| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намдагсүрэнгийн Батсайхан |
| Хэргийн индекс | 106/2020/0034/Э |
| Дугаар | 2020/ДШМ/1365 |
| Огноо | 2020-10-27 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | С.Эрдэнэбаяр |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 10 сарын 27 өдөр
Дугаар 2020/ДШМ/1365
М.О-д холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч М.Алдар, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор С.Эрдэнэбаяр,
шүүгдэгч М.О-, түүний өмгөөлөгч О.Мөнхболд,
нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж, шүүгч М.Далайхүү, Л.Одончимэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 2020/ШЦТ/774 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, шүүгдэгч М.О-, түүний өмгөөлөгч О.Мөнхболд нарын гаргасан давж заалдах гомдлуудаар М.О-д холбогдох эрүүгийн 1905024610489 дугаартай хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.
М.О-, 1990 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Баянхонгор аймагт төрсөн, 30 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эх, хүүхдүүдийн хамт оршин суух бүртгэлтэй гэх, ял шийтгэлгүй,
М.О- нь 2019 оны 6 дугаар сарын 3-ны өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Зүүннарангийн 6 дугаар гудамжны 138 тоотод зуухны дэгээ төмрийг зэвсгийн чанартайгаар ашиглаж иргэн Г.Т-ын толгойн тус газар нь цохиж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан,
мөн 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Зүүннарангийн 6 дугаар гудамжны 138 тоотод иргэн Д.О-ийн биед халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Баянгол дүүргийн прокурорын газраас: М.О-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалт, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч М.О-ыг тусгайлан зэвсгийн чанартай эд зүйл хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан, мөн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 5 жилийн хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар оногдуулсан 5 жилийн хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 төгрөгийн хорих ялыг 1 хоногоор тооцож, түүний биечлэн эдлэх хорих ялыг 5 жил 1 сарын хугацаагаар тогтоож, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч М.О-ын 2007 оны 12 дугаар сарын 13-ны өдөр төрсөн хүү О.Эрдэнэбаатарын асран хамгаалагчаар Д.Уранчимэгийг, 2012 оны 2 дугаар сарын 29-ний өдөр төрсөн охин О.Чанцал, 2013 оны 10 дугаар сарын 23-ны өдөр төрсөн охин О.Анударь нарын асран хамгаалагчаар Н.Пунцагийг тогтоосон болохыг дурдаж, шүүгдэгч М.О-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Шүүгдэгч М.О- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...хэрэг болох үед зуухны дэгээ төмрийг зориуд бэлтгэн тухайн айлд авч ороогүй талаараа мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт удаа дараа мэдүүлсээр байхад ийнхүү шийдвэрлэж байгаад гомдолтой байна. Зуухны дэгээ төмөр нь Монгол гэрт амьдарч байгаа өрх бүрт өргөн хэрэглэгддэг. Тухайн айлд ороход хохирогч нь нэлээн согтолттой байсан бөгөөд биеэ хамгаалах чадваргүй намайг хүчиндэхээр довтолсныг би бүдэг бадаг санадаг. Өөрөө өөрийгөө хамгаалж гарснаараа би өнөөдөр хохирогч биш, шүүгдэгч боллоо. Миний бие 6-13 насны 3 хүүхдийн хамт өрх толгойлон амьдардаг. Цагдан хоригдоод 1 жилийн нүүр үзлээ. Энэ хугацаанд өндөр настай эх маань шаналж, биеийн байдал нь дордож байна. Иймд хувийн байдлыг маань харгалзан шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч М.О-ын өмгөөлөгч О.Мөнхболд давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...1. Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн тайлбар хэсэгт “иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалттай эд зүйл”-ийг зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйлд хамааруулахаар, мөн “тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж хүний биед гэмтэл, эд хөрөнгөд хохирол учруулахаар тусгайлан бэлтгэсэн, засаж тохируулсан хүйтэн зэвсэг, галт зэвсэг, эд зүйл, хэрэгслийг ойлгоно гэж тайлбарлажээ. Энэ нь анхан шатны шүүхийн дүгнэлтэд дурдсан “хүчин чадалтай” гэх бус “устгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалттай” эд зүйл байхыг шаардаж байна. Гэтэл зуухны дэгээ төмөр нь галын үнс буулгах, зуухны ам нээх, хаах, галыг цогшуулах зэрэг зориулалтаар ашигладаг гал түлдэг айлуудад өргөн хэрэглэдэг ахуйн эд зүйл болохоос гадна аливаа биетийг устгах, гэмтээх зориулалттай эд зүйл биш юм. Мөн анхан шатны шүүх “зуухны дэгээ төмрийг тусгайлан бэлтгэсэн байдал байхгүй” гэж дүгнэсэн атлаа “тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж” гэж гэм буруутайд тооцсон нь үндэслэлгүй болсон. Аливаа биетийг устгах, гэмтээх хүчин чадалтай эд зүйл бүрийг зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйлд хамааруулна гэж ойлговол үзэг, бал, харандаа гэх мэт зүйлсүүд хүртэл зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйлд хамаарах бөгөөд ингэж хуулийн дээрх тайлбарыг хэт өргөжүүлж хавтгайруулж ойлгон шүүх хэргийг шийдвэрлэвэл маш буруу жишиг тогтох эрсдэлтэй гэж үзэж байна. 2. Миний үйлчлүүлэгчийг зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн гэж үзэж байгаа бол мөрдөгч болон прокурорын зүгээс зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйлийг хэрэгт эд мөрийн баримтаар зайлшгүй тооцох ёстой юм. Гэтэл хэрэг учрал болсноос хойш бүтэн 1 жилийн дараа тухайн үед байсан эсэх нь тодорхойгүй зуухны дэгээ төмрийг эд мөрийн баримтаар тооцсоныг өмгөөлөгчийн зүгээс нотлох баримтаар тооцохгүй байх хүсэлт гаргасан боловч шүүх хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн. Хэдийгээр анхан шатны шүүх дээрх нотлох баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй, нотлох баримтаар үнэлээгүй гэж байгаа боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлд заасны дагуу шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх боломжтой байсан гэж үзэж байна. Иймд хэргийг зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж, оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.
Прокурор С.Эрдэнэбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн тайлбар хэсэгт “Энэ хуульд заасан “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалттай эд зүйл, тоног төхөөрөмж, хэрэгслийг хамааруулж ойлгоно. Зэвсэг нь галт, хүйтэн, хийн, үйлдвэрийн, гар хийцийн аль нь ч байж болно. “Тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж хүний биед гэмтэл, эд хөрөнгөд хохирол учруулахаар тусгайлан бэлтгэсэн, засаж тохируулсан хүйтэн зэвсэг, галт зэвсэг, эд зүйл, хэрэгслийг ойлгоно.” гэж заасан. Үүнд зэвсэг гээд таслал тавиад тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл гэж бичсэн байгаа. Өөрөөр хэлбэл, зуухны дэгээ төмөр нь хүний биед гэмтэл учруулах буюу зэвсгийн чанартай зүйл гэж ойлгогдохоор байна. Шүүгдэгч М.О- нь хохирогч Г.Т-ын эрүүл мэндэд хүнд хохирол учруулахдаа зуухны дэгээ төмөр ашигласан талаар тэдгээрийн хэн аль нь мэдүүлсэн. Иймээс хэргийн зүйлчлэлийг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдлуудад дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.
Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан байх бөгөөд Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 474 дугаартай магадлалд заасан “...шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримт, мэдээллийг шалгах...” заалтад ач холбогдол өгч, хэрэгжүүлжээ.
Мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчилгүй гэж үзэв.
Прокуророос М.О-ыг 2019 оны 6 дугаар сарын 3-ны өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Зүүннарангийн 6 дугаар гудамжны 138 тоотод зуухны дэгээ төмрийг зэвсгийн чанартайгаар ашиглаж иргэн Г.Т-ын толгойн тус газар нь цохиж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт, мөн 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдөр уг тоотод иргэн Д.О-ийн биед халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох:
1. Хохирогч Г.Т-ын “...эмээгийнд очиход О- болон үл таних 3-4 хүн байсан. Тухайн үед би гудамжинд 2 шил архи уусан бөгөөд нэлээн согтуу ... ороод сууж байснаа санаж байгаа. Нэг мэдсэн Око зуухны дэгээ төрөөр толгой руу цохиод би манараад ухаан алдсан. Тэгээд нэг сэрэхэд гэмтлийн эмнэлэг дээр ирсэн байсан. ... би эсэргүүцэж зодоон хийсэн зүйл байхгүй. ...” /1хх 14-17/,
- түүний хууль ёсны төлөөлөгч Б.Магсаржавын “...Т-ыг хүнд зодуулаад гэмтлийн эмнэлэгт хэвтэж байхыг нь мэднэ. Нэг эмэгтэй л зодсон гэж хэлдэг. ... Гэмтэл согог судлалын үндэсний төв болон Баянгол дүүргийн эрүүл мэндийн 7 дугаар төв дээр эмчилгээ хийлгэсэн. ...” /1хх 52-54, 2хх 9/,
- гэрч П.Янжинсүрэнгийн “...сүүлд сонсож байхад Төөгөө Оког цохиод байхаар нь зөрүүлээд галын дэгээ төмрөөр толгой, нуруу луу нь цохисон гэж байсан. Би яг нүдээр хараагүй болохоор сайн мэдэхгүй байна. ... Зуухны дэгээ төмөр болгон адилхан байлгүй дээ. Манайх лав 30-40 см урттай, 500 гр жинтэй, урд үзүүр хэсэг нь Г үсгийн хэлбэр шиг тахир өргөн нь 1 см радиустай байдаг шүү дээ. Тухайн үед гэрт ийм л зуухны дэгээ төмөр байсан байх гэж бодож байна. ...” /2хх 5-7/,
- гэрч Л.Сумъяабазарын “...манай гэрийн зуухны дэгээ төмөр өмнө нь алга болж байгаагүй. 2019 оны 6 дугаар сард одоо ашиглаж байгаа галын дэгээ төмрийг ашиглаж байсан. ...” /3хх 25-26/,
- шүүгдэгч М.О-ын яллагдагчаар өгсөн “...би Т-ыг зуухны дэгээ төмрөөр цохисон. Харамсаж байна. ...” /1хх 170/ гэсэн мэдүүлгүүд,
- яллагдагч М.О-ын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, түүний гэмт хэрэг үйлдсэн газар байршлыг зааж өгч байгаа байдлыг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд /3хх 37-61/,
- хохирогч Г.Т-ын 2019 оны 6 дугаар сарын 3-наас 14-ний өдрийн хооронд Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлсэн тухай өвчний түүхийн хуулбар /1хх 55-75/,
- хохирогч Г.Т-ын эрүүл мэндэд учирсан хохирлын шинж байдлыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн 6975 дугаартай “Г.Т-ын биед тархины зүүн тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан хураа, зүүн тал бөмбөлгийн тархины эдийн гүн дэх няцрал, цус хуралт, аалзан хальсан доорх цус харвалт, толгойн хуйхны шарх, духны баруун хэсгийн зөөлөн эдийн няцрал, зүүн зовхи, зүүн бугалганд цус харвалт, баруун нүдний алимны цус харвалт, зүүн шуу, цээж, хэвлий, баруун шилбэнд зулгаралт зэрэг гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. ... амь биед аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй.” /1хх 29/,
- хохирогч Г.Т-ын цогцост задлан шинжилгээ хийсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 1690 дугаартай “Талийгаачийн цогцост дух, нуруу, баруун зүүн өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь унах, шүргэлцэх, нидрэгдэх, цохих хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. ... эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. ... Талийгаач нь ерөнхий судас хатуурах өвчний хүндрэлийн улмаас тархинд цус харваж ... 2019 оны 8 дугаар сарын 4-ний өдөр нас барсан. ...” /1хх 82-83/ гэх дүгнэлтүүд,
- эдгээр дүгнэлтүүдтэй холбогдуулан өгсөн шинжээч Б.Даваасүрэнгийн “...6975 дугаартай дүгнэлтийн тархин дахь гэмтлүүд нь 1690 дугаартай дүгнэлтэд шалтгаант холбоогүй, талийгаач даралт ихсэх өвчний улмаас тархины гүүр хэсэгт уртавтар тархинд цус харвасны улмаас нас барсан. Энэ нь 2019 оны 6 дугаар сард авсан гэх гэмтлүүдтэй шалтгаант холбоогүй. ...” /1хх 77-78/, шинжээч О.Болороогийн “...6975 дугаартай дүгнэлтээс тархины зүүн тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан хураа, зүүн тал бөмбөлгийн эдийн гүн дэх няцрал, цус хуралт, аалзан хальсан доорх цус харвалт гэх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. ...” /1хх 79-81/ гэсэн мэдүүлгүүд,
2. Хохирогч Д.О-ийн хууль ёсны төлөөлөгч Д.Алтантунгалагийн “...талийгаачтай 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдөр хамгийн сүүлд 965285** дугаарын утсаар ярьсан. ... би Зүүннарангийн хороолол болон Партизан орчмоор хайсан боловч олоогүй. Ингэж хайж байгаад нэг хүнээс асуусан чинь “хүнд зодуулсан, бие нь муу гэмтлийн эмнэлэг рүү 2019 оны 6 дугаар сарын 22-ны өдөр явсан” талаар ярихаар нь гэмтлийн эмнэлэг рүү 2019 оны 6 дугаар сарын 29-ний өдөр очиж шүүлгэж үзсэн чинь “Д.О- гэх хүн нас барсан” бүртгэл байхаар нь цогцсыг нь хартал миний дүү байсан. ...” /1хх 131-132/,
- гэрч Б.Лхагвасүрэнгийн “...Өнөрөө гаднаас орж ирээд “бондгор Оюунаа намайг сохор доголонгоор нь дуудаад Око /О-/ өмөөрөөд зодоод үсийг нь аймар болгочихсон” гэж хэлж байсныг би санаж байна. Өөр зүйл мэдэхгүй. ...” /1хх 134-135/,
- гэрч Б.Тунгалагийн “...2019 оны 6 дугаар сарын 21-ний өдөр 18 цагийн орчимд ... Бат-Эрдэнийн гэрт очиход Оюунаа, Зулаа, Оргил, Өнөрөө нар архи уугаад сууж байсан. ... нэг мэдэхэд Оюунаа О- нар хоорондоо маргалдаад үсдэлцээд зодолдоод эхэлсэн. Тэгээд би салгаж байснаа санаад байна. Тэрнээс хойш бол мэдэхгүй. ... 2019 оны 6 дугаар сарын 22-ны өдөр 10 цагийн үед ... О- бөөлжөөд огтоосоо болохгүй байсан. ... 17 цагийн орчимд яаралтай түргэн тусламж дуудаж Оюунааг үзүүлэхэд эмч нар “архины гүн хордлоготой болчихсон байна, заавал эмнэлэг авч явах шаардлагатай” гэж хэлж байсан. Тэгтэл Оюунаа “явахгүй” гээд зөрүүдлээд байхаар нь эмч “цагдаа дуудна” гэж хэлээд дамнуурга дээр хэвтүүлээд аваад явсан. ... миний санаж байгаагаар салгаж байх хооронд О- О-ийг 2 удаа өшиглөчихсөн. ...” /1хх 137-139/,
- гэрч Б.Өнөрцэцэгийн “...Бат-Эрдэнийн гэрт архи ууж байхад О- намайг “сохор доголон” гээд хараагаад огтоосоо болохгүй байсан. Тэр үед О- намайг өмөөрөөд муудалцсан. Тэгээд үсдэж аваад хэд хэдэн удаа цохиод өшиглөсөн. Тухайн үедээ бид нар салгацгаасан юм. Бид нар 21, 22-ны өдрүүдэд архи уусан. ...” /1хх 139-140/,
- шүүгдэгч М.О-ын гэрчээр өгсөн “...О- бид хоёр архинаас болж маргаан үүсгээд хоорондоо нэлээдгүй удаан зодолдсон. Мөн гэрийн гадаа гарч дахин зодолдоод түлхээд унагаачихсан юм. ... тэгээд харж байтал өөрөө 4 хөллөж мөлхөөд Бат-Эрдэнийн орон дээр гараад унтаад өгсөн. ...” /1хх 142-144/ гэсэн мэдүүлгүүд,
- яллагдагч М.О-ын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, түүний гэмт хэрэг үйлдсэн газар байршлыг зааж өгч байгаа байдлыг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд /3хх 37-61/,
- осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх “...Дашдаваа О-. Гэмтсэн он, сар, өдөр, цаг, мин 19/6/22/ 18:20. Үзүүлсэн 19:15...” /1хх 169/ гэх хуудас,
