Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 181/ШШ2020/00131

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Т.Н/РД: /-ийн нэхэмжлэлтэй,

                                 

Хариуцагч: “Х банк” ХХК/РД: /-д холбогдох,

 

22 595 773 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Болдбаатар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Содном-Иш, Ц.Шагдарсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Даваадорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Т.Н шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Болдбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Иргэн Т.Н миний бие нь Х банкаар үйлчлүүлээд олон жил болж байгаа бөгөөд өөрийгөө тус банкны найдвартай харилцагчдын нэг гэж боддог. Учир нь Х банктай аливаа харилцаанд орохдоо өөрийн хүлээсэн үүргээ цаг тухайд нь биелүүлж өдий хүрсэн. Гэтэл Х банк нь миний хадгаламжийн дансан дахь мөнгийг эрх бүхий байгууллагын шийдвэргүйгээр, харилцагчийн зөвшөөрөл даалгаваргүйгээр дур мэдэн хууль бусаар данснаас гүйлгээ хийж авсан байх тул танай шүүхэд хандан энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.

Х банкны харилцагч Т.Н би Х банкинд 5128004039 тоот хадгаламжийн данс эзэмшдэг бөгөөд 2015 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн байдлаар миний хадгаламжийн дансанд нийт 73,371,949.80/далан гурван сая гурван зуун далан нэгэн мянга есөн зуун дөчин есөн төгрөг наян мөнгө/ төгрөг байсан. Миний бие нь 2015 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр БНСУ-д байхдаа өөрийн хадгаламжийн дансанд байгаа мөнгөнийхээ хэмжээгээр 11 удаа гүйлгээ хийсэн байдаг. Энэ нь дансны хуулгаар хангалттай нотлогддог.

Гэтэл Х банк нь энэхүү хадгаламжийн дансыг иргэн Т.Н нь БНСУ-ын PARADISE SEGASAMMY Co.LTD-д байрших ПОС машинаар 2 удаа гүйлгээ хийхдээ 22,595,773.00 төгрөгийн хохирлыг PARADISE SEGASAMMY Co.LTD-д учруулсан гэсэн үндэслэлээр 2015 оны 10 дугаар сард дансны зарлагын гүйгээг зогсоож хууль бусаар битүүмжилсэн байсан. Миний хувьд PARADISE SEGASAMMY Co.LTD-д ямар нэгэн хохирлыг учруулж, илүү мөнгө төгрөг аваагүй тул хууль бус битүүмжээс чөлөөлүүлж дансны гүйлгээгээ хэвийн үргэлжлүүлэх зорилгоор Х банкны хяналт шалгалтын газар хандаж 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдөр гомдол гаргасан.

Х банк нь энэхүү гомдлын хариуг 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 29/9995 тоот албан бичгээр ирүүлснээс үзэхэд Т.Н миний Х банкин дахь 5128004039 тоот хадгаламжийн данснаас 22,595,773.00 төгрөгийг үндэслэлгүйгээр хууль бусаар суутган татаж авсан байна.

Харилцагчийн данснаас хууль бусаар мөнгө суутган татан авсан Х банкны дээрх үйлдэл нь БНСУ-ын PARADISE SEGASAMMY Co.LTD-д хохирол учирсан, учраагүй эсэхээс үл хамааран Монгол Улсад мөрдөгдөж буй Банкны салбарт мөрдөгдөж буй дараах хууль тогтоомжийг илтэд зөрчиж байна. Үүнд:

1. Иргэний хуулийн 455 дугаар зүйлийн 455.2-д заасан хадгалуулагчийн хүссэн цагт түүний хадгалуулсан мөнгийг буцаан өгч, хүүг төлөх үүрэгтэй, 445.4-д заасан Төлбөр тооцоо гүйцэтгэгч нь харилцагчийн өгсөн үүрэг буюу зөвшөөрлийн үндсэн дээр гэрээнд заасны дагуу төлбөр тооцоог гүйцэтгэнэ, 445.5-д заасан хуульд өөрөөр заагаагүй бол дансан дахь мөнгөн хөрөнгөө захиран зарцуулах харилцагчийн эрхийг төлбөр тооцоо гүйцэтгэгч хязгаарлах, хянах эрхгүй гэснийг;

2. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 3-р зүйлийн 4-д заасан Банк, мөнгөн хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс эрхлэх мөнгөн хадгаламжийн үйл ажиллагааг энэ хуулиар зохицуулна, 5-р зүйлийн 3-д заасан хугацаагүйгүйгээр хадгалуулсан хадгаламжийн хувьд хадгалагч нь хадгалуулагчийн хүссэн үед түүний хадгалуулсан мөнгийг буцаан өгч, хүү төлөх үүрэгтэй, 5-р зүйлийн 4-д заасан тодорхой хугацаагаар байгуулсан хадгаламжийн хувьд уг хугацаа дууссаны дараа хадгалагч нь хадгалуулагчийн анхны шаардлагаар мөнгийг буцаан өгч төлөх үүрэгтэй гэснийг; 7-р зүйлийн 2-д заасан хадгалуулагчийн мөнгөн хөрөнгөнөөс зөвхөн түүний зөвшөөрөл буюу даалгавраар гүйлгээ хийх гэснийг;

3. Банкны тухай хуулийн 11-р зүйлийн 11.2-д заасан банк харилцагчийн даалгавраар түүний харилцах дансны үлдэгдэлд багтаан мөнгөн хөрөнгийг шилжүүлэх гүйлгээ хийх бөгөөд шүүх болон банкны эрх хүлээн авагчийн шийдвэр, эсхүл үл маргах журмаар төлөх тухай харилцагчийн гарын үсэг бүхий гэрээ, төлбөрийн баримтыг үндэслэн гүйлгээ хийснийг харилцагчийн даалгавраар гүйлгээ хийсэнд тооцно гэсэн заалтыг илтэд зөрчиж байна гэж нэхэмжлэгчийн зүгээс үзэж байна.

Иймд нэхэмжлэгчийн хувьд дээрх үндэслэлээр харилцагчийн хадгаламжийн данснаас эрх бүхий байгууллагын шийдвэргүйгээр, харилцагчийн зөвшөөрөл даалгаваргүйгээр, хууль бусаар дур мэдэн гүйлгээ хийж суутган авсан мөнгийг буцаан гаргуулах шаардлагатай байна.

Нэхэмжлэлийн шаардлагад Т.Нгийн Х банк нь дахь 5128004039 тоот хадгаламжийн данснаас 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр нийтдээ 22,595,773 төгрөгийг харилцагчийн зөвшөөрөлгүйгээр суутган авсан учраас энэхүү мөнгөө буцаан гаргуулахаар шаардлага гаргасан байгаа.

Иргэн Т.Н миний Х банкин дахь 5128004039 тоот хадгаламжийн данснаас хууль бусаар гүйлгээ хийж, суутган авсан 22,595,773.00 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.” гэв.

 

Хариуцагч “Х банк” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Энхмаа шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Содном-Иш шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч Т.Н нь 2015 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Солонгос улсад зорчихдоо өөрийн картаар PARADISE SEGASAMMY Co.LTD-д байрших ПОС машинаар 2 удаагийн үйлдлээр 37,454,540 төгрөг, 28,090,905 төгрөгийн тус тус гүйлгээг хийсэн байсан. Тухайн үед таны данснаас тус бүр 21,474.856 төгрөгийн дүнгээр 2 удаа хасалт хийгдэж, PARADISE SEGASAMMY Co.LTD-нд 37,454,540 төгрөгийн гүйлгээний зөрүү 15,979,704 төгрөг, 28,090,905 төгрөгийн гүйлгээний зөрүү 6,616,069 төгрөг, нийт 22,595,773 төгрөгийн хохирол учирсан байна. Уг хохирлыг ПОС машинаас хэвлэгдсэн нэхэмжлэгчийн гарын үсэгтэй баримтыг үндэслэн VISA international дэх манай банкны улс хоорондын дундын данснаас Солонгос улсын банк хоорондын картын дүрмийн дагуу үл маргах журмаар шууд суутгал хийж татан авсан байна.

