Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 001/ХТ2018/00281

 

Б-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

        Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар      

 

            Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

            2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 573 дугаар шийдвэр,

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

            2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 212/МА2017/00129 дүгээр магадлалтай,                                                                                                                                            

            Б-ын нэхэмжлэлтэй,

            Ж-т холбогдох

            Автомашин угаалгын газрыг албадан нүүлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

            Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

            Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

        

          Нэхэмжлэгч Б-ын нэхэмжлэлд: Би Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 4 дүгээр багт өөрийн хувийн өмчлөлийн газарт өвлийн сууцны зориулалттай 90 м.кв талбайтай, зургаан өрөө /эрхийн бүртгэлийн Ү-0213004166 дугаартай үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээтэй/ байшинд олон жилийн турш амьдарч байна. Гэтэл Ж гэгч нь манайх амьдарч буй байшин байгууламжийн хажууд залгаа "Жөндеу" автомашины угаалгын газрыг 2015 онд барьж ашиглалтад оруулсан. Ж "Жөндеу" автомашины угаалгын газрыг манай байнга амьдарч буй байшингийн хажууд барьснаар автомашины угаалгын газрын орчимд оршин суугчид угаалгын газрын үйлчилгээнээс гарч буй бохир ус, худаг усны аюулгүй байдалд нөлөөлдөг, автомашины утаа тоос, дуу шуугиан, мөн тус угаалгын газрын зуухнаас гарч буй утаа /заримдаа дугуй шатаадаг/ нь манай өрхийн гишүүдийн эрүүл орчинд амьдрах эрхийг зөрчиж байна. Тухайн "Жөндеу" автомашины угаалгын газар нь Б миний амьдарч буй хувийн орон сууцнаас 1 м хүрэхгүй зайд, бохирын цооног нь 10 м хүрэхгүй зайд тус тус байрласан байна. Тус автомашины угаалгын газар нь төвлөрсөн цэвэр, бохир усны шугам сүлжээд холбогдоогүй, хэсгийн халаалтын системтэй байна. Төвлөрсөн бус ариун цэврийн байгууламж нь /бохирын цооног, үйлдвэрлэлээс гарсан бусад хог хаягдлыг цуглуулах хогийн цэг, нүхэн жорлон/ эрүүл ахуйн нөхцөлийн шаардлагыг хангаагүй байна. Энэ талаар Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн "Эрүүл ахуйн тухай" №04-03-034Ш7 дугаартай дүгнэлт, 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр "Ундны усны чанар аюулгүй байдлын тухай" №01-03-ООЗШ дугаартай дүгнэлт, 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн "Зөрчил арилгуулах тухай" № 04-07-097\66 дугаартай албан шаардлага гарсан юм. Ингээд "Жөндеу" автомашины угаалгын газрын үйл ажиллагааг мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр зогсоосон боловч одоо хүртэл дахин үйл ажиллагааг явуулж байна. Сүүлд "Жөндеу" авто машины угаалгын газар нь бохир усны цооногийг халуун усны бохир усны цооногтой холбосон боловч хууль журмаар тухайн айлаас 6 м байх шаардлагатай юм байна. Гэтэл одоогийн бодит байдлаар тус газрын бохир усны цооног нь манай өрхөөс 4 м орчим байгаа нь хууль журмыг бас зөрчиж байгааг нотолж байна. Тухайн газрын үйл ажиллагаанаас болж манай өрх эрүүл орчинд амар тайван амьдрах нөхцөл алдагдаж, бид маш их ядарч зовж байна. Эхнэр К.Айна маань өвчтэй учраас байнгын хэвтэрт байдаг учраас тэр хүнд бүр ч хэцүү болж байна. "Жөндеу" автомашины угаалгын газрын захирал Ж-т тухайн газрыг манай гэрийн орчмоос албадан нүүлгэх талаар удаа дараа шаардлага тавихад тэрээр хүлээн авахгүй, үл ойшоож өдий хүрлээ. Ж-т газар олгосон эрхийн гэрчилгээ маань зөвхөн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар олгосон боловч тэрээр уг газрыг зориулалтын дагуу ашиглахгүй үйлчилгээний зориулалттай ашиглаж байгаа явдалд гомдолтой байна. Одоо би зөрчигдсөн эрхийг хамгаалуулахаар шүүхэд хандаж байна. Иймд Ж-ийн өмчлөлийн "Жөндеу" автомашины угаалгын газрыг манай байшингийн орчмоос албадан нүүлгэх тухай шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

