Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 183/ШШ2021/02801

 

2021 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 183/ШШ2021/02801

Улаанбаатар хот

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

         Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнгөнтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

        

         Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 6 дугаар хороолол, XXдугаар байрны XX тоотод оршин суух, Ш овогт Д-ийн Б********* /рд:ЧИXXXXXX/-гийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Богд жавзандамбын гудамж, 12 байрны XX тоотод байрлах, С** T***** T**** ХХК /рд:XXXXXX/-д холбогдох,

 

Газар эзэмших эрхийг шилжүүлэхийг даалгах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд: Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Хар усан тохой хэсэг гудамж, хэсэг тоотод оршин суух, Гуртгааш овогт Батнасангийн Батсайхан /рд:ЦДXXXXXXX/-ы Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, Сөүлийн гудамж, нийслэлийн 2 дугаар амаржих газрын баруун урд талд байрлах үйлчилгээний оффисын зориулалтай XX давхарт барилгыг хариуцагч С** T***** T**** ХХК нь улсын комисст хүлээлгэн өгч, 100 хувь ашиглалтад оруулсны дараа тус барилгын 2 дугаар давхрын худалдаа үйлчилгээний танхимын үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг 353 м.кв талбайгаар гуравдагч этгээд Б.Б*********ы нэр дээр гаргуулахыг нэхэмжлэгч, хариуцагч нарт даалгах тухай бие даасан шаардлагатай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Ж, З.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б, хариуцагчийн өмгөөлөгч Г.Б, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г,

гуравдагч этгээд: Баянгол дүүргийн 6 дугаар хороо, Энхтайвны өргөн чөлөө гудамж, орчлон XX дүгээр байрны XX тоотод оршин суух, Х овогт Ц-ийн Б /рд:УХXXXXXXXX/,