Дээрхи төлбөр нь анхнаасаа харилцагчаас гарах мөнгө байсан ба сүлжээний саатлын улмаас хэсэгчилж хасагдсан юм. Ийнхүү нэхэмжлэгчийн гарын үсэгтэй баримтыг үндэслэж суутгал хийгдсэн байна.

Дээрхи харилцагчийн нэхэмжилж байгаа төлбөр нь үндэслэлгүй ба нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Хэрэгт авагдсан хүчин төгөлдөр баримт гэвэл, үзлэг хийсэн баримт байгаа. Үзлэгийн баримтаар 2015 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр 65,000,000 төгрөгийн гүйлгээ хийгдсэн гэдэг нь тогтоогдсон байдаг. Тухайн баримтыг нотлох баримт шинжлэн судлах явцад судлуулна. Мөн “Х банк” ХХК нь Солонгос Улсын Би Си карт гэдэг компаниас нотлох баримт гаргуулж авсан байдаг. Тухайн баримтыг нотариатаар батлуулаад, нотлох баримтын шаардлага хангуулаад, хэрэгт гаргаж өгсөн байгаа. Энэ баримт нь мөн хүчин төгөлдөр байгаа. Энэ баримтыг нэхэмжлэгч талаас ямар нэгэн зүйлээр няцаасан зүйл огт байдаггүй. Банк нь хангалттай үгүйсгэх нөхцөл байдлаар нотлох баримтуудыг гаргаж өгсөн. Нэхэмжлэгч талаас дансны хуулганаас өөр ямар ч нотлох баримтыг гаргаж өгөөгүй. Гаргаж өгсөн дансны хуулга нь нотлох баримтын шаардлага хангахгүй байгаа юм. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.” гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                            

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Т.Н хариуцагч “Х банк” ХХК холбогдуулан 22 595 773/хорин хоёр сая таван зуун ерэн таван мянга долоон зуун далан гурав/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч “Х банк” ХХК нь ПОС машинаас хэвлэгдсэн нэхэмжлэгчийн гарын үсэгтэй баримтыг үндэслэн банк хоорондын картын дүрмийн дагуу үл маргах журмаар шууд суутгал хийж татан авсан байна гэж маргасан.

 

Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Зохигчид 2012 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Х банкны төлбөрийн карт эзэмших, цахим банкны үйлчилгээ ашиглах гэрээ байгуулсан болох нь Х банкны төлбөрийн карт эзэмших, цахим банкны үйлчилгээ ашиглах гэрээний болон Төлбөрийн карт болон цахим банкны үйлчилгээний хүсэлтийн маягтын хуулбараар тогтоогдож байна.

 

2012 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн Х банкны төлбөрийн карт эзэмших, цахим банкны үйлчилгээ ашиглах гэрээний 1-ийн 1.1-т зааснаар хариуцагч нь нэхэмжлэгчийн хүсэлтээр өөрийн нэрийн төлбөрийн картыг нэхэмжлэгчид олгож, үйлчилгээ үзүүлэх, нэхэмжлэгч нь карт болон цахим банкны үйлчилгээг ашиглан дансныхаа үлдэгдлийг шалгах, төлбөр тооцоо хийх, карт ашигласны хөлсийг хариуцагчид төлөх үүрэг хүлээсэн болох нь Х банкны төлбөрийн карт эзэмших, цахим банкны үйлчилгээ ашиглах гэрээний хуулбараар тогтоогдож байна.

