Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 001/ХТ2019/00576

 

Б.Аын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Ц.Амарсайхан даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 130/ШШ2018/00684 дүгээр шийдвэр,

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 212/МА2018/00127 дугаар магадлалтай,

Б.Аын нэхэмжлэлтэй

Ж.Ат холбогдох

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багт байршилтай Ж.Аийн өмчлөлийн Жөндеу автомашин угаалгын газрыг албадан нүүлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгч Б.Аын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.А, орчуулагч Г.Итгэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Сувд-Эрдэнэ нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би Өлгий сумын 4 дүгээр багт байрлах өөрийн хувийн өмчлөлийн газарт өвлийн сууцны зориулалттай 90 м.кв талбайтай, зургаан өрөө /эрхийн бүртгэлийн Ү-0213004166 дугаартай үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээтэй/ бүхий байшинд олон жилийн турш амьдарч байна. Гэтэл Ж.А нь манай амьдарч буй байшингийн хажууд залгаа “Жөндеу” авто машины угаалгын газрыг 2015 онд барьж ашиглалтад оруулсан. Үүнээс болж тэр орчмын оршин суугчид угаалгын газрын үйлчилгээнээс гарч буй бохир ус, худаг усны аюулгүй байдал, автомашины утаа тоос, дуу шуугиан, мөн тус угаалгын газрын зуухнаас гарч буй утаа /заримдаа дугуй шатаадаг/ нь манай өрхийн гишүүдийн эрүүл орчинд амьдрах эрхийг зөрчиж байна. Тус автомашины угаалгын газар нь төвлөрсөн цэвэр, бохир усны шугам сүлжээд холбогдоогүй, хэсгийн халаалтын системтэй. Төвлөрсөн бус ариун цэврийн байгууламж нь /бохирын цооног, үйлдвэрлэлээс гарсан бусад хог хаягдлыг цуглуулах хогийн цэг, нүхэн жорлон/ эрүүл ахуйн нөхцөлийн шаардлагыг хангаагүй. Энэ талаар Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн "Эрүүл ахуйн тухай" № 04-03-034/387 дугаартай дүгнэлт, 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр “Ундны усны чанар аюулгүй байдлын тухай” № 01-03-ООЗ/38 дугаартай дүгнэлт, 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн “Зөрчил арилгуулах тухай” № 04-07-097\66 дугаартай албан шаардлага гарч тус газрын үйл ажиллагааг зогсоосон боловч одоо хүртэл дахин үйл ажиллагааг явуулж байна. Сүүлд “Жөндеу” авто машины угаалгын газар нь бохир усны цооногийг халуун усны бохир усны цооногтой холбосон боловч хууль журмаар тухайн айлаас 6 м байхад одоогийн бодит байдлаар манай өрхөөс 4 м орчимд байгаа нь хууль журмыг бас зөрчиж байгааг нотолж байна. Ж.Ат газар олгосон эрхийн гэрчилгээ нь зөвхөн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар олгосон боловч тэрээр уг газрыг зориулалтын дагуу ашиглахгүй үйлчилгээний зориулалттай ашиглаж байгаа явдалд гомдолтой байгаа учраас зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар шүүхэд хандаж байна. Иймд Ж.Аийн өмчлөлийн “Жөндеу” авто машины угаалгын газрыг манай байшингийн орчмоос албадан нүүлгэх тухай шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие 2015 оноос эхлэн Өлгий сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт өмчлөлийн газартаа угаалгын газар ажиллуулж 4-6 хүнийг байнгын ажилтай болгож байна. Би өөртөө хуулиар олгогдсон газарт үйл ажиллагаа явуулж байгаа. Б.Аын байшин нь Өлгий хотын хамгийн хөл хөдөлгөөн ихтэй Тирлик захын хажууд байрладаг учраас захад ирж буй мянга мянган олны хөлөөс боссон тоос, машины утаанд намайг буруутгах учиргүй. Өлгий сумын оршин суугчид, Б.Аын хөршүүд бүгд хашаандаа бохирын цооног, нүхэн жорлонтой. Иймээс өдөрт 10000 хүн үйлчилгээ авдаг аймгийн хамгийн бохирдол ихтэй захын бие засах газраас 10 метрийн зайд хашаа татаж байшин барьсан атлаа агаар нь муухай үнэртэй байна хэмээн намайг буруутгаж байгаа нь үндэслэлгүй. Б.Аын байшингийн урьд 5 м зайд 4-5 гагнуурын газар ажилладаг бөгөөд гагнуурын утаа, хашаандаа байрлах дугуй засварын газрын шатаасан дугуйнаас гарсан утаанд манай авто угаалгын газрыг буруутгаж байгаа нь үндэслэлгүй. Манай угаалгын газраас болж Б.Аад ямар хохирол учирсан нь тодорхой биш. Нэхэмжлэгч өөрөө нотлох баримтаар нотлох ёстой. Өлгий сумын 4 дүгээр баг бол аймгийн хэмжээнд хамгийн хөрсний бохирдолтой баг. 2-3 метрээс гүний худаг гардаг. Ус нь маш их бохирдолтой. Манайх зун гал түлдэггүй. Халаалтын зууханд дугуй шатаах боломжгүй. Авто угаалгын газрын үйл ажиллагааг хянаж, зөвшөөрөл олгох эрх бүхий Мэргэжлийн Хяналтын газрын тавьсан шаардлагын дагуу тус угаалгын газар нь бохир, цэвэр усны төвийн төвлөрсөн шугамд холбогдсоны үндсэн дээр үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл авч уйл ажиллагаа явуулж байгаа. Угаалгын газраас гарсан бохир ус шугамын дагуу төвлөрсөн бохирын шугамд нийлдэг учраас орчин тойронд аюулгүй, стандарт шаардлагыг хангасан хэмээн үзэж Мэргэжлийн хяналтын газраас зөвшөөрөл өгсөн. Аймгийн хэмжээнд манай авто угаалга шиг төвлөрсөн бохирын шугамд холбогдсон угаалгын газар бараг байхгүй. Б.А улсын байцаагчийн албан шаардлагын биелэлтийг хангуулах эрх бүхий этгээд биш. Тоосжилт, нүхэн жорлон замбараагүй барьж байгуулсан цооног, хотын төвд байрласан захын асуудал манай аймгийн хэмжээнд тулгамдаж байгаа асуудал болохоос ганцхан Б.Аад үүсээд байгаа зүйл биш. Захын хажууд заримдаа зуны цагт тэсэхийн аргагүй байдалд хүрдгийг хүн бүр мэддэг. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй төдийгүй зүйд нийцэхгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 130/ШШ2018/00684 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 106 дугаар зүйлийн 106.2-т заасныг баримтлан Төлек овогт Жүсренгийн Ж.Аийн Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багт байршилтай Жөндеу автомашин угаалгын газрыг албадан нүүлгэх тухай нэхэмжлэгч Молхы овогт Бабахумарын Б.Аын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожшийдвэрлэжээ.

