Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 181/ШШ2018/02327

 

 

 

2018 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 181/ШШ2018/02327

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Т.Н-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Х.банк  ХХК-д  холбогдох,

 

22,595,773 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Р.Б, хариуцагчийн төлөөлөгч Х.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Байгалмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Иргэн ******* миний бие Хаан банкаар үйлчлүүлээд олон жил болж байгаа бөгөөд өөрийгөө тус банкны найдвартай харилцагчдын нэг гэж боддог. Учир нь Хаан банктай аливаа харилцаанд оролцохдоо өөрийн хүлээсэн үүргээ цаг тухайд нь биелүүлж өдий хүрсэн.

Гэтэл*******нь миний хадгаламжийн дансан дахь мөнгийг эрх бүхий байгууллагын шийдвэргүйгээр, харилцагчийн зөвшөөрөл даалгаваргүйгээр дур мэдэн хууль бусаар данснаас гүйлгээ хийж авсан байх тул танай шүүхэд хандан энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.

Миний бие Хаан банкинд 5128004039 тоот хадгаламжийн данс эзэмшдэг бөгөөд 2015 оны 04 сарын 11-ний өдрийн байдлаар миний хадгаламжийн дансанд нийт 73,371,949.80 төгрөг байсан. Миний бие 2015 оны 04 сарын 11-ний өдөр БНСУ-д байхдаа өөрийн хадгаламжийн дансанд байгаа мөнгөнийхөө хэмжээгээр 11 удаа гүйлгээ хийсэн байдаг. Энэ нь дансны хуулгаар хангалттай нотлогдоно.

Гэтэл*******нь энэхүү хадгаламжийн дансыг иргэн ******* нь БНСУ-ын Парадайз Сегасамми /Paradise Segasammy/ компанид байрших ПОС машинаар 2 удаа гүйлгээ хийхдээ 22,575,773 төгрөгийг хохирлыг Парадайз Сегасамми /Paradise Segasammy/ компанид учруулсан гэсэн үндэслэлээр 2015 оны 10 сард дансны зарлагын хөдөлгөөнийг зогсоож хууль бусаар битүүмжилсэн байсан.

Миний хувьд Парадайз Сегасамми /Paradise Segasammy/ компанид ямар нэгэн хохирол учруулж, илүү мөнгө төгрөг аваагүй тул хууль бус битүүмжээс чөлөөлүүлж дансны гүйлгээгээ хэвийн үргэлжлүүлэх зорилгоор Хаан банкны хяналт шалгалтын газар хандаж 2015 оны 10 сарын 28-ны өдөр гомдол гаргасан.

Хаан банк нь энэхүү гомдлын хариуг 2015 оны 12 сарын 31-ний өдрийн 29/9995 тоот албан бичгээр ирүүлснээс үзэхэд ******* миний*******дахь 5128004039 тоот хадгаламжийн данснаас 22,595,773 төгрөгийг үндэслэлгүйгээр хууль бусаар суутган татаж авсан байна.

Харилцагчийн данснаас хууль бусаар мөнгө суутган татан авсан Хаан банкны дээрх үйлдэл нь БНСУ-ын Парадайз Сегасамми /Paradise Segasammy/ компанид хохирол учирсан, учраагүй эсэхээс үл хамааран Монгол Улсад мөрдөгдөж буй Банкны салбарт мөрдөгдөж буй дараах хууль тогтоогжийг илтэд зөрчиж байна. Үүнд:

а/. Иргэний хуулийн 455 дугаар зүйлийн 455.2-т заасан хадгалуулагчийн хүссэн цагт түүний хадгалуулсан мөнгийг буцаан өгч, хүүг төлөх үүрэгтэй, 445.4-т заасан төлбөр тооцоо гүйцэтгэгч нь харилцагчийн өгсөн үүрэг буюу зөвшөөрлийн үндсэн дээр гэрээнд заасны дагуу төлбөр тооцоог гүйцэтгэнэ, 445.5-д заасан хуульд өөрөөр заагаагүй бол дансан дахь мөнгөн хөрөнгөө захиран зарцуулах харилцагчийн эрхийг төлбөр тооцоо гүйцэтгэгч хязгаарлах, хянах эрхгүй гэснийг;

