Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 102/ШШ2019/02491

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг   өөрийн байр Гбанк ХХК 

Хариуцагч Баянгол дүүрэг   Э Э АХХК 

Хариуцагч Баянгол дүүрэг   Н ТХХК /

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Хан-Уул дүүрэг Д Э

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 190,444,300.37 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болон барьцаат батлан даалтын гэрээнд заасан хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Б

хариуцагчийн төлөөлөгч Г.Ж, Б.Б

гуравдагч этгээд Д.Э

гуравдагч этгээдийн өмгөөлөгч О.М

нарийн бичгийн дарга Т.Тэмүүлэн нар оролцов.

Нэхэмжлэлийг 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авав.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Гбанк ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Тус шүүхэд Гбанкаас 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдөр ЗГ/8125000746 тоот зээлийн гэрээг шүүхийн журмаар хугацаанаас нь өмнөх цуцлуулах, уг гэрээний төлбөрт 170,688,376.51 төгрөгийг Э Э АХХК-иас гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг Н ТХХК-ийн өмчлөлийн барьцаа хөрөнгөөр хангуулах шаардалага бүхий нэхэмжлэл гаргасан билээ. Уг хэрэг маргаан нэхэмжлэгчээс үл хамаарах шалтгаанаар шийдвэрлэгдэхгүй удааширч одоог хүртэл шүүхийн шийдвэр гараагүй бөгөөд энэ хугацаанд зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөнөөр Гбанк-ны эрх ашиг хохирч байгаа билээ. Уг зээлийн эх үүсвэр нь улсын төсвийн мөнгөн хөрөнгө бөгөөд Гбанк зээлдэгчийн авсан зээлийг Сангийн яаманд хүүгийн хамт буцаан төлж байгаа болно. ЗГ/8125000746 тоот Зээлийн гэрээний хугацаа нь 2019 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр дууссан тул Зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах шаардлагаас татгалзаж байна. Тиймээс Иргэний хуулийн 453, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйл, ЗГ/8125000746 тоот зээлийн гэрээний 2.4-т заасныг тус тус үндэслэнэ нэхэмжлэл гаргасан өдрөөё хойш өнөөдрийг хүртэл бодогдсон хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 19,755,923.86 төгрөгийг нэхэмжлэлийн дүнг нэмэгдүүлж байгаа болно. Өнөөдрийн байдлаар гэрээний дагуу тооцсон зээлийн үлдэгдэл дараах байдалтай байна. Үндсэн зээлийн өр 168,347,504.13 төгрөг, хүүний өр 19,077,937.81 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,280,896.77 төгрөг, нийт өр 190,444,300.37 төгрөг байна. Дээрх дурьдсан дагуу Гбанк ХХК нь Э Э АХХК-тай байгуулсан ЗГ/8125000746 тоот зээлийн гэрээний зээл болон хүүгийн төлбөрийн үлдэгдэл нийт 190,444,300.37 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Иймд ЗГ/8125000746 тоот Зээлийн гэрээний үүрэгт нийт 190,444,300.37 төгрөгийг Э Э АХХК-иас гаргуулж, Гбанкинд олгож өгнө үү. Э Э АХХК-ийн ЗГ/8125000746 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг БД/8125000746 тоот барьцаат батлан даалтын гэрээ болон БД/8125000746 тоот барьцааны гэрээнд заасан барьцаа хөрөнгүүдээс хангуулж өгнө үү.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э Э АХХК нь Гбанктай 2009 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр ЗГ8125000746 тоот дунд хугацааны зээлийн гэрээг байгуулсан. Тухайн зээлийн хугацаа нь 10 жилийн буюу 120 сарын хугацаатай. Энэ хугацаа нь 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр дуусгавар болсон. 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн Гбанкны нэмж тооцоолсон тооцооллын дагуу зээл, хүүгийн үлдэгдэл 190,444,300 төгрөг төлөгдөөгүй гэрээний үүрэг зөрчигдсөн хэвээрээ байна. Тухайн зээлийн барьцаанд Н ТХХК-ийн Гбанктай байгуулсан БД8125000746 тоот гэрээний дагуу барьцаалагдсан 2592 м.кв үйлчилгээний зориулалттай Москва хорооллын зүүн талд байрлалтай барилга мөн уг барилга байршиж буй Баянгол дүүрэг, 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх ГД0231389 гэрчилгээтэй газар эзэмших эрх барьцаалагдсан. Түүнчлэн барьцааны гэрээгээр Э Э АХХК-ийн 12240-Х дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл барьцаалагдсан. Нэгэнт зээлийн гэрээний хугацаа дуусчихсан. Одоогоор 5 сарын хугацаа өнгөрсөн байна. Энэ хугацаанд зээлдэгч зээлээ бүрэн төлж барагдуулаагүй.