- эмнэлгийн анхны тусламж үйлчилгээ үзүүлсэн гэх эмчийн “...бусдад зодуулсан байж магадгүй гэх эмэгтэйг хүргэн ирэв. Ирэх үедээ биеийн ерөнхий байдал дунд ухаантай, асуултанд ойлгомжгүй авиа гаргах, ганц нэг үгээр хариулна. Согтуу, амнаас нь их хэмжээний архи үнэртэнэ. Зовиур: Хэвлийгээр өвдөнө, толгой өвдөнө гэнэ. Рентген зураг, хэвлийн эхо шинжилгээ хийлгэн 2 цагийн эмчилгээ хийв. 2 цагийн дараа давтах хэвлийн эхо шинжилгээ хийлгэн эмийн эмчилгээг үргэлжлүүлж байхад өвчтний биеийн байдал гэнэт муудан амьсгал зүрх судасны үйл ажиллагаа зогсон сэхээн амьдруулах эмчилгээ хийсэн боловч 22 цагт амьсгал зүрх судасны үйл ажиллагаа зогсон өвчтөн нас барав.” /1хх 170/ гэсэн тодорхойлолт,
- хохирогч Д.О-ийн цогцост задлан шинжилгээ хийсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 1407 дугаартай “Талийгаачийн цогцост хийсэн шинжилгээгээр зүүн талын 2, 3, 4, 5 дугаар хавирганы хугарал, зүүн зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, зүүн шуу сарвууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дух баруун тохойн, шуу, зүүн гуя, шилбэнд зулгаралт, цээж, хэвлий, зүүн бугалга, баруун гуя, өвдөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ ... гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Талийгаач нь элэгний архаг үрэвсэл, хатуурал өвчтэй байх ба үхлийн шалтгаанд нөлөөлөөгүй. Талийгаач нь спиртийн цочмог хордлогын улмаас нас баржээ. ...” /1хх 154-156/,
- хэргийн материалаар хийсэн шинжээчийн 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 990 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн цагаан өнгийн 1193305111830 сериал дугаар бүхий СиДи бичлэг шинжилгээнд тэнцэнэ. Дээрх ирүүлсэн СиДи нь аарцаг, цээж, гавал яснуудын рентген зураг байх бөгөөд яснуудын хугарал гэмтэл тогтоогдсонгүй. Цээжний хэнхэрцгийн эгц байрлалын рентген зурагт хавирга ясанд гэмтлийн өөрчлөлт тогтоогдсонгүй.” /1хх 173-174/,
- нэмэлтээр хийсэн шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 1414 дугаартай “...зүүн талын 2, 3, 4, 5 дугаар хавирганы эгэмний дунд шугамаар хугарал гэмтэл нь амилуулах суурь тусламжийн үед зүрхэнд шууд бус массаж хийхэд үүсэх боломжтой. Зүүн талын 2, 3, 4, 5 дугаар хавирганы хугарал мохоо зүйлийн үйлчлэлээр цохих, цохигдох, дарах, шахах, өшиглөх зэрэгт үүсэх боломжтой. Зулайн хуйх, зүүн шуу, сарвууны зөөлөн эдийн няцрал гэмтэл дангаараа хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтлүүд дангаараа гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй.” /2хх 42-45/ гэх дүгнэлтүүд,
- эдгээр дүгнэлтүүдтэй холбогдуулан өгсөн шинжээч Г.Энхбаатарын “...зүүн талын 2, 3, 4, 5 дугаар хугарлууд эгэмний шугамаар гэмтсэн байх тул зүрхэнд массаж хийх үед үүсэж болно. Мөн цээжний зүүн талд гадна ямар нэгэн хүч үйлчилсэн тохиолдолд үүсэх боломжтой. Дүгнэлтэд дурдсан бусад гэмтлүүд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” /1хх 148-149/, шинжээч С.Чулуунсүхийн “...шинжилгээнд ирүүлсэн СиДи-нд хавирганы хугарал байхгүй байна. Цээжний рентген зурагт хавирганы зураг орно. Зүрхэнд шууд бус иллэг хийх үед хавирганы хугарал үүсэх боломжтой бөгөөд анхны зурганд 4 хавирганы хугарал харагдахгүй байх боломжгүй. ...” /2хх 61-63/ гэсэн мэдүүлэг зэрэгт тулгуурлан хэргийн үйл баримтуудыг тогтоож, шүүгдэгч М.О-ын “хүний эрүүл мэндэд хүнд, хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт үйлдэлд үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.
Харин шүүгдэгч М.О-ын үйлдсэн гэмт хэргийн шинжийг тодорхойлж, хууль зүйн дүгнэлт хийхдээ хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг “тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж” үйлдсэн гэх шинжээр хүндрүүлэн зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлгүй, Эрүүгийн хуульд заасан жинхэнэ агуулгаар нь зөв тайлбарлаж хэрэглээгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар шүүхийн шийдвэрийг өөрчлөх үндэслэл болов.
Галт зэвсэг гэдэг нь дарь шатамхай хольцийг галт очлуураар тэслэх үйлдлийн нөлөөг ашиглаж эсхүл халсан хийн тэлэлт, даралтын үйлчлэлээр сумны хошуу генетик энерги аван маш хурдан шидэгддэн гардаг хөнөөлт хэрэгслийг ойлгодог бол зэвсгийн чанартай зүйл нь уян хатан материалын таталцал, түлхэлцлийн хүчийг ашиглаж сойх, чангалах, хааж таглах аргаар механик хүчний нөлөөг ашиглаж амьд биетийг гэмтээх, хөнөөх, устгах зориулалт бүхий төхөөрөмжийг хамруулан ойлгоно.
Харин хүйтэн зэвсэг гэж ир үзүүр бүхий хурц хатуу биетийг гарын хүч ашиглан исгэх, тасдах, бүлэх үйлдэл хийх зорилгоор тусгайлан гараар эсхүл үйлдвэрийн аргаар бүтээсэн ахуйн эд хэрэгслээс зориулалтаараа илтэд ялгагдах хэрэгслийг ойлгодог.
Монгол хэлний их тайлбар тольд “чанар” гэх үгийг аливаа юмны дотоод шинж гэж тайлбарласан бөгөөд зэвсгийн чанартай зүйл гэдэг нь зэвсэг, түүнтэй дүйцэхүйц хэмжээний хүчин чадал, зориулалттай бүтээцийг багтаах агуулгатай утга нийцэхээр байна.
Үүнээс үзвэл, “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэх ойлголтын үндсэн шинжийг нэгтгэн тайлбарлаж зэвсэг, түүнд хамаарах төрөл зүйлсийг дурдсан байна.
Өөрөөр хэлбэл, шүүгдэгч М.О-ын гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн гэх “зуухны дэгээ төмөр” нь иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх зориулалтгүй, аж ахуйн хэрэгцээнд ашиглагддаг эд зүйл тул түүнийг “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж үзэх үндэслэлгүйн гадна, тэрээр тухайн эд зүйлийг хүний биед гэмтэл учруулахаар урьдаас ирлэж, хурцалсан, зориуд биедээ авч явсан зэрэг нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймээс давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “...шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөн ялыг хөнгөрүүлж, ... болно.” гэж заасан эрх хэмжээний хүрээнд, шүүгдэгч М.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, уг гэмт хэргийг үйлдсэн нөхцөл байдал болон шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдлыг харгалзан түүнд тухайн зүйл, хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.
Анхан шатны шүүх хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудад тулгуурлан “хохирогч Г.Т-, Д.О- нарын амь нас хохирсон шалтгаан нь шүүгдэгч М.О-ын тэдгээрт хүнд, хөнгөн гэмтэл учруулсан гэмт үйлдэлтэй шууд шалтгаант холбоогүй” талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн ба шүүгдэгчийн үйлдэлд гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал буюу аргагүй хамгаалалтын шинж тогтоогдоогүй болохыг дурдаж байна.
Түүнчлэн анхан шатны шүүх шүүгдэгч М.О-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргүүдийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримталсан байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан ялын төрөл, хэмжээ, хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэсэн болон хорих ял эдлэх байгууллагын дэглэм нөхцөл тогтоосон шийдвэрийг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх хууль зүйн үндэслэлгүй болно.
Дээрх үндэслэлээр шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтүүдийг оруулж, шүүгдэгч М.О-, түүний өмгөөлөгч О.Мөнхболд нарын “...хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, ялын хэмжээг багасгах...” талаар гаргасан давж заалдах гомдлуудыг хангаж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 2020/ШЦТ/774 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Баянгол дүүргийн прокурорын газраас М.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилсүгэй.” гэсэн нэмэлт заалт оруулсугай.
2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан “тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах”, ...” гэснийг “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах”, ...” гэж,
- 2 дахь заалтын “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 5 /тав/ жил хорих ял, ...” гэснийг “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жил хорих ял, ...” гэж,
- 3 дахь заалтын “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар оногдуулсан 5 /тав/ жил хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын 1 хоногоор тооцож, шүүгдэгчийн биечлэн эдлэх хорих ялыг 5 /тав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар тогтоосугай.” гэснийг “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жил хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын 1 хоногоор тооцож, шүүгдэгчийн биечлэн эдлэх хорих ялыг 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар тогтоосугай.” гэж,
- 4 дэх заалтын “...5 жил 1 сар...” гэснийг “...2 жил 1 сар...” гэж тус тус өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ М.АЛДАР
ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН