Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 2365

 

“КЗ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 181/ШШ2018/01874 дүгээр шийдвэртэй

 

Нэхэмжлэгч “КЗ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч “ЛЗЧ” ХХК-д холбогдох

 

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 171 060 175 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э

Хариуцагчийн өмгөөлөгч С.О

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ган-Өнөр нар оролцов.

 

   Нэхэмжлэгч “КЗ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “КЗ” ХХК нь “ЛЗЧ” ХХК-тай барилгын зураг төсөл боловсруулах аж ахуйн гэрээг 2013 оны 7 дугаар сарын 25-ны өдөр байгуулж, бид Баянзүрх дүүргийн 5 дугаар хороонд баригдах зоорийн давхрын хамт 6 давхар оффисын болон 18 давхар орон сууцны барилгын зураг төсөл боловсруулах үүрэг хүлээсэн. Уг ажлын хөлсийг 110 000 ам.доллар байхаар харилцан тохиролцсон ба урьдчилгаа 50 хувь буюу 55 000 ам.долларыг гэрээ байгуулснаас хойш 3 хоногийн дотор манайд төлсөн. Бид гэрээнд заасан хугацаанд ажлыг 2013 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр гүйцэтгэж дуусгаад хүлээлгэн өгөхөөр мэдэгдэл хүргүүлсэн боловч захиалагч нь хариу ирүүлээгүй, ажлыг хүлээн аваагүй. Үлдэгдэл төлбөр 55 000 ам.долларыг төлөхийг шаардаж захиалагчийн хаягаар албан бичиг илгээсэн боловч төлбөр төлөх хугацааг удаа дараа хойшлуулсаар өнөөдрийг хүрлээ. Захиалагч компанийн албан байранд очиход захирал байхгүй, бид бичгийг хүлээн авах эрхгүй, танай мөнгийг захирал шийднэ гэх мэтээр албан бичгийг хүлээн авдаггүй учир арга буюу шуудангаар илгээдэг болсон.

Энэ хооронд “ЛЗЧ” ХХК-ийн захиралтай утсаар харилцаж байсан ба тухай бүрт танай мөнгийг бид удаахгүй төлнө, ажил одоогоор зогссон, орлого байхгүй гэх мэтээр төлөх хугацааг хойшлуулсан.

Иймд “ЛЗЧ” ХХК-аас авах ёстой ажлын хөлсний үлдэгдэл 55 000 ам.доллар, гэрээний 4.3-т заасан алданги хоногийн 0.03 хувь, энэ нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 30 хувьд хүрсэн тул алданги 16 500 ам.доллар, нийт 71 500 ам.долларыг нэхэмжлэл гаргасан буюу 2018 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн Монгол банкны ханш 2392,45 төгрөгөөр тооцож нийт 171 060 175 төгрөгийг хариуцагч “ЛЗЧ” ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “ЛЗЧ” ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч “КЗ” ХХК-тай барилгын зураг төсөл хийх гэрээ байгуулсан нь үнэн.  Зураг төсөл нь Засгийн газрын 2009 оны 204 дүгээр тогтоолоор батлагдсан барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах зөвшилцөх магадлал хийх дүрмийн дагуу зурагдах ёстой. Энэ дүрмийн дагуу 2014 оны 7 дугаар сарын 08-ны өдөр архитектур төлөвлөлтийн даалгаврыг н.Нацагдорж гэх хүн баталсан. Ажлын зураг дээр 8 давхар орон сууцыг байхгүй болгон зурж, орчны барилгуудтай уялдуулан зурна, барилга хоорондын зай 20 метр гэснийг зөрчсөн.

Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийг үүргээ биелүүлээгүй гэж үзэж байгаа. Талууд 2013 оны 8 дугаар сард хуралдаж, тодорхой даалгавар өгч алдаатай зургийг залруулахаар шийдвэрлэсэн боловч эдгээр зөрчлүүдийг арилгаагүй. Барилга нь архитектур төлөвлөлтийн даалгаварт заасан хэмжээнээс зөрдөг. Зураг төсөл гэрээ байгуулагдахаас өмнө зурагдаад эхэлчихсэн байсан. Хурын ус ХХК өөрсдөө дахиад зураг төслөө боловсруулсан. Ер нь бол зураг төсөл шаардлагад нийцээгүйн улмаас Хурын ус ХХК, “ЛЗЧ” ХХК нар маргалдахад хүрч одоог хүртэл барилгын ажил эхлээгүй байгаа. Гүйцэтгэсэн ажлын үр дүн буюу зураг төслийг бидэнд хүлээлгэж өгөөгүй. Шүүхэд хариуцагчаар татагдсанаас хойш Хурын ус ХХК-д хандаж зураг төслийг авсан.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар “ЛЗЧ” ХХК-д холбогдох, ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт ажлын хөлсний үлдэгдэл 55 000 ам.доллар, гэрээнд заасны дагуу алданги 16 000 ам.доллар, нийт 71 500 ам.доллар буюу 171 060 175 төгрөгийг гаргуулах тухай, “КЗ” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 013 500 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 249 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулж нэхэмжлэгч “КЗ” ХХК-д олгохоор шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч “КЗ” ХХК давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг зөвшөөрөхгүй.

Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ нэхэмжлэгч нь гэрээт ажлын үр дүнг захиалагчид хүлээлгэн өгөөгүй учир захиалагч гомдлын шаардлага гаргах эрхээ алдаагүй, ажлын зураг нь архитектур төлөвлөлтийн даалгаварт нийцэхгүй, зураг чанарын шаардлага хангахгүй, алдангийн талаарх талуудын тохиролцоо нь Иргэний хуульд нийцээгүй байна гэж дүгнэсэн.

Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.1-т захиалагч нь гэрээнд заасан хугацаанд хөлс төлөх, 351.1.2-т зааснаар гүйцэтгэсэн ажлын үр дүнг хугацаанд хүлээж авах үүрэг тус тус хүлээдэг. Талуудын хооронд 2013 оны 7 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан барилгын зураг төсөл боловсруулах аж ахуйн гэрээний 4.2-т зааснаар захиалагч нь зураг төсөл боловсруулж өгөхөд 40, зураг төсөл экспертизээр батлагдахад 10 хувьтай тэнцэх хөлсийг тус тус гүйцэтгэгчид олгохоор заасан. Захиалагч уг төлбөрөө төлөөгүй. Төлбөр төлөөгүй учир ажлын үр дүнг зохих ёсоор хүлээн аваагүй тул зургийг “ЛЗЧ” ХХК-ийн барилга барих газрын эзэн буюу Хурын ус ХХК-д хүлээлгэн өгсөн.

Уг зургийг Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраар батлуулсан тул ажлын үр дүн зохих шаардлагыг хангасан гэж үзнэ. Харин Ерөнхий төлөвлөгөөн дээр нэг байшинг орхигдуулж зурсан гэдэг нь гэрээт ажлын даалгавар биш тул нэхэмжлэлийн шаардлагад хамаарахгүй ба ерөнхий төлөвлөгөө буюу эскиз зургийг “КЗ” ХХК хийж гүйцэтгээгүй хариуцагчаас өөрсдөө хийж өгсөн зураг юм. Энэ эскиз зургийг архитектур төлөвлөлтийн даалгавар авахдаа хавсарган өгдөг. Хариуцагч ажлын үр дүнг 2013 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авах хуульд заасан үүргээ биелүүлээгүй тул Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.2 дахь хэсэгт зааснаар ажлын үр дүнг хүлээн авсанд тооцох бөгөөд ажлын доголдлын талаар гомдлын шаардлага гаргах хугацааг энэ үеэс эхлэн тооцох ёстой. Гомдлын шаардлага гаргах хугацаа дууссан байхад шүүх санаачлагаараа ажлын доголдлын талаар дүгнэлт хийсэн нь буруу. “КЗ” ХХК нь ажлыг доголдолгүй хийж гүйцэтгэсэн бөгөөд захиалагч, гүйцэтгэгч нарын хооронд хийгдсэн хурлын дүгнэлт гэх баримт нь ажлын доголдлын талаар дурдаагүй харин ажлын зурагт тусгах санал хэлбэртэй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжпэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэнэ үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав. 

