Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 001/ХТ2020/00721

 

Д.Б-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 183/ШШ2019/00923 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 1109 дугаар магадлалтай,

Д.Б-гийн нэхэмжлэлтэй,

СТТ ХХК-д холбогдох

Газар эзэмших эрхийг буцаан шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.И, Б.Э, Ц.Б, Д.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Э, нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Б-гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороонд орших Аэрофлотын зүүн талд байрлах үйлчилгээний зориулалттай 413 м.кв талбайтай, 000494758 дугаартай гэрчилгээ бүхий газрыг Д.Б- нь хууль ёсны дагуу эзэмшдэг. Тус газартай хил залган Майнголиа ХХК 231 м.кв газрыг эзэмшиж байсан бөгөөд тухайн газар нь хотын төвд А зэрэглэлийн бүсэд байрладаг тул бид зэргэлдээ байршилтай газар дээрээ хөрөнгө оруулалт татаж оффис үйлчилгээний зориулалттай барилга барихаар шийдэж, барилга барих хөрөнгө оруулагчийг хайж байгаад БНХАУ-ийн иргэн Ван Хай Жун гэдэг хүнтэй уулзсан ба тэрээр ...би БНХАУ-ын Шанхай хотын Жансу мужид Сожүн нэртэй барилгын том компанитай, Монгол улсад Хийморь хотхон зэрэг томоохон төслүүдийг өөрсдийн хөрөнгөөр хэрэгжүүлсэн. Танай энэ газар дээр барилга баръя. Манай компани Хятадын топ 500 аж ахуйн нэгжийн нэг, хөрөнгө оруулъя" гэж ярилцсан. 2016 онд Ван Хай Жүнтай уулзсаны дагуу Д.Б-гийн ах н.Энхбат  Шанхай хотод орших Сожүн компанийн оффис дээр очиж үзэхэд Хятад улсдаа нилээн томоохон компанид тооцогддог нь харагдсан тул итгэж гэрээ байгуулж, хөрөнгө оруулалт татан үйлчилгээний зориулалттай барилга барихаар талууд харилцан тохиролцсон. 2016 оны 10 дугаар сарын 15-ны өдөр оффис болон үйлчилгээний зориулалттай 15 давхар барилга барин ашиглалтад оруулж, түлхүүр гардуулан өгөх нөхцөлтэй, бусдын газар дээр барилга барьж, хөрөнгө оруулалт хийж, хамтран ажиллах гэрээг нэг талаас СТТ ХХК, нөгөө талаас Д.Б-, гуравдагч талаас Майнголиа ХХК тус тус гэрээ байгуулсан. Энэхүү гэрээний гол нөхцөп нь Д.Б-гийн зүгээс эзэмшил бүхий газраараа хөрөнгө оруулалт хийх, бусад бүх хөрөнгө оруулалтыг СТТ ХХК өөрийн санхүүжилтээр барьж, ашиглалтад оруулан хүлээлгэж өгөх байсан. Баригдсан барилгаас 980 м.кв тапбай бүхий 2 болон 6 давхарыг Д.Б-д газраар хөрөнгө оруулсных нь төлөө шилжүүлэн өгөхөөр гэрээ хийсэн. Гэрээгээр Д.Б- СТТ ХХК-ийн нэр дээр өөрийн эзэмшил бүхий газрыг шилжүүлэх, үүний хариу баталгаа болгож СТТ ХХК-ийн 17%-ийн хувьцааг Д.Б-д шилжүүлэхээр, хэрэв үйл ажиллагаа цааш үргэлжлэх бол талууд тохиролцоно гэж заасан. Иргэн Д.Б- өөрийн газраа 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр нэр шилжүүлэх гэрээгээр СТТ ХХК-ийн нэр дээр шилжүүлсэн. Харин СТТ ХХК компанийхаа 17 хувийн хувьцааг шилжүүлэх үүргээ биелүүлээгүй. Газар шилжүүлэн авч барилгын үйл явц явагдах үед барилгыг 2016 оны 10 дуаар сарын 15-ны өдрөөс 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд барьж ашиглалтанд оруулахаар тохиролцсон. Гэрээ байгуулагдсанаас хойш СТТ ХХК нь талуудын байгуулсан гэрээний 2.2, 4.1, 4.2-т заасныг тус тус зөрчсөн. Дээрх зөрчлүүдтэй холбогдуулан Д.Б-гийн зүгээс 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр өөрийн өмч хөрөнгөө хамгаалахын тулд хамтран ажиллах гэрээнээс татгалзсан мэдэгдлийг хүргүүлсэн. Нэгэнт гэрээнээс татгалзсан тул гэрээний үр дагаварыг шийдүүлэхээр 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдөр хамтран ажиллах гэрээнд талуудын хооронд үүссэн маргааныг Арбитраар шийдүүлнэ гэж заасны дагуу Арбитрт хандсан. Арбитраас хамтран ажиллах гэрээ нь Арбитрын харъяалалтай ч гэсэн хамтран ажиллах гэрээнээс татгалзсан үр дагаварыг шийдүүлж буй газар шилжүүлэх гэрээ болон Майнголиа ХХК-ийн хувьцаа шилжүүлсэн нь шүүхийн харъяалалтай байх тул энэ гэрээтэй холбоотой маргааныг шүүхийн журмаар шийдүүлнэ үү гэсэн шийдвэрийг гаргасан. Иймд бид хамтран ажиллах гэрээнээс татгалзаж, татгалзсантай холбоотой газар шилжүүлсэн асуудлыг шийдүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хариуцагч нь талуудын хооронд байгуулагдсан хамтран ажиллах гэрээний гол үүргээ ноцтойгоор зөрчиж, гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасны дагуу тус гэрээнээс татгалзсан болно. Ийнхүү гэрээнээс татгалзсантай холбогдуулан Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасны дагуу 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний дагуу шилжүүлсэн. Д.Б-гийн эзэмшлийн 413 м.кв газрыг эзэмших эрхийг буцаан шилжүүлэн авахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.