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 212/МА2018/00127 дугаар магадлалаар Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 130/ШШ2018/00684 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Б.А хяналтын гомдолдоо: Шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч хяналтын гомдлыг гаргаж байна. Нэхэмжлэгч Б.А би Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 4 дүгээр багт байршилтай хувийн өмчлөлийн газарт өвлийн сууцны зориулалттай 90.м.кв талбайтай, зургаан өрөө /эрхийн бүртгэлийн Ү-0213004166 дугаартай үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээтэй/ бүхий байшинд одоо амьдарч байна. Гэтэл аймгийн ИТХ-ын Төлөөлөгч Ж.А гэгч нь Б.А манай өрхийн айлын байнга амьдарч буй байшин байгууламжийн хажууд залгаа “Жөндеу” авто машины угаалгын газрыг 2015 онд барьж ашиглалтанд оруулсан байна. Ж.А “Жөндеу” автомашины угаалыг газрыг Б.Аын байнга амьдарч буй байшингийн хажууд барьснаар авто машины угаалгын газрын орчимд оршин суугчид угаалгын газрын үйлчилгээнээс гарч буй бохир ус, худаг усны аюулгүй байдалд нөлөөлдөг, автомашины утаа тоос, дуу шуугиан, мөн тус угаалгын газрын зуухнаас гарч буй утаа /заримдаа дугуй шатаадаг/ нь тэр нь өрхийн гишүүдийн эрүүл орчинд аюулгүй амьдрах эрхийг бүдүүлгээр зөрчиж байна. Тухайн “Жөндеу” автомашины угаалгын газар нь Б.А миний амьдарч буй хувийн орон сууцнаас 24 см-ийн зайд байрласан байна. Ер нь “Жөндеу” автоугаалгын газар нь Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн “Эрүүл ахуйн тухай” № 04-03-034/387 дугаартай дүгнэлт, 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр “Ундны усны чанар аюулгүй байдлын тухай” № 01-03-003/38 дугаартай дүгнэлт, 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн “Зөрчил арилгуулах тухай” № 04-07-097/66 дугаартай албан шаардлагаар зөрчилтэй ажиллаж байсан нотлогдож байна. Ингээд “Жөндеу” автомашины угаалгын газрын үйл ажиллагааг мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр зогсоосон боловч одоо хүртэл дахин үйл ажиллагааг явуулж байна. Сүүлд “Жөндеу” авто машины угаалгын газар нь бохир усны цооногийг халуун усны бохир усны цооногтой холбосон гэх боловч хууль журмаар тухайн айлаас 6 м байх шаардлагыг хангахгүй байна. Гэтэл одоогийн бодит байдлаар тус газрын бохир усны цооног нь тус өрхөөс 4 м орчим байгаа нь журмыг бас зөрчиж байгааг нотлож байна. Тухайн газрын үйл ажиллагаанаас болж Б.А гэдэг манай өрх эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг алдагдуулж байна. Б.А миний эхнэр К.Айна маань хүнд өвчтэй учраас байнгын хэвтэрт байдаг учраас тэр хүнд бүр ч хэцүү болж байна. Ж.Ат авто угаалгын үйл ажиллагаа явуулахад олгосон гэх газрыг зөвхөн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар олгосон боловч тэрээр уг газрыг зориулалтын дагуу ашиглахгүй үйлчилгээний зориулалттай ашиглаж байгаа нь буруу гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл Жөндеу авто угаалгын газар үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлгүй болно. Монгол улсын Үндсэн хуулийн Арванзургаадугаар зүйл. /Монгол улсын иргэн дараах үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ. 