 

       Нэхэмжлэгч Б-ын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Хариуцагч Ж нь газраа гэр бүлийн зориулалтаар авсан боловч аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байгаа. Хоёрдугаарт энэ газарт хоёр компрессор ажиллуулдаг. Нэг нь угаалгын газрынх, нэг нь дугуй засварын газрынх. Энэ засварын газраа шөнийн 12 цаг хүртэл ажиллуулдаг. Миний эхнэр өвчтэй. Үүнээс болж тав тух алдагдаж байна. Мөн энэ байшин нь өндөр учраас борооны ус нь манай дээвэрт буудаг. Засварын газар болон манай гэрийн хоорондын зай нь маш бага. Байшиндаа засвар хийх ямар ч боломжгүй. Хэрвээ ямар нэгэн байдлаар гал гарвал нэг нэгнийгээ аврах ямар ч боломжгүй болсон. Энэ угаалгын газарт маш олон машин ирдэг тул манай хашааны хаалгыг хаагаад орж гарах боломжгүй болсон. Өмнөх хуралд хариуцагчийн өмгөөлөгч үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж бол айл гэрээс 15-20 зайтай байх ёстой гэж хэлж байсан. Одоо бол маш бага хэмжээтэй байгаа. Тиймээс энэ үйлдлийг хууль бус гэж үзэж нэхэмжлэл гаргасан гэжээ.

 

