Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 263

 

Г.Б-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Д.Ганзориг, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын ахлах прокурор Ш.Эрдэнэбилэг, нарийн бичгийн дарга Б.Дүүрэнжаргал нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 43 дугаар цагаатгах тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 338 дугаар магадлалтай, Г.Б-д холбогдох 201726010394 дугаартай эрүүгийн хэргийг Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын Ерөнхий прокурор Д.Отгонбаярын гаргасан эсэргүүцлийг үндэслэн 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Ганзоригийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1964 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгүүлж байгаагүй, Б овогт Г-гийн Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан” гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй гэсэн үндэслэлээр прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, Г.Б-г цагаатгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.Б-д эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулсан Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дүүргийн прокурорын газарт буцааж шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, прокурор Т.Отгонтөгсийн бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын Ерөнхий прокурор Д.Отгонбаяр гаргасан эсэргүүцэлдээ “...Анхан шатны шүүхийн “шүүгдэгч Г.Б нь дүү Г.Б-тэй архидан согтуурч, дүүгээ “архи уулаа” гэж загнахад хохирогч Г.Б ахыгаа цохиж, улмаар шүүгдэгч нь хутгаар хохирогчийн гэдсэн тус газар хутгалагдсан үйл баримт тогтоогдож байна” гэсэн дүгнэлтээс үзэхэд Г.Б-д холбогдох хэргийн хувьд ах нь дүүгээ хутгалж гэм буруугийн санаатай хэлбэрээр эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэргийг хутгыг зэвсгийн чанартай хэрэглэн үйлдсэн гэж үзэхээр байна. Мөн давж заалдах шатны шүүх “хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд хохирогч Г.Б, шүүгдэгч Г.Б нараас өөр хүн тэдэнтэй хамт байгаагүй бөгөөд тэд хамт архи, пиво ууцгаасан, Г.Б-ийг архи уулаа гэж загнасан, энэ үед Г.Б уурлаж түүний шанаа руу нэг удаа цохиж, улмаар хамтдаа зууралдан унах үедээ хутгалагдсан талаар тодорхой мэдүүлжээ” гэж дүгнэснээс үзэхэд дээрх хэргийг Г.Б санаатай үйлдсэн байж болохоор ойлгогдож байна.

Дээрх нөхцөл байдлыг нэгтгэн дүгнэвэл, тухайн хэрэг үйлдэгдэх үед Г.Б, Г.Б хоёроос өөр хүн байгаагүй, шинжээчийн дүгнэлтээр Г.Б-ийн бие махбодид хүнд гэмтэл учирсан болох нь тогтоогдсон, Г.Б мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт “дүү Г.Б-ийг хутгаар хатгах ямар нэгэн шалтгаан байгаагүй, болгоомжгүйгээр биед нь хүнд гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байгаа” тухайгаа мэдүүлсэн, хохирогч Г.Б хутгаар хатгагдсан талаар мөрдөн байцаалтад мэдүүлсэн, хутгыг хураан авч эд мөрийн баримтаар тооцсон баримтууд хэрэгт цугларсан байхад түүнд холбогдох хэргийг гэм буруутай эсэхэд эргэлзээ гарсан үндэслэлээр цагаатгасан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл, энэ гэмт хэргийг Г.Б-гээс өөр этгээд үйлдээгүй байхад цагаатгаж, хэргийг хэрэг бүртгэлтэд буцаасан. Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 1.2-т шүүхийн бүрэн эрхийг тодорхой заасан байхад хутгалагдсан үйл баримт тогтоогдож байна гэсэн дүгнэлт хийсэн атлаа урьдчилсан хэлэлцүүлэг зарлан хуралдуулалгүй, яллагдагчийг шүүхэд шилжүүлж, улмаар Г.Б-г цагаатгаж, түүнд ял завшуулж байгаа нь Эрүүгийн хуульд заасан “гэмт хэрэг үйлдсэн хүнд өөрт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэсэн зарчимд нийцэхгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаана уу” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор Ш.Эрдэнэбилэг гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “...Шүүгдэгч нь төрсөн дүүгийнхээ хэвлийн тус газар хутгалж, хүнд гэмтэл санаатай учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай нотлогдож тогтоогдсон. Прокуророос шүүгдэгчийн санаатай үйлдсэн гэмт хэргийг болгоомжгүйгээр үйлдсэн гэж гараагүй гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдсэн. Шүүгч уг хэргийг хүлээж аваад 15 хоногийн дотор яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн нь буруу байна. Хохирогч нь шүүгдэгчид хутгалуулсан талаараа тогтвортой мэдүүлж байсан. Санаатай гэмт хэрэг үйлдсэн гэдэг нь нотлох баримтаар нотлогдож байхад шүүх үүнийг анхаарч үзэлгүй хэргийг шийдвэрлэсэн. Иймд прокурорын эсэргүүцлийг дэмжиж байгаа тул хэргийг анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаах нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас яллагдагч Г.Б-г 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 19 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын Х тоотод дүү Г.Б-ийг “архи уулаа” гэсэн шалтгаанаар загнаж, хоорондоо маргалдан газар унахдаа Г.Б-ийн хэвлий рүү хутгаар хатгаж, эрүүл мэндэд нь хүнд хохирол болгоомжгүй учруулах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдах үндэслэлтэй гэсэн хууль зүйн дүгнэлт хийж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх “...шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар Г.Б нь Г.Б-д учруулсан гэмтлийг ямар хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл бусад ямар болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр учруулсан болох нь нотлох баримтуудтай зөрүүтэй, зөвхөн шүүгдэгч Г.Б-гийн мэдүүлэгт тулгуурлан нэг талыг барьж ялласан, хууль зүйн дүгнэлтийг эргэлзээгүйгээр хийж чадаагүй” гэсэн үндэслэлээр Г.Б-г болгоомжгүй гэмт хэрэгт яллах үндэслэлгүй гэж цагаатган хэргийг прокурорт буцаасан байна.

