Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 001/ХТ2022/00043

 

  

Т.Нямхүүгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, шүүгч Г.Банзрагч, Б.Мөнхтуяа, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 181/ШШ2020/00131 дүгээр шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 751 дүгээр магадлалтай,

 

Т.Нямхүүгийн нэхэмжлэлтэй,

Хаан банк ХХКхолбогдох,

 

22,595,773 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Болдбаатарын хяналтын журмаар гаргасан гомдлоор

 

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Болдбаатар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Шагдарсүрэн, Х.Содном-Иш, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

 

1. Нэхэмжлэгч Т.Нямхүүгээс Хаан банк ХХК-д холбогдуулан хадгаламжийн данснаас хууль бусаар гүйлгээ хийж суутган авсан 22,595,773 төгрөгийг буцаан гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.

 

Хариуцагч нь ...Т.Нямхүү нь өөрийн картаар Paradise segasammy Co.LTD-д байрших ПОС машинаар 2 удаагийн үйлдлээр 37,454,540 төгрөг, 28,090,905 төгрөгийн гүйлгээг хийсэн. Тухайн үед данснаас нь тус бүр 21,474,856 төгрөгийн дүнгээр 2 удаа хасалт хийгдэж, Paradise segasammy Co.LTD-д 37,454,540 төгрөгийн гүйлгээний зөрүү 15,979,704 төгрөг, 28,090,905 төгрөгийн гүйлгээний зөрүү 6,616,069 төгрөг, нийт 22,595,773 төгрөгийн хохирол учирсан. Уг хохирлыг ПОС машинаас хэвлэгдсэн нэхэмжлэгчийн гарын үсэгтэй баримтыг үндэслэн VISA international дэх манай банкны улс хоорондын дундын данснаас Солонгос улсын банк хоорондын картын дүрмийн дагуу үл маргах журмаар шууд суутгал хийж татан авсан. Дээрх төлбөр нь анхнаасаа харилцагчаас гарах байсан ба сүлжээний саатлын улмаас хэсэгчилж хасагдсан юм. Ийнхүү нэхэмжлэгчийн гарын үсэгтэй баримтыг үндэслэж суутгал хийгдсэн ба 2015.04.11-ний өдөр 65,000,000 төгрөгийн гүйлгээ хийгдсэн нь тогтоогдсон тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. гэж маргажээ.

 

2. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 181/ШШ2020/00131 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 445 дугаар зүйлийн 445.1, 445.3, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 1, 15 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Хаан банк ХХК-иас 22,595,773 төгрөгийг гаргуулах нэхэмжлэгч Т.Нямхүүгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 751 дүгээр магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 183/ШШ2020/00131 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Болдбаатар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан, давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг илтэд зөрчиж байх тул энэхүү гомдлыг гаргаж байна.

4.1. Шүүх нотлох баримтыг эргэлзээгүй бүхий л талаас нь үнэлэлгүй, хуулийг буруугаар тайлбарлан хэрэглэсэн, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, хэт нэг талыг буруутгасан, өөр хоорондоо зөрчилтэй дүгнэлт хийж, нотлох баримтад үндэслэлгүй хэргийг хянан шийдвэрлэсэн тухайд.

Анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт Хариуцагч Хаан банк ХХК нь пос машинаас хэвлэгдсэн нэхэмжлэгчийн гарын үсэгтэй баримтыг үндэслэн банк хоорондын картын дүрмийн дагуу үл маргах журмаар шууд суутгал хийж татан авсан байна гэж маргасан, мөн ...нэхэмжлэгчийн 5128004039 тоот данснаас Парадайс Сегасами Инчон Казинод учирсан хохирол болох нийт 22,595,773 төгрөгийг суутган авсан нь хуульд нийцсэн байна гэж тус тус дүгнэсэн байдаг. Мөн давж заалдах шатны шүүх Талуудын хооронд байгуулагдсан Хаан банк ХХК-ийн төлбөрийн карт эзэмших цахим банкны үйлчилгээ ашиглах гэрээний 3-р зүйлд үйлчлүүлэгч гэрээгээр хүлээсэн үүрэг болон төлбөрийн карт, цахим банкны үйлчилгээг ашиглах заавар зөвлөмжийг зөрчсөн тохиолдолд банкны авах арга хэмжээний талаарх асуудлыг зохицуулсан байна гэж дүгнэн нэхэмжлэгчийг буруутгасан байдаг. Шүүхийн дээрх дүгнэлтээс харахад шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ нь өөр, хоорондоо зөрчилтэй дүгнэлт хийж, нотлох баримтад үндэслэлгүй хэт нэг талыг барьсан, буруу жишиг тогтоосон шийдвэр болсон.

