Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 182/ШШ2022/00587

 

 

 

 

 

 

 

    2022           03          03                                   182/ШШ2022/00587

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Цэнгэл даргалж, Х.Дашдэчмаа, шүүгч Б.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Т.О нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Т ХХК холбогдох,

 

Хамтран хариуцагч: Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Холбоочдын гудамж -4, Т ХХК-ийн 2 дугаар байр, 3 дугаар давхарт байрлах, Хадгаламж банк ХХК дахь банкны эрх хүлээн авагч /РД:2110113/,

 

Хохиролд 35,300,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Цэцэгсүрэн,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч И.Хонгор,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Мөнхзул, Ч.Рэгзэн,

Хамтран хариуцагчийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч  А.Баттуяа,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т. Цогзолмаа нар оролцов.

/Иргэдийн төлөөлөгч С.Чимгээ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй  бөгөөд  зохигчийн  зөвшөөрлөөр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв/

                                                                                                  

   ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Т.Оийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Цэцэгсүрэн болон түүний өмгөөлөгч  И.Хонгор нар шүүхэд гаргасан нэхэмжлэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

Т.О нь аав Ц.Төмөрбаатартай хамтран 48.120.840 төгрөг 2006 оны 01 дүгээр 24-ний өдрөөс 1 жилийн хугацаатайгаар хадгалуулахаар 1131014889 дугаар хадгаламжийн данс бүхий "Платинум мөнгөн хадгаламжийн гэрээ"-г Монгол шуудан банктай байгуулсан.

2008 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн байдлаар тухайн дансанд 68. 510.905,44 төгрөгийн үлдэгдэл байснаас 2008 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр  34.309.205 төгрөгийн зарлага гарч, 34.201.700 төгрөг үлдсэн. Үүний дараа данснаасаа 25.000.000 төгрөгийг авч, 9.465.265 төгрөг үлдсэн болно. 9.465.265 төгрөгийг авах гэсэн боловч, банкны удирдлагаасаа тус банкны тооцооны 1-р төвийн эрхлэгч О. Чулуунчимэг гэмт хэрэгт холбогдсон тул өгөх боломжгүй, энэ хэргийг шийдвэрлэсний дараа өгөх боломжтой гэх байдлаар  тайлбарласан  байдаг.  Тухайн үед Монгол шуудан банкны 1-р тооцооны төвийн эрхлэгчээр ажиллаж байсан  О. Чулуунчимэг нь  бидний зөвшөөрөлгүйгээр  хадгаламжийн дансыг олон  удаа  нааш, цааш нь шилжүүлж,  ямар орлого зарлагын гүйлгээ хийгдээд байсныг хадгаламж эзэмшигч нар  мэдэх боломжгүй байсан. О.Чулуунчимэг Б.Болд нар нь хадгаламж эзэмшигч Ц.Төмөрбаатарын нэрийг ашиглан банкнаас нийт 50.000.000 төгрөгийг авч ашигласан байдаг.

О.Чулуунчимэг, Б.Болд нарын хадгаламж барьцаалан бусдыг залилсан үйлдлийн талаар хадгаламж эзэмшигч нар мэдээгүй бөгөөд улмаар дээрх хэргийг эрүүгийн журмаар шалгаж байх хугацаанд буюу 2018 оны 3 дугаар сарын 17-ны өдөр 1131036123 тоот хадгаламжийн дансны үлдэгдэл 9.508.831 төгрөгийг түр данс болох 1100000102 тоот дансруу Ц.Төмөрбаатар, хадгаламж хааж шилжүүлэв гэсэн гүйлгээний утгатайгаар шилжүүлж, мөн өдөр Ц.Төмөрбаатарын данснаас хадгаламж барьцаалсан зээл төлүүлэв гэсэн утгатайгаар зарлагын гүйлгээ хийгдсэн.

О.Чулуунчимэг, Б.Болд нарын эрүүгийн хэргийг шалгаж 2015 оны эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан, гэмт хэрэгт тооцохгүй болсон гэх үндэслэлээр 2019 оны 4 сарын 02-ны өдрийн Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын прокурорын тогтоолоор хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.

Хадгаламж эзэмшигч Ц.Төмөрбаатар, Т.Оийн хадгаламж барьцаалан “Монгол шуудан банк"-тай зээлийн гэрээ байгуулаагүй, бидэнд мэдэгдэлгүйгээр нэр ашиглаж хийсэн хууль бус үйлдэл бөгөөд мөнгөн хадгаламжид аливаа этгээдийн үйлдлээс шалтгаалж учирсан хохирол, хариуцлага нь хадгаламж эзэмшигчид хамааралгүй юм.

  Нэхэмжлэгч бид, хүүхдүүдийнхээ 10 гаруй жил хөдөлмөрлөж, олсон мөнгийг Монгол Шуудан банкинд хадгалуулсан, банкны ажилтаны буруутай үйлдлийн улмаас 20-иод жил хохирч байна. Хэдийгээр О.Чулуунчимэгийн  буруутай үйлдлийн улмаас хохирсон ч  хохирлоо банкнаас нэхэмжилж байна.

Хадгаламж эзэмшигч нь хадгалуулсан мөнгөө гэрээний дагуу Монгол шуудан банкнаас гаргуулж авах эрхтэй гэж үзэж байх тул Монгол шуудан банктай байгуулсан хадгаламжийн гэрээний дагуу үлдэгдэл мөнгийг, хуримтлагдсан хүүгийн хамтаар 35.300.000 төгрөгийг  шаардаж байна.

...Талийгаачийн эхнэр Ч.Цэцэгсүрэн, хүү Т.Оюунбаяр болон Т.О бид хууль ёсны өв залгамжлагч бөгөөд талийгаач эцэг Ц.Төмөрбаатар өв хөрөнгөөс эхнэр Ч.Цэцэгсүрэн, хүү Т.Оюунбаяр нар нь татгалзаж Т.О нь өвлөгдөх эд хөрөнгийг хүлээн авах эрхтэй болсон.

 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Ц.Төмөрбаатарын өв хөрөнгө болон Монгол шуудан банк дахь 1131036123 тоот дансны 9.465.265 төгрөг хүүгийн хамт 35.300.000 төгрөгийг Т.От 100 хувь олгохоор өвлөх эрхийн гэрчилгээ олгогдсон. Дээрх 2008 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн хадгаламжийн дансан дахь 9.465.265 төгрөгийг 11 жил 4 сарын 2.01 хувийн хүүгээр тооцож үзэхэд 2019 оны 5 дугаар сарын байдлаар 35.300.000 төгрөг байна.

Монгол шуудан банкыг Банкны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т заасны дагуу өөрчлөн байгуулж Монгол банкны Ерөнхийлөгчийн 2010 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 252. 2013 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн А/153 дугаар тушаалаар Монгол шуудан банкны актив, пассив хөрөнгө, тэдгээртэй холбоотой ажил үйлчилгээг Хадгаламж банкд шилжүүлсэн. Монгол шуудан банк ХХК-ийн банкны үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг 2010 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болгож, хучингүйд тооцож, Хадгаламж банк ХХК-д Банкны эрх хүлээн авах албадлагын арга хэмжээг 1 жилийн хугацаатайгаар авсан байдаг. Харин Банкны тухай хуулийн 48.2., 55 дугаар зүйл болох холбогдох хэм хэмжээг үндэслэн "Хадгаламж банк ХХК-д Банкны эрх хүлээн авагч томилон, эрх хулээн авагчаас санал болгосны дагуу тус банкны тодорхой актив, пассив херөнгийг салбар, нэгжийн хамт Т ХХК-д шилжүүлсэн. Иймд "Монгол шуудан банк"-ны буюу түүний эрх хүлээн авсан Хадгаламж банк ХХК дахь банкны эрх хулээн авагч, Т ХХК-аас 35.300.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

2. Хариуцагч Т ХХК-ийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч  Ч.Рэгзэн, Х.Мөнхзул нар шүүхэд бичгээр гаргасан хариу  тайлбар  болон шүүх хуралдаанд гаргасан  тайлбартаа:  Төрийн банкны зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг  бүхэлд нь дараах үндэслэлээр  хүлээн зөвшөөрөхгүй байна.

