Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 181/ШШ2020/01084

 

 

  

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС  

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч С.Энхбаяр даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар 

 

Нэхэмжлэгч: К З  ХХК -ийн нэхэмжлэлтэй,

 

 Хариуцагч: Л З Ч  ХХК-д холбогдох,

 

Гуравдагч этгээд: Х У  ХХК

 

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт нийт 171,060,175 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг  хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Буянжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхтөр, хариуцагчийн өмгөөлөгч С.Одгариг, гуравдагч этгээдийн төлөөлөгч Б.Батзана, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Сайнзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Отгончимэг нар оролцов.          

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “К З  ХХК нь Л З Ч  ХХК-тай 2013 оны 07 дугаар сарын 25-ны өдөр барилгын ажлын зураг хийх тухай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Гэрээний үнэ 110,000 ам.доллар байхаар харилцан тохиролцсон. Үүний 50 хувь буюу 55,000 ам.долларыг К З  ХХК-д шилжүүлж өгсөн.

К З  ХХК нь гэрээнд заасан ажлыг зохих ёсоор гүйцэтгээд үлдэгдэл төлбөр 55,000 ам.долларыг төлөх, гэрээгээ хүлээж ав гэх шаардлагыг Л З Ч  ХХК-ийн хаягаар удаа дараа явуулсан. Гэтэл Л З Ч  ХХК-иас ямар нэгэн бичгээр хариу өгөөгүй. Л З Ч  ХХК-ийн захирал нь утсаар ярихдаа манайх мөнгөгүй байна, мөнгөтэй болохоор өгнө гэх байдлаар К З  ХХК-ийн захирал н.Манлайд хэлж байсан.

К З  ХХК нь 2018 оны 02 дугаар сард, 2017 онд гэх мэтээр шуудангаар хэд хэдэн удаа албан шаардлага хүргүүлсэн. Гэтэл захирал ирээгүй учраас манайх авахгүй гэж хэлээд шууданг буцаасан байдаг. Буцаасан тэмдэглэл бүхий дугтуй, албан бичигтэй хамт хэрэгт хавсаргаж өгсөн.

Манайх гэрээний 4.3-т заасны дагуу алдангаа хоногт гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,03 хувь байх, энэ үнийн дүн 30 хувь хүрээд зогсохоор тохиролцсон. Энэ нь 16,500 ам.доллар болж байгаа. Гэрээний үлдэгдэл 55,000 ам.доллар дээр 16,500 ам.долларыг нэмээд нийт 71,500 ам.доллар болж байгаа. Үүнийг нэхэмжлэл гаргах өдрийн буюу 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн Монгол банкны ханшаар 2392.45 төгрөгөөр тооцож нийт 171,060,175 төгрөгийг нэхэмжилж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэв.

 

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “К З  ХХК-тай гэрээ байгуулж, урьдчилгаа 55,000 ам.доллар өгсөн үйл баримттай маргахгүй. К З  09 дүгээр сарын 25-ны өдөр гэхэд зургаа дуусгаж зохих ёсоор гүйцэтгээд, хүлээж өгсөн гэж хэлдэг. Үүнийг манайх хүлээн зөвшөөрөхгүй байна, манайх зургийг албан ёсоор хүлээж аваагүй. Үүнтэй холбоотой манай байгууллагад албан бичиг өгсөн гэдэг хэдий ч манай байгууллага албан ёсоор хүлээж аваагүй мөн хүлээж авсан хүний гарын үсэг тамга тэмдэг, нотлох баримт байдаггүй учраас энэ баримт бичиг нь манай байгууллагад очоогүй юм. Манай байгууллага зургийг хүлээж аваагүй учраас алданги болон 55,000 ам.долларыг төлөх үндэслэлгүй гэж үзэж байна.

