Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 001/ХТ2020/00829

 

Б.Энхжаргалын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 183/ШШ2019/00969 дүгээр шийдвэр,

  Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 1123 дугаар магадлалтай,

 Нэхэмжлэгч: Б.Энхжаргал

Хариуцагч: Фар ийст азиа коул майнинг ХХК

 Гэрээний үүрэгт 610,000 ам.доллар буюу 1,604,153,600 төгрөг, алданги 305,000 ам.доллар буюу 802,076,800 төгрөг, нийт 2,406,230,400 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Хяналтын журмаар гаргасан зохигчийн гомдлыг үндэслэн

Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Энхжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн С.Батбуян, өмгөөлөгч Ж.Майзориг, нарийн бичгийн даргад Х.Билгүүн нар оролцов.

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: 2011-07-17-ны өдөр хариуцагч компанитай хувьцаа худалдах-худалдан авах гэрээ байгуулж, Өнт-Өнгөт ХХК-ийн 100 хувийн энгийн хувьцаа худалдах, Хөөвөр Булагийн ордын олборлогдсон нүүрсний борлуулалтын орлогоос 3%-ийн рояалти олгох, 2014-01-01-с өмнө Хөөвөр Булагийн ордыг олборлолтод хүргээгүй тохиолдолд хариуцагч 3%-ийн рояалтийн оронд сар бүр 10,000 ам.долларыг нэхэмжлэгчид шилжүүлэхээр тохиролцсон. Мөн 2012-01-12-ны өдөр талууд Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулж, уг санамж бичгийн 4-т хувьцаа худалдах-худалдан авах гэрээний 2.2-ийн е-д заасан олборлолт гэдэг үгийг талууд ...нүүрсийг газрын хэвлийгээс гаргаж худалдахаар овоолсон эсвэл ачуулсан нөхцөлийг хэлнэ гэж ойлголцсон байна хэмээн тодорхойлсон.Хариуцагч одоог хүртэл нэхэмжлэгчид гэрээний дагуу сар болгон шилжүүлэх ёстой 10,000 ам доллар өгөх үүргээ биелүүлээгүй. 2014-01-01-с 2019-02-01-ний өдөр хүртэл нийт 61 сарын 610,000 ам.доллар буюу Монголбанкны 2019-02-01-ний өдрийн ам.долларын ханш болох 2,629.76 төгрөгт шилжүүлэн 1,604,153,600 төгрөг. Гэрээний 2.2-ын g-р алданги хоногийн 0,1%-иар тооцоход /610,000$ х 0,1%= 610 $ нэг хоногийн алданги, 61 сар х 30 хоног = 1830 өдөр х 610 $ нэг хоногийн алданги = 1,116,300 $ нийт алданги/ алдангийн хэмжээ нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50%-иас хэтэрсэн тул гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50%-иар тооцон алдангид 305,000 ам.доллар буюу 802,076,800 төгрөг, нийт 2,406,230,400 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч тайлбартаа: ИХШХШТХ-н 63.2-т зааснаар нэхэмжлэлийн үнийг нэхэмжлэл гаргах үеийн буюу 2016-01-04-ний өдрийн ханшаар тооцох ёстой. Гэтэл нэхэмжлэгч нь 2019-02-01-ний өдрийн ам.долларын ханшийг баримтлан нэхэмжлэлийн үнийг тодорхойлсон нь буруу. ИХ-н 232.4-т зааснаар төлөгдөөгүй рояалти буюу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50%-иас хэтрэхгүй байх ёстой гэсэн шаардлага тавигдана.Гүйцэтгээгүй үүргийн дүн хэд гэдгийг нэхэмжлэгч нотлоогүй. Алданги тооцохдоо алдаа гаргасан. 610,000 ам.доллараар биш тухайн үед төлөх ёстой үнийн дүнгийн хугацаа тус бүрээр тооцох байсан. Гүйцэтгээгүй үүрэг нь 10,000 ам.доллар гэж үзвэл тухай бүрт нь хуримтлуулж тооцох байсан, нийт дүнгээс тооцох боломжгүй. Хариуцагч талаас хувьцаа худалдах-худалдан авах гэрээний 2.2d-н дагуу 2013-12-31-ний өдөр гэхэд ордыг олборлолтод хүргэх үүргээ зөрчөөгүй гэж үзэж байна.Давагдашгүй хүчин зүйл, зах зээлийн хямрал, гадаадын хөрөнгө оруулалт зогссоны улмаас тухайн хугацаанд олборлолтонд хүргэж чадаагүй талаарх баримтууд хэрэгт авагдсан. Алдагдалтай нөхцөлд олборлолтоо эхлүүлж, 3%-н рояалти өгч, сар бүр 10,000 ам.долларын торгууль төл гэдэг нь ИХ-н 222.2-т зааснаар үндэслэлгүй байна. Уурхай ашиггүй ажиллаж, 500,000 ам.доллараар Өнт-Өнгөт ХХК-н хувьцааг худалдаж авсан. Өнт-Өнгөт ХХК нь 1 сая төгрөгийн хувь нийлүүлсэн хөрөнгөтэй юм. Тэгэхээр компанийн 100%-н хувьцааг 500,000 ам.доллараар худалдан авсан нь уурхайн үнэд тодорхой хэмжээгээр шингэсэн. Уурхайг худалдан авсан өдрөөс хойш Өнт-Өнгөт ХХК, Фар ийст азиа коул майнинг ХХК нар нь уурхайгаас нэг ч төгрөгийн ашиг олоогүй. 106 тэрбум төгрөгийн алдагдалтай уурхайгаа эхлүүл гэж нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа нь Иргэний зэр зүйн харилцааны шудрага, тэгш байдлын зарчим хөндөгдөнө гэсэн Иргэний хуулийн ерөнхий зарчмыг илэрхийлж байна.. өөртөө хохирол учруулж, бусдад орлого өгнө гэдэг нь Иргэний эрх зүйн хамгаалалтын зарчимд нийцэхгүй байна. Хоног тутам 0,1%-н алданги нэхэмжилсэн нь анзаас анз тооцож болохгүй гэсэн Иргэний хуулийн зохицуулалтад нийцэхгүй. Гэрээний Англи хувь нь Монгол хэлтэйгээ зөрчилдөж байсан учир баталгаат орчуулгаар гаргаж өгсөн. Англи хэл дээр тодорхой бичсэн заалт нь хэсэгчилсэн төлбөрийг хэлж байна. Энэ нь 200,000 ам.доллар, 300,000 ам.долларыг хэлсэн. 2013-12-31, 2014-07-31 гэсэн гэрээний 2.2 а,в заалтад заасан хугацаандаа төлөөгүй тохиолдолд 0,1%-н алданги тооцно гэсэн. Сар бүр төлөх ёстой 10,000 ам.доллар, торгуулиас төлөх ёстой гэж харагдахгүй байна. Хариуцагч хүнд нөхцөл байдалд өртсөн, уурхайгаа ажиллуулж чадаагүй гэсэн санхүүгийн тооцооллууд, олборлолт явуулахын тулд 1 сая ам.доллар хайгуулын зардалд гаргасан баримтууд хэрэгт авагдсан. Нэхэмжлэл үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр 183/ШШ2019/00969 дугаартай шийдвэр гаргаж, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 260 дугаар зүйлийн 260.1, 232 дугаар зүйлийн 232.4-т заасныг баримтлан Фар ийст азиа коул майнинг ХХК-иас 1,436,767,200 төгрөг гаргуулж Б.Энхжаргалд олгож, нэхэмжлэлээс 969,468,200 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 12,525,107 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 7,341,786 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн байна.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 1123 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 183/ШШ2019/00969 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 260 дугаар зүйлийн 260.1 гэснийг 186 дугаар зүйлийн 186.1 гэж, 232 дугаар зүйлийн 232.4 гэсний дараа 232 дугаар зүйлийн 232.8 гэж нэмж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 2,103,575 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгох, хариуцагчаас төлсөн 7,341,786 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсэн байна.

 Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Нарангоо хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Шүүх Хүнд нөхцөл байдлын гэрчилгээ гэх хуулийн шаардлага хангаагүй нотлох баримтыг үндэслэн алдангийн хэмжээг бууруулж хассан нь буруу гэж үзэж байна. УДШ-ийн 2016-05-10-ны өдрийн 2-р Зөвлөмжинд ..зөвхөн хэрэгт авагдсан, хуулиар зөвшөөрөгдсөн аргаар олдсон, хуульд заасан хэлбэртэй нотолгооны хэрэгсэлд агуулагдаж буй нотлох баримт л хэргийн бодит нөхцөл байдлыг тодорхойлох үндэслэл болно. Хуулийн шаардлага хангаагүй нотлогооны хэрэгсэлд агуулагдсан мэдээлэл нотлох баримт болж чадахгүй тул уг мэдээлэл хэргийн үйл баримтыг тогтоох үндэслэл болохгүй юм... гэж зөвлөсөн байна. Гэтэл магадлалын үндэслэл болсон Хүнд нөхцөл байдлын гэрчилгээ гэх нотлох баримт нь доорх хууль журамд заасан хуулийн шаардлагыг хангаагүй баримт байхад үүнийг огт анхаараагүй. Үүнд: МҮХАҮТ-н гэнэтийн давагдашгүй хүчин зүйл болон Хүнд нөхцөл байдлын баталгаа гаргах журмын 2.1-д заахдаа гэнэтийн давагдашгүй хүчин зүйл болон Хүнд нөхцөл байдлын баталгаажуулалтыг гаргахдаа МУ-ын Үндсэн хууль, Иргэний хууль болон МУ-ын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенци, олон улсын эрх зүйн бүх нийтээр хүлээн зөвшөөрсөн зарчим, бизнесийн тогтсон заншлын хэм хэмжээ, талуудын хооронд байгуулсан гэрээ болон үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан гаргасан төрийн эрх бүхий албан тушаалтан, байгууллагын хэм хэмжээ тогтоосон актыг удирдлага болгоно гэжээ. Хэрэгт авагдсан МҮХАҮТ-иас олгосон гэх гэрчилгээг үзвэл тэрээр уг гэрчилгээг олгосон үндэслэлээ заахдаа Гэнэтийн давагдашгүй хүчин зүйл болон Хүнд нөхцөл байдлын баталгаа гаргах журам-ын 2.1-д заасны дагуу ...эрх бүхий байгууллагаас гаргасан дүгнэлт зэрэг материалуудыг судалсныг үндэслэн уг гэрчилгээг олгосон гэж бичсэн байна. Гэвч хариуцагч нь бодит байдал дээр ямарч эрх бүхий байгууллагаас гаргасан дүгнэлтгүйгээр Хүнд нөхцөл байдлын гэрчилгээ гаргуулан авч улмаар уг баримтыг шүүхэд нотлох баримтаар өгсөн байхад шүүх үүнийг үнэн зөв эргэлзээгүй, зөвшөөрөгдсөн нотлох баримт эсэхийг судалж үнэлэлгүй алдаа гаргасан. Түүнээс гадна уг журмын 2.2.1-д Гэнэтийн давагдашгүй хүчин зүйл болон Хүнд нөхцөл байдлын баталгаа гаргуулахыг хүсэгч хувь хүн, аж ахуйн нэгж, байгууллага тухайн харилцааг зохицуулж буй гэрээндээ Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл, Хүнд нөхцөл байдал-ын заалтыг заавал тусгасан байх гэж заажээ. Гэтэл талуудын хооронд байгуулагдсан гэрээнд энэ талаарх ямарч заалт байхгүйг шүүх анхаараагүй. ИХ-н 232-г буруу хэргэлсэн талаар: Талуудын маргаж буй гэрээ нь 2011-07-17-ны өдөр байгуулагдсан. Хариуцагч тал 2013-12-31-ний дотор уурхайг олборлолтод хүргэх, хүргэж чадахгүй тохиолдолд энэ үеэс эхлэн сар бүр 10,000 ам.долларыг төлөх үүргийг худалдагч талын өмнө хүлээсэн байсан. Гэвч хариуцагч тал өнөөдрийг хүртэл бүтэн 6 жил өнгөрөөд байхад уурхайгаа олборлолтод хүргэх үүргээ биелүүлээгүй л байгаа. Нэхэмжлэгчийн тухайд 2016-01-р сард шүүхэд нэхэмжлэл гаргасан. Уг хэрэг 3 шатны шүүхээр одоо 2 дахь удаагаа орж, ХХША явагдаж эхэлснээс хойш 3 дахь жилийнхээ нүүрийг үзэж байна. Энэхүү цаг хугацааны буруутан нь нэхэмжлэгч тал огт биш юм. Хариуцагч тал нь 2014-01-01-с хойш 5 жил 7 сарын хугацаа өнгөрчихөөд байхад нөгөө л нүүрсний үнийн уналтаа ярьсан хэвээрээ ямарч ажиллагаа хийгээгүй хэвээрээ л байгаад байдаг. Хэдийгээр гэрээ байгуулах цаг үеийнхээс нүүрсний зах зээлийн үнэ унасан байсан ч энэ нь уул уурхайн салбарын бизнесийг зогсоосон үйл явдалд хүргээгүй бөгөөд ижил төстэй уурхайн үйл ажиллагаа явагддаггаараа явагдаж, үргэлжилж, түүгээр зогсохгүй уул уурхайн бүтээгдхүүний борлуултын орлого хэвийн байсан нь хэрэгт авагдсан олон удаагийн Шинжээчийн дүгнэлт, мөн хариуцагчийн гарган өгсөн ТЭЗҮ гэсэн баримт зэрэг нотлох баримтуудаар аль ч тохиолдолд ашигтай ажиллах байсныг тогтоож өгсөн. Ялангуяа хариуцагчаас төрийн захиргааны байгууллагад гарган өгсөн Техник эдийн засгийн үзүүлэлтийн тооцооллыг үзвэл дэлхийн хаана ч байхгүй хамгийн бага үнээр буюу 1 тонн нүүрсийг 15,000 төгрөгөөр борлуулахаар нүүрснийхээ үнийг тогтоож, улмаар энэхүү үнээр борлуулахад хамгийн багадаа 1.8 жилийн дотор гаргасан зардлаа бүрэн нөхнө гэсэн эдийн засгийн үр ашгийн тооцооллыг өөрсдөө гаргасан байсан нь хэрэгт нотлох баримтаар авагдсан. Мөн энэ хугацаанд уул уурхайн салбарт эерэг өөрчлөлт буюу нүүрсний зах зээлийн үнэ аль хэдийнээ буцаад өсчихсөн байхад ч бас л бахь байдаг нөгөө л зүйлээ ярьсан хэвээрээ л байдаг.Давж заалдах шатны шүүхээс хуулийн шаардлага хангаагүй нотлох баримтыг, түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа сунжирсантай холбоотойгоор нэхэмжлэгч тал нь нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг нэмэгдүүлсэн зэрэг нөхцөл байдлыг тус тус үндэслэн хариуцагчийн гэрээгээр хүлээх хариуцлага болох 305,000 ам.доллар буюу 802,076,800 төгрөгийн алдангийн хэмжээг 3-ны 2 хувиар багасгаж 100,000 ам.доллар болгон өөрчилсөн нь хууль буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Иймд алдангид нэхэмжилсэн 802,076,800 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү. Шүүх тооцооны алдаа гаргасан талаар: магадлалд ... 2014-01-01-с 2019-02-01-г хүртэлх нийт 60 сарын төлбөр болох 600,000 ам.долларын үндсэн үүргийг биелүүлэхийг нэхэмжлэгч шаардах эрхтэй. гэж тооцооны алдаа гаргасан. Учир нь энэ хоорондын хугацаа нь нийт 61 сар бөгөөд нэхэмжлэгч ч нэхэмжлэлдээ 61 сарын хугацааны 610,000 ам.доллар гэж тооцон шаардлагаа гаргасан. Ийнхүү шүүх нэхэмжлэлээр шаардсан 2014-01-01-с 2019-02-01-г хүртэлх гэсэн цаг хугацааныхыг шаардах эрхтэй гэсэн боловч нийт 61 сарыг 60 сарын төлбөр болох 600,000 ам.доллар гэж, мөн алдангийг 300,000 ам.доллар гэж үүнийхээ 3-ны 2 хувь болгон багасгав гэж тус тус тооцооны илэрхий алдаа гаргасан байна. Үүний улмаас ямарч үндэслэлгүйгээр үндсэн үүргийн 61 сарын 610,000 ам.доллар шаардсанаас 10,000 ам.доллар нь хасагдаж мөн алдангийн 305,000 ам.доллараас 5,000 ам.доллар хасагдан нэхэмжлэгчийн эрх зөрчигдөхөд хүрсэн байна. Иймд үүнийг зөвтгөж залруулж өгнө үү.. Шүүх ИХ-н 218.1-г хэрэглэж хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн талаар: Нэхэмжлэгч нь 2016-01-04-ний өдөр шүүхэд нэхэмжлэлээ гаргахдаа 2016-01-03-ны өдрийн Монголбанкны ханшийн лавлагааг үндэслэж ам.долларыг 1,995.51 төгрөгөөр тооцон анхны шаардлага болох 316,480 ам.доллар буюу 631,539,005 төгрөгөөр нэхэмжлэлийн үнийн дүнг тогтоон шаардсан байсан. ХХША-ны явцад нэхэмжлэгч тал нь хамгийн сүүлд 2019-02-01-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж 610,000 ам.долларыг үндсэн үүрэгт, алдангид 50% болох 305,000 ам.доллар, нийт 915,000 ам.доллар буюу 2,406,230,400 төгрөг гаргуулахаар шаардсан. Ингэхдээ Монгол банкны 2019.02.01-ны өдрийн 1 ам.долларын ханшийн лавлагааг 2,629.76 төгрөг байсныг үндэслэн нэхэмжлэлийнхээ үнийг тодорхойлсон. Энэ нь ИХШХШТХ-н 63.1, 63.2-т заасантай нийцсэн байсан. Тодруулбал, энэ хуулийн 63.2 дах хэсэгт гадаад валютын ханшийг тухайн үеийн Монголбанкнаас зарласан албан ёсны ханшаар..тооцно. гэж заасан байдаг. Үүний дагуу нэхэмжлэгч нь 2019-02-01-ны өдрийн Монголбанкны албан ёсны ханшийн лавлагааг нэхэмжлэлдээ хавсарган өгч, нэхэмжлэлийнхээ үнийг тодорхойлсон байсан. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хууль болох ИХ-н 218.1-г хэрэглэсэн. Иймд шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, нийт 2,406,230,400 төгрөгийг Фар Ийст Азиа Коул Майнинг ХХК-иас гаргуулан, нэхэмжлэгчид олгуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батбуян хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Сар бүр 10,000 ам.доллар төлөх торгуулийн заалтыг төлбөрийн үүрэг гэж буруу тайлбарлаж, торгууль төлөх эсэхтэй холбоотой харилцаанд ИХ-н 243.1-г буюу хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн. 2013-12-31-ний өдөр гэхэд олборлолтод хүргэх үүргээ зөрчвөл сар бүр 10,000 ам.долларын торгууль төлөх буюу олборлолтыг хугацаандаа эхлүүлэх үүргийг сар бүрийн 10,000 ам.доллар төлөх анзаар баталгаажуулсан байна. Өөрөөр хэлбэл гэрээний 2.2.е заалт нь 2.2.с-д заасан 3%-н рояалти авах эрхийн баталгаа болж, тус үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай буюу уурхайн олборлолтыг 2013-12-31-н гэхэд эхлүүлж, нэхэмжлэгчид 3%-н рояалти төлүүлэх үүргийг гүйцэтгүүлэх зорилго бүхий ИХ-н 232.5-д заасан Торгууль юм. Хэрэв 2.2.е-д заасан 10,000 ам.доллар нь шүүхийн үзэж байгаа шиг 3%-н рояалтиг орлох төлбөр байсан бол аливаа нэг үндсэн үүргээс хамаарахгүйгээр хэдий хүртэл, ямар хэмжээгээр төлөх нь тодорхой буюу бие даасан үүрэг болж тусгагдсан байх ёстой. Мөн гэрээний хариу төлбөрт орж байгаа тухай тодорхой тусгагдаж, тухайн мөнгөөр орлуулж буй 2.2.с-д заасан борлуулалтын орлогын 3%-н рояалтийн төлбөрөөс хасагдаж тооцогдох нөхцөл тусгагдсан байх буюу ийнхүү хасагдах ёстой. Харин 2.2.е заалт нь ийм бие даасан агуулгагүй байгаа бөгөөд дээр тайлбарласанчлан Хөөвөр булгийн ордод олборлолтын үйл ажиллагааг хугацаандаа эхлүүлж, орлогын 3%-н рояалти төлүүлэх үүргийг цаг алдалгүй гүйцэтгүүлэх зорилготой заалт болох нь тодорхой байгаа юм. Иймд шүүх талуудын байгуулсан гэрээний 2.2.е заалт нь ИХ-н 232.5-д заасан үүргийн гүйцэтгэлийг хангах арга буюу торгууль байхад энэ харилцааг зөв дүгнээгүй гэж үзэж байна. Мөн шүүх 2.2.е заалтыг олборлолтыг хугацаанд нь эхлүүлэх үүргийн гүйцэтгэлийг хангах торгууль биш гэж үзэхдээ энэхүү заалт нь Иргэний хуулийн ямар зүйл, заалтаар зохицуулагдах талаар дүгнээгүй болохыг дурдах нь зүйтэй. ИХ-н 44.1-т Тодорхойгүй байгаа ямар нэгэн үйл явдал бий болсон нөхцөлд хэлцлийг хэрэгжүүлэхээр тохиролцож хийсэн хэлцлийг болзол тавьж хийсэн хэлцэл гэнэ гэж заасан. Мөн хэсгийн 44.4-т Үйл явдал ирээдүйд бий болох эсэх нь хэлцэл хийгч этгээдийн хүсэл зоригоос шалтгаалахаар байвал энэ зүйлийн зохицуулалт үйлчлэхгүй гэсэн. Талуудын байгуулсан гэрээний 2.2.е заалтад 2013-12-31-ний өдөр олборлолт (үйлдвэрлэлийн шат)-д хүргээгүй бол сар болгон 10,000 ам.доллар төлөх гэж заасан бөгөөд олборлолтод хүргэх нь талуудын хүсэл зоригоос хамаарах тул ИХ-н 44.4-т зааснаар Болзол заасан хэлцэл гэж тооцогдохгүй. Ийнхүү үзэхэд ч тухайн сар болгоны 10,000 ам.долларын асуудал нь торгуулийн зохицуулалт болох нь харагдаж байгаа юм. Талуудын Хувьцаа ХХАГ-г англи болон монгол хэл дээр байгуулсан бөгөөд тус гэрээний 5.8-д Хэрэв гэрээний монгол болон англи хэл дээрх хувь зөрчилдвөл англи хувь нь давуу хүчинтэй гэж тохирсон байдаг. Гэрээний монгол, англи хувиуд хоорондоо зөрүүтэй байсан тул гэрээний баталгаат орчуулга хэрэгт авагдсан. Иймд энэхүү маргааныг шийдвэрлэхэд гэрээний англи хувь буюу түүний баталгаат орчуулгыг баримтлах шаардлагатай. Гэрээний англи хувийн (баталгаат орчуулгын) 2.2.g хэсэгт Худалдан авагч нь энэхүү гэрээний санхүүгийн хэсэгчилсэн төлбөрүүдээ төлж чадаагүй тохиолдолд тухайн хэсэгчилсэн төлбөрүүдэд (financial instalmetns) өдрийн 0,1%-н алданги төлнө гэсэн. Мөн 2.2.g заалтын 2 дахь өгүүлбэрт Худалдагч нь бусад лицензийг шилжүүлээгүй бол тухайн 0.1%-н алдангиас суутгал хийх агуулгатай заасан байна. Эндээс үзэхэд энэ алдангийн асуудал тухайн үеийн буюу компанийн хувьцаа, лиценз шилжих үеийн хэсэгчилсзн төлбөрүүд болон лиценз шилжилттэй холбоотой төлбөрийн үүргийг баталгаажуулсан анзын талаар байна. Энэхүү гэрээнд алданги тооцох төлбөрийг зөвхөн хэсэгчилсэн төлбөрүүд (financial instalmetns) гэдэг нэг үгээр илэрхийлж бичсэн байгаа. Энэ нь Гэрээний 2.2(f)-д Худалдагч нь худалдан авагчийн төлсөн эхний хэсэгчилсэн төлбөрөөр Өнт өнгөт ХХК-ийн хүлээгдэж буй өрийг төлнө гэсэн байдаг. Харин гэрээний 2.2(а), 2.2(b)-д гэрээний төлбөр 500,000 ам.долларыг 200,000 ам.доллар болон 300,000 ам.доллараар хэсэгчлэн төлөхөөр заасан. Иймд гэрээний 2.2(g)-д заасан 0.1%-н алданги нь хэсэгчлэн төлөгдсөн 200,000 болон 300,000 ам.долларт хамаарахаар байгаа болно. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүхээс талуудын ийнхүү байгуулсан гэрээг үл харгалзан, гэрээг буруу тайлбарлаж хэсэгчилсэн төлбөртэй хамааралгүй нэхэмжлэгчийн одоо нэхэмжилж сар бүрийн 10,000 ам.долларын торгуулиас тооцохоор шийдвэрлэсэн нь ИХ-н 198.1, 198.2-г зөрчиж байна. Мөн ИХ-н 231, 232-д зааснаар Анзаас анз тооцож давхар хариуцлага хүлээлгэх боломжгүй буюу үүргийн гүйцэтгэлийг хангах аргыг мөн үүргийн гүйцэтгэлийн хангах аргаар баталгаажуулж давхар хариуцлага тооцох хууль зүйн үндэслэлгүй. Иймд нэхэмжлэгч нь хариуцагчид 305,000 ам.доллар буюу 802,076,800 төгрөгийн алданги төлөх үндэслэлгүй.. Хариуцагч нь 2.2.с, 2.2.е заалтын дагуу 2013-12-31-ний өдөр гэхэд Хөөвөр булгийн ордыг олборлолтод хүргээгүй гэж үзэж нэхэмжилж байна. Эндээс үзэхэд нэхэмжлэл нь үүрэг зөрчигдсөн, хугацаа хэтэрсэн гэж үндэслэж байгаа нь харагдаж байна. ИХ-н 222.2-т зааснаар Хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй. Өөрөөр хэлбэл ИХ-н 222.2-т зааснаар үүрэг гүйцэтгэгч гэм буруугүй бол анз болон бусад төлбөрийн үүрэг хүлээхгүй. Давж заалдах шатны шүүх хариуцагч нь давагдашгүй, хүнд нөхцөл байдлын улмаас борлуулалт хийх боломжгүй байсан нөхцөл байдал нь хариуцагчийн тайлбар, бусад нотлох баримтаар тогтоогдож буйг үндэслэл бүхий дүгнэсэн боловч ИХ-н 222.2 буюу хэрэглэх ёстой хуулийг хэрэглэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох шийдвэр гаргаагүй. Хариуцагч тал гэрээгээр хүлээсэн 2013-12-31-ний өдөр Хөөвөр булгийн ордын олборлолт эхлүүлж, нэхэмжлэгчид 3%-ийн рояалти төлөх бодит боломжгүй байсан бөгөөд гэрээний үүрэг давагдашгүй хүчин зүйл буюу хүнд нөхцөл байдлын нөлөөллийн улмаас биелэгдээгүй болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогддог. Тухайлбал: Нүүрсний зах зээлийн жишиг үнэ гэрээ байгуулах үед буюу 2011-2012 онд 80 орчим ам.доллар байсан бол олборлолт эхлүүлэхээр тогтоосон 2013-2015 онд 19 ам.доллар хүртэл буурсан. Тус иргэний хэрэгт дүгнэлт гаргасан Шинжээчдийн 2019-02-12-ны өдрийн дүгнэлтэд тусгагдсанаар Уурхай нь ...жишиг үнэд суурилсан тооцооллыг хийхэд олборлолтын үйл ажиллагаа 2013 онд эхэлсэн бол -62.5 тэрбумьн алдагдалтай, 2014 онд -70 тэрбумын алдагдалтай. 2015 онд -106 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллах байсан байна гэж дүгнэсэн. Шинжээчдийн дүгнэлтэд тухайн онууд буюу 2013-2015 оны жишиг үнийг ашиглан тооцоолол хийж гаргасан энэхүү алдагдлын тооцоолол нь илүү бодитой талаар Шинжээч шүүх хуралд тайлбарласан. Мөн эдгээр онуудад дэд бүтэц, холбогдох зүйлсээ шийдвэрлэсэн, өндөр чанартай нүүрс үйлдвэрлэдэг Эрдэнэс таван толгой ХК, Энержи Ресурс ХХК, Монголиан Энержи Корпорац ХХК зэрэг компаниуд ихээхэн хэмжээний алдагдалтай ажиллаж байсан. 2016-03-02-ны өдөр МҮХАҮТ-с хууль болон дүрэм, журамд заасан бүрэн эрхийнхээ дагуу хариуцагч компани нь гэрээний үүргээ биелуулэх боломжгүй хүнд нөхцөл байдал үүссэнийг нотолсон Хүнд нөхцөл байдлын гэрчилгээ олгосон. АМГТГ-аас 2016-09-16-ны өдөр шүүхэд ирүүлсэн Лавлагаанаас үзэхэд Хөөвөр булгийн нүүрстэй адил илчлэгтэй нүүрсийг Монгол Улсаас 2013 онд 154.5 мян.тонн, 2014 онд 8.2 мян.тонн, 2015 онд 55.1 мян.тонныг (нийт 217.8 мян.тонн) экспортолж байсан. Харин компанийн ТЭЗҮ-ээр бол 2013 онд 4.1 сая тонн, 2014 онд 4.2 сая тонн, 2015 онд 4.2 сая тонн (нийт 12.5 сая.тонн) нүүрсийг Хөөвөр булгийн уурхайгаас борлуулахаар байгаа Эндээс үзэхэд зах зээлийн бодит байдал дээр нүүрс олборлож борлуулах боломжгүй, маш бага хэмжээгээр экспортолж байсныг тодорхой илэрхийлж байх бөгөөд энэ тохиолдолд Хөөвөр булгийн ордоос нүүрс олборлож борлуулсан тохиолдолд их хэмжээний алдагдал хүлээх нь тодорхой юм. Мөн Хөөвөр булгийн ордтой адил чанарын нүүрстэй, тухайн ордын ойролцоо байх 2007-2013 онуудад нүүрсний ашиглалтын тусгай зөвшөөрөл авсан 7 уурхай өдийг хүртэл нүүрс олборлоогүй, экспорт хийгээгүй байна. Хариуцагч компани нь Хөөвөр булгийн ордод 2 сая гаруй ам.долларын хөрөнгө оруулалт хийж, зардал гаргасан. Мөн АМГТГ-ын 2016-09-16-ны өдрийн дээрх лавлагаанд хүрэн нүүрсний экспорт зөвхөн Бичигтийн боомтоор гарч байгаа талаар тэмдэглэсэн. Бичигтийн боомт нь Хөөвөр булгийн уурхайгаас 310 км байгаа. Энэ нь тус орд бусад хүрэн нүүрсний ордтой хөрөнгө оруулалт татах талаараа өрсөлдөхөд сул, тухайн үед хөрөнгө оруулалт татах боломжгүй байсныг мөн илэрхийлдэг. Шинжээч 2019-03-18-ны өдрийн шүүх хуралдаанд Тайлбар гаргахдаа ...[Шинжээчдийн дүгнэлтэд тухайн онуудын] Гадаадын хөрөнгө оруулалтаас [хэдэн хувь нь Хөөвөр булгийн ордод] ногдох [байсан гэдэг тооцооллын] хувь дээр алдаа гарсан байна. Эцсийн дүгнэлт тухайн үед [2013-2015 он] Гадаадын хөрөнгө оруулалтаас [Хөөвөр булгийн ордод] ногдох хөрөнгө оруулалт байхгүй гэж гарна гэсэн байдаг. Мөн Хөөвөр булгийн ордын 2018 оны Техник, эдийн засгийн үндэслэлийн 166 дахь талын хүснэгтэд тусгагдсанаар 1 тонн нүүрсийг 65 мянган төгрөгөөр борлуулж, үүний өртөг 63.6 мянган төгрөг буюу нэг тонн нүүрснээс олох ашиг 1400 төгрөг байхаар байна. Энэ тохиолдолд 65,000 төгрөгийн 3%-н рояалти нь 1950 төгрөг болно. Эндээс үзэхэд ч 2017 онд харьцангүй өндөр байгаа 65,000 төгрөгөөр нүүрсийг борлуулж, нэхэмжлэгчид 3%-н рояалти өгөхөд хариуцагч компани 1 тонн тутамд 500 төгрөгийн алдагдалтай буюу нийт 87 тэрбум төгрөгийн алдагдал хүлээнэ. Эндээс давагдашгүй хүчин зүйл буюу хүнд нөхцөлд байдлын нөлөөлөлд өртсөний улмаас гэрээний үүрэг биелэгдээгүй болох нь тогтоогдож байгаа болно. Хэдийгээр Магадлалд хариуцагч тал давагдашгүй, хүнд нөхцөлд байдлын нөлөөлөлд орсныг тогтоосон нь үндэслэл бүхий боловч энэ нөхцөл байдлыг үндэслэн нэхэмжлэлийг хэрэгсэхгуй болгох бус харин огт тооцогдох үндэслэлгүй алдангийг бууруулж шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй байна. Мөн 2016-04-15-ны өдөр БГД, ХУД, СХД-н ИХАШШ-н 102/Ш32016/13710 тоот Шүүгчийн захирамжийн Захирамжлах хэсгийн 4 дүгээр заалтаар нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээнд хариуцагч Фар Ийст Азиа Коул Майнинг ХХК-ийн дансны зарлагын хөдөлгөөнийг зогсоож, эд хөрөнгө буюу мөнгийг битүүмжилсэн байдаг. Энэхүү шүүхийн ажиллагаатай холбоотойгоор хариуцагч нь ашигт малтмалын ашиглалтын үйл ажиллагаагаа гүйцэтгэх боломжгүй болж хөрөнгө оруулалт татах боломжгүй болсон. Ийм нөхцөл байдал тогтоогдож байхад мөн анхан болон давж заалдах шатны шүүх 2016-01 сараас 2019-02-р сар хүртэл торгууль, алдангийг тооцож гаргуулахаар шийдвэрлэсэн нь Шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцэхгүй.. Анхан болон давж заалдах шатны шүүх талуудын хооронд ИХ-н 243.1, 260.1-т заасан гэрээний харилцаа үүссэн гэж үзээд, ингэхдээ Хувьцаа худалдах, худалдан авах гэрээний хувьцааны төлбөрт 500,000 ам.доллар төлөгдсөн, энэ талаар талууд маргаагүй гэсэн. Харин ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг худалдах-худалдан авах харилцааг 3%-н рояалтигаар тооцсон талаар дурдаж, үүнийг Ашигт малтмалын тухай хуулиар хориглоогүй гэжээ. 1 сая төгрөгийн хувь нийлүүлсэн хөрөнгөтэй компанийн хувьцааг 500,000 ам.доллараар худалдаж авсан гэж үзсэн нь бодит байдалд нийцэхгүй. ИХ-н 260.1-т зааснаар Үүргийн агуулгад харшлахгуй бол эрх, шаардлага, бусад хөрөнгө худалдах-худалдан авахад эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээний талаархи энэ хуулийн заалтууд нэгэн адил хамаарна. Гэтэл Ашигт малтмалын тухай хуулийн 49.2-т Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь эрэл, хайгуупын талаархи анхдагч материал, тайлан зэрэг мэдээллийг холбогдох хууль тогтоомжийн дагуу худалдаж зохих албан татвар төлсөн нь баримтаар нотлогдсон тохиолдолд түүний эзэмшилд байсан тусгай зөвшөөрлийг худалдан авагчид нь шилжүүлж болно гэж заасан. Талуудын хооронд Ашигт малтмалын тухай хуульд заасан энэ хайгуулын анхдагч материал, тайлан зэргийг худалдах, улмаар тусгай зөвшөөрлийг шилжүүлэх харилцаа үүсээгүй. Иймд шүүхээс талуудын хооронд Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэж байгаа нь ИХ-н 260.1, Ашигт малтмалын тухай хуулийн 49.2-т нийцэхгүй байна. Анхан шатны шүүх хариуцагчийн хэрэгт ач холбогдол бүхий шинжээчийн дүгнэлт хийлгүүлэх тухай хүсэлтийг хангаагүйг Магадлалд харгалзаж үзээгүй. Энэхүү хэрэгт ач холбогдолтой гэж үзэн 2013-2015 онуудын Монгол Улсын макро эдийн засгийн нөхцөл байдал, Гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ, Нүүрсний зах зээлийн үнэ болон тус онуудад Хөөвөр Булагийн ордноос олборлолт явуулсан тохиолдолд жил бүр олох байсан ашиг орлого, алдагдал, түүнээс нэхэмжлэгчийн 3%-н рояалтид ноогдох хэмжээ, Монгол улсад тус онуудад нийт орсон гадаадын хөрөнгө оруулалтын мэдээнд үндэслэн тухайн онд орсон нийт хөрөнгө оруулалтаас Хөөвөр Булагийн ордод орох байсан хувь хэмжээг Шинжээчийн дүгнэлтээр тооцоолуулсан. Гэвч 2019-02-12-ны өдрийн Шинжээчдийн дүгнэлт нь зарим талаараа тооцооллын алдаатай буруу гарсан бөгөөд энэ нь ч шинжээчийн өөрийн тайлбараар тогтоогддог. Ийм учраас Хариуцагч дахин шинжилгээ хийлгүүлэх хүсэлтийг шүүхэд гаргасан боловч анхан шатны шүүх хүлээн аваагүй бөгөөд хариуцагчийн нотлох баримтаа цуглуулах, бүрдүүлэх эрх зөрчигдсөн энэ асуудлыг давж заалдах шатны шүүх мөн анхаарч үзсэнгүй. Мөн нэхэмжлэгч нэхэмжлэл гаргасан өдрөөс хойш нэхэмжлэлийн шаардлагаа тухай бүр нэмэгдүүлсээр, хамгийн сүүлд 2019-02-01-г хүртэлх хугацаагаар тооцон нэхэмжилсэн. Ингэснээр 2016-2019 оны хоорондох хугацааг хамруулан энэ хугацаанд Хөөвөр булгийн ордод олборлолт эхлүүлэх эдийн засгийн боломж байсан эсэх, төсөл хэдий хэмжээний ашиг алдагдалтай байх, энэ онуудад нэхэмжлэгч 3% рояалти авах боломжтой байсан, рояалти нь ямар хэмжээтэй байх эсэх зэрэг тооцооллыг гаргуулах шаардлагатай болсон. Иймд энэ асуудлаар бид шинжээч томилуулахаар 2019-03-18-ны өдөр шүүхэд хүсэлт гаргасан боловч мөн шүүх хүлээн аваагүй. Шүүх ИХ-н 217, 218-р буруу хэрэглэсэн талаар Анхан шатны шүүхийн шийдвэрт ...ИХ-н 218.1-т зааснаар үүрэг үүсэх үеийн мөнгөний ханшаар баримтлах боловч нэхэмжлэгч ханшийн лавлагааг гаргаагүй тул 2016-01-04-ний ханшийг баримталлаа гэжээ. ИХШХШТХ-н 25.2.2, 38.1-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэл шаардлагаа нотлох, дэмжих баримтыг өөрөө цуглуулж, гарган өгөх үүрэгтэй. Нэхэмжлэгч энэ үүргээ хэрэгжүүлээгүй байхад шүүх өөрийн санаачилгаар нэхэмжлэгчийн өмнөөс үнэлэлт өгч, түүний эрх ашигт нийцүүлэн баримтыг ашиглаж байгаа нь мөн ИХШХШТХ-н 5-р зүйлд заасан Шүүх хөндлөнгийн, хараат бус байх, 6-р зүйлд заасан Мэтгэлцэх болон диспозитив зарчмыг зөрчсөн. Давж заалдах шатны шүүхээс ч анхан шатны шүүхийн алдааг залруулахгүйгээр Анхан шатны шүүхийн шийдвэр ИХ-н 218.1-д заасанд нийцэж байна гэж үзсэн. ИХ-н 218.1-т Төлбөр гүйцэтгэх хугацаа болохоос өмнө мөнгөний ханш өссөн, буурсан бол үүрэг үүсэх үеийн ханшаар тооцож төлбөрийг төлнө гэсэн бөгөөд нэхэмжлэгч 2014-01-01-с үүрэг үүссэн гэж шаардсаныг анхан болон давж заалдах шатны шүүх хангаж шийдвэрлэж байгаа бол үүрэг үүсэх үеийн ханшийг баримтлах нь хуулийн энэхүү заалтад нийцнэ гэж үзэж байна. Иймд дээрх үндэслэлүүдээр шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байх тул шийдвэр болон магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Б.Энхжаргал 2016-01-04-ний өдөр шүүхэд хандаж, Фар ийст азиа коул майнинг ХХК-с нийт 2,406,230,400 төгрөг шаардсан бөгөөд үндэслэлээ тайлбарлахдаа ...2011-07-17-ны өдөр байгуулагдсан гэрээг үндэслэн шаардлага гаргаж байна...2014-01-01-ны өдрөөс 2019-02-01-ний өдөр хүртэл сард 10,000 ам.доллар нийт 61 сарын 610,000 ам.доллар буюу \2019-02-01-ний өдрийн ханш 2,629.76 төгрөг\ 1,604,153,600 төгрөг., Гэрээний 2.2-ын g-р алдангийг... гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50%-иар тооцон 305,000 ам.доллар буюу 802,076,800 төгрөг... гэсэн байх бөгөөд хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргасан байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангасан, давж заалдах шатны шүүх хууль хэрэглээний өөрчлөлт оруулж шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

 Шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хоёр шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ талуудын хоорондох тохиролцооны зүйл нь юу байсан талаар тодорхой дүгнэлт хийгээгүй нь дутагдалтай болжээ.

Тусгай зөвшөөрлийг бусдад шилжүүлэх нь түүнийг эзэмшиж буй аж ахуйн нэгж, байгууллагын харьяалал, өмчлөгч өөрчлөгдөх үндэслэл болохгүй. Хуулийн этгээдийг бусдад худалдахдаа өөрийн эзэмшилд буй тусгай зөвшөөрлийг заавал хамт шилжүүлэх үүргийг худалдагч хүлээхгүй. Талууд харилцан тохиролцсон тохиолдолд хуулийн этгээдийг худалдахдаа тусгай зөвшөөрлийг хамт шилжүүлэх нь хуульд харшлахгүй. Эдгээрийн аль ч тохиолдолд талуудын тохиролцоо буюу гэрээ хуульд нийцсэн байхыг шаардана.

Иймд талуудын тохиролцоо, гэрээний зүйл тодорхой болсноор зохигчийн хооронд үүссэн харилцааг тодорхойлох, улмаар хэлцэл хуульд нийцэж буй эсэхийг дүгнэх нөхцөл бүрдэнэ.

Анхан шатны шүүх талууд худалдах-худалдан авах гэрээ байгуулсан гэх дүгнэлт нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн агуулгад нийцээгүй байна.

Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.

Худалдах-худалдан авах гэрээний үүрэг биелэгдсэнээр Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1-р гэрээ дуусгавар болно.

Анхан шатны шүүх талууд худалдах-худалдан авах гэрээ байгуулсан гэж үзсэн атлаа ...худалдан авагч ашиг өгөх үүрэг хүлээсэн... эсэх талаар дүгнэлт хийсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болж байна.

Давж заалдах шатны шүүх зохигч холимог гэрээ байгуулсан гэж үзсэн боловч гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар дүгнэлт хийхдээ Иргэний хуулийн хэрэглэвэл зохих зүйлийг хэрэглээгүй байна.

Гэрээ хуульд нийцсэн хүчин төгөлдөр тохиолдолд талуудад гэрээний заалтыг биелүүлэх, үүргийн гүйцэтгэлийг шаардах эрх үүснэ.

 Гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлд зааснаар хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл байхгүй тохиолдолд ...гэрээний талаар зохигч маргаагүй.. байгаа үйл баримт хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой.

Давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулахдаа Иргэний хууль болон маргааны үйл баримтад холбоотой бусад хууль, нөхцөл байдлын талаар дүгнэлт хийгээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3., 42 дугаар зүйлийн 42.4, 74 дүгээр зүйлийн 74.6 дахь хэсэгт нийцээгүйгээс гадна шүүх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-56.1.10 дахь хэсгийн зохицуулалтын талаар дүгнэлт хийгээгүй нь шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэх үндэслэл болно.

 Анхан шатны шүүх хууль буруу тайлбарлан хэрэглэсэн, давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй тул хэргийг хяналтын шатны шүүхээс эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.

 Дээр дурдсан үндэслэлээр шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаав.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ талуудын хооронд үүссэн гэрээний харилцааг тодорхойлж, хуульд заасны дагуу гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл байгаа эсэх, гэрээний зүйл, гэрээгээр хүлээсэн үүрэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4, 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсгийн зохицуулалт зэргийн талаар дүгнэлт хийсний эцэст Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-т заасан шийдвэрийн аль нэгийг гаргавал зохино.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 183/ШШ2019/00969 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 1123 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдөр төлсөн 5,006,000 \таван сая зургаан мянга\ төгрөг, хариуцагчаас 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдөр төлсөн 7,341,786 \долоон сая гурван зуун дөчин нэгэн мянга долоон зуун наян зургаа\ төгрөгийг захирамжаар буцааж олгосугай.

 

   ТАНХИМЫН ТЭРГҮҮН             Х.СОНИНБАЯР

   ШҮҮГЧ                            Б.УНДРАХ