Хариуцагч СТТ ХХК-ийн шүүхэд гаргасан тайлбарт: ...Нэхэмжлэгч санхүүгийн эх үүсвэртэй компанитай гэрээ байгуулсан гэдэгт бид маргахгүй. Харин хариуцагч гэрээгээ зөрчсөн учраас гэрээнээс татгалзсан гэж байгаа ч хамтран ажиллах гэрээний онцлог нь гэрээнээс татгалзах тухай ойлголт байдаггүй. Гэрээнээс татгалзсан тухай тайлбарлахдаа гэрээний зүйл заалт хугацаа зөрчсөн гэж байна. Хугацаа хэтрүүлсэн, зөрчсөн нь тодорхой үндэслэл, шалтгаантай. Энэ нь гэрээнээс татгалзах ноцтой зөрчилд тооцогдохгүй. Учир нь хамтран ажиллах гэрээг 2016 оны 10 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан СТТ ХХК гүйцэтгэх, иргэн Д.Б- нь захиалагчаар оролцож байгаа. Хамтран ажиллах гэрээ нь гурван субьектын хооронд байгуулагдсан. Гэрээ нь 2016 оны 10 дугаар сарын 15-ны өдөр байгуулагдаж, 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр иргэн Д.Б-тай СТТ ХХК зээлийн гэрээ байгуулсан. Энэ гэрээ нь шүүхийн шийдвэрээр батлагдсан. Нэхэмжлэгч талын санхүүгийн эх үүсвэр тодорхойгүй тул энэ тухай ирүүлнэ үү гэх мэдэгдэл хоёр удаа ирсэн. Энэ мэдэгдлийг хуульд заасны дагуу урьдчилан мэдэгдэж татгалзсан гэж тайлбарлаж байгаа ч энэ нь хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэж үзэж байна. Бусдын газар дээр барилга барих хамтран ажиллах гэрээ нь урт хугацаатай гэрээ. Гэрээний хугацаандаа биелэгдээгүй шалтгаан нь хөрөнгө оруулалтаас хамтран ажиллах гэрээний нэг тал болох Д.Б-, н.Энхбатад олгосон зээлтэй холбоотой. Үүнээс болж зээлийн хөрөнгө оруулалт тасалдсан гэж үзэж байна. Хамтран ажиллах гэрээнээс татгалзах, гарах тухай ойлголтыг хуулиар зохицуулсан. Иргэний хуулийн 225 дугаар зүйлд гэрээнээс татгалзаж болохгүй нөхцлүүд бий. Уг заалтын 225 дугаар зүйлийн 225.4.1-д үүргийг ялимгүй зөрчсөн бол гэсэн заалт бий. Мэргэжлийн хяналтын гаргасан албан шаардлагад шүүхийн маргаантай асуудал болон лифтны хонгил зэрэг жижиг зүйлсийг заасан. Энэ зүйл заалтыг барилга гүйцэтгэгч компани засаад явах бүрэн боломжтой. Үүнийг гэрээнээс татгалзах үндэслэл болгож байгаа нь учир дутагдалтай. Хамтран ажиллах гэрээний гол зүйл болох нэхэмжлэгч Д.Б- 413 м.кв талбай газраар хөрөнгө оруулах, СТТ ХХК нь 17%-ийн хувьцаа шилжүүлэх заалтанд бид маргадаггүй, шилжүүлэх бүрэн боломжтой. Түлхүүр хүлээлгэн өгөх нөхцөлтэй гэрээ байгуулсан гэдгийг мөн адил хүлээн зөвшөөрдөг. Барилгын үйл ажиллагаа явагдаж, гэрээгээр тохирсон 980 м.кв талбай өгөх бүрэн боломж байгаа. Гэрээний хугацаа дуусахаас өмнө 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр мэдэгдэл өгсөнөөс хойш үл ойлголцол бий болж, түүнээс хойш барилгын үйл ажиллагаа түр зогссон. Гэрээнээс татгалзсан гэж тайлбарлаж байгаа асуудал нь хөрөнгө оруулалтаас Д.