Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 111

 

 

 

 

 

 

 

 

 

Т.Н-гийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Г.Даваадорж, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 181/ШШ2018/02327 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Т.Н-гийн нэхэмжлэлтэй, хариуцагч “Х банк” ХХК-д холбогдох

Данснаас хууль бусаар суутган авсан 22 595 773 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Болдбаатарын гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Болдбаатар, хариуцагчийн итгэмжлэгдсэн Х.Содном-Иш, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.

Нэхэмжлэгч Т.Н- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Болдбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Хаан банкинд 5128004039 тоот хадгаламжийн данс эзэмшдэг бөгөөд 2015 оны 04 сарын 11-ний өдрийн байдлаар миний хадгаламжийн дансанд нийт 73.371.949,80 төгрөг байсан. Миний бие 2015 оны 04 сарын 11-ний өдөр БНСУ-д байхдаа өөрийн хадгаламжийн дансанд байгаа мөнгөнийхөө хэмжээгээр 11 удаа гүйлгээ хийсэн. Гэтэл Хаан банк нь энэхүү хадгаламжийн дансыг иргэн Т.Н нь БНСУ-ын Парадайз Сегасамми /Paradise Segasammy/ компанид байрших ПОС машинаар 2 удаа гүйлгээ хийхдээ 22.575.773 төгрөгийг хохирлыг Парадайз Сегасамми /Paradise Segasammy/ компанид учруулсан гэсэн үндэслэлээр 2015 оны 10 сард дансны зарлагын хөдөлгөөнийг зогсоож хууль бусаар битүүмжилсэн байсан. Миний хувьд Парадайз Сегасамми /Paradise Segasammy/ компанид ямар нэгэн хохирол учруулж, илүү мөнгө төгрөг аваагүй тул хууль бус битүүмжээс чөлөөлүүлж дансны гүйлгээгээ хэвийн үргэлжлүүлэх зорилгоор Хаан банкны хяналт шалгалтын газар хандаж 2015 оны 10 сарын 28-ны өдөр гомдол гаргасан. Хаан банк нь энэхүү гомдлын хариуг 2015 оны 12 сарын 31-ний өдрийн 29/9995 тоот албан бичгээр ирүүлснээс үзэхэд Т.Н- миний данснаас 22.595.773 төгрөгийг үндэслэлгүйгээр хууль бусаар суутган татаж авсан. Иймд Т.Н миний Хаан банк дахь 5128004039 тоот хадгаламжийн данснаас хууль бусаар гүйлгээ хийж, суутган авсан 22.595.773 төгрөгийг хариуцагч Хаан банкнаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч “Х банк” ХХК-ийн итгэмжлэгдсэн гтөлөөлөгч Х.Содном-Иш шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Т.Н-гийн Хаан банкинд эзэмшдэг 5128004039 тоот хадгаламжийн данс дахь мөнгөн хөрөнгөө захиран зарцуулахын тулд 402653000001 буюу 4850 дугаартай картыг эзэмшдэг. Харилцагч нь энэхүү хадгаламжаа зөвхөн хадгаламжийн зориулалтаар ашигладаг бус төлбөр тооцооны хэрэгсэл буюу картаар дамжуулан гүйлгээ хийдэг. Т.Н нь 2012 онд Хаан банкны төлбөрийн карт эзэмших, цахим банкны үйлчилгээ ашиглах тухай гэрээ хийсэн. Дансны хуулга гэдэг нь зөвхөн мөнгө орсон, гарсан тэмдэглэлээг бүртгэдэг баримт юм. Нотлох баримтын хүрээнд нэхэмжлэгч тал хохирсон гэдгээ нотлож чадахгүй байна. Т.Н нь БНСУ-ын Инчеон нисэх онгоцны буудалд байрлах Парадайз Сегасамми /Paradise Segasammy/ компанийн казиногоос үйлчилгээ авсан байдаг. 2015 оны 04 дүгээр дсарын 11-ний өдөр 12:19 цагт 21.474.836,40 төгрөг, мөн өдрийн 12:49 цагт 21.474.836,40 төгрөгийн гүйлгээ хийсэн гэж хуулган дээр гардаг. Парадайз Сегасамми /Paradise Segasammy/ компаниас ирүүлсэн харилцагч Т.Н-гийн гарын үсэг бүхий баримтаар 12:19 цагт 37.454.540 төгрөг, мөн 12:48 цагт 28.090.905 төгрөгийн 2 удаагийн гүйлгээ хийсэн байдаг. Гэтэл тухайн үед Т.Н нь энэхүү гүйлгээг хүлээн зөвшөөрч картаа уншуулсан байдаг. Ийнхүү харилцагчийн өөрөө хүлээн зөвшөөрч хийсэн гүйлгээг банкны автомат систем дансны үлдэгдлийг шалгаж, гүйлгээг зөвшөөрдөг. Ийнхүү хийгдэх ёстой байсан 28.090.905 төгрөг, 37.454.540 төгрөг нь дээр дурдсан үнийн дүнгээр дутуу уншигдсан байдаг. 2015 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Виза карт компаниас Виза интернейшнл системээр дамжуулан харилцагчийн данснаас дутуу гүйлгээ хийгдсэн байна гэсэн. Харилцагчийн хийсэн зөрүүтэй гүйлгээний талаар Т.Н-д мэдэгдэж 21.474.836 төгрөгийн гүйлгээ хийснээ нотол гэхэд ямар нэгэн байдлаар баримт материал өгөөгүй. Т.