Монголбанкны Ерөнхийлөгчийн 2013 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн А/157 тоот "Албадан татан буулгах тухай" тушаалаар Хадгаламж банк ХХК-ийг хуулийн этгээдийнх нь хувьд татан буулгаж, 2013 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн А/153 тоот тушаалаар банкны эрх хулээн авах албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэж, эрх хүлээн авагчийг томилсон байдаг.

Төрийн банк нь эрх хүлээн авагчтай байгуулсан 2013 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 002/2013БЭХА/154 "Актив, хөрөнгө шилжүүлэх гэрээ",  007/2013БЭХА/164 тоот "Шаардах эрх шилжүүлэх гэрээ"-ээр Хадгаламж банкны зарим актив, пассив хөрөнгийг шилжүүлэн авсан. Үүнд мөнгөн хадгаламж мөн хамаарна. Хадгаламж банкны мөнгөн хадгаламжийг 2013 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 014/2013БЭХА/171 тоот "Гуравдагч этгээдээр үүрэг гүйцэтгүүлэх гэрээ", түүний хавсралтын дагуу шилжүүлэн авсан. Ийнхүү шилжиж ирсэн хадгаламж эзэмшигчдийн жагсаалтад Цэнддорж овогтой Төмөрбаатар /РД: XH50092870/, Төмөрбаатар овогтой Оюунчимэг /РД:ХН77031762/ гэсэн хадгаламж эзэмшигч байдаггүй.   Мөн О.Чулуунчимэг гэх ажилтан шилжин ажиллаагүй болно.

Дээр дурдсан Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаалаар Хадгаламж банкийг хуулийн этгээдийнх нь хувьд татан буулгаж эрх хүлээн авагч томилсон бөгөөд Иргэний хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасны дагуу Төрийн банканд нэгтгээгүй, харин Банкны тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1.2, 59 дүгээр зүйлийн 59.1, Иргэний хуулийн 123 дугаар зүйлд зааснаар шаардах эрхийг шилжүүлсэн байдаг.  

Иймд Төрийн банк нь Ц.Төмөрбаатар болон Т.О нартай байгуулсан мөнгөн хадгаламжийн гэрээний эрх, үүргийг Хадгаламж банк дахь банкны эрх хүлээн авагчаас шилжүүлэн аваагүй тул хадгаламжийн гэрээний үүргийг хариуцах этгээд биш бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. 9,508,831 төгрөг байсан гэх Монголшуудан банкны 1131036123 тоот дансны эзэмшигч нь Т.О биш бөгөөд тухайн дансны хадгаламжийн гэрээ, дэвтэр зэрэг баримт байдаггүй тул нэхэмжлэгч нь гэрээний үүргийг шаардах эрхгүй гэж үзэж байна. 2019.10.30-ны өдрийн 55 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээнд өвлөх хөрөнгийг "мөнгөн хадгаламжийн үлдэгдэл 35,300,000 төгрөг", мөнгөн хадгаламжийн арга хэрэгсэл Хадгаламжийн дэвтэр гэснээс үзвэл Хадгаламжийн дэвтэрийн үндсэн дээр хадгалуулсан 35,300,000 төгрөгийн хадгаламж /эд хөрөнгө өвлөгдсөн байна гэж үзэж байна. Гэтэл нэхэмжлэгч нь гэрээний үүрэгтэй холбоотой шаардах эрхийг үндэслэн нэхэмжилж байгаа нь өөрт өвлөгдөөгүй буюу шилжиж ирээгүй эрхийг хэрэгжүүлж байна.

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байна. Нэхэмжлэгч нь 2019.11.25-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байх тул хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-т "Хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, түүнчлэн гомдлын шаардлага гаргах буюу баталгаат хугацаа тогтоосон бол гомдлын шаардлагын хариуг авсан буюу эдгээр хугацаа дууссан үеэс үүснэ" гэж заасан Ц.Төмөрбаатар нь дансан дахь мөнгөө хэзээ ч шалгаад мэдэх боломжтой тул эрх зөрчигдсон талаар 2008 онд мэдсэн буюу мэдэх боломжтой байсан. Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, 79.2-т заасны дагуу тогтоосон журмаар нэхэмжлэл /эрүүгийн хэрэгт иргэний нэхэмжлэл гаргасан зэрэг/ гаргасны улмаас хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэх баримт хэрэгт авагдаагүй байна.

Маргааны үйл баримттай холбоотойгоор хадгаламж эзэмшигч Ц.Төмөрбаатар нь хадгаламжаа өөрөө захиран зарцуулаагүй, хадгаламжийг түүний авсан зээлд төлүүлээгүй болон Хадгаламж банк, түүний ажилтны хууль бус ажиллагаатай холбоотойгоор Ц.Төмөрбаатар нь хохирсон гэх үйл баримт нь баримтаар нотлогдоогүй байна. Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

3.Хамтран хариуцагч Хадгаламж банк ХХК дахь банкны эрх хүлээн авагчын  итгэмжлэгдсэн төлөөлөгч  А.Баттуяа  шүүхэд  гаргасан хариу  тайлбартаа болон  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Хадгаламж банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагч нь бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татагдаж 2021 оны 6 дугаар сарын 15-ны одрийн 362 дугаар албан бичгээр шүүхэд  хариу тайлбарыг хүргүүлж байсан. Т.Оийн нэхэмжлэлтэй Т ХХК-д холбогдох 35.300.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хамтран хариуцагчаар оролцож байна.

  Юуны өмнө Хадгаламж банк ХХК дахь эрх хүлээн авагчийн эрх зүйн байдлын тухайд тайлбарлая. Монгол шуудан ХХК болон Хадгаламж банк ХХК нарын хооронд  байгуулагдсан 2010 оны 3дугаар сарын 17-ны өдрийн 1 тоот “Монгол Шуудан банкны актив, пассив, хөрөнгө, тэдгээрийг шаардах эрх шилжүүлэх тухай “ гэрээгээр Монгол  Шуудан банк ХХК-ийн зарим шаардах эрхийг Хадгаламж  банк ХХК-д шилжүүлсэн байдаг.Үүний дараа  Хадгаламж банк ХХК-ийг төлбөрийн чадваргүй болсон гэх үндэслэлээр  Монголбанкны ерөнхийлөгчийн 2013 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн А-153 дугаар тушаалаар  банкны  эрх хүлээн  авагчийг томилсон байдаг.  Банкны эрх хүлээн авагч нь  Банкны тухай хуулийн 68 дугаар  зүйлийн 68.3-т заасан чиг үүргийг хэрэгжүүлж ажиллана. Манай зүгээс  нэхэмжлэлтэй холбоотойгоор, Ц.Төмөрбаатарын нэр дээрх зээлийн болон хадгаламжийн  дансанд, дансны бүртгэлээс шүүлт хийж үзэхэд   Ц.Төмөрбаатарын эзэмшлийн хадгаламжийн данс шилжиж ирээгүй, Т.О нарын 1131014869 тоот хадгаламжийн дансны үлдэгдэл болох 9 508 831 төгрөг Монгол шуудан банк ХХК-иас Хадгаламж банк ХХК-д шилжин ирээгүй, харин  10000027305 дугаар дансанд бүртгэлтэй 24,692,869.00 /Хорин дөрвөн сая зургаан зуун ерэн хоёр мянга найман зуун жаран есөн/ төгрөгийн үлдэгдэлтэй зээл шилжиж ирсэн байдаг.

