Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бямбаагийн Мөнх-Эрдэнэ |
Хэргийн индекс | 128/2016/0478/З |
Дугаар | 128/ШШ2017/0249 |
Огноо | 2017-04-07 |
Маргааны төрөл | Татвар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 04 сарын 07 өдөр
Дугаар 128/ШШ2017/0249
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч Н.Дуламсүрэн, шүүгч Д.Оюумаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Б ХХК,
Хариуцагч: Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Л.Э, А.Ө,
Нэхэмжлэлийн шаардлага: Татварын улсын байцаагчийн 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн № 350017416 тоот актыг бүхэлд нь хүчингүй болгуулахыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.Е, нэхэмжлэгчийн итгэжлэгдсэн төлөөлөч Б.М, хариуцагч А.Ө, Л.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Д, иргэдийн төлөөлөгч Ч.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хосжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Орлого, зарлагын падааны огноо зөрсөн гэж тайлбарлаж байгаа нь үнэн. А г ХХК нь Барилгын яамны захиалагчдад гэрээгээр мөнгө авна гэж ойлгоод гэрээ, орлогын баримтыг аваад шууд очиход Б ХХК, А г ХХК -тай гэрээ хийсэн болохоос биш Барилгын яам гэрээ хийгээгүй гээд буцаасан байсан. Барилгын яам 3, 4 хоногийн дараа мөнгийг шилжүүлсэн тул тухайн үед нь л би зарлагын баримт гаргасан. Баримтын огноог засаагүй. Барилгын газар, шорооны ажлыг хийхэд нэг компани дангаараа үйл ажиллагаа явуулах боломжгүй. А г ХХК ч дангаараа үйл ажиллагаа явуулах боломжгүй. Би машин, механизмууд өөр газраас ч түрээсэлж авч байсан. Газар, шорооны ажилд 100 гаран сая төгрөг биш, олон тэрбумаар яригддаг. Улсын байцаагч нартай уулзсан нь үнэн. Надаас зөвхөн асуулт асуусан, бичиг баримт, барилгын газар дээр очиж үзээгүй.
Дараа дахин дуудахад нь очиход улсын байцаагчийн акт гарсан гэж хэлсэн, би ч хууль бус үйлдэл хийгээгүй тул хүлээж авч чадахгүй гэдгээ илэрхийлсэн.
Мөн Прокурорын газраас А г ХХК нь компаниудаас хуурамч баримт авсан эсэхийг шалгаж, бүх гүйлгээг шалгаж, шаардлагатай тохиолдолд дүгнэлт гаргуул гэсэн албан бичгийг Татварын ерөнхий газарт өгч, Татварын ерөнхий газраас тус бичгийг дүүргийн татварын хэлтсүүддээ өгсөн байдаг.
Хэрэгт нэмэлт нотлох баримтаар хуурамч баримт аваагүй гэдгийг батлах анхан шатны бүх санхүүгийн баримтуудыг гаргаж өгсөн байгаа. Татварын улсын байцаагч нарын нотлолгүйгээр акт бичиж өгсөн хууль бус актыг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү. Эрүүгийн хэргийн хэрэгсэхгүй болгосон захирамжаар Б ХХК нь хуурамч баримт авсан гэдэг нь тогтоогдоогүй гэсэн байгаа гэжээ.
Хариуцагч А.Ө шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч компанийн захирал Т.Етэй өөрийн биеэр ярилцлага хийсэн. Тус ярилцлагандаа ...А г ХХК -г анхнаасаа сэжигтэй байна гэж би бодсон. Газар шорооны ажил гүйцэтгэж байх үед ямар компанийн, хэн ажил гүйцэтгэж байгааг мэдээгүй. Дууссаны дараа мөнгийг авчирж өгөөд, нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг дараа өгье гэхэд нь эргэлзээ төрж, үл итгэх байдал үүссэн. Утсаар холбогдоход утсаа авахгүй нилээн удсаны эцэст ирэхдээ гэрээг нөхөж авчирж өгсөн гэж тайлбарласан. Төрийн албан хаагчийг гүтгэж байгаад гомдолтой байна. А г ХХК -ийн захирал н.Ч*******ын гарын үсэг өөр, бусад гарын үсгүүд зөрүүтэй байсан. Улсын байцаагчийн актыг Т.Е өөрөө ирж авсан. Бид анхан шатны баримтуудыг шаардаж авч үзсэн. Огт мэдэгдэлгүйгээр акт тавьсан гэдэг нь үндэслэлгүй гэжээ.
