Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 71

 

Д.Эын нэхэмжлэлтэй,

хариуцагч Д.У-т холбогдох

иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Оюунцэцэг даргалж, шүүгч С.Уранчимэг, Б.Баттөр нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 142/ШШ2020/00332 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Д.Эын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Д.У-т холбогдох,

“Гэм хорын хохирол 8.541.692 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Даваахүүгийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Баттөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ариунтүвшин, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Даваахүү, нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ариунтүвшин шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Д.У- нь 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Хүрэнбулаг багийн нутаг дэвсгэр 4-20 дугаар байрны баруун урд талд байх уулзварт Тоёото Ланд круйзер-200 загварын 07-97 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчиж, Б.Эрдэнэбаярын хөлийг дайрч хүндэвтэр гэмтэл учруулсан. 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 204 дугаартай Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор Д.У-ийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчиж хүний бие, эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан гэм буруутайд тооцсон. Тус ослоос хойш хадаас авахуулах хагалгаанд орж, хөдөлмөрийн чадвараа 60 хувь алдаж хөдөлмөр эрхлэх боломжгүй, ажил төрлөө хийж чадалгүй өнөөдрийг хүрч байна. 2019 оны 01 дүгээр сард группээс гарсан боловч хөл дээрээ 10 минутаас илүү зогсож чадахгүй хөл, нуруу байнгын өвддөг нөхцөл байдалтай байна. Иймээс 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэлх цалингийн зөрүү 7.685.714 төгрөг, эм тариа, эмчилгээ, ор хоног, хоол хүнс, шатахууны төлбөрт 855.978 төгрөг, нийт 8.541.692 төгрөгийг Д.У-ээс гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.У- шүүхэд гаргасан хариу тайлбараа:

Б.Эрдэнэбаяр нь надад холбогдуулан 8.541.692 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ. Уг нэхэмжлэлийг 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр шүүхээс хүлээн авсан. Миний бие Б.Эрдэнэбаярын гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж байна гэжээ.

 Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 142/ШШ2020/00332 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 505 дугаар зүйлийн 505.1.-д заасныг баримтлан хариуцагч Д.У-ээс 4 840 306 /дөрвөн сая найман зуун дөчин мянга гурван зуун зургаан/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Эрдэнэбаярт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3.699.136 /гурван сая зургаан зуун ерэн есөн мянга нэг зуун гучин зургаан/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., 41 дүгээр зүйлийн 41.1.7.-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс хуульд зааснаар чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, хариуцагч Д.У-ээс 92.395 төгрөг гаргуулан Төрийн санд оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Даваахүү давж заалдсан гомдолдоо:

Анхан шатны шүүхэд Д.У-ийн жолоодож явсан тээврийн хэрэгслийн өмчлөгч, эзэмшигч нь “Кью эсси” ХХК мөн гэдгийг батлах нотлох баримт буюу тээврийн хэрэгслийн гэрчилгээг шинээр гаргаж өгсөн бөгөөд Эрүүгийн хэвтаст хэргээс иргэний хариуцагчаар “Кью эсси” ХХК-иас томилсон Б.Цогтбаатарын мэдүүлэг байгаа. Мөн Батжавхлангийн мэдүүлэг зэргээс үзэхэд Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1., 499.4.-т зааснаар иргэний хариуцагч мөн болох нь тогтоогдсон гэж үзэж шүүх иргэний нэхэмжлэгчийн хүсэлтээр “Кью эсси” ХХК-ийг иргэний хариуцагчаар татсан байдаг бөгөөд тухайн компанийг олпохгүй байна гэдэг үндэслэлээр хүсэлтээс нь татгалзуулж хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. “Кью эсси” ХХК-ийг компани, удирдлага байрлаж байгаа байрлал, явуулж байгаа үйл ажиллагааг худалч хүнд өдөр болгон хэвлэл мэдээллийн хэрэгсэл, радио, телевизээр гаргаж байгаа бөгөөд хамгийн сүүлд Цензургүй сурвалжлагын баг “Кью эсси” ХХК-ийг олоод байхад анхан шатны шүүх олоогүй гэж байгаад харамсаж байна. Нэхэмжлэгчийн хүсэлтийг хүлээж авахаас татгалзсан нь хэт нэг талыг барьж нэхэмжлэгчийн талд үйлчилсэн гэж үзэж байна. Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтэд Б.Эрдэнэбаярын гэмтэл нь хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй гэж дүгнэсэн байдаг. Гэтэл эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссийн шийдвэр гаргасан баримтад овог, нэрийг бүрэн гүйцэт бичээгүй, оношийг орос хэлээр бичиж ойлгомжгүй байсан нь нэхэмжлэлийн шаардлагыг үнэн зөв тогтооход чухал ач холбогдолтой байхад хүсэлтийг хүлээж авалгүй шийдвэрлэсэн шударга биш шийдвэр гаргахад шууд нөлөөлсөн гэж үзэж байна. Анхан шатны шүүгч нарыг татгалзсан хүсэлтийг хүлээж аваагүй, захирамжийг хугацаандаа мэдэгдээгүй, гомдол гаргах боломж гаргалгүй мэдэгдсэн гэх мэт хууль шүүхийн өмнө тэгш байх зарчим алдагдсан үйл ажиллагааг явуулж байсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. Иймд 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 142/ШШ2020/00332 шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү? гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Б.Эрдэнэбаяр түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ариунтүвшин нь хариуцагч Д.У-т холбогдуулан гэм хорын хохирол 8.541.692 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.   