Ц.Төмөрбаатарын нэр дээр 2006 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр  1131014869 тоот данс нээсэн байдаг. Энэ хадгаламжаас тодорхой хэсгийг удаа дараа авч, 2008 оны 2 дугаар сарын 26-ны өдөр  34.467.265 төгрөгийг бэлнээр авснаар хадгаламжийн дансы үлдэгдэл “0” төгрөг болсон байдаг. Үүний дараа  2008 оны 03 дугаар сарын 17-ны өдөр  1131036123 тоот хадгаламжийн дансны үлдэгдэл 9 508 831 төгрөгийг түр данс болох 1100000102 тоот данс руу Ц.Төмөрбаатар, хадгаламж хааж шилжүүлэв гэсэн гүйлгээний утгатайгаар шилжүүлж, мөн өдөр Ц.Төмөрбаатарын нэр дээр бүртгэлтэй гэх 1100649919 тоот данс руу Ц.Төмөрбаатарын данснаас хадгаламж барьцаалсан зээл төлүүлэв гэсэн утгатайгаар зарлага гаргаснаар  хадгаламжийн дансыг   тэглэсэн байдаг.

Өөрөөр хэлбэл, 2008 оны 03 дугаар сарын 17-ны өдөр шилжигдэн бүртгэгдсэн 1131036123 тоот хадгаламжийн дансны үлдэгдэл 9 508 831 төгрөгийг түр данс болох 1100000102 тоот данс руу Ц.Төмөрбаатар, хадгаламж хааж шилжүүлэв гэсэн гүйлгээний утгатайгаар шилжүүлж, мөн өдөр Ц.Төмөрбаатарын нэр дээр бүртгэлтэй гэх 1100649919 тоот данс руу Ц.Төмөрбаатарын данснаас хадгаламж барьцаалсан зээл төлүүлэв гэсэн утгатайгаар зарлагын гүйлгээ хийгдсэн байх тул 2010 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 01 тоот Монгол шуудан банкны актив, пассив, хөрөнгө, тэдгээрийг шаардах эрх шилжүүлэх гэрээний 1.2.2.б-д заасан хадгаламжийн дүнд 9 508 831 төгрөг орж тооцогдон Монгол шуудан банкаас Хадгаламж банканд шилжих боломжгүй юм.

Хадгаламж банкны хувь нийлүүлэгчдийн хурал, Монгол шуудан банкны нэгдэх ажлын бүрэн эрхт комиссын 2020 оны 03дугаар сарын 17-ны өдрийн 10-05/07 дугаартай  тогтоол болон 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 01 дугаартай “ Монгол шуудан банкны актив, пассив, хөрөнгө  тэдгээрийн шаардах эрх шилжүүлэх” гэрээгээр , нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа хадгаламжийн  үлдэгдэл 9.465,265 төгрөг төгрөг шилжиж  ирээгүй, өмнө нь зээлийн төлбөрт суутгагдаж  тооцогдсон байсан.Эдгээрээс үзэхэд, Монгол шуудан банк ХХК нь Хадгаламж банк ХХК-д зарим  актив, пассив хөрөнгөө шилжүүлээгүй байх үеийн  2008 оны 03 сарын 17-ны өдөр зээлийн төлөлт байх  бөгөөд Хадгаламж  банк ХХК-д  шилжиж ирээгүй актив, пассив хөрөнгөтэй холбоотой аливаа эрх үүргийг Хадгаламж  банкны эрх хүлээн авагч хариуцах эрх зүйн үндэслэлгүй байна.

Дээр дурдсан Хадгаламж банк ХХК-ийн тэнцэлд шилжиж ирсэн Ц.Төмөрбаатарын зээл нь О.Чулуунчимэгийн Монгол шуудан ХХК-д ажиллаж байх үедээ холбогдох хууль тогтоомжийг зөрчиж авсан зээл байсан тул түүнд холбогдуулан иргэний шуухэд гэм хорын хохирол гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагч гэм хорын хохирлыг төлөхөө хүлээн зөвшөөрсөн тул шүүхээс Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж гарсан. Түүнчлэн тус шүүгчийн захирамжийг үндэслэн зээлийн үлдэгдлийг О.Чулуунчимэгийн нэр дээр бүртгэлтэй дансанд шилжүүлж, Ц.Төмөрбаатарын зээлийн дансыг хааж, хувийн хэргийг архивт шилжүүлсэн байна

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх хэсэгт үзэл" гэж банк, эрх бүхий хуулийн этгээдээс гэрээний үндсэн дээр тодорхой зориулалт. хугацаа, эргэн төлөгдөх тохиролцоогоор хүүтэй буюу хүүгүй бусад этгээдэд аливаа хэлбэрээр олгосон мөнгөн хөрөнгийг ойлгохоор зохицуулжээ. Монгол шуудан банк ХХК болон Хадгаламж банк ХХК нарын 2010 оны 3 дугаар сарын 17-ны өдөр 01 тоот гэрээнээс үзвэл Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.2, 123.6 дахь заалтыг тус тус үндэслэн гэрээг байгуулсан ба тус хуулийн 123.2 дахь хэсэгт "Хууль, гэрээ буюу үүргийн мөн чанарт харшлахгүй бол шаардах эрх эзэмшигч нь гуравдагч этгээдтэй байгуулсан гэрээний үндсэн дээр үүрэг гүйцэтгэгчийн зөвшөөрөлгүйгээр шаардах эрхээ шилжүүлж болно" гэсэн нь нэг этгээдээс нөгөөд шилжүүлж буй тэрхүү хөрөнгөтэй л /зээл буюу мөнгөн хөрөнгө/холбоотой шаардах эрхийн тухай зохицуулалт юм.

Харин Компанийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт "Компанийн үйл ажиллагааг зогсоож, түүний эрх, үүрэг, хариуцлагыг өөр компанид шилжүүлэхийг компанийг нэгтгэх гэнэ" гэж зохицуулсан байх ба талуудын дээр дурдсан гэрээнээс үзвэл Хадгаламж банк ХХК нь Монгол шуудан банк ХХК-ийн үйл ажиллагааны бүхий л эрх, үүрэг, хариуцлагыг хүлээхээр огтхон ч тохиролцоогүй гэдэг нь илэрхий харагддаг.

Нэхэмжлэгч шүүхэд анх О.Чулуунчимэг, Б.Болд нарын хадгаламж барьцаалан бусдыг залилсан үйлдлийн талаар хадгаламж эзэмшигч нар мэдээгүй бөгөөд улмаар дээрх хэргийг эрүүгийн журмаар шалгаж байх хугацаанд бид иргэний журмаар нэхэмжлэл гаргах боломжгүй байсан одоо Т ХХК-иас гэм хорын хохиролд 35,300,000 төгрөг гаргуулахаар шаардаж байна гэсэн хэрнээ нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж Хадгаламж банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагч, Т ХХК нараас нийт 35,300,000.00 /Гучин таван сая гурван зуун мянган/ төгрөгийг мөнгөн хадгаламжийн гэрээнээс үүдэлтэй шаардаж байна гэж маргадаг. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт "гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил" байхаар зохицуулсан, мөн хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бол тэр тухай нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй. Гэвч хавтас хэрэгт нэхэмжлэгч хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан эсэх тухай нотлох баримтаа ирүүлээгүй байна.

Иргэний хуулийн 454 дүгээр зүйлийн 454.1 дэх хэсэгт "Мөнгөн хадгаламжийн гэрээгээр банк, мөнгөн хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд II хадгалуулагчийн мөнгийг хадгалах, хадгалуулсан мөнгийг тухайн мөнгөн тэмдэгтээр хүүгийн хамт буцаан олгох үүрэг хүлээнэ", 454.2 дахь хэсэгт "Мөнгөн хадгаламжийн гэрээнд хадгалалтын хугацаа, хүүгийн хэмжээ, түүнийг тооцох журам, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс талуудын хүлээх хариуцлагыг тусгана" гэж хуульчилжээ. Нэхэмжлэгч Монгол шуудан ХХК-тай мөнгөн хадгаламжийн гэрээ байгуулсан гэх ба энэхүү гэрээтэй холбоотойгоор мөнгөн хадгаламжийг хадгалуулагчийн мөнгийг хадгалахаар тохиролцсон хугацааны хүүгийн хамт л гэрээний нөгөө талаас шаардах боломжтой. Гэтэл нэхэмжлэгчтэй гэрээ байгуулаагүй хариуцагч нараас ямар үндэслэлээр 35,300,000.00 /Гучин таван сая гурван зуун мянган төгрөгийг шаардаж буй нь хууль зүйн хувьд маш тодорхойгүй байна. Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэв.