Давж заалдах шатны шүүхээс зургийг хүлээж аваагүй юм бол яагаад гомдол гаргаад байдаг юм бэ гэх нөхцөл байдлыг хэлэлцэх нь зүйтэй гэх байдлаар хэргийг буцаасан. Анх К З  ХХК-ийг шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа бид шаардлага хангахаар хийгдсэн, зохих ёсоор гүйцэтгэсэн гэх зургуудаа нотлох баримтаар гаргаж өгөөч гэсэн хүсэлтийг шүүхэд тавиад К З  ХХК манайх энэ зургийг хийсэн юм гээд хэрэгт хавсаргасан байгаа зургийг гаргаж өгсөн. Энэ зураг шүүхэд нотлох баримтаар ирснийх нь дараа танилцсан. К З  ХХК нь албан ёсоор үүргээ гүйцэтгэсэн 100 хувь зургаа хийсэн, шаардлага хангасан, Засгийн газрын 208 дугаар тогтоолд нийцүүлэн хийсэн гэх тайлбарыг хэлдэг.

Ингэж хэлэхээр нь бид нотлох баримтаар гаргаж өгсөн зурагтай танилцахад маш их доголдолтой байсан. Гэрээ хийгдэхээс өмнө зурагдаж байсан он, сартай зургууд ч байдаг. Өөрсдийнх нь хэлээд байдаг 09 дүгээр сарын 25-ны өдөр дуусгаад хүлээлгэж өгөх гээд ирсэн гээд байгаа зураг нь дууссанаас хойш 10 сар, 11 сард хийгдэж байсан он сартай зураг ч байдаг, дотор нь 2-3 барилгын өөр захиалагчтай өөр барилгын зургууд бас байдаг.

Давж заалдах шатны шүүх зураг дээр гомдол гаргасан гэж ойлгосон юм шиг байна лээ. Бид нар зураг дээр гомдол гаргаагүй, шүүхэд ирсэн нотлох баримттай танилцахад шаардлага хангахгүй нотлох баримтууд байсан тул тайлбар хэлсэн. Гэрээ хийж урьдчилгаа өгсөн боловч бид зургийг албан ёсоор хүлээж аваагүй учраас үлдэгдэл 55,000 ам.долларыг өгөх боломжгүй гэх хариуг өгсөн” гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч тал хийж гүйцэтгэсэн ажлын гүйцэтгэлийг Л З Ч  ХХК-руу хүргүүлсэн боловч хүлээж аваагүй, учраас мөнгө төлөх ёстой гэж хэлдэг. Л З Ч  ХХК-руу явуулсан гэх албан бичгүүдээ ямар байдлаар хүргүүлсэн талаар сүүлд нотлох баримт гаргаж өгсөн байна. Өмнөх шүүх хуралдаанд шуудангийн тэмдэг дарсан баримт гарч ирж байсан. Энэ нь 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдөр 39,600 төгрөгийн төлбөр төлөөд шууданд хийсэн байсан. Тэмдэг дээр нь хүртэл огноо нь бичээстэй байгаа.

Үүнийг тухайн үед гэрээний үүргийн хугацаанд Л З Ч  ХХК-д хүлээлгэж өгөх гээд оролдсон гэх үйл баримтыг нотлохгүй байна. Нэхэмжлэгч тал хүлээлгэж өгөхөд Л З Ч  ХХК авахгүй байсан гэж яриад байдаг. Гэтэл уг баримт нь гэрээ байгуулагдсанаас 5 жилийн дараа нэг өдөр шууданд хийсэн байсан. Тэр нь Л З Ч  ХХК-ийн захирал байхгүй байсан гэдгийг нотолсон шуудангийн тэмдэглэл байсан. Гэрээний үүргийн шаардлага 3 жил байдаг. 2013 оны 09 дүгээр сараас эхэлж тооцогдох ёстой гэтэл 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдөр гээд 5 жилийн дараа өгсөн албан бичгээрээ 55,000 ам.долларыг нэхэж Л З Ч  ХХК-ийг буруутгаж байгаа нь хуульд нийцэхгүй байна.

