Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 183/ШШ2021/02334

 

2021 оны 10 сарын 21 өдөр          Дугаар 183/ШШ2021/02334        Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, 00Б байр,  тоотод оршин суух, Х овогт Б.Э /РД:ЗП00000000/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Шинэ мянганы барилгын 5 давхарт байрлах, ҮҮ /РД:0000000/-д холбогдох,

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 720,000 ам.доллар буюу 1,625,598,500 төгрөг, алданги 359,980 ам.доллар буюу 812,744,563.40 төгрөг нийт 2,438,343,063 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй,

2011 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн Хувьцаа худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, гэрээний төлбөрт төлсөн 500,000 ам. доллар буюу 1,424,735,000 төгрөгийг гаргуулах, 12522Х дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг 000000 дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл болгож үнэ цэнийг нэмэгдүүлсэн тусгай зөвшөөрлүүдийн зах зээлийн үнийн зөрүү болох 6,370,000,000 төгрөг нийт 7,794,735,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Б, Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б, М.Т нар оролцож, нарийн бичгийн дарга Б.Болорчимэг шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Үндсэн нэхэмжлэлийн шаардлага, тайлбар

Нэхэмжлэгч Б.Э-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэгч Б.Э- нь Ф.И.А.К.МХХК-тай Өнт-Өнгөт ХХК-ийн 100 хувийн энгийн хувьцаа худалдах, Хөөвөр Булгийн ордноос олборлогдсон нүүрсний борлуулалтын орлогоос 3 хувийн рояалти олгох, 2014 оны 1 сарын 01-ээс өмнө Хөөвөр Булгийн ордыг олборлолтод хүргээгүй тохиолдолд хариуцагч 3 хувийн рояалтын оронд сар болгон 10,000 долларыг нэхэмжлэгчид шилжүүлж байх үүрэг хүлээж талууд харилцан тохиролцон 2011 оны 7 сарын 17-ны өдөр хувьцаа худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Хувьцаа худалдах, худалдан авах гэрээний 2.2-ийн с-д Худалдагч тал нь Хөөвөр Булгийн ордоос олборлогдсон дотоод болон гадаад зах зээлд борлуулагдах нийт нүүрсний борлуулалтын орлогоос 3 хувийн рояалти олгож байхаар худалдан авагч тал гэрээний дагуу үүрэг хүлээж байгаа болно. Худалдан авагч тал улирал болгоны сүүлийн өдөр тухайн улирлын борлуулалтын гэрээ болон тайланд үндэслэн 3 хувийн рояалтыг олгох болно гээд тус гэрээний 2.2-ийн е-д Хэрэв 2013 оны 12 сарын 31 гэхэд Худалдан авагч тал Хөөвөр Булгийн ордыг олборлолтод хүргэж чадаагүй тохиолдолд сар болгон 10,000 ам.долларыг худалдагч талд шилжүүлж байхаар гэрээний дагуу үүрэг хүлээсэн. Гэвч хариуцагч одоог хүртэл нэхэмжлэгчид гэрээний дагуу сар болгон шилжүүлэх ёстой 10,000 ам доллар шилжүүлэх үүргээ биелүүлээгүй байна.

Мөн худалдах,худалдан авах гэрээний 2.2-ийн g-д Худалдан авагч тал энэхүү гэрээний нөхцөлд заагдсан үүргээ биелүүлээгүй тохиолдолд 0,1 хувийн алданги тооцож худалдагч талд олгох болно гэсэн заалтын дагуу нэхэмжлэгчийн зүгээс 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж гэрээний төлбөр төлөх үүрэг, алдангид нийт 2,406,230,400 төгрөг шаардсан. Нэхэмжлэгчийн зүгээс анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа талуудын хооронд байгуулагдсан гэрээний 2 дугаар зүйлийн 2.2.е-д заасан 10,000 ам доллар төлөх үүргийг ам доллар хэлбэрээр шаардсан бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2-т заасны дагуу нэхэмжлэл гаргах өдрийн Монгол банкнаас зарласан албан ёсны ханшид үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлсон байдаг. Гэвч дээрх байдлаар нэхэмжлэлийн шаардлага гаргах нь хариуцагч компанид алдагдалтай бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчийн санхүүгийн боломж, бололцоо зэргийг харгалзан үзэж нэхэмжлэлийг ам.доллароор бус Монгол улсын үндэсний мөнгөн тэмдэгт болох төгрөгөөр тооцож нэхэмжлэл гаргах нь зүйтэй гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг өөрчилж байна. Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1-т заасны дагуу сар бүрийн сүүлийн өдөр үүрэг үүсэж байгаа болно. Тухайлбал, гэрээний 2 дугаар зүйлийн 2.2.e-д заасан 10,000 ам доллар төлөх хамгийн эхний үүрэг нь 2014 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр үүсэж байгаа бөгөөд тухайн үед үүссэн төлбөрийг үүрэг үүсэж, байгаа өдөр 2014 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Монгол банкнаас зарласан албан ёсны ханш болох 1 ам доллар 1723.22 төгрөг гэсэн ханшаар тооцож 17,232,200 төгрөг, алдангид Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасны дагуу 50 хувиар тооцож 8,616,100 төгрөг шаардах байдлаар нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж тооцооллыг гаргасан болно. Өмнө нь гаргасан нэхэмжлэлийн шаардлага буюу 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр гаргасан Хувьцаа худалдах,худалдан авах гэрээний 2 дугаар зүйлийн 2.2.е-д заасан үүрэгт 610,000 ам доллар буюу 1,604,153,600 төгрөг шаардаж байсан бөгөөд энэхүү төлбөр нь 61 сарын хугацаанд үүссэн төлбөр төлөх үүрэг байсан. Харин нэхэмжлэлийн өөрчилж буй шаардлагын хүрээнд Хувьцаа худалдах-худалдан авах гэрээний 2 дугаар зүйлийн 2.2.е-д заасан үүрэгт 1,625,598,500 төгрөг шаардаж байгаа бөгөөд энэхүү төлбөр нь 72 сарын хугацаанд төлөх ёстой үүрэг буюу өмнө шаардаж байсан хугацаа дээр даруй 11 сарын хугацааны 110,000 ам доллар нэмэгдсэн боловч төлөх үндсэн төлбөр бараг өөрчлөгдөөгүй байгааг дурдах нь зүйтэй байна. Ийнхүү нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг өөрчлөх нь хариуцагч талд ашигтай бөгөөд хууль хэрэглээний хувьд маргаангүй юм. Нэхэмжлэгчийн хувьд гэрээний дагуу төлөх ёстой төлбөрийг шаардахдаа өмнө дурдсанчлан тухайн сар бүрийн эцсийн өдрийн Монгол банкны албан ёсны ханшаар тооцож үндсэн үүрэг 720,000 ам.доллар буюу 1,625,598,500 төгрөг, алданги 359,980 ам.доллар буюу 812,744,563.40 төгрөг нийт 2,438,343,063 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү... гэв.

Хариуцагч Ф.И.А.К.МХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ... Талуудын хооронд байгуулагдсан гэрээгээр нэхэмжлэгч нь Ашигт малтмалын хайгуулын 12522Х дугаартай тусгай зөвшөөрөл эзэмшдэг Өнт-Өнгөт ХХК-ийн хувьцааг бүхэлд нь хариуцагчид худалдах, хариуцагч нь хариу төлбөрт нийт 500,000 ам.доллар төлөх үүрэг хүлээсэн. Гэрээнд заасны дагуу нэхэмжлэгчид гэрээний үнийг бүрэн төлж барагдуулсан. Талуудын хооронд байгуулсан худалдах, худалдан авах гэрээгээр ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг шилжүүлсэн, тусгай зөвшөөрөл худалдсан гэрээний шинжийг агуулсан нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчиж хийсэн хэлцэл болно. Өөрөөр хэлбэл хэлцэл нь Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2, 49.4-т заасан хэм хэмжээг зөрчсөн хууль зөрчиж хийсэн хэлцэл юм.