гуравдагч этгээд болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Май******* ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд болох Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө гудамж, XXа байрны XX тоотод оршин суух, Ө овогт Б-ийн Э****** /рд:УПXXXXXX/, түүний өмгөөлөгч Б.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Золзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 Нэхэмжлэгч Д.Б********* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь өмгөөлөгч нарын хамт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Д.Б********* нь Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт Аерофлотын зүүн талд 413 м.кв талбайтай газрыг хууль ёсны дагуу эзэмшдэг. Энэ газартай хил залгаа Май******* ХХК-ийн эзэмшлийн газар байдаг бөгөөд талууд 1 хөрөнгө оруулалтаар, нэг төсөл хэрэгжүүлж, энэ газар дээрээ оффисын зориулалттай барилга барихаар шийдсэн. Ингээд 2015 оны 12 дугаар сард хөрөнгө оруулалт хийж барилга барих компанийг хайж яваад Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Ван Хай Жүн гэдэг хүнтэй уулзсан бөгөөд энэ хүн нь тухайн үед БНХАУ-ын Шанхай хотын Жансу мужид Сожүн нэртэй барилгын том компанитай, манайх Хятадын 500 шилдэг аж ахуйн нэгжээр шалгарч байсан, Монгол Улсад ч гэсэн том том орон сууц, оффисын зориулалттай төслүүдийн амжилттай хэрэгжүүлж байсан, мөн барилгын үйл ажиллагаагаа Монгол Улсад С** T***** T**** ХХК-аар дамжуулан төслөө хэрэгжүүлдэг гэж Д.Б*********, Ц.Б**-****, Май******* ХХК-ийнханд хэлж итгүүлсэн. 2016 оны 3 дугаар сарын 05-ны өдөр Шанхайд байрлах Ван Хай Жүн гэдэг хүний яриад байгаа Сожүн гэх компанийн оффис дээр очиж удирдлагуудтай нь уулзахад дээрхтэй адил тайлбарыг хийсэн, Ван Хай Жүн гэдэг хүн нь С** T***** T**** ХХК-ийн захирлаар нь ажиллаж байсан, О.Ба********* нь хувьцаа эзэмшигч байсан. Ингээд С** T***** T**** ХХК-ийн захирал Ван Хай Жүн болон О.Ба********* нарын Май******* ХХК болон Д.Б********* нарт эдгээр бүх нөхцөл байдлыг итгүүлсэн тул хамтран ажиллах итгэл найдвар төрж, С** T***** T**** ХХК-тай 2016 оны 10 дугаар сарын 15-ны өдөр дээрх 2 эзэмшлийн газар дээр 100 хувийн хөрөнгө оруулалтаар 15 давхар барилгыг түлхүүр гардуулах нөхцөлтэйгөөр хүлээлгэж өгөхөөр бусдын газар дээр барилга барьж, хөрөнгө оруулалт хийж, хамтран ажиллах гэрээг байгуулсан. Тус гэрээгээр Д.Б********* өөрийн эзэмшлийн газрыг С** T***** T**** ХХК-ийн нэр дээр шилжүүлэх, С** T***** T**** ХХК өөрийн хувьцааны 17 хувийг Д.Б*********д үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гарах хүртэлх хугацаагаар шилжүүлэх үүрэг тус тус хүлээсний дагуу Д.Б********* 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр өөрийн эзэмшлийн газраа С** T***** T**** ХХК-д газар эзэмших эрх шилжүүлэх гэрээгээр шилжүүлж гэрээний үүргээ 100 хувь биелүүлсэн, С** T***** T**** ХХК хувьцаа шилжүүлэх үүргээ биелүүлээгүй. С** T***** T**** ХХК-ийн хувьд хамтран ажиллах, хөрөнгө оруулалт хийж барилга барих гэрээгээр хүлээсэн дараах үүргүүдээ зөрчсөн гэж үзэж байгаа. Гэрээний 2.2-т С** T***** T**** ХХК нь барилгыг 2016 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн дотор барьж захиалагчид түлхүүр гардуулах нөхцөлтэйгөөр өгөхөөр тохирсон. Гэтэл 2017 оны 9 дүгээр сараас хойш барилгын ажил зогсоод 2018 оны 02 дугаар сарын байдлаар энэ барилга цаашид баригдахгүй нь гэдэг нь тодорхой болсон. Энэ гэрээний хувьд хугацаа нь гэрээний хамгийн гол нөхцөл юм. Гэтэл гэрээний гол нөхцөл зөрчигдсөнөөс болж Д.Б*********гийн хувьд үл хөдлөх хөрөнгө авна, авсныхаа дараа зарим хэсгийг нь бусдад худалдана, шилжүүлнэ гэсэн гэрээ хийснээс бусдад анз, хохирол төлөх нөхцөл байдалд хүрээд байгаа нь гуравдагч этгээдийн бие даасан шаардлагаас тодорхой харагдана. Хоёрдугаарт, барилгын  чанарын асуудал. Хариуцагч нь тус газар дээр барьж байгаа барилгын дүүргэлтийг тоосго, блок, хаягдал хайрга зэрэг барилгын шаардлага хангахгүй материалаар хийсэн нь хэрэгт авагдсан баримтаас харагддаг. Хариуцагч бид буруу материалаар хийсэн байсан гэдгээ ч хүлээн зөвшөөрсөн байдаг. Гуравдугаарт, гэрээний 4.2-т гүйцэтгэгч барилгыг барихдаа 100 хувь өөрийн хөрөнгө оруулалтаар барьж, ашиглалтад оруулахаар тохиролцсоныг зөрчсөн. 