 

2012 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн Х банкны төлбөрийн карт эзэмших, цахим банкны үйлчилгээ ашиглах гэрээний 1-ийн 1.1-т зааснаар нэхэмжлэгч нь карт болон цахим банкны үйлчилгээг ашиглан төлбөр тооцоо хийх, хариуцагч нь үйлчилгээ үзүүлэх үүрэг хүлээсэн тус хэлцэл нь Иргэний хуулийн 445 дугаар зүйлийн 445.1 дэх хэсэгт заасан Төлбөр тооцооны гэрээний шинжтэй байх тул Төлбөр тооцооны гэрээ/цаашид “Гэрээ” гэх/ гэж үзнэ.

 

Иргэний хуулийн 445 дугаар зүйлийн 445.1-т “Төлбөр тооцооны гэрээгээр банк ... нь иргэн болон хуулийн этгээд /цаашид “харилцагч” гэх/-ийн бэлэн бусаар хийх төлбөр тооцоог гүйцэтгэх үүрэг хүлээнэ.” гэж заасан. 

 

Зохигчийн байгуулсан Гэрээ нь Иргэний хуулийн 445 дугаар зүйлийн 445.1 дэх хэсэгт нийцсэн байх тул хүчин төгөлдөр гэж үзнэ.

 

Иргэний хуулийн 445 дугаар зүйлийн 445.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь шаардах эрхтэй байна.

 

Гэрээнд зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчийн нэрийн төлбөрийн картыг ашиглан хариуцагчид эзэмшдэг төгрөгийн 5128004039 тоот данснаас төлбөр тооцоо хийх эрхтэй болох нь Гэрээний болон Төлбөрийн карт болон цахим банкны үйлчилгээний хүсэлтийн маягтын хуулбар, 5128004039 тоот дансны дэлгэрэнгүй хуулга, 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн № 05128/182 Тодорхойлолтоор тогтоогдож байна.

 

Хариуцагч нь “Парадайс Сэгасами”/Paradise Segasammy/ компанид учирсан хохирол гэх 15 979 704/арван таван сая есөн зуун далан есөн мянга долоон зуун дөрөв/ төгрөг, 6 616 069/зургаан сая зургаан зуун арван зургаан мянга жаран ес/ төгрөг, нийт 22 595 773/хорин хоёр сая таван зуун ерэн таван мянга долоон зуун далан гурав/ төгрөгийг нэхэмжлэгчийн 5128004039 тоот данснаас 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр суутган авсан болох нь 5128004039 тоот дансны 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 01 дүгээр сарын 05-ны өдөр хүртэлх дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь Бүгд Найрамдах Солонгос Улсад зорчих үедээ буюу 2015 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Парадайс Сэгасами Инчон Казинод хариуцагчийн нэрийн картыг ашиглан бэлэн бусаар хэдэн хэдэн төлбөр тооцоо хийсэн болох нь 5128004039 тоот дансны 2015 оны 4 дүгээр сарын 05-ны өдрөөс 4 дүгээр сарын 15-ны өдөр хүртэлх дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 445 дугаар зүйлийн 445.3-т “Бэлэн бусаар хийх төлбөр тооцоог төлбөрийн даалгавар ... төлбөрийн карт ... төлбөр тооцооны бусад хэрэгслээр гүйцэтгэж болно.”, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай 13 дугаар зүйлийн 1-т “Банк ... эрх бүхий хуулийн этгээдээр дамжуулан хийгдэх мөнгөн хадгаламж ... дансны орлого, зарлагын гүйлгээ нь бэлэн болон бэлэн бус хэлбэрээр байж болно.” гэж заасан.

 

Нэхэмжлэгчийн Парадайс Сэгасами Инчон Казинод 2015 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр хийсэн бэлэн бус гүйлгээ буюу төлбөрийн карт ашиглан хийсэн төлбөр тооцоо нь Иргэний хуулийн 445 дугаар зүйлийн 445.3, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай 13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хийгдсэн байна.

