Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 59

 

“Г” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 102/ШШ2019/02491 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: “Г” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “Э Э” ХХК, “НТ” ХХК-д тус тус холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 190 444 300 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны болон барьцаат батлан даалтын гэрээнд заасан хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: С.Батхүлэг,

Хариуцагч “Э Э” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Бадамжаргал,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Энхзул,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн өмгөөлөгч: О.Майцэцэг,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Э Э” ХХК нь Гтай 2009 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр ЗГ8125000746 тоот дунд хугацааны зээлийн гэрээг байгуулсан, зээлийн хугацаа 10 жил буюу 120 сар юм.

Тухайн зээлийн барьцаанд “Э Э” ХХК нь өөрийн эзэмшлийн 12240-Х дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл, “НТ” ХХК-ийн 2592 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай, Москва хорооллын зүүн талд байрлалтай барилга, уг барилга байршиж буй, Баянгол дүүрэг, 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх ГД0231389 гэрчилгээтэй газар эзэмших эрх барьцаалагдсан.

Зээлийн гэрээний хүү 2009 оны эхний хагас жилд 4.95 хувь дээр нэмэх нь 4 хувь байна. Мөн үүнээс хойш 6 сар тутамд Сангийн яам “Г” ХХК-тай байгуулсан 2009 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн гэрээгээр Сангийн яамны тогтоосон хүү дээр 4 хувийн хүүг нэмнэ гэсэн зохицуулалтын дагуу хүүг тооцоолсон.

Энэ хүүгийн талаар Сангийн яамны вебсайт дээр нээлттэй байдлаар зарладаг. Тухайн үед “Г” ХХК-тай байгуулсан дамжуулан зээлдүүлэх гэрээ болон бүх банкуудад явуулсан зээлийн хүүгийн мэдээллийг ирүүлсэн ба энэ баримтад Сангийн яам хэдэн хувийн хүү тогтоосон, түүн дээр “Г” ХХК хэдэн хувийн хүү нэмсэн нь тодорхой байгаа. Тийм учраас хүү тооцоолсон арга нь тодорхой.

“Г” ХХК-аас 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр ЗГ/8125000746 тоот зээлийн гэрээг шүүхийн журмаар хугацаанаас нь өмнөх цуцлах, уг гэрээний төлбөрт 170 688 376 төгрөгийг “Э Э” ХХК-аас гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг “НТ” ХХК-ийн өмчлөлийн барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан. Уг зээлийн эх үүсвэр нь улсын төсвийн мөнгөн хөрөнгө бөгөөд Г зээлдэгчийн авсан зээлийг Сангийн яаманд хүүгийн хамт буцаан төлж байгаа.

“НТ” ХХК-ийн захирал С.Баяраа агсан 2015 онд нас барсан ба компанийн 2017 оны эцэс хүртэл зээлээ хэвийн төлөөд явж байсан. Өөрөөр хэлбэл, С.Баяраа агсан нас барснаар компани зээл төлөх ямар нэгэн боломжгүй боллоо гэж үзэх үндэслэл байхгүй.

Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хугацаа нь 2019 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр дууссан тул зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах шаардлагаас татгалзаж байгаа. Иймд нэхэмжлэл гаргасан өдрөөс хойш өнөөдрийг хүртэл бодогдсон хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 19 755 923 төгрөгөөр нэхэмжлэлийн дүнг нэмэгдүүлж үндсэн зээлийн төлбөрт 168 347 504 төгрөг, хүү 19 077 937 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2 280 896 төгрөг, нийт 190 444 300 төгрөгийг “Э Э” ХХК-аас гаргуулж үүргийн гүйцэтгэлийг БД/8125000746 тоот барьцаат батлан даалтын гэрээ болон БД/8125000746 тоот барьцааны гэрээнд заасан барьцаа хөрөнгүүдээр хангуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Э Э ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гтай 2009 онд байгуулсан гэрээний дагуу зээл авсан. Зээлийн гэрээний үргэлжлэх хугацаанд зээлийг хугацаанд нь төлж байсан. Зээлийн эргэн төлөлтийн зөрчил гарсан үеэс үндсэн зээлийн үлдэгдэл 168 347 504 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа.

Зээлийн гэрээнд заасны дагуу Сангийн яамтай байгуулсан 2006 оны дагуу зээлийн хүүг тохиролцоно гэж заасан. Тус гэрээний 2.1.2-т заасныг удирдлага болгон зээлийн хүүг 8 хувиар тооцоод нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Хөрөнгө оруулалтын гэрээ нь банкны өмч хөрөнгө биш гэж байгаа боловч бидний зүгээс банктай гэрээ байгуулсан. Тийм учраас үндсэн зээлээ төлөх асуудал дээр маргахгүй.

Нэхэмжлэгч нь талуудын хооронд байгуулсан гэрээг хугацаанаас нь өмнө шүүхийн журмаар цуцлуулахаар хандсан ба үндэслэлгүй тайлбар гаргаж шүүхийн журмаар гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах тухай шаардлагаасаа татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагыг 19 755 923 төгрөгөөр нэмэгдүүлж байгаа нь үндэслэлгүй.

Учир нь банкнаас шүүхэд хандан нэхэмжлэл гаргаснаар үүргийн харилцаанаас үүсэх шаардах эрх дуусгавар болсон гэж үзнэ. Гнаас дээрх нэхэмжлэлийг шүүхэд гаргасан өдрөөс эхлэн хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү тооцож шаардах эрхээ алдах бөгөөд зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү тооцон шаардах эрхгүй юм.

Иймд үндсэн нэхэмжлэлд дурдагдсан 168,347,504 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байгаа тул нэмэгдүүлсэн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч НТ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч “Г” ХХК болон хариуцагч “Э Э” ХХК-ийн хооронд байгуулсан зээлийн гэрээний 2.1-т зээлийн хүү хэрхэн өөрчлөгдөх талаар заасан. Банкнаас зээлийн хүүгээ өөрчилсөн гэдгээ зээл олгож байгаа эх үүсвэр болох Сангийн яаманд мэдэгдээгүй. Нэхэмжлэгч болон хариуцагч зээлийн хүүгээ хэдэн хувиар, ямар аргачлалаар тооцох нь тодорхойгүй байна.

Үндсэн зээлийн үлдэгдэл 168 347 504 төгрөгийг хариуцагч нарын зүгээс хүлээн зөвшөөрч байгаа.

Мөн гуравдагч этгээдийн төлөөлөх эрхгүй этгээдээс итгэмжлэл аван оролцож байна гэсэн тайлбар үндэслэлгүй, энэ асуудлыг шүүгчийн захирамжаар шийдвэрлэсэн.

Улсын бүртгэлийн архиваас ирсэн материалаас У.Ганчимэг нь компанийг төлөөлөх эрхтэй этгээд мөн гэдэг нь нотлогдсон гэжээ.

 

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талуудын хооронд зээлийн болон барьцааны гэрээний зэрэгцээ батлан даалтын гэрээ байгуулагдсан байдаг. Батлан даалтын гэрээний зүйл болох хөрөнгө нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянан хэлэлцэгдэж байгаа маргаанд хамаарч байгаа. “НТ” ХХК нь 2 хувьцаа эзэмшигчтэй. 90 хувийн хувьцаа эзэмшигч нь н.Баяраа, 10 хувийн хувьцаа эзэмшигч нь н.Ганчимэг, н.Баяраа нь нас барсан.

Хууль ёсны өвлөгчид хэрэг маргаан эцэслэн шийдвэрлэгдээгүй байгаа учраас “НТ” ХХК-ийн 90 хувийн хувьцааг хэн эзэмших нь тодорхойгүй байгаа. “НТ” ХХК-ийн гүйцэтгэх удирдлагыг томилоогүй. Өвийн маргаан шийдвэрлэгдэж дууссаны дараа 90 хувийн хувьцааг ямар этгээдүүд эзэмших нь тодорхой болсны дараагаар хувьцаа эзэмшигчдийн хурлаар “НТ” ХХК-ийн гүйцэтгэх захирал томилогдох журамтай.