б/. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 3-р зүйлийн 4-т заасан Банк, мөнгөн хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс эрхлэх мөнгөн хадгаламжийн үйл ажиллагааг энэ хуулиар зохицуулна, 5-р зүйлийн 3-т заасан хугацаагүйгээр хадгалуулсан хадгаламжийн хувьд хадгалагч нь хадгалуулагчийн хүссэн үед түүний хадгалуулсан мөнгийг буцаан өгч, хүү төлөх үүрэгтэй, 5-р зүйлийн 4-т заасан тодорхой хугацаагаар байгуулсан хадгаламжийн хувьд уг хугацаа дууссаны дараа хадгалагч нь хадгалуулагчийн анхны шаардлагаар мөнгийг буцаан өгч, хүү төлөх үүрэгтэй, 7-р зүйлийн 2-т заасан хадгалуулагчийн мөнгөн хөрөнгийг зөвхөн түүний зөвшөөрөл буюу даалгавраар гүйлгээ хийх гэснийг;

в/. Банкны тухай хуулийн 11-р зүйлийн 11.2-т заасан банк харилцагчийн даалгавраар түүний харилцах дансны үлдэгдэлд багтаан мөнгөн хөрөнгийг шилжүүлэх гүйлгээ хийх бөгөөд шүүх болон банкны эрх хүлээн авагчийн шийдвэр, эсхүл үл маргах журмаар төлөх тухай харилцагчийн гарын үсэг бүхий гэрээ, төлбөрийн баримтыг үндэслэн гүйлгээ хийснийг харилцагчийн даалгавраар гүйлгээ хийсэнд тооцно гэсэн заалтыг илтэд зөрчиж байна гэж нэхэмжлэгчийн зүгээс үзэж байна.

Иймд нэхэмжлэгчийн хувьд дээрх үндэслэлээр харилцагчийн хадгаламжийн данснаас эрх бүхий байгууллагын шийдвэргүйгээр, харилцагчийн зөвшөөрөл даалгаваргүйгээр, хууль бусаар дур мэдэн гүйлгээ хийж суутган авсан мөнгийг буцаан гаргуулах шаардлагатай байна.

Иймд иргэн ******* миний*******дахь 5128004039 тоот хадгаламжийн данснаас хууль бусаар гүйлгээ хийж, суутган авсан 22,595,773 төгрөгийг хариуцагч Хаан банкнаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Харилцагч ******* нь 2012 оноос хойш Хаан банктай хамтран ажиллаж байна. *******гийн Хаан банкинд эзэмшдэг 5128004039 тоот хадгаламжийн данс дахь мөнгөн хөрөнгөө захиран зарцуулахын тулд 402653000001 буюу 4850 дугаартай картыг эзэмшдэг. Харилцагч нь энэхүү хадгаламжаа зөвхөн хадгаламжийн зориулалтаар ашигладаг бус төлбөр тооцооны хэрэгсэл буюу картаар дамжуулан гүйлгээ хийдэг.

******* нь 2012 онд Хаан банкны төлбөрийн карт эзэмших, цахим банкны үйлчилгээ ашиглах тухай гэрээ хийсэн. Энэ гэрээний 1.3-т Карт болон цахим банкны үйлчилгээ нь үйлчлүүлэгчийн банкин дахь данстай холбогдсон, түүнийг төлөөлөх төлбөрийн хэрэгсэл болно, 3.1.3-т Банкны терминал /АТМ, POS/ болон банкны салбар, нэгж дээр биеэр ирж өгсөн үйлчлүүлэгчийн төлбөрийн даалгаврыг цаг тухайд нь гүйцэтгэх; 3.2.4-т Үйлчлүүлэгчийн картаараа болон цахим банкны үйлчилгээгээр хийсэн төлбөр тооцоог тухай бүр холбогдох данснаас нь суутган авч байх, 3.2.5-д Үйлчлүүлэгч нь энэхүү гэрээгээр хүлээсэн үүрэг болон төлбөрийн карт, цахим банкны үйлчилгээг ашиглах заавар, зөвлөмжийг зөрчсөн тохиолдолд банк дараах арга хэмжээг авна, 3.2.5.1-д Тухайн карт, дэд картын гүйлгээ хийх эрхийг зогсоож, зөрчлийг арилгах арга хэмжээ авахыг үйлчлүүлэгчээс шаардах, 3.2.5.2-т Банк, үйлчилгээний байгууллага буюу бусдад хохирол учирсан бол үйлчлүүлэгчийн данснаас хохирлыг суутган авах гэсэн заалтуудыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан.

