Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 409

 

“Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Атарцэцэг даргалж, шүүгч Г.Банзрагч, Б.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга А.Батдэлгэр, нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.Е, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, хариуцагч А.Ө, Л.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Д нарыг оролцуулан хийж, “Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Л.Э, А.Ө нарт холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 249 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 221/МА2017/0414 дүгээр магадлалтай захиргааны хэргийг нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан гомдлоор, шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 249 дүгээр шийдвэрээр: Татварын ерөнхий хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1, 74 дугаар зүйлийн 74.1, 74.3, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /2006 оны/ 16 дугаар зүйлийн 16.1, 16.1.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч “Б” ХХК-аас Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Л.Э, А.Ө нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, татварын улсын байцаагчийн 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 350017416 тоот актыг бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 221/МА2017/0414 дүгээр магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 249 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч “Б” ХХК-ийн захирал Т.Е, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Давж заалдах шатны шүүх ИХШХШТХ-ийн 123 дугаар зүйлийн 123.2.1, 123.2.2-т заасан заалтуудыг зөрчсөнийг дараах баримтуудаар нотолж байна. Үүнд:

1. Захиргааны хэргийн шүүх хэдийгээр хэргийн нотлох баримтыг бүрдүүлэх үүрэгтэй боловч Татварын ерөнхий хууль, НӨАТ-ын хууль болон Татварын ерөнхий газраас баталсан дүрэм журмаар ногдуулсан татварын байцаагчийн гүйцэтгэх чиг үүргийг түүний өмнөөс орлон гүйцэтгэх үүрэггүй бөгөөд давж заалдах шатны шүүхээс хариуцагч болон шүүхийн гүйцэтгэвэл зохих үүргийн ялгаа заагийг харгалзалгүй өөрөөр хэлбэл татварын байцаагчийн гүйцэтгэсэн байх ёстой үүргийг анхан шатны шүүхээр гүйцэтгүүлэхээр шийдвэрлэсэн нь холбогдох хуулиудыг зөрчсөн байна. Тухайлбал:

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 327 дугаар тогтоолд “104 аж ахуйн нэгжийг тухайн хэрэгт холбогдуулан шалгаж гэм буруутай эсэхийг тогтоосны үндсэн дээр хэргийг эцэслэн шийдвэрлэх шаардлагатай боловч мөрдөн байцаалтаар яллагдагчаар татагдвал зохих этгээд тогтоогдоогүйг үндэслэн хэргийг түдгэлзүүлсэн, Мөрдөн байцаах газраас... оны ...сарын ...-ны өдрийн тоот албан бичгээр чиг үүргийн хувьд нь холбогдогчид нь татварын хууль зөрчсөн гэм буруутай эсэхийг шалгуулахаар ТЕГ-т шилжүүлсэн, Татварын ерөнхий газраас 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 7/3353 дугаартай албан бичгээр татвар төлөгчийн татвар ногдуулалт төлөлтийн байдалд хэсэгчилсэн болон иж бүрэн шалгалтыг яаралтай хийж ирүүлэхийг үүргийг өгсөн байна. Гэтэл байцаагч нар нь манай компанид ямар нэгэн шалгалтыг хийгээгүй, Татварын газраас олгосон дугаартай, жинхэнэ эх хувиараа байгаа манай зарлагын падааныг ч үзэлгүй “...хуурамч НӨАТ-ын падаан ашиглаж НӨАТ төлөх орлогыг бууруулсан” гэж худал бичиж 18777.357 төгрөгийг төлүүлэх акт бичсэн.

Баянзүрх дүүргийн Татварын хэлтсээс “А” ХХК нь “Б” ХХК-ийн худалдан авалтыг тусгаж ажил үйлчилгээний орлого, НӨАТ-ын татвараа ногдуулж тайлагнасныг Татварын ерөнхий газрын цахим системээс авч падааны хуулбарыг 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 20-5/328 дугаар албан бичгээр шүүхэд ирүүлсэн байх тул татвар төлөх үүргийг манай компанид давхардуулан ногдуулсан акт мөн л хууль бус болохыг баталж байхад шүүх эдгээр баримтыг үнэлээгүй байна. Уг ажлын хөлсөнд газар ухах механизм, шороо зөөх хүнд даацын автомашин, гэрэлтүүлэг асаах дизель хөдөлгүүр зэргийг ашиглаж байснаа, мөн тэдгээрийг ажиллуулахад түлш шатахуун их хэмжээгээр зарцуулсныг ажлын гүйцэтгэлийн тайландаа бичсэн баримт хэрэгт авагдсан бөгөөд компаниуд машин техникийг түрээслэн ашиглахыг ямар нэгэн хуулиар хориглоогүй тул эдгээр зардлын нэрээр ажлын өртөг, ашгаа нэхэмжилснийг шууд буруутгах үндэсгүй юм. Энэ нь татварын байцаагч нар Татварын ерөнхий хууль, Татварын ерөнхий газрын даргын 2014 оны А/102 дугаар тушаалаар батлагдсан акт бичих журам, татварын шалгалт хийх журам болон Захиргааны ерөнхий хуулийн захиргааны акт нь бодит байдалд нийцсэн үндэслэл бүхий байх шаардлагуудыг зөрчсөн болохыг баталж байна.

2. Түүнчлэн байцаагч нар бичсэн актынхаа хууль ёсны болохыг батлах ямар ч нотлох баримт шүүхэд гаргаж өгөөгүй, шүүх тэдгээрийн ямар ч баримтаар нотлоогүй худал тайлбарыг үндэслэн “А” ХХК-ийн бичсэн 0012295384 дугаар падааны үг үсгийн зөрүүг манай компанийн үйлдсэн баримт мэтээр ойлгож манай компанийг бусдаас машин түрээсэлж ашигласан байх боломжтой гэж хардаж шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй байна.

3. Мөн магадлалд Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын прокурорын 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 1441 дүгээр тогтоолоос үзэхэд Ц.Ч, Э.Э нар нь бүлэглэн “Ш” ХХК-ийн нэрээр 104 аж ахуйн нэгжид 183 ширхэг, НӨАТ-ын падаанаар 17.205.917,7 мянган төгрөгийн худалдан авалт хийсэн гэж, “А” ХХК-ийн нэрээр 65 компанид 98 ширхэг падаанаар НӨАТ-ын падаанаар 10.260.520.897 төгрөгийн хий бичилт хийсэн, “Хээр талын салхи” ХХК-ийн нэрээр 73 компанид 11.994.311.773 төгрөгийн хий бичилт хийж дундаас нь хувь тооцон авсан нь тогтоогджээ. Дээрх компаниудын нэг нь “Б” ХХК байна.” гэж бичсэн нь гэм буруу нь бүрэн нотлогдоогүй учир хэрэгсэхгүй болгосон хэргийн ганц баримтыг бусад нотлох баримтаас дээгүүрт үнэлж, уг баримтад “Б” ХХК-тай үгсэн хуйвалдаж аль аль нь хуурамч баримт үйлдэж татвараас зайлсхийсэн гэх ямар нэгэн нотолгоо гаргаагүй байхад түүний агуулгад үндэслэлгүй дүгнэлт хийснийг харуулж байна.

4. Хавтаст хэрэгт авагдсан бодитоор хийгдсэн ажлыг нотлох Сангийн яамнаас хянаж баталгаажуулсан тайлангийн баримтууд, өмнөх анхан шатны шүүхээс “А” ХХК-ийн лавлагааг Оюуны өмч улсын бүртгэлийн газраас гаргуулж авсан, тухайн баримтад Ц.Ч нь уг компанийн захирлаар ажилладаг тухай бүртгэгдсэн, “А” ХХК-ийн хийсэн ажлын гүйцэтгэлийн хэмжилтийг манай хариуцсан ажилтнууд хийж, үнэлгээг нь бодсон, гүйцэтгэсэн ажлын тайлангаа албан бичгээр тайлагнасан баримтууд хэргийн материалд авагдсан, мөн компани борлуулсан ажил үйлчилгээгээ Баянзүрх дүүргийн Татварын хэлтэст тайлагнасан тухай лавлагаа авагдсан байтал эдгээр баримтуудыг үнэлээгүй байна. Харин анхан шатны шүүхийг бодитой худалдан авалт хийснийг тогтоогоогүй байна гэж буруутгажээ.

5. Давж заалдах шатны шүүх ИХШХШТХ-ийн 7 дугаар зүйлийн 7.1-д “хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй”, мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ”, 32.2-т “Захиргааны хэргийн шүүх хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг байгууллага, албан тушаалтан, хүнээс хүнээс гаргаж өгөхийг шаардах эрхтэй” гэж заасан хуулийн заалтыг хэрэглэлгүй, нэг талыг хэт буруутгах зорилго агуулсан мэт ойлгогдохоор хэргийг шийдвэрлэсэн байна.

Магадлалд “Нэхэмжлэгчээс “А” ХХК-тай барилгын суурийн нүх ухах, тээвэрлэх ажлыг хийж гүйцэтгэхээр гэрээ байгуулж, ажлын төлбөрт 124.993.000 төгрөгийг өгсөн, мөн шатахуун авч өгсөн баримт байгаа гэж тайлбарлаж байх бөгөөд НӨАТ-ын падаанд гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлын нэрийг бичээгүй “Барилгын машин түрээс, Түлш” гэж тусгаснаас үзвэл “Б” ХХК-ийн төлбөр нь ажил гүйцэтгэсэн төлбөр үү эсвэл өөрсдөө машин түрээслээд түүндээ зарцуулсан шатахууны төлбөр алин болохыг шалгах шаардлагатай байна.

Мөн нэхэмжлэгч “шороо зөөсөн орсон гарсан бүртгэл байгаа” гэж тайлбарлаж байна. Иймд, тухайн өдрүүдэд шороо зөөсөн машины дугаар номерийг шалган тогтоож, дээрх автомашины эзэмшигчид “Б” ХХК-ийн эсхүл “А” ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ, хэлцэл байгаа эсэх, төлбөрөө хэнээс авсан болохыг тодруулах, Ц.Ч-ыг гэрчээр асуух, “А” ХХК ямар нэгэн ажиллагаа явуулдаг эсэх, нийгмийн даатгалын шимтгэл төлдөг эсэхийг тодруулах шаардлагатай байна” гэж зааж, хэргийн гол маргааныг шийдвэрлэхэд хамааралтай бус, үндэслэлтэй, зорилгодоо нийцсэн шийдвэр гаргахад ач холбогдолгүй, үйл явдал олон жилийн өмнө болсноос нөхөн шалгах боломжгүй зарим баримт нотолгоонуудыг бүрдүүлэхийг шаардсан байна. Ийнхүү шүүхийн шийдвэр, магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангахгүй байх тул ИХШХШТХ-ийн 127 дугаар зүйлийн 127.2.5-д зааснаар дээрх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн шүүх хурлын 221/МА2016/0710 дугаартай магадлалын заалтуудыг бүхэлд нь хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр баталж өгөхийг хүсье гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлал Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4-д заасантай нийцсэн байна.

Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 350017416 дугаар актаар нэхэмжлэгчийг “А” ХХК-аас 2012 оны 9 дүгээр сарын 30-нд нэмэгдсэн өртгийн албан татварын 12295384 дүгээр падаанаар 113,630,000.00 төгрөгийн ажил үйлчилгээ худалдан авсан мэтээр хасалт хийж, татвар ногдуулах орлого нуусан гэх зөрчилд 11,363,000.00 төгрөгийн нөхөн татвар, 3,408,900.00 төгрөгийн торгууль, 4,005,457.00 төгрөгийн алданги, нийт 18,772,017.00 төгрөгийн төлбөр төлүүлэхээр тогтоожээ.

Нэхэмжлэгч “Б” ХХК нь дээрх 350017416 тоот актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, “манай компанийг хуурамч падаан авсан, хоёр компанийн хооронд ажил үйлчилгээ гүйцэтгээгүй, бараа материал худалдагдаагүй, хасагдахгүй орлогоос төлөх татварыг хассан гэж буруутган үндэслэлгүй акт тогтоосон, бусдын НӨАТ-ын тайлангаараа хийж гүйцэтгэсэн ажлын хөлсөө тайлагнаагүй буруутай үйл ажиллагааны улмаас манай компани хариуцлага хүлээх үндэслэлгүй” гэж маргасан байна. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ”, 34 дүгээр зүйлийн 34.2-т “нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж тус тус заажээ.

            Давж заалдах шатны шүүхийн “анхан шатны шүүх Улсын Дээд шүүхийн тогтоолд заасан ажиллагааг хийгээгүй, бодитой худалдан авалт хийснийг тогтоогоогүй” гэж дүгнэн, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн нь үндэстэй байна.

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 12 дугаар тогтоолоор “татвар төлөгч “Б” ХХК-ийн Баянзүрх дүүргийн Татварын хэлтэст гаргасан 2012 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 01/12 тоот албан бичигт дурдсан хүсэлт нь ямар агуулгатай, татварын байгууллага хүсэлтэд ямар хариу өгсөн, хүсэлтийн дагуу хяналт шалгалтын ажил хийсэн эсэхийг тодруулах, мөн гэрээ байгуулж, ажил гүйцэтгэж, төлбөр хүлээн авсан гэх Ц.Ч нь “А” ХХК-тай ямар хамааралтай болох талаар нотлох баримт цуглуулж, дүгнэлт хийх нь “Б” ХХК нь “А” ХХК-аас бараа ажил, үйлчилгээ худалдан авсан эсэх, төлбөр төлсөн эсэх үйл баримттай холбоотой захиргааны актын “үндэслэлтэй эсэх”-ийг шүүхээс тогтооход ач холбогдолтой талаар, мөн хариуцагч татварын улсын байцаагч нар татварын хяналт шалгалтыг хэрхэн хийж гүйцэтгэсэн, санхүүгийн баримт, материалуудыг шалгасан эсэхийг тогтоож дүгнэхгүйгээр “...гүйлгээний утгыг ...баримтуудад зөрүүтэй тэмдэглэсэн” гэх үндэслэлээр хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэж дүгнэсэн.

Анхан шатны шүүх хэргийг дахин шийдвэрлэхдээ хяналтын шатны шүүхийн тогтоолд дурдсан ажиллагааг бүрэн гүйцэт хийгээгүй атлаа “нэхэмжлэгчийг татварт ногдох орлого, орлогоос бусад зүйлийг нуусан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй” гэж дүгнэн, маргаан бүхий 350017416 тоот актыг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь учир дутагдалтай байна.

Маргааны үндэслэл болсон “А” ХХК-ийн 2012 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 12295384 дүгээр падаанд “барилгын машины түрээс, түлш”, зарлагын баримтад “машины түрээс /экс/, түлш шатахуун”, 2012 оны 9 дүгээр сарын 24-ний орлогын тасалбарт “машин механизм, түлш шатахуун түрээс” гэж тус тус бичсэн байхад “Б” ХХК-ийн бэлэн мөнгөний зарлагын баримтад суурийн ажил, тээвэр болон түлшний зардалд 124.999.000 төгрөг төлсөн гэж тусгажээ.

Нэхэмжлэгч “Б” ХХК-ийн 2012 оны 8 дугаар сарын 26-ны өдөр “А” ХХК-тай байгуулсан Ажил гүйцэтгэлийн гэрээнд “барилгын суурийн нүх ухах, тээвэрлэх” ажлуудыг хийж гүйцэтгэхээр тохиролцсон байх бөгөөд нэхэмжлэгчээс  ажлын хөлсөнд гэж бэлнээр 124.999.000 төгрөг төлснийг ямар ажил хийж гүйцэтгэсний төлбөрт төлсөн болохыг шалгаж тогтоох шаардлагатай. Түүнчлэн “А” ХХК-ийн захирал Ц.Ч болохыг тодорхойлсон хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа хэрэгт авагдсан хэдий ч тухайн компани нь ямар үйл ажиллагаа явуулдаг болох нь тодорхойгүй, шүүхээс Ц.Ч-ыг гэрчээр асууж, захиргааны акттай холбоотой баримтыг цуглуулах нь хэргийн нөхцөл байдлыг тодруулах, захиргааны актын үндэслэлд дүгнэлт өгөхөд ач холбогдолтой байна.

Иймд анхан шатны шүүх тогтоол, магадлалд заасан ажиллагааг бүрэн хэрэгжүүлж, хэргийн оролцогчдын маргаж буй үндэслэлд хууль зүйн дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх шаардлагатай байна.

Дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын  журмаар  гаргасан  гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 221/МА2017/0414 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын  журмаар  гаргасан  гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

                                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Л.АТАРЦЭЦЭГ

                                 ШҮҮГЧ                                                           Б.МӨНХТУЯА