“НТ” ХХК-ийн гэрчилгээнээс харахад тухайн компанийн гүйцэтгэх захирал нь талийгаач н.Баяраа байгаа. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Жанчивт итгэмжлэл олгосон хүн нь 10 хувийн хувьцаа эзэмшигч н.Ганчимэг байдаг. Гүйцэтгэх захирлаас итгэмжлэл аваагүй этгээд нь компанийг төлөөлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрхгүй.

Зээлийн гэрээ, барьцааны гэрээ, батлан даалтын гэрээ зэрэг баримтуудад н.Ганчимэг өөрөө гүйцэтгэх захирал мэт гарын үсэг зурсан. Нөгөө талаас компанийн дүрэмд н.Ганчимэг нь компанийн эрх бүхий албан тушаалтан байна гэж заасан. Н.Ганчимэг нь өв хөрөнгө болгон авах 90 хувийн хувьцаа эзэмшигчдийн хүсэл зоригийг төлөөлөх эрх бүхий этгээд биш.

“Э Э” ХХК-ийн ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөс зээлийн гэрээний үүргийг тэргүүн ээлжид хангуулах журамтай.

Барьцааны батлан даалтын гэрээний 3.3.3-т банк энэ гэрээний 3.3.2-т заасан үүргийг биелүүлээгүй эхлээд барьцааны гэрээнээс нэхэмжлэлийн шаардлагаа хангуулна. Үлдэгдлээс нь магадгүй хүрэлцэхгүй байх тохиолдолд батлан даагч тэр хэмжээгээр нь батлан даах ёстой.

Хууль ёсны төлөөлөгчгүйгээр энэ хэрэг маргааныг хянан шийдвэрлэснээр миний 2 хүүхэд болох Б.Лувсанжамц болон Б.Чойжамц нарын өвлөх хөрөнгө дээр эрх, ашиг сонирхол нь хөндөгдөх асуудал үүсч байна. н.Ганчимэг нь 2 хүүхдийн хүсэл зоригийг төлөөлөх эрх бүхий этгээд биш гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Э Э” ХХК-иас 170 688 376 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Г” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 19 755 923 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 165 дугаар зүйлийн 165.1, 461 дүгээр зүйлийн 461.1, Ашигт малтмалын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Э Э” ХХК шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Хан-Уул дүүргийн Элст хайрга нэртэй газарт байршилтай 27 гектар талбайд хайгуул хийх эрэл хайгуулын ажлын үр дүнгийн тайлан, геологийн судалгааны мэдээлэл, техник эдийн засгийн үндэслэл, техник тоног төхөөрөмжийн гэрчилгээ, 12240Х дугаар гэрчилгээтэй ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн эрхээр үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, нэхэмжлэлээс үүргийн гүйцэтгэлийг хариуцагч “НТ” ХХК-ийн өмчлөлийн хөрөнгө болох Баянгол дүүргийн 14 дүгээр хороонд байршилтай 600м2 талбай бүхий газар, Баянгол дүүргийн 14 дүгээр хороо Нарлаг төвийн 5 давхар 2592м2 талбай бүхий үйлчилгээний зориулалттай барилгаар хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 256 230 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч “Э Э” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 1 081 592 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Г” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “Г” ХХК 2018 оны 05 дугаар сарын 01-нд гэрээг хугацаанаас нь өмнө цуцлуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгүүдээс хангуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан. Гэтэл шүүхээр хэрэг шийдвэрлэгдээгүй байх хугацаанд буюу 2019 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр “Г” ХХК “Э Э” ХХК-ийн байгуулсан зээлийн гэрээ дуусгавар болсон. Иймд Гны зүгээс гаргасан нэхэмжлэлийн эхний шаардлага болох зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө шүүхээр цуцлуулах нь ач холбогдолгүй болсон байдаг.

Нэхэмжлэгч “Г” ХХК-ийн 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилсөн ба зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, зээлийн хүүг нэмж шаардсан.

Зээлийг гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах шаардлага нь шүүхийн шийдвэрээр шийдвэрлэгдэх ёстой ба уг асуудал шүүхээр шийдвэрлэгдээгүй. Харин уг шаардлагаас нэхэмжлэгч татгалзсаар байтал шүүх уг нэхэмжлэлийг гаргаснаар зээлийн гэрээ цуцлагдсан гэж үзэж, түүнээс хойш тооцогдсон хүүг хасч шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Иргэний хууль болон Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд зааснаар зээлдэгч зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөгдөх үндэслэлгүй, зээлдэгчтэй байгуулсан гэрээний хугацаа дуусгавар болсон ч зээлдэгч нь зээлээ өнөөдрийг хүртэл төлөөгүй тул нэхэмжлэл гаргасан өдрөөс хойш шийдвэр гарах хүртэл хүү, нэмэгдүүлсэн хүү тооцох хууль зүйн үндэслэлтэй юм.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр хүчин төгөлдөр БД8125000746 тоот барьцаат батлан даалтыг гэрээний дагуу үүргийн гүйцэтгэл хангахгүй байхаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, хууль бус байна.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт тус гэрээг зөвхөн нөхөх хариуцлага хүлээх батлан даалтын гэрээ мэтээр тайлбарлаж буй нь үндэслэлгүй юм. Учир нь уг барьцаат батлан даалтын гэрээ нь агуулгын хүрээнд барьцаа болон батлан даалтын гэрээний аль аль шинжийг давхар агуулсан байх ба тус гэрээ нь Улсын бүртгэлийн газар ипотекийн гэрээгээр бүртгэгдсэн.

Барьцаат батлан даалтын гэрээний 2.1, 3.1.1, 2.2, зээлийн гэрээний 4.2-т заасныг үндэслэн талуудын хооронд байгуулсан гэрээгээр болон холбогдох хууль тогтоомжоор барьцаат батлан даалтын гэрээгээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах бүрэн үндэслэлтэй юм.

Иймд нэхэмжлэлийн дүнгээс 19 755 923 төгрөгийг хассаныг өөрчилж, нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж, БД/8125000746 тоот Барьцаат батлан даалтын гэрээнд заагдсан зээлийн барьцаа хөрөнгөөр “Э Э”ХХК-ийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

 

Нэхэмжлэгч “Г” ХХК нь хариуцагч “Э Э” ХХК-аас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 190 444 300 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйл болох “Э Э” ХХК-ийн эзэмшиж буй ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл болон бусад дагалдах хөрөнгө, батлан даалтын гэрээний дагуу барьцаалсан “НТ” ХХК-ийн өмчлөлийн барьцаат эд хөрөнгөөр хангуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч “Э Э ХХК, “НТ” ХХК нар 168 347 504 төгрөг төлөхийг зөвшөөрч бусад хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч “Г” ХХК нь “Э Э” ХХК-тай 2009 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр дундын хугацааны хөрөнгө оруулалтын нэртэй зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр зээлдүүлэгч нь 690 600 000 төгрөгийг 2009 оны эхний хагас жилийн хүү 4,95 хувь, эхний 6 сар өнгөрсний дараа 6 сар тутамд зээлийн хүүг  шинэчлэн тогтоож байх, хүүг шинэчлэн тогтоохдоо Г, Сангийн яамны хооронд 2006 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр байгуулсан Дамжуулан зээлдүүлэх гэрээнд заасны дагуу Монгол Улсын Засгийн газраас 6 сарын хугацаанд банкинд тогтоож өгсөн дамжуулан зээлдэх хөрөнгийн эх үүсвэрийн хүүгийн хувь дээр 4 хувийг нэмж зээлийн хүүг тогтоон тооцож, 120 сарын хугацаатай зээлдүүлж, зээлдэгч нь зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлөх үүрэг хүлээсэн талаар талууд маргаагүй, тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ байгуулагдсан гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

Анхан шатны шүүх “Э Э” ХХК хүчин төгөлдөр гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь зохих ёсоор биелүүлээгүй тул “Г” ХХК 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаснаар зээлийн гэрээг цуцлагдсан гэж дүгнэснийг буруутгах боломжгүй юм.

 

Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгч “Г” ХХК нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэл гаргасан өдөр хүртэлх зээлийн үлдэгдлийг зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хамт шаардах эрхтэй ба хариуцагч “Э Э” ХХК-аас зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт нийт 170 688 376 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Г” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 19 755 923 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хэвээр үлдээв.

 

Түүнчлэн мөн өдөр ЗБ/8125000746 тоот барьцааны гэрээ байгуулж “Э Э” ХХК-ийн эзэмшлийн, Хан-Уул дүүрэг, Элст Хайрга нэртэй газар орших 27 гектар талбайг хамарсан хайгуулын талбайд хайгуул хийх, эрэл хайгуулын ажлын үр дүнгийн тайлан, геологийн судалгааны мэдээлэл, техник эдийн засгийн үндэслэл, техник тоног төхөөрөмжийн гэрчилгээний хамтаар ашигт малтмал хайх зөвшөөрөл бүхий “ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл”-ийг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохиролцож, улсын бүртгэлд бүртгүүлсэн нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасантай нийцсэн, гэрээ хүчин төгөлдөр байна.

 

“Г” ХХК нь Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаардах эрхтэй ба барьцааны зүйл болох ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг худалдан борлуулах замаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар анхан шатны шүүх шийдвэрлэсэн нь зөв болжээ.

 

“Г” ХХК шүүхэд гаргасан тайлбартаа “НТ” ХХК-тай мөн өдөр БД/8125000746 тоот барьцаат батлан даалтын гэрээ байгуулж, “НТ” ХХК нь өөрийн өмчлөлийн, Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 2592 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай Нарлаг төвийн 5 давхар барилгыг, мөн хорооны нутаг дэвсгэрт байрлах 600 м.кв талбайтай газар эзэмших эрхийн хамт “Г” ХХК, “Э Э” ХХК нарын хооронд 2009 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр байгуулагдсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалсан гэжээ.

“Г” ХХК болон “НТ” ХХК-ийн хооронд байгуулагдсан барьцаат батлан даалтын гэрээний 1.1-д “...Иргэний хуулийн 458 дугаар зүйлийг үндэслэн... харилцан тохиролцож уг гэрээг байгуулав” гэж,

Гэрээний 2.1-д “Батлан даагч нь банк, “Э Э” ХХК-ийн хооронд байгуулагдсан зээлийн гэрээний дагуу үүрэг гүйцэтгэгчийн нийт 690 600 000 төгрөгийн үндсэн зээл болон уг гэрээний дагуу бодогдох зээлийн хүү хугацаа хэтэрсэн бол нэмэгдүүлсэн хүүгийн хамтаар зээлийн гэрээгээр тогтоосон хугацаанд бүрэн төлнө гэдгийг үүрэг гүйцэтгэгчийн өмнө баталж, гүйцэтгэхгүй бол батлан даагч өөрийн эд хөрөнгө, түүнийг засан сайжруулах зорилгоор... оруулсан нэмэлт өөрчлөлтийг хариуцахаар үүрэг хүлээж байна” гэж тус тус тохиролцсоныг харьцуулан дүгнэж анхан шатны шүүх тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1 дэх хэсэгт заасан батлан даалтын гэрээ байгуулагдсан гэж дүгнэснийг буруутгах боломжгүй юм.

 

Иймд “Эн Эр Ар” ХХК зээлийн гэрээний үүргийг гүйцэтгээгүй, барьцааны зүйл нь зээлийн гэрээний төлбөрт хүрэлцэхгүй тохиолдолд “НТ” ХХК нь батлан даалтын гэрээний дагуу үүрэг гүйцэтгэгчийн өмнөөс нөхөн хариуцлага хүлээнэ.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 102/ШШ2019/02491 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 326 930 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ц.ИЧИНХОРЛОО

 

                                                    ШҮҮГЧИД                                      А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                                                                                           Э.ЗОЛЗАЯА