Нэхэмжлэгч “КЗ” ХХК нь хариуцагч “ЛЗЧ” ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 171 060 175 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

Талуудын байгуулсан 2013 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн барилгын зураг төсөл боловсруулах аж ахуйн гэрээгээр гүйцэтгэгч “КЗ” ХХК нь Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутагт зоорьтойгоо 6 давхар оффисийн болон 18 давхар орон сууцны барилгын зураг төсөл боловсруулах ажлыг 2013 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс 2013 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн дотор гүйцэтгэх, захиалагч “ЛЗЧ” ХХК нь ажлын хөлсний 50 хувийг гэрээ баталснаас хойш 3 хоногийн дотор, 40 хувийг нь зураг төслийг боловсруулж өгөхөд, 10 хувийг зураг төсөл экспертизээр батлагдахад нь тус тус төлөхөөр тохиролцсон байна. /хх 7-8 дахь тал/ Гэрээний дагуу “ЛЗЧ” ХХК урьдчилгаа 50 хувь буюу 55 000 ам.долларыг шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан гэрээ, талуудын тайлбараар нотлогддог. /хх 106-107 дахь тал/

Иймээс “КЗ” ХХК, “ЛЗЧ” ХХК-ийн хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн тул талууд гэрээний үүргийн гүйцэтгэлийг харилцан шаардах эрхтэй. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.

Зохигчид дээрх гэрээ байгуулагдсан гэх үйл баримтад маргаангүй, харин ажил гүйцэтгэгч ажлын үр дүнг хүлээлгэн өгсөн эсэх, захиалагч хүлээн авах үүргээ зөрчсөн эсэх талаар маргаж байна.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь ажлын үр дүн байдаг бөгөөд гүйцэтгэгч нь ажлын үр дүнг захиалагчид хүлээлгэн өгснөөр түүнд ажлын хөлс шаардах эрх үүсдэг.

Иймд ажил гүйцэтгэгч буюу нэхэмжлэгч тал гэрээний зүйл болох барилгын зураг төслийг нийт гүйцэтгэсэн буюу үр дүнг бий болгон хариуцагчид хүлээлгэн өгсөн, хариуцагч ажлын үр дүнг хүлээн авахгүй байсан гэх үйл баримтыг баримтаар нотлох шаардлагатай.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлийг тайлбарлахдаа “...бид ажил гүйцэтгэж дуусаад хүлээлгэн өгөхөөр мэдэгдэл хүргүүлсэн боловч захиалагч хариу ирүүлээгүй учир хүлээн авсанд тооцно, ... “ЛЗЧ” ХХК-ийн захиралтай утсаар харилцаж байсан, мөнгийг удахгүй өгнө гэж хугацааг хойшлуулж байсан” гэж тайлбарлан шүүхэд 2014 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 13/2014, 4 дүгээр сарын 30-ны өдрийн 24/2014, мөн оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 113/2014, 2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 2017/18, 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 2018/13 тоот мэдэгдэл, шуудан хүргэгчийн дэвтэр, барилгын зураг төсөл зэргийг нотлох баримтаар гарган өгчээ. /хх 9-14 дэх тал/

Дээрх нэхэмжлэгч байгууллагын хэвлэмэл хуудас бүхий албан бичгүүдэд хариуцагч “ЛЗЧ” ХХК-д барилгын зураг төслийг хүлээн авч, ажлын хөлс төлөхийг шаардаж байгаа талаар бичсэн байх боловч хариуцагч талд эдгээр мэдэгдэл бүхий баримт бичиг хүргэгдсэн эсэх нөхцөл байдал баримтаар эргэлзээгүй нотлогдохгүй байна. /хх 9-13 дахь тал/