Шүүх хэргийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 505 дугаар зүйлийн 505.1.-д заасныг баримтлан хариуцагч Д.У-ээс 4.840.306 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Эрдэнэбаярт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3.699.136 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Д.У- нь 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багийн нутаг дэвсгэр болох 4-20 дугаар байрны баруун урд байх уулзварт Тоёота ланд круйзер 200 маркийн 07-97 УНЕ дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад зүүн гар тийш эргэх хөдөлгөөн хийхдээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас чигээрээ яваа нэхэмжлэгч Б.Эрдэнэбаярын жолоодож явсан Сузуки свифт маркийн 76-78 ОРО улсын дугаартай тээврийн хэрэгслийг шүргэсэн, хөдөлгөөн эхлэхдээ тээврийн хэрэгслийн хажууд зогсож байсан нэхэмжлэгч Б.Эрдэнэбаярын хөлийг дайрч хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан, зам тээврийн осол болсон газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогджээ.

Нэхэмжлэгч Б.Эрдэнэбаяр нь дээрх гэмтлийн улмаас хөдөлмөрийн чадвараа 60 хувь алдаж, 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл тахир дутуугийн тэтгэвэр 280.000 төгрөгийг сар бүр  авч  байжээ.

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 175 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч Б.Эрдэнэбаярын тахир дутуугийн тэтгэвэр, цалингийн зөрүүг 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарыг дуустал хугацаагаар тооцож хариуцагч Д.У-ээс гаргуулан шийдвэрлэсэн бөгөөд энэхүү шүүхийн шийдвэр нь хүчин төгөлдөр болно.

Нэхэмжлэгч нь үүний үргэлжлэл болгон 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл хугацааны цалингийн зөрүү, эм тариа, эмчилгээ, ор, хоног, хоол, хүнс, шатахууны төлбөр нэхэмжилжээ.

Хариуцагч Д.У-ийн буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгч Б.Эрдэнэбаярын эрүүл мэндэд хохирол учирсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул хариуцагч нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1.-д зааснаар нэхэмжлэгчийн биед учирсан гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй юм.

Анхан шатны шүүхийн “... Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 499 дүгээр зүйлийн 499.3.-д Хэн нэг этгээд өмчлөгч буюу эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр тээврийн хэрэгслийг ашигласнаас бусдад хохирол учирсан бол гэм хорыг тухайн этгээд хариуцах боловч өөрийн буруугаас тээврийн хэрэгслийг ашиглах боломж олгосон өмчлөгч буюу эзэмшигч хариуцлагаас чөлөөлөгдөхгүй гэж заажээ. Тиймээс хариуцагч Д.У- нь Б.Эрдэнэбаярт учруулсан гэм хорын хохирлыг хариуцан арилгах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ ...” гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Гэм хорын хохиролтой шууд хамааралтай зардал болох эм тарианы 20.300 төгрөг, ор хоногийн төлбөр 400.000 төгрөг, төлбөртэй платны 40.000 төгрөг,  шатахууны зардал 73.006 төгрөг, цалин болон тахир дутуугийн тэтгэврийн зөрүүд 4.307.000 төгрөг, нийт 4.840.306 төгрөгийг хариуцагч Д.У-ээс гаргуулж нэхэмжлэгч Б.Эрдэнэбаярт олгож, бусад зардлыг хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэсэн нь Иргэний хуульд нийцжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Даваахүүгийн давж заалдсан гомдолд дурдагдсан үндэслэлүүд нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдохгүй байх тул Х.Даваахүүгийн давж заалдсан гомдлыг хүлээн авах боломжгүй болно.

Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Даваахүүгийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 92.955 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 142/ШШ2020/00332 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Даваахүүгийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Даваахүүгийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 92.955 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Б.ОЮУНЦЭЦЭГ

ШҮҮГЧИД                                                          С.УРАНЧИМЭГ

                                                                             Б.БАТТӨР