Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 130/ШШ2017/00573

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч М даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын  дүгээр багт оршин суух, А-н нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын дүгээр багт оршин суух, Б-д холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч, хариуцагчийн өмгөөлөгч, орчуулагч Т, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Е оролцов.

 

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 2-р багт байршилтай А-ийн өмчлөлийн автомашин угаалгын газрыг албадан нүүлгэх тухай.

 

Нэхэмжлэгч Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би Баян-Өлгий аймгийн Өлгий сумын  дүгээр багт өөрийн хувийн өмчлөлийн газарт өвлийн сууцны зориулалттай 90 м.кв талбайтай, зургаан өрөө /эрхийн бүртгэлийн Ү-*****дугаартай үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээтэй/ бүхий байшинд олон жилийн турш амьдарч байна. Гэтэл А гэгч нь манайх амьдарч буй байшин байгууламжийн хажууд залгаа "У" авто машины угаалгын газрыг 2015 онд барьж ашиглалтад оруулсан юм. А автомашины угаалыг газрыг манай байнга амьдарч буй байшингийн хажууд барьснаар авто машины угаалгын газрын орчимд оршин суугчид угаалгын газрын үйлчилгээнээс гарч буй бохир ус, худаг усны аюулгүй байдалд нөлөөлдөг, автомашины утаа тоос, дуу шуугиан, мөн тус угаалгын газрын зуухнаас гарч буй утаа /заримдаа дугуй шатаадаг/ нь манай өрхийн гишүүдийн эрүүл орчинд амьдрах эрхийг зөрчиж байна. Тухайн "У" автомашины угаалгын газар нь Б миний амьдарч буй хувийн орон сууцнаас 1 м хүрэхгүй зайд, бохирын цооног нь 10 м хүрэхгүй зайд тус тус байрласан байна. Тус автомашины угаалгын газар нь төвлөрсөн цэвэр, бохир усны шугам сүлжээд холбогдоогүй, хэсгийн халаалтын системтэй байна. Төвлөрсөн бус ариун цэврийн байгууламж нь /бохирын цооног, үйлдвэрлэлээс гарсан бусад хог хаягдлыг цуглуулах хогийн цэг, нүхэн жорлон/ эрүүл ахуйн нөхцөлийн шаардлагыг хангаагүй байна Энэ талаар Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн-2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн "Эрүүл ахуйн тухай" № 04-03-034Ш7 дугаартай дүгнэлт, 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр "Ундны усны чанар аюулгүй байдлын тухай" № 01-03-ООЗШ дугаартай дүгнэлт, 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн "Зөрчил арилгуулах тухай" № 04-07-097\66 дугаартай албан шаардлага гарсан юм.

 

Ингээд "У" автомашины угаалгын газрын үйл ажиллагааг мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр зогсоосон боловч одоо хүртэл дахин үйл ажиллагааг явуулж байна. Сүүлд "У" авто машины угаалгын газар нь бохир усны цооногийг халуун усны бохир усны цооногтой холбосон боловч хууль журмаар тухайн айлаас 6 м байх шаардлагатай юм байна. Гэтэл одоогийн бодит байдлаар тус газрын бохир усны цооног нь манай өрхөөс 4 м орчим байгаа нь хууль журмыг бас зөрчиж байгааг нотолж байна. Тухайн газрын үйл ажиллагаанаас болж манай өрх эрүүл орчинд амар тайван амьдрах нөхцөл алдагдаж, бид маш их ядарч зовж байна. Эхнэр К.Айна маань өвчтэй учраас байнгын хэвтэрт байдаг учраас тэр хүнд бүр ч хэцүү болж байна.

 

"У" автомашины угаалгын газрын захирал А-д тухайн газрыг манай гэрийн орчмоос албадан нүүлгэх талаар удаа дараа шаардлага тавихад тэрээр хүлээн авахгүй, үл ойшоож өдий хүрлээ. А-д газар олгосон эрхийн гэрчилгээ маань зөвхөн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар олгосон боловч тэрээр уг газрыг зориулалтын дагуу ашиглахгүй үйлчилгээний зориулалттай ашиглаж байгаа явдалд гомдолтой байна. Одоо би зөрчигдсөн эрхийг хамгаалуулахаар шүүхэд хандаж байна. Иймд А-ийн өмчлөлийн "У" авто машины угаалгын газрыг манай байшингийн орчмоос албадан нүүлгэх тухай шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Б шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: Хариуцагч А нь газраа гэр бүлийн зориулалтаар авсан боловч аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байгаа. Хоёрдугаарт энэ газарт хоёр компрессор ажиллуулдаг. Нэг нь угаалгын газрынх, нэг нь дугуй засварын газрынх. Энэ засварын газраа шөнийн 12 цаг хүртэл ажиллуулдаг. Миний эхнэр маань өвчтэй. Үүнээс болж тав тух алдагдаж байна. Мөн энэ байшин нь өндөр учраас борооны ус нь манай дээвэрт буудаг. Засварын газар болон манай гэрийн хоорондын зай нь маш бага. Байшиндаа засвар хийх ямар ч боломжгүй. Хэрвээ ямар нэгэн байдлаар гал гарвал нэг нэгнийгээ аврах ямар ч боломжгүй болсон. Энэ угаалгын газарт маш олон машин ирдэг тул манай хашааны хаалгыг хаагаад орж гарах боломжгүй болсон. Өмнөх хуралд хариуцагчийн өмгөөлөгч үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж бол айл гэрээс 15-20 зайтай байх ёстой гэж хэлж байсан. Одоо бол маш бага хэмжээтэй байгаа. Тиймээс энэ үйлдлийг хууль бус гэж үзэж нэхэмжлэл гаргасан юм гэв.

 

Хариуцагч А шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Нэхэмжлэгч Б-н надад холбогдуулан шүүхэд гаргасан "У авто машины угаалгын газрыг албадан нүүлгэх тухай" нэхэмжлэлтэй танилцаж дараах тайлбарыг гаргаж байна. Миний бие 2015 оноос эхлэн Өлгий сумын 4-р багийн нутаг дэвсгэрт өмчлөлийн газарт угаалын газар нээн ажиллуулж 4-6 хүнийг байнгын ажилтай болгож байгаа. Би өөртөө хуулиар олгогдсон газарт үйл ажиллагаа явуулж байгаа болохоос Б-н газарт барилга бариагүй. Б-н байшин нь Өлгий хотын хамгийн хөл хөдөлгөн ихтэй И захын хажууд байрладаг учраас захад ирж буй мянга мянган олны хөлөөс боссон тоос, машины утаанд намайг буруутгах учиргүй баймаар. И зах миний өмч биш учраас захын эргэн тойрны үнэр, утгаа, тоосыг би хариуцахгүй юм. Дээрээс нь Өлгий сумын оршин суугчид бүгдээрээ Б-н хөршүүд хүртэл хашаандаа бохирын цооног, нүхэн жорлонтой. Тэгж яривал Б өөрөө нүхэн жорлон ашиглаж байгаа шүү дээ. Цэвэр агаартай, тоос шороогүй, утга униаргүй газарт амьдармаар байгаа бол заавал хөл хөдөлгөөнтэй И захын хажууд амьдрах албагүй биз дээ.

 

Иймээс өдөрт 10000 хүн үйлчилгээ авдаг аймгийн хамгийн бохирдол ихтэй захын бие засах газраас 10 метрийн зайд хашаа татаж байшин барьсан мөртлөө агаар нь муухай үнэртэй байна хэмээн намайг буруутгаж байгаа нь ойлгохгүй байгаа төдийгүй ганцхан түүний хашаа, байшин тоос шороонд булагдсан мэтээр бичсэн зүйлд хэн ч итгэхгүй нь тодорхой. Б-н байшингийн урьд 5 м зайд 4-5 гагнуурын газар ажилладаг бөгөөд гагнуурын утаа, хашаандаа байрлах дугуй засварын газрын шатаасан дугуйнаас гарсан утаанд манай авто угаалыг буруутгаж байгаа нь үнэхээрийн үндэслэлгүй юм. Тэгээд ч манай угаалгын газраас болж Бад ямар хохирол учраад байгаа бол. Хохироод байгаа бол нэхэмжлэгч өөрөө нотлох баримтаа гаргаж өгч нотолно биз. Өлгий сумын  баг бол аймгийн хэмжээнд хамгийн хөрсний бохирдолтой баг. 2-3 метрээс гүний худаг гардаг. Ус нь маш их бохирдолтой. Манайх зуун гал түлдэггүй. Халаалтын зууханд дугуй шатаах боломжгүй. Энэхүү байдлыг олон жил амьдарсан хүний хувьд Б мэдсээр байж намайг буруутгаж байгаад үнэхээрийн хэлэх үг олдохгүй байна. Авто угаалгын газрын үйл ажиллагааг хянаж, зөвшөөрөл олгох эрх бүхий Мэргэжлийн Хяналтын газрын тавьсан шаардлагын дагуу тус угаалыг газар нь бохир, цэвэр усны төвийн төвлөрсөн шугамд холбогдсоны үндсэн дээр үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл авч уйл ажиллагаа явуулж байгаа. Угаалгын газраас гарсан бохир ус шугамын дагуу төвлөрсөн бохирын шугамд нийлдэг учраас орчин тойронд аюулгүй, стандарт шаардлагыг хангасан хэмээн үзэж Мэргэжлийн хяналтын газраас зөвшөөрөл өгсөн. Аймгийн хэмжээнд манай авто угаалга шиг төвлөрсөн бохирын шугамд холбогдсон угаалыг газар бараг байхгүй. Түүнээс биш нэхэмжлэгчийн хэлсэнчлэн дураараа үйл ажиллагаа явуулаагүй.

 

Ер нь Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн тавьсан шаардлагыг биелүүлэхгүй байгаа бол тухайн байцаагч өөрөө албан шаардлагыг биелэлтийг хангуулахын төлөө ажиллаж актын биелэлтийг хангуулахаар шүүхэд хүсэлт гаргадаг болохоос Б улсын байцаагчийн алба шаардлагын биелэлтийг хангуулах эрх бүхий этгээд биш. Тоосжилт, нүхэн жорлон замбараагүй барьж байгуулсан цооног, хотын төвд байрласан захын асуудал манай аймгийн хэмжээнд тулгамдаж байгаа асуудал болохоос ганцхан Бад үүсээд байгаа зүйл биш юм. Захын хажууд заримдаа зууны цагт тэсэхийн аргагүй байдалд хүрдгийг хүн бүр мэддэг. Иймээс үндэслэлгүй зүйлийг хөөцөлдөж, шүүхийн ажлыг хүндрүүлэх шаардлага байхгүй гэж үзэж байна. Тэгээд ч би Б-н өмчлөлийн газарт угаалгын газар бариагүй учраас яагаад нүүлгэх ёстой гэж. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй төдийгүй зүйд нийцэхгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгох учиртай гэжээ.

 

 

 

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн хэлэлцээд

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэгч Б-н нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Б нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын  дугаар багт байршилтай А-ийн өмчлөлийн У автомашин угаалгын газрыг албадан нүүлгэхийг хүссэн байна.

 

Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2012 оны 08 дугаар сарын 31-ны өдөр олгосон №000185046 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр нэхэмжлэгч Б нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын багийн хаягт байршилтай өвлийн сууцны зориулалттай 90 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч болох нь нотлогдож байна.

 

Монгол улсын Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 04-06-034/387 дугаартай Эрүүл ахуйн тухай дүгнэлтэд ... 1. Эрүүл ахуйн хамгаалалтын бүсийн хэмжээ ерөнхий шаардлага MNS 5105:2001 стандартын эрүүл ахуйн хамгаалалтын бүс нь 100 м-т байх аж ахуйн нэгж байгууллагын нийгэм ахуйн үйлчилгээний байгууламжид хамаарагдаж байгаа ч энэ стандартын шаардлагыг, 2. Автомашины угаалгын үйлчилгээ. Ангилал ерөнхий шаардлага MNS 5347:2003 стандартын 7.8 заасан автомашины угаалга эрхлэгч нь автомашин угаасан бохир усыг цэвэрлэх, зайлуулах, буцааж ашиглах зориулалтын тоног төхөөрөмж бүхий барилга байгууламжид угаах үйл ажиллагаа эрхлэн явуулна... гэсэн шаардлагыг тус тус хангахгүй байна. 3. Оршин суугчид хэрэглээний ундны усыг шинжилгээнд хамруулж, мэргэжлийн байгууллагаар дүгнэлт гаргуулаагүй тул автомашин угаалгын газрын автомашин угаасан бохир усыг худагны усны аюулгүй байдалд нөлөөлж буй эсэх талаар дүгнэлт өгөх боломжгүй байна гэжээ.

 

Монгол улсын Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 04-03-003/38 дугаартай Ундны усны чанар аюулгүй байдлын тухай дүгнэлтэд ...Өлгий сумын иргэн Бын энгийн гар худагны ус нь химийн үзүүлэлтээр Ундны ус. Эрүүл ахуйн шаардлага, түүнд тавих хяналт MNS 900:2005 стандартын 5.5.4 заалтыг, Нян судлалын лабораторийн Ундны ус. Эрүүл ахуйн шаардлага түүнд тавих хяналт MNS 900:2005 стандартын 6.1 зүйлийн 3 заалтын шаардлагыг хангаагүй ахуйн бохирдолтой байна. Тус иргэний энгийн гар худагны энгийн хамгаалалтын бүсийн дотроо усны эх үүсвэрийг бохирдуулагч байрлуулсантай холбоотой байгаа нь Усны тухай хуулийн 22.3 дугаар заалтыг зөрчиж байна гэжээ.

 

Монгол улсын Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 04-07-037/60 дугаартай Зөрчил арилгуулах тухай албан шаардлагад ...1. Засвар үйлчилгээний засварчдыг автотээврийн мэргэжлийн сургалтын болон авто үйлчилгээний төрөлжсөн мэргэшүүлэх сургалтад хамруулах 2. Барилга байгууламжийг эрүүл ахуй, ариун цэврийн шаардлагын дагуу цэвэр, бохир усны системд холбох. 3. Төвлөрсөн бус ариун цэврийн байгууламжийн /бохирын цооног, үйлдвэрлэлээс гарсан бусад хог хаягдлыг цуглуулах, хогийн цэг, нүхэн жорлон/ эрүүл ахуйн нөхцөл шаардлагыг хангаж, ажил үйлчилгээ нь хүрээлэн байгаа орчинд сөрөг нөлөөлөл үзүүлэхгүй байх нөхцөлийг бүрдүүлж ажиллах. 4. Засгийн газрын 311-р тогтоолын дагуу дотоод хяналт шалгалтын журам батлан мөрдөж ажиллах. Автотээврийн тухай хуулийн 192 дүгээр зүйлийн заалтуудыг хэрэгжүүлэн ажиллах гэжээ.

 

Монгол улсын мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 04-07-035/134 дугаартай дүгнэлтэд У авто угаалгын газрын эзэн Адалбек нь өргөдлийн мөрөөр хийгдсэн төлөвлөгөөт бус хяналт шалгалтаар өгөгдсөн үйл ажиллагааг зогсоосон тухай 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 04-07-037/139 тоот акт, 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 04-07-037/602 тоот зөрчил арилгуулах тухай улсын байцаагч нарын хамтарсан шийдвэрүүдийн биелэлтийг хангаж, зөрчлийг арга хэмжээ авч, угаалгын газраас гарч байгаа бохир усыг нэгдсэн системд холбох холболтыг хуулийн хүрээнд гүйцэтгэсэн талаар дурдаж уг үйлдэл нь Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.14 дэх заалтыг зөрчөөгүй болно гэж дүгнэжээ. Мөн У авто угаалгын газраас гарч байгаа бохир усыг нэгдсэн системд холбосон болох нь шүүхийн журмаар үзлэг хийсэн тухай тэмдэглэл болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

 

Хариуцагчаас У авто угаалгын газрын буруутай ажиллагаанаас болж манай гэр бүлийн эрүүл орчинд амар тайван оршинд амьдрах нөхцөлийг алдагдуулсан гэж тайлбарласан боловч энэхүү байдал хариуцагчийн буруутай үйлдлийн улмаас үүссэн тухай шууд нотлох баримтгүй, нэхэмжлэгчийн өмчлөх эрх ямар нэгэн байдлаар зөрчигдсөн, өмчлөгч Б нь өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд У авто угаалгын газар нь ямар нэгэн байдлаар саад учруулж байгаа нь нотлогдоогүй байна.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтаар У авто угаалгын газрыг бүхэлдээ албадан нүүлгэх үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч А-ийн У автомашин угаалгын газрыг албадан нүүлгэх тухай нэхэмжлэгч Б-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 106 дугаар зүйлийн 106.2-т заасныг баримтлан А-ийн У автомашин угаалгын газрыг албадан нүүлгэх тухай нэхэмжлэгч Б-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                        М