Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2022/00560

 

 

2022 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2022/00560

 

 

Д.Б-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 183/ШШ2021/02801 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Д.Б-гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч “С” ХХК-д холбогдох газар эзэмших эрх шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлтэй,

Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулахыг нэхэмжлэгч, хариуцагч нарт даалгуулах тухай гуравдагч этгээд Б.Б-ы бие даасан шаардлагатай иргэний хэргийг хариуцагч болон гуравдагч этгээдийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхбат, нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.Сүхбаатар, Х.Жаргалсайхан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Батдорж, хариуцагчийн өмгөөлөгч Г.Болдбаяр, гуравдагч этгээд Ц.Б, гуравдагч этгээд “М” ХХК-ийн төлөөлөгч Б.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Даваасүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: Д.Б- нь Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт Аэрофлотын зүүн талд байрлах 413 м.кв талбайтай газрыг хууль ёсны дагуу эзэмшдэг. Энэ газартай хил залгаа “М” ХХК-ийн эзэмшлийн газар байдаг бөгөөд талууд 1 хөрөнгө оруулалтаар, нэг төсөл хэрэгжүүлж, энэ газар дээрээ оффисын зориулалттай барилга барихаар шийдсэн. “С” ХХК-тай 2016 оны 10 дугаар сарын 15-ны өдөр дээрх 2 эзэмшлийн газар дээр 100 хувийн хөрөнгө оруулалтаар 15 давхар барилгыг түлхүүр гардуулах нөхцөлтэйгөөр хүлээлгэж өгөхөөр “Бусдын газар дээр барилга барьж, хөрөнгө оруулалт хийж, хамтран ажиллах гэрээ”-г байгуулсан. Тус гэрээгээр Д.Б- өөрийн эзэмшлийн газрыг “С” ХХК-ийн нэр дээр шилжүүлэх үүргээ биелүүлсэн. “С” ХХК өөрийн хувьцааны 17 хувийг Д.Б-д үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гарах хүртэлх хугацаагаар шилжүүлэх үүргээ биелүүлээгүй.

Мөн “С” ХХК нь гэрээний дагуу барилга барих үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, хугацаа хэтрүүлсэн. 2018 оны 02 дугаар сарын байдлаар энэ барилга цаашид баригдахгүй нь тодорхой болсон.

Хариуцагч нь тус газар дээр барьж байгаа барилгын дүүргэлтийг тоосго, блок, хаягдал хайрга зэрэг барилгын шаардлага хангахгүй материалаар хийсэн.

Хамтран ажиллах гэрээгээр хүлээсэн гэрээний гол нөхцлүүд зөрчигдсөн учраас “С” ХХК-д Д.Б-гийн зүгээс 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр шаардлага бүхий албан бичиг хүргүүлсэн боловч ямар нэгэн хариу ирээгүй. Иймд 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр гэрээг дуусгавар болгож байгаа тухай мэдэгдлийг бичгээр хүргүүлсэн.

Талуудын хооронд байгуулагдсан гэрээ дуусгавар болсон тул “С” ХХК-д шилжүүлсэн 413 м.кв талбайтай газар эзэмших эрхийг Д.Б-гийн нэр дээр буцаан шилжүүлэхийг даалгаж өгнө үү.

 

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан татгалзал, тайлбарын агуулга: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Д.Б-, “М” ХХК, “С” ХХК-ууд 3 талт гэрээ байгуулсан, гэрээний дагуу барилгын ажил эхэлсэн. Барилга хугацаандаа ашиглалтад орж чадаагүй хэд хэдэн нөхцөл шалтгаан байгаа.

Д.Б- нь “С” ХХК-аас 5,000,000 юанийг 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулж авсан. Д.Б- нь энэ мөнгөө хугацаанд нь өгөөгүйгээс төслийн ажил зогссон.

 Мөн мэргэжлийн хяналтын улсын байцаагч барилгын стандарт хангаагүй, хаягдал тоосгоор тухайн барилгыг дүүргэсэн, барилгын аюулгүй байдал болон барилгын насжилтад нөлөөлсөн гээд засаж сайжруулах, тоосгыг 360 мм-ийн хөнгөн блокоор солих талаар шаардлага тавьсан дүгнэлт гаргасан. Энэ нь гэрээг зөрчих, гэрээг дуусгавар болгох ноцтой үндэслэл болохгүй. Тухайн барилга одоо 11 давхар карказ дүүргэлттэй байгаа.

Хамтран ажиллах гэрээ байгуулагдсан талаар хэн аль нь маргахгүй байна. Хэлцлийн дагуу нэгэнт хэрэгжсэн харилцааг буцаах боломжгүй болсон тохиолдолд гэрээнээс татгалзахгүй, харин гэрээг цуцлах боломжтой. Хэрвээ гэрээнээс гарна гэж үзвэл газрын төлбөр хэмжээг тодорхойлоод зохигчид хоорондоо тохиролцох боломжтой. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн үндэслэлээ гэрээнээс татгалзах гэж тодорхойлж буй бол нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй гэж үзэхээр байна.

15 давхар барилгын төслийн ажил нь Д.Б-гийн эзэмшлийн 413 м.кв талбай бүхий, “М” ХХК-ийн 213 м.кв талбай бүхий газар дээр хэрэгжиж байгаа.

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Гуравдагч этгээд Б.Б- болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан бие даасан шаардлага, тайлбарын агуулга: Б.Б- нь Д.Б-тай 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдөр “барилга /үл хөдлөх эд хөрөнгө/ захиалах гэрээ” байгуулсан. Гэрээнд үйчилгээ, оффиссын зориулалттай 15 давхар барилгын 2 дугаар давхрыг ашиглалтад орсны дараа нэхэмжлэгч Д.Б- нь Б.Б- миний өмчлөлд шилжүүлэхээр тохиролцож, Д.Батсайхан нь Д.Б-д үл хөдлөх эд хөрөнгийн үнэ 1,154,310,000 төгрөгийг бэлнээр хүлээлгэн өгсөн.

Энэхүү хамтран ажиллах гэрээний зорилго биелэгдэхгүй болсон учраас гэрээг дуусгавар болгож талууд өгсөн, авсан зүйлсээ харилцан шаардаж  байгаа нь бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн эрх, ашиг зөрчигдөх нөхцөл үүсч байна.

Иймд Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа үйлчилгээний зориулалттай барилгыг хариуцагч “С” ХХК нь улсын комисст хүлээлгэн өгч оруулсны дараа тус барилгын 2 давхрын худалдаа үйлчилгээний талбай 350 м.кв талбайг Б.Б-ы нэр дээр гаргуулахыг нэхэмжлэгч болон хариуцагч нарт даалгаж өгнө үү.

 

4. Гуравдагч этгээд “М” ХХК-ийн төлөөлөгчийн тайлбарын агуулга: “М” ХХК нь Сүхбаатар дүүрэг 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших 213 м.кв талбай газрыг эзэмшдэг. Д.Б-, “С” ХХК-тай 2016 оны 10 дугаар сарын 15-ны өдөр оффис, үйлчилгээний зориулалтай 15 давхар барилга барьж, ашиглалтанд оруулан түлхүүр гардуулан өгөх нөхцөлтэй гурвалсан гэрээ байгуулсан.

Тус гэрээнд зааснаар Д.Б-гийн нэр дээрх 413 м.кв газрыг эзэмших эрх болон “М” ХХК-ийн 213 м.кв газар эзэмших эрхийг “С” ХХК-ийн нэр дээр шилжүүлэх, “С” ХХК барилгыг барих, 2 болон 6 дугаар давхарт нийт 980 м.кв талбайг Д.Б-гийн өмчлөлд, 5 болон 7 дугаар давхрын нийт 980 м.кв талбайг “М” ХХК-ийн өмчлөлд тус тус шилжүүлэхээр тохиролцсон.

Хариуцагч “С” ХХК нь гэрээний үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн, гэрээний гол зүйл болох барилга угсралтын ажил нь барилгын норм, дүрэмд нийцээгүй. Хариуцагч нь гэрээний үүргийг гүйцэтгэж чадахгүй нь илт болсон. Гүйцэтгэгч нь барилгыг барихдаа 100 хувь өөрийн хөрөнгөөр барьж, ашиглалтанд оруулахаар тохиролцсон боловч энэхүү үүргээ зөрчиж, бусдаас барилгын материал, багаж хэрэгсэл зээлээр авч, үнэ хөлсийг нь төлөөгүйн улмаас шүүх, цагдаагийн байгууллагад маргаан үүсч, ирээдүйд бидний хөрөнгө үнэгүйдэх, өр төлбөрт орох эрсдэл үүссэн.

Газрын хууль ёсны эзэмшигч Д.Б- болон манай компанийн хооронд ямар нэгэн маргаан, үйл ойлголцол, саналын зөрүү байхгүй бөгөөд бидний хамтын ажиллагааны цаг хугацаа, хөрөнгө мөнгийг үнэгүйдүүлж хохироож байгаа “С” ХХК нь бидний хохирлыг барагдуулах нь зүй ёсны асуудал тул нэхэмжлэлийг шаардлагыг хангаж өгнө үү.

 

5. Гуравдагч этгээд Ц.Бийн анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: Бидний байр суурь нэг байгаа. Барилга бариад өөрт ногдох хэсгийг авах байсан зорилготай байсан ч бүтсэнгүй. 2016 оноос хойш 2021 он хүртэл 5 жил болж байна. О.Б-, аав нь болох н.Отгонсайхан нар нь компанийн хурал хийнэ гэж удаа дараа дуудсан. Хурлаар О.Б-ийг захирал болгох санал гаргасныг зөвшөөрөөгүй. Компанийн удирдлагыг хууль бусаар авсан байсныг нь сүүлд шүүх хуралдаан дээр мэдсэн. О.Б- нь Ван Хай Жүнтай гэр бүлийн харилцаатай байж байгаад салсан. Би “гэр бүл салснаас болж биднийг олон жил хохироож болохгүй” гэхэд тэрээр “танай Д.Энхбат манай компаниас мөнгө авсан” гэдэг. Энэ нь тусдаа асуудал. Д.Энхбат нь гэрээнд гарын үсэг зураагүй.  О.Б- бид хоёрыг компанийнхаа үлдсэн 20 хувийн хувьцааг шилжүүлвэл би дор нь мөнгө олоод барилгыг барина гэж хэлдэг. Компанийг худалдах оролдлого хийснийг бид зохих шатны газруудад нь мэдэгдсэн.

 

6. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.2, 226 дугаар зүйлийн 226.1, 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороонд байрлах, нэгж талбарын 148004/0030 дугаар бүхий 413 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2014 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн А/352 тоот шийдвэрээр олгогдсон газар эзэмших эрхийг Д.Б-д буцаан шилжүүлэхийг хариуцагч “С” ХХК-д даалгаж,

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.2, 226 дугаар зүйлийн 226.1, 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан гуравдагч этгээд Б.Б-ы гаргасан 15 давхарт барилгыг хариуцагч “С” ХХК нь улсын комисст хүлээлгэн өгч, 100 хувь ашиглалтад оруулсны дараа тус барилгын 2 дугаар давхрын худалдаа үйлчилгээний танхимын үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг 353 м.кв талбайгаар Б.Б-ы нэр дээр гаргуулахыг нэхэмжлэгч, хариуцагч нарт даалгах бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөг, гуравдагч этгээд Б.Б-ы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5 929 500 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: 7.1. Анхан шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн үзэж байна.

“С” ХХК болон иргэн Д.Б-, “М” ХХК нь 2016 оны 10 дугаар сарын 15-ны өдөр “Бусдын газар дээр барилга барьж, хөрөнгө оруулалт хийж, хамтран ажиллах тухай” гэрээг байгуулсан. Гэрээний агуулгаас харахад Иргэний хуулийн 476 дугаар зүйлд заасан гэрээний талууд агуулгыг өөрсдөө тодорхойлон, хуульд нийцүүлэн байгуулсан ба энэ талаар талуудын хэн аль нь маргаддаггүй. Гэтэл анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ гэрээний агуулга болоод талуудын хүсэл зоригийг үл харгалзан тэдгээрийн хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж үндэслэлгүй дүгнэлт хийж, харилцааг буруу тодорхойлсон.