            4.Нэхэмжлэгчээс,  улсын тэмдэгтийн хураамж төлсөн  баримт,  итгэмжлэл Монгол Шуудан  банктай  байгуулсан  мөнгөн хадгаламжийн гэрээ, иргэний үнэмлэх,  хадгаламжийн дансны хуулга, хадгаламжийн зарлагын баримт,  Монгол  шуудан банкны 2008 оны 01 сарын 28-ны өдрийн 05/04-129 тоот тодорхойлолт,  нас барсны гэрчилгээ, Монгол шуудан банкны  2008 оны 01 сарын 25-ны өдрийн хадгаламжийн зарлагын баримт болон дансны хуулга, Монгол Шуудан банкны  2006 оны  01 дүгээр сарын 24-ний орлогын гүйлгээний баримт, 2008 оны 01 сарын 25-ны өдрийн гүйлгээний баримт, Монгол шуудан банкы тооцоонй 01 дүгээр төвийн  2008 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн хадгаламжийн гүйлгээний жагсаалт, 2008 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 05/04-129 тоот тодорхойлолт, 2008 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн хадгаламжийн  орлогын  баримт,  өвлөх эрхийн гэрчилгээ, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 181/ШЗ20109/08767 дугаар “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамж,  Баянгол дүүргийн прокурорын газрын прокурорын 2019 оны 04дүгээр сарын 02-ны өдрийн 10 дугаартай “ Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай”  тогтоол, нэхэмжлэлийн шаардлагын тодруулга, холбогдох баримт...зэрэг бусад нотлох баримтуудыг,

5. Хариуцагчаас, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл, Т ХХК, Хадгаламж банк дахь эрх хүлээн авагч нарын  байгуулсан 2013 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 007/2013/БЭХА/164 дугаар “шаардах эрх шилжүүлэх” гэрээ,  2013 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 002/2013БЭХА/154 дугаар актив, Пассив хөрөнгө шилжүүлэх гэрээ, Монгол банкны ерөнхийлөгчийн 2013 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 4/153, А/157 дугаар тушаал, 2013 оны 7 сарын 23-ны өдрийн 014/2013/БЭХА/171 дугаар гуравдагч этгээдээр үүрэг гүйцэтгүүлэх гэрээ, 1131014869,1131034772,1131035404,11310272266,1131035992,  1131036098, тоот  дансны хуулга, Хадгаламж банк ХХК дахь банкны эрх хүлээн авагчаас Төрийн банкинд шилжүүлсэн хадгаламжийн  дансны үлдэгдэл /2013 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар, Монгол шуудан банкны 1131036123 дугаартай хадгаламжийн дансны хуулга зэрэг баримтуудыг,

6. Хамтран хариуцагчаас, Монгол Шуудан банкны 2007 оны 2 дугаар сарын 21-ний өдөр, Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст “Эрүүгийн хэрэг үүсгүүлэх тухай”хүсэлт, Монгол шуудан банк дотоод хяналтын хэлтсийн  2007 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн төлбөрийн акт, 2007 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн “Эрүүгийн хэрэг үүсгэх тухай” тогтоол, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн  2010 оны 11дүгээр сарын 25-ны өдрийн 129 тоот дүгнэлт, Банягол дүүргийн прокурорын газрйн прокурорын 2019 оны 04дүгээрсарын 02-ны өдрийн 10 дугаартай “ Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” тогтоол,  Баянгол дүүргийн прокурорын  газрын 2019 оны 05дугаар сарын 30-ны өдрийн 607 тоот хариу мэдэгдэх хуудас,  Улсын ерөнхий прокурорын  2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 1/1381 тоот хариу мэдэгдэх хуудас, дансны хуулгууд, Ц. Төмөрбаатарын 2006 оны 8 дугаар сарны 22, 2007 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн зээлийн өргөдлийн хуулбар ,Монгол шуудан банкны  2006 оны 08 дугаар сарын 22, 2006 оны 09 дүгээр сарын 25, 2007 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн  зээлийн гүйлгээ  хийх шийдвэрийн хуулбар,Төмөрбаатарт 2006 оны 8 сарын 22, 2006 оны 09 дүгээр сарын 25, 2007 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр зээл олгосон баримт, зээлийн боллн барьцаат зээлийн гэрээний хуулбарууд,зээлийн болон балансын гадуурх дансны хуулгуудын хуулбар зэрэг бусад  баримтуудыг  тус тус гаргаж өгсөн.

7. Нэхэмжлэгчийн хүсэлтээр, тус шүүхийн шүүгчийн 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 182/ШЗ/2020/01603 дугаар  захирамжаар Улсын бүртгэлийн ерөнхий газраас нотлох баримтаар гаргуулсан /1-6 хавтас баримт/, 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн  182/ШЗ2020/02287 дугаар захирамжаар / Хадгаламж банк ХХК дахь банкны эрх хүлээн авагчаас хх1-144-170 тал/, тус шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 182/ШТ2021/00236 дугаар тогтоол, 2022 оны 01дүгээр сарын 28-ны өдрийн 182/ШТ/2022/00017 дугаар тогтоолоор тус тус   Монгол банк, Улсын бүртгэлийн  ерөнхий газар, Сүхбаатар дүүргийн  тойргийн 93 дугаар бүртгэлийн дугаар бүхий нотариатч Ч. Батбилэг, Хадгаламж  банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагч,  Үндэсний төв архивын газар нараас шүүхийн журмаар  бүрдүүлсэн нотлох  баримтууд байна./х.х 1-ийн 84-85,136-137, хх2-ийн 190-191, 245-249, тал, х.х 3-ийн 41 тал/

  ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч Т.О нь хариуцагч Т ХХК-д холбогдуулан анх мөнгөн хадгаламжийн гэрээний үүрэгт 35.300.000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч байгууллагын ажилтны хууль бус үйлдлийн улмаас учруулсан гэм хорын хохирол 35 300 000 төгрөг гаргуулах гэж , хамтран хариуцагчаар Хадгаламж банк ХХКдах  банкны эрх хүлээн авагчийг татаж,  хадгаламжийн орлого 35.300.000  төгрөг гаргуулах гэж  шаардлагаа тодорхойлсон боловч, шүүх хуралдаанаар хэрэг хэлэлцэх явцад  банкны ажилтаны  буруутай үйлдлийн улмаас  хохиролд 35.300.000 төгрөг гаргуулахаар   нэхэмжлэлийн үндэслэлээ тодруулж, шаардлагаа   өөрчилсөн  болно. 

Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч  дээрх нэхэмжлэлийн шаардлагаа хэд хэдэн удаа өөрчилсөн бөгөөд, нэхэмжлэлийн шаардлагыг эцсийн байдлаар тодорхойлбал,

2.Хариуцагч Т ХХК, Хадгаламж банк ХХХ дахь банкны  эрх хүлээн авагч нараас Монголд шуудан банкны тооцооны 1 дүгээр төвийн эрхлэгч О.Чулуунчимэгийн  хууль бус үйлдлийн улмаас учруулсан  гэм хорын хохиролд 35.300.000 төгрөг гаргуулах  агуулга бүхий шаардлага гаргажээ.  

3.Хариуцагч, нэхэмжлэгчийн гаргасан шаардлага бүрт хариу тайлбар гарган  мэтгэлцэж байгаа болно.

4. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн  үндэслэлээ Монгол шуудан банкны 1 дүгээр тооцооны төвийн эрхлэгчээр ажиллаж байсан О.Чулуунчимэг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Ц.Төмөрбаатарыг 1131014869 тоот хадгаламжаа барьцаалан 50.000.000 төгрөгийн зээл авсан мэтээр түүний нэр дээр зээлийн гэрээг байгуулж, мөнгийг өөртөө авч ашигласан үйлдэлдээ эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгагдсан боловч гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр Баянгол дүүргийн Прокурорын газрын прокурорын тогтоолоор О.Чулуунчимэг нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн, Монгол шуудан банкны актив, пассив хөрөнгийг Хадгаламж банкинд 2010 оны 03 дугаар сарын 17-ны өдөр 01 тоот Монгол шуудан банкны актив, пассив, хөрөнгө, тэдгээрийг шаардах эрхийг шилжүүлэх гэрээ-ээр шилжүүлсэн, Хадгаламж банкны актив, пассив хөрөнгийг салбар нэгжийн хамт 2013 оны 07 дугаар сарын 22-ны өдөр 002/2013/БЭХА тоот Актив, пассив хөрөнгө шилжүүлэх гэрээгээр   тус тус Хадгаламж банк ХХК дахь банкны эрх хүлээн авагч,  Төрийн банк нарт  шилжүүлсэн тул Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1.-д заасны дагуу ажиллагсад албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдлээрээ бусдад учруулсан хохирлыг түүнийг ажиллуулж байгаа байгууллага хүлээх зохицуулалтын дагуу хадгаламжийн дансны үлдэгдэл 9 465 265 төгрөгийг, 11 жил 4 сарын хугацаанд олох ёстой байсан орлогод сарын 2,01 хувийн хүү тооцож, 25 834 735 төгрөг, нийт 35 300 000 төгрөгийг гэм хорын хохирол учирсан гэж , хариуцагч нараас  гаргуулна” гэж тодорхойлсон байна.

5.Хариуцагч Т ХХК нь  нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж байгаа үндэслэлээ...Монгол шуудан ХХК болон Хадгаламж банк ХХК нарын хооронд  байгуулагдсан 2010 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 1 тоот “ Монгол Шуудан банкны актив, пассив, хөрөнгө, тэдгээрийг шаардах эрх шилжүүлэх тухай “ гэрээгээр Монгол Шуудан банк ХХК-ийн зарим шаардах эрхийг Хадгаламж банк ХХК-д шилжүүлсэн байдаг. Хадгаламж банк ХХК-ийг төлбөрийн чадваргүй болсон гэх үндэслэлээр Монголбанкны ерөнхийлөгчийн 2013 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн А-153 дугаар тушаалаар  банкны  эрх хүлээн  авагчийг томилсон байдаг.

             Хадгаламж банкны мөнгөн хадгаламжийг 2013 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 014/2013БЭХА/171 тоот гуравдагч этгээдээр үүрэг гүйцэтгүүлэх гэрээ-ний дагуу шилжүүлэн авсан, үүнд Ц.Төмөрбаатар, Т.О гэсэн хадгаламж эзэмшигч байхгүй, тэдэнтэй холбоотой мөнгөн хадгаламжийн гэрээний эрх, үүргийг Хадгаламж банк ХХК дахь Банкны эрх хүлэн авагчаас хүлээж аваагүй, О.Чулуунчимэг, н.Болд гэх ажилтан Т ХХК-д ажилладаггүй учраас ажилтны гэм буруутай үйлдлээс учирсан хохирол хамааралгүй, хөөн хэлэлцэх хугацаа дууссан, анх Ц.Төмөрбаатар, Т.О нарт олгосон хадгаламжийн дэвтэрт 1131014869 тоот данс байдаг, нотариатчаас Т.От олгосон 2019 оны 55 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээнд хадгаламжийн 1131036123 тоот данс гэж бичигдсэн зөрүүтэй, нь өөрт өвлөгдөөгүй буюу шилжиж ирээгүй эрхийг хэрэгжүүлж байна...” гэх,

6. Хамтран хариуцагч Хадгаламж банк ХХК-дахь банкны эрх хүлээн авагч ...Монгол шуудан ХХК болон Хадгаламж банк ХХК нарын хооронд  байгуулагдсан 2010 оны  3 дугаар сарын 17-ны өдрийн 1 тоот “ Монгол Шуудан банкны актив, пассив, хөрөнгө, тэдгээрийг шаардах эрх шилжүүлэх тухай” гэрээгээр Монгол  Шуудан банк ХХК-ийн зарим шаардах эрхийг Хадгаламж  банк ХХК-д шилжүүлсэн байдаг. Хадгаламж банк ХХК-ийг төлбөрийн чадваргүй болсон гэх үндэслэлээр  Монголбанкны ерөнхийлөгчийн 2013 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн А-153 дугаар тушаалаар  банкны  эрх хүлээн  авагчийг томилсон байдаг.

  Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагатай холбоотойгоор Ц.Төмөрбаатарын нэр дээрх зээлийн болон хадгаламжийн  дансанд, дансны бүртгэлээс шүүлт хийж үзэхэд   Ц.Төмөрбаатарын эзэмшлийн хадгаламжийн данс шилжиж ирээгүй, Т.О нарын 1131014869 тоот хадгаламжийн дансны үлдэгдэл болох 9.467.265 /9.508.831/ төгрөг Монгол шуудан банк ХХК-иас Хадгаламж банк ХХК-д шилжсэн ирээгүй, харин 10000027305 дугаар дансанд бүртгэлтэй 24,692,869.00 /Хорин дөрвөн сая зургаан зуун ерэн хоёр мянга найман зуун жаран есөн/ төгрөгийн үлдэгдэлтэй зээл шилжиж ирсэн байдаг.

Ц.Төмөрбаатарын нэр дээр  2006 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр  1131014869 тоот данс нээсэн байдаг.  Энэ хадгаламжаас тодорхой  хэсгийг  удаа дараа авч,  2008 оны 2 дугаар сарын 26-ны өдөр 34.467265 төгрөгийг бэлнээр авснаар хадгаламжийн  дансы үлдэгдэл “0” төгрөг болсон байдаг. Үүний дараа  2008 оны 03дугаар сарын 17-ны өдөр  1131036123 тоот хадгаламжийн дансны үлдэгдэл 9.508.831 төгрөгийг түр данс болох 1100000102 тоот данс руу Ц.Төмөрбаатар, хадгаламж хааж шилжүүлэв гэсэн гүйлгээний утгатайгаар шилжүүлж, мөн өдөр Ц.Төмөрбаатарын нэр дээр бүртгэлтэй гэх 1100649919 тоот данс руу Ц.Төмөрбаатарын данснаас хадгаламж барьцаалсан зээл төлүүлэв гэсэн утгатайгаар зарлага гаргаснаар  хадгаламжийн дансыг  тэглэсэн байдаг.

Хадгаламж банк ХХК-ийн тэнцэлд шилжиж ирсэн Ц.Төмөрбаатарын зээл нь О.Чулуунчимэгийн Монгол шуудан ХХК-д ажиллаж байх үедээ холбогдох хууль тогтоомжийг зөрчиж авсан зээл байсан тул түүнд холбогдуулан иргэний шүүхэд  гэм хорын хохирол гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагч гэм хорын хохирлыг төлөхөө хүлээн зөвшөөрсөн тул шүүхээс хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж гарсан. Түүнчлэн тус шүүгчийн захирамжийг үндэслэн зээлийн үлдэгдлийг О.Чулуунчимэгийн нэр дээр бүртгэлтэй дансанд шилжүүлж, Ц.Төмөрбаатарын зээлийн дансыг хааж, хувийн хэргийг архивт шилжүүлсэн байна. Ц.Төмөрбаатар, Т.О нарын  эзэмшлийн хадгаламжийн дансны үлдэгдэл болох 9.467.265 /9 508 831/ төгрөг Монгол шуудан банк ХХК-иас Хадгаламж банк ХХК-д шилжсэн ирээгүй,  гэрээний үүргийн биелэлтийг шаардах хөөн хэлэлцэх хугацаа  дууссан ...” гэх  тайлбар гарган  мэтгэлцэж байна.