Хариуцагч Л.Э шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бул бул ХХК-ийн захирал улсын байцаагчийн актыг хүлээн зөвшөөрөөгүй учраас өр суутгагдаагүй, татагдаагүйгээс үлдэгдэл данс хаагдсан. Экскаватор машин нь хөрөнгийн бүртгэлд байсан эсэхийг, түлш зардаг компани мөн үү гэдгийг анхаарч үзнэ үү. А г ХХК нь хөрөнгийн эх үүсвэргүй бодитоор үйл ажиллагаа явуулдаггүй компани байсан гэжээ.
Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бул бул ХХК-ийн анхан шатны нотлох баримтууд нь зөрүүтэй байдаг. Жишээлбэл: Улсын байцаагчид нэхэмжлэгч компанийн захирал Т.Етэй ярилцлага хийсэн тэмдэглэл хэрэгт авагдсан байгаа. Гэвч нэхэмжлэгчдийн зүгээс огт мэдээгүй байхад гэсэн тайлбар өгсөөр байгаа нь зохисгүй байна. Харилцан тохиролцож гэрээ байгуулсны үндсэн дээр хийгдэх ёстой байтал Алтан ганьт ХХК-аас тамгагүй гэрээ ирсэн, гэрээгээ нөхөж авсан гэж хэлдэг. Суурийн нүх ухах, тээвэрлэх ажил үйлчилгээг үзүүлнэ гэж гэрээндээ заасан байдаг боловч нэмэгдсэн өртгийн албан татварын падаан дээр барилгын машин түрээс, түлш гэж заасан байна.
Орлого, зарлагын ордер дээрээ машин механизм, түлш зарцуулалт гэж бичигдсэн зөрүүтэй байдаг. Орлогын ордерийг 09 дүгээр сарын 24-ний өдрөөр огноолсон байдаг бол зарлагын ордерийн огноо 09 дүгээр сарын 27-ны өдөр гэсэн огнооны хувьд зөрүүтэй байдаг. Бодит байдал дээр зарлага гараад орлого орох ёстой байдаг. 100 гаруй сая төгрөгний тооцоог бэлэн мөнгөөр хийсэн гэж хэлдэг. Нэмэгдсэн өртгийн албан татварын падааны тухай Сангийн сайд болон Үндэсний статистикийн хорооны даргын 2012 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 82/51 тоот хамтарсан тушаалд худалдан авсан, худалдсан тал аль аль нь хариуцна гэж заасан байдаг. Тус тушаалд нэмэгдсэн өртгийн албан татварын падаан нь борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээний нэр төрөл, тоо хэмжээ, тэдгээрийн нэгжийн болон нийт үнэ, нэмэгдсэн өртгийн албан татварын хэмжээг тусгасан, нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт бичиг гэж заасан байна. Тушаалд заасны дагуу нэмэгдсэн өртгийн албан татварын падааны үнэн зөв эсэхийг худалдсан тал болон худалдан авсан тал хэн хэн нь хариуцах ёстой байдаг.
Нэхэмжлэгчээс Баянзүрх дүүргийн татварын алба, Татварын ерөнхий газар луу бичиг явуулсан гэж хэлж байгаа ч албан ёсоор хариу авсан зүйл байдаггүй. Нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг бид хуурамч гэж тайлбарлаагүй. Нэгдсэн системд дугаар нь бүртгэлтэй байгаа учраас хуурамч биш падаан гэдэг нь ойлгомжтой байгаа. Б ХХК ч мөн байнгын үйл ажиллагаа явуулдаг нь тогтоогдож байна. Харин А г ХХК -тай ямар нэгэн эрх зүйн харилцаанд ороогүй байна гэдэг нь гол үндэслэл юм. Хий бичилттэй нэмэгдсэн өртгийн албан татварын падаан гэж дүгнээд акт тавьсан нь хууль зүйн үндэслэлтэй юм.
А г ХХК -ийн захирал н.Ч гэдэг хүнийг эрүүгийн хэрэгт холбогдуулж шалгасан прокурорын тогтоол ирэхээс өмнө Б ХХК нь А г ХХК -аас хий бичилттэй падаан авсан байна гэдгийг Цагдаагийн газраас Татварын ерөнхий газарт бичиг ирүүлсний дагуу бид шалгасан. Өршөөлийн хуулиар хэрэгсэхгүй болгосон прокурорын тогтоол байгаа. Энэ нь сэжигтэн, яллагдагч нь хэргээ хүлээж, өршөөлд хамрагдах хүсэлтээ илэрхийлсэн гэсэн үг юм.
Анхан шатны санхүүгийн баримт нь үнэн зөв мэдээлэлд тулгуурласан байна гэж заасан хуулийн заалтыг зөрчсөн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбар зэргийг үндэслэн дараахь хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын мөрдөн байцаах газраас 2014 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн № 10/2-1762 тоот албан бичгийг Татварын ерөнхий газарт хүргүүлсэн байх бөгөөд уг албан бичгийн дагуу Б ХХК-ийн санхүүгийн анхан шатны баримтанд шалгалт хийжээ.
Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 350017416 дугаар акт[1][1]-аар нэхэмжлэгчийг А г ХХК-аас 2012 оны 09 дүгээр сарын 30-нд нэмэгдсэн өртгийн албан татварын /цаашид НӨАТ гэх/ 12295384 дүгээр падаанаар 113,630,000 төгрөгийн ажил үйлчилгээ худалдан авсан мэтээр хасалт хийж татвар ногдуулах орлого нуусан гэх зөрчилд 11,363,000 төгрөгийн нөхөн татвар, 3,408,900 төгрөгийн торгууль, 4,005,457 төгрөгийн алданги, нийт 18,772,017 төгрөгийн төлбөр төлүүлэхээр тогтоожээ.
Хариуцагч маргаан бүхий захиргааны актын үндэслэлээ НӨАТ-ын падаан нь жинхэнэ боловч хий бичилт хийгдсэн, зарлагын болон орлогын баримтуудын утга зөрүүтэй, А г ХХК нь бодитойгоор үйл ажиллагаа явуулдаггүй гэж тайлбарлаж байна.
Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д дараахь үйлдэл, эс үйлдэхүйгээр татвар ногдох орлого, орлогоос бусад зүйлийг нуусан татвар төлөгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол татварын алба, татварын улсын байцаагч татварыг нөхөн төлүүлж, нөхөн төлүүлэх татварын 30 хувьтай тэнцэх хэмжээний торгууль ногдуулна, 74.3-д энэ хуулийн 74.1, 74.2-т заасны дагуу нөхөн төлүүлэх болон хугацаанд нь төлөөгүй татварт алданги тооцох бөгөөд уг алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхээргүй байна гэж тус тус заажээ.
Дээрхи хуульд зааснаас үзвэл хүн, хуулийн этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй нь татвар ногдох орлого, орлогоос бусад зүйлээ нуух гэсэн санаа зорилгыг агуулсан байхыг шаардах бөгөөд уг үйлдэлд нь хариуцлага хүлээлгэхээр зохицуулсан байна.
Б ХХК-иас 2012 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн № 01/12 тоот албан бичиг[2][2]-ээр Баянзүрх дүүргийн Татварын хэлтсээс маргаан бүхий НӨАТ-ын падаан болон А г ХХК-ийн талаарх лавлагааг хүссэн байх бөгөөд түүнд тус компани нь дүүргийн татварын хэлтэст НӨАТ төлөгчөөр бүртгүүлсэн, аж ахуйн нэгжийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй талаар амаар /нэхэмжлэгч Б ХХК-ийн захирал Т.Еийн шүүх хуралдаанд мэдүүлснээр/ хариу өгчээ.
Шүүхээс уг лавлагаатай холбоотой нотлох баримтыг Баянзүрх дүүргийн Татварын хэлтсээс шаардахад 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн № 20-5/328 тоот албан бичгээр А г ХХК нь Б ХХК-ийн худалдан авалтыг НӨАТ-ын тайланд тусгасан гэснээс өөрөөр баримт ирүүлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.
Дээрхээс дүгнэхэд нэхэмжлэгчийг татварт ногдох орлого, орлогоос бусад зүйлийг нуусан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байгаа бөгөөд харин ч Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д заасан үйлдлээс урьдчилсан сэргийлсэн, мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.10-д нэр, хаяг, тамга, тэмдэг, улсын бүртгэлийн гэрчилгээ, харилцах болон хувийн данс, гарын үсгийг бусдад ашиглуулан татвараас зайлсхийх боломж олгохгүй байх заасан үүргээ биелүүлсэн гэж үзэхээр байна.
Харин А г ХХК-ийн захирал Ц.Ч-ыг бусадтай бүлэглэн нэр бүхий 65 компанид 98 ширхэг падаанд хий бичилт хийж татвар төлөхөөс санаатай зайлсхийх гэмт хэрэг үйлдэхэд хамтран оролцсон, хий бичилт хийж бусдад ашиглуулах зорилгоор хувь тохирч худалдсан гэх үйлдэлд Эрүүгийн хуулийн 166 дугаар зүйлийн 166.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Прокуорорын газрын 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн №1441 дүгээр тогтоолоор Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парлемент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгожээ.
Нэхэмжлэгчийг Баянзүрх дүүргийн Татварын хэлтсээс маргаан бүхий НӨАТ-ын падаантай холбоотой лавлагааг хүсэхэд Татварын байгууллагаас Татварын ерөнхий хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1-д заасан ...татвар төлөгчийг мэдээллээр ханган зөвлөгөө өгөх, чиг үүргээ хэрэгжүүлээгүй, үндэслэл бүхий лавлагааг өгөөгүй атлаа хожим нь /2 жил 4 сарын дараа/ А г ХХК-ийн захирал Ц.Ч*******ын гэм буруугийн асуудалд холбогдуулж, уг үйлдэлд хамтран оролцсон мэтээр буруутган төлбөр ногдуулсан нь үндэслэлгүй байна.
Мөн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /2006 оны/ 16 дугаар зйлийн 16.1-д Албан татвар төлөгч нь бараа, ажил, үйлчилгээнд ногдох нэмэгдсэн өртгийн албан татварыг дор дурдсан журмаар дараа сарын 10-ны дотор төрийн сангийн нэгдсэн дансанд шилжүүлж, батлагдсан маягтын дагуу тайлангаа харъяалах татварын албанд тушаана, 16.1.1-д тухайн сард борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээнд ногдох албан татварыг албан татвар төлөгч өөрөө төсөвт төлөх гэж заажээ.
А г ХХК нь Баянзүрх дүүргийн татварын хэлтэст 2012 оны 7 дугаар сарын 27-ны өдөр НӨАТ төлөгчөөр бүртгүүлж, 0012295351-0012295400 дугаар бүхий 50 ширхэг падаан авсан болох нь тус дүүргийн Татварын хэлтсийн 2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн № 20-5/2189 тоот албан бичиг[3][3]-ээр, Б ХХК-ийн худалдан авалтыг НӨАТ-ын тайланд тусгасан болох нь Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн № 20-5/2263 тоот[4][4], 2017 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 20-05/328 тоот албан бичиг[5][5]-үүдээр тус тус нотлогдож байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.12-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Татварын ерөнхий хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1, 74 дугаар зүйлийн 74.1, 74.3, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /2006 оны/ 16 дугаар зүйлийн 16.1, 16.1.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Б ХХК-иас Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Л.Э, А.Ө нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж татварын улсын байцаагчийн 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн № 350017416 тоот актыг бүхэлд нь хүчингүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хэргийн оролцогчид, түүний төлөөлөгч, өмгөөлөгч мөн хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дах хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор тус шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд ийнхүү аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ Н.ДУЛАМСҮРЭН
ШҮҮГЧ Н.ОЮУМАА