2017 оны 9 сар хүртэл барилга нь алдаг оног явж байгаад үүнээс хойш зогссон бөгөөд яагаад барилга зогссон талаар болон барилгыг үргэлжлүүлэх талаар удаа дараа шаардлага тавихад, бидэнд хөрөнгө оруулагч байхгүй, мөнгөгүй болчихлоо гэсэн тайлбарыг хэлдэг. Үүнтэй холбоотойгоор тэрхүү газар дээр баригдсан 10 давхар блокийн барилгаа барихдаа гүйцэтгэгч компаниудаар зээлээр гүйцэтгүүлсэн, тус компаниуд шүүх цагдаагийн байгууллагад өргөдөл гомдол гаргаж, одоо шийдвэр гүйцэтгэх байгууллагад С** T***** T**** ХХК-аас карказын барилгын ажил гүйцэтгэсэн, барилгын материал худалдаж авсан өр төлбөртэй холбоотой ажиллагаа явагдаж байгаа. Дөрөвдүгээрт, түрүүн дурдсанчлан газар эзэмших эрхээ шилжүүлсний баталгаа болгож С** T***** T**** ХХК-ийн 17 хувийн хувьцааг шилжүүлэх үүргээ С** T***** T**** ХХК огт биелүүлээгүй өнөөдрийг хүрсэн. Талуудын дээрх харилцан тохиролцсон үйл ажиллагааны хүрээнд хамтран ажиллах, харилцан туслалцах, ажил гүйцэтгэх, барилга ашиглалтад орсон тохиолдолд өмчлөх эрхийг шилжүүлж өгөх үүрэг хүлээсэн холимог хэлэлцээр байгуулагдсан. Цаг хугацааны хүчин зүйл бол маш чухал бөгөөд цаг хугацааг олон сар жилээр алдаж байгаа нь өөрөө хэзээ ч хариуцагч талын хариу татгалзал гаргаж байгаа шиг үүргийн ялимгүй зөрчил гэдэг ойлголтод орохгүй. 5 000 000 юанийг зээлсэн асуудал өөр төсөл дээр хамтран ажиллах талаар харилцан тохиролцож, энэ гэрээтэй бараг зэрэг шийдэгдсэн болохоос энэ гэрээтэй огт хамааралгүй юм. Гэрээнээс татгалзах, гэрээ цуцлах, дуусгавар болгох талаарх баримтууд хэрэгт авагдсан. Нэгэнт гэрээг цуцалж байгаа учир энэ компанид гарсан зардал, зарцуулчихсан зүйл гээд хохирол байгаа ч хариуцагч тал одоогоор үүнтэй холбоотой шаардлагаа гаргаагүй. Түүнээс биш огт мөнгө гаргаагүй гэж хохироох гээд байгаа зүйл биш шүү. Хариуцагч тал мэргэжлийн хяналтын  дүгнэлт гараад түдгэлзүүлчихсэн учраас бид ажлаа хийх боломжгүй гэж байна, гэтэл мэргэжлийн хяналтын газрын дүгнэлт нь цаг хугацааны хувьд 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийнх буюу талуудын хооронд гэрээ дуусгавар болсноос хойш 3, 4 сарын дараа гарсан дүгнэлт учир үүнээс болж ажлаа гүйцэтгэж чадаагүй гэх тайлбар үндэслэлгүй байна. Энэ гэрээ холимог гэрээ учир Иргэний хуулийн 480 дугаар зүйлд зааснаар хамтын ажиллагаа дуусгавар болсон. Ажил гүйцэтгэлтэй холбоотой зүйл дээр чанарын асуудал гарсан, хугацаа дэндүү хожимдуулсан учир ноцтой зөрчил болсон гэдгээр гэрээнээс татгалзаж, гэрээ цуцлагдаж дуусах болсон. Хариуцагч барилгын үндсэн карказ, хийц баригдсан, үүнийгээ яах гэж байгаа юм бэ гэдэг асуудал яригдаж байна. Бид үндсэн өөрийнхөө өгсөн зүйлийг авч анхны байдалдаа орно. Хэрвээ сөрөг нэхэмжлэл юм уу, өөр зүйл байсан бол тэр хийсэн, гаргасан зардал нь бол өөрөө энд давхар шийдэгдэх боломжтой байсан. Сөрөг нэхэмжлэл юм уу, өөр шаардлага гаргаагүй учраас бид тэр асуудлаар санаачилгаараа шийдвэрлүүлэх талаар санаачилга гаргах, эсхүл шүүх санаачилгаараа шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдал бий болж байна. Нэгэнт ийм болсон, цаашид хамтын ажиллагаа үнэхээр явахгүй гэдэг нь тодорхой байгаа юм. Түүнээс биш нэхэмжлэгч нарын хувьд илүү дээр нөхцөл олчхоод, эсхүл ажлаа зүгээр хийж байхад нь юм уу, эсхүл Хятадын хөрөнгө оруулагчийг хохироох гээд ч гэдэг юм уу, ийм нөхцөл байдал огт байхгүй байгаа шүү. Барилга бол Монгол Улсад үлдэх барилга бөгөөд 100 жил болно, барьсан хүмүүс ашгаа аваад яваад өгнө, хожмын хожим бид нар байхгүй үед, Улаанбаатар хотын төвд байгаа энэ барилга нурвал гэдэг асуудал нь маш том асуудал юм. Дээрх байдлаар талуудын хооронд байгуулагдсан хамтран ажиллах гэрээгээр хүлээсэн гэрээний гол нөхцөлүүд зөрчигдсөн учраас С** T***** T**** ХХК-д нэхэмжлэгч Д.Б*********гийн зүгээс 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр барилгаа бариад, хөрөнгө оруулалтаа шийдвэрлээч ээ, энэ асуудлаа ярилцъя гэсэн шаардлага бүхий албан бичиг хүргүүлсэн боловч ямар нэгэн хариу ирээгүй. Үүнийг шийдвэрлэх талаар ямар нэгэн санал санаачилга гаргаагүй учир 2018 оны 02 дугаар сарын 14-ны өдөр гэрээг дуусгавар болгож байгаа тухай мэдэгдлийг хүргүүлсэн. Ингэснээр талуудын хооронд 2016 оны 10 дугаар сарын 15-ны өдөр байгуулагдсан гэрээ дуусгавар болсон тул бид ийнхүү дуусгавар болсонтой холбоотойгоор үр дагавраа арилгуулахаар Д.Б*********гийн 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр С** T***** T**** ХХК-д шилжүүлсэн Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт Аерофлотын зүүн талд 413 м.кв талбайтай газар эзэмших эрхийг Д.Б*********гийн нэр дээр буцаан шилжүүлэхийг даалгаж өгнө үү” гэв.

 

Хариуцагч С** T***** T**** ХХК шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. 3 талт гэрээ байгуулсан, гэрээний төсөл хэрэгжиж эхэлсэн, гэрээний дагуу барилга хугацаандаа ашиглалтад орж чадаагүй хэд хэдэн нөхцөл шалтгаан байгаа. Нэхэмжлэгч Д.Б********* нь С** T***** T**** ХХК-аас 5 сая юанийг 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулж авсан. Д.Б********* нь энэ мөнгөө хугацаанд нь өгөөгүйгээс төслийн ажил цаашаа үргэлжлэхгүй зогссон. Мөн Мэргэжлийн хяналтын улсын байцаагч барилгын стандарт хангаагүй, хог хаягдал тоосгоор тухайн барилгыг  дүүргэсэн, барилгын аюулгүй байдал болон барилгын насжилтад нөлөөлсөн гээд засаж сайжруулах, тоосгыг 360 мм-ийн  хөнгөн блокоор солих талаар шаардлага тавьсан дүгнэлт гаргасан. Мөн гэрээний талуудын хоорондын шүүхийн маргаантай асуудлыг шийдвэрлэж дуусах хүртэл барилга угсралтын ажлыг зогсоох тухай шаардлагыг хүргүүлсэн байдаг. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4 дэх хэсэгт заасан гэрээний үүрэг зөрчсөнөөс талууд гэрээнээс татгалзах асуудалд Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4 дэх хэсэгт дараах тохиолдолд талууд гэрээнээс татгалзаж болохгүй, үүргийг ялимгүй зөрчсөн бол гэж байгаа. Тухайн барилга угсралт, дүүргэлтийн асуудлыг тоосгоор дүүргэсэн, Мэргэжлийн хяналтын газраас блокоор дүүргэх шаардлага тавьсан нь гэрээг зөрчих, гэрээг дуусгавар болгох ноцтой үндэслэл болохгүй. Үүнийг ялимгүй зөрчил юм гэж үзэж байна. Өнөөдөр 15 давхар барилгын төсөл бол томоохон төслийн хэмжээ. Монгол Улсад зөвхөн 100 өөрийн хөрөнгөөр барилга барьдаг компани байхгүй. Тухайн барилгыг барих хөрөнгийг босгох нь С** T***** T**** ХХК-ийн асуудал бөгөөд өр зээлтэй байгаа нь гэрээнээс татгалзах, гэрээг цуцлах үндэслэл биш шүү дээ. Тухайн барилга одоо 11 давхар карказ дүүргэлттэй байгаа. Барилгыг хаягдал материалуудаар бариад байсан бол мэргэжлийн хяналтаас нураах, бүр дахин барих, зогсоох асуудлыг тавих байсан байх. Хамтран ажиллах гэрээний байгуулагдсан талаар хэн аль нь маргахгүй байна. Хамтран ажиллах гэрээнээс нэхэмжлэгч тал татгалзах буюу гарч өгсөн авснаа буцаахаар шаардаж байна гэж ойлголоо. Гэтэл гэрээнээс татгалзах, гарах, үүнээс үүсэх гарах үр дагаврыг Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.2.1, 205.2.2-т тодорхой заасан. Хэргийн нөхцөл байдлаас аваад үзвэл тухайн газар дээр барилга баригдсан уу, баригдсан. Одоо энэ гэрээнээс нэхэмжлэгч тал татгалзлаа гээд барилгаа бид өргөж авах юм уу. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.2.1, 205.2.2  дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч тал өөрөө газрын үнэлгээгээ тогтоогоод түүнийхээ дагуу мөнгөн дүнг нэхэх юм бол бид маргаан байхгүй тухайн үед газар шинжээчийн дүгнэлтээр хэдэн төгрөг болох нь уу, түүнийг нь өгөхөөс татгалзах зүйл байхгүй. Улсын дээд шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 03 дугаартай зөвлөмжид гэрээг цуцлах, гэрээнээс татгалзахад анхаарах асуудлыг зөвлөсөн байдаг. Нэг талын хүсэл зоригоор гэрээний зүйлийг буцаахыг гэрээнээс татгалзах гэж үзнэ. Тэгэхээр бидний тохиолдолд нэгэнт гэрээ хэрэгжчихсэн. Өөрөөр хэлбэл тухайн зөвлөмжид хэлцлийн дагуу нэгэнт хэрэгжсэн харилцааг  буцаах боломжгүй болсон тохиолдолд гэрээнээс татгалзах тухай яригдахгүй, гэрээг цуцлах буюу тухайн гэрээний хэрэгжсэн хэсгийг үлдээж, аль нэг тал нь түүнийг үргэлжлүүлэхийг цуцлах гэж байгаа юм. Гэтэл нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа гэрээсээс татгалзана гэж тодорхойлоод байгааг нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй гэж үзэхээр байна. Гуравдагч этгээд Май******* ХХК-ийн зүгээс манайх нэхэмжлэгч талтай 1 байр суурьтай оролцож байна гэж тайлбарлаж байна. Өнөөдөр  хариуцагчийн төлөөлөгчөөс Май******* ХХК-ийг аль тал төлөөлөх вэ гэдгийг эцэслэн шийдэж байж үндсэн асуудал руугаа оръё гэсэн асуудлыг тавьсан. Өнөөдрийн энэ 15 давхар барилгын төслийн ажил нь Д.Б*********гийн эзэмшлийн 414 м.кв талбай бүхий газар, Май******* ХХК-ийн 213 м.кв талбай бүхий газар дээр барилгын ажил хэрэгжиж байгаа. Д.Б********* удаа дараа зөрчиж ноцтой зөрчлүүдийг гаргасан учраас гэрээнээс татгалзаж, газраа буцааж авъя гэдэг нэхэмжлэл гаргаад байна. Тэгвэл Май******* ХХК яах юм бол, энд Май******* ХХК-ийн эрх ашиг зөрчигдөхөөр байна. Хамтран ажиллах гэрээнд гэрээнээс татгалзах тухай ойлголт байдаггүй. Иргэний хуулийн 479 дүгээр зүйлийн 479.1-д хамтран ажиллах гэрээнээс гарах, Гэрээнд хамтын үйл ажиллагааны үргэлжлэх хугацааг шууд заагаагүй тохиолдолд гэрээний талууд хамтын үйл ажиллагаанд хохирол учруулахааргүй бол хэдийд ч хамтран ажиллах гэрээнээс гарч болно гэж заасан. Хэрвээ гэрээнээс гарна гэж үзвэл газрын төлбөр хэмжээг тодорхойлоод зохигчид хоорондоо ярилцах боломжтой байх. Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийг шаардлагыг зөвшөөрөхгүй, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б.Б********* шүүхэд гаргасан шаардлага болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа үйлчилгээний зориулалттай барилгыг хариуцагч С** T***** T**** ХХК нь улсын комисст хүлээлгэн өгч оруулсны дараа тус барилгын 2 давхрын худалдаа үйлчилгээний талбай 350 м.кв талбайг Б.Б*********ы нэр дээр гаргуулахыг нэхэмжлэгч болон хариуцагч нарт даалгахаар бие даасан шаардлага гаргасан. Талуудын хооронд хамтран ажиллах гэрээ байгуулаад гэрээний талууд тус тусынхаа хувьд өөр өөрийнхөө оролцооны хүрээнд дэмжлэг туслалцаа үзүүлээд 15 давхар оффиссын барилга баригдсаны дараа түлхүүр гардуулах нөхцөлд хүрэхийн тулд зорилготой хамтарч ажиллахаар болсон үйл явдал болсон юм билээ. Б.Б*********ы хувьд 2 давхрын 350 м.кв талбайг худалдаж аваад, үүний үнэ 1 154 310 000 төгрөгийг Д.Э********, Д.Б********* нарт хүлээлгэн өгч барилга захиалгын гэрээ байгуулсан байгаа. Энэ захиалгын гэрээгээр гүйцэтгэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгч тал нь үйлчилгээний оффисын зориулалттай хамтран ажиллах гэрээний дагуу ямар нэгэн байдлаар захиалагч тал Б.Б*********ы эрхийг хөндөхгүй байна, ямар нэгэн эрх болон биет байдлын доголдолгүйгээр захиалагчид өмчлөх эрхийг шилжүүлнэ гэсэн байдлаар тохиролцоо хийж гэрээ байгуулсан. Энэхүү хамтран ажиллах гэрээний хувьд цаашид гэрээний зорилго биелэгдэхгүй болсон учраас гэрээг дуусгавар болгож талууд өгсөн авсан зүйлсээ харилцан шаардаж  байгаа юм байна. Нэгэнт нэхэмжлэгчтэй, баригдаагүй барилгын 2 давхрын үл хөдлөх хөрөнгө болох 350 м.кв талбайг барилга захиалгын худалдах, худалдан авах гэрээ байгуулаад гэрээний төлбөрийг бүрэн гүйцэт 100 хувь төлж барагдуулсан учир, өнөөдрийн талуудын маргаанаас болоод бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн эрх ашиг зөрчигдөх магадлал үүсээд байгаа учраас энэ худалдаад авчихсан өмчлөлийн хөрөнгийг цаашид талуудын хамтын хөрөнгийг хуваах тухай асуудал яригдаж байгаа тохиолдолд нэхэмжлэгч, хариуцагч аль алинд нь гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хангаж, хөндөхгүй байхаар энэ үл хөдлөх хөрөнгийг энэ хэмжээгээр нь Б.Б*********ы өмчлөлд шилжүүлэх байдлаар шүүхийн шийдвэрт тусгаж өгнө үү гэсэн шаардлагыг гаргаж байна” гэв.

 

Гуравдагч этгээд болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Май******* ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд болох Б.Энх***** шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт гаргасан тайлбартаа: Би Май******* ХХК-ийн гүйцэтгэх захирал бөгөөд Ц.Б**-**** бид хоёр 50, 50 хувийн хөрөнгө оруулалттайгаар тус компанийг байгуулж байсан. Тус компанийн нэр дээр уг төслийг хэрэгжүүлж байгаа тал газар нь байдаг учраас иргэн Д.Б*********гийн ах Д.Э********тай бид тохиролцоод хамтарсан төсөл хэрэгжүүлэхээр хөрөнгө оруулалт хайж, Д.Э******** Ван Хай Жүн гэж хятад хүн гайгүй хөрөнгө оруулагч юм байна, би Шанхайд очиж үзлээ гээд зургийг нь үзүүлээд, цомны хажууд зургаа даруулчихсан байгаагаа харуулахад үнэмшилтэй санагдсан тул бид ярилцаад хамтарч хөрөнгө оруулъя, хамтарсан гэрээгээ хийе гэж шийдсэн. Зээлээр бид хөрөнгө оруулалтаа хийж болох ч маш хурдан хийхийн тулд өөрийн хөрөнгөөр барих найдвартай гэсэн харилцагчтайгаа гэрээ хийсэн бөгөөд Ван Хай Жүн хүнийг л гэж ойлгож байсан. Гэрээ хийх явцад С** T***** T**** ХХК, О.Ба********* гэж хүмүүс гарч ирсэн. Гол нь гэрээндээ хөрөнгө оруулж байгаа талдаа тодорхой хэмжээний баталгаа гаргах ёстой, газар компанийн нэр дээр байгаа учраас бид хувьцааны 80 хувийг О.Ба********* гэж хүний нэр дээр шилжүүлчхээд барилга баригдсаны дараа буцаагаад авна гэсэн нөхцөл гэрээнд тусгагдсаны дагуу бидний талаас шаардлагыг нь хангаад үйл ажиллагаа явагдаад барилга эхэлсэн. Яг түрүүний ярьсанчлан 8 билүү 9 сард барилгын ажил зогсчихсон байсан. Бид гомдол гаргах хүртэл 5-6 сарын хугацаа байсан. Тэр хооронд бид 2 сар хараад огт ажил явагдахгүй болохоор нь яасан, ямар асуудал байна гэж ажлыг үргэлжлүүлэх талаас нь уулзалт хийхэд О.Ба*********, түүний аав гэж хүн, бас нэг өмгөөлөгч байсан байх тэдгээр хүмүүс ирж уулзсан. Тэр үед Ван Хай Жүн гэж хүн огт харагдахаа больсон. Тэгээд за одоо ямар асуудал гарсан гэтэл одоо бидэнд мөнгө байхгүй болсон, барилгаа үргэлжлүүлэх боломжгүй болсон гэсэн. Тэгвэл цаашид үргэлжлүүлэх ямар арга зам байгаа талаар асуухад бид зээл авах гээд байна, та гүйцэтгэх захирлаа О.Ба********* миний нэр дээр шилжүүлж өгөөч гэсэн. Ямар  ч гэрээнд заагдаагүй луйврын чанарын үйл явдал, эндээс л би шууд ойлгосон, за энэ гүйцэтгэх удирдлага гэдэг бол тодорхой хэмжээний үсэг зурах эрхтэй байдаг тул газар эзэмших эрхтэй холбоотой асуудалд довтлох гэж байна гэдэг сэжиг шууд төрсөн. Тэгээд бид шүүхэд өгөн өгтлөө дараа нь 2 ч удаа билүү уулзахад дандаа гүйцэтгэх удирдлагаа л шилжүүлчихвэл барилга чинь явагдах гээд байна гэдэг асуудлыг тавьдаг. Дараа нь Д.Б*********гаас сураг сонсоход чанаргүй барилга баригдсанаас болж акт тавигдсан, ямар нэгэн байдлаар хугацаандаа амжихаа больсон байсан. Ингээд Май******* ХХК-ийн зүгээс, зүгээс гэдэг нь бид хоёрт одоо 10, 10 хувийн хувьцаа үлдчихсэн байсан учир тэр эрхээрээ ийнхүү хандаж, талуудын хооронд байгуулагдсан гэрээг цуцалж 80 хувийг буцааж өгнө үү, бидний гэрээгээр хийсэн барилга барих ажил бүтэхгүй болчихсон учраас мөн хариуцагч талын хэлсэнчлэн та нарын өөрийн хөрөнгө чинь хаана байна вэ гэсэн үүднээс бид гэрээ цуцлах асуудлаар Д.Б*********тай нэг байр суурьтай байна. Компанийн эрхийг авах оролдлого нь шүүхээр улсыг бүртгэлийн байгууллагыг хуураад Б.Энх***** биш О.Ба********* болгочихсон байсныг бид буцааж болгосон байгаа. Талуудын байгуулагдсан гэрээ барилгын ажил гүйцэтгэх, хамтран ажиллах гэрээний аль алиных нь шинжийг агуулж байгаа бөгөөд гэрээний хэрэгжилтийн явцад үүргийн зөрчил үүссэн. Хугацаа хэтрүүлсэн шалтгаанаа хариуцагч тал үндэслэлтэйгээр тайлбарлаж чадахгүй, нэхэмжлэгч талаас хангалттай боломжит хугацаа олгосон байхад 6 жилийн хугацаанд ялимгүй зөрчлөө арилгаагүй байна. Түүнчлэн гүйцэтгэгч тал энэхүү төслийг гүйцэтгэх бодит бололцоо, санхүүгийн чадавх байхгүй болох нь тогтоогдож байна. Одоо яах вэ гэхээр бид хамтын ажиллагаагаа үргэлжлүүлнэ гэдэг, энэ нь бусдын газар дээр барилга барьж байгаа асуудал тул газрын эзэн нь газраа авъя гэж байгаа тохиолдолд Иргэний хуулийн 85 дугаар зүйлийн 85.2-т зааснаар газар дээр баригдсан барилга нь газрын бүрдэл хэсэг тул захиалагч талдаа энэ барилга шилжиж, үүнтэй холбоотой төлбөр тооцоо байгаа бол хуульд зааснаар шийдвэрлэх учиртай. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж  оролцож байна” гэв.

 

Гуравдагч этгээд Ц.Б**-**** шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бидний байр суурь нэг л дээ. Тайлбар дээр нь нэг зүйлийг нэмж хэлэхэд бидний хамгийн гол зорилго нь барилга бариад өөрт ногдох жоохон жоохон газруудаа аваад л салчих зорилго байсан. Гэтэл энэ нь бүтсэнгүй, 2016 оноос хойш 2021 он хүртэл 5 жил болж байна. О.Ба*********, аав нь болох н.Отгонсайхан гэж 2 хүн өмгөөлөгч гэж нэг эмэгтэй байдаг бөгөөд дахин дахин хурал хийнэ гэж дуудаж байгаад гэв гэнэт гар өргөөд компанийн захирлыг О.Ба********* болгоё гэсэн саналыг гаргатал бид 2 битгий балай юм яриад бай гээд хаяад гараад явж байсан. Эхний залилан нь тэнд болж байгаа юм. Тэгээд компанийн удирдлагыг хууль бусаар авсан байсныг нь сүүлд шүүх хуралд баримт гаргаж өгөх гэж байгаад мэдсэн. Тэгэхээр нь уулзаад барилгаа барьчихъя, яаж цаашаа явах вэ, та нарт энэ барилгыг дуусгах ямар боломж байна, яах вэ чи тэр Ван Хай Жүнтайгаа хэрэлдээд салчихсан л юм байгаа биз, гэр бүл салснаас болж бид нар ингэж ийм олон жил хохирч болохгүй шүү дээ гэж хэлтэл өөдөөс танай Д.Э******** чинь манай компаниас мөнгө авсан гэдэг. Энэ нь тусдаа асуудал, энэ хүн бидний гэрээнд гарын үсэг зураагүй, хоёрдугаарт энэ хүн өөртөө байгаа юмаа барьцаанд тавиад зээл авчихсан хүн байтал манай барилгад ямар хамаатай юм бэ гэж хэлсэн. Цаашаа барилгаа яаж барих вэ л гэдэг асуудлыг тавьдаг, О.Ба********* бид хоёрыг компанийнхаа үлдсэн 20 хувийн  хувьцааг надад шилжүүлчихвэл би дор нь мөнгө босгоод өнөөдөр барьчих гээд байна гэж хэлдэг. Тэр үлдсэн хувь байхгүй бол өдийд аль хэдийн хятадын сайтууд дээр зарах гээд тавьчих байсан байх. Тэр зарах оролдлогыг нь бид нар бүх зохих шатны газруудад нь үл хөдлөх хөдлөх хөрөнгийн газруудад энэ ийм маргаантай учраас хөдөлгөж болохгүй шүү гэж бичиг өгсөн. Дээд шүүхээс буцсанаас хойш цар тахлаас болж энэ хэрэг жил 2 сар болж байна. Ийм л зүйл байгаа юм” гэв.

 

              Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад, ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Б********* нь хариуцагч С** T***** T**** ХХК-д холбогдуулан газар эзэмших эрхийг буцаан шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрчээ.

 

Гуравдагч этгээд Б.Б********* Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, Сөүлийн гудамж, нийслэлийн 2 дугаар амаржих газрын баруун урд талд байрлах үйлчилгээний оффисын зориулалтай 15 давхарт барилгыг хариуцагч С** T***** T**** ХХК нь улсын комисст хүлээлгэн өгч, 100 хувь ашиглалтад оруулсны дараа тус барилгын 2 дугаар давхрын худалдаа үйлчилгээний танхимын үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг 353 м.кв талбайгаар гуравдагч этгээд Б.Б*********ы нэр дээр гаргуулахыг нэхэмжлэгч, хариуцагч нарт даалгах тухай бие даасан шаардлага гаргасан.

 

Шүүх дараах үндэслэлээр үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

            

Хэргийн баримтаар, нэхэмжлэгч Д.Б********* Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороонд байрлах, нэгж талбарын 148004/0030 дугаартай, үйлчилгээний зориулалттай 413 м2 талбай бүхий газрын эзэмшигч болох нь, гуравдагч этгээд Май******* ХХК нь Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, нэгж талбарын 148004/0040 дугаартай, үйлчилгээний зориулалттай 213 м2 талбай бүхий газрын эзэмшигч болох нь тус тус тогтоогдож байна. /хх10, 250/

 

Улмаар Д.Б*********, Май******* ХХК нар нь С** T***** T**** ХХК-тай 2016 оны 10 дугаар сарын 15-ны өдөр “Бусдын газар дээр барилга барьж, хөрөнгө оруулалт хийж, хамтран ажиллах гэрээ” гэх гурван талт гэрээ байгуулж, тус гэрээгээр “...үйлчилгээний зориулалттай 15 давхар барилгын газрыг гүйцэтгэгчийн нэр дээр Иргэний хуулийн 150 дугаар зүйлийн холбогдох заалтын дагуу шилжүүлсний үндсэн дээр гүйцэтгэгч тал өөрийн хөрөнгөөр барилгын ажил гүйцэтгэж, тус барилга нь гүйцэтгэгчийн өмчлөлд бүрэн өмчлөгдөнө. Түүнээс захиалагч талд нийт 4 давхар 1960 м2 талбай бүхий оффисын болон үйлчилгээний талбайг дотор засалгүйгээр хүлээлгэн өгөх”-өөр талууд харилцан тохиролцсон байх бөгөөд талууд гэрээ байгуулагдсан талаар маргаагүй.  

 

Харин нэхэмжлэгч нь “...гэрээ хэрэгжих явцад хариуцагч С** T***** T**** ХХК гэрээгээр хүлээсэн 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн дотор барьж захиалагчид түлхүүр гардуулах хугацааг хэтрүүлж гэрээний гол нөхцөлийг зөрчсөн, шаардлага хангахгүй материалаар барьсан, 100 хувь өөрийн хөрөнгө оруулалтаар барьж, ашиглалтад оруулахаар тохиролцсоныг зөрчиж, барилгаа барихдаа гүйцэтгэгч компаниудаар зээлээр гүйцэтгүүлсэн, С** T***** T**** ХХК-ийн 17 хувийн хувьцааг шилжүүлэх үүргээ огт биелүүлээгүй тул гэрээг цуцалж, газар эзэмших эрхийг буцаан шилжүүлэхийг даалгах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тайлбарласан.

 

Хариуцагч “...Талуудын хооронд хамтран ажиллах гэрээ байгуулагдсан тул тус гэрээнээс татгалзах гэсэн ойлголт байхгүй, харин хамтран ажиллах гэрээнээс гарах бол Иргэний хуулийн 479 дүгээр зүйлийн 479.1-д зааснаар газрын төлбөр хэмжээг тодорхойлж үнийг нь өгөөд, нэхэмжлэгч тал гэрээнээс гарах боломжтой. Гуравдагч этгээд Май******* ХХК-ийг аль тал төлөөлөх вэ гэдэг нь эцэслэн шийдвэрлэгдээгүй. 15 давхар барилгын төслийн ажил нь Д.Б*********гийн эзэмшлийн 414 м.кв талбай бүхий газар, Май******* ХХК-ийн 213 м.кв талбай бүхий газар дээр хэрэгжиж байгаа. Д.Б********* хариуцагчийг удаа дараа гэрээний үүргийг зөрчиж ноцтой зөрчлүүдийг гаргасан учир гэрээнээс татгалзаж, газраа буцааж авъя гэж байгаа, тэгвэл Май******* ХХК яах вэ, тус компанийн эрх ашиг зөрчигдөж байна” гэсэн агуулга бүхий тайлбар гаргаж мэтгэлцсэн.

 

Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээхээр байгуулсан гэрээг хамтран ажиллах гэрээ гэнэ гэж заасан бөгөөд тус гэрээг талууд бичгээр байгуулах тохиолдолд хамтын үйл ажиллагааны төрөл, зорилго, талуудын эрх үүрэг, удирдлагын бүтэц эрх үүрэг, ашиг алдагдлыг хуваарилах журам, гэрээнээс гарах журам, гэрээг дуусгавар болгох үндэслэл, дундын эд хөрөнгийг хуваарилах журам, оролцогчдын хураамж, хувь хэлбэр, хураамж гэрээний оролцогчдын дундаа өмчлөх хөрөнгө болох эсэх зэргийг зайлшгүй тусгасан байх шаардлага тавигдана.     

 

Талууд гэрээндээ хуулиар тогтоосон дээрх шаардлагыг тусгаагүй учир шүүх хамтран ажиллах гэрээ байгуулагдсан гэж дүгнэх боломжгүй байх бөгөөд харин гэрээний 1.2 дахь заалтаар зохигчид “...энэхүү гэрээ Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 4 дүгээр хороо, Аэрофлотын зүүн талд байрлалтай оффис болон үйлчилгээний зориулалттай 15 давхар барилгад хөрөнгө оруулалт хийх, тус барилгын газартай дүйцэх хэмжээний үнэлгээтэй оффис болон үйлчилгээний талбайг харилцан тохирч солилцох үндэслэл болно” гэж тохиролцсон нь ажил гүйцэтгэх гэрээний шинжийг агуулж байна.

 

Иймд шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан гэрээний харилцаа үүссэн байна гэж дүгнэв.

 

Дээрх гэрээ нь гурван талт гэрээ байх бөгөөд Май******* ХХК ирээдүйд өөрт холбогдож гарах шаардлагаас урьдчилан сэргийлж, өөрийн эрх ашгийг хөндүүлэхгүй байх зорилгоор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох хүсэлт гаргасныг шүүх 2021 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 5856 дугаар шүүгчийн захирамжаар хангаж шийдвэрлэсэн.    

 

Май******* ХХК-ийн хувьцаа эзэмшигч Ц.Б**-****, Б.Энх***** нар дээрх гэрээний дагуу 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Хувьцаа шилжүүлэх гэрээ байгуулж, 20161220/01 тоот гэрээгээр Б.Энх***** нь өөрийн эзэмшдэг хувьцааны 40 хувийг О.Ба*********т, 20161220/02 тоот гэрээгээр Ц.Б**-**** нь мөн өөрийн эзэмшдэг хувьцааны 40 хувийг тус тус О.Ба*********т шилжүүлснээр О.Ба********* Май******* ХХК-ийн 80 хувийн хувьцаа эзэмшигч болжээ.  

 

Улмаар хэрэгт авагдсан, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2021 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 8/2552 тоот албан бичгээр Май******* ХХК-ийн гүйцэтгэх удирдлагын өөрчлөлтийг бүртгэсэн 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн бүртгэлийг хүчингүй болгосон өөрөөр хэлбэл, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдээр О.Ба*********ийг бүртгэлийг хүчингүй болгосон болох нь тогтоогдсон, уг асуудлаар шүүхэд хэрэг хянагдаж байгаа талаар баримтгүй тул тус компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд нь Б.Энх***** байна.

 

Гуравдагч этгээд болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Май******* ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд болох Б.Энх***** шүүхийн хэлэлцүүлэгт “...Би Май******* ХХК-ийн гүйцэтгэх захирал бөгөөд Ц.Б**-**** бид хоёр 50, 50 хувийн хөрөнгө оруулалттайгаар тус компанийг байгуулж байсан. Тус компанийн нэр дээр уг төслийг хэрэгжүүлж байгаа тал газар нь байдаг учраас Д.Б*********гийн ах Д.Э********тай бид тохиролцоод хамтарсан төсөл хэрэгжүүлэхээр хөрөнгө оруулалт хайж, гэрээ байгуулсан. Гэрээнд хөрөнгө оруулж байгаа талдаа тодорхой хэмжээний баталгаа гаргах ёстой гэсэн учир газар компанийн нэр дээр байгаа болохоор бид хувьцааны 80 хувийг О.Ба*********т шилжүүлсэн. Гэтэл мөнгө байхгүй, барилгаа үргэлжлүүлэх боломжгүй болсон, гүйцэтгэх захирлаа О.Ба********* миний нэр дээр шилжүүлж өгөөч гэхэд луйврын чанартай зүйл болж байгааг мэдсэн. Ингээд Май******* ХХК-ийн зүгээс, зүгээс гэдэг нь бид хоёрт одоо 10, 10 хувийн хувьцаа үлдчихсэн байсан учир тэр эрхээрээ ийнхүү хандаж, гэрээ цуцлах асуудлаар Д.Б*********тай нэг байр суурьтай байна. Компанийн эрхийг авах оролдлого нь улсын бүртгэлийн байгууллагыг хуураад Б.Энх***** биш О.Ба********* болгочихсон байсныг бид буцааж болгосон байгаа. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж  оролцож байна” гэж тайлбарласан.

 

Зохигчид гэрээний 1.3 дахь заалтаар Д.Б*********, Май******* ХХК нар 2016 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр өөрсдийн газар эзэмших эрхийг С** T***** T**** ХХК-д шилжүүлэх, С** T***** T**** ХХК нь өөрийн компанийн 17 хувийн хувьцааг Д.Б*********д баталгаа болгож шилжүүлэх, гэрээний 2.2 дахь заалтаар барилга барьж дуусах хугацааг 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр гэж харилцан үүрэг хүлээжээ.

 

Д.Б*********, Май******* ХХК нар газар эзэмших эрхээ шилжүүлж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн болох нь тогтоогдох бөгөөд харин хариуцагч С** T***** T**** ХХК нь гэрээгээр хүлээсэн тус компанийн 17 хувийн хувьцааг нэхэмжлэгч Д.Б*********д шилжүүлэх, гэрээгээр тохирсон хугацаанд барилгыг барьж дуусгах үүргээ биелүүлээгүй.

 

Хариуцагчийн талаас гэрээг хугацаандаа биелүүлээгүй шалтгаанаа “...Д.Б********* нь С** T***** T**** ХХК-аас 5 сая юань зээлээд хугацаандаа өгөөгүй, Мэргэжлийн хяналтын газраас гэрээний талуудын шүүхийн маргаантай асуудлыг шийдвэрлэж дуусах хүртэл барилга угсралтын ажлыг зогсоосон зэргээс болсон. Тухайн барилгыг Мэргэжлийн хяналтын газраас блокоор дүүргэх шаардлага тавьсан нь, 15 давхар барилгын томоохон төслийг хэрэгжүүлэх хөрөнгө  босгоход С** T***** T**** ХХК өр зээлтэй байгаа зэрэг нь гэрээнээс татгалзах, гэрээг цуцлах үндэслэл болохгүй” гэж тайлбарласан.

 

Хавтаст хэрэгт, С** T***** T**** ХХК-ийн нэхэмжлэлтэй Д.Б*********, Д.Э******** нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 2 105 987 310 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан шийдвэрлэсэн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 674 дүгээр шийдвэр авагдсан байх бөгөөд тус шийдвэрт талуудын хэн аль нь 2016 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн “Бусдын газар дээр барилга барьж, хөрөнгө оруулалт хийж, хамтран ажиллах гэрээ”-ний талаар дурдаагүй, талуудын хооронд 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбоотой маргааныг шийдвэрлэсэн байх тул уг зээлийн харилцааг ажил гүйцэтгэх гэрээтэй харилцан хамааралтай гэж дүгнэх боломжгүй. /хх93-95/

 

Мөн Мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагчийн 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 02-07-092/434 дүгээр “...Шүүхийн байгууллагаар маргаантай асуудлаа эцэслэн шийдвэр гарах хүртэл барилга угсралтын ажлын үргэлжлүүлэн гүйцэтгэхгүй байх”  гэх зөрчил арилгуулах тухай албан шаардлага нь цаг хугацааны хувьд талуудын маргаан үүссэнээс хойш буюу нэхэмжлэгч Д.Б*********гийн 2018 оны 02 дугаар сарын 02, 14-ний өдрүүдийн гэрээ цуцлах тухай мэдэгдлээс хойш тавигдсан, энэ талаар хариуцагчийн “...Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2-т “хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй” гэж заасныг үндэслэл болгож гаргасан татгалзал үндэслэлгүй байна. /хх43-45/

 

Харин дээрх Мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагчийн “Өргийн ажлыг батлагдсан зураг төслийн дагуу өргийн ажлын технологи, чанарыг баримтлан, тоосгон хануудыг буулгаж, зургийн дагуу гадна ханыг 360 мм зузаантай хөнгөн блокон ханаар өрөх” гэх шаардлага болон АXXX констракшн ХХК-иас Д.Б*********, Ц.Б**-****, Б.Энх***** нарт хүргүүлсэн 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 13 тоот “...та бүхэн барилгын өмчлөгчийн хувьд С** T***** T**** ХХК-иас манайд төлөх гэрээт ажлын үлдэгдэл төлбөр 132 239 820 төгрөг, алданги 66 119 910 төгрөг нийт 198 359 730 төгрөгийг төлж хохиролгүй болгож өгнө үү” гэх албан бичиг зэргээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл болгож буй “...хариуцагч тал шаардлага хангахгүй материалаар барьсан, 100 хувь өөрийн хөрөнгө оруулалтаар барьж, ашиглалтад оруулахаар тохиролцсоныг зөрчиж, барилгаа барихдаа гүйцэтгэгч компаниудаар зээлээр гүйцэтгүүлсэн” үйл баримт тогтоогдож байна.

 

Ажил гүйцэтгэх гэрээ нь хиймэгц биелэх хэлцлийн төрөлд хамаардаггүй, харин тодорхой хугацааны дараа хэрэгжлээ олдог тул гэрээний оролцогч талын аль нэг нь үүргээ зохих журмаар биелүүлэхгүй бол нөгөө тал нь гэрээнээс татгалзаж, улмаар гэрээг цуцлах асуудал тавигдана.

 

Дээрхээс дүгнэхэд хариуцагч С** T***** T**** ХХК нь тай 2016 оны 10 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан “Бусдын газар дээр барилга барьж, хөрөнгө оруулалт хийж, хамтран ажиллах гэрээ”-гээр хүлээсэн 15 давхар барилгын ажлыг 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр барьж дуусгах боломжгүй болсон нь илт болсон, өөрөөр хэлбэл зохигчид 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн байдлаар 11 дүгээр давхар хүртэл баригдсан гэж тайлбарласан тул нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн зүгээс 2018 оны 02 дугаар сарын 02, 14-ний өдрүүдэд гэрээ цуцлах тухай мэдэгдэл хүргүүлсэн нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.2-т “Үүрэг гүйцэтгүүлэгч нэмэлт хугацаа тогтоож өгөөгүй боловч үүрэг гүйцэтгэхийг үүрэг гүйцэтгэгчид урьдчилан сануулсан бол нэмэлт хугацаа тогтоосонтой адилтгаж үзнэ”, 226 дугаар зүйлийн 226.1.1-д “ямар нэгэн үр дүн гарахгүй нь илт бол” гэж заасантай нийцсэн, тухай гэрээний хувьд барилга баригдаж дуусах хугацаа талууд харилцан тохиролцож нэхэмжлэгч талаас хариуцагчид үүрэг болгосон гэрээний гол нөхцөл байх тул мөн энэ талаар хариуцагчийн гаргасан “...үүргийг ялимгүй зөрчсөн” гэх тайлбар үндэслэлгүй байна.  

 

Иймд шүүх талуудын хооронд үүссэн гэрээний харилцаа цуцлагдсан гэж дүгнээд, Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1-д “Гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол энэ хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл, журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй” гэж зааснаар Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороонд байрлах, нэгж талбарын 148004/0030 дугаар бүхий 413 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2014 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн А/352 тоот шийдвэрээр олгогдсон газар эзэмших эрхийг Д.Б*********д буцаан шилжүүлэхийг хариуцагч С** T***** T**** ХХК-д даалгахаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн Гучиннэгдүгээр бүлэгт Ажил гүйцэтгэх гэрээний харилцааг нарийвчлан зохицуулсан, Иргэний хуулийн 355 дугаар зүйлд гэрээ цуцлах үндэслэлүүдийг тодорхойлсон байх тул шүүх Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.3-т зааснаар дээрх зохицуулалтыг хэрэглэсэн бөгөөд Иргэний хуулийн 205 дугаар зүйлд заасан үр дагавар, харилцан буцаах үүрэг тухайн маргааны хувьд хамааралгүй байна гэж дүгнэсэн.  

 

Хариуцагчийн өөрт учирсан хохироо шаардах эрхийг Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.6-д “Ажил дуусахаас өмнө захиалагч гэрээгээ цуцалсан бол гэрээ цуцлахаас өмнө ажил гүйцэтгэгчид орсон орлого, үр шимийг хасаж, учирсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй” гэж хуульчилсан тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагатай хамтатган шийдвэрлэх шаардлагагүй бөгөөд хариуцагчийн шаардах эрхээ хэрэгжүүлээгүй явдал нэхэмжлэгчийн шаардах эрхийг хязгаарлахгүй юм.

 

Шүүх талуудын хооронд байгуулагдсан гэрээг цуцалж, газар эзэмших эрхийг нэхэмжлэгчид буцаан шилжүүлэхээр шийдвэрлэсэнтэй холбогдуулж нэхэмжлэгч Д.Б*********, хариуцагч С** T***** T**** ХХК-ийн хооронд байгуулагдсан 2016 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн “Бусдын газар дээр барилга барьж, хөрөнгө оруулалт хийж, хамтран ажиллах гэрээ” хэрэгжих боломжгүй болсон тул гуравдагч этгээд Б.Б*********ы гаргасан 15 давхарт барилгыг хариуцагч С** T***** T**** ХХК нь улсын комисст хүлээлгэн өгч, 100 хувь ашиглалтад оруулсны дараа тус барилгын 2 дугаар давхрын худалдаа үйлчилгээний танхимын үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг 353 м.кв талбайгаар Б.Б*********ы нэр дээр гаргуулахыг нэхэмжлэгч, хариуцагч нарт даалгах бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөг, гуравдагч этгээд Б.Б*********ы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5 929 500 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.    

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.2, 226 дугаар зүйлийн 226.1, 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1-д заасныг тус тус баримтлан Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороонд байрлах, нэгж талбарын 148004/0030 дугаар бүхий 413 413 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2014 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн А/352 тоот шийдвэрээр олгогдсон газар эзэмших эрхийг Д.Б*********д буцаан шилжүүлэхийг, хариуцагч С** T***** T**** ХХК-д даалгасугай.

 

2. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.2, 226 дугаар зүйлийн 226.1, 343 дугаар зүйлийн 343.1-д заасныг баримтлан гуравдагч этгээд Б.Б*********ы гаргасан 15 давхарт барилгыг хариуцагч С** T***** T**** ХХК нь улсын комисст хүлээлгэн өгч, 100 хувь ашиглалтад оруулсны дараа тус барилгын 2 дугаар давхрын худалдаа үйлчилгээний танхимын үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг 353 м.кв талбайгаар Б.Б*********ы нэр дээр гаргуулахыг нэхэмжлэгч, хариуцагч нарт даалгах бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

            3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөг, гуравдагч этгээд Б.Б*********ы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5 929 500 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

  

         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Д.МӨНГӨНТУУЛ