7. Шүүх, хэргийн оролцогчдын тайлбар, гаргаж өгсөн нотлох баримтууд, зохигчдын хүсэлтээр шүүхийн журмаар бүрдүүлсэн болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудын хүрээнд  дүгнэлт хийж дараах үндэслэлээр  Хадгалам банк ХХК  дахь банкны эрх хүлээн авагчид холбогдох нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, харин Т ХХК-д холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй  болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.  

 8.  Нэхэмжлэгч  Т. Оюунчимэгийн эцэг Ц.Төмөрбаатар нь 2012 оны 08 дугаар сарын 10-ны өдөр нас барсан болох нь 0000105577 тоот нас барсны гэрчилгээгээр нотлогдсон байх бөгөөд Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д зааснаар түүний эхнэр Ч.Цэцэгсүрэн, хамтран эзэмшигч охин Т.О, хүү Т.Оюунбаяр нар нь хууль ёсны өвлөгч болох нь 0057860 тоот Ц.Төмөрбаатар, Ч.Цэцэгсүрэн нарын гэрлэлтийн гэрчилгээ, Т.О, Т.Оюунбаяр нарын төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэхийн хуулбаруудаар  тогтоогдож байна.

Иймд дээрх хууль ёсны өвлөгч нар 1131014869 тоот хадгаламжийн дансны үлдэгдэл мөнгөн хөрөнгийн Ц.Төмөрбаатарт ногдох хэсгийг адил тэнцүү хэмжээгээр өвлөх эрхтэй.

Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1.-д зааснаар хууль ёсны өвлөгч нар өв нээгдсэнээс хойш 3 сарын дотор өв хүлээн авахаас татгалзсан тухайгаа нотариатчид, нотариатч байхгүй газар баг, сумын Засаг даргад мэдэгдээгүй бол өвийг хүлээн авсан гэж үзэх бөгөөд үүний дагуу Ц.Төмөрбаатарын хууль ёсны өвлөгч нар нэхэмжлэгч Т.О, түүний эх Ч.Цэцэгсүрэн, дүү Т.Оюунбаяр нар талийгаач Ц.Төмөрбаатарын өвийг хүлээн авсан байна.

Т.Оюунбаяр нь 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр, Ч.Цэцэгсүрэн нь 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр тус тус Сүхбаатар дүүргийн тойргийн нотариатчид талийгаач Ц.Төмөрбаатарын өв хөрөнгийг өвлөхөөс сайн дураар татгалзсан тухай хүсэлтийг гаргасан байх бөгөөд уг хүсэлтийг үндэслэн нэхэмжлэгч Т.От Монгол шуудан банкны 1131036123 тоот хадгаламжийн дансны мөнгөн хадгаламжийн доод үлдэгдлийн хэмжээг 35.300.000 төгрөгөөр тооцож өвлүүлэхээр 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 55 тоот Өвлөх эрхийн гэрчилгээг Сүхбаатар дүүргийн тойргийн нотариатч Ч.Батбилэг олгожээ.

Иймд Ц.Төмөрбаатарын хууль ёсны өвлөгч Т.О нь  Иргэний хуулийн 497дугаар зүйлийн 497.1,498 дугаар зүйлийн 498.1-д зааснаар шаардлага гаргах эрхтэй.

9.Нэхэмжлэгч Т.О, түүний эцэг  /Ц.Төмөрбаатар /талийгаач/ нар   Монгол Шуудан  банкны  тооцооны 1дүгээр  төвтэй   2006 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр  Платинум мөнгөн хадгаламжийн гэрээ байгуулж, 1131014869 тоот хадгаламжийн данс нээлгэн 48.120.840 төгрөгийг сарын  2,01 хувийн хүүтэйгээр, 12 сарын хугацаатай  хадгалуулсан байх бөгөөд, 2007 оны 01 дүгээр сарын 23, 2008 оны 01 дүгээр сарын 23-ны өдрүүдэд орлогын гүйлгээ хийж, 2008 оны 01 дүгээр сарын  24-ний өдрийн байдлаар нийт 68.510.905 төгрөгийн хадгаламжтай байжээ.

9.1.Хадгаламж эзэмшигч нар  дээрх данснаас   2008 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 34.309.209 төгрөг зарлагдаж, үлдэх 34.201.700 төгрөгийг 1131034772 тоот  дансанд шилжүүлж,  25.000.000 төгрөгийг  авч,  дээрх данс дах 9.465.265 төгрөгийг  2008 оны 02 дугаар сарын 26-ны өдөр  тус банк дахь 1131036123 тоот дансанд хадгаламжийн орлого Ц.Төмөрбаатар гэх утгаар хийгдсэн болох нь хэргийн оролцогчдын тайлбар,  Монгол шуудан банкны хадгаламжийн дэвтрийн хуулбар, 2006 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Платинум мөнгөн хадгаламжийн гэрээ, Монгол шуудан банкны хадгаламжийн дансны хуулгууд, хадгаламжийн орлогын баримтууд, хадгаламжийн дансны гүйлгээний жагсаалт зэрэг баримтуудаар нотлогдсон ба бөгөөд энэ талаар  зохигчид маргаагүй байна.

9.2  Монгол шуудан банкны гүйцэтгэх захирлын 2003 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 146 дугаар тушаалаар О. Чулуунчимэг нь   тус банкны харъяа  тооцооны 1 дүгээр  төвийн эрхлэгчээр томилогдон ажилласан  байх ба тус банкны гүйцэтгэх захирлын 2007 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 107 дугаар тушаалаар тус тооцооны төвд ноцтой зөрчил илэрсэнтэй  холбогдуулан   захирал  О. Чулуунчимэг, эдийн засагч Түвшиндалай нарыг  2007 оны 2 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн үүрэгт ажлаас нь түр түдгэлзүүлж, 2007 оны  03 дугаар  сарын 06-ны өдөр О.Чулуунчимэгт эрүүгийн хэрэг үүсгэн  шалгагдаж  байсан болох нь  Монгол шуудан банкны 2007 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн цагдаагийн газарт “Эрүүгийн хэрэг үүсгүүлэх тухай” хүсэлт,  Монгол Шуудан банкны дотоод хяналтын хэлтсийн 2007 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн  төлбөрийн акт,  эрүүгийн хэрэг үүсгэх тухай тогтоол, Шүүхийн шинжилгээний төвийн үндэсний төвийн шинжээчийн 2010 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 129 тоот дүгнэлт, яллах тогтоол зэрэг бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

9.3 Баянгол дүүргийн прокурорын газрын 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 10 дугаар тогтоолоор Яллагдагч  О.Чулуунчимэг, Б. Болд нарын хуурч бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж,эзэмшигч өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авах гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж их хэмээний хохирол учруулсан  гэх гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн  1 дэх хэсгийн 1.5-д заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэжээ.

Дээрх 10 тоот тогтоолд  “...  Яллагдагч О. Чулуунчимэг, Б. Болд нарын үйлдэл нь 2002 оны Эрүүгийн хууль  хүчин төгөлдөр   байх үед буюу 2004 оноос 2007 оны хооронд үйлдэгдсэн... мөн 2002, 2015 оны Эрүү хуульд тус тус  заасан  гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан гэх үндэслэлээр ... холбогдох хэргийг хэрэгсэхгүй  болгосон  тухайгаа дурджээ.

Банкны тухай хуулийн 27дугаар зүйлд банк байгуулах тусгай зөвшөөрөлийг хүчингүй болгох үндэслэлүүдийг, мөн хуулийн 54 дүгээр зүйлд банкны бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээний үндэслэл хүрээ, 55 дугаар зүйлд  банкны бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээг хэрэгжүүлэхэд ашиглах  хэрэгслэлийг тус тус тодорхойлж өгсөн.

            Иргэний хуулийн  31дүгээр зүйлийн 31.1-д “Хуулийн этгээдийн хөрөнгийг  өмчлөгч буюу түүнээс эрх олгосон байгууллагын шийдвэрээр хуулийн этгээдийг хуульд заасан журмын дагуу хийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх замаар өөрчлөн  байгуулж болно” гэж, мөн хуулийн 31.3-т “хуулийн этгээдийн үйл  ажиллагааг зогсоож, түүний эрх үүрэг, хариуцлагыг өөр хуулийн этгээдэд шилжүүлэхийг хуулийн этгээдийг нэгтгэх гэнэ” гэж тус тус  заажээ.

9.4 Хэрэгт баримтаар авагдсан Хадгаламж банкны Хувь нийлүүлэгчдийн хурал, Монгол шуудан банкны Нэгдэх ажлын бүрэн эрхт комиссын хамтарсан 2010 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 10-05/07 тоот “актив пассив хөрөнгө шилжүүлэх тухай “тогтоол, 10-05/07 тоот хамтарсан тогтоолын  нэгдүгээр хавсралт болох  Хадгаламж банк, Монгол шуудан банкны хооронд байгуулагдсан 2010 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 01 тоотоор    Хадгаламж банк нь Монгол шуудан банкны актив, пассив, хөрөнгө, тэдгээрийг шаардах эрх шилжүүлэх гэрээ нь Монгол Шуудан банкны харилцагч, хадгаламж эзэмшигчдийн мөнгөн хөрөнгийг хамгаалах зорилгоор Монгол шуудан банкны Нэгдэх ажлын бүрэн эрхт комиссын 2020 оны 03дугаар сарын 03-ны өдрийн шийдвэр, Хадгаламж банкны хувь нийлүүлэгчдийн 2010 оны 03дугаар сарын 05-ны  өдрийн 10/04 тоот  тогтоол, Монгол банкны тэргүүн дэд ерөнхийлөгчийн 2010 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн Б/22 тоот зөвшөөрөл, Хадгаламж банкны дүрмийн 6.4.3 дах заалтад үндэслэгджээ.

            9.5 Мөн  Монгол банкны  ерөнхийлөгчийн 2010 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн  252 тоот тушаалаар Монгол шуудан банк ХХК-ийн Банкны үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг 2010 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болгож хүчингүйд тооцсон  болох нь талуудын тайлбар болон хэргийн үйл баримтаар тогтоогдож байх тул хуулийн дээрх зохицуулалтын дагуу Монгол Шуудан банк ХХК-ийн үйл ажиллагааг зогсоож,  түүний эрх үүрэг хариуцлагыг Хадгаламж  банкинд  шилжүүлсэн гэж үзнэ.

9.6 Хадгаламж банк ХХК дахь банкны эрх хүлээн авагчиийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  шүүх хуралдаанд ...Хадгаламж банкны Хувь нийлүүлэгчдийн хурал, Монгол шуудан банкны Нэгдэх ажлын бүрэн эрхт комиссын хамтарсан 2010 оны 03дугаар сарын 17-ны өдрийн 10-05/07 тоот “актив пассив хөрөнгө шилжүүлэх тухай “тогтоол, 10-05/07 тоот хамтарсан тогтоолын  нэгдүгээр хавсралт болох  Хадгаламж банк, Монгол шуудан банкны хооронд байгуулагдсан 2010 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 01 дугаартай “ Монгол шуудан банкны актив, пассив, хөрөнгө  тэдгээрийн шаардах эрх шилжүүлэх” гэрээгээр, нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа хадгаламжийн  үлдэгдэл 9.465,265 төгрөг шилжиж  ирээгүй, өмнө нь зээлийн төлбөрт суутгагдаж  тооцогдсон байсан. Монгол шуудан банк ХХК нь Хадгаламж банк ХХК-д зарим  актив, пассив хөрөнгөө шилжүүлээгүй байх үеийн  2008 оны  3 сарын 17-ны өдөр зээлийн төлөлт байх  бөгөөд Хадгаламж  банк ХХК-д  шилжиж ирээгүй актив, пассив хөрөнгөтэй холбоотой аливаа эрх үүргийг Хадгаламж  банкны эрх хүлээн авагч хариуцах эрх зүйн үндэслэлгүй. ...гэж тайлбарлаж байгаа  хэдий ч       О. Чулуунчимэг нь  дээрх хугацаанд  Монгол шуудан банкны  тооцооны 1 дүгээр  төвийн эрхлэгчээр ажиллаж байх хугацаандаа  Ц.Төмөрбаатарын  хадгаламжийг  барьцаалж, түүний нэрээр удаа дараа зээл авч, улмаар , хадгаламжийн үлдэгдэл болох  9.465.265 төгрөгөөр   зээлийг төлүүлж, дансыг хааж байсан  гэж үзэхээр байна.

9.7 Хадгаламж банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагчийн 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 634 тоот албан бичиг, түүний хавсралтад 2008 оны 03 дугаар сарын 17-ны өдөр 1131036123 тоот хадгаламжийн дансны үлдэгдэл 9 508 831 төгрөгийг Хадгаламж банкны дотооддоо ашигладаг, тухайн өдөрт хийсэн нийт харилцагчийн гүйлгээг дамжуулдаг түр данс болох 1100000102 тоот данс руу Ц.Төмөрбаатар, хадгаламж хааж шилжүүлэв гэсэн гүйлгээний утгатай шилжүүлсэн, мөн өдөр Ц.Төмөрбаатарын нэр дээр бүртгэлтэй гэх 1100649919 тоот данс руу Ц.Төмөрбаатарын данснаас хадгаламж барьцаалсан зээл төлүүлэв гэсэн утгатай шилжсэн талаар тодорхойлжээ.

9.8 Хадгаламж эзэмшигч Ц.Төмөрбаатар, хамтран эзэмшигч Т.О нарын анх нээлгэсэн мөнгөн  хадгаламжийн 1131014869 тоот дансны үлдэгдэл 9.465.265 төгрөгийг   Ц.Төмөрбаатарын нэр дээр 1131036123 тоот дансанд  2008 оны 02 дугаар сарын 26-ны өдөр шилжүүлж, улмаар  2008 оны 03 дугаар сарын 17-ны өдөр 1131036123 тоот хадгаламжийн дансны үлдэгдэл 9 508 831 төгрөгийг Хадгаламж банкны дотооддоо ашигладаг, гэх... түр данс болох 1100000102 тоот данс руу, мөн өдрөө Ц..Төмөрбаатарын нэр дээр бүртгэлтэй гэх 1100649919 тоот данс руу Ц.Төмөрбаатарын данснаас хадгаламж барьцаалсан зээлийг төлүүлсэн  зэрэг нь  Монгол шуудан банкны тооцооны 1дүгээр  төвийн  эрхлэгчээр ажиллаж байсан  О. Чулуунчимэгийн  хууль бус үйлдэлтэй   шалтгаант холбоотой  болох нь тогтоогдож байна.

10.  Монгол шуудан банкны  тооцооны 1 дүгээр  төвийн эрхлэгчээр ажиллаж байсан  О.Чулуунчимэг  нь Ц.Төмөрбаатарын  хадгаламжийг барьцаалж, түүний нэрээр Монгол шуудан банкнаас 2006 оны 08 дугаар сарын 22-ны,  2007 оны 01дүгээр сарын  31-ний өдөр хадгаламж барьцаалсан зээл авч,  урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг  ашиглаж,  Ц. Төмөрбаатарын   хадгаламжийн үлдэгдэл   9.465.265 төгрөгөөр О.Чулуунчимэгийг  авсан зээлийг  төлүүлж, дансыг хаасан  байх тул Иргэний хуулийн 497.1,498 дугаар зүлйин 498.1-д зааснаар хамтран хариуцагч  Хадгаламж банк ХХК дахь банкны эрх  хүлээн авагч нь  нэхэмжлэгчид учирсан гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.

