Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 212/МА2018/00127

 

   Б.А-ын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

           

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Мөнхөө, шүүгч  Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэйгээр тус аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан  шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 130/ШШ2018/00684 дүгээр шийдвэртэй, Б.А-ын нэхэмжлэлтэй, Ж.А-д  холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Б.Ардабек, нэхэмжлэгч Б.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Я.Сьезд, хариуцагчийн өмгөөлөгч Ө.Бахытбек, орчуулагч А.Еркегүл нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багт байршилтай Ж.А-ийн өмчлөлийн “Ж” автомашин угаалгын газрыг албадан нүүлгэх тухай.

 

Нэхэмжлэлд: “Би Өлгий суманд байрлах өөрийн хувийн өмчлөлийн газарт өвлийн сууцны зориулалттай 90 м.кв талбайтай, зургаан өрөө бүхий байшинд олон жилийн турш амьдарч байна. Гэтэл Ж.А нь манай амьдарч буй байшингийн хажууд залгаа "Ж" авто машины угаалгын газрыг 2015 онд барьж ашиглалтад оруулсан. Үүнээс болж тэр орчмын оршин суугчид угаалгын газрын үйлчилгээнээс гарч буй бохир ус, худаг усны аюулгүй байдал, автомашины утаа тоос, дуу шуугиан, мөн тус угаалгын газрын зуухнаас гарч буй утаа /заримдаа дугуй шатаадаг/ нь манай өрхийн гишүүдийн эрүүл орчинд амьдрах эрхийг зөрчиж байна. Тус автомашины угаалгын газар нь төвлөрсөн цэвэр, бохир усны шугам сүлжээд холбогдоогүй, хэсгийн халаалтын системтэй. Төвлөрсөн бус ариун цэврийн байгууламж нь /бохирын цооног, үйлдвэрлэлээс гарсан бусад хог хаягдлыг цуглуулах хогийн цэг, нүхэн жорлон/ эрүүл ахуйн нөхцөлийн шаардлагыг хангаагүй. Энэ талаар Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн "Эрүүл ахуйн тухай" № 04-03-034/387 дугаартай дүгнэлт, 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр "Ундны усны чанар аюулгүй байдлын тухай" № 01-03-ООЗ/38 дугаартай дүгнэлт, 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн "Зөрчил арилгуулах тухай" № 04-07-097\66 дугаартай албан шаардлага гарч тус газрын үйл ажиллагааг зогсоосон боловч одоо хүртэл дахин үйл ажиллагааг явуулж байна. Сүүлд "Ж" авто машины угаалгын газар нь бохир усны цооногийг халуун усны бохир усны цооногтой холбосон боловч хууль журмаар тухайн айлаас 6 м байхад одоогийн бодит байдлаар манай өрхөөс 4 м орчимд байгаа нь хууль журмыг бас зөрчиж байгааг нотолж байна. Ж.А-т газар олгосон эрхийн гэрчилгээ нь зөвхөн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар олгосон боловч тэрээр уг газрыг зориулалтын дагуу ашиглахгүй үйлчилгээний зориулалттай ашиглаж байгаа явдалд гомдолтой байгаа учраас зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар шүүхэд хандаж байна. Иймд Ж.А-ийн өмчлөлийн "Ж" авто машины угаалгын газрыг манай байшингийн орчмоос албадан нүүлгэх тухай шийдвэр гаргаж өгнө үү.” гэжээ.  

 