Түүнчлэн шуудан хүргэгчийн дэвтэрт “ш/х 176, “ЛЗЧ” ХХК” гэсэн бичилт хийснээс ямар газраас хэдэн тоот албан бичиг хүргүүлж буй талаар тэмдэглэгдээгүй учир уг бичгийн баримтыг нэхэмжлэгчээс хариуцагчид ажлын үр дүнг хүлээн авах тухай мэдэгдсэн хугацаа, нөхцлийг үйл баримтын нотолгоо гэж үзэхгүй. Иймээс хариуцагч “ЛЗЧ” ХХК-ийг Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.2-т заасан гүйцэтгэсэн ажлын үр дүнг хугацаанд хүлээн авах үүргээ зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй тул түүнийг ажлын үр дүнг хүлээн авсанд тооцох мөн зүйлийн 351.2 дахь хэсэгт заасан үр дагавар үүсэхгүй.

Нэхэмжлэгч тал хариуцагч “ЛЗЧ” ХХК-аас ажлын хөлс шаардаж буй үндэслэлээ хариуцагч компанитай хамтран ажиллах гэрээ бүхий “Хурын ус” ХХК-д ажлын зургийг хүлээлгэн өгсөн гэж тайлбарладаг. /хх 111-112 дахь тал/

Нэхэмжлэгч “Хурын ус” ХХК-д зургийг хүлээлгэн өгсөн үйл баримтын талаар хариуцагч компани маргаагүй боловч ажлын үр дүнг өөрт нь өгөөгүй гэх үндэслэлээр маргаж байна. Зохигчдын хоорондын гэрээний 2.3 дахь заалтаар ажлын үр дүнг актаар хүлээн авахаар тохиролцсон, хариуцагчаас энэхүү шаардах эрхээ “Хурын ус” ХХК-д шилжүүлсэн тухай баримт хэрэгт байхгүй. Иймд өөр компанид хүлээлгэн өгсөн барилгын зураг төслийг хариуцагчид ажлын үр дүнг хүлээлгэн өгөх үүргээ зохих ёсоор биелүүлсэн гэж дүгнэх боломжгүй юм.

Иймд анхан шатны шүүх дээрх үйл баримтыг нотлох баримтын хүрээнд зөв дүгнэсэн байна.

Талууд гэрээний үүрэг шаардах хөөн хэлэлцэх хугацааны талаар маргадаг.

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байхаар заасан. Зохигчид гэрээгээр ажлыг 2013 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс 2013 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн дотор гүйцэтгэхээр тохиролцжээ. /хх 7-8 дахь тал/ Нэхэмжлэгч нь ажлыг 2013 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр гүйцэтгэж бэлэн болгоод хариуцагчид ажлын үр дүнг хүлээж авахыг мэдэгдсэн гэх агуулгатай тайлбар гаргасан байх тул уг өдрөөс шаардлага гаргах хугацааг тоолох нь Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсэгт нийцнэ. Уг хугацаанаас эхлэн хөөн хэлэлцэх хугацааг тооцвол хуулиар тогтоосон Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т заасан гэрээний үүргийг шаардах 3 жилийн хугацаа дууссан байна. /хх 7-8 дахь тал/

Түүнчлэн дээрх хугацаа Иргэний хуулийн 78 дугаар зүйлийн 78.1 дэх хэсэгт зааснаар түр зогссон, мөн хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт зааснаар тасалдсан гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд дээрх үйл баримтыг зөв үнэлж, дүгнэсэн боловч холбогдох хуулийг хэрэглээгүйг давж заалдах шатны шүүхээс залруулан өөрчлөх нь зүйтэй гэж үзнэ.

            Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулан, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэхээр шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 181/ШШ2018/01874 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6-д” гэснийг “82 дугаар зүйлийн 82.1, 75 дугаар зүйлийн 75.2.1-т” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 013 500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

      

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

 

   ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                         ШҮҮГЧИД                                     Ш.ОЮУНХАНД

 

                                                                                                Ч.ЦЭНД