 Мөн нэхэмжлэгч талд  35.300.000 төгрөгийн  гэм хорын хохирол учрах, түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд, нэхэмжлэгчийн өөрийнх буруутай үйлдэл эс үйлдэхүй нөлөөлсөн зэрэг хэргийн бодит нөхцөл байдлыг харгалзан Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1-д зааснаар хариуцагчийн хүлээх гэм хорын хэмжээг  багасгах нь зүйтэй гэж үзэв.

            Иймд Хадгаламж банк ХХК дах  банкны эрх хүлээн авагчаас  9.465.265 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч  Т.От олгож, нэхэмжлэлээс  25.834.735 төгрөгт холбогдох  шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

11. Монголбанкны ерөнхийлөгчийн 2013 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн А-153 дугаар тушаалаар Хадгаламж банк ХХК-д 2013 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн 1 жилийн хугацаатай банкны эрх хүлээн авах албадлагын арга хэмжээг авч, банкны эрх хүлээн авагчийг томилсон байх ба хамгийн сүүлчийн байдлаар Монголбанкны ерөнхийлөгчийн 2021 оны 07 дугаар сарын 27-ний өдрийн А-202 тоот тушаалаар Хадгаламж банк ХХК-д авсан банкны эрх хүлээн авах албадлагын арга хэмжээг 2021 оны 07дугаар сарын 22-ны өдрөөс  эхлэн 1/нэг/ жилийн  хугацаагаар сунгажээ.

            12. Хадгаламж банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагч болон Т ХХК-ийн хооронд байгуулсан 2013 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 002/2013/БЭХА тоот Актив, пассив хөрөнгө шилжүүлэх гэрээ, 2013 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 014/2013 БЭХА тоот Гуравдагч этгээдээр үүрэг гүйцэтгүүлэх гэрээ-ээр Банкны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.7., 65 дугаар зүйлийн 65.1.1., Иргэний хуулийн 210, 454 дүгээр зүйлд заасны дагуу Хадгаламж банк ХХК дахь иргэд, хуулийн этгээдийн 549 853 862 824 төгрөгийн мөнгөн хадгаламжийн үлдэгдэл, хүүгийн өглөг, актив хөрөнгийн хамт Т ХХК-д шилжүүлсэн байх тул  хадгаламж эзэмшигч Ц.Төмөрбаатар, Т.О нарын 1131014869 тоот хадгаламжийн дансны үлдэгдэл болох 9 .467 265 төгрөг Монгол шуудан банк ХХК-иас Хадгаламж банк ХХК-д шилжүүлсэн болох нь тогтоогдохгүй байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 497.2-т зааснаар бусдын эрүүл мэндэд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй ба гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолсон л тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөнө.

Өөрөөр хэлбэл гэм хорыг арилгах үндэслэл, шаардах эрх нь гэм хор учруулагчийн хууль бус үйлдэл, учирсан хохирол хоёрын хооронд шалтгаант холбоо, гэм буруу тогтоогдсон байхыг шаардах бөгөөд гэм хор учруулсан этгээд, гэм хор учирсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолсноос бусад тохиолдолд хариуцлага хүлээдэг байна.

 Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1.-д Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээр учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажилллуулж байгаа ажил олгогч хүлээнэ, 498.2.-т Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол гэм хорын хохирлыг түүний ажиллуулж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана гэж заасан.

            13. Тухайн үед Монгол шуудан банк буюу Хадгаламж банкны 1 дүгээр тооцооны төвийн эрхлэгчээр ажиллаж байсан О.Чулуунчимэг хадгаламж эзэмшигч Ц.Төмөрбаатарын нэр дээр 15 000 000 төгрөгөөр, 35 000 000 төгрөгөөр, нийт 50 000 000 төгрөгийн зээлийг гаргуулан авч ашигласан гэм буруутай үйлдэл, түүний улмаас нэхэмжлэгчид хохирол учирсанд хариуцагч Т ХХК-ийг буруутай гэж үзэх  хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

            Өөрөөр хэлбэл, хариуцагч Т ХХК-ийн ажилтны хууль бус, гэм буруутай үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчид 35 300 000 төгрөгийн хохирол учирсан гэж үзэх шалтгаант холбоо хэргийн баримтаар тогтоогдохгүй байна. Түүнчлэн 2010 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 01 Монгол шуудан банкны актив, пассив, хөрөнгө, тэдгээрийг шаардах эрх шилжүүлэх гэрээгээр Монгол шуудан банкны актив, пассив, хөрөнгийг Хадгаламж банкинд шилжүүлж, 2013 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн Хадгаламж банк ХХК-д Банкны эрх хүлээн авагчийг томилж, банкны эрх хүлээн авах албадлагын арга хэмжээ үргэлжлэн явагдаж байгаа нь хариуцагч Т ХХК-д, Монгол шуудан банк ХХК-ийн ажилтны гэм буруутай үйлдэлтэй холбоотой эрх, үүрэг шилжсэн гэж үзэх боломжгүй юм.

14. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.4.-т бусдын эд хөрөнгөд гэм хор учруулснаас үүсэх үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 5 жил байхаар заасан бөгөөд Баянгол дүүргийн Прокурорын газрын прокурорын 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 10 тоот Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоол, О.Чулуунчимэг нарт холбогдох хэрэгт Ц.Төмөрбаатар, Т.О нар хохирогчоор тогтоогдож эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд оролцсон тухай нэхэмжлэгч талын тайлбар зэргээр нэхэмжлэгчийн гэм хорын хохиролд 35 300 000 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа нь Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1.-д зааснаар тасалдаж, 75 дугаар зүйлийн 75.2.4.-т заасан 5 жилийн хугацаа дуусаагүй гэж үзнэ.

 Иймд шүүх хуралдаанд хэргийн оролцогчдын өгсөн тайлбарыг хэрэгт авагдсан баримтуудтай харьцуулан үнэлж  нэхэмжлэгч Т.О, түүний эцэг Ц.Төмөрбаатар нарын Монгол шуудан банк ХХК дахь мөнгөн хадгаламжийн үлдэгдэл Хадгаламж банк ХХК дахь банкны эрх хүлээн авагчид, улмаар хариуцагч Т ХХК-д шилжсэн нь баримтаар нотлогдоогүй, хариуцагч Т ХХК-ийн гэм буруутай үйл ажиллагаанаас нэхэмжлэгчид хохирол учирсан нь баримтаар нотлогдоогүй, гэм хорын хохиролд 35 300 000 төгрөгийг хариуцагчаар төлүүлэх үндэслэлгүй байх тул нэхэмжлэгч Т.Оийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

Хэрэгт авагдсан Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн Монгол шуудан банк ХХК, Хадгаламж банк ХХК, Т ХХК-ийн улсын бүртгэлтэй холбоотой 6 хавтас бүхий баримтууд нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүйг дурдав.

15. Шүүх  улсын тэмдэгтийн хураамжийг нөхөн төлүүлэх хуваарилах асуудлыг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7дугара зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  56дугаар зүйлийн 56.1,56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар  шийдвэрлэнэ.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2,115.2.3, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2, 498 дугаар зүйлийн 498.1, 514 дүгээр зүйлийн 514.1-д заасныг баримтлан  хариуцагч Хадгаламж банк ХХК дахь банкны эрх хүлээн авагчаас  9.465.265 /есөн сая  дөрвөн зуун жаран таван мянга хоёр зуун жаран таван/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Т.От олгож, нэхэмжлэлээс  25.834.735 төгрөгт гаргуулах тухай шаардлагыг болон Т ХХК-д холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1., 56 дугаар зүйлийн 56.2-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 334 450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч  Хадгаламж банк ХХК дах банкны эрх хүлээн авагчаас 166.394 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч  Т.От олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогчид 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч,  шүүхийн шийдвэрийг гардан авсан, хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

                       

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Ж.ЦЭНГЭЛ

 

      ШҮҮГЧИД                                           Х. ДАШДЭЧМАА

                                                                                                   

Б. ЦОЛМОН