        Хариуцагч Ж-ийн тайлбарт: Нэхэмжлэгч Б-ын надад холбогдуулан шүүхэд гаргасан "Жөндеу автомашины угаалгын газрыг албадан нүүлгэх тухай" нэхэмжлэлтэй танилцаж дараах тайлбарыг гаргаж байна. Миний бие 2015 оноос эхлэн Өлгий сумын 4-р багийн нутаг дэвсгэрт өмчлөлийн газарт угаалгын газар нээн ажиллуулж 4-6 хүнийг байнгын ажилтай болгож байгаа. Би өөртөө хуулиар олгогдсон газарт үйл ажиллагаа явуулж байгаа болохоос Б-ын газарт барилга бариагүй. Б-ын байшин нь Өлгий хотын хамгийн хөл хөдөлгөөн ихтэй Тирлик захын хажууд байрладаг учраас захад ирж буй мянга мянган олны хөлөөс боссон тоос, машины утаанд намайг буруутгах учиргүй баймаар. Тирлик зах миний өмч биш учраас захын эргэн тойрны үнэр, утаа, тоосыг би хариуцахгүй. Дээрээс нь Өлгий сумын оршин суугчид бүгдээрээ Б-ын хөршүүд хүртэл хашаандаа бохирын цооног, нүхэн жорлонтой. Тэгж яривал Б өөрөө нүхэн жорлон ашиглаж байгаа шүү дээ. Цэвэр агаартай, тоос шороогүй, утаа униаргүй газарт амьдармаар байгаа бол заавал хөл хөдөлгөөнтэй Тирлик захын хажууд амьдрах албагүй. Иймээс өдөрт 10.000 хүн үйлчилгээ авдаг аймгийн хамгийн бохирдол ихтэй захын бие засах газраас 10 метрийн зайд хашаа татаж байшин барьсан мөртлөө агаар нь муухай үнэртэй байна хэмээн намайг буруутгаж байгааг ойлгохгүй байгаа төдийгүй ганцхан түүний хашаа, байшин тоос шороонд булагдсан мэтээр бичсэн зүйлд хэн ч итгэхгүй нь тодорхой. Б-ын байшингийн урьд 5 м зайд 4-5 гагнуурын газар ажилладаг бөгөөд гагнуурын утаа, хашаандаа байрлах дугуй засварын газрын шатаасан дугуйнаас гарсан утаанд манай авто угаалгыг буруутгаж байгаа нь үндэслэлгүй юм. Манай угаалгын газраас болж Б-д ямар хохирол учраад байгаа бол. Хохироод байгаа бол нэхэмжлэгч өөрөө нотлох баримтаа гаргаж өгч нотолно биз. Өлгий сумын 4-р баг бол аймгийн хэмжээнд хамгийн хөрсний бохирдолтой баг. 2-3 метрээс гүний худаг гардаг. Ус нь маш их бохирдолтой. Манайх зун гал түлдэггүй. Халаалтын зууханд дугуй шатаах боломжгүй. Энэхүү байдлыг олон жил амьдарсан хүний хувьд Бмэдсээр байж намайг буруутгаж байгаад гайхаж байна. Авто угаалгын газрын үйл ажиллагааг хянаж, зөвшөөрөл олгох эрх бүхий Мэргэжлийн Хяналтын газрын тавьсан шаардлагын дагуу тус угаалгын газар нь бохир, цэвэр усны төвийн төвлөрсөн шугамд холбогдсоны үндсэн дээр үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл авч уйл ажиллагаа явуулж байгаа. Угаалгын газраас гарсан бохир ус шугамын дагуу төвлөрсөн бохирын шугамд нийлдэг учраас орчин тойронд аюулгүй, стандарт шаардлагыг хангасан хэмээн үзэж Мэргэжлийн хяналтын газраас зөвшөөрөл өгсөн. Аймгийн хэмжээнд манай авто угаалга шиг төвлөрсөн бохирын шугамд холбогдсон угаалгын газар бараг байхгүй. Түүнээс биш нэхэмжлэгчийн хэлсэнчлэн дураараа үйл ажиллагаа явуулаагүй. Ер нь Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн тавьсан шаардлагыг биелүүлэхгүй байгаа бол тухайн байцаагч өөрөө албан шаардлагын биелэлтийг хангуулахын төлөө ажиллаж актын биелэлтийг хангуулахаар шүүхэд хүсэлт гаргадаг болохоос Булсын байцаагчийн албан шаардлагын биелэлтийг хангуулах эрх бүхий этгээд биш. Тоосжилт, нүхэн жорлон замбараагүй барьж байгуулсан цооног, хотын төвд байрласан захын асуудал манай аймгийн хэмжээнд тулгамдаж байгаа асуудал болохоос ганцхан Б-д үүсээд байгаа зүйл биш юм. Захын хажууд заримдаа зуны цагт тэсэхийн аргагүй байдалд хүрдгийг хүн бүр мэддэг. Иймээс үндэслэлгүй зүйлийг хөөцөлдөж, шүүхийн ажлыг хүндрүүлэх шаардлага байхгүй гэж үзэж байна. Тэгээд ч би Б-ын өмчлөлийн газарт угаалгын газар бариагүй учраас яагаад нүүлгэх ёстой гэж. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй төдийгүй зүйд нийцэхгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгох учиртай гэжээ.

           

         Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 573 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 106 дугаар зүйлийн 106.2-т заасныг баримтлан Ж-ийн Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багт байршилтай Жөндеу автомашин угаалгын газрыг албадан нүүлгэх тухай нэхэмжлэгч Б-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлого болгож шийдвэрлэжээ.

 

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 212/МА2017/00129 дүгээр магадлалаар: Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 573 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэжээ.

 

