Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 221/МА2017/0414

 

“Булбул” ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Халиунбаяр даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, шүүгч Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Батзориг, нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.Елемес, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мягмарсүрэн, хариуцагч А.Өнөрмаа, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Дуламсүрэн нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 249 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, “Булбул” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Л.Энхтуяа, А.Өнөрмаа нарт холбогдох захиргааны хэргийг, шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд, 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 249 дүгээр шийдвэрээр: Татварын ерөнхий хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1, 74 дугаар зүйлийн 74.1, 74.3, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /2006 оны/ 16 дугаар зүйлийн 16.1, 16.1.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч “Булбул” ХХК-иас Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Л.Энхтуяа, А.Өнөрмаа нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, татварын улсын байцаагчийн 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 350017416 тоот актыг бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Дуламсүрэн давж заалдах гомдолдоо: ““Булбул” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нарт холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцээд 2017 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 249 дүгээр шийдвэр гарсантай холбогдуулан дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

1. Татварын ерөнхий хуулийн 74 дүээр зүйлд заасан хариуцлага хүлээлгэх татвар ногдох орлого, орлогоос бусад зүйлээ нуух гэсэн санаа зорилго агуулаагүй байгаа талаар шийдвэрт дурджээ. Гэтэл тус хуулийн хариуцлагын заалт нь хэрэв санаатайгаар татвар ногдох орлого, эд зүйлээ нуусан бол эрүүгийн хариуцлага хүлээлгэж, санамсаргүй болгоомжгүйгээр нуусан тохиолдолд захиргааны хариуцлага хүлээлгэхээр зохицуулсан. Татварын алба нь “Булбул” XXК-г санаатай татвар ногдох орлогыг бууруулсан гэж үзээгүй бөгөөд нотлох баримтын хүрээнд энэ нь нотлогдож байна. Иймд эрүүгийн бус захиргааны хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байтал шүүх хуулийг буруу ойлгон зөвхөн санаатай тохиолдолд хариуцлага хүлээлгэх боломжгүй тохиолдолд хариуцлага хүлээлгэхээргүй мэтээр тайлбарласан нь үндэслэлгүй байна.

2. Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 1441 дүгээр тогтоолоор “Алтанганьт” ХХК-ийн захирал Ц.Чинбатад үүсгэсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон. Уг тогтоол Ц.Чинбат нь нэр бүхий 54 компанид хий бичилттэй падаан бичиж өгсөн гэж дурдсан боловч тус компаниудын нэрийг дурдаагүй байна. Тухайн нэрсийн жагсаалтад “Булбул” XXK байгаа эсэхийг тогтоосны үндсэн дээр хий бичилттэй падаан авсан эсэхийг шийдвэрлэх ёстой юм. Учир нь тухайн компанийг ажил үйлчилгээ хийгээгүй гэж буруутгаагүй бөгөөд гагцхүү тухайн падаанаар авсан ажил үйлчилгээ нь “Алтанганьт” ХХК-тай хийсэн ижил үйлчилгээ биш гэж үзэж татварын улсын байцаагчийн акт үйлдсэн болно. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.4-д “шүүх шаардлагатай нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн, эсхүл хуулийн шаардлага хангаагүй болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдээгүй нотлох баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон” гэж заасны дагуу шаардлагатай нотлох баримтыг гаргуулан авалгүйгээр хэргийг шийдсэн байна.

Иймд  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4-д заасны дагуу 2017 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 249 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хянуулахаар буцааж өгнө” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч “Булбул” ХХК нь “Татварын улсын байцаагчийн 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 350017416 дугаартай актыг бүхэлд нь хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ” гэж заасан. Анхан шатны шүүх хуульд заасан үүргээ хэрэгжүүлэлгүй, хэрэгт ач холбогдолтой нотлох баримтуудыг цуглуулахгүйгээр хэргийг эцэслэн шийдвэрлэсэн байна гэж давж заалдах шатны шүүх үзэв.

Учир нь энэ хэргийг Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 12 дугаар тогтоолоор хянаад анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан байна.

Ингэхдээ “...нэхэмжлэгчээс 2012 оны 08 дугаар сарын 26-ны өдөр “Булбул” ХХК, “Алтан ганьт” ХХК-ийн хооронд байгуулсан Ажил гүйцэтгэх гэрээ, Барилгын ажил гүйцэтгэсэн тухай тодорхойлолтыг шүүхэд ирүүлсэн, эдгээр баримт болон хэрэгт авагдсан бусад санхүүгийн зарим баримтад “Алтан ганьт” ХХК-ийг төлөөлж “захирал Чинбат” гэх гарын үсэг зурсан, Ц.Чинбат гэх хүнд холбогдуулж эрүүгийн хэрэг үүсгэсэн, мөрдөн байцаалтыг түдгэлзүүлсэн материалууд хэрэгт авагдсан, нэхэмжлэгчээс “... манай компани “Алтан ганьт” ХХК-тай гэрээ байгуулж, .../бараа, ажил үйлчилгээ/ худалдан авсан” гэж, хариуцагчаас “... худалдан авсан мэтээр баримт бүрдүүлсэн, ... хий бичилттэй падаан /бусдаас/ худалдан авсан” гэж маргасан, энэ тохиолдолд, гэрээ байгуулж, ажил гүйцэтгэж, төлбөр хүлээн авсан гэх Чинбат нь “Алтан ганьт” ХХК-тай ямар хамааралтай болох талаар нотлох баримт цуглуулж, дүгнэлт хийх нь “Бул бул” ХХК нь “Алтан ганьт” ХХК-иас бараа ажил, үйлчилгээ худалдан авсан эсэх, төлбөр төлсөн эсэх үйл баримттай холбоотой захиргааны актын “үндэслэлтэй эсэх”-ийг шүүхээс тогтооход ач холбогдолтой байна” гэж дүгнэжээ.

Гэтэл анхан шатны шүүх Улсын Дээд шүүхийн тогтоолд заасан ажиллагааг хийгээгүй, бодитой худалдан авалт хийснийг тогтоогоогүй байна.

Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын прокурорын 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 1441 дүгээр тогтоол[1]-оос үзэхэд Ц.Чинбат, Э.Эрхэмхүү нар нь бүлэглэн “Шагайвар” ХХК-ийн нэрээр 104 аж ахуйн нэгжид 183 ширхэг НӨАТ-ын падаанаар 17,205,917.7 мянган төгрөгийн худалдан авалт хийсэн гэж, “Алтанганьт” ХХК-ийн нэрээр 65 компанид 98 ширхэг НӨАТ-ын падаанаар 10,160,520.897 төгрөгийн хий бичилт хийсэн, “Хээр талын салхи” ХХК-ийн нэрээр 73 компанид 11,944,311.773 төгрөгийн хий бичилт хийж, дундаас нь хувь тооцон авсан нь тогтоогджээ. Дээрх компаниудын нэг нь “Булбул” ХХК байна.

Нэхэмжлэгчээс “Алтан ганьт” ХХК-тай барилгын суурийн нүх ухах, тээвэрлэх ажлыг хийж гүйцэтгэхээр гэрээ байгуулж, ажлын төлбөрт 124,993.000 төгрөгийг өгсөн, мөн шатахуун авч өгсөн баримт байгаа гэж тайлбарлаж байх бөгөөд НӨАТ-ын падаанд гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлын нэрийг бичээгүй, “Барилгын машин түрээс, Түлш” гэж тусгаснаас үзвэл “Булбул” ХХК-ийн төлбөр нь ажил гүйцэтгэсэн төлбөр үү эсвэл өөрсдөө машин түрээслээд түүндээ зарцуулсан шатахууны төлбөр аль нь болохыг шалгах шаардлагатай байна.

Мөн нэхэмжлэгч “шороо зөөсөн машины орсон гарсан бүртгэл байгаа” гэж тайлбарлаж байна. Иймд тухайн өдрүүдэд шороо зөөсөн машины дугаар, номерыг шалган тогтоож, дээрх автомашин эзэмшигчид “Булбул” ХХК эсхүл “Алтан ганьт” ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ, хэлцэл байгаа эсэх, төлбөрөө хэнээс авсан болохыг тодруулах, Ц.Чинбатыг гэрчээр асуух, “Алтан ганьт” ХХК нь ямар нэг үйл ажиллагаа явуулдаг эсэх, нийгмийн даатгалын шимтгэл төлдөг эсэхийг тодруулах шаардлагатай байна.

Түүнчлэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар болон хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд “Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын прокурорын 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 1441 дүгээр тогтоолд дурдсан “Алтан ганьт” ХХК-тай холбоотой нэр бүхий 65 компани нь ямар компани байсан нь тодорхойгүй байна.

Иймд дээрх нотлох баримтуудыг цуглуулах нь хэргийг нэг мөр, эргэлзээгүй, үнэн зөв хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаав.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 249 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

ШҮҮГЧ                                               Э.ХАЛИУНБАЯР

ШҮҮГЧ                                               Б.ТУНГАЛАГСАЙХАН

ШҮҮГЧ                                               Э.ЗОРИГТБААТАР