Дансны хуулга гэдэг нь зөвхөн мөнгө орсон, гарсан тэмдэглэлээг бүртгэдэг баримт юм. Нотлох баримтын хүрээнд нэхэмжлэгч тал хохирсон гэдгээ нотлож чадахгүй байна. Дансны хуулга нь БНСУ-д хийх ёстой байсан төлбөрийг баталгаажуулсан баримт биш юм.

Харилцагчийн данснаас суутгал хийсэн 22,595,773 төгрөг нь мөнгөн хадгаламжийн биш, төлбөр тооцооны үйл ажиллагаатай холбогдож яригдах асуудал.

******* нь БНСУ-ын Инчеон нисэх онгоцны буудалд байрлах Парадайз Сегасамми /Paradise Segasammy/ компанийн казиногоос үйлчилгээ авсан байдаг. 2015 оны 04 сарын 11-ний өдөр 12:19 цагт 21,474,836.40 төгрөг, мөн өдрийн 12:49 цагт 21,474,836.40 төгрөгийн гүйлгээ хийсэн гэж хуулган дээр гардаг. Парадайз Сегасамми /Paradise Segasammy/ компаниас ирүүлсэн харилцагч *******гийн гарын үсэг бүхий баримтаар 12:19 цагт 37,454,540 төгрөг, мөн 12:48 цагт 28,090,905 төгрөгийн 2 удаагийн гүйлгээ хийсэн байдаг. Гэтэл тухайн үед ******* нь энэхүү гүйлгээг хүлээн зөвшөөрч картаа уншуулсан байдаг. Ийнхүү харилцагчийн өөрөө хүлээн зөвшөөрч хийсэн гүйлгээг банкны автомат систем дансны үлдэгдлийг шалгаж, гүйлгээг зөвшөөрдөг.

Ийнхүү хийгдэх ёстой байсан 28,090,905 төгрөг, 37,454,540 төгрөг нь дээр дурдсан үнийн дүнгээр дутуу уншигдсан байдаг. 2015 оны 05 сарын 19-ний өдөр Виза карт компаниас Виза интернейшнл системээр дамжуулан харилцагчийн данснаас дутуу гүйлгээ хийгдсэн байна гэсэн.

Харилцагчийн хийсэн зөрүүтэй гүйлгээний талаар *******д мэдэгдэж 21,474,836 төгрөгийн гүйлгээ хийснээ нотол гэхэд ямар нэгэн байдлаар баримт материал өгөөгүй. Миний данснаас мөнгө гаргачихлаа гэдэг байдлаар гомдол гаргаж байсан. *******гийн гаргасан гомдлыг шалгахад гарын үсэг бүхий 2 гүйлгээ хийгдсэн байсан учир *******гээр төлбөрийг төлүүлэх нь зүйтэй гэсэн дүгнэлт гаргасан.

Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч*******ХХК-д холбогдуулан түүний данснаас хууль бусаар суутган авсан 22,595,773 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Шүүх дараах үндэслэлээр *******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

******* нь*******ХХК-д 5128004039 тоот данс эзэмшдэг, уг дансан дахь мөнгөн хөрөнгийг*******ХХК-ийн Олон улсын эрхтэй 402653000001 дугаар бүхий картаар захиран зарцуулдаг үйл баримтын талаар зохигч талууд маргадаггүй.