          Хариуцагч Ж-ийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 212/МА2017/00129 дугаартай магадлалыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр хяналтын гомдол гаргаж байна. Б-ын Ж надад холбогдуулан гаргасан “Жөндеу авто угаалгын газрыг албадан нүүлгэх тухай” нэхэмжлэлийг анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Гэтэл давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтийг зохих журмаар шийдвэрлээгүй гэж үзэж үүнийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.6-д заасныг зөрчсөн хэмээн хуулийг буруу тайлбарлан хэрэглэж шийдвэрийг хүчингүй болгон хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан нь үндэслэлгүй байна. Учир нь Бнь шүүхэд нэхэмжлэл гаргасан хугацаанаас эхлэн Я.Сьездийг өмгөөлөгчөөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан. Өмгөөлөгч Я.Сьздийн үзлэг хийлгэж өгөхийг хүссэн хүсэлтийг шүүгч 2017 оны 09 сарын 05-ны өдрийн 2219 дугаартай захирамжаар хангаж, улмаар маргаан бүхий газарт очиж хөндлөнгийн гэрчийг оролцуулан үзлэг хийж ИХШХШТХ-ийн 51 дүгээр зүйлийн 51.2-т заасан журмын дагуу үзлэгийн явцыг бэхжүүлэн тэмдэглэл хөтөлсөнд шүүхийг буруутгах үндэслэлгүй. Шүүх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтийг хангаж үзлэг хийхдээ ИХШХШТХ-ийг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь нотлогдохгүй байхад давж заалдах шатны шүүх үндэслэлгүйгээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосонд гомдолтой байна.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нэхэмжлэгчид мэргэжлийн хуулийн зөвлөгөө өгдөг учир хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад юуг тодруулж, юунд үзлэг хийлгэх хүсэлтэй байгаагаа хүсэлтдээ анхнаасаа тодорхой тусгаж шүүхэд гаргах ёстой. Шүүх юуг хүсээд байгаа нь тодорхойгүй ийм хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх ёстой байсан. Авто угаалгын газарт үзлэг хийлгэх, эсхүл хэмжилт хийлгэх, амар тайван байдал нь алдагдаж байгаа бол үүнийг тодруулах, бохир усны шугам зохих журмаар холбогдсон эсэхийг тодруулах гэх зэргээр ямар нөхцөл байдлыг нотлох зорилгоор үзлэг хийлгэж байгаагаа нэхэмжлэгчийн өмгөөлөгч хүсэлтдээ тодорхой тусгаагүй байхад давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийг үзлэгийг бүрэн хийгээгүй гэж үзсэн нь үндэслэлгүй. Хэрэв анхнаасаа нэхэмжлэгчийн өмгөөлөгч хүсэлтдээ үзлэг хийлгэх нөхцөл байдлын талаар тодорхой тусгасан бол шүүх уг хүсэлтийн дагуу үзлэг хийгээд явах байсан, шүүх бол өмгөөлөгчид хүсэлтийн агуулгыг заах эрхгүй учраас хэргийн оролцогч юуг хүснэ түүнийг л шийдвэрлэдэг. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч хүсэлтээ тодорхойгүй байдлаар гаргасан, үзлэг хийх гээд шүүхэд дуудаад байхад ирээгүй энэ байдлыг шүүх шийдвэр гаргахдаа харгалзан үзэх учиртай. Хэрэв мэргэжлийн өмгөөлөгч хүн хүсэлтийн шаардлагаа тодорхой тусгаж, үзлэг хийх явцад биечлэн ирж оролцож санал гаргаж, үзлэгийн тэмдэглэлд тусгуулах эрхтэй гэдгээ мэдсээр байж хайхрамжгүй хандсанд анхан шатны шүүх буруугүй юм. Шүүхээс авто угаалгын газарт хэмжилт хийж, дотор гадны харагдах байдал, ойр орчмын байдал, бохир усны шугамд тус тус үзлэг хийлгэх явцад үнэхээрийн эрх ашиг нь зөрчигдөөд байгаа бол нэхэмжлэгч Бнь биечлэн оролцсон мөртлөө санал гаргах эрх нь байсан ч энэхүү эрхээ эдэлж ямар ч санал гаргаагүй, саналгүй гэсэн талаар тэмдэглэлд тусгагдсан байдаг. Иймд би өөрийн хуулиар олгогдсон газарт үйл ажиллагаа явуулсан, Б-ын газарт барилга бариагүй байдалд анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд үндэслэлтэй дүгнэлт хийж Жөндеу авто угаалгын газрыг албадан нүүлгэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэж нэхэмжлэгч Б-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зүйд нийцэх тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

       Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д нийцсэн байна.

