Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 001/ХТ2019/00486

 

“К” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 181/ШШ2018/01874 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 2365 дугаар магадлалтай,

“К” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

“Л” ХХК-д холбогдох,

171.060.175 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Манлайгийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхтөр, өмгөөлөгч С.Одгариг, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нар оролцов.

Нэхэмжлэгч “К” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: тус компани нь Л ХХК-тай барилгын зураг төсөл боловсруулах аж ахуйн гэрээг 2013 оны 7 дугаар сарын 25-ны өдөр байгуулж, Баянзүрх дүүргийн 5 дугаар хороонд баригдах зоорийн давхрын хамт 6 давхар оффисын болон 18 давхар орон сууцны барилгын зураг төсөл боловсруулах үүрэг хүлээсэн. Уг ажлын хөлсийг 110.000 ам.доллар байхаар харилцан тохиролцсон ба урьдчилгаа 50 хувь буюу 55.000 ам.долларыг гэрээ байгуулснаас хойш 3 хоногийн дотор манайд төлсөн. Бид гэрээнд заасан хугацаанд ажлыг 2013 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр гүйцэтгэж дуусгаад хүлээлгэн өгөхөөр мэдэгдэл хүргүүлсэн боловч захиалагч нь хариу ирүүлээгүй, ажлыг хүлээн аваагүй. Үлдэгдэл төлбөр 55.000 ам.долларыг төлөхийг шаардаж захиалагчийн хаягаар албан бичиг илгээсэн боловч төлбөр төлөх хугацааг удаа дараа хойшлуулсаар өнөөдрийг хүрлээ.

Иймд “Л” ХХК-аас ажлын хөлсний үлдэгдэл 55.000 ам.доллар, гэрээний 4.3-т заасан алданги хоногийн 0.03 хувь, энэ нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 30 хувьд хүрсэн тул алданги 16.500 ам.доллар, нийт 71.500 ам.долларыг нэхэмжлэл гаргасан буюу 2018 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн Монгол банкны ханш 2392,45 төгрөгөөр тооцож нийт 171.060.175 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.  

Хариуцагч “Л” ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч К ХХК-тай барилгын зураг төсөл хийх гэрээ байгуулсан нь үнэн. Зураг төсөл нь Засгийн газрын 2009 оны 204 дүгээр тогтоолоор батлагдсан барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах зөвшилцөх магадлал хийх дүрмийн дагуу зурагдах ёстой. Энэ дүрмийн дагуу 2014 оны 7 дугаар сарын 08-ны өдөр архитектур төлөвлөлтийн даалгаврыг н.Нацагдорж гэх хүн баталсан. Ажлын зураг дээр 8 давхар орон сууцыг байхгүй болгон зурж, орчны барилгуудтай уялдуулан зурна, барилга хоорондын зай 20 метр гэснийг зөрчсөн. Талууд 2013 оны 8 дугаар сард хуралдаж, тодорхой даалгавар өгч алдаатай зургийг залруулахаар шийдвэрлэсэн боловч эдгээр зөрчлүүдийг арилгаагүй. Барилга нь архитектур төлөвлөлтийн даалгаварт заасан хэмжээнээс зөрдөг. Зураг төсөл гэрээ байгуулагдахаас өмнө зурагдаад эхэлчихсэн байсан. Хурын ус ХХК өөрсдөө дахиад зураг төслөө боловсруулсан. Ер нь бол зураг төсөл шаардлагад нийцээгүйн улмаас Хурын ус ХХК, Л ХХК нар маргалдахад хүрч одоог хүртэл барилгын ажил эхлээгүй байгаа. Гүйцэтгэсэн ажлын үр дүн буюу зураг төслийг бидэнд хүлээлгэж өгөөгүй. Шүүхэд хариуцагчаар татагдсанаас хойш Хурын ус ХХК-д хандаж зураг төслийг авсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 181/ШШ2018/01874 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар Л ХХК-д холбогдох, ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт ажлын хөлсний үлдэгдэл 55.000 ам.доллар, гэрээнд заасны дагуу алданги 16.000 ам.доллар, нийт 71.500 ам.доллар буюу 171.060.175 төгрөгийг гаргуулах тухай, К ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.013.500 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 249 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулж нэхэмжлэгч К ХХК-д олгохоор шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 2365 дугаар магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 181/ШШ2018/01874 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6-д” гэснийг “82 дугаар зүйлийн 82.1, 75 дугаар зүйлийн 75.2.1-т” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.013.500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Манлай хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 сарын 17-ны 181/ШШ2018/01874 дугаартай шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 сарын 28-ны 2365 дугаартай магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Талуудын хооронд 2013/7/25-ны өдөр Барилгын зураг төсөл боловсруулах аж ахуйн гэрээ байгуулсан. Гэрээгээр УБ, БЗД, 5 хороонд зоорьтой хамт 6 давхар оффисын болон 18 давхар орон сууцны барилгын зураг төсөл боловсруулахаар тохиролцсон. К ХХК Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.1-д заасан үүргээ биелүүлсэн. Харин захиалагч Ли Зи Чан ХХК гэрээнд заасан хугацаанд нь хүлээн авах үүргээ биелүүлээгүй. Захиалагч гэрээ цуцлах тухай санал гаргаж байгаагүй тул гэрээ одоо ч хүчин төгөлдөр байна. Гэрээнд зааснаар Захиалагч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж 40%-г төлсний дараа гүйцэтгэгч магадлал хийлгэж, үлдэгдэл 10%-г авснаар гэрээний үүрэг харилцан биелэгдэх юм. Учир нь экспертизээр батлагдах хугацааг сэрээнд нарийвчлан заагаагүй. Ийм учир хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байна. Хариуцагч нэгэнт иргэний хуульд заасан хөлс төлөх, ажлын үр дүнг хүлээн авах үүргээ биелүүлэхгүй зайлсхийж байсан учир зургийг хариуцагчийн хамтран ажиллагч буюу газар эзэмшигч Хурын ус ХХК-д хүлээлгэн өгсөн нь нэхэмжлэгчийг буруутгах үндэслэл болохгүй гэж үзнэ. Хурын ус ХХК уг зургийг Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраар батлуулж, Хурын ус ХХК болон Л ХХК-ийн хамтын ажиллагаа хэрэгжиж байсан боловч эдгээр компанийн хоорондын асуудлаас шалтгаалан хамтран ажиллах гэрээ дуусгавар болсон байдаг.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд : өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэнэ үү. Хяналтын шатны шүүх хуралд биечлэн оролцох хүсэлтэй байна гэжээ.