Н-гийн гаргасан гомдлыг шалгахад гарын үсэг бүхий 2 гүйлгээ хийгдсэн байсан учир Т.Н-гээр төлбөрийг төлүүлэх нь зүйтэй гэсэн дүгнэлт гаргасан. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 445 дугаар зүйлийн 445.1, 445.4, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2 дахь заалтад зааснаар “Х банк” ХХК-иас 22,595,773 төгрөг гаргуулах тухай Т.Н-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 271.000 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Болдбаатар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт "хариуцагч Хаан банк нь өөрийн татгалзлын үндэслэлийг нотолж БНСУ-ын Би Си карт /ВС сагоҮ компаниас “Х банк” ХХК-д ирүүлсэн албан бичиг /хх-1-233-234, 236-237/ болон 2015 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 12:19 цаг болон 12:48 цагт БНСУ-д Парадайз Сегасами компанийн пос машинд иргэн Т.Н-гийн уншуулсан гэх 37.454.540 төгрөг болон 28.090.905 төгрөгийн гүйлгээний баримтыг шүүхэд гаргаж өгсөн. /хх1-235, 238/ Нэхэмжлэгч тал дээр дурьдсан БиСи карт компанийн албан бичиг болон Парайдайз Сегасами компанийн пос машинд уншуулсан гүйлгээний баримтыг үнэн зөв эсэхэд эргэлзэж байна хэмээн тайлбарладаг хэдий ч эдгээр бичгийн нотлох баримт нь нотариатчаар гэрчлэгдсэн байх тул шаардлагыг хангасан гэж шүүх дүгнэсэн. Гэтэл дээрх баримтуудыг хариуцагч талаас удаа дараа хүсэлт гарган хилийн чанадад бүрдүүлэхээр болсон бөгөөд холбогдох байгууллагуудаас нь энэхүү баримтын эх хувийг ирүүлээгүй байдаг болно. Тэгээд ч нотариат Хаан банкны цахим хаягнаас хуулбарлан орчуулсан дээрх баримтуудын үнэн зөвийг гэрчлээгүй зөвхөн орчуулгын үнэн зөвийг гэрчилсэн байдаг. Т.Н-гийн гарын үсэг бүхий англи хэл дээрх хуулбар баримтыг нотариат гэрчлээгүй байгаа болно. Тиймээс шүүх хурал дээр хүсэлт гаргаж, Хаан банк нь дээрх баримтуудын эх хувь нь байхгүй байхад нотариатаар гэрчлүүлж өгсөн нь нотлох баримтыг хууль бусаар цуглуулсан гэж үзэж байгаа тул нотлох баримтаас хасах, хэрэв хасах боломжгүй гэж үзвэл эх хувийг нь нэхэмжлэгчээс шаардан гаргуулах хүсэлтийг гаргасан боловч шүүх хүсэлтийг хангахаас татгалзан шийдвэрлэсэн атлаа шүүгчийн захирамж гаргахдаа эх хувийг нь нэхэмжлэгчээс гаргуулах хүсэлтийг огт гаргаагүй мэтээр шийдвэрлээгүй орхигдуулсан байна. Тухайн баримтан дээрх гарын үсэг нь Нямхүүгийн гарын үсэгнээс зөрүүтэй хуулбар баримт юм. Үзлэг хийсэн тэмдэглэлд "хэвлэж өгсөн гүйлгээний баримтыг тайлбарлахдаа зөвшөөрлийн код нь 1 гүйлгээнд нэг л удаа өгөгддөг" хэмээн дурьдагдсан байх ба цахим программаас хэвлэж, үзлэг хийсэн тэмдэглэлд хавсаргасан баримтад "Парадайз Сегасами компанийн БНСУ-ын Инчеон хоод байрлах Пос мапшнд 402653000001 картаар 2015 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр 311584 зөвшөөрлийн кодоор 16.982.048,16 төгрөг болон 21.474.836,47 төгрөгийн зарлагын гүйлгээ, 352909 зөвшөөрлийн кодоор 7.031.062,32 төгрөг болон 21.474.836,47 төгрөгийн гүйлгээ хийгдсэн нь тогтоогдож байна" гэжээ. Гэтэл Т.Н- нь 2015 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр 311584 болон 352909 гэсэн зөвшөөрөгдсөн кодоор нь 12:19 минутад 21.474.836,47 төгрөгийн,  12:49 минутад мөн 21.474.836,47 төгрөгийн зөвхөн 2 удаагийн гүйлгээ хийсэн болох нь банкны дансны хуулгаар хангалттай нотлогддог. Гэтэл шүүх дээрх гүйлгээний баримтуудыг буруугаар ойлгон Т.Н-гийн хийсэн гүйлгээ мэтээр дүгнэсэн нь нотлох баримтыг буруу үнэлж дүгнэсэн гэж үзэх үндэслэлтэй байгаа болно. Шүүх Сайбер арк системд үзлэг хийхэд БиСи карт компаниас Хаан банкны ажилтанд ирүүлсэн 4 гүйлгээний баримтыг хөдөлбөргүй үнэн гэж үзсэн болон Т.Н-гийн гүйлгээг хийсэн банкны РТ8 систем болон банкны Банкс программтай андуурч нотлох баримтыг буруугаар үнэлж шийдвэрлэсэн нь хууль бус болно. Т.Н- нь БНСУ-д байхдаа 2 гүйлгээний үнийн дүнгээс илүү хэмжээгээр гүйлгээ хийх зөвшөөрөл өгөөгүй байдаг бөгөөд өгсөн болох нь нотлогддоггүй юм. Дансын битүүмжийг арилгуулах гомдлыг 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Хаан банкинд хандан гаргаж байсан болно.

Гэтэл Хаан банк нь иргэн Т.Н-гийн данснаас 2016 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр 22.595.773 төгрөгийг суутган авсан байдаг. Энэ нь мөнгө суутган авахыг зөвшөөрөөгүй болохыг нотлож байгаа болно. Өөрөөр хэлбэл, төлбөр тооцоо хийхээс өмнө зөвшөөрөл цуцлагдаж болдог хуулийн зүйл заалтыг шүүх анхаарч үзээгүй болно. Т.Н-гийн гүйлгээг хийсэн Хаан банкны өөрийн эзэмшил, өмчлөлийн ашиглаж байгаа РТ8 систем болон банкны Банкс программд энэхүү хандалт бичигдээгүй, анхны хандалт нотлогдохгүй байхад харилцагчийн зөвшөөрөл даалгавраар гүйлгээ хийсэн байна гэж шүүх хуулийг буруугаар тайлбарлан хэрэглэсэн болно. Иргэн Т.Н- 2 удаа гүйлгээ хийхдээ тус бүр 21.474.836,47 төгрөгийн гүйлгээ хийх зөвшөөрөл өгч зөвхөн түүнийгээ л авсан байдаг болно. Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх нотлох баримт бүрдүүлэхдээ хуулиар тогтоосон журмыг зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Т.Н нь хариуцагч “Х банк” ХХК-д холбогдуулан түүний данснаас хууль бусаар суутган авсан 22 595 773 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 181/ШЗ2017/16623 дугаар захирамжаар нотлох баримтыг БНСУ-д бүрдүүлэх хүсэлтийг Улсын Дээд шүүхээр дамжуулан БНСУ-ын Үндэсний шүүхийн захиргаанд уламжлан, бүрдүүлэхээр шийдвэрлэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлжээ.

Монгол Улсын Дээд шүүхийн Тамгын газрын 2018 оны 09 сарын 06-ны өдрийн 5/3278 тоот албан бичгийн хавсралтаар 6 хуудас баримт бичгийг ирүүлсэн ба анхан шатны шүүх уг албан бичигт хавсарган ирүүлсэн гадаад хэл дээрх баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.4 дэх хэсэгт “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг монгол хэлээр явуулна,  гадаад хэлээр бичигдсэн нотлох баримтыг албан ёсны зөвшөөрөл бүхий орчуулагч, хэлмэрчээр монгол хэл дээр орчуулуулсан байна” гэж тус тус заасан шаардлагад нийцээгүй байхад хэргийг хянан шийдвэрлэсэн нь буруу байна. /2хх-ийн 14-16/

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “...БНСУ-аас ирүүлсэн солонгос хэл дээрх баримтуудыг баталгаат орчуулагчаар орчуулуулах...” хүсэлт гаргасныг шүүх “...Монгол Улсын Дээд шүүхийн Тамгын газрын 2018 оны 09 сарын 06-ны өдрийн 5/3278 тоот албан бичигт “...ВС карт компанид хүргүүлсэн боловч тус компани холбогдох баримтыг гарган өгөх боломжгүй хэмээн албан бичгээр хариу мэдэгдсэн...” гэсэн тул орчуулуулах шаардлагагүй гэж үзсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн  7.4 дэх хэсэгт заасныг зөрчжээ. /2хх-ийн 44, 50/

Түүнчлэн, шүүх 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн шүүх хуралдааныг 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 181/ШЗ2017/12034 дүгээр шүүгчийн захирамжаар хойшлуулсан, 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 181/ШЗ2017/16623 дугаар шүүгчийн захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн атлаа сэргээх ажиллагаа хийгээгүй, шүүх хуралдааны товыг шүүхийн мэдэгдэх хуудсаар тогтоосон зэрэг зөрчил, дутагдалтай хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсныг дурдах нь зүйтэй.  /хх-ийн 250, 2хх-ийн 5, 29/

Хуулиар тогтоосон журам зөрчсөн, алдаа зөрчилтэй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үндсэн дээр гарсан шүүхийн шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гэж үзэх боломжгүй тул хэргийг дахин хянан хэлэлцүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168.1.7-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 181/ШШ2018/02327 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 271 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

                       ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                      ШҮҮГЧИД                                         Г.ДАВААДОРЖ

                                                                                                Н.БАТЗОРИГ