 

Нэхэмжлэгч нь 2015 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр хариуцагчийн нэрийн төлбөрийн картыг ашиглан Парадайс Сэгасами Инчон Казинод хоёр удаа, хоёр адилхан дүнгээр буюу 21 474 836.47/хорин нэгэн сая дөрвөн зуун далан дөрвөн мянга найман зуун гучин зургаан төгрөг дөчин долоон мөнгө/ төгрөгийн төлбөр тооцоо хийсэн болох нь 5128004039 тоот дансны 2015 оны 4 дүгээр сарын 05-ны өдрөөс 4 дүгээр сарын 15-ны өдөр хүртэлх дэлгэрэнгүй хуулга, Гадаад төлбөр тооцоо хийх программ/Visa resolve online/-д хийсэн үзлэгийн тэмдэглэл болон тэмдэглэлд хавсаргасан баримтуудын орчуулгаар тогтоогдож байна.

 

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь 21 474 836.47/хорин нэгэн сая дөрвөн зуун далан дөрвөн мянга найман зуун гучин зургаан төгрөг дөчин долоон мөнгө/ төгрөгийн төлбөр тооцоог хариуцагчаар дамжуулан гүйцэтгэсэн байна.

 

Нэхэмжлэгч нь 2015 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр 2/хоёр/ удаа 21 474 836.47/хорин нэгэн сая дөрвөн зуун далан дөрвөн мянга найман зуун гучин зургаан төгрөг дөчин долоон мөнгө/ төгрөгийн төлбөр тооцоо хийхдээ Парадайс Сэгасами Инчон Казиногийн нэхэмжилсэн дүнгээс тус бүр 15 979 704/арван таван сая есөн зуун далан есөн мянга долоон зуун дөрөв/ төгрөгийн, 6 616 069/зургаан сая зургаан зуун арван зургаан мянга жаран ес/ төгрөгийн, нийт 22 595 773/хорин хоёр сая таван зуун ерэн таван мянга долоон зуун далан гурав/ төгрөгийн төлбөр тооцоо дутуу хийсэн болох нь 5128004039 тоот дансны 2015 оны 4 дүгээр сарын 05-ны өдрөөс 4 дүгээр сарын 15-ны өдөр хүртэлх дэлгэрэнгүй хуулга, Гадаад төлбөр тооцоо хийх программ/Visa resolve online/-д хийсэн үзлэгийн тэмдэглэл болон тэмдэглэлд хавсаргасан баримтуудын орчуулга, БиСи карт/BC card/ компаниас ирүүлсэн цахим шуудангийн хуулбар болон цахим шуудангийн орчуулгаар тогтоогдож байна.

 

Парадайс Сэгасами Инчон Казино нь 2015 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр нэхэмжлэгчээс 15 000 000/арван таван сая/ вон буюу 28 090 905/хорин найман сая ерэн мянга есөн зуун тав/ төгрөгийг, 20 000 000/хорин сая/ вон буюу 37 454 540/гучин долоон сая дөрвөн зуун дөчин таван мянга таван зуун дөч/ төгрөгийг нэхэмжилсэн боловч нэхэмжлэгч нь 2/хоёр/ удаа 21 474 836.47/хорин нэгэн сая дөрвөн зуун далан дөрвөн мянга найман зуун гучин зургаан төгрөг дөчин долоон мөнгө/ төгрөгийн төлбөр тооцоо хийсэн болох нь 5128004039 тоот дансны 2015 оны 4 дүгээр сарын 05-ны өдрөөс 4 дүгээр сарын 15-ны өдөр хүртэлх дэлгэрэнгүй хуулга, Гадаад төлбөр тооцоо хийх программ/Visa resolve online/-д хийсэн үзлэгийн тэмдэглэл болон тэмдэглэлд хавсаргасан баримтуудын орчуулга, БиСи карт/BC card/ компаниас ирүүлсэн цахим шуудангийн хуулбар болон цахим шуудангийн орчуулгаар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь 2015 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Парадайс Сэгасами Инчон Казинод 15 000 000/арван таван сая/ вон, 20 000 000/хорин сая/ вон төлөх нь үүрэг үүсээгүй гэж тайлбарлаж байх боловч тус тайлбар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 39 дүгээр зүйлд зааснаар Бүгд Найрамдах Солонгос Улсын Сөүл хотын төвийн тойргийн орон нутгийн шүүхийн Солонгосын мэдээлэл холбоо ХХК-иас гаргуулсан баримт болон баримтын орчуулгаар үгүйсгэгдэж байна.

 

Нэхэмжлэгч нь 2015 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр төлбөр тооцоог дутуу гүйцэтгэснээс Бүгд Найрамдах Солонгос Улсын Инчеон хотод байрлах Парадайс Сэгасами Инчон Казинод 15 979 704/арван таван сая есөн зуун далан есөн мянга долоон зуун дөрөв/ төгрөгийн, 6 616 069/зургаан сая зургаан зуун арван зургаан мянга жаран ес/ төгрөгийн, нийт 22 595 773/15979704+6616069=22595773/ /хорин хоёр сая таван зуун ерэн таван мянга долоон зуун далан гурав/ төгрөгийн хохирол учирсан болох нь 5128004039 тоот дансны 2015 оны 4 дүгээр сарын 05-ны өдрөөс 4 дүгээр сарын 15-ны өдөр хүртэлх дэлгэрэнгүй хуулга, Гадаад төлбөр тооцоо хийх программ/Visa resolve online/-д хийсэн үзлэгийн тэмдэглэл болон тэмдэглэлд хавсаргасан баримтуудын орчуулга, БиСи карт/BC card/ компаниас ирүүлсэн цахим шуудангийн хуулбар болон цахим шуудангийн орчуулга, Бүгд Найрамдах Солонгос Улсын Сөүл хотын төвийн тойргийн орон нутгийн шүүхийн Солонгосын мэдээлэл холбоо ХХК-иас гаргуулсан баримт болон баримтын орчуулгаар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 445 дугаар зүйлийн 445.1, 445.3, Банк, эрх бүхий хуулийн мөнгө хадгаламж төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 1, 15 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь зохигчийн байгуулсан Гэрээний 3-ын 3.2.5.2-т зааснаар нэхэмжлэгчийн 5128004039 тоот данснаас Парадайс Сэгасами Инчон Казинод учирсан хохирол болох нийт 22 595 773/хорин хоёр сая таван зуун ерэн таван мянга долоон зуун далан гурав/ төгрөгийг суутган авсан нь хуульд нийцсэн байна.

 

Шүүх Иргэний хуулийн 445 дугаар зүйлийн 445.1, 445.3, Банк, эрх бүхий хуулийн мөнгө хадгаламж төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 1, 15 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Х банк” ХХК-иас нийт 22 595 773/хорин хоёр сая таван зуун ерэн таван мянга долоон зуун далан гурав/ төгрөгийг гаргуулах нэхэмжлэгч Т.Нгийн  нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

  1. Иргэний хуулийн 445 дугаар зүйлийн 445.1, 445.3, Банк, эрх бүхий хуулийн мөнгө хадгаламж төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 1, 15 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Х банк” ХХК-иас 22 595 773/хорин хоёр сая таван зуун ерэн таван мянга долоон зуун далан гурав/ төгрөгийг гаргуулах нэхэмжлэгч Т.Нгийн  нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1. 53.1.1, 54 дүгээр зүйлийн 54.1, 54.1.1, 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Т.Нгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 271 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч  Т.Нгээс “ПДДБ” ХХК-ийн орчуулгын ажлын хөлс 114 000 төгрөгийг гаргуулан Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн тамгын газарт олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан   сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     С.ХИШИГБАТ