Тухайлбал, Т.Нямхүү нь ямар дүрэм журмыг яаж зөрчсөн болоод буруутгагдаад байгаа нь тодорхойгүй, Хаан банк ХХК нь хуульд заасны дагуу үйлчилгээг хэвийн үзүүлэх ёстой байтал үүнийгээ биелүүлээгүй байхад нь яагаад биелүүлсэн гэж үзээд байгаа юм, тухайн үед үйлчилгээний программ тасалдуулсан, үүнээс болж нэхэмжлэгч нь хэчнээн төгрөгийн зөвшөөрөл авах гэж анх карт уншуулсныг тогтоох боломжгүй болсон, хэрэв илүү мөнгө авсан гэж байгаа бол дансны үлдэгдлийн хэмжээнд зөвшөөрөл өгсөн атлаа яагаад илүү авсан гэж үзээд байгаа юм, одоо хүртэл энэхүү үйлчилгээний тасалдлыг нарийвчлан тогтоогоогүй, суутган авсан 22 сая төгрөгийн гүйлгээ нь тухайн маргаан бүхий гүйлгээний өмнөх хойдох гүйлгээтэй хамааралгүй, түүнд ороогүй зэргийг баримтаар яаж тогтоогоод байгаа нь тодорхойгүй байхад Хаан банк өөрөө хууль болон талуудын хооронд байгуулсан гэрээний зүйл, заалтаа илтэд зөрчсөн буруутай байхад нэхэмжлэгчийг хэт буруутгаж хохирол учруулсан байна гэж үзсэн нь буруутай этгээд нь тухайн хохирлыг хариуцахаар зохицуулсан хуулийг буруугаар тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх хангалттай үндэслэл юм.

4.2. Хэрэв хохирол гэж үзсэн юм бол хохирол учруулсан үйлдэл, гэм буруугийн хэлбэр нь яаж холбогдоод байгаа, үүнд нэхэмжлэгч ямар буруутай зэргийг тогтоож байж үнэн зөв шийдвэрлэх ёстой. Гэтэл нэхэмжлэгч нь аливаа буруутай үйлдэл хийгээгүй, өөрийн дансны үлдэгдлийн хэмжээнд гүйлгээ хийснийг яагаад буруутгаад байгаа нь ойлгомжгүй хууль бус байна. Хамгийн гол нь өөрийгөө хохирсон гэж үзэн Хаан банкны данснаас мөнгө суутган авсан БНСУ-ын Би Си Карт компани нь хилийн чанадад нотлох баримт бүрдүүлэх үед гаргах шаардлагатай баримтууд болох мөнгө суутган авах үедээ Хаан банкинд цахимаар ирүүлж байсан баримтаа гаргаж өгөхөөс үндэслэлгүйгээр татгалзсан байхад тухайн компаниас ирүүлсэн нотлох баримтын шаардлага хангахгүй цахим баримтыг үнэлж дүгнэсэн нь нотлох баримтыг тал бүрээс нь, эргэлзээгүй талаас нь үнэлэх хуулийн зүйл заалтыг ноцтойгоор зөрчсөн.

4.3. Түүнчлэн Хаан банкны үзүүлсэн цахим банкны гүйлгээ нь тухайн үед тасалдсан, энэхүү тасалдлаар хаана /гадаад, дотоодод/ ямар алдаа гарсныг нарийвчлан тогтоогоогүй, аль гүйлгээний баримт нь үнэн зөв болохыг тогтоогоогүй байхад эргэлзээ бүхий гүйлгээний баримтуудыг хэт нэг талд ашигтайгаар тайлбарлан, түүнийгээ үндэслэн хэргийг хянан шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Т.Нямхүү нь БНСУ-д байхдаа 2015.04.11-ний өдөр 311584 болон 352909 гэсэн зөвшөөрөгдсөн кодоор нь 12:19 минутад 21,474,836.47 төгрөгийн, 12:49 минутад мөн 21,474,836.47 төгрөгийн зөвхөн 2 удаагийн гүйлгээ хийсэн болох нь банкны дансны хуулгаар хангалттай нотлогддог. Өөрөөр хэлбэл, энэхүү 2 гүйлгээний үнийн дүнгээс илүү хэмжээгээр гүйлгээ хийх зөвшөөрөл өгөөгүй байдаг бөгөөд өгсөн болох нь нотлогддоггүй юм. Хэрэв Т.Нямхүүг илүү мөнгө авсан гэж үзэж байгаа бол түүний гарын үсэг бүхий баримтыг хариуцагч гаргаж ирэх ёстой. Энэ баримт шаардлага хангасан байдлаар хэрэгт байхгүй байхад нотлох баримт дээр үндэслэлгүй хохирол учруулсан гэж үзсэн нь хууль зөрчиж байна.

4.4. Хаан банк нь Солонгос Улсын Би Си Карт компанийг Хаан банкны данснаас мөнгө суутган авсан нь үндэслэлтэй юу үгүй юу гэдгийг олон улсын Виза картын дүрмийнхээ дагуу маргаан үүсгэж асуудлыг тодорхой болгон шийдвэрлүүлсэн байх ёстой. Түүнээс бус Хаан банкны данснаас гадаадын холбогдох этгээд үндэслэлгүйгээр мөнгө суутган авах бүрт харилцагчдаа буруутгаад байж болохгүй болохыг шүүх анхаарч үзсэнгүйд гомдолтой байна. Хаан банк өөрийнх нь данснаас дур мэдэн БНСУ-ын Би Си карт ХХК-ийн авсан мөнгөө Т.Нямхүүгээс бус БНСУ-ын Би Си карт ХХК-иас нэхэмжлэх нь хуульд нийцнэ.

Иймд дээрх үндэслэлүүдээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

5. Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах боломжгүй байна.

 

6. Нэхэмжлэгч Т.Нямхүү нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ...Хаан банкинд хадгаламжийн данс эзэмшдэг, ...2015.04.11-ний өдөр БНСУ-д байхдаа өөрийн хадгаламжийн дансанд байгаа мөнгөний хэмжээгээр 11 удаагийн гүйлгээ хийсэн, гэтэл Хаан банк ийнхүү гүйлгээ хийхдээ БНСУ-ын Paradise segasammy Co.LTD-д 22,595,773 төгрөгийн хохирол учруулсан гэх үндэслэлээр эрх бүхий этгээдийн шийдвэр, харилцагчийн зөвшөөрөлгүйгээр харилцагчийн данснаас дээрх мөнгийг дур мэдэн суутган авсан тул буцаан гаргуулна... гэж тайлбарлажээ.

 

Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч: ...нэхэмжлэгч нь 2015.04.11-ний өдөр Солонгос улсад зорчихдоо өөрийн картаар Paradise segasammy Co.LTD-д байрших ПОС машинаар 2 удаагийн үйлдлээр 37,454,540 төгрөг, 28,090,905 төгрөгийн гүйлгээг тус тус хийсэн, тухайн үед сүлжээний саатлын улмаас харилцагчаас гарах мөнгө хэсэгчлэн хасагдаж, харилцагчийн данснаас тус бүр 21,474,856 төгрөгийн дүнгээр хасалт хийгдэж, зөрүү 22,595,773 төгрөгийн хохирол Paradise segasammy Co.LTD-д учирсан болох нь тогтоогдсон. Хаан банк улс хоорондын картын дүрмийн дагуу үл маргах журмаар дээрх мөнгийг харилцагчийн данснаас суутган хохирогчид шилжүүлсэн тул нэхэмжлэл үндэслэлгүй... гэж маргажээ.

 

7. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хэргийг хянаад, шийдвэрийг хэвээр үлдээснийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргасан.

 

Гомдлын үндэслэлээ: ...шүүх нотлох баримтыг хуульд нийцүүлэн үнэлээгүй, ...хуулийг буруугаар тайлбарлан хэрэглэсэн, ...хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, өөр хоорондоо зөрчилтэй дүгнэлт хийсэн тул нэхэмжлэлийг хангаж өгнө үү... гэжээ.

 

8. Зохигч 2012.09.28-ны өдөр Хаан банкны төлбөрийн карт эзэмших, цахим банкны үйлчилгээ ашиглах гэрээ байгуулснаар Хаан банк өөрийн нэрийн төлбөрийн картыг нэхэмжлэгчид олгож, үйлчилгээ үзүүлэх, нэхэмжлэгч нь карт болон цахим банкны үйлчилгээг ашиглаж дансныхаа үлдэгдлийг шалгах, төлбөр тооцоо хийх, карт ашигласны төлбөрийг хариуцагчид төлөх үүрэг тус тус хүлээсэн байна.

 

Зохигчийн хооронд төлбөр тооцоо, мөнгөн хадгаламжийн гэрээний харилцаа үүссэн талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 454 дүгээр зүйлийн 454.1., 445 дугаар зүйлийн 445.1-д заасан зохицуулалтад нийцжээ.

 

Банк нь төлбөр тооцооны гэрээгээр иргэн болон хуулийн этгээдийн бэлэн бусаар хийх төлбөр тооцоог гүйцэтгэх, мөнгөн хадгаламжийн гэрээгээр хадгалуулагчийн мөнгийг хадгалах, хадгалуулсан мөнгийг тухайн мөнгөн тэмдэгтээр хүүгийн хамт буцаан олгох үүрэг хүлээнэ.

 

9. Нэхэмжлэгч нь 2015.04.11-ний өдөр БНСУ-д зорчих үедээ Парадайз Сэгасами Инчон Казинод Хаан банкны нэрийн картыг ашиглаж хэд хэдэн гүйлгээ хийснээс 12 цаг 19 минут 26 секундэд 37,454,540 төгрөг буюу 20,000,000 воны, 12 цаг 48 минут 53 секундэд 28,090,905 төгрөг буюу 15,000,000 воны гүйлгээг тус тус хийсэн болох нь ПОС машины баримтаар нотлогдож байх бөгөөд тухайн цаг мөчид нэхэмжлэгчийн Хаан банкин дахь данснаас тус бүр 21,474,836.47 төгрөгийн үнийн дүнгээр 2 удаа зарлага гарсан нь Хаан банкин дахь нэхэмжлэгчийн дипозит дансны дэлгэрэнгүй хуулгаар нотлогджээ.

 

2015.05.19-ний өдөр нэхэмжлэгчийн данснаас 15,979,704 төгрөг, 6,616,069 төгрөгийн гүйлгээ үндэслэлгүй хийгдсэн гэх харилцагчийн хүсэлтийг үндэслэн Хаан банк VISA international-н системээр маргаан үүсгэж, хариуцагчийн данснаас суутгагдсан мөнгийг буцаан татаж, маргааныг судалсны үндсэн дээр нэхэмжлэгч нь 2015.04.11-ний өдөр өөрийн зөвшөөрөгдсөн кодоор 37,454,540 төгрөгийн болон 28,090,905 төгрөгийн 2 удаагийн гүйлгээ хийхэд түүний данснаас хоёр удаа 21,474,836.47 төгрөгийн гүйлгээ хийгдэж, үлдэгдэл гүйлгээ гараагүй болох нь тогтоогдсон бөгөөд үлдэгдэл гүйлгээнүүд нь нэхэмжлэгчийн өмнө авсан нэг удаагийн давтамжтай кодтой таарч байх тул харилцагчийн зөвшөөрөлгүй гүйлгээ хийж, данснаас мөнгө суутган авсан гэх нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй.

 

Баримтаар нотлогдсон 37,454,540 төгрөгийн, мөн 28,090,905 төгрөгийн үнийн дүн бүхий гүйлгээ хийгээгүй болохоо нэхэмжлэгч нотолж чадаагүй үндэслэлээр маргаан дуусгавар болж, банк 2016.01.05-ны өдөр нэхэмжлэгчийн Хаан банкин дахь данснаас үлдэгдэл 22,595,773 төгрөгийг суутган авчээ.

 

10. Зохигчийн хооронд байгуулсан Хаан банкны төлбөрийн карт эзэмших, цахим банкны үйлчилгээ ашиглах гэрээний Гурав дугаар зүйлийн 3.2.5.2.-т Банк, үйлчилгээний байгууллага буюу бусдад хохирол учирсан бол үйлчлүүлэгчийн данснаас хохирлыг суутган авах, ...эрхтэй гэж тохиролцсон тул банк бусдад учирсан хохирлыг барагдуулж, үлдэгдэл төлбөрийг суутган шилжүүлсэн нь Гэрээний 3.2.5.2. дахь заалтыг зөрчөөгүй, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2.-т заасан бэлэн бус мөнгөний төлбөр тооцоог төлбөрийн даалгавар, төлбөрийн нэхэмжлэл, аккерадатив, чек, вексель, төлбөрийн карт болон төлбөр тооцооны бусад баримтаар гүйцэтгэнэ гэсэн заалтыг зөрчөөгүй байна.

 

11. Анхан шатны шүүх зохигчийн хооронд үүссэн маргаантай харилцааг зөв тодорхойлж, хэрэгт цугларсан баримтыг хуульд нийцүүлэн үнэлсний үндсэн дээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй байна.

 

Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гомдлоор хэргийг хянахдаа анхан шатны шүүхийн шийдвэрт өөрийн эрх хэмжээний хүрээнд дүгнэлт хийж, шийдвэрийг хэвээр үлдээсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1.-д нийцжээ.

 

Харин давж заалдах шатны шүүх магадлалын үндэслэх хэсэгт нэхэмжлэлийн шаардлагатай холбогдолгүй тооцооны талаар нэг өгүүлбэр бүхий дүгнэлт хийсэн нь хэрэгт хамааралгүй, зөрчилтэй байх боловч дээрх зөрчил магадлалыг хүчингүй болгох үндэслэлд хамаарахгүй тул дурдах нь зүйтэй.

 

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагад нийцсэн байна.

 

12. Дээр дурдсан үндэслэлээр хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 181/ШШ2020/00131 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 751 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Болдбаатарын гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч Т.Нямхүүгээс 2020.05.06-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 271,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЦОЛМОН

 

ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ

 

Б.МӨНХТУЯА

 

С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

Х.ЭРДЭНЭСУВД