*******гийн эзэмшдэг*******ХХК дахь 5128004039 тоот дансны дэлгэрэнгүй хуулгаас үзэхэд 2016 оны 05 сарын 01-ний өдрийн 14:09 цагт 15,979,704 төгрөг болон 6,616,069 төгрөгийн буюу нийт 22,595,773 төгрөгийн зарлагын гүйлгээ уг данснаас хийгдсэн болох нь тогтоогдож байна. /хх1-242х/

Нэхэмжлэгч ******* нь дээр дурдсан 22,595,773 төгрөгийн зарлагын гүйлгээг эрх бүхий байгууллагын шийдвэргүйгээр, харилцагчийн зөвшөөрөл буюу даалгаваргүйгээр хууль бусаар хийгдсэн гүйлгээ гэж тайлбарлан, буцаан гаргуулахыг шаарддаг бол хариуцагч*******ХХК нь харилцагчийн өмнө зөвшөөрч хийсэн гүйлгээг данснаас дутуу суутган авсан байсныг хожим зөвтгөн нэмж суутган авсан учир зөвшөөрөл буюу даалгаваргүйгээр хийгдсэн гүйлгээ гэж үзэхгүй гэж тайлбарлан, нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч маргадаг.

Талуудын хооронд үүссэн маргааныг хянан шийдвэрлэхэд нэхэмжлэгч ******* нь БНСУ-д зорчин явах хугацаандаа буюу 2015 оны 04 сарын 11-ний өдрийн 12:19 цаг болон 12:49 цагт Парадайз Сегасамми /Paradise Segasammy/ компанийн Пос машинд 21,474,836.47 төгрөг болон 21,474,836.47 төгрөгийн буюу нийт 42,949,672.94 төгрөгийн зарлагын гүйлгээ хийсэн эсэх, эсхүл 37,454,540 төгрөг болон 28,090,905 төгрөгийн буюу нийт 65,545,445 төгрөгийн зарлагын гүйлгээ хийсэн эсэхийг тогтоох нь ач холбогдолтой байна.

Нэхэмжлэгч ******* нь өөрийн шаардлагын үндэслэлийг нотолж өөрийн*******ХХК-д эзэмшдэг 5128004039 тоот дансны хуулгыг шүүхэд гаргаж өгсөн ба уг хуулгаар 2015 оны 04 сарын 11-ний өдрийн 12:19 цагт 21,474,836.47 төгрөгийн, мөн өдрийн 12:49 цагт 21,474,836.47 төгрөгийн зарлагын гүйлгээ хийгдсэн талаар бичилт хийгдсэн байдаг. /хх1-5х/

Хариуцагч*******ХХК нь өөрийн татгалзлын үндэслэлийг нотолж БНСУ-ын БиСи карт /BC card/ компаниас*******ХХК-д ирүүлсэн албан бичиг /хх-1-233-234х, 236-237х/ болон 2015 оны 04 сарын 11-ний өдрийн 12:19 цаг болон 12:48 цагт БНСУ-д Парадайз Сегасамми /Paradise Segasammy/ компанийн Пос машинд иргэн *******гийн уншуулсан гэх 37,454,540 төгрөг болон 28,090,905 төгрөгийн гүйлгээний баримтыг шүүхэд гаргаж өгсөн. /хх1-235х, 238х/

Нэхэмжлэгч тал нь дээр дурдсан БиСи карт /BC card/ компанийн албан бичиг болон Парадайз Сегасамми /Paradise Segasammy/ компанийн Пос машинд уншуулсан гүйлгээний баримтын үнэн зөв эсэхэд эргэлзэж байна хэмээн тайлбарладаг хэдий ч эдгээр бичгийн нотлох баримт нь нотариатчаар гэрчлэгдсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө гэсэн шаардлагыг хангасан, улмаар шүүхийн шийдвэрийн үндэслэл болно гэж үзэв.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 сарын 05-ны өдрийн 181/ШШ2016/01418 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 03 сарын 06-ны өдрийн 641 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаан шийдвэрлэсэн Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 05 сарын 16-ны өдрийн 001/ХТ2017/00617 дугаар тогтоолын хянавал хэсэгт ... татгалзлын үндэслэл болгож буй *******гийн гарын үсэг бүхий 2 удаагийн гүйлгээний баримтыг хилийн чанадад бүрдүүлэхээр хүсэлт гаргасныг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасантай нийцээгүй байна хэмээн дүгнэжээ. /хх1-215-218х/