 

    Нэхэмжлэгч Бнь иргэн Ж-т холбогдуулан Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багт байрлах “Жөндеу” автомашины угаалгын газрыг албадан нүүлгэх тухай шаардлага гаргасан ба үндэслэлээ 2015 онд “Жөндеу” автомашин угаалгын газрыг түүний амьдарч буй байшингийн хажууд 1 м хүрэхгүй зайтай барьснаар гарч буй бохир ус нь худаг усны аюулгүй байдалд нөлөөлдөг, машины утаа тоос, дуу шуугиан манай өрхийн гишүүдийн эрүүл орчинд амьдрах эрхийг зөрчиж байна гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлсон байна.

 

         Хариуцагч нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг эс зөвшөөрч,  хуулиар олгосон өөрийн газарт үйл ажиллагаа явуулж байгаа болохоос Б-ын газарт барилга бариагүй, хөл хөдөлгөөн ихтэй “Тирлик” захын хажууд байрладаг, хамгийн бохирдол ихтэй газар амьдарч байж намайг буруутгах үндэслэлгүй, угаалгын газар цэвэр бохир усны төвлөрсөн шугамд холбогдсоны үндсэн дээр үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл авч үйл ажиллагаа явуулж байгаа гэж маргажээ.

 

        Анхан шатны шүүх “...Жөндеу авто угаалгын газрын буруутай ажиллагаанаас болж манай гэр бүлийн эрүүл орчинд амар тайван амьдрах нөхцөлийг алдагдуулсан гэж нэхэмжлэгчийн тайлбар хариуцагчийн буруутай үйлдлийн улмаас үүссэн тухай шууд нотлох баримтгүй, нэхэмжлэгчийн өмчлөх эрх ямар нэгэн байдлаар зөрчигдсөн, өмчлөгч Б нь өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд “Жөндеу” авто угаалгын газар нь ямар нэгэн байдлаар саад учруулж байгаа нь нотлогдоогүй” гэсэн үндэслэл зааж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон байна.  

 

         Хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараас үзэхэд нэхэмжлэлийн шаардлага нь Иргэний хуульд заасан өмчлөгчийн эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулж байгаа, эсхүл хөршийн нөлөөллийн улмаас нэхэмжлэгчийн эрх, ашиг нь хөндөгдөж байгаа аль үндэслэлд хамаарч байгаа нь ойлгомжгүй, маргааны бодит байдал тогтоогдсон гэж үзэх үндэслэлгүй байна. 

 

           Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр гаргасан “...шүүгчээр үзлэг хийлгэх болсон шалтгаан, үндэслэл нь маргаан бүхий объектуудын бодит байршлын хэмжилтийг нарийвчлан тогтоох, “Жөндеу” автомашины угаалгын газрын дээврээс зуны бороотой улиралд Б-ын өвлийн сууцанд маш их хэмжээгээр ус цутгагдаж, энэ нь өвлийн сууцны суурь болон бусад хэсгийг цаашид нураах аюултай байдал, уг газар шөнийн 24 цаг хүртэл үйлчилгээ явуулж байгаа учраас дуу шуугиан нь байшинд шууд сонсогдож, гэр бүлийн гишүүдийн амгалан тайван байдал алдагдах зэрэг сөрөг үр дагавар гарч байгаа” гэсэн хүсэлтийг 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 2219 дүгээр шүүгчийн захирамжаар хангаж шийдвэрлэж, үзлэг хийсэн боловч нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтэд дурдсан үндэслэлүүдээр үзлэг бүрэн хийгээгүй, үзлэгийг зөвхөн маргаан бүхий объектуудын хэмжилтээр хязгаарлаж дутуу хийсэн байхад нь хэргийг шийдвэрлэсэн анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасныг зөрчжээ.

 

         Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг тодруулаагүй, маргааны үндэслэл болсон уг автомашины угаалгын барилгын газрыг хариуцагч зориулалтын дагуу ашиглаж байгаа эсэхийг, зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримт бодитой тогтоогдоогүй, хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүхээс нотлох баримт бүрдүүлэх ажиллагааг гүйцэд хийгээгүй, нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн гэж дүгнэн шийдвэрийг хүчингүй болгосон давж заалдах шатны шүүхийг буруутгах үндэслэлгүй юм.

 

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

         1. Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 212/МА2017/00129 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

           

         2. Хариуцагч Ж-ээс хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                        ШҮҮГЧ                                                     Д.ЦОЛМОН