Үндсэн зээлийн зээлийн үлдэгдэл 168,347,504,13, зээлийн хүү 19,077,937,81 нэмэгдүүлсэн хүү 2,280,896,77 нийт 190,444,300,37 төгрөгийн зээлийн өр төлөгдөөгүй байна. Хариуцагчийн хариу тайлбартай санал нийлэхгүй байна. Хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхгүй гэдгээ хэд хэдэн үндэслэл гарган тайлбарлаж байна. Нэгдүгээрт шүүхэд хандсан өдрөөр гэрээ цуцлагдсанд тооцно гэсэн утгатай тайлбар хэлж байна. Энд шүүхэд хандсанаар зээлийн гэрээ цуцлагдаж байгаа зүйл байхгүй. 2018 оны 5 дугаар сарын 1-ний өдөр шүүхэд хандсан. Нэхэмжлэлийн шаардлага дотор тухайн үед зээлийн гэрээний хугацаа дуусаагүй байсан учраас зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж өгнө үү гэсэн агуулгатай байсан. Өөрөөр хэлбэл банк болон зээлдэгч нар хоорондоо зээлийн гэрээгээ цуцалж байгаа зүйл биш. Харин шүүхээр цуцлуулахаар нэхэмжлэлийн шаардлагадаа тусгасан. Нэхэмжлэлийн шаардлагын нэгдүгээр зүйлд зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж үлдэгдэл 170,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэсэн шаардлага байсан. Өнөөдрийг хүртэл шүүхээр маргаан явж байх хугацаанд зээлдэгч нэг ч төгрөг төлсөнгүй. Шүүхэд маргаан үүссэнээр зээлдэгч зээлээ төлөхөө болино гэсэн ойлголт байхгүй. Зээлийн гэрээний хугацаа 2019 оны 5 сард дууссан учраас энэ гэрээ цуцлах шаардлага шаардлагагүй учраас гэрээний хугацаа дуусаж түүнээс хойшхи хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцож байгаа юм. Тийм учраас шүүхэд хандсанаар зээлийн гэрээ цуцлагдаагүй гэж үзэж байна. Гэрээ болон хуулинд тийм зүйл заалт байхгүй. Н ТХХК-ийн зүгээс хүү тооцоолж байгаа арга нь тодорхойгүй байгаа учраас хүү болон нэмэгдүүлсэн хүүг төлөхөөс татгалзаж байна гэсэн агуулгатай хариуг өгч байна. Энэ нь дунд хугацааны хөрөнгө оруулалтын зээлийн гэрээнд тодорхой заасан байгаа. Зээлийн гэрээний хүү 2009 оны эхний хагас жилд 4.95 дээр нэмэх нь 4 хувь байна. Мөн үүнээс хойш 6 сар тутамд Сангийн яамны Гбанктай байгуулсан 2009 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн гэрээгээр Сангийн яамны тогтоосон хүү дээр 4 хувийн хүүг нэмнэ гэсэн зохицуулалт байна. Өөрөөр хэлбэл хүүг номиналь утгаар заана гэсэн хуулийн шаардлага байхгүй. Хүүг хэрхэн бодох аргыг нь тодорхойлчихсон байгаа. Үүний дагуу Сангийн яамнаас хүү тогтоосон. Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх байгаль орчныг хамгаалах төсөл дээр нээлттэй хийгдэж байгаа маш олон компанийг хамарсан зээл юм. Энэ хүүгийн талаар Сангийн яамны вебсайт дээр нээлттэй байдлаар зарлагддаг байсан. Энэ талаар тухайн үед Гбанктай байгуулсан дамжуулан зээлдүүлэх гэрээ болон бүх банкуудад явуулсан зээлийн хүүгийн мэдээллийг ирүүлсэн байгаа. Энэ баримт дээр Сангийн яам хэдэн хувийн хүү тогтоосон түүн дээр Гбанк хэдэн хувийн хүү нэмсэн нь тодорхой байгаа. Тийм учраас хүү тооцоолсон арга нь тодорхой. Зээлийн хүүг тооцоолсон арга нь Монгол банкнаас зээлийн хүүг тооцох аргачлал журмын дагуу 365 хоногт жилийн хүүг хуваагаад ашигласан өдрөөр нь үржүүлэх энэ аргаар л бодсон. Тийм учраас хариуцагч Н ТХХК-иас гаргаж байгаа хүү тооцоолсон арга нь буруу юм гэдэг тайлбарыг үндэслэлгүй гэж үзэж байна. Гуравдагч этгээдийн тайлбарын хувьд энэ маргаан 2018 оны 5 сараас хойш явагдаж байгаа. Н ТХХК-ийг төлөөлж байгаа Г.Жанчив нь төлөөлөх эрхгүй гэдэг тайлбарыг хэлсэн. Тайлбарынхаа үндэслэлийг С.Баяраа агсан нас барсан учраас төлөөлөх эрхтэй этгээд байхгүй гэж тайлбарлаж байна. С.Баяраа агсан 2015 онд нас барсан. Энэ хүн нас барснаас хойш зээлийн харилцаа нэг хэсэгтээ хэвийн үргэлжилж байсан. Компани 2017 оны эцэс хүртэл зээлээ хэвийн төлөөд явж байсан. Өөрөөр хэлбэл С.Баяраа агсан нас барснаар компани зээл төлөх ямар нэгэн боломжгүй боллоо гэж үзэх үндэслэл байхгүй. Энэ компани 2015 оноос хойш одоог хүртэл үйл ажиллагаагаа явуулж байна. Өөрсдийн дотоод асуудлаа шийдвэрлэж чадахгүй байгаа нь нэхэмжлэгч Гбанкны эрх ашгийг хойш нь тавих эсхүл зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх хугацаагаа хойшлуулах үндэслэл болохгүй. Энэ нь ямар нэгэн давагдашгүй хүчин зүйл биш юм. Ийм учраас гуравдагч этгээдийн тайлбар үндэслэлгүй байна. Учир нь компани хэвийн үйл ажиллагаагаа явуулаад эрхээ эдэлж байгаа. Харин нөгөө талдаа хариуцлагаа хүлээхдээ төлөөлөх эрхтэй этгээд байгаа эсвэл байхгүй гэдэг тайлбар өгөх нь утгагүй юм. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.