ХЯНАВАЛ

“К” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “...ажлын хөлсний үлдэгдэл, алдангид нийт 71.500 ам доллар буюу 171.060.175 төгрөг гаргуулж өгнө үү” гэжээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл талууд 2013 оны 7 дугаар сарын 25-ний өдөр Барилгын зураг төсөл боловсруулах аж ахуйн гэрээ байгуулсан, уг гэрээнд зааснаар “К” ХХК нь Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт зоорьтойгоо 6 давхар оффисийн болон 18 давхар орон сууцны барилгын зураг төсөл боловсруулах ажлыг 2013 оны 9 дүгээр сарын 15-ний дотор хийж гүйцэтгэх, “Л” ХХК нь ажлын үнийг 110.000 ам доллар байхаар тохирч, гэрээг баталснаас хойш 3 хоногийн дотор 50 хувьтай тэнцэх урьдчилгааг, зураг төсөл боловсруулж өгөхөд ажлын 40 хувьтай тэнцэх үнийн дүн, зураг төсөл экспертизээр батлагдахад 10 хувьтай тэнцэх үнийн дүнг гүйцэтгэгчид олгох, хэн аль нь гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй бол хугацаа хэтрүүлсэн хоног тутам тохиролцсон үнийн 0.03 хувиар алданги төлөхөөр тохирсон байх ба нэхэмжлэгч уг гэрээг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд дурджээ.

Зохигчид ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, гэрээний гол нөхцлийг харилцан тохирч, урьдчилгаа төлбөр төлсөн, энэ талаар маргаагүй байна.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1.-д зааснаар ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээх ба гэрээний гол зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна.

Түүнчлэн ажил гүйцэтгэгч нь гэрээнд заасан ажлыг тогтоосон хугацаанд гүйцэтгэж, захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй үр дүн шилжүүлэх, ажлыг чанартай гүйцэтгэх, захиалагч нь ажлын үр дүнг хүлээн авч хөлс төлөх, гүйцэтгэсэн ажлыг хугацаанд хүлээн авах, гэрээнд заасан бол өөрөөс хамаарах үүргээ биелүүлэх, ажлын чанар үр дүнд муугаар нөлөөлөх нөхцөл байдлыг арилгах талаар арга хэмжээ авах шаардлагатай бөгөөд эдгээр нь нотлох баримтын хүрээнд тогтоогдох учиртай.

Өөрөөр хэлбэл, захиалагч ажлын үр дүн буюу гэрээний зүйлийг хүлээн авсан тохиолдолд хөлс төлөх бөгөөд хариуцагч нэхэмжлэлээс татгалзахдаа “...зураг төслийг хүлээн аваагүй...” гэж маргажээ.

Анхан шатны шүүх “...нэхэмжлэгч зураг төслийг “Л” ХХК-д хүлээлгэн өгөөгүй, харин газар эзэмшигч “Хурын ус” ХХК-д хүлээлгэн өгсөн нь нотлогдсон” гэж үзэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон бол давж заалдах шатны шүүх нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж дүгнэж шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулжээ.

Ли Мин Вэй нь “Л” ХХК-ийн ерөнхий захирал бөгөөд тэрээр 2013 оны 9 дүгээр сарын 8-ний өдөр “Хурын ус” ХХК-тай Эзэмшлийн газарт барилга байгууламж барих эрх хамтран эзэмших гэрээ байгуулж, тус компанийн эзэмшлийн Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах газарт 1 давхар зоорь бүхий 6 давхар үйлчилгээний барилга, зоорь бүхий 16 давхар орон сууцны барилга, мөн гаражийн байгууламжийн барилга угсралтын ажлыг гүйцэтгэхээр харилцан тохирчээ /хэргийн 54-61, 63 дугаар тал/.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд “...Л” ХХК нь Хурын ус ХХК-тай хамтран ажиллахаар тохирсон, зураг төслийг Хурын ус ХХК-ийн захирал Батзана хүлээн авч гарын үсэг зурсан...” талаар тайлбар гаргасныг /хэргийн 110-111 дүгээр тал/ хариуцагч үгүйсгээгүй ба хэрэгт авагдсан “Хурын ус” ХХК-ийн оффис, үйлчилгээ, орон сууцны барилгын ажлын зурагт тус компаний захирал Б.Батзана гарын үсэг зурж, тамга тэмдгээр баталгаажуулжээ.

Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1., 211.2.-т зааснаар үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид, эсхүл хууль, гэрээ буюу шүүхийн шийдвэрт заасан эрх бүхий этгээдэд хүлээлгэж өгөх бөгөөд үүргийн гүйцэтгэлийг хүлээн авах эрхгүй этгээдэд хүлээлгэн өгсөн бол гагцхүү үүрэг гүйцэтгүүлэгч зөвшөөрсөн буюу ийнхүү гүйцэтгэснээр үүрэг гүйцэтгүүлэгч ашиг олсон нөхцөлд уул үүргийг гүйцэтгэсэнд тооцно.

“Хурын ус” ХХК гэрээний зүйл болох зураг төслийг хүлээн авсан шалтгаан болон уг зургийг ашигласан эсэх нь тодорхой бус, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байхад шүүх энэ талаар дүгнэлт хийгээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2., 116.3, 118 дугаар зүйлийн 118.4.-т нийцээгүй гэж үзнэ. Өөрөөр хэлбэл хамтран ажиллах гэрээний нэг тал болох “Хурын ус” ХХК зургийг хүлээн авах болсон үндэслэл, шалтгаан тодорхой бус байхад шүүх тодруулаагүй, энэхүү үйл баримт тогтоогдоогүй байна.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “...Л ХХК-ийн захирал танай мөнгийг удахгүй төлнө, одоогоор ажил зогссон, орлого байхгүй гэж төлбөр төлөх хугацааг хойшлуулж байсан...” талаар дурдаж, улмаар төлбөр төлөхийг шаардаж байсан албан бичгүүдийг нэхэмжлэлд хавсаргаж ирүүлжээ /хэргийн 9-14 дүгээр тал/. Эдгээр баримтыг хариуцагч үгүйсгэж чадаагүй байхад давж заалдах шатны шүүх “...гэрээний үүргийг шаардах 3 жилийн хугацаа дууссан” гэж үзсэн нь учир дутагдалтай болжээ.

Нөгөө талаар “Л” ХХК нь ажлын үр дүнгийн доголдлын талаар гомдол гаргаж байсан эсэх нь тодорхой бус, хоёр шатны шүүх энэ талаар ямар нэг дүгнэлт хийгээгүй байна.

Дээрх үндэслэлээр хэргийн нөхцөл байдал бүрэн тогтоогдоогүй тул хяналтын шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын талаар дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй болно.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 181/ШШ2018/01874 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 2365 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр төлсөн 1.013.500 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