2/эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй” гэж заасан эрхийг Б.А би болон түүний гэр бүл, үр хүүхдүүд эдлэх ёстой юм. Иргэний хүний Үндсэн хуульд заасан эрх зөрчигдсөн тохиолдолд зөрчигдсөн эрхийг сэргээлгэх асуудлыг шүүхэд тавих эрхтэй юм. Нэхэмжлэгч Б.Аын хүсэлтээр шүүхээс маргаан бүхий обьектод хийсэн үзлэгийн тэмдэглэлд “Жөндеу” автоугаалгын газар нь Б.Аын одоо байнга амьдарч буй өвлийн сууцнаас 24 см-ийн зайтай байгаа нь тухай үйлчилгээний газрын дуу чимээ шуугиан, утаа нь хөрш айлын амар тайван амьдрах эрхийг бүдүүлгээр зөрчигдөхөд хүргэж байна үзэж байна. Энэ нь хэрэгт авагдсан Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын эрх бүхий албан тушаалтан нарын үйлдсэн акт, албан шаардлага зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Нэхэмжлэгчээс гаргаж өгсөн өвлийн сууцны зарим өрөөний хана нь ус нэвтэрснээс болж хөгзөрсөн байдлыг нотолсон фото зургуудыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлж чадаагүй байна. Нөгөө талаас 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 01 дугаар шинжээчийн дүгнэлт “...1,2,3 хэсэгт тус тус зөрчиж байна” гэсэн дүгнэлт гаргасан ба нэхэмжлэгч Б.А миний өвлийн орон сууц, эсгий гэр барих талбай, амбаарт ус зайлуулах хоолойг давж ус гоождог эсэхэд туршилт хийж үзсэн” гэх боловч зуны улиралд их хэмжээний бороо ороход Жөнде авто угаалгын дээврээс их хэмжээний ус урсаж гоождог болохыг нэг удаагийн 10 литр усыг цацаж туршиж үзэж тогтоох боломжгүй гэж үзлээ “ гэж анхан шатны шүүх дүгнэлт нийцсэн нь бодит байдалд нийцэхгүй байна. Энэ нь 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 01 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд “...Б.Аын өвлийн байшин, амбаарт одоогоор нурах аюул нүүрлээгүй, уг өвлийн сууц нь шувуу нуруу дээвэргүй тул борооны ус тогтож, дотогш нэвтэрч байшингийн бат бэх чанарт сөргөөр нөлөөлөхөөр байна. бороо орсон тохиолдолд хашаан дотор ус тогтох боломжтой...” гэсний эсрэг дүгнэлт хийж байна гэж үзэж байна. Б.Аын өвлийн сууцанд гэнэтийн байдлаар гал гарлаа гэхэд түүнийг цаг алдалгүй унтраах ямар ч боломжгүй байдалтай байна. Анхан болон давж заалдах шатны шүүхээс галын аюулгүй байдлын талаар шинжээчийн дүгнэлтийг орхигдуулсан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн асуудал гэж үзэж байна. Ингэхээр анхан шатны шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тухайн маргааныг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв талаас нь бодитой үнэлж чадаагүй нэхэмжлэгч Б.А миний нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож байгаа нь буруу гэж үзэж байна. Иймд шийдвэр, магадлалыг тус тус хүчингүйд тооцож нэхэмжлэгч Б.А миний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Б.А нь Ж.Ат холбогдуулан Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багт байрлах Жөндеу автомашины угаалгын газрыг албадан нүүлгэх тухай нэхэмжлэлийг гаргажээ. Хариуцагч “...өөрийн өмчлөлийн газар дээр автомашины угаалгын үйл ажиллагаа эрхэлсэн нь хууль зөрчөөгүй...” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй байна.