Хариуцагч Э Э АХХК-ийн төлөөлөгч Б.Б шүүхэд гаргасан тайлбартаа: Тус шатны шүүхэд Гбанк-ны нэхэмжлэлтэй Э Э АХХК болон Н ТХХК-д холбогдох иргэний хэрэг хянагдаж байгаа бөгөөд хариуцагч Э Э АХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бадамжаргал миний бие нэхэмжлэгч талын 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагатай танилцаад шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгч нь талуудын хооронд байгуулсан гэрээг хугацаанаас нь өмнө шүүхийн журмаар цуцлуулахаар хандаж иргэний маргаан үүсгүүлсэн атлаа маргааш биднээс шалтгаалахгүй нөхцөл байдлаар шийдвэрлэгдээгүй гэж үндэслэлгүй тайлбар гаргаж улмаар шүүхийн журмаар гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах тухай шаардлагаасаа татгалзаж байна гэжээ. Улмаар гэрээг хугацаанаас нь өмнө цуцлуулах шаардлагаасаа татгалзсантай холбоотойгоор гэрээний дагуу хүү, нэмэгдүүлсэн хүүг үргэлжлүүлэл тооцох үндэслэлтэй мэтээр тайлбарлаж нэхэмжлэлийн шаардлага 19,755,923.86 төгрөгөөр нэмэгдүүлж байгаа нь үндэслэлгүй байна. Учир нь нэхэмжлэлийг банкны зүгээс гаргаснаар талуудын хооронд байгуулсан Зээлийн гэрээ-г цуцалсан эсвэл татгалзсан гэж үзэх хууль зүйн ойлголт гарч ирэх бөгөөд гэрээг цуцлах болон гэрээнээс татгалзсанаар үүргийн харилцаа дуусгавар болох учир үүргийн харилцаанаас үүсэх шаардах эрх мөн дуусгавар болдог. Өөрөөр хэлбэл, банкнаас шүүхэд хандан нэхэмжлэл гаргаснаар үүргийн харилцаанаас үүсэх шаардах эрх дуусгавар болсон гэж үзнэ. Гэрээний нэг тал нь гэрээнээс татгалзах, гэрээг цуцлах аль агуулгаар шаардлага гаргасан, эрх зүйн хувьд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ззөв тодорхойлоогүй ч шүүх залруулж зөвтгөж, тайлбарлах замаар хуулийг хэрэглэх шаардлагатай гэж үзэж байна. Гбанкнаас дээрх нэхэмжлэлийг шүүхэд гаргасан өдрөөс эхлэн хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү тооцож шаардах эрхээ алдах бөгөөд зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү тооцон шаардах эрхгүй юм. Иймд 2019 оны 09 сарын 06-ны өдрийн нэхэмжлэгч талын нэмэгдүүлсэн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Хариуцагч Э Э АХХК-ийн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гбанктай 2009 онд байгуулсан гэрээний дагуу зээл авсан. Зээлийн гэрээний үргэлжлэх хугацаанд зээлийг хугацаанд нь төлж байсан. Зээлийн эргэн төлөлтийн зөрчил гарсан үеэс үндсэн зээлийн үлдэгдэл 168,347,504 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. Үндсэн зээлийн үлдэглийг хүлээн зөвшөөрч байгаа. Харин банкны зүгээс зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүг тооцсон байна. Зээлийн гэрээнд заасны дагуу Сангийн яамтай байгуулсан 2006 оны дагуу зээлийн хүүг тохиролцоно гэж заасан. Тус гэрээний 2.1.2-т заасныг удирдлага болгон зээлийн хүүг 8 хувиар тооцоод нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж орж ирсэн байна. Хөрөнгө оруулалтын гэрээ нь банкны өмч хөрөнгө биш гэж байгаа боловч бидний зүгээс банктай гэрээ байгуулсан. Тийм учраас үндсэн зээлээ төлөх асуудал дээр маргахгүй. Нэхэмжлэлийн шаардлагаа 2,3 удаа нэмэгдүүлсэн. Сүүлд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа шүүхэд хандаж гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах тухай шаардлагаасаа татгалзаж байна, татгалзсантай холбоотойгоор хүүг тооцсон гэсэн байсан. Бид үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь гэрээг цуцлах эрх гэрээний аль нэг талд байгаа. Банкны зүгээс өөрийн эрхээ хэрэгжүүлсэн байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үеийн хүү болон нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхгүй. Учир нь гэрээг цуцлах шаардлага гаргасантай холбоотой банк өөрийнхөө үүргийн харилцаанд үүссэн үүргээ дуусгавар болгосон. Гэтэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад биднээс шалтгаалахгүйгээр хэрэг шийдэгдэхгүй байгаа үе дэх хугацаанд биднийг үүргээс чөлөөлөгдөхгүй гэж тайлбар өгч байгаа нь үндэслэлгүй юм. Тиймээс үндсэн нэхэмжлэлд дурдагдсан 168,347,504 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Бусад нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Хариуцагч Н ТХХК-ийн төлөөлөгч Г.Ж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч болон хариуцагч Э Э АХХК-ийн зээлийн гэрээний 2.1-т зээлийн хүү хэрхэн өөрчлөгдөх талаар зааж өгсөн байдаг. Банкнаас зээлийн хүүгээ өөрчилсөн гэдгээ зээл олгож байгаа эх үүсвэр болох Сангийн яаманд мэдэгдээгүй байна. Нэхэмжлэгч болон хариуцагч зээлийн хүүгээ хэдэн хувиар, ямар аргачлалаар тооцох нь тодорхойгүй байна. Өнөөдрийг хүртэл төлсөн хүүгийн мөнгөн дээр үндсэн зээлдэгчийн зүгээс маргахгүй байгаа. Харин шүүхэд маргаан үүссэнээс хойшхи зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг хэрхэн бодож гаргасан нь тодорхойгүй бөгөөд маргаан үүссэн тохиолдолд зээлийн хүүг хэрхэн зохицуулах талаар гэрээнд тусгаагүй. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 2 удаа нийт 19,000,000 төгрөгөөр нэмэгдүүлснийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Үндсэн зээлийн үлдэгдэл 168,347,504 төгрөгийг хариуцагч нарын зүгээс хүлээн зөвшөөрч байгаа. Иймд хүү болон нэмэгдүүлсэн хүүг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Төлөөлөх эрхгүй этгээдээс итгэмжлэл аван оролцож байна гэсэн гуравдагч этгээдийн байр сууринд тайлбар хэлье. Үүнтэй холбоотой асуудлыг шүүгчийн захирамжаар шийдвэрлэсэн. Тус захирамжид гомдол гараад гомдлын хурлаар мөн тогтоол гарсан. Тус шүүхийн тогтоол хүчин төгөлдөр болсон. Энэ асуудал жил гаруй хугацаанд яригдаж байна. Үүнээс болоод хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа удааширсан. Үүнээс болоод нэмэгдүүлсэн 19,000,000 төгрөгийг төлөх эсэх дээр маргаад явж байна. Энэ асуудал шийдэгдэхгүй байснаар өвлөгчдийн өвлөн авах эд хөрөнгийн хэмжээ буурах асуудал бий болж байна. Байгаа юмнаас нь гэрээний дагуу юм авъя гэхээр өгөхгүй гэсээр байгаад 19,000,000 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлага нэмэгдчихсэн явж байна. Ингэж явсны эцсийн үр дагавар нь өвлөгчдийн эрх ашиг хөндөгдөх юм шүү гэдгийг гуравдагч этгээд ойлгоосой гэж хүсэж байна. Улсын бүртгэлийн архиваас ирсэн материалаас У.Ганчимэг нь компанийг төлөөлөх эрхтэй этгээд мөн гэдэг нь нотлогдсон. Төлөөлөх эрхтэй этгээд мөн эсхүл биш гэдэг асуудлаар энд маргах нь зохисгүй юм. Гагцхүү зээлийн хүү, нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй эсэх, нэхэмжлэлийг хэрхэн шийдвэрлэх вэ гэдэг асуудлаар маргах нь зүйтэй.

Гуравдагч этгээд Д.Э шүүх болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би энэхүү хэрэгт өөрийн 2 хүүгийн хууль ёсны төлөөлөгчөөр оролцож байгаа. Зээлийн болон барьцааны гэрээний зэрэгцээ батлан даалтын гэрээ байгуулагдсан байдаг. Батлан даалтын гэрээний зүйл болох хөрөнгө нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянан хэлэлцэгдэж байгаа өв хөрөнгийн хэргийн хөрөнгөд хамаарч байгаа. Хууль ёсны өвлөгчид хэрэг маргаан эцэслэн шийдвэрлэгдээгүй байгаа учраас Н ТХХК-ийн 90 хувийн хувьцааг хэн эзэмших нь тодорхойгүй байгаа. Н ТХХК-ийн гүйцэтгэх удирдлагыг томилоогүй. Өвийн маргаан шийдвэрлэгдэж дууссаны дараа 90 хувийн хувьцааг ямар этгээдүүд эзэмших нь тодорхой болсны дараагаар хувьцаа эзэмшигчдийн хурлаар Н ТХХК-ийн гүйцэтгэх захирлыг томилогдох журамтай. Хавтаст хэрэгт байгаа зээлийн гэрээ, барьцааны гэрээ, батлан даалтын гэрээ зэрэг баримтуудад н.Ганчимэг өөрийг гүйцэтгэх захирал мэт гарын үсэг зурсан байна. Бүртгэлд бүртгэгдсэн хууль ёсны гүйцэтгэх захирал нь бодит байдал дээр талийгаач болчихсон. Нөгөө талаас компанийн дүрэмд н.Ганчимэг нь компанийн эрх бүхий албан тушаалтан байна гэж заасан. Компанийн тухай хуульд эрх бүхий албан тушаалтан гэдэг нь гагцхүү компаниас гарах шийдвэрт шууд ба шууд бусаар оролцох компанийн гишүүдийг ойлгодог. Эрх бүхий албан тушаалтан байна гэдэг нь автоматаар компанийн гүйцэтгэх захирал болно гэсэн хуулийн зохицуулалт байдаггүй. Гүйцэтгэх захирал гэдэг бол хувьцаа эзэмшигчдийн хүсэл зоригийг амьдрал дээр хэрэгжүүлдэг этгээд юм. Н.Ганчимэг нь өв хөрөнгө болгон авах 90 хувийн хувьцаа эзэмшигчдийн хүсэл зоригийг энэ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөх эрх бүхий этгээд биш. Өөрөөр хэлбэл хуулиараа бол 90 хувийн хувьцааг ирээдүйд эзэмших этгээдүүд хурлаа хийгээд компанийн гүйцэтгэх захирлыг томилох журамтай. Тэр утгаараа бид өмнөх хурлууд дээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг өвийн хэрэг хянан хэлэлцэгдэж дуусах хүртэл түдгэлзүүлэхийг хүсч байсан. Зээлийн гэрээний хамтаар барьцааны болон батлан даалтын гэрээ хийгдсэн. Барьцааны гэрээний зорилго бол зээлийн гэрээний үүрэг зөрчигдсөн бол үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр тэргүүн ээлжинд хангуулах ёстой. Тийм ч учраас ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөс зээлийн гэрээний үүргийг тэргүүн хангуулахад үүргийн гүйцэтгэл бүрэн дуусахгүй бол батлан даалтын гэрээний зүйл болох өв хөрөнгөд байгаа зүйлсээс хангуулах журамтай. Барьцааны батлан даалтын гэрээний 3.3.3-т банк энэ гэрээний 3.3.2-т заасан үүргийг биелүүлээгүй бол үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүйн улмаас үүсэх хохирлын хэмжээгээр гэж заасан байна. Эхлээд барьцааны гэрээнээс нэхэмжлэлийн шаардлагаа хангуулна. Үлдэгдлээс нь магадгүй хүрэлцэхгүй байх тохиолдолд батлан даагч тэр хэмжээгээр нь батлан даах ёстой юм байна гэдэг нь харагдаж байна. Батлан даалтын гэрээний зорилго нь өөрөө нөхөх хариуцлага хүлээх юм. Банкны хувьд барьцааны болон батлан даалтын гэрээний аль алинаас нь үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилготой байх шиг байна. Гэтэл энэ нь хууль дүрэмд нийцэхгүй. Барьцааны зүйлээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах боломжгүй болсон бол батлан даалтын гэрээ рүү орох ёстой. Гэхдээ би энэ тайлбарыг хэлж байгаагаараа өөрийн өмнөх тайлбараа үгүйсгээгүй. Хууль хэрэглээний хүрээнд ямар байгааг нь хэллээ. Бүхэлдээ хэрэг хянан шийдвэрлэгдэх ажиллагаа нь иргэний процессын хуульд нийцэж явах ёстой. Гэтэл хууль ёсны төлөөлөгчгүйгээр энэ хэрэг маргааныг хянан шийдвэрлэснээр миний 2 хүүхэд болох Б.Лувсанжамц болон Б.Чойжамц нарын өвлөх хөрөнгө дээр эрх ашиг, сонирхол нь хөндөгдөх асуудал үүсч байна. н.Ганчимэг нь миний 2 хүүхдийн хүсэл зоригийг төлөөлөх эрх бүхий этгээд биш учраас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж байгаа нь хуулийн хувьд боломжгүй байна.

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч О.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хуулийн этгээд өөрийн төлөөлөгчөөр дамжуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох ёстой. Гэтэл өнөөдөр шүүх хуралдаанд хариуцагч нарыг төлөөлсөн 2 этгээд ирсэн байна. Н ТХХК нь 2 хувьцаа эзэмшигчтэй. 90 хувийн хувьцаа эзэмшигч нь н.Баяраа, 10 хувийн хувьцаа эзэмшигч нь н.Ганчимэг гэж хүн байдаг. н.Баяраа нь нас барсан. Тухайн хүний өв хөрөнгөтэй холбоотой маргаан шүүхэд хянан шийдвэрлэгдэж байгаа. Өөрөөр хэлбэл өв хөрөнгийн асуудал шийдэгдээгүй. Өвлөгчид өв хөрөнгөө өвлөж аваагүй байгаа. Хавтаст хэрэгт авагдсан Н ТХХК-ийн гэрчилгээнээс харахад тухайн компанийн гүйцэтгэх захирал нь талийгаач н.Баяраа байгаа. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Жанчивт итгэмжлэл олгосон хүн нь 10 хувийн хувьцаа эзэмшигч н.Ганчимэг байдаг. Гүйцэтгэх захирлаас итгэмжлэл аваагүй этгээд нь компанийг төлөөлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрхтэй юу гэдэг дээр гуравдагч этгээдийн зүгээс эрхгүй гэдэг байр суурин дээр байна. Гүйцэтгэх захирал нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 11.1-т зааснаар заавал бүртгэх байгууллагад бүртгүүлэх үүрэгтэй. Бүртгэх байгууллагад бүртгэгдсэн гүйцэтгэх захирал нь хавтаст хэрэгт авагдсан баримтын дагуу талийгаач н.Баяраа юм. Гүйцэтгэх захирал өөрчлөгдсөн эсэх талаар ямар нэгэн тэмдэглэл үйлдэгдээгүй. Хууль ёсны дагуу дагуу итгэмжлэл авсан этгээд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоогүй учраас Н ТХХК-д холбогдуулан хэрэг үүсгэсэн байгаа нь хуульд нийцсэн эсэх нь эргэлзээтэй.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв. Учир нь:

1. Нэхэмжлэгч Гбанк ХХК нь хариуцагч Э Э АХХК-иас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 190,444,300.37 төгрөг гаргуулах, уг үүргийг барьцаа хөрөнгө болох хариуцагч Э Э АХХК-ийн эзэмшиж буй ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн эрх болон бусад дагалдах хөрөнгө, батлан даагч Н ТХХК-ийн эзэмшил, өмчлөлийн батлан даалтын гэрээний дагуу барьцаалсан эд хөрөнгөөр хангуулах шаардлага гаргажээ.

Хариуцагч Э Э АХХК нь нэхэмжлэгч Гбанк ХХК-иас 2009 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн зээлийн гэрээгээр 690,600,000 төгрөгийг 120 сарын хугацаатай, 2009 оны эхний хагас жилийн хүү 4,95 хувь, үүнээс хойш хүүг 6 сар тутамд шинэчлэн тогтоож байх, хүүг шинэчлэн тогтоохдоо Гбанк, Сангийн яамны хооронд 2006 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр байгуулсан Дамжуулан зээлдүүлэх гэрээнд заасны дагуу Монгол Улсын Засгийн газраас 6 сарын хугацаанд банкинд тогтоож өгсөн дамжуулан зээлдэх хөрөнгийн эх үүсвэрийн хүүгийн хувь дээр 4 хувийг нэмж зээлийн хүүг тогтоохоор тохирсон байх ба зээлийн хүүг 360 хоногоор тооцох, зээлийг хугацаандаа төлөөгүй бол хүүгийн 20%-тай тэнцэх нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тохирч, уг гэрээний үүргийн гүйцэтгэлийг хариуцагч Э Э АХХК-ийн эзэмшиж буй ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн эрхээр хангуулахаар талууд тохирч 2009 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр ЗБ/8125000746 тоот барьцааны гэрээг бичгээр хийж, гарын үсэг зуржээ. Дээрх гэрээнүүдийг байгуулсан эсэх асуудлаар талууд маргаагүй бөгөөд талуудын хүсэл зоригийн дагуу хийгдсэн, хүчин төгөлдөр гэрээ байна. Иймд Гбанк ХХК болон Э Э АХХК-ийн хооронд Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан барьцааны болон зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэв.

Дээрх зээлийн гэрээгээр зээлдэгч нь эхний 3 жилийн хугацаанд зээлийг ашигласан хоногоор хүү төлөх, зээлийн үндсэн төлбөрийг 2012 оны 5 дугаар сарын 28-ны өдрөөс сар бүр 8,225,000 төгрөг төлөхөөр тохиролцож, зээлийн үндсэн төлбөрт 522,252,495.87 төгрөг төлсөн байх бөгөөд зээлийн гэрээний үүргийг 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдрөөс 9 сарын хугацаанд төлөөгүй үүрэг зөрчсөн үндэслэлээр гэрээг хугацааны өмнө цуцлаж, гүйцэтгээгүй үүргийг шаардсан байна. Хариуцагч нь зээлийн үндсэн төлбөр төлсөн хэмжээ, хугацааны талаар маргаагүй бөгөөд 9 сарын хугацаанд зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж үүргээ биелүүлээгүйг Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж заасан үүрэг гүйцэтгэх зарчмыг зөрчсөн гэж үзнэ. Иймд зээлдэгчийг үүргээ хугацаанд нь, зохих ёсоор гүйцэтгээгүй үндэслэлээр Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар зээлдүүлэгч гэрээг цуцлах эрхтэй байна. Гэрээг цуцлаж байгаа тохиолдолд үүрэг гүйцэтгэгч гэрээ цуцлах хүртэл хугацааны гүйцэтгээгүй үүргээ гүйцэтгэх бөгөөд үүргийн харилцаа буюу гэрээний үүргээс үүдсэн шаардах эрх дуусгавар болдог. Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд хариуцагчийн гүйцэтгээгүй үүргийг нэхэмжлэгч шаардах эрхтэй.

Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаанд хүү, нэмэгдүүлсэн хүү тооцож нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн бөгөөд уг шаардлагын үндэслэлээ гэрээ цуцлах шаардлагаасаа татгалзсан гэж тайлбарлажээ. Гэрээ цуцлах гэдэг нь хууль буюу гэрээнд заасны дагуу нэг тал хүсэл зоригоо илэрхийлснээр гэрээний биелэгдсэн хэсэг хэвээр үлдэж, үүргийн харилцааг цаашид дуусгавар болгохыг ойлгоно. Хариуцагч Э Э АХХК хууль болон гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь, зохих ёсоор биелүүлээгүй болох нь тогтоогдсон, уг үндэслэлээр гэрээ цуцлах үндэслэлтэй байх тул Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно, мөн хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1 дэх хэсэгт Аль нэг тал нь гэрээнээс татгалзах бол энэ тухай нөгөө талдаа мэдэгдэнэ гэж зааснаар Гбанк ХХК, Э Э АХХК-ийн хооронд байгуулагдсан зээлийн гэрээ нэхэмжлэл гаргасан үеэр цуцлагдсан гэж үзнэ. Иймд нэхэмжлэгч нь гэрээ цуцлах хүсэл зоригоосоо татгалзсан-аар түүний өмнө илэрхийлсэн хүсэл зориг хүчин төгөлдөр бус болох буюу гэрээ цуцлагдаагүй гэж үзэх үндэслэл болохгүй. Иймд гэрээ цуцласнаас хойш нэхэмжлэгч гэрээний үүрэг шаардах эрхгүй болно.

Хариуцагч хүүг хэрхэн тооцсон нь тодорхойгүй гэж маргаж байх боловч зээлийн гэрээний дагуу тохирсон хувьсах хүү-гээр тооцсон хүүг төлж байсан ба хагас жил тутамд Гбанк ХХК-д тогтоож өгсөн дамжуулан зээлдэх хөрөнгийн эх үүсвэрийн хүүгийн хэмжээг мэдээгүй, мэдэх боломжгүй байсан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэл гаргах хүртэл хугацаанд хувьсах хүүгээр тооцсон хүү, нэмэгдүүлсэн хүүг Э Э АХХК төлөх үүрэгтэй байна.

Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Э Э АХХК-иас зээлийн төлбөрт 168,347,504.13 төгрөг, хүүд 2,123,588.41 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 217,283.97 төгрөг нийт 170,688,376.51 төгрөг гаргуулж, нэхэмжлэлээс 19,755,923.86 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов.

Хариуцагч Н ТХХК нь Гбанк ХХК-тай 2009 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр барьцаат батлан даалтын гэрээ-г бичгээр байгуулсан ба уг гэрээгээр Н ТХХК нь Гбанк ХХК болон Э Э АХХК-ийн хооронд байгуулсан зээлийн гэрээний үүргээ Э Э АХХК-ийг бүрэн биелүүлнэ гэдгийг баталж, үүргээ гүйцэтгэхгүй бол тухайн зээлийн гэрээний үүргийг өөрийн өмчлөл, эзэмшлийн Баянгол дүүргийн 14 дүгээр хороонд байршилтай 600м2 талбай бүхий газар, Баянгол дүүргийн 14 дүгээр хороо Нарлаг төвийн 5 давхар 2592м2 талбай бүхий үйлчилгээний зориулалттай барилгаар хариуцах үүрэг хүлээжээ. Өөрөөр хэлбэл, Э Э АХХК нь Гбанк ХХК-ийн өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхгүй бол түүний өмнөөс Н ТХХК хариуцлага хүлээх ба уг хариуцлагыг өөрийн хөрөнгөөр хариуцах үүрэг хүлээсэн байна. Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 165 дугаар зүйлийн 165.1, 458 дугаар зүйлийн 458.1 дэх хэсэгт заасан үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ, батлан даалтын гэрээ байгуулагдсан гэж үзэв.

Батлан даалтын гэрээгээр батлан даагч нь үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө үндсэн үүрэг гүйцэтгэгчийн хүлээсэн үүргийн гүйцэтгэлд батлан даалтын гэрээнд заасан хэмжээгээр үүрэг гүйцэтгэгчийн өмнөөс нөхөх хариуцлага хүлээнэ. Тодруулбал, батлан даагч нь үндсэн үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэж чадахгүй нөхцөлд түүний өмнөөс үүрэг гүйцэтгүүлэгчид үүсэх эрсдэлийг хариуцах үүрэг бүхий этгээд байна.

Харин Иргэний хуулийн 165 дугаар зүйлийн 165.1 дэх хэсэгт заасан үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны эрх нь барьцаалагчид өөрийн шаардлагаа бусад үүрэг гүйцэтгүүлэгчээс тэргүүн ээлжинд хангуулж авах эрхийг олгодог бөгөөд Иргэний хуулийн 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт Өөр эрхтэй салшгүй холбоотой, түүнгүйгээр бие даан хэрэгжиж үл чадах эрхийг салгаж үл болох эрх гэнэ гэж зааснаар салгаж үл болох эрх болно. Өөрөөр хэлбэл үндсэн шаардах эрх байхгүй бол барьцааны эрх үүсэх боломжгүй. Энэ талаарх зарчмыг Иргэний хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зохицуулсан. Иймд хариуцагч Н ТХХК-ийн нэхэмжлэгч Гбанк ХХК-тай байгуулсан барьцааны гэрээний зүйл болох үл хөдлөх эд хөрөнгөөр Э Э АХХК-ийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах үндэслэлгүй бөгөөд тухайн үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан барьцааны эрх нь Н ТХХК-ийн Гбанк ХХК-ийн өмнө хүлээсэн хариуцлагыг буюу батлан даалтын гэрээгээр хариуцахаар тохирсон үүргийг хангуулахад хамааралтай гэж ойлгоно. Иймд Э Э АХХК-ийн гүйцэтгэх зээлийн гэрээний үүргийг Н ТХХК-тай байгуулсан барьцаат батлан даалтын гэрээ-ний барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Иймд Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, Ашигт малтмалын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1 дэх хэсэгт заасны дагуу Э Э АХХК-ийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг 2009 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн ЗБ/8125000746 тоот барьцааны гэрээний зүйлээр хангуулахаар шийдвэрлэв.

Гуравдагч этгээд нь хариуцагч Н ТХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд хуулийн дагуу томилогдоогүй, уг компанийн хувьцааны асуудлаар өвийн маргаан шүүхээр шийдвэрлэгдэж дуусаагүй, У.Ганчимэг нь компанийг төлөөлөх эрхгүй тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд компанийг төлөөлөх эрх бүхий этгээд оролцоогүй гэж тайлбар гаргажээ. Н ТХХК-ийн 90 хувийн хувьцаа эзэмшигчээр С.Баяраа, 10 хувийн хувьцаа эзэмшигчээр У.Ганчимэг, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдээр С.Баяраа бүртгэлтэй байх бөгөөд С.Баяраа нь 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдөр нас барсан үйл баримт тогтоогдсон, энэ талаар хэргийн оролцогчид маргаагүй болно.

Н ТХХК-ийн дүрэмд 2014 оны 3 дугаар сарын 31-ний өдөр орсон өөрчлөлтөөр Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1, 84.2 дахь хэсэгт заасан эрх бүхий албан тушаалтан-д У.Ганчимэгийг тооцсон боловч ямар чиг үүрэг хэрэгжүүлэх эрх бүхий албан тушаалтан болохыг дүрэмдээ тодорхой заагаагүй байна. Харин Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газраас ирүүлсэн Н ТХХК-ийн хувийн хэрэгт авагдсан баримтуудад У.Ганчимэг нь С.Баярааг нас барахаас өмнө компанийн санхүүгийн болон татварын тайланг баталгаажуулдаг, Хуулийн этгээдийн бүртгэлийн тухай хуулийн /2003 оны/ 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт заасан компанийн мэдээлэлд орсон өөрчлөлтийг гүйцэтгэх удирдлагын нэрээр өргөдөл гаргаж улсын бүртгэлд бүртгүүлж байсан мэдээлэл авагдсан байх бөгөөд энэхүү эрхийг Н ТХХК-ийн ерөнхий захирал С.Баяраагийн 2007 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 03 тоот тушаалыг үндэслэн хэрэгжүүлж байсан гэж үзэх үндэслэл тогтоогдов. Тухайн бүртгэлийг эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэрээр эрх бүхий этгээд хийлгээгүй үндэслэлээр хүчингүйд тооцоогүй байх тул улсын бүртгэл үнэн зөв байх зарчимд нийцсэн гэж үзэв. Мөн 2014 оны 3 дугаар сарын 31-ний өдөр өөрчлөлт оруулсан компанийн дүрэмд зурагдсан гарын үсэг С.Баяраагийнх биш гэж гуравдагч тал тайлбарласан боловч энэ талаар нотлох баримт гаргаж өгөөгүй, тайлбараа нотлоогүй болно. Иймд дээрх баримтуудыг үндэслэн Н ТХХК-ийн гүйцэтгэх удирдлагын эрх, үүргийг С.Баярааг нас барахаас өмнө болон түүнээс хойш У.Ганчимэгийг хэрэгжүүлж байна гэж дүгнэв. Иймд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Н ТХХК-ийг төлөөлөх эрхгүй этгээд оролцсон гэж үзэх үндэслэлгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Э Э АХХК-иас 170,688,376.51 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Гбанк ХХК-д олгож, нэхэмжлэлээс 19,755,923.86 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 165 дугаар зүйлийн 165.1, 461 дүгээр зүйлийн 461.1, Ашигт малтмалын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Э Э АХХК шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Хан-Уул дүүргийн Элст хайрга нэртэй газарт байршилтай 27 гектар талбайд хайгуул хийх эрэл хайгуулын ажлын үр дүнгийн тайлан, геологийн судалгааны мэдээлэл, техник эдийн засгийн үндэслэл, техник тоног төхөөрөмжийн гэрчилгээ, 12240Х дугаар гэрчилгээтэй ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн эрхээр үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, нэхэмжлэлээс үүргийн гүйцэтгэлийг хариуцагч Н ТХХК-ийн өмчлөлийн хөрөнгө болох Баянгол дүүргийн 14 дүгээр хороонд байршилтай 600м2 талбай бүхий газар, Баянгол дүүргийн 14 дүгээр хороо Нарлаг төвийн 5 давхар 2592м2 талбай бүхий үйлчилгээний зориулалттай барилгаар хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,256,230.59 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Э Э АХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 1,081,592 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Гбанк ХХК-д олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА

2019 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 102/ШШ2019/02491

Улаанбаатар хот