Б-д олгосон зээлтэй холбоотой маргаан байсан учраас маргааныг шийдвэрлэх хүртэл төслийн үйл ажиллагаа зогссон. Цаашид төслийн үйл ажиллагаа явагдах, гэрээнд тохирсон нөхцөл боломжоо хувиарлах, ашиг алдагдлаа хувиарлах бүрэн боломжтой. Иргэний хуулийн 476 дугаар зүйлд заасны дагуу хамтран ажиллах гэрээг байгуулсан. Иргэний хуулийн 479 дүгээр зүйлийн 479.1 дэх хэсэгт гэрээнээс гарах тухай ойлголт бий. Гэрээний талуудад хохироп учруулахгүйгээр гэрээнээс гарч болно гэж заасан. Олгосон зээл болон хамтран ажиллах гэрээтэй холбоотой асуудлыг нэмэлт гэрээ тохирч, хугацаа шинэчилж, харилцан үүргээ тохирч цааш үргэлжлүүлэх бүрэн боломжтой. Нэхэмжлэгч хуульд заасны дагуу гэрээнээс гарна гэвэл гүйцэтгэгч оруулсан хөрөнгө оруулалттай дүйцэхүйц эсхүл гэрээнд тохирсон 980 м.кв талбайг шилжүүлж өгөх бүрэн боломжтой гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 183/ШШ2019/00923 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсгийг баримтлан Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороонд байрлах, нэгж талбарын 148004/0030 дугаар бүхий 413 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2014 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн А/352 тоот шийдвэрээр олгогдсон газар эзэмших эрхийг Д.Б-д буцаан шилжүүлэхийг, хариуцагч СТТ ХХК-д даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 1109 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 183/ШШ2019/00923 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн хариуцагчийн төлөөлөгчийн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М-ийн хяналтын журмаар гаргасан гомдолд: ...Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасан зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэх үүргээ биелүүлээгүй. Магадлалд “...гэрээг иргэн Д.Б-, хариуцагч СТТ ХХК болон Майнголиа ХХК-ийг төлөөлж Ц.Бат-Энх нар байгуулсан байх ба хамтран ажиллах гэрээ нь 3 талт гэрээ байна.” гэж дүгнэсэн нь учир дутагдалтай. Учир нь бусдын газар дээр барилга барьж хөрөнгө оруулалт хийж хамтран ажиллах гэрээг нэхэмжлэгч тал нь ажил гүйцэтгэх гэрээ, хариуцагч тал нь хамтран ажиллах гэрээ гэж маргасан бол анхан шатны шүүх нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбарыг үгүйсгэж, Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах, худалдан авах гэрээ байна гэж дүгнэж шийдвэрлэсэн. Гэтэл давж заалдах шатны шүүх талуудын хооронд үүссэн харилцаанд хууль зүйн үнэлэлт дүгнэлт өгөхгүйгээр шууд гэрээний нэрийг үндэслээд хамтран ажиллах гэрээ байна гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 198 дугаар зүйлд заасан гэрээг тайлбарлах журмыг зөрчсөн. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Майнголиа ХХК-ийг оролцуулах эсэх асуудлыг хэлэлцээд маргааны зүйл, нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй гэж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх анхаарч үзээгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, 29.3-т зааснаар маргааны зүйл нь гуравдагч этгээдэд хамааралтай, маргааны зүйлийн талаар шүүхийн шийдвэр гарахад гуравдагч этгээдийн эрх, үүрэгт ямар нэг байдлаар сөргөөр нөлөөлөхөөр байвал гуравдагч этгээдээр оролцуулж болно. Гэвч Майнголиа ХХК-ийн хувьд иргэн Д.Б- болон СТТ ХХК-ийн хооронд байгуулагдсан Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний оролцогч биш, Д.Б-гийн эзэмшиж байсан 413 м.кв газрын эзэмшилд ямар нэг байдлаар холбоогүй тул Майнголиа ХХК-ийг эрх ашиг зөрчигдсөн, зөрчигдөж болзошгүй этгээд гэж үзэх үндэслэлгүй бөгөөд Майнголиа ХХК-ийн эрх, үүрэгт сөргөөр нөлөөлөхгүй, СТТ ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргахад энэ шийдвэр саад болохгүй гэж үзсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гэж үзэж байна. Нөгөө талаас Майнголиа ХХК ч бас Бусдын газар дээр барилга барьж хөрөнгө оруулалт хийж хамтран ажиллах гэрээнээс татгалзах тухай мэдэгдлийг 2018.02.02, 2018.02.14-ний өдөр СТТ ХХК-д хүргүүлж, гэрээнээс татгалзсан бөгөөд энэхүү үйл баримт нь хэрэгт авагдсан Монголын Олон улсын ба үндэсний арбитрын 2018.10.26-ны өдрийн 294 дүгээр шийдвэр, мөн арбитрын 2018.06.05-ны өдрийн 148 дугаар шийдвэр, тэмдэглэл, давж заалдах шатны шүүхийн 2018.07.25-ны өдрийн 356 дугаар магадлал зэрэг нотлох баримтуудаар нотлогдоно. Майнголиа ХХК болон Д.Б- нар нь 2018.03.14-ний өдөр Монголын Олон улсын ба үндэсний арбитрт хандан “Бусдын газар дээр барилга барьж хөрөнгө оруулалт хийж хамтран ажиллах гэрээнээс татгалзсантай холбогдуулан Майнголиа ХХК-ийн 80 хувийн хувьцаа болон Д.Б-гийн газар эзэмших эрхийг буцаан шилжүүлэхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж байсныг арбитраас шүүхэд харъяалан шийдвэрлэх маргаан гэсэн үндэслэлээр арбитрын ажиллагааг дуусгавар болгож шийдвэрлэсэн. Ингээд арбитрын шийдвэрийн дагуу Хан-Уул дүүргийн шүүхэд хандан Майнголиа ХХК-ийн хувьцаа эзэмшигч нар нь хувьцаагаа буцаан авах, Д.Б- нь газар эзэмших эрхээ буцаан шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийг тус тусдаа гаргасан билээ. Магадлалд хамтын хөрөнгө оруулалт нь хамтын хөрөнгө байх, дундын хөрөнгийн маргаанд гэрээний бүх талууд оролцох шаардлагатай гэсэн үндэслэлгүй дүгнэлт хийсэн нь шүүх нэхэмжлэлийн шаардлагыг анхаарч үзээгүй, талуудын хооронд үүссэн харилцаанд хууль зүйн үнэлэлт дүгнэлт өгөөгүйтэй холбоотой гэж үзэхээр байна. Хэрэв бусдын газар дээр барилга барьж хөрөнгө оруулалт хийж хамтран ажиллах гэрээг хамтран ажиллах гэрээ гэж үзсэн тохиолдолд 477.3-т “Гэрээнд өөрөөр заагаагүй бол талуудын төлсөн хураамж нь тэдгээрийн дундаа өмчлөх хөрөнгө байна.” гэж заасны дагуу Д.Б-, Майнголиа ХХК, СТТ ХХК-ийн дунд хамтын үйл ажиллагааны явцад үүссэн дундаа өмчлөх хөрөнгө бий болсон байх ёстой. Гэвч бодит байдал дээр гэрээ байгуулагдсанаас хойш дундаа өмчлөх хөрөнгө огт үүсээгүй бөгөөд Д.Б- нь газар эзэмших эрхээ СТТ ХХК-ийн эзэмшилд шилжүүлсэн байдаг. Нэхэмжлэгч нь бусдын газар дээр барилга барьж, хөрөнгө оруулалт хийж, хамтран ажиллах гэрээтэй холбоотой бус харин СТТ ХХК-тай 2016.10.18-ны өдөр байгуулсан газар эзэмших эрх шилжүүлэх гэрээтэй холбоотой газар эзэмших эрхийг буцаан шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Бусдын газар дээр барилга барьж, хөрөнгө оруулалт хийж, хамтран ажиллах гэрээгээр Д.Б- нь өөрийн эзэмшлийн 413 м.кв газар эзэмших эрхийг шилжүүлэх, Сод  тэнгэр түшээ ХХК нь барилгыг 100 хувь өөрийн хөрөнгөөр, чанар, стандартын шаардлагад нийцүүлэн барьж, 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн дотор ашиглалтад оруулан, Д.Б-д гэрээнд заасан 980 м.кв талбайг хүлээлгэн өгөхөөр тохиролцсон. Өөрөөр хэлбэл, тус гэрээний дагуу Д.Б- нь өөрийн эзэмшлийн газраа шилжүүлэн өгөхөөс өөр ямар нэгэн үүрэг хүлээгээгүй, цаашид СТТ ХХК-тай тогтвортой хамтран ажиллах, ашиг олох хүсэл, зориг агуулаагүй юм. Гэвч СТТ ХХК нь гэрээгээр хүлээсэн үндсэн үүргүүдээ ноцтой зөрчиж, барилгыг хэзээ барьж дуусах нь тодорхойгүй болж, цаашид гэрээ хэрэгжих боломжгүй нөхцөл байдал үүссэн. Энэ асуудлыг харилцан зөвшилцөж шийдвэрлэхээр 2018.02.02-ны өдөр СТТ ХХК-д мэдэгдэл хүргүүлсэн боловч ямар нэгэн хариу ирүүлээгүй, арга хэмжээ аваагүй тул 2018.02.14-ний өдөр тус компанитай байгуулсан гэрээнээс татгалзах мэдэгдлийг СТТ ХХК-д өгч, гэрээнээс татгалзсанаар, гэрээ дуусгавар болсон. Нэгэнт гэрээ дуусгавар болсон тул гэрээнээс татгалзсны улмаас үүсэх үр дагаврыг шийдүүлэхээр буюу газраа буцаан авахаар шүүхэд хандсан. Анхан шатны шүүхээс гэрээний үүргээ биелүүлээгүй тул гэрээ цуцлах мэдэгдэл хүргүүлснийг буруутгах боломжгүй, гэрээнээс татгалзах мэдэгдлийг хариуцагч тал хүлээн авсан талаар маргаагүй, гэрээнээс татгалзсанаар гэрээ дуусгавар болсон тул Иргэний хуулийн 205.1-т заасны дагуу Д.Б- нь газар эзэмших эрхийг буцаан шилжүүлэхийг шаардах эрхтэй гэж дүгнэн улмаар газар эзэмших эрхийг буцаан шилжүүлэхийг СТТ ХХК-д даалгаж, хууль зүйн үндэслэл бүхий шийдвэр гаргасан болно. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Д.Б- хариуцагч СТТ ХХК-д холбогдуулан газар эзэмших эрхийг буцаан шилжүүлэхийг даалгах нэхэмжлэл гаргасныг хариуцагч зөвшөөрөөгүй байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ, “...талуудын хооронд холимог гэрээ буюу хамтран ажиллах болон ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан,... гэрээний дагуу газар эзэмших эрхээ шилжүүлэн өгсөн боловч хариуцагч барилга барьж 980 м.кв талбай хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй, ...биелүүлэх боломжгүй болсон тул гэрээнээс татгалзаж байна” гэснийг, хариуцагч, “...хамтран ажиллах гэрээ байгуулсан, ...шилжүүлэн авсан газарт барилга барьж байгаа, гэрээнээс татгалзах боломжгүй, ...гэрээнээс гарах бол оруулсан хөрөнгөтэй дүйцэхүйц эсхүл гэрээгээр тохирсон 980 м.кв талбай өгөх боломжтой...” гэж тайлбарлан зохигч мэтгэлцжээ.

Анхан шатны шүүх зохигчийн хооронд үүссэн харилцааг худалдах-худалдан авах гэрээ гэж тодорхойлж, улмаар нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаажээ.

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүйг давж заалдах шатны шүүхийн магадлалд заасан нь үндэслэлтэй байна.

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон 2016 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн “Бусдын газар дээр барилга барьж хөрөнгө оруулалт хийж хамтран ажиллах гэрээ”  нь гурван талт буюу СТТ ХХК, иргэн Д.Б-, Майнголиа ХХК-ийн хооронд байгуулагдсан, уг гэрээгээр Д.Б- 413 м.кв, Майнголиа ХХК 231 м.кв тус тусын эзэмшлийн газрыг СТТ ХХК-д шилжүүлсэн нь тогтоогджээ.

Эдгээр нийт 644 м.кв талбай бүхий газарт хариуцагч СТТ ХХК нь 15 давхар барилга барьж байгааг зохигч маргаагүй ба гэрээний нэг тал буюу Майнголиа ХХК-ийн эрх ашиг хөндөгдөх эсэх, тус компанийн байр суурийг тодруулахгүйгээр зохигчийн хооронд үүссэн гэрээний харилцааг зөв тодорхойлох, нэхэмжлэгчийн шаардлагын эрх зүйн үндэслэлд дүгнэлт өгөн шийдвэрлэх нь хуульд нийцэхгүй юм.

Иймд энэ талаархи давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах  боломжгүй гэж үзэв.

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцвол зохих этгээдийг зохигчийн болон өөрийнх нь санаачилгаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж болохыг тайлбарлан, уг ажиллагааг хийсний үндсэн дээр талуудыг мэтгэлцүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-т заасан шийдвэрийг аль нэгийг гаргавал зохино.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 1109 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгч Д.Б- нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг төлснийг улсын орлогод оруулсугай.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