Хариуцагч рояалти олгох үүргээ биелүүлээгүй тохиолдолд сар бүр 10,000 ам.долларыг торгууль болгон нэхэмжлэгчид олгохоор заасан нь гэрээний 2.2(д)-д заасны дагуу хайгуулын ажлыг цаг алдалгүй хийж дуусган, ордод олборлолтын үйл ажиллагааг эхлүүлэх, нэхэмжлэгч тухайн ордоос эдийн засгийн үр ашиг цаг алдалгүй хүртэх нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн агуулгатай зохицуулалт. Харин нэхэмжлэлийн шаардлагын агуулга, үндэслэлд заасанчлан гэрээний 2.2 (д) заасан хэсгээр хариуцагч нь 3 хувийн рояалтигийн оронд сар болгон 10,000 ам.долларыг нэхэмжлэгчид шилжүүлж байх үүрэг хүлээсэн гэдэг нь үндэслэлгүй. Нэхэмжлэгч гэрээний 2.2.(в) болон 2.2.(д) заалтыг буруу ойлгосноос болж алдангийг үндэслэлгүйгээр нэхэмжилж байна. Хоног тутам 0.1 хувиар бодох алданги гэрээний 2.2.(д)-д заасан дүнгээс бодогдох ёсгүй. 10,000 ам.доллар төлөх нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.5 дах хэсэгт заасан торгууль тул анзаас алданги тооцох нь хууль зүйн үндэслэлгүй юм.

Ф.И.А.К.МХХК-ийн дүрмийн 5 дугаар зүйлийн 6-д зааснаар гэр бүлийн гишүүдийн зөвшөөрлийг аваагүй худалдах, худалдан авах гэрээг байгуулсан нь зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл буюу Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасныг зөрчиж хийсэн хэлцэл болно. Мөн талуудын хооронд байгуулсан худалдах, худалдан авах гэрээний үнийг ам.доллароор тохиролцож, төлбөрийг төлсөн нь Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийг зөрчсөн нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасантай нийцээгүй байна.

Хариуцагч тал гэрээгээр хүлээсэн 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Хөөвөр булгийн ордын олборлолт эхлүүлж, нэхэмжлэгчид 3 хувийн рояалти төлөх бодит боломжгүй байсан бөгөөд гэрээний үүрэг давагдашгүй хүчин зүйл буюу хүнд нөхцөл байдлын нөлөөллийн улмаас биелэгдээгүй. Тухайлбал, нүүрсний зах зээлийн жишиг үнэ гэрээ байгуулах үед буюу 2011-2012 онд 80 орчим ам.доллар байсан бол олборлолт эхлүүлэхээр тогтоосон 2013-2015 онд 19 ам.доллар хүртэл буурсан. 2013-2015 оны жишиг үнийг ашиглан тооцоолол хийж, алдагдлын тооцоолол нь илүү бодитой талаар шинжээч тайлбарласан. 2016 оны 3 дугаар сарын 02-ны өдөр МҮХАҮТ-аас Хүнд нөхцөл байдлын гэрчилгээ олгосон. АМПТ-аас 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр шүүхэд ирүүлсэн лавлагаанаас үзэхэд Хөөвөр булгийн нүүрстэй адил илчлэгтэй нүүрсийг Монгол Улсаас 2013 онд 154.5 мянган тонн, 2014 онд 8.2 мянган тонн, 2015 онд 55.1 мянган тонныг(нийт 217.8 мянган тонн) экспортолж байснаас үзэхэд зах зээлийн бодит байдал дээр нүүрс олборлож борлуулах боломжгүй, маш бага хэмжээгээр экспортолж байсныг тодорхой илэрхийлж байх бөгөөд энэ тохиолдолд Хөөвөр булгийн ордоос нүүрс олборлож борлуулсан тохиолдолд их хэмжээний алдагдал хүлээх нь тодорхой юм. Нүүрсний үнэ унасантай холбоотойгоор Гадаадын хөрөнгө оруулалт буурсан, нүүрсний үнийн уналт нь төслийн эдийн засгийн ашгийг эрс бууруулж, боломжит хөрөнгө оруулагч нарын сонирхлыг татахаа больсноос хариуцагч нь Хөөвөр булгийн ордыг олборлолтод хүргэх боломжгүй, олборлолт хийсэн бол их хэмжээний алдагдал бий болох байсан тул уурхайг ашиглах ямар ч боломжгүй байсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй... гэв.

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага, тайлбар

Хариуцагч Ф.И.А.К.МХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тайлбартаа: ... Нэг. Талуудын хооронд байгуулсан 2011 оны 7 сарын 17-ны өдрийн Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ нь Өнт өнгөт ХХК-ийн 100 хувийн хувьцааг худалдах, худалдан авах харилцааг зохицуулсан гэрээ гэх боловч тус гэрээгээр зөвхөн Компанийн хувьцаа бус Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг худалдсан. Гэрээний нийтлэг зүйлийн 2-т Компани нь Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хууль ёсны бенефициар өмчлөгч бөгөөд тусгай зөвшөөрлийг эзэмших, өмчлөх, ашиглах, түрээслүүлэх болон тусгай зөвшөөрөлд хамаарах талбайд ашигт малтмалын хайгуул хийх хууль ёсны эрхтэй болно. Гэрээний 2.1(6), 2.2(а), 2.2(б)-д зааснаар гэрээний хариу төлбөр нь 500,000 ам.доллар, 2.2(в)-д Худалдагч нь Хөөвөр булгийн ордын нүүрс борлуулалтын орлогоос З хувийн рояалти хүлээн авах, 4.1.(д)-д тусгай зөвшөөрлийг эзэмшилд шилжүүлэх, өглөг, хураамж, шимтгэлтэй холбоотой бүх асуудлыг Худалдагч тал бие даан шийдвэрлэнэ гэж заасан нь компанийн хувьцаа худалдах нэрээр хайгуулын 12522Х дугаартай тусгай зөвшөөрлийг худалдаж байна. Ашигт малтмалын тухай хуулийн 49.2-т зааснаар хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь эрэл хайгуулын талаарх анхдагч материал, тайлан зэрэг мэдээллийг холбогдох хууль тогтоомжийн дагуу худалдаж зохих албан татвар төлсөн нь баримтаар нотлогдсон тохиолдолд түүний эзэмшилд байсан тусгай зөвшөөрлийг худалдан авагчид нь шилжүүлж болно гэж заасан. Өөрөөр хэлбэл, Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл худалдахад хуульд зааснаар эрэл, хайгуулын талаарх анхдагч материал, тайлан зэрэг мэдээллийг худалдах, худалдан авах гэрээ байгуулж, зохих албан татварыг төлөх ёстой байна. Гэтэл энэ тохиолдолд тийнхүү Худалдах, худалдан авах гэрээ байгуулах, зохих албан татварыг төлөх гэсэн шаардлагыг хангахгүйгээр зөвхөн Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ байгуулсан нь зөрсөн байна.

Түүнчлэн Хувьцаа худалдах, худалдан авах гэрээний 4.1 тусгай зөвшөөрлийг эзэмшилд шилжүүлэх зэрэг бүх асуудлыг Худалдагч тал бие даан шийдвэрлэнэ гэсэн бөгөөд мөн гэрээний 4.1 (б)-д тус гэрээний дагуу хувьцааг Худалдан авагчид шилжүүлэхэд төрийн эрх бүхий байгууллага, эсхүл аливаа гуравдагч этгээд, аж ахуйн нэгжээс зөвшөөрөл авах, батлуулах, мэдэгдэл өгөх, материал илгээх шаардлагагүй гэж заасан бөгөөд тусгай зөвшөөрөл шилжүүлэх асуудлаар Ашигт малтмал, газрын тосны газарт хандаж байгаагүй.

Гэтэл Ашигт малтмалын тухай хуулийн 49.4-т энэ хуулийн 49.1-49.3-т заасны дагуу тусгай зөвшөөрлийг шилжүүлэн өгч байгаа тал нь ийнхүү шилжүүлэх тухай өргөдлийг батлагдсан маягтын дагуу үйлдэж түүнд 49.4.1-49.4.8-д заасан баримт бичгийг хавсаргана гэж заасан. Мөн хуулийн 49.5. 49.6-д зааснаар Ашигт малтмал, газрын тосны газар нь шилжүүлэх хүсэлтийг бүртгэх, улмаар шилжүүлэх, эсхүл хүлээн авахаас татгалзах зэрэг шийдвэр гаргана. Ийнхүү ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг шилжүүлэхдээ Ашигт малтмалын тухай хуулийн 49.2, 49.4, 49.5, 49.6-г зөрчиж Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ байгуулсан байх тул тус гэрээ нь Иргэний хуулийн 56.1.1-т зааснаар хууль зөрчсөн хучин төгөлдөр бус хэлцэл болно.

Ашигт малтмалын тухай хуулийн 4.1.15-д зааснаар хайгуулын тусгай зөвшөөрөл гэж энэ хуулийн дагуу ашигт малтмал эрэх, хайх эрх олгосон баримт бичгийг хэлэх бол мөн хуулийн 5.1-д зааснаар Монгол Улсын газрын гадаргуу болон түүний хэвлийд байгалийн байдлаараа оршиж байгаа ашигт малтмал төрийн өмч байна. Өөрөөр хэлбэл, газрын гадаргуу болон хэвлийд байгаа Ашигт малтмалыг зөвхөн төр өмчлөх бөгөөд харин хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь төрийн өмчийг захиран зарцуулах эрхгүй буюу зөвхөн ашигт малтмал эрэх, хайх үйл ажиллагаа явуулна. Тийнхүү төр өмчлөгчийн хувиар байгалийн байдлаараа байгаа Ашигт малтмалыг эрэн хайх хайгуулын тусгай зөвшөөрөл-ийг худалдах, шилжүүлэх харилцааг тусгайлан зохицуулах боломжтой.

Ийм учраас төр өмчлөгчийн хувиар Ашигт малтмалын тухай хуулийн 49.2 дахь хэсгээр хайгуулын тусгай зөвшөөрлийг аливаа хэлбэрээр худалдахыг хязгаарлаж, харин зохих татварыг төлж, зөвхөн эрэл, хайгуулын талаарх анхдагч материал, тайлан зэрэг мэдээллийг холбогдох хууль тогтоомжийн дагуу худалдах замаар тусгай зөвшөөрлийг шилжүүлж болохыг зөвшөөрсөн байна. Иймд Ф.И.А.К.МХХК болон Б.Э- нарын хооронд байгуулсан 2011 оны 7 сарын 17-ны өдрийн Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасан хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож өгнө үү,

Хоёр. Хувьцаа худалдах, худалдан авах гэрээнь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасан хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл болох тул Иргэний хуулийн 56.5-д зааснаар талууд хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй. Фар Ийст Азиа Коул Майнинг" ХХК-иас Б.Э-д гэрээний төлбөрт 500,000 ам.доллар буюу 1,424,735,000 төгрөг төлсөн бөгөөд тус гэрээ нь Иргэний хуулийн 56.1.1-т заасан хууль хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл тул Иргэний хуулийн 56.5, 492.1.1-ийн дагуу 500,000 ам.доллар буюу 1,424,735,000 төгрөгийг Б.Э-аас гаргуулж Ф.И.А.К.МХХК-д олгож өгнө үү,

Гурав. Дорнод аймгийн Баянтүмэн суман дахь 12522Х дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг Ф.И.А.К.МХХК нь MV-000000 дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл болгож үнэ цэнийг нэмэгдүүлсэн. Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ нь байгуулсан үеэсээ хүчин төгөлдөр бус байх хууль зөрчсөн хэлцэл байх тул тус гэрээний дагуу шилжүүлсэн Өнт-Өнгөт" ХХК-ийн хувьцаа болон 12522Х дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийг Ф.И.А.К.МХХК-иас Б.Э-д буцаан шилжүүлэх эрх зүйн үр дагавар үүсэж байна. Тийнхүү хэлцлээр шилжүүлсэн зүйлсийг харилцан буцаахад анхны 12522Х дугаартай хайгуулын тусгай зөвшөөрөл одоо байхгүй, харин илүү үнэ, цэнэ, үнэлгээтэй MV-000000 дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлийг буцаах болно. Иргэний хуулийн 56.5-д харилцан буцаах боломжгүй тохиолдолд үнийг төлөхөөр зохицуулсан. Энэ тохиолдолд тухайн тусгай зөвшөөрлүүдийн үнийн зөрүүгээр Б.Э- нь үндэслэлгүй хөрөнгөжих үр дагавар үүснэ. Иймд 12522Х дугаартай хайгуулын тусгай зөвшөөрөл нь MV-000000 ашиглалтын тусгай зөвшөөрөл болж үнэ цэнэ, үнэлгээ нь өссөн тул түүний зах зээлийн үнийн зөрүү 6,370,000,000 төгрөг, нийт 7,794,735,000 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэв.

Нэхэмжлэгч Б.Э-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа: ...Хувьцаа худалдах худалдан авах гэрээгээр ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл шилжүүлээгүй болно. Харин ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөлтэй компанийн хувьцааг худалдсан. Компанийн хувьцаа эзэмшигч нь хувьцаагаа худалдах болбол хувьцааны үнийг тухайн компанийн эд хөрөнгө, эзэмшиж буй эрх, нийгэмд эзлэх байр суурь, худалдааны нэр, гаргасан бүтээгдэхүүний нэр хунд, технологийн нууц гэх мэт олон хучин зүйлд үндэслэж тогтооно. Өнт-өнгөт ХХК-ийн хөрөнгө (хөрөнгөд эдийн болон эдийн бус баялгаас гадна эрх орно. ИХ-ийн 83.1) нь ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл тул компанийн 100 хувийн хувьцааны үнэ нь 500,000 ам. доллар болсон нь түүний хөрөнгөтэй холбоотой тогтоогдсон үнэ юм. Гэрээний нийтлэг зүйлийн 2-т заасан заалт нь өөрт байгаа хөрөнгөд компани өөрөө ноёрхлоо тогтоож байгаа буюу бусдын эрхээр хязгаарлагдаагүй (эзэмших, өмчлөх, ашиглах, түрээслүүлэх) байгаа болохыг баталсан заалт юм.

Хэрвээ тусгай зөвшөөрөл худалдах, нөгөө тал нь зөвхөн хайгуулын тусгай зөвшөөрөл л худалдан авах хүсэл зоригтой байсан бол зөвхөн тухайн хэсгээр нь буюу Хувьцаа-г бус Хайгуулын тусгай зөвшөөрөл-ийг худалдах байсан. Учир нь тусгай зөвшөөрөл худалдах нь хуулиар зөвшөөрөгдсөн харилцаа тул худалдах, худалдан авах хууль зүйн бүрэн боломжтой буюу хайгуулын тусгай зөвшөөрөл нь худалдах худалдан авах гэрээний зүйл юм. Энэ ч утгаараа Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь эрэл хайгуулын талаарх анхдагч материал тайлан зэрэг мэдээллийг холбогдох хууль тогтоомжийн дагуу худалдаж зохих албан татвар төлсөн нь баримтаар нотлогдсон тохиолдолд түүний эзэмшилд байсан тусгай зөвшөөрлийг худалдан авагчид нь шилжүүлж болно гэж заасан. Энэ заалт нь зөвхөн хайгуулын тусгай зөвшөөрлийг дангаар худалдах тохиолдолд тусгай зөвшөөрлийг эрх бүхий байгууллагаас шилжүүлэх урьдчилсан нөхцөлийг заасан зохицуулалт болох нь хэнд ч тодорхой байдаг. Энэхүү ашигт малтмалын хайгуулын 12522Х дугаартай тусгай зөвшөөрөл эзэмшигч нь өөрчлөгдөөгүй. Өнт-өнгөт ХХК-ийн эзэмшилд хэвээрээ байгаа. Гэтэл тусгай зөвшөөрөл худалдсан байна гэж маргаж байгаа нь үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч нь Ашигт малтмалын тухай хуулийн 49 дугээр зуйлийн 49.2 дах хэсгийг зөрчөөгүйн зэрэгцээ хуулийн дээрх шаардлага нь талуудын тохиролцоонд хамааралгүй болно. Учир нь Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2-т заасан зохицуулалт дараах хоёр асуудлыг зохицуулсан зохицуулалт юм. Үүнд:

Тусгай зөвшөөрлийг биет байдлаар нь буюу зөвхөн тусгай зөвшөөрлийг шилжүүлэх тохиолдлыг зохицуулсан;

Тусгай зөвшөөрлийг биет байдлаар нь шилжүүлэх тохиолдолд төрийн эрх бүхий байгууллагад тусгай зөвшөөрөл эзэмшигчийг бүртгэх урьдчилсан нөхцөлийг зохицуулсан. Өөрөөр хэлбэл тус хуулийн дээрх зохицуулалт нь Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийн шилжүүлгийн бүртгэл хийхдээ зохих төлбөл зохих татвар төлсөн тохиолдолд бүртгэлд өөрчлөлт оруулахаар зохицуулсан юм. Гэрээний талуудын хооронд тусгай зөвшөөрөл худалдах худалдан авах гэрээ байгуулагдаагүй. Өөрөөр хэлбэл гэрээгээр тусгай зөвшөөрлийг худалдаагүй компанийн хувьцааг худалдсан. Хууль зөрчөөгүй тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хэлцэлд хамаарахгүй, хучин төгөлдөр хэлцэл юм. Хувьцаа худалдах худалдан авах гэрээний хариу төлбөрт төлсөн 500,000 ам доллар буюу 1,424,735,000 төгрөг гаргуулах шаардлагын хувьд энэ нь хэлцэл хучин төгөлдөр бус болсон тохиолдолд гарах хууль зүйн ур дагавар бөгөөд хэлцэл хүчин төгөлдөр тул энэ шаардлага нь үндэслэлгүй болно.

Дорнод аймгийн Баянтүмэн суман дахь 12522Х дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг Ф.И.А.К.МХХК нь MV 000000 дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл болгож үнэ цэнийг нэмэгдүүлсэн тул эдгээр тусгай зөвшөөрлүүдийн зах зээлийн үнийн зөрөө болох 6,370,000,000 төгрөгийг Б.Э-аас гаргуулах шаардлагын тухайд бол мөн ялгаагүй хэлцэл хучин төгөлдөр бус болсны ур дагавар гэж шаардаж байна. Хувьцаа худалдах худалдан авах гэрээ хучин төгөлдөр бус хэлцэлд хамаарахгүй тул сөрөг шаардлагыг бүхэд нь хүлээн зөвшөөрөхгүй... гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Э- нь хариуцагч Ф.И.А.К.МХХК-д холбогдуулан Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 720,000 ам.доллар буюу 1,625,598,500 төгрөг, алданги 359,980 ам.доллар буюу 812,744,563.40 төгрөг нийт 2,438,343,063 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлийг,

Ф.И.А.К.МХХК нь Б.Э-д холбогдуулан 2011 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн Хувьцаа худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, гэрээний төлбөрт төлсөн 500,000 ам. доллар буюу 1,424,735,000 төгрөгийг гаргуулах, 12522Х дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг 000000 дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл болгож үнэ цэнийг нэмэгдүүлсэн, тусгай зөвшөөрлүүдийн зах зээлийн үнийн зөрүүгээр нэхэмжлэгч үндэслэлгүйгээр хөрөнгөжих тул зөрүү болох 6,370,000,000 төгрөг нийт 7,794,735,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг шүүхэд тус тус гаргажээ.

Хариуцагч Ф.И.А.К.МХХК-нд холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт нийт 2,438,343,063 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлийг нэхэмжлэгч Б.Э- гаргасан ба энэ хэрэгт шүүхээс 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, нэхэмжлэлийн хувийг хариуцагч Ф.И.А.К.МХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.С-д 2016 оны 01 дүгээр сарын 14-ны өдөр, нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Т-т 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдөр тус тус гардуулж,

Нэхэмжлэгч Б.Э-д холбогдуулж Хувьцаа худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, хэлцлийн дагуу шилжүүлсэн 500,000 ам.доллар буюу 1,424,735,000 төгрөг, геологи хайгуулын ажлын зардал 1,617,768,000 төгрөг нийт 3,042,503,020 төгрөг гаргуулах сөрөг шаардлагыг 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр, 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдөр нэмэгдүүлсэн сөрөг шаардлага, 2021 оны 7 дугаар сарын 08-ны өдөр нэмэгдүүлсэн сөрөг шаардлага, 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн өөрчилсөн сөрөг шаардлагыг 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ч-д тус тус гардуулсан, зохигчдод хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, шүүх хуралдааны товыг мэдэгдсэн байна.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээс үзвэл нэхэмжлэгч Б.Э- нь хариуцагч Ф.И.А.К.МХХК-нд холбогдуулан Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3.-д зааснаар хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэхийг хүсжээ. Шүүх, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримт, зохигчдын тайлбарыг тус тус үндэслэн үндсэн нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, үлдэх хэсэг, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Б.Э- нь ... хариуцагч Ф.И.А.К.МХХК-нд холбогдуулан хувьцаа худалдах-худалдан авах гэрээний үүрэг болох хувьцаа худалдан авсан төлбөр 500,000 ам.долларыг хариуцагч төлсөн. Талуудын хооронд байгуулсан хэлцэл нь хувьцаа худалдах-худалдан авах гэрээ, хамтран ажиллах гэрээний шинжийг агуулсан холимог гэрээ байгуулагдсан. Хариуцагч хувьцааны үнэ болох 500,000 ам.долларыг гэрээний үүргийн дагуу нэхэмжлэгч Б.Э-д төлсөн. Гэрээгээр тохиролцсон 3 хувийн рояалти, 10,000 ам.доллар авах агуулга нь хариуцлага хэлбэрээр буюу анзын торгууль ногдуулах агуулгаар зохицуулсан гэх хариуцагчийн тайлбарыг зөвшөөрөхгүй. Учир нь 3 хувийн рояалти, 10,000 ам.доллар төлөх гэрээний тохиролцоо нь хамтын ажиллагааны дагуу лицензийн эрх ашигласны төлбөрт төлөх үндсэн үүрэг буюу гэрээгээр тохиролцсон төлбөр төлөх зохицуулалт юм. Харин лицензийн эрх ашигласны төлбөрт төлбөр төлөхөөр хариуцагч гэрээгээр үүрэг хүлээсэн боловч үүргээ биелүүлээгүй. Хэсэгчилсэн төлбөр гэдэгт нь гэрээний 2.2.(а), 2.2(б), 2.2(в), 2.2(д) үндсэн үүргийн хэсэгчилсэн төлбөрүүд бүхэлдээ хамаарна.

Гэрээгээр Хөөвөр булгийн ордыг 2013 оны 12 дугаар сарын 31 гэхэд олборлолтод хүргээгүй тохиолдолд 3 хувийн рояалтийн оронд сар болгон 10,000 ам.долларыг нэхэмжлэгчид төлөх үндсэн үүргээ хариуцагч биелүүлээгүй тул 2014 оны 1 дүгэр сарын 31-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл 72 сарын төлбөр 720,000 ам.доллар буюу 1,625,598,500 төгрөг, гэрээгээр тохиролцсон алданги 50 хувь болох 359,980 ам.доллар буюу 812,744,563.40 төгрөг нийт 2,438,343,063 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилж байна... гэж тайлбарлаж байна.

Хариуцагч Ф.И.А.К.МХХК нь ... талуудын хооронд байгуулсан 2011.07.17-ны өдрийн хувьцаа худалдах-худалдан авах гэрээ хууль зөрчиж хийсэн хэлцэл тул хүчин төгөлдөр бус хэлцэл болсон. Өөрөөр хэлбэл уг хувьцаа худалдах-худалдан авах гэрээгээр лицензийг шилжүүлсэн. Энэ нь тусгай зөвшөөрлийн эрхийг худалдсан гэрээний шинжийг илэрхийлсэн нь Ашигт малтмалын тухайн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2. дах хэсэгт заасныг зөрчиж хийсэн учраас Иргэний хуулийн 56.1.1-д заасан хууль зөрчиж хийсэн хэлцэл болсон тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Талуудын хооронд байгуулсан гэрээний 2.2(д)-д заасан 10,000 ам.доллар бол хариуцлага байдлаар зохицуулсан, анзын агуулгаар гэрээнд тусгагдсан. Өөрөөр хэлбэл олборлолтыг хугацаанд нь эхлүүлэх хариуцлага хэлбэрээр буюу анзын хэлбэр болох торгуулийн агуулгаар зохицуулагдсан юм. Тиймээс анзаас анз шаардаж болохгүй тул гэрээний 2.2(ё)-д зааснаар алданги шаардсан нь үндэслэлгүй юм. Мөн хэсэгчилсэн төлбөрийн 0.1 хувьтай тэнцэх торгууль төлөхөөр тохиролцсон нь гэрээний 2.2(а), 2.2 (б)-д заасан хэсэгчилсэн төлбөрийг хугацаанд нь төлөөгүй бол 0,1 хувийн алданги төлөхөөр тохиролцсон. Тэгвэл хариуцагч уг хэсэгчилсэн төлбөрийг төлж барагдуулсан. Гэрээний үнийг валютаар тохиролцсон нь Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийг зөрчсөн, гэрээг байгуулахдаа гэр бүлийн гишүүдээс зөвшөөрөл аваагүйн зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл болсон. 2013-2015 онд олон улсын зах зээл дээрх нүүрсний уналт бий болсноос уул уурхайн салбар дахь эдийн засгийн нөхцөл байдал муудсан, олборлолт хийхэд алдагдал ихтэй байсан. Бодит байдал дээр уурхайг ашиглах боломжгүй байсан энэ нь Худалдаа аж үйлдвэрийн танхимаас олгосон хүнд байдлын гэрчилгээгээр тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй... гэж маргаж байна.

Талуудын хооронд байгуулсан 2011 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн Хувьцаа худалдах-худалдан авах гэрээг орчуулагчаар орчуулуулах зохигчдын хүсэлтийг хангаж, тус шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 6154 дугаар захирамжаар орчуулагч томилж, гэрээг орчуулагч Д.Б Англи хэлнээс Монгол хэлэнд орчуулсан гэрээний орчуулгын талаар зохигчид маргаагүй тул шүүх уг орчуулгын гэрээг үндэслэн талуудын хооронд үүссэн гэрээний харилцаанд дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэсэн болно. /4х.х-ийн 204-212/

Хэрэгт авагдсан баримтаар 2011 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн Хувьцаа худалдах-худалдан авах гэрээгээр нэхэмжлэгч Б.Э- нь Өнт-Өнгөт ХХК-ийн 100 хувийн энгийн хувьцааг 500,000 ам.доллароор хариуцагч Ф.И.А.К.МХХК-нд худалдахаар, хариуцагч Ф.И.А.К.МХХК нь 2.2(в)-д 3 хувийн рояалти төлбөрийг улирал бүрийн төгсгөлд борлуулалтын гэрээ болон тайланд үндэслэн нэхэмжлэгчид хуваарилах, 2.2.(г)-д Хөөвөр булгийн ордыг олборлолтын шатанд хүргэхэд шаардагдах хайгуулын шаардлагатай бүхий л хөтөлбөрийг санхүүжүүлэх, 2.2(д)-д зааснаар 2013 оны 12 дугаар сарын 13-ны өдөр гэхэд Хөөвөр булгийн ордыг олборлолтын шатанд хүргэж чадаагүй бол нэхэмжлэгчид сар бүр 10,000 ам.долларыг хуваарилан хүртээх үүргийг тус тус гэрээгээр хүлээж, харилцан тохиролцжээ. /4х.х-ийн 207,208 хуудас/

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулж, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй, мөн хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ, мөн хуулийн 260 дугаар зүйлийн 260.1-д Үүргийн агуулгад харшлахгүй бол эрх, шаардлага, бусад хөрөнгө худалдах-худалдан авахад эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээний талаарх энэ хуулийн заалтууд нэгэн адил хамаарна гэж заасан бөгөөд Талуудын гэрээний тохиролцооны агуулгаас Өнт өнгөт ХХК-ийн хувьцаа эзэмших эрхийг хариуцагч Ф.И.А.К.МХХК худалдан авахаар, хувьцааны үнэ 500,000 ам.долларыг хариуцагч Ф.И.А.К.МХХК нэхэмжлэгч Б.Э-д төлөхөөр тохиролцсон эрх зүйн харилцаа нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 260 дугаар зүйлийн 260.1-д заасан агуулгатай нийцжээ.

Зохигчдын хооронд хийсэн хувьцаа худалдах-худалдан авах хэлцлийн дагуу нэхэмжлэгч Өнт өнгөт ХХК-ийн хувьцаа худалдсан, хариуцагч хувьцааны үнэ болох 500,000 ам.долларыг төлсөн үүргийн биелэлтийн талаар талуудын хооронд маргаан байхгүй.

Харин уг хэлцлийн дагуу хайгуулын тусгай зөвшөөрлийг нэхэмжлэгч хариуцагчид худалдсан нь Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн тухай хуульд нийцээгүй, хайгуулын тусгай зөвшөөрлийг нэхэмжлэгч хариуцагчид худалдсан, гэрээний үнийг валютаар тохиролцсон нь Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийг зөрчсөн, гэрээг байгуулахдаа гэр бүлийн гишүүдээс зөвшөөрөл аваагүйн зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн тул уг худалдах, худалдан авах гэрээ хүчин төгөлдөр бус байх хэлцэл болсон гэж хариуцагч маргасан.

Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2-т Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь эрэл, хайгуулын талаарх анхдагч материал, тайлан зэрэг мэдээллийг холбогдох хууль тогтоомжийн дагуу худалдаж зохих албан татвар төлсөн нь баримтаар нотлогдсон тохиолдолд түүний эзэмшилд байсан тусгай зөвшөөрлийг худалдан авагчид нь шилжүүлж болно, мөн хуулийн 49.4-т Энэ хуулийн 49.1-49.3-т заасны дагуу тусгай зөвшөөрлийг шилжүүлэн өгч байгаа тал нь ийнхүү шилжүүлэх тухай өргөдлийг батлагдсан маягтын дагуу үйлдэж түүнд дараах баримт бичгийг хавсаргана, 49.6.1-т хуульд харшлах шалтгаангүй бөгөөд холбогдох татварыг төлсөн тухай татварын алба тодорхойлолт гаргасан бол тусгай зөвшөөрөл шилжүүлснийг бүртгэж уг тусгай зөвшөөрөлд зохих тэмдэглэгээ хийх гэж заажээ.

Хариуцагч Ф.И.А.К.МХХК нь Ашигт малтмалын тухай хуулийн дээрх зохицуулалтуудыг нэхэмжлэгч зөрчиж, 2011 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн Хувьцаа худалдах-худалдан авах гэрээг хариуцагчтай байгуулсан нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчиж хийсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэх хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл 2007 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Дорнод аймгийн Баянтүмэн сумын Хөөвөр булаг нэртэй газарт олгосон ашигт малтмалын хайгуулын 12522Х дугаар лицензийг 2045 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр дуустал 9011032083 тоот гэрчилгээтэй Өнт-Өнгөт ХХК-нд ашигт малтмал ашиглахыг зөвшөөрсөн ашиглалтын тусгай зөвшөөрлийг 2015 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр олгосон, уг Дорнод аймгийн Баянтүмэн сумын Хөөвөр булаг нэртэй газарт олгосон ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн эрхийг Өнт-Өнгөт ХХК одоог хүртэл эзэмшиж байх тул тусгай зөвшөөрлийн эрх эзэмшигч өөрчлөгдсөн, тусгай зөвшөөрлийн эрхийг өөр этгээдэд худалдсан гэж шүүх үзэхээргүй байна. /1х.х-ийн 217-218 хуудас/

Өөрөөр хэлбэл талуудын хооронд байгуулсан 2011 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн Хувьцаа худалдах-худалдан авах гэрээгээр Өнт-Өнгөт ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч Б.Э- байсан нь тус гэрээгээр хувьцаа эзэмшигч нь хариуцагч Ф.И.А.К.МХХК болж өөрчлөгдсөнийг ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч Өнт-Өнгөт ХХК өөрчлөгдсөн гэж дүгнэхээргүй байх тул хууль зөрчиж хийсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж шүүх дүгнэх үндэслэлгүй юм.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1.-д хууль зөрчсөн гэж хуулийн хориглох хэм хэмжээг зөрчсөн, эсхүл хуулийн шаардлагыг хангаагүй хэлцэл хамаарах ба энэ зөрчил нь хэлцлийн эрх зүйн үндэслэлтэй байх зарчимд нийцэхгүй байхыг хэлнэ. Өөрөөр хэлбэл энэ төрлийн хэлцэл хийхэд хуулиар тогтоосон шаардлагыг зөрчсөн байхыг ойлгох тул талуудын хооронд байгуулсан 2011 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн Хувьцаа худалдах-худалдан авах гэрээ уг зохицуулалтад хамаарахгүй юм. Учир нь хувьцаа эзэмшигч өөрийн эзэмшлийн хувьцаа эзэмших эрхээ бусдад худалдах эрх хуулиар хориглоогүй бөгөөд ийнхүү хувьцаагаа худалдсаныг шүүх буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1. дэх хэсэгт Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын нутаг дэвсгэрт бараа, ажил, үйлчилгээний үнийг үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгөөр илэрхийлж, төлбөр тооцоог гүйцэтгэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино гэж зааснаас үзвэл Монгол Улсын нутаг дэвсгэрт бараа, ажил, үйлчилгээний үнийг үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэхээр байна. Иймээс уг хуулийн зохицуулалт талуудын хооронд байгуулсан гэрээний харилцаанд хамаарахгүй юм. Тиймээс гэрээний талууд гэрээний үнэ, төлбөрийг валютаар харилцан тохиролцож төлбөр төлснийг шүүх хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцох үндэслэлгүй байна.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д ... хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэж зааснаар Өнт-Өнгөт ХХК-ийн дүрмийн 5 дугаар зүйлийн 6-д зааснаар гэр бүлийн гишүүдийн зөвшөөрөлгүй уг компанийн хувьцааг худалдсан тул хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж хариуцагч маргасан нь үндэслэлгүй байна.

Өнт-Өнгөт ХХК-ийн дүрмийн 5 дугаар зүйлийн 6-д компанийн хөрөнгийг гэр бүлийн гишүүддээ болон бусдад шилжүүлэх, өвлүүлэх харилцааг Монгол улсын энэ төрлийн хуулийн дагуу шийдвэрлэнэ. Гэхдээ энэхүү давуу эрхийг гэр бүлийн гишүүд эдэлнэ гэж заажээ. /4х.х-ийн 000 хуудасны ар/

Нэхэмжлэгч Б.Э-ын гэр бүлийн гишүүн С.Б, Г.Б нар нь ... миний бие тус компанийн дүрэмд заасны дагуу компанийн хувьцааг бусдад худалдах тохиолдолд тэргүүн ээлжид худалдан авах давуу эрхтэй хэдий ч энэхүү давуу эрхээсээ сайн дураараа бүрэн татгалзаж, уг компанийн 100 хувийн хувьцааг танай компаниас худалдан авахыг хүлээн зөвшөөрч байна... гэх зөвшөөрлийг хариуцагч Ф.И.А.К.МХХК-нд 2011 оны 12 дугаар сарын 05-ны өдөр гаргаж, гарын үсгийн үнэн зөвийг нотариатч гэрчилсэн болох нь тогтоогдож байна. /4х.х-ийн 240, 241 хуудас/

Өнт-Өнгөт ХХК-ийн хувьцааг хувьцаа эзэмшигч бусдад шилжүүлэхдээ давуу эрхийг гэр бүлийн гишүүддээ эдлүүлэхээр компанийн дүрмээр заасан байх бөгөөд гэр бүлийн гишүүн С.Б, Г.Б нар уг давуу эрхийг хэрэгжүүлэхээс татгалзсан байна. Иймээс хуульд зааснаар хувьцаа эзэмшигч Б.Э- Өнт-Өнгөт ХХК-ийн хувьцааг хариуцагч Ф.И.А.К.МХХК-нд худалдсан нь Иргэний хуулийг 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасныг зөрчөөгүй байх тул хүчин төгөлдөр хэлцэл байна.

Талуудын гэрээний 2.2(в)-д зааснаар ... худалдан авагч тал 3 хувийн рояалтыг худалдагч талд олгож байхаар , 2.2(д)-д зааснаар 2013 оны 12 дугаар сарын 13-ны өдөр гэхэд уг ордыг олборлолтод хүргэж чадаагүй тохиолдолд сар бүр 10,000 ам.долларыг шилжүүлж байхаар гэрээний дагуу үүрэг хүлээнэ... гэж тус тус заасан гэрээний нөхцөлийн талаар талууд маргасан.

Хариуцагч нь гэрээнд зааснаар 3 хувийн рояалти төлөх нөхцөл болох олборлолт, борлуулалт хийгээгүй тул 10,000 ам.долларын анзыг худалдагч талд төлөх боломжгүй. 2013 оны 12 дугаар сарын 13-ны өдөр гэхэд уг ордыг олборлолтод хүргэж чадаагүй тохиолдолд 10,000 ам.долларын анз төлөхөөр тохиролцсон. Уг 10,000 ам.доллар төлөх тохиролцоо нь гэрээний үндсэн үүрэг биш, ордыг хугацаанд нь олборлолтод хүргэж чадаагүйтэй холбоотой хариуцлагын зохицуулалт буюу анзын агуулгаар харилцан тохиролцсон гэж хариуцагч тайлбарлаж, сар бүр 10,000 ам.доллар төлөх үүргээ биелүүлэхийг шаардсан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч татгалзаж байна.

Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д Хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй гэж зааснаар гэрээгээр үүрэг хүлээсэн этгээд уг үүргээ биелүүлэх үүрэгтэй бөгөөд иргэний эрх зүйн харилцаанд оролцогч нь гэрээний агуулгыг мөн хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар чөлөөтэй, хуулиар хориглоогүй хүрээнд тодорхойлох эрхтэй. Хариуцагч Ф.И.А.К.МХХК нь нэхэмжлэгч Б.Э-аас хувьцааны эрх худалдан авсан Өнт-Өнгөт ХХК-ийн нэр дээр байгаа тусгай зөвшөөрөл бүхий Хөөвөр булгийн ордыг олборлолтод хүргэхэд шаардагдах зардлыг санхүүжүүлэх, олборлолт хийх, уг олборлолтоос 3 хувийн рояалти буюу ашгийг нэхэмжлэгчид төлөх, 2013 оны 12 дугаар сарын 13-ны өдөр гэхэд уг ордыг олборлолтод хүргэж чадаагүй тохиолдолд сар бүр 10,000 ам.долларыг нэхэмжлэгчид төлөх үүргийг тус тус гэрээгээр хариуцагч хүлээсэн байна.

Нэхэмжлэгч Б.Э-д гэрээний 2.2.(в)-д зааснаар борлуулсан нүүрсний орлогын 3 хувийн рояалти шаардах эрх үүсэх тухай заалт байгаа боловч нэхэмжлэгч нь гэрээний энэхүү заалтад заагдсан үүргийг хариуцагчаас шаардаагүй.

Харин олборлолт хийж чадаагүй буюу 3 хувийн ашиг хүртээх боломжгүй тохиолдолд сар бүр 10,000 ам.долларыг нэхэмжлэгчид хариуцагч Ф.И.А.К.МХХК төлөхөөр талууд гэрээгээр тохиролцсон тохиролцооны дагуу үүргээ биелүүлэхийг хариуцагчаас нэхэмжлэгч шаардсан. Хариуцагч уг тохиролцоогоор нэхэмжлэгчийн өмнө уг төлбөр төлөх үүрэг хүлээсэн тохиролцоо нь хуулиар хориглоогүй байх тул нэхэмжлэгч гэрээний үүргийг хариуцагчаас шаардах эрхтэй юм.

Талуудын хэлцлийн тохиролцооны агуулгаас үзэхэд нэхэмжлэгч Өнт-Өнгөт ХХК-ийн 100 хувийн эзэмших эрхтэй энгийн хувьцаагаа хариуцагчид худалдах, хариуцагч хувьцааны үнэ 500,000 ам.долларыг нэхэмжлэгчид төлөх, нүүрсний ордыг олборлолтод хүргэхэд шаардагдах санхүүжилтийг хийх, олборлолт болон борлуулалтын орлогоос 3 хувийн раялтийг нэхэмжлэгчид хуваарилах, хэлцэлд заасан хугацаанд ордыг олборлолтын шатанд хүргэж чадаагүй бол сар бүр 10,000 ам.доллар хариуцагч нэхэмжлэгчид хуваарилах, ашиг хүртээх агуулгатай тохиролцоо бүхий холимог гэрээ байгуулагдсан гэж үзэхээр байна. Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.5 дах хэсэгт зааснаар холимог гэрээний агуулгыг тайлбарлахдаа гэрээний гүйцэтгэлд илүү төсөөтэй тухайн төрлийн гэрээг зохицуулсан хуулийн хэм хэмжээг анхаарна гэж заасан бөгөөд талуудын хооронд байгуулагдсан хэлцлийн эрх зүйн гол харилцаа худалдах, худалдан авах гэрээнд зааснаар хийгдсэн, талуудын хооронд хийсэн худалдах, худалдан авах гэрээ хуульд нийцсэн хүчин төгөлдөр хэлцэл байна. Иймээс нэхэмжлэгч уг хэлцлийн дагуу Иргэний хуулийн 186 дугаар зүйлд зааснаар хэлцлийн дагуу хүлээсэн үүргийг хариуцагчаас шаардах эрхтэй байна.

Талуудын хооронд байгуулсан гэрээний 2.2.(ж)-д Хэлцэлд хууль зүйн талаасаа хүндрэл үүсгэхгүй тохиолдолд энэхүү гэрээг хөрөнгө оруулалтын гэрээ болгож өөрчлөхийг Худалдан авагч тал үүгээр зөвшөөрөв гэж харилцан тохиролцсоноос дүгнэвэл хариуцагч Ф.И.А.К.МХХК буюу Худалдан авагч тал 2011 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн дээрх хэлцлээр зөвхөн хувьцаа худалдах, худалдан авах харилцаанаас үүсэх үүргийн харилцааг зохицуулаагүй, тусгай зөвшөөрлийн эрхийг ашиглахтай холбогдуулан ордыг олборлолтод хүргэх хөрөнгө оруулалтыг санхүүжүүлэх, олборлолтоос нэхэмжлэгчид ашиг хуваарилах талаарх хүсэл зоригийн илэрхийллийг хариуцагч илэрхийлж, гэрээгээр үүрэг хүлээж байсан болох нь талуудын тохиролцооны агуулгаар мөн тогтоогдож байна.

Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1-д гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна гэж заасан бөгөөд 2013 оны 12 сарын 31 гэхэд Хөөвөр булгийн ордыг олборлолтын шатанд хүргэж чадаагүй бол хариуцагч сар бүр 10,000 ам.доллар төлөх үүрэг хүлээсэн талуудын тохиролцооны агуулга Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.5-д заасан агуулгыг илэрхийлээгүй байна.

Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.5-д Үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал нь төлөхөөр хууль болон гэрээнд урьдчилан тодорхой хэмжээгээр заасан, эсхүл гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн тодорхой хувиар тогтоосон анзыг торгууль гэнэ гэж заасан хуулийн зохицуулалт, агуулга нь дээрх гэрээний 2.2(д)-ын зохицуулалтын агуулгатай нийцэхгүй байна.

Мөн хувьцаа худалдах, худалдан авах гэрээний англи хувилбарын албан ёсны орчуулгад гэрээний бүх нөхцөл нь Боналекс ХХК амжилттайгаар магадлан шалгалт хийж дуусгаснаар гүйцэтгэгдэнэ гэж, гэрээний монгол хэл дээрх эх хувьд гэрээний бүх заалт хуулийн компани буюу Боналекс ХХК-ийн хяналт дээр үндэслэгдсэн гэх агуулгаар хэлцэл бичигдсэн, хариуцагч нь Иргэний хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт заасан ашгийн төлөө зорилготой буюу бизнесийн үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээдийн эрх зүйн байдалтай байгаа зэргээс үзэхэд гэрээний агуулгыг гэрээнд зааснаас өөрөөр ойлгосон, төөрөгдсөн гэж үзэх боломжгүй.

Түүнчлэн, гэрээний 2.2(а)-д Энэхүү гэрээг байгуулсны дараа 2011 оны 7 сарын 31-ны өдөр гэхэд Худалдан авагч тал худалдан авах нийт үнийн 40 хувь болох 200,000 ам.долларыг Худалдагч талын заасан банкны данс руу шууд шилжүүлнэ, 2.2(б)-д Худалдагч тал нь Хувьцааг Худалдан авагч талын нэр дээр 100 хувь шилжүүлж дууссаны дараа 2011 оны 12 сарын 31-ний өдөр гэхэд Худалдан авагч тал худалдан авах нийт үнийн үлдэгдэл болох 300,000 ам.долларыг Худалдагч талын заасан банкны данс руу шууд шилжүүлнэ, 2.2(в) Худалдагч тал нь Хөөвөр булгийн ордны нүүрсний олборлолт болон борлуулалтын орлогод үндэслэн 3 хувийн роялти хүлээн авах эрхтэй байна. 3 хувийн роялти төлбөрийг улирал бүрийн төгсгөлд борлуулалтын гэрээ болон тайланд үндэслэн Худалдагч талд хуваарилна, 2.2(д) Хэрэв худалдан авагч тал нь 2013 оны 12 сарын 31 гэхэд Хөөвөр булгийн ордыг олборлолтын шатанд хүргэж чадаагүй бол Худалдагч тал сар бүр 10,000 ам.доллар хуваарилан хүртээх үүргийг хүлээнэ гэж тохиролцсон тохиролцоо буюу гэрээний хүсэл зориг, үгийн шууд утгаас дүгнэвэл уг гэрээний дагуу хариуцагч төлбөр төлөх үндсэн үүргийг тус хэлцлээр хүлээж, тохиролцсон байна.

Харин гэрээний 2.2(ё)-д Хэрэв Худалдан авагч тал энэхүү гэрээний дагуу хэсэгчилсэн төлбөрийг төлөх үүргээ биелүүлж чадаагүй бол хоног тутамд тухайн хэсэгчилсэн төлбөрийн 0,1 хувьтай тэнцэх торгууль төлнө..., 2.2(з)-д Хэрэв гэрээнд гарын үсэг зурсны дараа гэрээний аль нэг тал гэрээг зөрчвөл 2011 оны 8 сарын 31 гэхэд гэрээний 50 хувьтай тэнцэх торгууль төлөх үүргийг хоёр тал хүлээв гэж гэрээнд заасан тохиролцоо нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.5, 232.6-д заасан анзын агуулгыг илэрхийлж талууд хэлцлээр тохиролцсон байна.

Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж, түүнчлэн 208 дугаар зүйлийн 208.1-д Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэж тус тус заасан ба талуудын хооронд байгуулсан хувьцаа худалдах-худалдан авах гэрээний 2.2(д)-д Хэрэв 2013 оны 12 сарын 31 гэхэд Худалдан авагч тал Хөөвөр булгийн ордыг олборлолтод хүргэж чадаагүй тохиолдолд сар болгон 10,000 ам.долларыг Худалдагч талд шилжүүлж байхаар гэрээний дагуу үүрэг хүлээж байгаа болно. гэж заасны дагуу 2014 оны 1 дүгэр сарын 31-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл 72 сарын төлбөр 720,000 ам.доллар буюу 1,625,598,500 төгрөгийг нэхэмжлэгч шаардах эрхтэй байх тул хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Хариуцагч нь гэрээний 5.8.-д Энэхүү гэрээг англи, монгол 2 хэл дээр байгуулах бөгөөд хоёр хэлний хооронд зөрүү гарвал англи хэр дээрх хувилбар давуу байна гэж заасан ба 2011.07.17-ны өдрийн хувьцаа худалдах-худалдан авах гэрээг англи хэлнээс монгол хэл рүү хөрвүүлсэн гэрээний 2.2-ын ё-д заасан зохицуулалтаар санхүүгийн хэсэгчилсэн төлбөрүүд гэдэгт тус гэрээний 2.2-ын а,б гэх заалт зөвхөн хамаарах агуулгыг илэрхийлэхгүй байна. Хөрвүүлсэн гэрээний 2.2. а, б, в, д зохицуулалтаар төлбөр төлөх үүрэг буюу санхүүгийн хэсэгчилсэн төлбөр төлөх үүргийг тусгасан ба зөвхөн гэрээний а,б зохицуулалтыг хэсэгчилсэн төлбөр гэж үзнэ гэх хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ гэж заасан бөгөөд гэрээний 2.2(ё)-д Худалдан авагч тал энэхүү гэрээний дагуу хэсэгчилсэн төлбөрийг төлөх үүргээ биелүүлж чадаагүй бол хоног тутамд тухайн хэсэгчилсэн төлбөрийн 0,1 хувьтай тэнцэх торгууль төлнө... гэж заажээ. /4 х.х-ийн 208 хуудас/

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна., мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.5-д Үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал нь төлөхөөр хууль болон гэрээнд урьдчилан тодорхой хэмжээгээр заасан, эсхүл гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн тодорхой хувиар тогтоосон анзыг торгууль гэнэ, мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж зааснаас үзвэл зохигчдын хооронд байгуулсан гэрээ нь хоног тутамд 0,1 хувийн алданги төлөхөөр гэрээний үгийн шууд утга тайлбарлагдаж байх тул үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй тал алданги төлөхөөр гэрээгээр тохиролцсон байна.

Хариуцагч нь Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1-д зааснаар үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тул Иргэний хуулийн 232.4-д дэх хэсэгт зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар анз төлөх үүрэгтэй ба нэхэмжлэгч нь хариуцагчийн гүйцэтгээгүй нийт үүргээс 0,1 хувиар алданги тооцож, 359,980 ам.доллар буюу 812,744,563.40 төгрөг нэхэмжилсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Уул уурхайн зах зээлийн хямрал, нүүрсний зах зээлийн уналт зэргээс шалтгаалан гэрээний дагуу үүргээ зохих ёсоор хариуцагч биелүүлэх боломжгүй хүнд нөхцөл байдал үүссэн болох нь Худалдаа аж үйлдвэрийн танхимаас 2016 оны 3 дугаар сарын 02-ны өдөр 01/138 дугаар бүхий олгогдсон Хүнд нөхцөл байдлын гэрчилгээгээр тогтоогдож байх тул шүүх Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д Анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно гэж заасныг үндэслэн нэхэмжлэгчийн шаардсан нийт анзын 50 хувь буюу 406,399,625 төгрөгийн хэмжээгээр анзыг багасгах нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Хариуцагч Ф.И.А.К.МХХК нь Б.Э-д холбогдуулан

2011 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн Хувьцаа худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, гэрээний төлбөрт төлсөн 500,000 ам. доллар буюу 1,424,735,000 төгрөгийг гаргуулах, 12522Х дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг 000000 дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл болгож үнэ цэнийг нэмэгдүүлсэн, тусгай зөвшөөрлүүдийн зах зээлийн үнийн зөрүүгээр нэхэмжлэгч үндэслэлгүйгээр хөрөнгөжих тул зөрүү болох 6,370,000,000 төгрөг нийт 7,794,735,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг гаргасан.

Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд талуудын хооронд 2011 оны 7 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан Хувьцаа худалдах, худалдан авах гэрээнд эрх зүйн дүгнэлт хийж, уг гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцох үндэслэл тогтоогдоогүй үндэслэлээр үндсэн шаардлагын үүргийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул 2011 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн Хувьцаа худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах сөрөг шаардлагыг ханган үндэслэлгүй байна.

Хариуцагч Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй гэж зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцлийн үр дагавар гэж 2011 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн Хувьцаа худалдах, худалдан авах гэрээний төлбөрт төлсөн 500,000 ам. доллар буюу 1,424,735,000 төгрөг гаргуулах, 12522Х дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг 000000 дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл болгож үнэ цэнийг нэмэгдүүлсэн тусгай зөвшөөрлүүдийн зах зээлийн үнийн зөрүүгээр нэхэмжлэгч үндэслэлгүйгээр хөрөнгөжих тул зөрүү болох 6,370,000,000 төгрөг нийт 7,794,735,000 төгрөг гаргуулахыг шаардсан бөгөөд шүүх талуудын хооронд байгуулсан 2011 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн Хувьцаа худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр гэрээ гэж дүгнэсэн тул уг гэрээний дагуу шилжүүлсэн зүйлээ харилцан буцаах боломжгүй байх тул уг сөрөг шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлээ.

Мөн Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д Хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон гэж заасан хуулийн зохицуулалтад талуудын хооронд хийсэн дээрх хэлцэл уг зохицуулалтад хамаарахгүй бөгөөд шүүр алуудын хооронд байгуулсан худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр хэлцэл гэж дүгнэсэн тул уг үндэслэлээр сөрөг шаардлагыг шүүх хангах үндэслэлгүй тул үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх 6,370,000,000 төгрөгийн сөрөг шаардлагыг шүүх хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Иргэний хуулийн 217 дугаар зүйлийн 217.1-д Мөнгөн төлбөрийн үүргийг Монгол улсын мөнгөн тэмдэгт төгрөгөөр гүйцэтгэнэ мөн хуулийн 218 дугаар зүйлийн 218.1-д Төлбөр гүйцэтгэх хугацаа болохоос өмнө мөнгөний ханш өссөн, буурсан бол үүрэг үүсэх үеийн ханшаар тооцож төлбөрийг төлнө гэж заасан бөгөөд нэхэмжлэгч 2014 оны 1 дүгэр сарын 31-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацааны үүргийг шаардсан бөгөөд нийт үүрэг үүсэх үеийн валютын ханшийг тодорхойлж, холбогдох Монгол банкны ханшийн лавлагааг шүүхэд ирүүлж, тооцооллыг гаргаж, нэхэмжлэлийн үнийг тодорхойлсон нь хуульд нийцсэн, нэхэмжлэлийн тооцоололд хариуцагч маргаагүй болно.

Шүүх шийдвэрийн үндэслэлд шинжээчийн дүгнэлтүүд, шинжээчийн шүүхэд өгсөн тайлбар, Хөөвөр булаг хүрэн нүүрсний ордыг ил аргаар ашиглах техник эдийн засгийн үндэслэл, хариуцагчаас гаргаж өгсөн 4 хавтас санхүүгийн баримтыг шүүх тус тус нотлох баримтаар үнэлээгүй ба 2011.07.17-ны өдрийн хувьцаа худалдах-худалдан авах гэрээний монгол хэл дээрх гэрээ, англиас монгол хэл рүү орчуулсан орчуулагч Д.Баярмаагийн хөрвүүлсэн гэрээ, хүнд нөхцөл байдлын гэрчилгээ, Монгол банкнаас зарласан ханшийн лавлагаа, Өнт өнгөт ХХК-ийн дүрэм, гэр бүлийн гишүүдийн гарын үсгийн үнэн зөвийг гэрчилсэн баримт, Ф.И.А.К.МХХК-ийн 2021 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 39122 дугаартай удирдах зөвлөлийн тогтоол зэргийг нотлох баримтаар үнэлж, зохигчдын хооронд үүссэн эрх зүйн харилцаа, үйл баримтад эрх зүйн дүгнэлтийг өгч, маргааныг шийдвэрлэлээ.

Дээрхийг нэгтгэн дүгнэвэл үндсэн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хариуцагч Ф.И.А.К.МХХК-иас 2,031,998,125 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Э-д олгож, нэхэмжлэлийн үндсэн шаардлагаас 406,399,625 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,          

нэхэмжлэгч Б.Э-д холбогдох 2011 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн Хувьцаа худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, 12522Х дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг 000000 дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл болгож үнэ цэнийг нэмэгдүүлсэн тусгай зөвшөөрлүүдийн зах зээлийн үнийн зөрүүгээр нэхэмжлэгч үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн зөрүү болох 6,370,000,000 төгрөг нийт 7,794,735,000 төгрөг гаргуулах тухай Ф.И.А.К.МХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.8 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Ф.И.А.К.МХХК-иас 2,031,998,125 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Э-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 406,399,625 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.5, 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Э-д холбогдох 2011 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн Хувьцаа худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, нийт 7,794,735,000 төгрөг гаргуулах тухай Ф.И.А.К.МХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 56.1, 56.2 дах хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 12,843,622 төгрөг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн шаардлагад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 12,513,365 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 10,317,941 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Э-д олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

ШҮҮГЧ                                 Ц.ОЮУНБИЛЭГ