7.2. Түүнчлэн нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ талуудын хооронд байгуулагдсан 2016 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн хамтран ажиллах гэрээнээс татгалзаж, улмаар өөрийн шилжүүлсэн 413 м.кв талбай бүхий газраа өөрийн нэр дээр буцаан шилжүүлэхийг хариуцагчид даалгуулахаар тодорхойлсон.

Талуудын хооронд урт хугацааны гэрээ байгуулагдсан, түүнчлэн гэрээний талууд болох Ж.Байгалмаагийн 413 м.кв газар болон “М” ХХК-ийн 213 м.кв талбай бүхий газар дээр гэрээнд заасан барилгын карказ нэгэнт баригдсан.

Түүнчлэн нэхэмжлэгч Д.Б- уг газарт баригдсан барилгаас 2 болон 6 давхарыг бүхэлд нь өмчлөхөөр тохиролцсон, ирээдүйд бий болох уг өмчийнхөө 2 давхарыг бүхэлд нь бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б.Б-д 1,154,310,000 төгрөгөөр зарж борлуулсан ба тэрээр хамтран ажиллах гэрээний дагуу үр шимээ аль хэдийн хүртсэн атлаа ийнхүү гэрээнээс татгалзаж байгаа нь үндэслэлгүй.

7.3. Мөн Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.3.-т “үүрэг  гүйцэтгүүлэгч үүргээ зөрчсөн явдалд бүхэлд нь буюу ихэнх хэсэгт нь үүрэг гүйцэтгүүлэгч өөрөө буруутай” бол талууд гэрээнээс татгалзаж болохгүй юм. Ж.Байгалмаа нь тухайн гэрээ байгуулагдсанаас 2 хоногийн дараа буюу 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр “С” ХХК-иас эргэн төлөх богино хугацаатай 5,000,000 юань зээлсэн, тухайн зээлээ хугацаандаа өгөөгүйгээс дээрх төслийн үйл ажиллагаа тодорхой хугацаагаар саатсан бөгөөд нэхэмжлэгч Д.Б- нь дээрх зээлсэн мөнгөө гэрээнд заасан хугацаандаа “С” ХХК-д эргүүлэн өгсөн бол барилгын ажлын санхүүжилтэнд ямар нэг асуудал гарахгүй, барилга хугацаандаа ашиглалтанд орох боломжтой байсан.

7.4. Дээрх нөхцөл байдлуудаас авч үзэхэд нэхэмжлэгч Ж.Байгалмаагийн хувьд гэрээнээс татгалзаж, татгалзсанаас үүссэн үр дагаврыг шаардах боломжгүй болсон бөгөөд энэ нь бусдыг эрх, ашгаар хязгаарлагдаж байгаа ба гагцхүү гэрээ болоод Иргэний хуулийн 479 дүгээр зүйлд заасны дагуу хамтран ажиллах гэрээнээс гарч, өөрт ногдох хувиа мөнгөн хэлбэрээр шаардах эрхтэй гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож хэргийг буюу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

8. Гуравдагч этгээд Б.Б-ы итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: 8.1. Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн эрх зүйн харилцаанд үндэслэлтэй, зөв дүгнэлт хийгээгүй, хэрэгт авагдсан нотлох баримт болон талуудын тайлбарыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй, ач холбогдолтой талаас нь үнэлээгүй байна.

8.2. Нэхэмжлэгч Д.Б-, гуравдагч этгээд “М” ХХК нь өөрсдийн газар эзэмших эрхийг шилжүүлсэн, “С” ХХК нь 11 давхар барилгын ажил хийж гүйцэтгэсэн талаар маргаагүй. Гэтэл анхан шатны шүүх гэрээний 1.2 дах заалтыг үндэслэл болгон талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, маргаан бүхий гэрээ нь хамтран ажиллах гэрээнд тавигдах хуулийн шаардлага хангаагүй хэмээн зохигчдын хооронд үүссэн харилцааг буруу тодорхойлсон. Гэрээний зорилго, талууд юу тохиролцсон, гэрээний гол нөхцөл, талуудын хүсэл зориг гэрээний харилцааг тодорхойлох юм. Зохигчид маргаантай байх тохиолдолд шүүх тодруулж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэх үүрэгтэй. Маргаан бүхий тохиолдолд Иргэний хуулийн 479, 480 дугаар зүйлүүдэд хамтран ажиллах гэрээнээс гарах, түүнийг дуусгавар болгох асуудлыг зохицуулсан бөгөөд нэг гишүүн хамтран ажиллах гэрээнээс гарах болсон тохиолдолд хөрөнгө хувиарлах асуудал хөндөгдөнө.

8.3. Гэрээг тогтвортой, талуудын итгэл, найдварыг баталгаатай байлгах зорилгоор үндэслэлгүйгээр, дуртай үедээ гэрээнээс татгалзах, гэрээг цуцлахыг хуулиар хязгаарласан байдаг. Нэхэмжлэгч Д.Б- нь маргаан бүхий хамтран ажиллах гэрээний дагуу өөрийн эзэмшлийн газрыг хариуцагчид шилжүүлснээр “Үйлчилгээтэй оффисын” зориулалттай 15 давхар барилгын 2 болон 6 давхарын өмчлөгч болохоор тохиролцсон байх бөгөөд 2 давхарыг бүхэлд нь Б.Б-д худалдаж 1,154,310,000 төгрөгийн бодит ашиг олсон, энэ нь хамтран ажиллах гэрээний нэг тал болох Д.Б- аль хэдийн хамтран ажиллах гэрээний үр шимийг хүртсэн гэж үзэх үндэслэл тогтоогдсон.

Гэтэл Д.Б- хамтран ажиллах гэрээнээс татгалзаж байгаа нь 15 давхар барилгын 2 давхарын танхимыг 353 м.кв талбай бүхий худалдаа үйлчилгээний танхимыг 1 м.кв талбайг нь 3,270,000 төгрөгөөр тооцож нийт 1,154,310,000 төгрөгөөр худалдан авсан Б.Б-ы эрх, ашиг хөндөгдөж байхад анхан шатны шүүх талуудын хооронд байгуулагдсан гэрээг цуцалж, газар эзэмших эрхийг нэхэмжлэгчид буцаан шилжүүлэхээр шийдвэрлэсэнтэй холбогдуулан бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн эрх ашгийг зөрчиж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.

 

9. Хариуцагч, гуравдагч этгээдийн давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Ялимгүй зөрчил гаргасан байхад гэрээ цуцласан гэж гомдолд дурджээ. Гурвалсан гэрээнд Д.Б- нь эзэмшлийн газраа шилжүүлэхээр тохиролцсоны дагуу 3 хоногийн дараа үүргээ зохих ёсоор биелүүлсэн. Гэрээний 1.3.1, 2.2., 4.1, 1.1, 4.2 дахь хэсэгт заасан үүргээ хариуцагч биелүүлээгүй. Хариуцагч гэрээний гол  нөхцлүүдийг зөрчсөнийг ялимгүй зөрчил гэж үзэх боломжгүй. Анхан шатны шүүхийн шийдвэрийг дэмжиж байна. Хариуцагч хамтран ажиллах гэрээнээс гарах боломжгүй учраас газрын төлбөрийг өгөх талаар байр сууриа илэрхийлдэг. Иргэний хуулийн 479 дүгээр зүйлд зааснаар хамтран ажиллах гэрээ гэж үзсэн ч гэрээний хугацаа дуусгавар болбол гэрээ дуусгавар болно. Мөн гэрээ цуцалснаар гэрээ дуусгавар болох талаар ч байдаг. Нэхэмжлэгч болон гуравдагч этгээд нар газар эзэмших эрхээ үнэлж, бусдаас мөнгө авах хүсэл зориг байгаагүй. Гэрээг судалж үзвэл хөрөнгө оруулалттай, хөрөнгө оруулагч нь хөрөнгөө гаргаад барилгыг чанартай гүйцэтгэх агуулгатай. Гэрээний хугацаа дууссан, карказ боссон, барилга 37 хувийн гүйцэтгэлтэй гэдэг нь тогтоогдсон. Талууд гэрээг дуусгавар болгож байгаа талаар мэдэгдэл өгсөн. Гэрээг цуцлах, татгалзах нь эцсийн үр дагавар нь дуусгавар болох хүсэл зориг аль алинд нь байдаг. Мэдэгдлүүдэд гэрээг дуусгавар болгоод төлбөр тооцоо нийлэх талаар дурдсан. “С” ХХК нь зөвхөн мөнгөө л гаргасан бөгөөд уг мөнгийг нь тооцоод олгох санал гаргаж байгаа нь гэрээг цуцалсан хүсэл зориг харагддаг. Анхан шатны шүүх ажил гүйцэтгэх гэрээ, хамтран ажиллах гэрээг харьцуулан дүгнэж, байгаад шийдвэрлэсэн. Гүйцэтгэсэн ажил чанарын шаардлага хангаж байвал мөнгийг нь төлж авахаар санал гаргасан нь мэдэгдэлд байдаг. Д.Б- нь барилгыг хугацаандаа ашиглалтад орно гэж бодоод ирээдүйд бий болох хөрөнгөө худалдаж, Б.Б-тай гэрээ хийсэн. Өнөөдрийн байдлаар Б.Б-тай өгсөн, авснаа дуусгавар болгож, гомдолгүй болгож байгаа гэж нэхэмжлэгч хэлдэг. 5,000,000 юанийн зээл нь талуудын хооронд байгуулсан гэрээтэй огт хамааралгүй.  

 

10. Гуравдагч этгээдийн давж заалдах гомдолд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Гуравдагч этгээдийн гомдол үндэслэлтэй, давж заалдах гомдлыг дэмжиж байна.

 

10. Хариуцагч болон гуравдагч этгээдийн давж заалдах гомдолд гуравдагч этгээд Ц.Б, “М” ХХК-ийн төлөөлөгч Б.Э нарын гаргасан тайлбарын агуулга: Д.Б-, “М” ХХК болон “С” ХХК-ийн хооронд гурвалсан гэрээ байгуулагдсан. Д.Энхбатын 5,000,000 юанийн зээлийн асуудал нь уг гэрээтэй болон “М” ХХК-д хамааралгүй.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар иргэний хэргийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзэж, шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаах үндэслэлтэй гэж дүгнэв.

 

2. Нэхэмжлэгч Д.Б- нь хариуцагч “С” ХХК-д холбогдуулан газар эзэмших эрхийг буцаан шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Гуравдагч этгээд Б.Б- нь нэхэмжлэгч Д.Б-, хариуцагч “С” ХХК-д тус тус холбогдуулан Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, Сөүлийн гудамж, нийслэлийн 2 дугаар амаржих газрын баруун урд талд байрлах үйлчилгээний оффисын зориулалтай 15 давхарт барилгыг хариуцагч “С” ХХК нь улсын комисст хүлээлгэн өгч, 100 хувь ашиглалтад оруулсны дараа тус барилгын 2 дугаар давхрын худалдаа үйлчилгээний танхимын үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг 353 м.кв талбайгаар өөрийн нэр дээр гаргуулахыг даалгуулах тухай бие даасан шаардлага гаргасан.

 

3.а. Д.Б-, “М” ХХК, “С” ХХК-ууд 2016 оны 10 дугаар сарын 15-ны өдөр “Бусдын газар дээр барилга барьж, хөрөнгө оруулалт хийж, хамтран ажиллах гэрээ”-г байгуулж, тус гэрээгээр Д.Б- өөрийн нэр дээрх Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших 413 м.кв газар эзэмших эрх, “М” ХХК өөрийн нэр дээрх мөн хаягт оршин байх 213 м.кв газар эзэмших эрхийг “С” ХХК-ийн нэр дээр тус тус шилжүүлэх, “С” ХХК нь өөрийн компанийн 17 хувийн хувьцааг иргэн Д.Б-д баталгаа болгон шилжүүлэх, хөрөнгө оруулалт хийж, уг газар дээр барилгын угсралтын ажлыг гүйцэтгэх, баригдсан барилгын 2 болон 6 дугаар давхрын 980 м.кв талбайг Д.Б-гийн өмчлөлд, 5 болон 7 дугаар давхрын 980 м.кв талбайг “М” ХХК-ийн өмчлөлд тус тус шилжүүлэхээр харилцан тохиролцсон.

 

3.б. Д.Б- нь “С” ХХК-ийн гүйцэтгэх захирал О.Б-т 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр газар эзэмших эрх шилжүүлэх гэрээгээр 413 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулттай газрын эзэмших эрхийг шилжүүлсэн. /1хх 14/

 

“М” ХХК нь газар эзэмших эрхийг шилжүүлээгүй боловч 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хувьцаа эзэмшигч Б.Э 20161220/01 тоот гэрээгээр өөрийн эзэмшдэг хувьцааны 40 хувийг, хувьцаа эзэмшигч Ц.Б 20161220/02 тоот гэрээгээр өөрийн эзэмшдэг хувьцааны 40 хувийг тус тус шилжүүлсэн, улмаар иргэн О.Б- “М” ХХК-ийн 80 хувийн хувьцаа эзэмшигч болжээ.  

 

3.в. Маргаан бүхий газар дээр 11 давхар баригдаж дуусаагүй барилга бий болжээ.

4. “Бусдын газар дээр барилга барьж, хөрөнгө оруулалт хийж, хамтран ажиллах гэрээ”-ний дагуу Д.Б-гийн газар эзэмших эрх “С” ХХК-д шилжсэн, уг газар дээр 11 давхар бүхий барилгын карказ бий болсон үйл баримтыг талуудын тайлбартай харьцуулан дүгнэвэл тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасан хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн  гэж дүгнэхээр байна. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн харилцааг ажил гүйцэтгэх гэрээ гэж дүгнэсэн нь алдаатай болжээ.

 

Өөрөөр хэлбэл, Д.Б- болон “М” ХХК нь үйлчилгээ оффисын зориулалттай барилга бий болгож, хэсгээр өмчлөх зорилгоор хамтын ажиллагаанд газар эзэмших эрхээр хураамж төлөх, хариуцагч “С” ХХК нь тухайн барилгыг барих үйл ажиллагааг удирдаж, шаардлагатай хөрөнгө, санхүүжилтийг хариуцах, улмаар бий болсон барилгын 2 болон 6 дугаар давхрыг Д.Б-, 3 болон 7 дугаар давхрыг “М” ХХК-ийн өмчлөлд, үлдэх давхруудыг “С” ХХК-ийн өмчлөлд тус тус авч, ашиг алдагдлаа хуваарилахаар талууд тохиролцсон байна.

 

5. “С” ХХК нь гэрээнд заасан өөрийн компанийн 17 хувийн хувьцааг Д.Б-д шилжүүлээгүй байх боловч Д.Б- нь уг шаардах эрх хэрэгжүүлэх боломжтой бөгөөд шаардаж байсан нь тодорхойгүй тул энэ нь гэрээнээс татгалзах үндэслэлд хамаарахгүй. Талуудын тайлбараас үзвэл барилгын карказ 11 давхар хүртэл баригдсан талаар хэн аль нь маргаагүй.

 

Хамтын үйл ажиллагааны үр дүнд бий болсон 11 давхар карказ бүхий барилга нь Иргэний хуулийн 84 дугаар зүйлийн 84.3 дахь хэсэгт зааснаар газрын бүрдэл хэсэг болсон байх тул нэхэмжлэгч аль ч төрлийн гэрээнээс татгалзсан ч уг барилгын талаар төлбөр төлж, өөрийн эзэмшилд авах, эсхүл нөхөн төлбөр төлөх замаар шаардлагаа өөрөөр тодорхойлох эсэхийг шүүх тодруулах байжээ.

 

Өөрөөр хэлбэл, шүүхийн зүгэээс нэхэмжлэлийн шаардлагыг тодруулах, гэрээнээс гарах тохиолдолд хуульд заасан шаардах эрхийг нь тодруулах байжээ.

 

Дээрх алдааг давж заалдах шатны шүүх нөхөн гүйцэтгэх боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 167 дугаар зүйлийн 167.1.5-д зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 183/ШШ2021/02801 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 70,200 төгрөг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б.Б-аас төлсөн 70,200 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.     

 

 

 

         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Д.НЯМБАЗАР

                                               

                                      ШҮҮГЧИД                                        Ц.ИЧИНХОРЛОО

                                                                                                 

                                                                                                 Э.ЗОЛЗАЯА