Мөн Л З Ч  ХХК-ийн захиралтай утсаар ярьсан гэдэг. Ли Мин Вэй гэх хятад захиралтай яаж ярилцаад ойлголцож, баталгаажсан талаар баримт байхгүй. Тухайн үед К З  ХХК-ийн зургийн ажил хийгдэж байх үед Л З Ч  ХХК, К З  ХХК, Х У  ХХК гээд 3 компани байсан, Х У  ХХК нь өөрийнхөө газрыг ашиглуулж байсан. Тус гурван компани хурал хийгээд хурал дээр юм яригдаад тэр нь биелэгдээгүй, үүнээс болж маргаан гарсан. Үүнээс хойш К З  ХХК бүх зүйлийг хаясан байсан. Гэнэт олон жилийн дараа 55,000 ам.долларыг нэхэмжилж үзье гэх байдлаар хандаж нэхэмжлэл гаргасан байна гэдэг нь харагдаж байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлага нотлогдохгүй байгаа учир нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Гуравдагч этгээдийн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “К З  ХХК-иас Х У  ХХК-д зураг хүлээлгэж өгсөн гэсэн материал хавтаст хэрэгт авагдсан байгаа. Манайх зураг хүлээж аваагүй. Зураг байгуулах гэрээнд манай байгууллага ерөөсөө оролцоогүй. Гэрээтэй холбоотой харилцаа үүсээгүй учраас манайх зургийг хүлээж авах үндэслэл байхгүй.

Тухайн үед талбай дээр барилгын ажил эхлэх гэтэл К З  ХХК-ийн зураг нь тэр чигээрээ хажуу талын байшинд тулгуу зурснаас болоод хэрүүлж болж бүх ажил зогссон. Одоо болтол газар дээр юу ч явагдаагүй байгаа” гэв.

 

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч тал Х У  ХХК-д хариуцагчтай байгуулсан гэрээний үүргийн зургийг өгсөн гэж хэлдэг. Х У  ХХК-д зураг хүлээлгэж өгсөн гэдгийг нотлох баримт байдаггүй. Зураг дээр тавигдсан Б.Батзана захирлын гарын үсэг, тамгыг хүлээж авсан гэж тайлбарладаг хэдий ч тухайн үед зураг зурагдаж байх үед цаашид явагдах шатанд төрийн байгууллагуудын зөвшөөрөл хэрэгтэй гэдэг үндэслэл дээр эхний хуудас дээр Б.Батзана захирлаар гарын үсэг зуруулсан.

Л З Ч  ХХК-ийн захирал Ли Мин Вэй гэх хүн одоо компаниа байгуулж хөрөнгө оруулалт оруулж ирнэ, Х У  ХХК газраа гаргана, манайх зургаа зуруулна гэж тохиролцсон. Тэр компани баригдахгүй их удаан явсан. Бодвол хөрөнгө оруулалт орж ирэхгүй байсан юм шиг байна лээ. Барилгын ажлаа дулааны улиралд хурдан явуулахад улаан тамгатай гарын үсэг төрийн байгууллагуудад чухал харагдана гэж үзсэн учраас гарын үсэг зурсан. Тэгэхээр зургийг хүлээж аваагүй. Хариуцагч тал хүлээж аваагүй учраас танд өглөө ч гэж хэлсэн зүйл байхгүй.

Анх гуравдагч этгээдээр шүүхэд татагдахад зургийг харсан. Гэтэл хариуцагч талын хэлж буй шиг олон газрын зураг холилдсон нь үнэн байсан. Тухайн үед сууриа ухсаны дараа хавь ойрын барилгын хүмүүс эсэргүүцэл үзүүлж төрийн байгууллагад хандсан юм шиг байна лээ. Тэгээд бүх зүйл зогссон гэж ярьдаг” гэв.

 

Шүүх зохигчдоос шаардлага болон татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан, шүүхийн журмаар бүрдүүлсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч К З  ХХК нь хариуцагч  Л З Ч  ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 171,060,175 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч Л З Ч  ХХК нь барилгын ажлын зургийг хүлэээлгэн өгөөгүй, мөн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нь Л З Ч  ХХК-ийн нэрийн өмнөөс барилгын ажлын зургийг хүлээн аваагүй гэж хариуцагчийн татгалзлыг дэмжиж, нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Талуудын хооронд 2013 оны 07 дугаар сарын 25-ны өдөр “Барилгын зураг төсөл боловсруулах аж ахуйн гэрээ” байгуулж, уг гэрээний дагуу К З  ХХК нь Баянзүрх дүүргийн 5 дугаагр хорооны нутаг дэвсгэрт зоорийн давхрын хамт 6 давхар оффисийн барилга болон 18 давхар орон сууцны барилгын зураг төслийг боловсруулж 2013 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн дотор хүлээлгэж өгөх, Л З Ч  ХХК нь ажлын хөлсний 50% болох 55,000 ам.долларыг гэрээ байгуулснаас хойш 3 хоногийн дотор, ажлын хөлсний 40% болох 44,000 ам.долларыг зураг төслийн ажлыг хийж гүйцэтгэсний дараа, үлдэгдэл 10% буюу 11,000 ам.долларыг зураг төсөл экспертизээр батлагдсаны дараа төлөхөөр тус тус харилцан тохиролцжээ.

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээний эрх зүйн харилцаа үүссэн бөгөөд талууд гэрээний хүчин төгөлдөр байдалд маргаагүй болно.

 

Нэхэмжлэгч нь “Талуудын хооронд 2013 оны 07 дугаар сарын 25-ны өдөр “Барилгын зураг төсөл боловсруулах аж ахуйн гэрээ” байгуулж, уг гэрээний дагуу К З  ХХК нь Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт зоорийн давхрын хамт 6 давхар оффисийн барилга болон 18 давхар орон сууцны барилгын зураг төслийг боловсруулж 2013 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн дотор хүлээлгэж өгөхөөр тохиролцсон. Барилгын ажлын зураг гэрээнд заасан хугацаанд бүрэн гүйцэтгэсэн байхад захиалагч нь зургийг хүлээн авах үүргээ биелүүлээгүй, Л З Ч  ХХК-ийн хамтран ажиллах гэрээтэй Х У  ХХК-д зургийг хүлээлгэн өгсөн. Энэ гэрээ одоог хүртэл хүчинтэй үргэлжилж байгаа. Зураг төсөл экспертизээр батлагдсаны дараа гэрээ дуусгавар болох тул хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй. Иймд үлдэгдэл төлбөр 55,000 ам доллар, алданги 16,500 ам доллар, нийт 71,500 ам доллар буюу нэхэмжлэл гаргах үеийн ханш 2,392.45 төгрөгөөр тооцож, 171,060,175 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг, хариуцагч Л З Ч  ХХК нь “гэрээ байгуулж, манай компани 55,000 ам долларыг шилжүүлсэн ба гэрээний дагуу барилгын зургийг хүлээлгэн өгөөгүй, мөн хөөн хэлэлцэх хугацаа дууссан. 5 жилийн дараа бөөнд нь хаягаар шуудандсан байдлыг хүлээлгэн өгсөн гэж үзэхгүй. Бид зургийг хүлээн аваагүй учраас доголдолтой холбоотой маргаагүй, ажлын үр дүнг хүлээлгэн өгөөгүй гэж маргаж байгаа” гэж нэхэмжлэлийн шаардлагыг татгалзлын үндэслэлийг, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нь “...хариуцагч Л З Ч  ХХК-ийн нэрийн өмнөөс зургийг хүлээж аваагүй, уг зурагт манай компанийн тамга, гарын үсгийг зуруулахдаа барилгын ажлыг хүлээлгэн өгөөгүй. Уг зургийн дагуу газар ухаж эхлэхэд их хэл ам үүссэн. Одоо ухсан суурийн нүх л байгаа.” гэж тус тус тайлбарласан.

 

Хариуцагч Л З Ч  ХХК болон гуравдагч этгээд Х У  ХХК-ийн 2013 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр 01 дугаартай “Эзэмшлийн газарт барилга байгууламж барих эрх хамтран эзэмших гэрээ” нэртэй гэрээ байгуулж, уг гэрээний дагуу Х У  ХХК-ийн эзэмшлийн 1960 м.кв талбайтай газарт “Хаан тэс” цогцолборыг барихаар тохиролцсон байна. /хх-ийн 54-61 дэх тал/

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.3-д “Ажил гүйцэтгэгч ямар нэгэн эд зүйлийг хийсэн бол түүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлнэ.”, 350 дугаар зүйлийн 350.1.6-д “захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй үр дүн шилжүүлэх”, гэж тус тус заажээ.

 

К З  ХХК нь Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт зоорийн давхрын хамт 6 давхар оффисийн барилга болон 18 давхар орон сууцны барилгын зураг төслийг гүйцэтгэсэн атлаа нэхэмжлэгч талд хүлээлгэн өгөөгүй байна.

 

Хэрэгт авагдсан 2013 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 655 тоот “Архитектур төлөвлөлтийн даалгавар”-т /хүчингүй/ барилгын хэмжээг 32 х 15 метр хэмжээтэй 2 блок байхаар, барилгажих талбайг 960 м.кв байхаар зааж өгсөн, 2014 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 182 дугаартай “Архитектур төлөвлөлтийн даалгавар” хүчингүй болсон ба барилгын эскиз зургийг нэхэмжлэгч К З  ХХК зурсан, мөн 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн МЗХ2017/27-10 дугаартай “Архитектур төлөвлөлтийн даалгавар”-т барилгын эскиз зургийг Арчер ХХК зурсан болох нь баримтаар нотлогдож байна. /хх-ийн 84-94 дэх тал/

 

Гуравдагч этгээд Х У  ХХК нь К З  ХХК-ийн зурсан барилгын ажлын зургийн нүүр хуудсанд тамга дарж, гарын үсэг зуржээ.

 

 Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.2-д “Үүргийн гүйцэтгэлийг хүлээн авах эрхгүй этгээдэд хүлээлгэн өгсөн бол гагцхүү үүрэг гүйцэтгүүлэгч зөвшөөрсөн буюу ийнхүү гүйцэтгэснээр үүрэг гүйцэтгүүлэгч ашиг олсон нөхцөлд уул үүргийг гүйцэтгэсэнд тооцно.” гэж заасан ба Х У  ХХК нь нэхэмжлэгч К З  ХХК-ийн зургийг ашиглаж, барилга барьж, ашиг олоогүй байх тул үүргийн гүйцэтгэлийг хүлээн авах эрхгүй этгээдэд хүлээлгэн өгсөн гэж үзэхгүй.

 

Нэхэмжлэгч К З  ХХК нь хариуцагч Л З Ч  ХХК-д барилгын ажлын зургийг гүйцэтгэж, хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй гэж үзэв.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь “Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт зоорийн давхрын хамт 6 давхар оффисийн барилга болон 18 давхар орон сууцны барилгын зураг төслийн ажлыг 2013 оны 09 дүгээр сарны 15-ны өдөр гүйцэтгэж дууссан, зураг төсөл экспертизээр батлагдаагүй байгаа тул гэрээний хугацаа хэвийн үргэлжилж байгаа, хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй” гэж тайлбарласан.

 

Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.5-д заасан нэхэмжлэгч К З  ХХК нь ажлын үр дүнг хүлээлгэн өгөх шаардах эрх нь ажлыг гүйцэтгэж дууссан хугацаа буюу 2013 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс шаардлага гаргах хугацааг тоолох нь Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсэгт нийцнэ.

 

2013 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн хөөн хэлэлцэх хугацааг тооцвол Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т заасан гэрээний үүргийг шаардах 3 жилийн хугацаа дууссан бөгөөд дээрх хугацаа Иргэний хуулийн 78 дугаар зүйлийн 78.1 дэх хэсэгт зааснаар түр зогссон, мөн хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт зааснаар тасалдсан гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

Иймд, дээрх үндэслэлээр Л З Ч  ХХК-д холбогдох, ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт ажлын хөлсний үлдэгдэл 55,000 ам.доллар, гэрээнд заасны дагуу алданги 16,500 ам.доллар, нийт 71,500 ам.доллар буюу 171,060,175 төгрөгийг гаргуулах тухай, К З  ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 115 дугаар зүйлийн 115.2.3 дэх заалт, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6, 82 дугаар зүйлийн 82.1, 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар Л З Ч  ХХК-д холбогдох ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт ажлын хөлсний үлдэгдэл 55,000 ам.доллар, гэрээнд заасны дагуу алданги 16,500 ам.доллар, нийт 71,500 ам.доллар буюу 171,060,175 төгрөг гаргуулах тухай К З  ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.  

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,013,251 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 249 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулж нэхэмжлэгч К З  ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд шийдвэрийг 7 хоногийн дараа гарснаас хойш 14 хоногийн дотор гардаж авах үүрэгтэй ба хэрэв эс зөвшөөрвөл заасан хугацаанд гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            С.ЭНХБАЯР