Б.А нь нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлахдаа хариуцагч Ж.А Жөндеу автомашин угаалгын газрыг 2015 онд барьж ашиглалтад оруулахдаа гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар олгосон газрыг үйлчилгээний зориулалтаар ашигласан, угаалгын газрыг манай байшингийн хажууд 1 м хүрэхгүй зайтай барьснаар байшингийн дээвэр лүү ус дусаж тогтсоноос дээвэр, хана хөгцөрсөн, байшин нурах аюултай байдал бий болсон, бохир ус нь худаг усны аюулгүй байдалд нөлөөлдөг, үнэр нь үнэртдэг, машины утаа тоос, дуу шуугиан манай өрхийн гишүүдийн эрүүл орчинд амьдрах эрхийг зөрчсөн гэж тодорхойлжээ.

Хоёр шатны шүүх хариуцагчийн буруутай үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчийн  гэр бүл эрүүл орчинд амар тайван амьдрах нөхцөлийг алдагдсан, байшингийн хана хөгцөрсөн, байшин нурах аюултай нөхцөл байдал бий болсон, хүн амьдрах боломжгүй болсон, нэхэмжлэгчийн өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд хариуцагч саад учруулсан  нь нотлогдоогүй гэсэн дүгнэлтийг хийж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо нэхэмжлэлийн шаардлагыг оновчтой тодорхойлоогүйгээс Иргэний хуулийн хэрэглэвэл зохих хэм хэмжээг хэрэглээгүй, маргааны зүйлийг бүрэн тодорхойлж чадаагүй, ач холбогдол бүхий маргааны нөхцөл байдлыг тодруулж зайлшгүй хийвэл зохих дүгнэлтийг хийгээгүй байх ба уг алдааг залруулах боломжгүй тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч Б.Аын нэхэмжлэлийн шаардлага “Жөндеу автомашины угаалгын газрыг албадан нүүлгэх” гэсэн байх боловч угаалгын газрын үйл ажиллагаа явуулж буй хариуцагчийн үйлдлийг зогсоох агуулгатай болохыг шүүх тодорхойлж чадаагүй байна.

Түүнчлэн нэхэмжлэлийн үндэслэл нь хөрш залгаа газрын өмчлөгчийн нөлөөллийг хориглон хязгаарлах тухай эсвэл эрх зүйн хэм хэмжээ зөрчсөн хөрш залгаа газар эзэмшигчийн хууль бус үйлдлийг зогсоолгох аль нь болохыг тодруулснаар хэрэглэх хуулийг сонгох ажиллагааг шүүх зохих ёсоор явуулж чадаагүй байв.

