Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 337

 

“Бб” ХХК-ийн нэхэмжлэлтэй, ЧД-ийн

ТХ ТУБ Л.Э, А.Ө нарт холбогдох

захиргааны хэргийн тухай

      Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

       Даргалагч:                     Танхимын тэргүүн М.Батсуурь

       Шүүгчид:                        Б.Мөнхтуяа

                                              П.Соёл-Эрдэнэ

                                              Ч.Тунгалаг

       Илтгэгч шүүгч:              Г.Банзрагч

       Нарийн бичгийн дарга:  Ч.Уранбилэг,

Нэхэмжлэлийн шаардлага: “Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 350017416 дугаартай актыг бүхэлд нь хүчингүй болгуулах”

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 128/ШШ2019/0317 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 221/МА2019/0400 дугаар магадлал,

Шүүх хуралдаанд оролцогч: нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.Е, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М,  хариуцагч Л.Э, А.Ө, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц нарыг оролцуулж,

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

       Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 128/ШШ2019/0317 дугаар шийдвэрээр: Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.3, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Бб” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 350017416 дугаартай акт хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож шийдвэрлэсэн.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 221/МА2019/0400 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 128/ШШ2019/0317 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Татварын ерөнхий хуулийн” гэсний дараа“(2008 оны)”, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн” гэсний дараа (2006 оны) гэж тус тус нэмж өөрчлөн, шүүхийн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.

Хяналтын журмаар гаргасан гомдол

3. “Бб” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Чингэлтэй дүүргийн Татварын улсын байцаагч Л.Э, А.Ө нарт холбогдох захиргааны хэргийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хянан хэлэлцээд гаргасан 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 221/МА2019/0400 дугаартай магадлалын дараах үндэслэлүүдэд гомдол гаргаж байна. Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч нарын үйлдсэн 2014 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 24/0000226 дүгнэлтийн нэмэлт хавсралтад “Аг” ХХК-ийн хуурамчаар бичиж худалдсан НӨАТ-ын падааны тооцоо хүснэгтийн 19 дэх мөрөнд 2012 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 12295384 дугаартай падаанаар “Бб” ХХК-д 124,993,000.00 төгрөгийн хий бичилт хийсэн тухай тэмдэглэсэн.

4. Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 1441 тоот Прокурорын тогтоолоор эрүүгийн 201301000498 дугаартай хэргийг шалгаж Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тогтоолтой хэрэгт “Бб” ХХК-ийг хамруулсан тухай албан бичгийг Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 2/1227 тоотоор ирүүлсэн. Тогтоолд ‘‘Ц-ийн Ч, Э-ийн Э нар нь бүлэглэн “Аг" ХХК-ийг байгуулан Баянзүрх дүүргийн татварын хэлтсээс компанийн нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг авч нийт 65 компанид,  98 ширхэг НӨАТ-ын падаанаар 10,160,520.897 төгрөгийн хий бичилт хийж, дундаас  нь хувь тооцон авсныг тогтоож, яллагдагч Ц.Ч, Э.Э нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн тул өршөөлд хамруулсан байна”.

5. Мөн “Бб” ХХК-ийн захирал нь хяналт шалгалтын явцад ТУБ-тай хийсэн ярилцлага дээр “Аг” ХХК-д эргэлзэж байгаагаа илэрхийлсэн байдаг. Тус компанийн захирлыг ямар хүн байдгийг мэдэхгүй гэсэн ярилцлага өгч байсан.

Иймд “Аг” ХХК нь бодитойгоор ажил үйлчилгээ хийгээгүй, бусдаас мөнгө авч НӨАТ-ын падаан бичсэн нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр нотлогдсоор байтал шүүх “Бб” ХХК-ийг барилгын ажил гүйцэтгүүлсэн, үгүй дээр дүгнэлт хийж байгаа нь буруу. Татвар төлөгчийн бүрдүүлсэн анхан шатны баримтад Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн /2001 он/ 7 дугаар зүйлийн 7.5-д "Анхан шатны баримтын бүрдэлт, үнэн зөвийг түүнийг үйлдсэн, зөвшөөрсөн буюу шалгасан ажилтан гарын үсэг зурж, тамга, тэмдэг дарснаар уг баримт хүчин төгөлдөр болно" гэх шаардлага тавигддаг.

6. Прокурорын тогтоолоор “Аг” ХХК нь үйл ажиллагаа явуулаагүй, үнийн дүнгээс хувь авч НӨАТ-ын падааныг тараасан болохыг тогтоосон тул “Бб” ХХК-ийн 124.993.000.00 төгрөгийн барилгын суурь ухах ажлыг гүйцэтгүүлсэн гэх баримтыг анхан шатны баримт гэж үнэлэх боломжгүй. Тийм учраас НӨАТ-ын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-д “Худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэхэмжлэл, падаан болон нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасч тооцохгүй” гэж заасны дагуу нэхэмжлэгч анхан шатны баримтын шаардлага хангасан баримтгүйгээр НӨАТ-ын худалдан авалтаас хасалт хийх үндэслэлгүй, анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг буруу хэрэглэж хэргийг шийдвэрлэсэн байна. Иймд Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 128/ШШ2019/0317 дугаар шийдвэр, 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 221/МА2019/0400 дугаар магадлалыг хүчингүй болгон, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

7. Анхан шатны шүүхийн шийдвэрт хэрэглэсэн хуулийг тодруулсан өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.

8. Шүүхүүд хэргийн үйл баримтыг зөв дүгнэж, нэхэмжлэлийг бүхэлд хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

9. Тодруулбал, маргаан бүхий акт болох татварын улсын байцаагчийн 2015 оны 350017416 дугаар актаар нэхэмжлэгч “Бб” ХХК-д “...”Аг” ХХК-ийн 2012 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр бичсэн 12295384 тоот нэмэгдсэн өртгийн албан татварын падааны 113,630,000.00 төгрөгийн бараа борлуулсан мэтээр бичсэн боловч Цагдаагийн ерөнхий газрын зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын мөрдөн байцаах газар шалган дээрх ажил гүйлгээ хийгдээгүй гэж тогтоосон байна. Энэ нь Монгол Улсын Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1..., мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3. “Худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэхэмжлэл, падаан болон нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасч тооцохгүй” гэснийг зөрчсөнийг тэмдэглээд Монгол Улсын Татварын ерөнхий хуулийн 29, 33, 34 дүгээр зүйлийг үндэслэн...” нийт 18,777,357 төгрөгийн төлбөр ногдуулжээ.

10. Гэвч энэхүү маргаан бүхий актын хууль зүйн болон бодит үндэслэл нь дараах байдлаар үгүйсгэгдэж байна. Тухайлбал, Цагдаагийн ерөнхий газрын зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын 2014 оны 10/2-1762 тоот албан бичгээр “Аг” ХХК-иас худалдан авалт хийсэн мэтээр татварын тайлан гаргасан эсэх асуудалд хэсэгчилсэн шалгалт хийж холбогдох акт дүгнэлт гаргуулан хариу ирүүлэх”-ийг мэдэгдсэнээс үзвэл “Цагдаагийн ерөнхий газрын зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын мөрдөн байцаах газар шалган дээрх ажил гүйлгээ хийгдээгүй гэж тогтоосон” гэх үйл баримт тогтоогдохгүй байна.

11. Хэдийгээр Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн ‘‘Ц-ийн Ч, Э-ийн Э нар нь бүлэглэн “Аг” ХХК-ийг байгуулан ... хий бичилт хийж, дундаас  нь хувь тооцон авсныг тогтоож, яллагдагч нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн тул өршөөлд хамруулсан” гэсэн 1441 тоот “Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох” тухай тогтоол, мөн энэ хэрэгт “Бб” ХХК хамрагдсан тухай Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын 2017 оны 2/1227 албан бичиг хэрэгт авагдсан байх боловч эдгээр баримтууд нь “Аг” ХХК болон нэхэмжлэгч “Бб” ХХК-ийн хооронд маргаан бүхий НӨАТ-ын падаан дээр бичигдсэн ажил гүйлгээ огт хийгдээгүй гэдгийг шууд нотолсон гэж үзэх боломжгүй /тухайлбал, уг хэргийг мөрдөн шалгах явцад “Бб” ХХК-ийн захирал юм уу бусад эрх бүхий этгээдээс гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн үйл баримт байхгүй/, хэрэгт авагдсан бусад баримтуудаар хоёр компанийн хооронд байгуулагдсан гэрээний дагуу барилгын суурийн нүх ухах, тээвэрлэх ажил хийгдсэн гэж үзэх үндэслэлтэй талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байх тул уг тогтоолын Тодорхойлох хэсгийн 3-5-д заасан хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй.

12. Мөн нэхэмжлэгч “Бб” ХХК болон “Аг” ХХК-ийн хооронд 2012 оны 06 дугаар сарын 26-ны өдөр байгуулагдсан “Ажил гүйцэтгэх гэрээ”-нд “барилгын суурийн нүх ухах, тээвэрлэх, ажлуудыг гүйцэтгэх”-ээр заасан, уг ажлыг гүйцэтгэснийг нотлох анхан шатны санхүүгийн баримт болох нэхэмжлэгчийн бэлэн мөнгөний зарлагын баримтад “суурийн ажил, тээвэр болон түлшний зардал” гэж, “Аг” ХХК-ийн орлогын баримтад “машин механизм, түлш шатахуун түрээс”, бэлэн мөнгөний зарлагын баримтад “барилгын машин түрээс, түлш шатахуун” гэж, нэмэгдсэн өртгийн албан татварын падаанд “Барилгын машин түрээс, түлш” гэж ажил, үйлчилгээний нэр зөрүүтэй бичигдсэн байх боловч санхүүгийн баримтууд дахь үнийн дүнгүүд хоорондоо болон гэрээнд заагдсан үнийн дүнтэй таарч байгаа, уг худалдан авалтыг “Аг” ХХК нь тайлагнасан зэргээс үзвэл гэрээнд заагдсан ажлыг огт хийгээгүй гэж үзэх боломжгүй, өөрөөр хэлбэл, хийгдээгүй гэдгийг нотлох баримт хангалтгүй тул нэхэмжлэгч нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т заасан “Худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэхэмжлэл, падаан болон нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасч тооцохгүй” гэснийг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй, иймд тогтоолын Тодорхойлох хэсгийн 6-д заасан хяналтын гомдлыг хангах боломжгүй.

13. Дээр дурдсан үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангалгүй орхиж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээхээр тогтов.   

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 221/МА2019/0400 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

                       ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

                        ШҮҮГЧ                                                                  Г.БАНЗРАГЧ