслийн ашиглах эрхийг Д.У т өгсөн талаар тодорхой дурдсан байдаг. ...шүүх эмнэлгийн дүгнэлтээр Б.Э ын биед үүссэн гэмтэл нь хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй гэсэн байдаг. Гэтэл эмнэлгийн хөдөлмөрийн магадлах комиссын гаргасан шийдвэр, нотлох баримтууд эргэлзээтэй. ...хариуцагчийн гаргасан хүсэлтүүдийг хүлээн авч шийдвэрлээгүйд гомдолтой, магадлалыг хүчингүй болгож өгнө үү” гэсэн хяналтын гомдлыг хангах үндэслэлгүй байна.

14. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн дээрх үндэслэлээр гаргасан гомдолд ...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 499 дүгээр зүйлийн 499.3-т зааснаар хариуцагч Д.У  нь Б.Э т учруулсан гэм хорын хохирлыг хариуцан арилгах үүрэгтэй гэсэн дүгнэлт үндэслэл бүхий болжээ. ...гомдолд дурдсан бусад үндэслэл хэрэгт авагдсан баримтаар нотлогдоогүй, ...анхан шатны шүүхийг хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэхгүй гэсэн хуульд нийцсэн дүгнэлтийг хийжээ.

15. Дээр дурдсан үндэслэлээр шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 142/ШШ2020/00332 дугаар шийдвэр, Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 71 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020.06.11-ний өдөр төлсөн 92,955 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Х.ЭРДЭНЭСУВД

ШҮҮГЧИД                                                       Г.БАНЗРАГЧ

                                                                        П.ЗОЛЗАЯА

                                                                        Б.МӨНХТУЯА

                                                                                                   Д.ЦОЛМОН