Эрх зүйн хэм хэмжээг зөрчсөн хөршийн хууль бус үйлдэл, эс үйлдэл нь хөршийн нөлөөлөл гэх ойлголтод хамаарахгүй тул эдгээр  асуудлыг тодорхой болгож, хэрэглэх ёстой хэм хэмжээг  сонгох шаардлагатай болно.

2018 оны 7 дугаар сарын 31-ны өдрийн 01 дүгээр шинжээчийн дүгнэлтэд ...Б.Аын өвлийн байшин, амбаарт одоогоор нурах аюул нүүрлээгүй, уг өвлийн сууц нь шувуун нуруун дээвэргүй тул борооны ус тогтож, дотогш нэвтэрч байшингийн бат бэх чанарт сөргөөр нөлөөлөхөөр байна... гэсэн байх боловч шувуун нуруун дээврийг хийх нь угаалгын газрын барилгыг нэхэмжлэгчийн сууцанд тулгаж барьсан хариуцагчийн үйлдлээс шалтгаалсан  эсэх талаар тодруулаагүй нь буруу байна.   Хэрэгт байгаа фото зургаас үзэхэд хариуцагч нь нэхэмжлэгчийн  орон сууцны зориулалтаар амьдардаг байшинд тулгаж барилга барьсан, барилгын дээврээс нэхэмжлэгчийн байшин руу ус дусах боломжтой байна. Шинжээч энэ талаар дүгнэлт гаргахдаа хариуцагчийн барилга барьсан үйлдлийг орхигдуулж, нэхэмжлэгчийг байшиндаа шувуун нуруун дээвэр хийх шаардлагатай гэж үзсэн нь үндэслэлтэй болж чадаагүй, шүүх энэ талаар анхаараагүй нь учир дутагдалтай болжээ. Хариуцагч дээрх байдлаар барилгыг бариагүй бол нэхэмжлэгч нь орон сууцаа байгаа байдлаар нь эзэмшиж ашиглаж, дээвэр хийх шаардлагагүй эсэх нь ач холбогдолтой юм.

Хариуцагч гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчилж авсан газрыг угаалгын газар болгож зориулалтыг өөрчлөхдөө зөвшөөрөл авсан эсэх асуудал маргааны нэг зүйл болсон байхад шүүх энэ талаар дүгнэлт хийгээгүй байна.

Мөн хариуцагчийн угаалгын газрын барилга байгууламж зураг төслийн дагуу баригдсан, автомашины угаалгын үйл ажиллагаа нь MNS :5347:2003 стандартад нийцсэн болох нь хэрэгт байгаа баримтаар тогтоогдсон боловч ийнхүү үйл ажиллагаа явуулах нь хөрш этгээдийн орон сууцны ашиглалт, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчих эсэх талаар шүүх хууль зүйн бүрэн дүгнэлт хийх ёстой байна.

2018 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 01 дугаар шинжээчийн дүгнэлт, 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн анхан шатны шүүх хуралдаанд оролцсон шинжээч Б.Энхбаярын мэдүүлгээр угаалгын газрын ус шахах дуу чимээ Б.Аын сууцанд  зөвшөөрөгдөх хэмжээнд байсан талаар дурдсан боловч сууцны гадаа гарах, хашаандаа байхад хэрхэн нөлөөлөх талаар тодруулаагүй нь учир дутагдалтай байна. Сууц өмчлөгч өөрийн сууцанд болон  хашаандаа чөлөөтэй байж, өмчлөх эрхээ хэрэгжүүлэх эрхтэй юм.

Дээрх үндэслэлүүд нь хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, зохигчдын мэтгэлцэх эрхийг хязгаарласан ноцтой зөрчилд хамаарсан, зохигчдын хооронд үүссэн маргааны талаар эрх зүйн дүгнэлт өгөх боломжгүйд хүргэсэн байна.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж хяналтын шүүх үзлээ. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д  заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 130/ШШ2018/00684 дүгээр шийдвэр, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 212/МА2018/00127 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                  Ц.АМАРСАЙХАН

             ШҮҮГЧ                                                                         П.ЗОЛЗАЯА