Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 1123

 

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Э-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Б.Нармандах, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 183/ШШ2019/00969 дүгээр шийдвэртэй Б.Э-ын нэхэмжлэлтэй хариуцагч “Ф” ХХК-д холбогдох хувьцаа худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 610 000 ам.доллар буюу 1 604 153 600 төгрөг, алданги 305 000 ам.доллар буюу 802 076 800 төгрөг, нийт 2 406 230 400 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг зохигчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Жаргалсайхан, өмгөөлөгч Д.Нарангоо, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батбуян, М.Түвшинтөгөлдөр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхнаран нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2011 оны 7 сарын 17-ны өдөр хариуцагч компанитай хувьцаа худалдах, худалдан авах гэрээ байгуулж, “Өнт-Өнгөт” ХХК-ийн 100 хувийн энгийн хувьцаа худалдах, Хөөвөр Булагийн ордын олборлогдсон нүүрсний борлуулалтын орлогоос 3 хувийн рояалти олгох, 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө Хөөвөр Булагийн ордыг олборлолтод хүргээгүй тохиолдолд хариуцагч 3 хувийн рояалтийн оронд сар бүр 10 000 ам.долларыг нэхэмжлэгчид шилжүүлэхээр харилцан тохиролцсон. Мөн 2012 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр талууд харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан бөгөөд уг санамж бичгийн 4 дэхь заалтаар хувьцаа худалдах, худалдан авах гэрээний 2.2-ийн е-д заасан “олборлолт гэдэг үгийг талууд “нүүрс газрын хэвлийгээс гаргаж худалдахаар овоолсон эсвэл ачуулсан нөхцөлийг хэлнэ гэж ойлголцсон байна” хэмээн тодорхойлсон. Иймд хариуцагч нь хувьцаа худалдах, худалдан авах гэрээний дагуу 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс өмнө Хөөвөр Булагийн ордыг олборлолтод хүргэх үүрэг хүлээсэн бөгөөд уг хугацаанаас хойш нүүрсний борлуулалтын орлогоос улирал бүр 3 хувийн рояалтийг нэхэмжлэгчид олгохоор тохиролцсон. Гэвч хариуцагч нь одоог хүртэл нэхэмжлэгчид гэрээний дагуу сар болгон шилжүүлэх ёстой 10 000 ам доллар шилжүүлэх үүргээ биелүүлээгүй байна. Түүнчлэн, худалдах, худалдан авах гэрээний 2.2-ийн g-д “Худалдан авагч тал энэхүү гэрээний нөхцөлд заагдсан үүргээ биелүүлээгүй тохиолдолд 0,1 хувийн алданги тооцож худалдагч талд олгоно” гэсэн заалтын дагуу 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар нийт 240 000 ам.долларыг шилжүүлэх үүргээ биелүүлээгүйгээс үүдэн үүссэн алданги болох 84 140 ам.долларыг хариуцан төлөх үүрэг бий болсон. Иймд хариуцагчаас 2011 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн хувьцаа худалдах худалдан авах гэрээний дагуу 610 000 ам.доллар буюу 1 604 153 600 төгрөг, гэрээний 2.2-ын “g”-д заасан алданги хоногийн 0.1 хувиар тооцон гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар тооцон алдангид 305 000 ам доллар буюу 802 076 800 төгрөг, нийт 2 406 230 400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Талуудын хооронд байгуулагдсан гэрээгээр нэхэмжлэгч нь Ашигт малтмалын хайгуулын 12522Х дугаартай тусгай зөвшөөрөл эзэмшдэг “Өнт-Өнгөт” ХХК-ийн хувьцааг бүхэлд нь хариуцагчид худалдах, хариуцагч нь хариу төлбөрт нийт 500 000 ам.доллар төлөх үүрэг хүлээсэн. Гэрээнд заасны дагуу нэхэмжлэгчид гэрээний үнийг бүрэн төлж барагдуулсан ба гэрээний төлбөрийн талаар талуудын хооронд маргаан байхгүй. Хариуцагч рояалти олгох үүргээ биелүүлээгүй тохиолдолд сар бүр 10 000 ам.долларыг торгууль болгон нэхэмжлэгчид олгохоор заасан нь гэрээний 2.2d-д заасны дагуу хайгуулын ажлыг цаг алдалгүй хийж дуусган, ордод олборлолтын үйл ажиллагааг эхлүүлэх, нэхэмжлэгч тухайн ордоос эдийн засгийн үр ашиг цаг алдалгүй хүртэх нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн агуулгатай зохицуулалт. Харин нэхэмжлэлийн шаардлагын агуулга, үндэслэлд заасанчлан гэрээний 2.2 e заасан хэсгээр “хариуцагч нь 3 хувийн рояалтигийн оронд сар болгон 10 000 ам.долларыг нэхэмжлэгчид шилжүүлж байх үүрэг хүлээсэн” гэдэг нь үндэслэлгүй, уг хэсэг нь гэрээний 2.2 c-д заасан үүргийг дуусгавар болгох, солиход чиглэсэн агуулгатай. Хариуцагч нь өнөөдрийг хүртэл гэрээний 2.2 c-д заасан үүрэг хүчин төгөлдөр болохыг хүлээн зөвшөөрч байгаа ба уурхайгаас олборлолт явуулсан тохиолдолд нэхэмжлэгч рояалтийн эрхээ хэрэгжүүлэх боломжтойг үүгээр баталж байна. Нэхэмжлэгч нь гэрээний 2.2 e-д заасан торгуульд тооцон нийт 1 049 900 900 төгрөг нэхэмжилсэн нь илт өндөр байна. Талуудын хооронд байгуулсан гэрээний нийт үнэ буюу Хөөвөр булагийн ордод хайгуулын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч болох “Өнт-Өнгөт” ХХК-ийн бүх хувьцаа 500 000 ам.доллар буюу нэхэмжлэл гаргасан өдрийн Монгол банкны албан ёсны ханшаар тооцвол нийт 997 755 000 төгрөгийн үнийн дүн бүхий компанийн эзэмшиж байгаа Хөөвөр булагийн ордоос 3 хувийн рояалти авах асуудал. Гэтэл энэхүү 3 хувийг олгохтой холбоотой үүргээ гүйцэтгээгүйн төлөө төлөх торгуулийн хэмжээ нь анхны гэрээний нийт үнийн дүнгээс авсан байгаа нь бодит байдалд нийцээгүй юм. 2011 оны 7 дугаар сард гэрээ байгуулснаас хойш буюу 2012-2015 онуудад Монгол Улсын эдийн засгийн өсөлт эрс удааширч хүндрэл бэрхшээл бий болсон, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсэнтэй холбоотойгоор Гадаадын хөрөнгө оруулалт буурсан, нүүрсний уналт нь төслийн эдийн засгийн ашгийг эрс бууруулж, боломжит хөрөнгө оруулагч нарын сонирхлыг татахаа больсноос хариуцагч нь Хөөвөр булагийн ордыг олборлож эхлэх үүргээ биелүүлэх боломжгүй болсон. Гэрээ байгуулснаас хойш нөхцөл байдал ийм болсон ч хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүрэг болох Хөөвөр булагийн ордоос олборлолт ажлыг эхлүүлэх шаардлагатай бүхий л арга хэмжээг өөрийн хүч бололцоог дайчлан авч хэрэгжүүлж байсан. Нэхэмжлэгч гэрээний 2.2.g болон 2.2.е заалтыг буруу ойлгосноос болж алдангийг үндэслэлгүйгээр нэхэмжилж байна. Хоног тутам 0.1 хувиар бодох алданги гэрээний 2.2.e-д заасан дүнгээс бодогдох ёсгүй. 10 000 ам.доллар төлөх нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.5 дах хэсэгт заасан торгууль тул анзаас алданги тооцох нь хууль зүйн үндэслэлгүй юм гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 260 дугаар зүйлийн 260.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагчаас 1 436 767 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 969 468 200 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 12 525 107 төгрөгийг улсын төсөвт үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 7 341 786 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт “2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх нийт 48 сарын төлбөр буюу 480 000 ам.долларыг шаардах эрхтэй байна" гэж тооцооны алдаа гаргасан байна. Учир нь шүүх дээрх тооцоог гаргахдаа 2018 оны 12 сарын хугацааг орхигдуулснаас 120 000 ам.доллар үндэслэлгүйгээр хасагдсан болно. Ийнхүү тооцооны алдаа гаргасны улмаас алданги гаргуулах шаардлагыг хангасан дүнгийн нийлбэр ч мөн хасагдан багасаж алдаатай тооцогдсон. Тодруулбал, шийдвэрийн үндэслэх хэсэгт "нэхэмжлэгч үндсэн үүрэг болох 480 000 ам.долларын 50 хувь болох 240 000 ам.долларыг шаардах эрхтэй" гэж тооцоонд алдаа гаргасан.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 2016 оны 12 дугаар сарын төлбөрт 120 000 ам.доллар шаардсанаас 110 000 ам.долларыг хангасан бөгөөд ийнхүү энэ оны төлбөрөөс 1 сард ногдох 10 000 ам.долларыг хасах болсон үндэслэлээ заахдаа хариуцагчаас гарган өгсөн “Худалдаа аж үйлдвэрийн танхим”-аас 2016 оны 3 дугаар сарын 02-ны өдөр олгосон 01/138 дугаар бүхий “Хүнд нөхцөл байдлын гэрчилгээ” гэх баримтыг үндэслэн хассан нь буруу гэж үзэж байна. Хариуцагч нь бодит байдал дээр ямар ч эрх бүхий байгууллагаас гаргасан дүгнэлтгүйгээр зохих журмыг зөрчин гэрчилгээ гаргуулан шүүхэд нотлох баримтаар өгсөн байхад шүүх үүнийг үнэн зөв эргэлзээгүй, зөвшөөрөгдсөн нотлох баримт эсэхийг тал бүрээс нь бүрэн гүйцэд судалж үнэлэлгүй алдаа гаргасан. Шүүхийн үндэслэх хэсэгт гаргасан тооцооны алдаагаар 60 cap гэхийг 48 cap хэмээн 480 000 ам.доллар гаргуулах гэж, 2018 оны 12 дугаар сард ногдох 120 000 ам.долларыг тооцоонд оруулалгүй хасаж, улмаар алдангийг 60 сард ногдох 600 000 ам.долларын 50 хувиас тооцохоос алдаатай бодсон 480 000 ам.долларын 50 хувь болох 240 000 ам.доллар гэж 60 000 ам.доллар хасагдаж бичигдсэнийг залруулж, мөн хуулийн шаардлага хангаагүй нотлох баримт болох Хүнд нөхцөл байдлын гэрчилгээг үндэслэн 2016 оны 01 дүгээр сард ногдох 10 000 ам.долларыг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосныг тус тус өөрчлөн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Хувьцаа худалдах, худалдан авах гэрээний 2.2(с)-д “Худалдагч нь Хөөвөр булгийн ордоос нүүрс боловсруулсан болон борлуулсан нийт борлуулалтын орлогоос 3 хувийн рояалти хүртэх эрхтэй” гэж заасан бөгөөд 2.2(е)-д “Хэрэв худалдан авагч тал нь 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдөр гэхэд Хөөвөр булгийн ордыг олборлолтод хүргэж чадаагүй бол cap бүр 10 000 ам.долларыг худалдагч талд төлөх”-өөр заасан. Гэрээний 2.2.(е) заалт нь 2 2(с)-д заасан 3 хувийн рояалти авах эрхийн баталгаа болж, тус үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай буюу уурхайн олборлолтыг 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдөр гэхэд эхлүүлж, нэхэмжлэгчид 3 хувийн рояалти төлүүлэх үүргийг гүйцэтгүүлэх зорилго бүхий Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.5 дах хэсэгт заасан торгууль юм. Хэрэв гэрээний 2.2.(е)-д заасан 10 000 ам.доллар нь анхан шатны шүүхийн тайлбарласан шиг үндсэн үүрэг буюу хайгуулын лицензийн хариу төлбөр байсан бол аливаа нэг үндсэн үүргээс хамаарахгүйгээр хэдий хүртэл, ямар хэмжээгээр төлөх нь тодорхой буюу бие даасан үүрэг болж тусгагдсан байх ёстой. Мөн гэрээний хариу төлбөрт орж байгаа тухай тодорхой тусгагдаж, гэрээний 2.2.С-д заасан борлуулалтын орлогын 3 хувийн рояалтийн төлбөрөөс хасагдаж тооцогдох нөхцөл тусгагдсан байх ёстой. Харин гэрээний 2.2.(е) заалт нь ийм бие даасан агуулгагүй байгаа бөгөөд дээр тайлбарласанчлан Хөөвөр булгийн ордод олборлолтын үйл ажиллагааг 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдөр гэхэд эхлүүлж, борлуулалтын орлогын 3 хувийн рояалти төлүүлэх үүргийг цаг алдалгүй гүйцэтгүүлэх  зорилготой заалт болох нь тодорхой байгаа юм. Иймд шүүх талуудын байгуулсан гэрээний 2.2(e) заалт нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.5 дах хэсэгт заасан үүргийн гүйцэтгэлийг хангах арга буюу торгууль байхад энэ харилцаанд мөн хуулийн 234 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэг буюу хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн. Хариуцагч тал гэрээгээр хүлээсэн 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Хөөвөр булгийн ордын олборлолт эхлүүлж, нэхэмжлэгчид 3 хувийн рояалти төлөх бодит боломжгүй байсан бөгөөд гэрээний үүрэг давагдашгүй хүчин зүйл буюу хүнд нөхцөл байдлын нөлөөллийн улмаас биелэгдээгүй болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогддог Тухайлбал, нүүрсний зах зээлийн жишиг үнэ гэрээ байгуулах үед буюу 2011-2012 онд 80 орчим ам.доллар байсан бол олборлолт эхлүүлэхээр тогтоосон 2013-2015 онд 19 ам.доллар хүртэл буурсан. 2013-2015 оны жишиг үнийг ашиглан тооцоолол хийж, алдагдлын тооцоолол нь илүү бодитой талаар шинжээч шүүх хуралд тайлбарласан. 2016 оны 3 дугаар сарын 02-ны өдөр МҮХАҮТ-ын Хүнд нөхцөл байдлын гэрчилгээ олгосон. АМПТ-аас 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр шүүхэд ирүүлсэн лавлагаанаас үзэхэд Хөөвөр булгийн нүүрстэй адил илчлэгтэй нүүрсийг Монгол Улсаас 2013 онд 154.5 мянган тонн, 2014 онд 8.2 мянган тонн, 2015 онд 55.1 мянган тонныг(нийт 217.8 мянган тонн) экспортолж байснаас үзэхэд зах зээлийн бодит байдал дээр нүүрс олборлож борлуулах боломжгүй, маш бага хэмжээгээр экспортолж байсныг тодорхой илэрхийлж байх бөгөөд энэ тохиолдолд Хөөвөр булгийн ордоос нүүрс олборлож борлуулсан тохиолдолд их хэмжээний алдагдал хүлээх нь тодорхой юм. Мөн АМГТГ-ын 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн дээрх лавлагаанд хүрэн нүүрсний экспорт зөвхөн Бичигтийн боомтоор гарч байгаа талаар тэмдэглэсэн Бичигтийн боомт нь Хөөвөр булгийн уурхайгаас 310 км байгаа. Энэ нь тус орд бусад хүрэн нүүрсний ордтой хөрөнгө оруулалт татах талаараа өрсөлдөхөд сул, тухайн үед хөрөнгө оруулалт татах боломжгүй байсныг мөн илэрхийлдэг. Хөөвөр булгийн ордын 2018 оны Техник, эдийн засгийн үндэслэлийн 166 дахь талын хүснэгтэд тусгагдсанаар 71 тонн нүүрсийг 65 000 төгрөгөөр борлуулж, үүний өртөг 63 600 төгрөг буюу нэг тонн нүүрснээс олох ашиг 1400 төгрөг байхаар байна Энэ тохиолдолд 65 000 төгрөгийн 3 хувийн рояалти нь 1 950 төгрөг болно Эндээс үзэхэд ч 2017 онд харьцангуй өндөр байгаа 65 000 төгрөгөөр нүүрсийг борлуулж, нэхэмжлэгчид 3 хувийн рояалти өгөхөд хариуцагч компани 1 тонн тутамд 500 төгрөгийн алдагдалтай буюу нийт 87 000 000 000 төгрөгийн алдагдал хүлээнэ. Эндээс давагдашгүй хүчин зүйл буюу хүнд нөхцөлд байдлын нөлөөлөлд өртсөний улмаас гэрээний үүрэг биелэгдээгүй болох нь тогтоогдож байгаа болно. Ийнхүү гэрээний үүрэг зөрчигдөөгүй байхад анхан шатны шүүх хариуцагчаас cap бүр 10 000 ам.долларын торгуульд 480 000 ам.доллар төлүүлэхээр шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2, 231 дүгээр зүйлийн 231.1.1, 232 дугаар зүйлийн 232.5 дах заалтуудыг зөрчиж байна. Түүнчлэн, шүүхийн энэхүү шийдвэр нь Иргэний эрх зүйн харилцааны тэгш, шударга байдлын зарчимд нийцэхгүй бөгөөд Иргэний хуулийн 9-12 дугаар зүйлүүдэд Иргэний эрх зүйн хамгаалалт буюу харилцааны оролцогч нь өөрт учирсан хохирлыг зайлуулах, урьдчилан сэргийлэх эрхийг олгосон байдаг тул маш их хэмжээний алдагдалтай ажиллахаар, мөн хөрөнгө оруулалт олдохгүй байсан нөхцөлд хариуцагч компанийг алдагдал хүлээгээд ажиллах ёстой байсан мэтээр хариуцлага хүлээлгэсэн шийдвэр гаргаж байгаа нь бодит байдалд нийцэхгүй байна.

Анхан шатны шүүх гэрээний 2.2.(д)-д “Хэрэв худалдан авагч нь энэхүү гэрээний санхүүгийн хэсэгчилсэн төлбөрүүдийг төлж чадаагүй бол тухайн хэсэгчилсэн төлбөрүүдэд өдрийн 0,1 хувийн алданги төлнө” гэсэн заалтыг үндэслэн 10 000 ам.долларын торгуулиас алданги тооцож, алдангид 240 000 ам.доллар гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2, 231 дүгээр зүйлийн 231.1.1-т заасныг зөрчиж байна. Түүнчлэн, гэрээний 2.2(g) заалт нь 10 000 ам.долларын асуудалтай огт хамааралгүй, тухайн торгуулиас алданги тооцох асуудлыг зохицуулаагүй. Гэрээгээр тогтоосон 0,1 хувийн алданги нь 2011 оны 8 дугаар сарын үеийн үүргийн гүйцэтгэлийн асуудлыг илэрхийлж байгаа. Иймд шүүх 2011 оны 8 дугаар сарын төлбөрийн үүргийн заалтыг одоо яригдаж байгаа 10 000 ам.долларын торгуульд хамааруулан хэрэглэснээр талуудын байгуулсан гэрээ, тохиролцоонд нийцэхгүй шийдвэр болоод байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэл гаргасан өдрөөс хойш нэхэмжлэлийн шаардлагаа тухай бүр нэмэгдүүлсээр, хамгийн сүүлд 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаагаар тооцон төлбөр нэхэмжилсэн. Ингэснээр Шинжээчдийн дүгнэлтээр тооцоолол хийгдээгүй 2016-2019 оны хоорондох хугацааг хамруулан энэ хугацаанд Хөөвөр булгийн ордод олборлолт эхлүүлэх эдийн засгийн боломж байсан эсэх, төсөл хэдий хэмжээний ашиг алдагдалтай байх, энэ онуудад нэхэмжлэгч 3 хувь рояалти авах боломжтой байсан, рояалти нь ямар хэмжээтэй байх эсэх зэрэг тооцооллыг гаргуулах шаардлагатай болсон. Энэ асуудлаар бид шинжээч томилуулахаар 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдөр шүүхэд хүсэлт гаргасан боловч шүүх хүлээн аваагүй. Мөн шүүх 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд хамаарах гэх 360 000 ам.долларыг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэхдээ шүүхийн маргаантай байсан, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авагдсан байсан бодит нөхцөл байдлыг анхаарч үзээгүй. Шүүх “Өнт Өнгөт” ХХК-ийн хувьцаа нь дангаараа 500 000 ам.доллараар худалдагдсан бөгөөд Хөөвөр булгийн ордын лицензийн үнэ нь тусдаа гэж дүгнэсэн гэрээнд зааснаар “Өнт Өнгөт” ХХК нь нэг бүр 100 000 төгрөгийн үнэтэй 10 ширхэг хувьцаатай буюу 1 000 000 төгрөгийн дүрмийн сантай компани юм. 1 сая төгрөгийн дүрмийн сантай компанийн зөвхөн хувьцаа нь 500 000 ам.доллараар үнэлэгдэж, худалдагдсан байна гэж үзэх нь бодит байдалд огт нийцэхгүй. Шүүхийн шийдвэрт “нэхэмжлэгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэп, тайлбар болон хуульд заасны дагуу гарган өгсөн бичмэл баримтуудад тулгуурлан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй” гэсэн байна Эндээс үзэхэд шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлд заасан хөндлөнгийн байх зарчим зөрчигдсөн гэж үзэхээр байна. Түүнчлэн, шүүхийн шийдвэрт “Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1 дэх хэсэгт зааснаар үүрэг үүсэх үеийн мөнгөний ханшаар баримтлах боловч нэхэмжлэгч ханшийн лавлагааг гаргаагүй тул 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн ханшийг баримталлаа” гэжээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэл шаардлагаа нотлох, дэмжих баримтыг өөрөө цуглуулж, гарган өгөх үүрэгтэй. Нэхэмжлэгч энэ үүргээ хэрэгжүүлээгүй байхад шүүх өөрийн санаачлагаар нэхэмжлэгчийн өмнөөс үнэлэлт өгч, түүний эрх ашигт нийцүүлэн баримтыг ашиглаж байгаа нь дээрх хуулийн 5 дугаар зүйлд заасан шүүх хөндлөнгийн, хараат бус байх, 6 дугаар зүйлд заасан мэтгэлцэх болон диспозитив зарчмыг зөрчиж байна. Иймд дээрх үндэслэлүүдээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлсэн боловч зохигчдын хооронд үүссэн эрх зүйн харилцааны талаар үндэслэлтэй, зөв дүгнээгүй, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах шаардлагатай байна.

Нэхэмжлэгч Б.Э нь хариуцагч “Ф” ХХК-д холбогдуулан хувьцаа худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 1 604 153 600 төгрөг, алданги 802 076 800 төгрөг, нийт 2 406 230 400 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч марган, уул уурхайн салбарын эдийн засгийн нөхцөл байдал муудсантай холбоотойгоор олборлолт хийхэд алдагдал ихтэй байсан тул гэрээний дагуу 3 хувийн рояалти төлөх боломжгүй, сар бүр 10 000 ам.долларын торгууль төлөх үндэслэлгүй гэж маргажээ.

2011 оны 7 дугаар сарын 17-ны өдөр талуудын хооронд байгуулагдсан Хувьцаа худалдах, худалдан авах гэрээгээр нэхэмжлэгч Б.Э нь “Өнт-Өнгөт” ХХК-ийн 100 хувийн энгийн хувьцааг 500 000 ам.доллараар хариуцагч компанид худалдахаар, хариуцагч нь 2007 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Дорнод аймгийн Баянтүмэн сумын Хөөвөр булаг нэртэй газарт олгосон ашигт малтмалын хайгуулын 12522Х  дугаар лиценз бүхий талбайгаас олборлох нүүрсний борлуулалтын орлогоос 3 хувийн рояалтыг, 2.2.Е-д зааснаар 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдөр гэхэд уг ордыг олборлолтод хүргэж чадаагүй тохиолдолд сар бүр 10 000 ам.долларыг нэхэмжлэгчид шилжүүлж байхаар тус тус тохиролцжээ. /1хх.6-9/

Талуудын дээрх тохиролцооны агуулгаас үзэхэд “Өнт-Өнгөт” ХХК-ийн хувьцааг худалдах, худалдан авах болон нэг тал нүүрсний олборлолт хийх, нөгөө тал ашиг хүртэх агуулгатай тохиролцоо бүхий холимог гэрээ байгуулагдсан гэж үзэхээр байна. Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.5 дах хэсэгт зааснаар холимог гэрээний агуулгыг тайлбарлахдаа гэрээний гүйцэтгэлд илүү төсөөтэй тухайн төрлийн гэрээг зохицуулсан хуулийн хэм хэмжээг анхаарна гэж заасан. Анхан шатны шүүх хувьцаа худалдах, худалдан авах гэрээний үүрэгтэй холбоотойгоор дүгнэлт хийж талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 260 дугаар зүйлийн 260.1 дэх хэсэгт заасан гэрээний харилцаа үүссэн гэж үндэслэлтэй зөв дүгнэлт хийжээ. Гэвч талуудын хооронд хувьцаа худалдах, худалдан авах хэлцлийн дагуу хүлээсэн үүргийн биелэлтийн талаар маргаан байхгүй байна.

Өөрөөр хэлбэл, 2011 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн гэрээний нийт төлбөр болох 500 000 ам.долларыг бүрэн төлж барагдуулсан асуудлаар, энэхүү хувьцаа худалдах, худалдан авах тохиролцооны хүчин төгөлдөр байдлын талаар талууд маргаагүй байна. Харин талуудын хоорондын гэрээний 2.2.с-д “...худалдан авагч тал борлуулалтын орлогоос 3 хувийн рояалтиг худалдагч талд олгож байхаар...”, 2.2.е-д “...олборлолтод хүргэж чадаагүй тохиолдолд сар бүр 10 000 ам.долларыг худалдагч талд шилжүүлж байхаар гэрээний дагуу үүрэг хүлээнэ...” гэж тус тус заасан нөхцөлийн агуулгын талаар маргасан.

Хариуцагч нь гэрээнд зааснаар 3 хувийн рояалти төлөх нөхцөл болох олборлолт, борлуулалт хийж чадаагүй тул 10 000 ам.долларын анз төлөх боломжгүй гэж гэрээний агуулгыг тайлбарласан нь үндэслэл муутай байна. Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар гэрээгээр үүрэг хүлээсэн этгээд биелүүлэх үүрэгтэй бөгөөд иргэний эрх зүйн харилцаанд оролцогч нь гэрээний агуулгыг мөн хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар чөлөөтэй, хуулиар хориглоогүй хүрээнд тодорхойлох эрхтэй. Хариуцагч нь нэхэмжлэгчээс худалдан авсан компанийн нэр дээр байгаа тусгай зөвшөөрөл бүхий ашигт малтмалын талбайд олборлолт хийх, уг олборлолтоос 3 хувийн рояалти буюу ашгийг нэхэмжлэгчид төлөх үүргийг гэрээгээр хүлээсэн байна. Монгол Улсын холбогдох хууль тогтоомж, түүний дотор Ашигт малтмалын тухай хууль зэрэгт ийм төрлийн хэлцэл хийхийг хориглоогүй болно. Гэрээний 2.2.с-д заасан энэхүү заалт нь олборлолт хийж борлуулсан нүүрсний орлогын 3 хувиас тооцогдохоор байна. Тодруулбал, борлуулалт хийгдсэн тохиолдолд нэхэмжлэгчид 3 хувийн рояалти шаардах эрх үүсэх тухай заалт байна. Нэхэмжлэгч нь гэрээний энэхүү заалтад заагдсан үүргийг хариуцагчаас шаардаагүй.

Түүнчлэн, хариуцагчийн зүгээс олборлолт хийж чадаагүй буюу 3 хувийн ашиг хүртээх боломжгүй тохиолдолд сар бүр тодорхой мөнгөн дүн буюу 10 000 ам.доллар төлөхөөр талууд тохиролцсон байна. Ийм төрлийн тохиролцоо хийхийг мөн хуулиар хориглоогүй байна. Гэрээний энэхүү заалтад заасан 10 000 ам.долларын төлбөр нь “үндсэн үүрэг”, эсхүл өөр үүргийг биелэлтийг хангахад чиглэгдсэн “анз”-ын аль нь болох талаар талууд маргажээ. Хувьцаа худалдах, худалдан авах гэрээний англи хувилбарын албан ёсны орчуулгад “гэрээний бүх нөхцөл нь Боналекс ХХК амжилттайгаар магадлан шалгалт хийж дуусгаснаар гүйцэтгэгдэнэ” гэж, гэрээний монгол хэл дээрх эх хувьд “гэрээний бүх заалт хуулийн компанийн хяналт дээр үндэслэгдсэн” гэх агуулгаар бичигдсэн, хариуцагч нь Иргэний хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт заасан ашгийн төлөө зорилготой буюу бизнесийн үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээдийн эрх зүйн байдалтай байгаа зэргээс үзэхэд гэрээний агуулгыг гэрээнд зааснаас өөрөөр ойлгосон, төөрөгдсөн гэж үзэх боломжгүй.

Иймд гэрээний 2.2.Е-д “хэрэв 2013 оны 12 дугаар сарын 31-н гэхэд худалдан авагч тал Хөөвөр булагийн ордыг олборлолтод хүргэж чадаагүй тохиолдолд сар болгон 10 000 ам.долларыг худалдагч талд шилжүүлж байхаар гэрээний дагуу үүрэг хүлээж байгаа болно” гэж заасныг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.5 дах хэсэгт заасан торгууль гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна. Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт зааснаар гэрээний агуулгыг үгийн шууд утгаар, ойлгомжгүй бол мөн хуулийн 198 дугаар зүйлийн 198.2 дах хэсэгт зааснаар гэрээний бусад заалтын агуулгатай харьцуулах замаар тодорхойлно.

Хариуцагч нь 3 хувийн ашиг хүртээх олборлолтод хүргэж чадаагүй болохоо өөрийн тайлбараар нотолсон тул гэрээний 2.2.Е-д заасан үүрэг үүссэн. Иймд 2011 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээний 2.2.Е-д зааснаар төлбөр төлөхөөр тохиролцсон хугацааг тооцож үзвэл 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх нийт 60 сарын төлбөр болох 600 000 ам.долларын үндсэн үүргийг биелүүлэхийг нэхэмжлэгч нь хариуцагчаас шаардах эрхтэй. . Нэхэмжлэгчийн шаардах эрхийн үндэслэл болсон Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасныг шүүх тогтоох хэсэгтээ баримтлаагүй тул нэмж баримталсан өөрчлөлтийг шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад оруулна.

Мөн нэхэмжлэгч нь хариуцагчийг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйтэй холбоотойгоор анз шаардсан нь үндэслэлтэй. Талуудын гэрээний 2.2.g-д “...худалдан авагч тал энэхүү гэрээний нөхцөлд заагдсан үүргээ цаг тухайд нь биелүүлээгүй тохиолдолд өдрийн 0,1 хувийн алданги тооцож худалдагч талд олгоно...” гэж заасан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1, 232.3 дах хэсэгт заасан анзын тохиролцоо хийх тухай хуулиар тогтоосон шаардлагад нийцжээ.

Хариуцагч нь гэрээний уг заалтын агуулгын талаар мөн маргаж, анзын тохиролцоог зөвхөн худалдах, худалдан авах гэрээний үүрэг 500 000 ам.долларт хамааралтай гэж тайлбарласан нь гэрээний агуулгыг тодорхойлох тухай Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1, 198.2 дах хэсэгт заасан зохицуулалтад нийцэхгүй байна. Учир нь алдангийг гэрээгээр тодорхойлсон төлбөрийн үүргийн аль нэг хэсэгт хамааруулахыг тусгайлан заагаагүй тул төлбөр төлөх үүргийг зөрчсөн тохиолдолд хэрэгжих заалт гэж үзэхээр байна.

Харин хариуцагч “Ф” ХХК-ийг уул уурхайн зах зээлийн хямрал, нүүрсний үнийн зах зээлийн уналтаас үүдэж борлуулалтын орлогоо багасгах нөхцөл байдал үүссэн болох нь Монголын Худалдаа аж үйлдвэрийн танхимын 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 01/138 дугаартай “Хүнд нөхцөл байдлын гэрчилгээ”-ээр тогтоогдсон, талууд гэрээний агуулгын талаар маргаж, үүнтэй холбоотойгоор шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх хугацаанд нэхэмжлэлийн шаардлагын хэмжээ нэмэгдсэн зэрэг нөхцөл байдлаас үзэхэд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дах хэсэгт заасны дагуу шүүх алдангийн хэмжээг багасгах үндэслэлтэй байна. Үүний дагуу Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн шаардах боломжтой, хуулиар хязгаарлагдах алдангийн дээд хэмжээ болох 300 000 ам.долларын гуравны хоёр хувиар багасган, 100 000 ам.долларын алдангийг хариуцагчаас гаргуулахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрийн буюу 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Монгол банкны ханшийн лавлагааг үндэслэж ам.долларыг 1995.51 төгрөгөөр тооцож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1 дэх хэсэгт заасанд нийцсэн байна. Нэхэмжлэгчийн шаардах үндсэн төлбөрийн хэмжээг анхан шатны шүүх буруу тооцсоныг залруулахын зэрэгцээ алдангийн хэмжээг багасгах боломжтой гэж давж заалдах шатны шүүх үзсэн учраас нэхэмжлэлийг хангасан үнийн дүнд өөрчлөлт оруулах шаардлагагүй.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 183/ШШ2019/00969 дүгээр шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 260 дугаар зүйлийн 260.1” гэснийг “186 дугаар зүйлийн 186.1” гэж, “232 дугаар зүйлийн 232.4” гэсний дараа “232 дугаар зүйлийн 232.8” гэж нэмж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 2 103 575 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож, хариуцагчаас төлсөн 7 341 786 төгрөгийг  улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Ш.ОЮУНХАНД

 

                                                 ШҮҮГЧ                                  Б.НАРМАНДАХ

 

                              ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Ж.ОЮУНТУНГАЛАГ