Хариуцагчийн тайлбарт: “Миний бие 2015 оноос эхлэн Өлгий сумын нутаг дэвсгэрт өмчлөлийн газартаа угаалгын газар ажиллуулж 4-6 хүнийг байнгын ажилтай болгож байна. Би өөртөө хуулиар олгогдсон газарт үйл ажиллагаа явуулж байгаа. Б.А-ын байшин нь Өлгий хотын хамгийн хөл хөдөлгөөн ихтэй Т захын хажууд байрладаг учраас захад ирж буй мянга мянган олны хөлөөс боссон тоос, машины утаанд намайг буруутгах учиргүй. Өлгий сумын оршин суугчид, Б.А-ын хөршүүд бүгд хашаандаа бохирын цооног, нүхэн жорлонтой. Иймээс өдөрт 10000 хүн үйлчилгээ авдаг аймгийн хамгийн бохирдол ихтэй захын бие засах газраас 10 метрийн зайд хашаа татаж байшин барьсан атлаа агаар нь муухай үнэртэй байна хэмээн намайг буруутгаж байгаа нь үндэслэлгүй. Б.А-ын байшингийн урьд 5 м зайд 4-5 гагнуурын газар ажилладаг бөгөөд гагнуурын утаа, хашаандаа байрлах дугуй засварын газрын шатаасан дугуйнаас гарсан утаанд манай авто угаалгын газрыг буруутгаж байгаа нь үндэслэлгүй. Манай угаалгын газраас болж Б.А-д ямар хохирол учирсан нь тодорхой биш. Нэхэмжлэгч өөрөө нотлох баримтаар нотлох ёстой. Өлгий сумын тухайн газар бол аймгийн хэмжээнд хамгийн хөрсний бохирдолтой баг. 2-3 метрээс гүний худаг гардаг. Ус нь маш их бохирдолтой. Манайх зун гал түлдэггүй. Халаалтын зууханд дугуй шатаах боломжгүй. Авто угаалгын газрын үйл ажиллагааг хянаж, зөвшөөрөл олгох эрх бүхий Мэргэжлийн Хяналтын газрын тавьсан шаардлагын дагуу тус угаалгын газар нь бохир, цэвэр усны төвийн төвлөрсөн шугамд холбогдсоны үндсэн дээр үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл авч уйл ажиллагаа явуулж байгаа. Угаалгын газраас гарсан бохир ус шугамын дагуу төвлөрсөн бохирын шугамд нийлдэг учраас орчин тойронд аюулгүй, стандарт шаардлагыг хангасан хэмээн үзэж Мэргэжлийн хяналтын газраас зөвшөөрөл өгсөн. Аймгийн хэмжээнд манай авто угаалга шиг төвлөрсөн бохирын шугамд холбогдсон угаалгын газар бараг байхгүй. Б.А улсын байцаагчийн албан шаардлагын биелэлтийг хангуулах эрх бүхий этгээд биш. Тоосжилт, нүхэн жорлон замбараагүй барьж байгуулсан цооног, хотын төвд байрласан захын асуудал манай аймгийн хэмжээнд тулгамдаж байгаа асуудал болохоос ганцхан Б.А-д үүсээд байгаа зүйл биш. Захын хажууд заримдаа зуны цагт тэсэхийн аргагүй байдалд хүрдгийг хүн бүр мэддэг. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй төдийгүй зүйд нийцэхгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 130/ШШ2018/00684 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 106 дугаар зүйлийн 106.2-т заасныг баримтлан Ж.А-ийн Баян-Өлгий аймгийн Өлгий суманд байршилтай “Ж” автомашин угаалгын газрыг албадан нүүлгэх тухай нэхэмжлэгч Б.А-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн гомдолд: “Анхан шатны шүүх Иргэний хуулийг буруу хэрэглэсэн, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн гэсэн үндэслэлээр энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байна.  Монгол улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлд Монгол улсын иргэн дараах үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ. 2\эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй” гэж заасан эрхийг Б.А, түүний гэр бүл, үр хүүхдүүд эдлэх ёстой. Иргэн хүний Үндсэн хуульд заасан эрх зөрчигдсөн тохиолдолд зөрчигдсөн эрхийг сэргээлгэх асуудлыг шүүхэд тавих эрхтэй. Нэхэмжлэгч Б.А-ын хүсэлтээр шүүхээс маргаан бүхий объектод хийсэн үзлэгийн тэмдэглэлд “Ж” авто угаалгын газар нь Б.А-ын одоо байнга амьдарч буй өвлийн сууцнаас 24 см-ийн зайтай байгаа нь тухай үйлчилгээний газрын дуу чимээ шуугиан, утаа нь хөрш айлын амар тайван амьдрах эрхийг бүдүүлгээр зөрчигдөхөд хүргэж байна үзэж байна. Энэ нь хэрэгт авагдсан Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын эрх бүхий албан тушаалтан нарын үйлдсэн акт, албан шаардлага зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Нэхэмжлэгчээс гаргаж өгсөн өвлийн сууцны зарим өрөөний хана нь ус нэвтэрснээс болж хөгцөрсөн байдлыг нотолсон фото зургуудыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлж чадаагүй байна. Нөгөө талаас 2018 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 01 дугаар шинжээчийн дүгнэлт "... а1,2,3 хэсэгт тус тус зөрчиж байна” гэсэн дүгнэлт гаргасан ба нэхэмжлэгч Б.А-ын өвлийн орон сууц, эсгий гэр барих талбай, амбаарт ус зайлуулах хоолойг давж ус гоождог эсэхэд туршилт хийж үзсэн” гэх боловч зуны улиралд их хэмжээний бороо ороход “Ж” авто угаалгын дээврээс их хэмжээний ус урсаж гоождог болохыг нэг удаагийн 10 литр усыг цацаж туршиж үзэж тогтоох боломжгүй гэж үзлээ“ гэж анхан шатны шүүх дүгнэлт нь бодит байдалд нийцэхгүй байна. Энэ нь 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 01 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “...Б.А-ын өвлийн байшин, амбаарт одоогоор нурах аюул нүүрлээгүй, уг өвлийн сууц нь шувуу нуруу дээвэргүй тул борооны ус тогтож, дотогш нэвтэрч байшингийн бат бэх чанарт сөргөөр нөлөөлөхөөр байна. Бороо орсон тохиолдолд хашаан дотор ус тогтох боломжтой,..” гэсний эсрэг дүгнэлт хийж байна гэж үзэж байна. Б.А-ын өвлийн сууцанд гэнэтийн байдлаар гал гарлаа гэхэд түүнийг цаг алдалгүй унтраах ямар ч боломжгүй байдалтай байна. Анхан шатны шүүхээс галын аюулгүй байдлын талаар шинжээчийн дүгнэлтийг орхигдуулсан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн асуудал гэж үзэж байна. Ингэхээр анхан шатны шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тухайн маргааныг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв талаас нь бодитой үнэлж чадаагүй нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож байгаа нь буруу гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүйд тооцож нэхэмжлэгч Б.А-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү.” гэжээ. 

                                               

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Б.А нь Ж.А-т холбогдуулан Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багт байрлах “Ж” автомашины угаалгын газрыг албадан нүүлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж үндэслэлээ “Ж автомашин угаалгын газрыг 2015 онд барьж ашиглалтад оруулсан ба уг автомашины угаалгын газрыг манай байнга амьдарч буй байшингийн хажууд 1 м хүрэхгүй зайтай барьснаар гарч буй бохир ус нь худаг усны аюулгүй байдалд нөлөөлдөг, машины утаа тоос, дуу шуугиан манай өрхийн гишүүдийн эрүүл орчинд амьдрах эрхийг зөрчиж байна. Хариуцагч гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар олгосон газрыг үйлчилгээний зориулалтаар ашиглаж бидний эрхийг зөрчиж байна” гэж тайлбарлаж, хариуцагч “Би өөрийн хуулиар олгосон газарт үйл ажиллагаа явуулж байгаа болохоос Б.А-ын газарт барилга бариагүй, уг газар Өлгий сумын хамгийн хөл хөдөлгөөн ихтэй Тирлик захын хажууд байрладаг, хамгийн бохирдол ихтэй газар амьдарч байж намайг буруутгах үндэслэлгүй. Угаалгын газар цэвэр бохир усны төвлөрсөн шугамд холбогдсоны үндсэн дээр үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл авч үйл ажиллагаа явуулж байгаа” гэж эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч нь “Ж” авто угаалгын газрын буруутай үйл ажиллагаанаас болж манай гэр бүлийн эрүүл аюулгүй орчинд амар тайван амьдрах нөхцөлийг алдагдуулсан, байшингийн хана хөгцөрсөн, байшин нурах аюултай байдал бий болсон, хүн амьдрах боломжгүй гэж тайлбарлаж байгаа боловч хавтаст хэрэгт авагдсан 2018 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 01 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хх-ийн 216-219 дүгээр тал/, 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 01 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 дүгээр ХХ-ийн 237-238 дугаар тал/,  анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн шүүх хуралдаанд оролцсон шинжээч Б.Э-ийн өгсөн мэдүүлэг /2 дугаар хх-ийн 7-8 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна.

 

Нэхэмжлэгч Б.А-ын өмчлөх эрх ямар нэгэн байдлаар зөрчигдсөн, өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд “Ж” авто угаалгын газар нь ямар нэгэн байдлаар саад учруулсан, хариуцагчийн буруутай үйл ажиллагааны улмаас гэр бүлийн эрүүл орчинд амар тайван амьдрах нөхцөлийг алдагдуулсан, байшингийн хана хөгцөрсөн, байшин нурах аюултай нөхцөл байдал бий болсон, хүн амьдрах боломжгүй болсон нь нотлогдоогүй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

 

2018 оны 7 дугаар сарын 31-ны өдрийн 01 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “...Б.А-ын өвлийн байшин, амбаарт одоогоор нурах аюул нүүрлээгүй, уг өвлийн сууц нь шувуун нуруун дээвэргүй тул борооны ус тогтож, дотогш нэвтэрч байшингийн бат бэх чанарт сөргөөр нөлөөлөхөөр байна...” гэх дүгнэлтээс үзэхэд зөвхөн “Ж” авто угаалгын газрын дээврийн ус зайлуулах хоолойгоос ус давж Б.А-ын байшингийн дээвэр болон хашаанд ус тогтож дотогш нэвтэрч байна гэж үзэх үндэслэлгүй, дээврийн ус зайлуулах хоолойг засварлах, шинээр тавих боломжтой тул энэ үндэслэлээр “Ж” авто угаалгын газрыг албадан нүүлгэх үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иймд нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн үөв талаас нь бодитой үнэлж чадаагүй гэх давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв. 

 

Хуульд зааснаар нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 130/ШШ2018/00684 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        С.ӨМИРБЕК

 

ШҮҮГЧИД                                                       Д.МӨНХӨӨ

 

                                                                                                Д.КӨБЕШ