Анхан шатны шүүх энэхүү алдааг залруулж 2017 оны 12 сарын 18-ны өдрийн 181/ШЗ2017/16623 дугаар шүүгчийн захирамжаар нотлох баримтыг хилийн чанадад бүрдүүлэхээр шийдвэрлэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн. /хх2-4-5х/

Захирамжийн дагуу ажиллагааг хийлгэхээр Монгол Улсын Дээд шүүхийн Тамгын газар холбогдох байгууллагад хандсан байх ба захирамжид дурдагдсан нотлох баримтыг гарган өгөх боломжгүй болох нь Монгол Улсын Дээд шүүхийн Тамгын газрын 2018 оны 09 сарын 06-ны өдрийн 5/3278 тоот албан бичгээр нотлогдож байна. /хх2-12х, 13х/

Дээр дурдсан Монгол Улсын Дээд шүүхийн Тамгын газрын албан бичигт ...ВС карт компанид хүргүүлсэн боловч тус компани холбогдох баримтыг гарган өгөх боломжгүй хэмээн албан бичгээр хариу мэдэгдсэн... хэмээн дурдагдсан байх тул уг албан бичигт хавсаргагдан ирүүлсэн гадаад хэл дээрх баримтыг орчуулуулах шаардлагагүй гэж үзсэн болно.

Ийнхүү нотлох баримтыг хилийн чанадад бүрдүүлэх боломжгүй нөхцөл байдал илэрсэн ч хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

Зохигч талуудаас харилцан адилгүй тайлбарлаж буй гүйлгээний талаар БиСи карт /BC card/ компаниас*******ХХК-ийн ажилтанд ирүүлсэн албан бичигт 311584 болон 352909 зөвшөөрлийн кодоор 37,454,540 төгрөг болон 28,090,905 төгрөгийн гүйлгээ хийгдсэн талаар дурдсан байх ба албан бичигт дурдагдсан 311584 болон 352909 зөвшөөрлийн код бүхий тус бүр 2 гүйлгээ буюу нийт 4 гүйлгээтэй холбоотой мэдээлэл цахим программд бичигдэн үлдсэн болох нь тус шүүхийн шүүгчээс банкны Сайбер арк /Cyber ark/ системд хийсэн үзлэгээр тогтоогдож байна. /хх1-233-238х/, /хх1-102-109х/

Үзлэг хийсэн тэмдэглэлд хэвлэж өгсөн гүйлгээний баримтыг тайлбарлахдаа зөвшөөрлийн код нь 1 гүйлгээнд нэг л удаа өгөгддөг хэмээн дурдагдсан байх ба цахим программаас хэвлэж, үзлэг хийсэн тэмдэглэлд хавсаргасан баримтанд Парадайз Сегасамми /Paradise Segasammy/ компанийн БНСУ-ын Инчеон хотод байрлах Пос машинд 402653000001 картаар 2015 оны 04 сарын 11-ний өдөр 311584 зөвшөөрлийн кодоор 16,982,048.16 төгрөг болон 21,474,836.47 төгрөгийн зарлагын гүйлгээ, 352909 зөвшөөрлийн кодоор 7,031,062.32 төгрөг болон 21,474,836.47 төгрөгийн зарлагын гүйлгээ хийгдсэн нь тогтоогдож байна.

Банкны төлбөр тооцооны системд ашиглагддаг программ хангамж нь карт уншуулах, зөвшөөрөл өгөх, гүйлгээ хийхтэй холбоотой мэдээллийг автоматаар системд бичих үйлдлийг хийдэг учир нэгэнт цахимаар бичигдэн үлдсэн мэдээллийг үнэн зөв гэж үзэх үндэслэлтэй.

Мөн БиСи карт /BC card/ компанийн албан бичигт 311584 болон 352909 зөвшөөрлийн код бүхий гүйлгээний талаар тодорхой дурдсан байх ба энэ нь БНСУ-ын Парадайз Сегасамми /Paradise Segasammy/ компанийн Пос машинд 2015 оны 04 сарын 11-ний өдрийн 12:19 цаг болон 12:48 цагт уншуулсан 311584 болон 352909 зөвшөөрлийн код бүхий 37,454,540 төгрөг болон 28,090,905 төгрөгийн гүйлгээтэй холбоотой баримттай нийцэж байна.

Нэхэмжлэгч ******* нь БНСУ-ын Парадайз Сегасамми /Paradise Segasammy/ компанийн Пос машинаар 2015 оны 04 сарын 11-ний өдрийн 12:19 цаг болон 12:48 цагт 37,454,540 төгрөг болон 28,090,905 төгрөгийн гүйлгээ хийгээгүй болохоо буюу 21,474,836.47 төгрөг болон 21,474,836.47 төгрөгийн гүйлгээ хийсэн болохоо баримтаар нотлоогүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан өөрийн шаардлагын үндэслэлийг нотлох баримтаа өөрөө цуглуулж, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүйг дурдах нь зүйтэй.

Нэхэмжлэгч ******* нь БНСУ-д байх хугацаандаа Парадайз Сегасамми /Paradise Segasammy/ компанийн Пос машинд нийт 7 удаа картаа уншуулсан байх боловч үлдэх 5 зарлагын гүйлгээ нь цаг хугацааны хувьд өөр өөр цаг хугацаанд гарсан, мөн эдгээр 5 зарлагын гүйлгээний дүн тус бүр 21,474,836.47 төгрөгөөс бага дүнтэй байх тул маргаан бүхий 2 гүйлгээнээс ялгаж салгах боломтой гэж үзэв.

Иймд дээр дурдсан үндэслэлээр харилцагчийн өмнө зөвшөөрч хийсэн гүйлгээг данснаас дутуу суутган авсан байсныг хожим зөвтгөн суутган авсан гэсэн хариуцагчийн татгалзал үндэслэлтэй байх тул *******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тухайд.

Хариуцагч талаас гаргасан хүсэлтийг хангаагүйтэй холбоотойгоор шүүгчээс татгалзаж байна гэсэн хүсэлтийг хариуцагчийн төлөөлөгч ******* хэлдэг бөгөөд үүнийгээ хэдийд ч татгалзан гаргах зохигчийн эрх хэмээн тайлбарладаг.

Шүүх дараах үндэслэлээр хариуцагчийн төлөөлөгч *******ийн хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан. Үүнд:

а/. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн Аравдугаар бүлэгт анхан шатны шүүх хуралдааныг явуулах дэс дарааллыг тогтоож өгсөн байдаг ба шүүх хуралдаан нь хуралдааныг нээх, ирц ба оролцох эрхийг шалгах, ирцтэй холбоотой асуудлыг шийдвэрлэх, орчуулагч, хэлмэрчийн үүргийг тайлбарлах, гэрчийг гаргах, татгалзан гаргах эрхийг тайлбарлах, татгалзан гаргах хүсэлт гарвар түүнийг шийдвэрлэх, хэргийн оролцогчийн эрх, үүргийг тайлбарлах, хүсэлт шийдвэрлэх, хэрэг хэлэлцэж эхлэх, зохигч, оролцогч мэтгэлцэх, гэрчийг мэдүүлэг сонсох, бичмэл болон эд мөрийн баримтыг шинжлэх, шинжээчийн дүгнэлт сонсох, хэргийн оролцогчоос нэмж тодруулах, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт гаргах, зөвлөлдөх тасалгаанд орох, шийдвэр гаргах, шийдвэрийг танилцуулах гэсэн дарааллаар явагдахаар хуульчилсан. Анхан шатны шүүх хуралдааныг явуулах дарааллыг зөрчвөл процессын алдаа болно. Жишээ нь: Гэрчийг шүүх хуралдааны танхимаас гаргах үед нь гаргаагүй бол.

Хууль тогтоогч хүсэлт шийдвэрлэх үе шатны өмнө татгалзан гаргах эрх тайлбарлах, татгалзал асуух үе шатыг хуульчилсан нь хүсэлт шийдвэрлэсэнтэй холбоотойгоор шүүгчийг татгалзан гаргахгүй гэсэн агуулгыг илэрхийлсэн гэж үзэх үндэслэлтэй. Өөрөөр хэлбэл, шүүгч хуульд заасан хүсэлт шийдвэрлэх бүрэн эрхээ хэрэгжүүлсэнтэй холбоотойгоор шүүгчийг татгалзах нь үндэслэлгүй юм.

б/. Хариуцагчийн төлөөлөгч нь хэргийн оролцогч шүүгчийг хэдийд ч татгалзан гаргах эрхтэй хэмээн тайлбарласан боловч ийнхүү хэдийд ч татгалзан гаргах эрх-ийг олгосон хуулийн зүйл заалтыг асуухад тодорхой тайлбар хэлдэггүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1.4-т энэ хуулийн 91 дүгээр зүйлд заасан үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн буюу шүүгч...-ийг татгалзан гаргах, 92 дугаар зүйлийн 92.1-д ... шүүх хуралдаан эхлэхээс өмнө, эсхүл татгалзан гарах үндэслэл шүүх хуралдааны явцад тогтоогдвол тухайн үед нь мэдэгдэж татгалзан гарах үүрэгтэй, 92.2-т ... шүүгч-ийг татгалзан гаргах тухай хүсэлтийг... тэдгээрийн төлөөлөгч гаргаж болно. Дээр дурдсан этгээд шүүх хуралдаан эхлэхээс өмнө, эсхүл татгалзан гарах үндэслэл шүүх хуралдааны явцад тогтоогдвол тухайн үед нь мэдэгдэх үүрэгтэй, 103 дугаар зүйлийн 103.2-т Татгалзан гаргах хүсэлт гарвал түүнийг энэ хуулийн 92 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэнэ хэмээн тус тус заажээ.

Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд татгалзан гаргах эрх, татгалзан гарах үүрэг гэх хоёр өөр агуулга харагдах ба татгалзан гаргах эрх нь хэргийн оролцогчид хамааралтай, харин татгалзан гарах үүрэг нь шүүгчид хамааралтай зохицуулалт байна.

Мөн хуулийн дээр дурдсан зохицуулалт нь хэргийн оролцогч татгалзан гаргах хүсэлтийг /татгалзан гаргах хүсэлт тавих үе шатанд/ гаргавал шүүгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэх, харин татгалзан гарах нөхцөл байдал шүүх хуралдаан эхлэхээс өмнө бий болвол шүүх хуралдаан эхлэхээс өмнө шүүгч татгалзан гарах үүргээ биелүүлэх, эсхүл татгалзан гарах нөхцөл байдал шүүх хуралдааны явцад тогтоогдвол тухайн үед нь шүүгч мэдэгдэх үүрэгтэй байх агуулгатай байна.

Иймд татгалзан гаргах хүсэлт шийдвэрлэх үе шатанд шүүгчээс татгалзаагүй атлаа шүүгчийг хүсэлт шийдвэрлэх бүрэн эрхээ хэрэгжүүлсэнтэй холбогдуулан, мөн шүүх хуралдааны явцад татгалзан гарах нөхцөл байдал бий болвол татгалзан гарах-аар шүүгчид үүрэг болгосон хуулийн зохицуулалтыг хэргийн хэдийд ч татгалзан гаргах хэргийн оролцогчийн эрх гэж буруу тайлбарлан гаргаж буй хариуцагчийн төлөөлөгчийн хүсэлтийг хүлээн авах үндэслэлгүй гэж үзсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.     Иргэний хуулийн 445 дугаар зүйлийн 445.1, 445.4, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2 дахь заалтад зааснаар*******ХХК-иас 22,595,773 төгрөг гаргуулах тухай *******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.     Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 271,000 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3.     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсогмогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР