| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Дарьсүрэн |
| Хэргийн индекс | 106/2020/0804/Э |
| Дугаар | 2020/ДШМ/1406 |
| Огноо | 2020-11-05 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | А.Дүүрэнбилэг |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 11 сарын 05 өдөр
Дугаар 2020/ДШМ/1406
106/2020/0804/Э
2020 11 05 2020/ДШМ/1406
Ц.Л-ад холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор А.Дүүрэнбилэг,
шүүгдэгч Ц.Л-а, түүний өмгөөлөгч Г.Хандсүрэн,
нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Отгонбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 831 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ц.Л-а, түүний өмгөөлөгч Г.Хандсүрэн нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Ц.Л-ад холбогдох эрүүгийн 2005016731248 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Л-а,
Ц.Л-а нь 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хороо, 1 дүгээр байрны зогсоолд байрлуулсан Б.Э-ын эзэмшлийн “Toyota probox” загварын 0000 УНО улсын дугаартай тээврийн хэрэгсэлд хууль бусаар нэвтэрч, 18-105 дурантай “Nikon D90” загварын зургийн аппаратыг хулгайлан авч, 700.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянгол дүүргийн прокурорын газраас: Ц.Л-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Л-ыг хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг тусгайлан хамгаалсан агуулахад нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, шүүгдэгч Ц.Л-ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорихоор шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Ц.Л-а давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...миний бие хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Авсан эд зүйлийг буцаан өгч хохирлоо барагдуулсан. Би өндөр настай, эрүүл мэндийн хувьд бөөрний үрэвсэлтэй, даралт байнга унадаг, толгой байнга өвддөг. Ар гэрийн хувьд сургуулийн насны гурван хүүхэдтэй, эхнэр ажилгүй гэртээ, биеийн байдал нь муу, эмнэлгийн хяналтад байдаг зэргийг харгалзан хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Ц.Л-ын өмгөөлөгч Г.Хандсүрэн давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүх хохирогчийн автомашины цонх онгорхой байсан хэдий ч шүүгдэгч Ц.Л-а нь бусдын өмчлөлийн эд зүйлээ хадгалж үлдээсэн тээврийн хэрэгсэлд нэвтрэх эрхгүй бөгөөд түүний үйлдлийг агуулах буюу бусдын тээврийн хэрэгсэлд нэвтэрч эд зүйлс хулгайлсан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж дүгнэн Ц.Л-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг тусгайлан хамгаалсан агуулахад нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсон. Өмгөөлөгчийн зүгээс Ц.Л-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу хулгайлах гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзэж хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэх санал гаргасан. Хэргийн үйл баримтын талаар авч үзвэл шүүгдэгч Ц.Л-а нь 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр байрны гадна зогсоолд байрлуулсан “Toyota probox” загварын 0000 УНО улсын дугаартай автомашины цонх онгорхой байхаар нь цонхоор нь гараа оруулж хаалгыг нь онгойлгож суудлын голд байсан зургийн аппаратыг авсан. Үүнээс үзэхэд, хохирогч нь өөрийн эзэмшлийн автомашины цонхыг хайхрамжгүй байдлаасаа онгорхой орхиод гэр лүүгээ орсон байсныг далимдуулан шүүгдэгч Ц.Л-а нь бусдын эд зүйлсийг хулгайлах сэдэл үүссэн гэж дүгнэхээр байна.
Түүнчлэн хүн амьдрах орон байр, хамгаалсан байр, агуулах нь шүүгдэгчийн хувьд нэвтрэхийг зөвшөөрөгдөөгүй, эсхүл тухайн цаг хугацаанд нэвтрэхийг хориглосон орон зай байх ба хориг саад, хамгаалалтыг бусдад мэдэгдэхээр байрлуулсан, эсхүл хориг саадтай болохыг анхааруулсан тэмдэг, тэмдэглэгээтэй байх бөгөөд шүүгдэгч энэхүү хоригийг мэдсээр байж зөрчсөн үйлдэл нь түүнийг хууль бус нэвтрэлтэд буруутгах объектив болон субъектив нөхцөл байдлын үндэслэл болдог. Гэтэл хохирогч нь өөрийн эзэмшлийн машины цонхыг онгорхой орхиж нийтийн эзэмшлийн талбайд байршуулсан байсан. Шүүгдэгч машинд нэвтрэхдээ түлхүүр тааруулах, багаж хэрэгсэл ашиглах, хаалга эвдэх зэргээр орсон бол хууль бус нэвтрэлт гэж үзэж хохирлын хэмжээг үл харгалзан энэхүү шинжээр хүндрүүлж зүйлчлэх байсан. Иймд Ц.Л-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлилж, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөргүй, насны байдал зэргийн харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар тэнсэж, үүрэг хүлээлгэх арга хэмжээ авч өгнө үү. ...” гэв.
Прокурор А.Дүүрэнбилэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...шүүгдэгчийн өмгөөлөгчөөс тээврийн хэрэгсэлд нэвтэрч байгаа нь агуулах, саванд хамаарахгүй гэж тайлбарлаад байгааг хүлээн авах боломжгүй. Тээврийн хэрэгсэл нь өөрийн эд зүйлийг хамгаалах зориулалт бүхий агуулах, сав гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсын бөгөөд үндэслэлтэй гарсан байх тул шүүгдэгч болон түүний өмгөөлөгчөөс гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Ц.Л-а нь 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хороо, 1 дүгээр байрны зогсоолд байрлуулсан Б.Э-ын эзэмшлийн “Toyota probox” загварын 0000 УНО улсын дугаартай тээврийн хэрэгслийн цонхоор гараа оруулж /цонхоо хагас онгорхой орхисон байсан/ хаалгыг нь онгойлгон голын хайрцагт байсан 18-105 дурантай “Nikon D90” загварын зургийн аппаратыг хулгайлан авч, 700.000 хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
хохирогч Б.Э-ын “...өөрийн хайхрамжгүй зангаасаа болж машиныхаа урд талын жолоочийн эсрэг талын цонхийг хаахаа мартаж гэр лүүгээ орсон байсан. Өдрийн 13 цагийн үед хорооны цагдаа Эрдэнэхүү залгаж “таны машины цонх онгорхой байна, та гарч ирээд цонхоо хаагаад, машинаа шалга” гэж хэлэхээр нь гараад үзтэл урд суудлын голын хайрцагт байсан зургийн аппарат байхгүй болсон байсан. ...” /хх 7-8/,
гэрч Э.Цэнгэлийн “...манай машины хажуу талд цагаан өнгийн “Toyota probox” загварын автомашин байсан ба жолоочийн эсрэг талын цонх онгорхой байхаар нь машины эзэн нь ойрхон байгаа юм байлгүй гэж бодоод тоогоогүй, утсаар ярьж байсан. Тэгтэл 55-60 орчим насны бор царайтай, буурал үстэй, ногоон эрээн алаг хамгаалалтын хувцас өмссөн хар өнгийн түрүүтэй гутал өмссөн хүн уг машины хажууд ирээд зогсохоор нь байрны хамгаалагч юм байна гэж бодсон. Тэгтэл онгорхой цонхоор гараа оруулаад хаалгыг онгойлгоод машины арын суудал руу ороод суусан ба нэг секунд л болсон байх машинаас гарч ирэхдээ жижиг саарал цүнх бариад машинаас буусан. ...” /хх 11/,
гэрч Д.Яндагийн “…манай байрны гадна зогсоол дээр хүрч ирээд цагаан өнгийн машины хажууд зогсоод цонхоор нь гараа хийгээд байх шиг байсан. Төд удалгүй машины арын суудал руу орж суухдаа саарал өнгийн даавуун боодолтой зүйл авч буугаад хажууд нь байсан саарал өнгийн машинд суугаад хөдлөөд явсан...” /хх 12-13/ гэ мэдүүлгүүд,
гэрэл зургаар таньж олуулах тэмдэглэл /хх 33-38/, алдагдсан эд зүйлийн үнэлгээ /хх 20-21/ болон анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн ба эдгээр нь хоорондоо ноцтой зөрүүгүй, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чаджээ.
Шүүгдэгч Ц.Л-ын өмгөөлөгч Г.Хандсүрэн “...шүүгдэгч нь хулгайлах гэмт хэргийг тусгайлан хамгаалсан агуулахад нэвтэрч үйлдээгүй тул зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, хорих ял оногдуулахаар тэнсэж өгнө үү. ...” гэж давж заалдах гомдол гарган, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн зүйлчлэлийн талаар маргажээ.
Прокуророос Ц.Л-ыг хулгайлах гэмт хэргийг тусгайлсан хамгаалах агуулахад буюу тээврийн хэрэгсэлд нэвтэрч үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн бөгөөд анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг нотлох баримтад тулгуурлан бодитой тогтоосон байх боловч хулгайлах гэмт хэргийг “тусгайлсан хамгаалах агуулахад буюу тээврийн хэрэгсэлд нэвтэрч үйлдсэн” гэх хүндрүүлэх шинжийг Эрүүгийн хуульд заасан жинхэнэ агуулгаар нь зөв тайлбарлаж хэрэглээгүй, алдаатай дүгнэлт хийжээ.
Хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн тохиолдолд хохирлын хэмжээнээс үл шалтгаалж уг шинжээр хүндрүүлэн зүйлчлэхээр хуульчилсан тул шүүгдэгчийн эрх зүйн байдалд ноцтой нөлөөлөх шинж чанарыг харгалзан үзэж хууль бус нэвтрэлт тогтоогдсон гэж үзэж буй бол шүүх энэ талаарх тайлбар, үндэслэлийг тогтоолд заавал тусгаж байх ёстой.
Хүн амьдрах орон байр, хамгаалсан байр, агуулах нь шүүгдэгчийн хувьд нэвтрэхийг зөвшөөрөгдөөгүй эсвэл тухайн цаг хугацаанд нэвтрэхийг хориглосон орон зай байх ба хориг саад, хамгаалалтыг бусдад мэдэгдэхээр байршуулсан, эсвэл хориг саадтай болохыг анхааруулсан тэмдэг, тэмдэглээтэй байх бөгөөд шүүгдэгч энэхүү хоригийг мэдсээр байж зөрчсөн үйлдэл нь түүнийг хууль бус нэвтрэлтэд буруутгах объектив болон субъектив нөхцөл байдлын үндэслэл болно.
Хуульд заасан үндэслэл, журмын дагуу мөрдөн шалгах ажиллагаагаар олж авагдсан, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудад тулгуурлан анхан шатны шүүхээс тогтоосон үйл баримтаас үзэхэд шүүгдэгч Ц.Л-ыг хохирогч Б.Э-ын эзэмшлийн “Toyota probox” загварын 0000 УНО улсын дугаартай тээврийн хэрэгсэлд хууль бусаар нэвтэрсэн гэж үзэх үндэслэлгүй гэж дүгнэлээ.
Учир нь, хохирогч Б.Э- нь автомашинаа зогсоолд байрлуулан буухдаа тээврийн хэрэгслийн жолоочийн эсрэг талын цонхоо онгорхой орхисон, шүүгдэгч нь уг тээврийн хэрэгсэлд орохдоо түлхүүр тааруулах, цоожийг эвдэх, цонхоор орох зэргээр хууль бус арга хэрэглээгүй бөгөөд хохирогч Т.Э-, гэрч Э.Цэнгэл, Д.Яндаг болон шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэргээс уг нэвтрэлт хууль бус байсан гэж дүгнэх нотлох баримтын үндэслэл хангалтгүй байна.
Харин шүүгдэгч Ц.Л-а нь тухайн тээврийн хэрэгсэлд байсан Т.Э-ын өмчлөлийн 18х105 дурантай “Nikon D90” загварын зургийн аппаратыг хулгайлсан үйлдэл нь нотлогдсон боловч хохирогчийн эд зүйлийг авах сэдэлт, санаа уг автомашины цонх онгорхой байсны улмаас үүссэн байна.
Иймээс давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “...шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөн ялыг хөнгөрүүлж ... болно.” гэж заасан эрх хэмжээний хүрээнд Ц.Л-ад холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч Ц.Л-а нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.5 дахь заалтуудад зааснаар тэнссэн хугацаанд зан үйлээ засах, оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Дээр дурдсан үндэслэлүүдээр шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтүүдийг оруулж, хэргийн зүйлчлэл, ял шийтгэлийг хөнгөрүүлэх талаар гаргасан шүүгдэгч Ц.Л-а болон түүний өмгөөлөгч Г.Хандсүрэн нарын давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 831 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт: “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг баримтлан Баянгол дүүргийн прокурорын газраас Ц.Л-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг” болгон зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилсүгэй.” гэсэн нэмэлт заалт оруулж,
тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “...Л-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.” гэж,
тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч н Л-ад хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.” гэж тус тус өөрчилж,
тогтоох хэсгийн 3 дахь заалтыг хүчингүй болгож,
тогтоох хэсэгт “...шүүгдэгч Ц.Л-ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар “зан үйлээ засах”, 2.5 дахь заалтад зааснаар “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг тус тус хүлээлгэсүгэй. ...” гэсэн,
“...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг Ц.Л-ад мэдэгдсүгэй. ...” гэсэн нэмэлт заалтуудыг тус тус оруулж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.Л-а, түүний өмгөөлөгч Г.Хандсүрэн нарын “...хэргийн зүйлчлэлийг өөрчилж, ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг хүлээн авсныг дурдсугай.
2. Шүүгдэгч Ц.Л-а нь 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдрөөс 11 дүгээр сарын 5-ны өдөр хүртэл 44 /дөчин дөрөв/ хоног цагдан хоригдсон болохыг дурдаж, түүнийг нэн даруй сулласугай.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ОЧ
ШҮҮГЧ Ш.БАТ-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН