Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2017/02288

 

 

 

 

 

2017 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2017/02288

 

 

Б.Энхжаргалын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Отгонцэцэг даргалж, шүүгч Ш.Оюунханд, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 183/ШШ2017/01752 дугаар шийдвэртэй Б.Энхжаргалын нэхэмжлэлтэй хариуцагч Фар ийст азиа коул майнинг ХХК-д холбогдох

 

Хувьцаа худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 1 468 323 003 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчдын давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сүнжидмаа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Нарангоо, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батбуян, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Майзориг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч Б.Энхжаргалын нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Нэхэмжлэгч нь Фар ийст азиа коул майнинг ХХК-тай Өнт-Өнгөт ХХК-ийн 100 хувийн энгийн хувьцаа худалдах, Хөөвөр булагийн ордноос олборлогдсон нүүрсний борлуулалтын орлогоос 3%-ийн рояалти олгох, 2014 оны 0сарын 01-ний өдрөөс өмнө ордыг олборлолтод хүргээгүй тохиолдолд хариуцагч нь 3%-ийн рояалтигийн оронд сар болгон 10 000 ам.долларыг нэхэмжлэгчид шилжүүлж байх үүрэг хүлээж талууд харилцан тохиролцон 2011 оны 07 дугаар сарын 17-ны өдөр хувьцаа худалдах, худалдан авах гэрээ байгуулж, гэрээний 2.2-ийн С, 2.2-ийн Е-д заасан үүрэг хүлээсэн. Мөн 2012 оны 01 сарын 12-ны өдөр нэхэмжлэгч, хариуцагч нар харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан бөгөөд уг санамж бичгийн 4 дэх заалтаар гэрээний 2.2-ийн Е-д заагдсан олборлолт гэдэг үгийг талууд нүүрсийг газрын хэвлийгээс гаргаж худалдахаар овоолсон эсвэл ачуулсан нөхцлийг хэлнэ гэж ойлголцож байна хэмээн тодорхойлсон байдаг. Гэвч хариуцагч нь одоог хүртэл нэхэмжлэгчид гэрээний дагуу сар болгон шилжүүлэх ёстой 10 000 ам.доллар төлөөгүй бөгөөд 2017 оны 08 сарын 04-ний өдрийн нэмэгдүүлсэн шаардлагаар нийт 430 000 ам.доллар шилжүүлэх үүргээ биелүүлээгүй байна. Мөн хувьцаа худалдах, худалдан авах гэрээний 2.2-ийн g-д заасны дагуу 2017 оны 08 сарын 04-ний өдрийн байдлаар үүргээ биелүүлээгүйгээс үүссэн алданги болох 171 370 ам.долларыг хариуцан төлөх үүрэг бий болсон. Иймд Иргэний хуулийн 208.1, 222.1.1, 225.2, 232.1, 232.4, 232.6-д тус тус заасны дагуу Хувьцаа худалдах, худалдан авах гэрээний 2.2-ийн E, G-д заасан үүрэг болох 430 000 ам.доллар буюу 1 049 900 900 төгрөг, алданги 171 370 ам.доллар буюу 418 422 133 төгрөг, нийт 601 370 ам.доллар буюу 1 468 323 003 төгрөгийг /2017 оны 07 сарын 30-ны өдрийн Монгол банкны албан ханш 1$=2 441.63 төгрөг/ хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Фар ийст азиа коул майнинг ХХК-ийн тайлбартНэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэлд дурдсан 1 468 323 003 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага нь илт өндөр, хэргийн нөхцөл байдалд нийцэхгүй байна. Уг дүн нь хуульд хязгаарлалт, шаардлагын хэмжээтэй нийцэж байгаа эсэх нь тодорхойгүй. Нэхэмжлэгч 418 422 133 төгрөгийн алданги гаргуулах шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй. Талуудын хооронд байгуулагдсан гэрээгээр  нэхэмжлэгч нь ашигт малтмалын хайгуулын 12522Х дугаартай тусгай зөвшөөрөл эзэмшдэг Өнт-Өнгөт ХХК-ийн хувьцааг бүхэлд нь хариуцагчид худалдах, хариуцагч нь хариу төлбөрт нийт 500 000 ам.доллар төлөх үүрэг хүлээсэн. Хариуцагч нь гэрээний дагуу нэхэмжлэгчид гэрээний үнийг бүрэн төлж барагдуулсан ба гэрээний төлбөрийн асуудлаар талуудын хооронд маргаан байхгүй.

Гэрээний 2.2.d заасны дагуу хариуцагч нь нэхэмжлэгчээс аливаа санхүүжилт шаардахгүйгээр ордыг ашиглалтад оруулахад шаардлагатай хайгуулын ажлыг бүрэн санхүүжүүлэх үүрэг хүлээсэн нь гэрээний 2.2.с-д заасан 3 хувийн рояалти авах эрхээ хэрэгжүүлэх урьдач нөхцөл нь юм. Гэрээний 2.2.е-д заасанчлан хэрэв хариуцагч нь 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдөр уурхайгаас олборлолт эхлээгүй бол нэхэмжлэгчид сар бүр 10 000 ам.доллар төлөх үүрэг хүлээсэн. Гэрээний 2.2.f хэсэгт заасанчлан нэхэмжлэгч нь гэрээний дагуу төлөх эхний хэсэгчилсэн төлбөрөөс Өнт-Өнгөт ХХК-ийн өр төлбөрийг төлж барагдуулх бөгөөд 2011 оны 07 дугаар сарын 31-ний өдрөөс өмнө Өнт-Өнгөт ХХК-аас 2 тусгай зөвшөөрлийг шилжүүлэх болон хуулийн фирмээс баталгаа авах үүргийг тус тус хүлээсэн. Гэрээний 2.2.е хэсгийн заалт нь гэрээний 2.2.с хэсэгт заасан нэхэмжлэгчийн 3 хувийн рояалти авах эрхээ хэрэгжүүлэх үндсэн баталгаа болсон хариуцагчийн нэхэмжлэгчид 3 хувийн рояалти олгох үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилго бүхий, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.5-д заасан анзын нэг төрөл торгууль юм. Хариуцагч рояалти олгох үүргээ биелүүлээгүй тохиолдолд сар бүр 10 000 ам.долларыг торгууль болгон нэхэмжлэгчид олгуулахаар заасан нь хариуцагч мөн гэрээний 2.2.d-д заасны дагуу хайгуулыг цаг алдалгүй хийж дуусган, ордод олборлолтын үйл ажиллагааг эхлүүлэх, нэхэмжлэгч тухайн ордоос эдийн засгийн үр ашиг цаг алдалгүй хүртэх нөхцлийг бүрдүүлэхэд чиглэсэн агуулга зохицуулалт. Харин нэхэмжлэлийн шаардлагын агуулга, үндэслэлд заасанчлан гэрээний 2.2.е хэсгээр хариуцагч нь 3 хувийн рояалтигийн оронд сар болгон 10 000 долларыг нэхэмжлэгчид шилжүүлж байх үүрэг хүлээсэн гэдэг нь үндэслэлгүй, уг хэсэг нь гэрээний 2.2.с-д заасан үүргийг дуусгавар болгох, солиход чиглэсэн агуулгагүй.

Хариуцагч нь өнөөдрийг хүртэл гэрээний 2.2.с-д заасан үүрэг хүчин төгөлдөр болохыг хүлээн зөвшөөрч байгаа ба уурхайгаас олборлолт явуулсан тохиолдолд нэхэмжлэгч рояалтийн эрхээ хэрэгжүүлэх боломжтойг үүгээр баталж байна. Гэрээний 2.2.g хэсэг нь хариуцагч гэрээний 2.2.a, 2.2.b-д заасан гэрээний үнийн хэсэгчилсэн төлбөрийн үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилго, Иргэний хуулийн 232.6-д заасан анзын нэг төрөл болох алданги нь гэрээний англи эхэд заасанчлан хэсэгчилсэн төлбөрт хамаарна. Нэхэмжлэгч нь гэрээний 2.2.е-д заасан торгуульд тооцон нийт 1 049 900 900 төгрөг нэхэмжилсэн нь илт өндөр байна. Талуудын хооронд байгуулсан гэрээний нийт үнэ буюу Хөөвөр булагийн ордод хайгуулын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч болох Өнт-Өнгөт ХХК-ийн бүх хувьцаа 500 000 ам.доллар буюу нэхэмжлэл гаргасан өдрийн Монгол банкны албан ёсны ханшаар тооцвол нийт 997 755 000 төгрөгийн үнийн дүн болж байна. Гэтэл энэхүү 3 хувийг олгохтой холбоотой үүргээ гүйцэтгээгүйн төлөө торгуулийн хэмжээ нь анхны гэрээний нийт үнийн дүнгээс давсан байгаа нь бодит байдалд нийцээгүй юм. Үүрэг гүйцэтгээгүйн төлөө сар бүр төлөх 10 000 ам.долларын торгууль нь анх байгуулсан гэрээний үнийн дүнгийн 5 хувьтай тэнцэж байгаа нь илт өндөр байгааг нотолж байна. Нэхэмжлэлийн шаардлагад дурдсан торгуулийн хэмжээ нь Иргэний хуулийн 232.4 дэх хэсэгт заасан шаардлагад хэрхэн нийцэж байгаа нь тодорхойгүй тул торгуулийн хэмжээг бодитойгоор тогтоосон эсэх нь эргэлзээтэй. Нэхэмжлэгч энэхүү үүргийн үнийн дүнг гэрээний анхны дүнгээс тооцсон нь хууль зүйн үндэслэлгүй. Иймээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хэмжээ Иргэний хуулийн 232.4-т заасан шаардлагыг хангаж байгаа эсэхийг тодорхойлох зорилгоор хэрэв Хөөвөр булагийн ордод 2014 оны 01 дүгээр сарын 01-нээс олборлолт явуулж эхэлсэн бол өдийг хүртэл хэдий хэмжээний борлуулалтын орлого олох байсан, түүний 3 хувь нь хэд болох гэдгийг тогтоох шаардлагатай. Иргэний хуулийн 232.8-д анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно гэж заасан байдаг. Хариуцагч нь хэргийн дараах бодит нөхцөл байдалд тулгуурлан хуулийн дээрх заалт анзын хэмжээг багасгах үндэслэлтэй гэж үзэж байна.

 Гэрээ байгуулснаас хойш  нөхцөл байдал ийм болсон ч хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүрэг болох Хөөвөр булагийн ордоос олборлолт ажлыг эхлүүлэхэд шаардлагатай бүхий л арга хэмжээг өөрийн хүч бололцоог дайчлан авч хэрэгжүүлж байсан. Нэхэмжлэгч гэрээний 2.2.g болон 2.2.е заалтыг буруу ойлгосноос болж алдангийг үндэслэлгүйгээр нэхэмжилж байнаХоног тутам 0.1 хувиар бодох алданги нь гэрээний 2.2.е-д заасан дүнгээс бодогдох ёсгүй. 10 000 ам.доллар төлөх нь Иргэний  хуулийн 232.5-д заасан торгууль тул анзаас алданги тооцох нь хууль зүйн үндэслэлгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.5, 232.6 дахь хэсэгт зааснаар харуицагч Фар ийст азиа коул майнинг ХХК-аас 858 069 300 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Энхжаргалд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 610 253 232.6 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар  нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 7 499 565 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 7 499 565 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.   

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Нарангоо давж заалдах гомдолдоо: Шүүхийн шийдвэр хуулийн шаардлагыг хангаж чадаагүй гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон гэрээний 2.2-ын е заалт бол гэрээний 2.2.-ын d-д заасан үүргээ 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд хэрэглэх хариуцлага буюу Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.5-д заасан Торгууль бус бөгөөд 2.2.-ын с болон d-д байгаа заалттай эдийн засгийн хувьд нэг зорилго агуулсан бие биенээсээ салшгүй холбоотойгоор худалдан авагч талаас худалдагч талын өмнө биелүүлэх үүрэг хүлээсэн "амлалт" бүхий "үндсэн үүрэг" болно.

Худалдагч тал нь Дорнод аймгийн Баянтүмэн сумын нутаг дэвсгэрт орших Хөөвөр булаг нэртэй, 4323 га талбайтай, хүрэн нүүрсний орд газрын Ашигт малтмалын хайгуулын 12522Х тусгай зөвшөөрөл эзэмшдэг байсан ба 2015 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн байдлаар 4323 га талбайн, 1730 га талбайд хайгуулын ажил явуулсан үр дүнгийн тайлангаар 149 539 48 мян.тн-ны нөөцтэй болох нь тогтоогдсон. Тухайн үеийн 1 тн хүрэн нүүрсний үнэ 80 ам.доллар байсан ханшаар тооцоход 11,9 тэрбум ам доллараар үнэлэгдэх, үлдэх 2593 га талбайд хайгуулын өрөмдлөгийн ажлын урьдчилсан тооцоогоор 850 000 000 тоннын нөөцтэй болох нь илэрсэн 68 тэрбум ам.доллараар үнэлэгдэх орд газартай Өнт-өнгөт ХХК-аас нийт 5 000 000 ам.долларын үнээр худалдах хүсэл зорилготой байсан.

Худалдан авагч тал уг орд бүхий компанийг 5 000 000 ам.доллараас эдийн засгийн хувьд илүү ашиг хүртэх, удаан хугацаанд үргэлжлэн ашиг олох боломжтой гэрээний харилцаанд орох санал тавьсан. Нөхцөл нь: 500 000 ам.доллараар худалдан авч компанийн эрхийг шилжүүлэн авах, Ордын хувьд богино хугацаанд олборлолтод хүргэж, улирал бүр борлуулалтын орлогын 3%-тай тэнцэх рояалти буюу ашиг хүртээж байх, хэрэв олборлолтонд хүргэж чадахгүй удах тохиолдолд, cap бүр 10 000 ам.доллар төлж байх, улмаар 10 000 ам.доллар cap бүр төлөх үүргээ биелүүлэхгүй бол алданги тооцон төлөх, хэрэв худалдан авагч талын буруугаас хүчингүй болсон тохиолдолд нөхөн төлбөрийг худалдагч талд төлөх, хэрэв худалдан авагч тал нь уг тусгай зөвшөөрөлтэй компанийг гуравдагч этгээдэд худалдах, өөр бусад хэлбэрээр шилжүүлэхээр бол худалдагч талд нэн тэргүүнд мэдэгдэх, түүнд олгох ёстой 3%-ийн рояалти авах эрхийн талаарх гэрээний заалтыг хэвээр үргэлжлүүлэх үүргийг хүлээх, мөн 3%-ийн рояалтийн эрхтэй холбоотойгоор худалдан авагч тал нь улирал бүр худалдагч талд уул уурхай, санхүү, менежменттэй холбоотой бүхий л мэдээллийг бичгээр хүргүүлэх, хянуулах гэсэн нөхцлүүдийг санал болгосон. Худалдан авагч талын санал болгосон, дээрх нөхцлүүдийг худалдагч тал нь жилд олборлох нүүрсний боломжит хэмжээгээр тооцож үзсэний үндсэн дээр эдийн засгийн хувьд илүү үр ашиг хүртэх боломжит санал гэж, мөн худалдан авагч талаас гаргаж буй дээр дурдсан эрсдлээс хамгаалах баталгаа болгосон саналууд нь худалдагч талын эдийн бус болон эд хөрөнгийн эрхийг хамгаалах боломжтой хэмээн дүгнэж хүлээн авахаар шийдвэрлэсэн.

Ийнхүү талууд гэрээгээр хүлээх худалдагч талын үндсэн үүрэгт Компанийн хувьцааны үнэд 500 000 ам.доллар төлөх, ордыг богино хугацаанд олборлолтод хүргэх, улирал бүр борлуулалтын орлогын 3%-тай тэнцэх рояалти буюу ашиг хүртээж байх, хэрэв олборлолтонд хүргэж чадахгүй удах тохиолдолд, cap бүр 10 000 ам.доллар төлж байх үүргүүдийг багтаахаар тохиролцсон.

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон гэрээний 2.2-ын е заалт бол гэрээний 2.2.-ын d-д заасан үүргээ 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдөр гэхэд хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд хэрэглэх хариуцлага буюу Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.5-д заасан "Торгууль" бус бөгөөд 2.2.-ын "с болон d''-д байгаа заалттай эдийн засгийн хувьд нэг зорилго агуулсан бие биенээсээ салшгүй холбоотойгоор худалдан авагч талаас худалдагчийн талын өмнө биелүүлэх үүрэг хүлээсэн "амлалт" бүхий "үндсэн үүрэг" болно.

Харин хариуцлага хүлээлгэх анзын заалтаар дээрх үндсэн үүргүүдийг зөрчсөн тохиолдолд алданги тооцохоор тохиролцсон.

Ам.долларын ханш нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т заасан нийтэд илэрхий үйл баримт болох тухайд нэхэмжлэгч нь 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн бөгөөд энэхүү шаардлагадаа төлбөр шаардсан үүргийн хугацааг, үүрэг үүссэн 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн, 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаагаар тооцож, уг өдөр Монгол банкнаас нийтэд нээлттэй сайтад байршуулсан ам.долларын албан ханш 2 441.63 төгрөг гэсэн мэдээллийг үндэслэн нэхэмжлэлийн дүнг гаргаж, улмаар нэмэгдүүлсэн шаардлагын хэмжээнд улсын тэмдэгтийн хураамж төлсөн.

Валютын зохицуулалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 2, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 2, 3, Улсын дээд шүүхийн 2006 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 21 дүгээр тогтоолын 2.2.3, мөн 2008 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн зөвлөмжийн 4.4 дэх хэсэгт зааснаас үзэхэд Монгол банкнаас зарлаж буй валютын хаалтын ханш нь нийгэм, улс төрийн үйл явдлуудад хамаарах бөгөөд нийтэд илэрхий үйл баримт юм. Учир нь нийгэм, эдийн засгийн хямралт байдлаас болж ам.долларын төгрөгтэй харьцах ханш 2017 он гарсаар 2400 төгрөгөөс хол давж өссөн болохыг Монгол улс даяар мэдэхгүй хүн байхгүй ба энэ нь Монгол банкны мэдээллийн цахим хуудсанд ил тодоор байршигдан ханшийн архив мэдээлэлд тусгагдсан, нийтэд нээлттэй илэрхий үйл баримт болно. Шүүх нэхэмжлэлийн үнийн дүн болох 601 370 ам.доллар буюу 1 468 323 003 төгрөгийг Монгол банкны тухайн өдрийн ханш болох 1 ам.долларыг 2 441.63 төгрөгөөр тооцох боломжгүй гэж үзсэн бол Иргэний хуулийн 217 дугаар зүйлийн 217.2-т зааснаар ам.доллараар нь хариуцагчаас гаргуулж шийдвэрлэх бүрэн боломж байсан. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжпэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.  

 

Хариуцагчийн өмгөөлөгч Ж.Майзориг давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн. Майндата ХХК-ийн 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 01/2017 дугаартай шинжээчийн дүгнэлтэд тодорхой бус, эргэлзээтэй зүйлс олон байсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч тал шинжээчид асуулт тавьж, тодруулга авах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Мөн шинжээчийн дүгнэлтээр тавигдсан асуултуудад бүрэн хариулт өгөөгүй, түүнчлэн шинжээч томилж тогтоолгох шаардлагатай гол асуудал тодорхой бус хэвээр байсан тул дахин шинжээч томилуулах хүсэлт гаргасан. Нэхэмжлэгчийн хувьд цахим шууданд үзлэг хийлгүүлэх хүсэлтийг гаргасан. Эдгээр хүсэлтийг шүүгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105.2 дахь заалтыг үндэслэн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Гэтэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105.2 дахь заалт нь хэрэг хянан шийдвэрлэхтэй холбогдолтой нэмэлт тайлбар, нотлох баримтыг шүүх хуралдааны үед гаргасантай холбоотой асуудлыг шийдвэрлэхтэй холбоотой зохицуулалт байдаг. Тийм учраас энэ заалтыг үндэслэн хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон нь хууль зөрчсөн.

Шүүх хуралдаанд шинжээчийг оролцуулах нь шүүх хуралдаанд оролцогсдын ирцийг хангах буюу хуралдааны бэлтгэл ажилтай холбоотой хуулийн шаардлага байх бөгөөд шинжээчийг хуралд байлцуулах асуудлыг шүүгч бие даасан хүсэлт гэж үзэх үндэслэлгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар хуралдааны нотлох баримтыг шинжлэх шатанд шинжээчийн дүгнэлтээс шүүх хуралдаанд оролцогчид асуулт асуух тухай зохицуулсан байдаг. Шүүгч шинжээчийг шүүх хуралдаанд оролцуулахаас татгалзсанаар зохигч талуудын эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

Шинжээч нь түүнд тавигдсан 2 дахь асуултад хариулаагүй, дүгнэлт гаргахдаа гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ, макро эдийн засгийн байдлыг харгалзан үзсэн гэсэн байдаг боловч хэрхэн харгалзсан нь тодорхой бус бөгөөд харгалзаж үзээгүй гэж дүгнэлтээс нь харагдаж байна. Шүүх хуралдаанд шинжээчийг оролцуулаагүй тул хариуцагч тал эдгээр ойлгомжгүй, тодорхой бус асуудлыг шинжээчээс тодруулж чадаагүй. 2017 оны 06 сарын 27-ны өдрийн шүүх хуралд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгч гэж оролцсон боловч төлөөлөгч нь нэхэмжлэгчийг төлөөлөх итгэмжлэлгүй бөгөөд тухайн төлөөлөх эрхгүй этгээд нь өмгөөлөгчтэй гэрээ байгуулсан байсан. Энэ нөхцөл байдал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100.2-т зааснаар нэхэмжлэгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй гэж үзэх үндэслэлтэй байсан тул хариуцагчийн хувьд нэхэмжлэлийг буцаах тухай хүсэлт гаргасан. Шүүх хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ч бичгээр захирамж гаргаагүй тул үндэслэл нь хариуцагч талд ойлгомжгүй байна. Ийнхүү нэхэмжлэгчийг төлөөлөх эрхгүй хувь хүн болон өмгөөлөгчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж хэргийг шийдвэрлэсэн нь процессийн ноцтой зөрчил гэж үзэж байна. Итгэмжлэлийг 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдөр нөхөн хийж, хэргийн материалд оруулсан байгаа нь зөрчлийг зөвтгөх, засах үндэслэл болохгүй.

Шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагыг хангаж буй хууль зүйн үндэслэлдээ Иргэний хуулийн 219.1 дэх заалтыг ишлэсэн байх боловч хариуцагч гэм буруутай байсан эсэх асуудлыг огт авч үзээгүй. Гэтэл Иргэний хуулийн 219.1 дэх заалт нь үүргээ зөрчсөн тал гэм буруутай байхыг шаарддаг. Гэрээний үүрэг зөрчигдсөн буюу Хөөвөр булагийн нүүрсний орд тохиролцсон хугацаанд олборлолтод хүргээгүй явдалд хариуцагч тал гэм буруугүй бөгөөд үүнийг нотлох бүхий л баримтуудыг бид шүүхэд гарган өгсөн. Иймд хариуцагч талын гэм буруутай эсэх талаар дүгнээгүй байтал Иргэний хуулийн 219.1-ийг үндэслэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь хууль буруу хэрэглэсэн явдал гэж үзэж байна. Хариуцагчийн төлөх ёстой гэх торгуулийг cap тутам төлөхөөр тооцсон тохиолдолд үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлснээс үүсэх үр дагавартай холбогдох Иргэний хуулийн 222 дугаар зүйл хэрэглэгдэх ёстой. Хариуцагч өөрийн гэм буруугаас бус харин Монгол Улсад үүсээд байгаа уул уурхайн зах зээлийн хямрал, нүүрсний үнийн уналт зэрэг хариуцагчийг гэрээний үүргээ биелүүлэх боломжгүй болгосон хүнд нөхцөл байдлын улмаас талуудын хооронд 2011 оны 07 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан Хувьцаа худалдах, худалдан авах гэрээний 2.2.(е)-д заасан үүрэг гүйцэтгэх хугацаагаа хэтрүүлсэн. Нэгэнт Иргэний хуулийн 222.2 дахь хэсэгт заасанчлан хугацаа хэтэрсэн явдалд хариуцагч гэм буруугүй тул хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй. Иймд Гэрээний 2.2.е, 2.2.g-д заасан анз буюу хугацаа хэтэрсэн тохиолдолд хэрэглэх торгуулийг хариуцагч төлөх хууль зүйн үндэслэлгүй.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1, 232.5-д заасныг үндэслэн хариуцагчаас 858 069 300 торгууль төлүүлэхээр шийдвэрлэсэн ч торгуулийн энэ хэмжээ нь Иргэний хуулийн 232.4-т заасан шаардлагад нийцэх эсэх нь тодорхой бус байна. Шүүх Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсгийг хэрэглэх боломжгүй гэдэг дүгнэлтийг гаргахдаа хуулийг буруу тайлбарласан. Шүүх хариуцагчийн гэм буруугийн асуудлыг тодруулалгүйгээр торгууль төлүүлэхээр шийдсэн ч энэхүү торгуулийн хэмжээг бууруулах хууль зүйн боломжийг хэрэглээгүй. Анзын хэр хэмжээг хэтрүүлсэн талаарх үнэлгээг гэрээний үүргээ зөрчсөн талын гэм буруу ба тухайн зөрчлийн цар хүрээ, ноцтой байдлыг харгалзан тогтоох үндэслэлтэй. Иймээс шүүх хариуцагчийн гэм буруугийн асуудлыг тогтоогоогүй нь анзын хэмжээг бууруулах нөхцөл байдлыг тодруулах асуудлыг орхигдуулах нөхцлийг бүрдүүлсэн. Шүүх шинжээчийн бодит байдалд нийцээгүй, хийсвэр баримтуудад үндэслэн гаргасан дүгнэлтийг баримтлан хариуцагчид их хэмжээний торгууль ногдуулахаар шийдвэрлэсэн нь өмчийн халдашгүй байдлын болон шүүхээр хамгаалуулах зарчимд нийцэхгүй байна. Иймд шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7 дахь хэсэгт заасан үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэцүүлэхээр буцааж байна.

 

Нэхэмжлэгч Б.Энхжаргал нь хариуцагч Фар ийст азиа коул майнинг ХХК-д холбогдуулан хувьцаа худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 601 370 ам.доллар буюу 1 468 323 003 төгрөг гаргуулахаар нэхэмжилж, хариуцагчийг сар бүр 10 000 ам.долларыг төлөх үүргээ биелүүлээгүй гэж тайлбарлажээ.

 

Зохигчид 2011 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Өнт-Өнгөт ХХК-ийн 100 хувийн энгийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ байгуулж, нэхэмжлэгч нь хариуцагчийн эзэмшилд компанийн хувьцааг шилжүүлэх, хариуцагч нь хувьцааны үнэд 500 000 ам.доллар төлөх мөн Хөөвөр булгийн ордоос олборлогдсон дотоод болон гадаадын зах зээлд борлуулагдах нийт нүүрсний борлуулалтын орлогоос 3 хувийн рояалти олгох, хэрэв 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдөр гэхэд Хөөвөр булгийн ордыг олборлолтод хүргээгүй тохиолдолд сар бүр 10 000 ам.долларыг худалдагч талд шилжүүлэх үүрэг хүлээсэн байна.

 

Хариуцагч нь эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсэн, олон улсын зах зээл дээрх нүүрсний уналт бий болсон зэргээс шалтгаалан Хөөвөр булгийн ордыг олборлолтод хүргэх үүргээ биелүүлж чадаагүй гэж маргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ... 2013-2015 онуудад Хөөвөр булгийн хүрэн нүүрсний ордоос олборлолт явуулсан тохиолдолд гарах ашиг, алдагдлын тооцоо... зэргийг тодруулахаар шинжээч томилуулах хүсэлтийг гаргасан байна.

 

Анхан шатны шүүх 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн шүүгчийн захирамжаар Майндата ХХК-ийн уул уурхайн зөвлөх инженер Д.Болор, уул уурхайн эдийн засагч Т.Мөнх-Эрдэнэ, хуульч М.Энхсайхан нарыг шинжээчээр томилсон байх ба хэргийн оролцогч нь шинжээчийн дүгнэлт хуулийн үндэслэлтэй гарсан эсэх талаар маргажээ.

 

Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1., 9.2.-т шинжилгээг шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур хийлгэх бол шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээд шинжилгээ хийлгэх тухай тогтоол, захирамж, хүсэлт гаргаж, шинжилгээ хийхээр томилогдож байгаа шүүхийн шинжилгээний байгууллагад ажилладаггүй шинжээчийг дуудан ирүүлж, түүний биеийн байцаалт, мэргэжил, чадвартай танилцан, сэжигтэн, яллагдагч, хохирогчтой ямар харилцаатай болохыг тогтоохоос гадна шинжээчээс татгалзан гарах үндэслэл байгаа эсэхийг шалгаж, энэ ажиллагааг явуулсны дараа харшлах шалтгаан байхгүй гэж үзвэл шинжээчид шинжилгээ хийлгэх тухай тогтоол, захирамж, хүсэлтийг гардуулан өгч, эрх, үүрэг, хариуцлагыг нь урьдчилан сануулж, гарын үсэг зуруулахаар заасан байна.

 

Шүүх шинжээч Т.Мөнх-Эрдэнэ, М.Энхсайхан нарт дүгнэлт гаргахаас татгалзах буюу зайсхийсэн тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэхийг сануулж, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.-д заасан эрх, 14 дүгээр зүйлийн 14.1.,-д заасан үүргийг танилцуулаагүй нь мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1., 9.2.-т заасныг зөрчсөн, уг ажиллагааг давж заалдах шатны шүүхээс нөхөж гүйцэлдүүлэх боломжгүй.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 183/ШШ2017/01752 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сүнжидмаагийн 3 209 219 төгрөг, хариуцагч Фар ийст азиа коул майнинг ХХК-ийн 7 499 556 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ОТГОНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД

 

А.МӨНХЗУЛ