Давж заалдах шатны шүүх “...нотлох баримтуудаас үзэхэд, шүүгдэгч доош харан хэвтээ байрлалд байхдаа баруун гартаа барьсан хутгаар хохирогчийн хэвлийн тус газарт хатгасан байрлал, хөдөлгөөний чиглэл, хохирогч, шүүгдэгч нарын хоорондын харьцаа, болсон үйл явдал, хохирогчид учирсан гэмтлийн шинж зэргээс дүгнэхэд, Г.Б нь дүү Г.Б-ийн биед хүнд хохирол учруулсан үйлдэлдээ хандсан хандлага нь тухайн үед бүрэлдсэн нөхцөл байдлыг буруу ойлгож, учирч болох үр дагаврын бодит шинжийг ухамсарлалгүйгээр хайхрамжгүй хандсан, эсхүл учрах хор уршгийг мэдэж байсан боловч тухайн хор уршигт хүргэлгүйгээр зайлуулж чадна хэмээн хөнгөмсгөөр найдсан” шинжгүй байгааг тэмдэглэж, анхан шатны шүүх хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэж, Г.Б-г цагаатгасан нь үндэслэлтэй гэж дүгнэжээ.

Анхан шатны шүүх “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь ...прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэм хэмжээний дотор хэргийг хянан шийдвэрлэхдээ Г.Б нь хүний биед болгоомжгүй хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдон тогтоогдоогүй тул энэхүү гэмт хэрэгт гэм буруутайд тооцох үндэслэлгүй гэж үзэж, түүнийг цагаатгахдаа Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байх бөгөөд энэхүү шийдвэрийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээснийг зөв гэж үзнэ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, шүүхийн шийдвэрт нөлөөлсөн эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал бүхий зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллагдагчийн гэм буруу, Эрүүгийн хуулийн хэрэглээний асуудлыг хэлэлцэхгүй байхаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 11 дэх хэсэгт тодорхой хуульчилсан тул прокурорын эсэргүүцэлд дурдсан “уг гэмт хэрэг санаатай үйлдэгдсэн, шүүх ийнхүү үзэж байгаа бол өөрийн санаачилгаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах ёстой байсан” гэсэн асуудлыг шүүх өөрийн санаачилгаар урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцүүлэх хууль зүйн үндэслэлгүй гэж үзнэ.

Анхан болон давж заалдах шатны шүүх Г.Б-г цагаатгаж шийдвэрлэсэн тул түүнд холбогдуулан дахин мөрдөн шалгах ажиллагаа явуулах тохиолдолд Г.Б-д холбогдох цагаатгах тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр бүлэгт заасан журмаар шийдвэрлэвэл зохино.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, цагаатгах тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 43 дугаар цагаатгах тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 338 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын Ерөнхий прокурор Д.Отгонбаярын гаргасан эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

                       

                        ДАРГАЛАГЧ                                                 Б.ЦОГТ

                        ШҮҮГЧ                                                         С.БАТДЭЛГЭР

                                                                                            Б.БАТЦЭРЭН

                                                                                            Д.ГАНЗОРИГ

                                                                                            Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН