Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 181/ШШ2018/01874

 

 

 

2018 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 181/ШШ2018/01874

               Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 3-р хороо, 5-р хороолол, 14б байр, 52 тоот хаягт оршин байгаа, “” ХХК /рд:2722496/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 7-р хороо, Эрхүүгийн гудамж, Ориент төв, 31 тоот хаягт оршин байгаа, “” ХХК /рд:5537517/-д холбогдох,

 

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт нийт 171,060,175 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Буянжаргал, хариуцагчийн төлөөлөгч Д.Энхтөр, түүний өмгөөлөгч С.Одгариг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Байгалмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай “” ХХК нь “” ХХК-тай “Барилгын зураг төсөл боловсруулах аж ахуйн гэрээ”-г 2013 оны 07 сарын 25-ны өдөр байгуулсан. Гэрээний 1.3-т зааснаар бид Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 5-р хороонд баригдах зоорийн давхарын хамт 6 давхар оффисын болон 18 давхар орон сууцны барилгын зураг төсөл боловсруулах үүрэг хүлээсэн. Уг ажлын хөлс 110,000 ам.доллар байхаар харилцан тохиролцсон ба урьдчилгаа 50 хувь буюу 55,000 ам.долларыг гэрээ байгуулснаас хойш 3 хоногийн дотор шилжүүлэхээр тохиролцсоны дагуу захиалагч уг мөнгийг манайд төлсөн.

Бид гэрээнд заасан хугацаанд ажлыг 2013 оны 09 сарын 15-нд гүйцэтгэж дуусгаад хүлээлгэн өгөхөөр мэдэгдэл хүргүүлсэн боловч захиалагч нь хариу ирүүлээгүй, ажлыг хүлээн аваагүй. Үлдэгдэл төлбөр болох 55,000 ам.долларыг төлөхийг шаардаж захиалагчийн хаягаар удаа дараа албан бичиг илгээсэн боловч төлбөр төлөх хугацааг удаа дараа хойшлуулсаар өнөөдрийг хүрлээ.

Захиалагч компанийн албан байранд очиход захирал байхгүй, бид нар бичгийг хүлээн авах эрхгүй, танай мөнгийг захирал ирээд шийднэ гэх мэтээр бидний албан бичгийг хүлээн авдаггүй учир арга буюу шуудангаар илгээдэг болсон.

Энэ хооронд “” ХХК-ийн захиралтай утсаар харилцаж байсан ба тухай бүрт танай мөнгийг бид удаахгүй төлж барагдуулна, ажил одоогоор зогссон, орлого байхгүй байна гэх мэтээр төлөх хугацааг хойшлуулсаар өнөөг хүрлээ.

Иймд “” ХХК-иас авах ёстой ажлын хөлсний үлдэгдэл болох 55,000 ам.доллар, гэрээний 4.3-т заасан алданги хоногийн 0.03 хувь, энэ нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 30 хувьд хүрсэн тул алданги 16,500 ам.доллар, нийт 71,500 ам.доллар болж байна.

61,500 ам.долларыг нэхэмжлэл гаргах өдөр буюу 2018 оны 04 сарын 03-ны өдрийн Монгол банкны зарласан ханш 2392,45 төгрөгөөр тооцож нийт 171,060,175 төгрөгийг хариуцагч “” ХХК-иас гаргуулж манай “” ХХК-д олгоно уу гэжээ.

 

Хариуцагч нь шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Нэхэмжлэгч “” ХХК-тай барилгын зураг төсөл хийх гэрээ байгуулсан нь үнэн.

Зураг төсөл нь Засгийн газрын 2009 оны 204 дүгээр тогтоолоор батлагдсан Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах зөвшилцөх магадлал хийх дүрмийн дагуу зурагдах ёстой. Энэ дүрмийн дагуу 2014 оны 07 сарын 08-ны өдөр архитектур төлөвлөлтийн даалгаврыг Нацагдорж гэж хүн баталсан.

Ажлын зураг дээр 8 давхар орон сууцыг байхгүй болгоод зурчихсан байгаа. Орчны барилгуудтай уялдуулан зурна гэснийг, барилга хоорондын зай 20 метр гэснийг зөрчсөн.

Нэхэмжлэгч тал үүргээ биелүүлсэн гэдэг. Хариуцагч тал бол нэхэмжлэгчийг үүргээ биелүүлээгүй гэж үзэж байгаа.

Талууд 2013 оны 08 сард хуралдсан. Тодорхой даалгавар өгч алдаатай зургийг залруулах талаар шийдвэрлэсэн. Эдгээр зөрчлүүдийг арилгаагүй.

Барилга нь архитектур төлөвлөлтийн даалгаварт заасан хэмжээнээс зөрдөг. Зураг төсөл гэрээ байгуулагдахаас өмнө зурагдаад эхэлчихсэн байсан.

“Хурын ус” ХХК өөрсдөө дахиад зураг төслөө боловсруулсан. Ер нь бол зураг төсөл шаардлагад нийцээгүйн улмаас “Хурын ус” ХХК, “” ХХК нар маргалдахад хүрч одоог хүртэл барилгын ажил эхлээгүй байгаа.

Гүйцэтгэсэн ажлын үр дүн буюу зураг төслийг бидэнд хүлээлгэж өгөөгүй. Шүүхэд хариуцагчаар татагдсанаас хойш “Хурын ус” ХХК-д хандаж зураг төслийг авсан.

Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “” ХХК нь хариуцагч “” ХХК-д холбогдуулан, ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт ажлын хөлсний үлдэгдэл 55,000 ам.доллар, гэрээнд заасны дагуу алданги 16,000 ам.доллар, нийт 71,500 ам.доллар буюу 171,060,175 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хариуцагч “” ХХК нь барилгын зураг төслийг хүлээн аваагүй, зураг төсөл архитектур төлөвлөлтийн даалгаварт нийцээгүй, алдаа дутагдлыг залруулах талаар хуралдсан боловч үр дүнд хүрээгүй үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргаж байна.

Шүүх дараах үндэслэлээр “” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Талууд 2013 оны 07 сарын 25-ны өдөр “Барилгын зураг төсөл боловсруулах аж ахуйн гэрээ” гэх нэртэй гэрээ байгуулж, “” ХХК нь Баянзүрх дүүргийн 5-р хорооны нутаг дэвсгэрт зоорийн давхрын хамт 6 давхар оффисийн барилга болон 18 давхар орон сууцны барилгын зураг төслийг боловсруулж 2013 оны 09 сарын 15-ны өдрийн дотор хүлээлгэж өгөх, “” ХХК нь ажлын хөлсний 50% болох 55,000 55,000 ам.долларыг гэрээ байгуулснаас хойш 3 хоногийн дотор, ажлын хөлсний 40% болох 44,000 ам.долларыг зураг төслийн ажлыг хийж гүйцэтгэсний дараа, үлдэгдэл 10% буюу 11,000 ам.долларыг зураг төсөл экспертизээр батлагдсаны дараа төлөхөөр тус тус харилцан тохиролцжээ.

Нэг. Талуудын хооронд үүссэн харилцаа нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаанд хамаарч байна.

Гэрээний урьдчилгаа төлбөр болох 55,000 ам.долларыг өгсөн, авсан үйл баримтын талаар зохигч талууд маргадаггүй.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.3-т зааснаар ажил гүйцэтгэгч нь барилгын зураг төслийн ажлыг хийж гүйцэтгэн түүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлэх үүргийг хүлээнэ.

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 2.1-т экспертизэд орж бэлэн болсон зураг төслийг гэрээнд заасан иж бүрдлийг шалгаж, гэрээгээр тохиролцсон үлдэгдэл төлбөр 10%-ийг төлж, актаар 2 хувь хүлээж авахаар заасан нь дээр дурдсан хуулийн зохицуулалтад нийцжээ.

Гэрээнд заасны дагуу зураг төслийг хүлээлцсэн акт нотлох баримтаар хэрэгт авагдаагүйгээс гадна зураг төслийг “” ХХК-д хүлээлгэн өгөөгүй, харин газар эзэмшигч “Хурын ус” ХХК-д хүлээлгэн өгсөн болох нь зохигч талуудын тайлбар, хэрэгт нотлох баримтаар хавсаргагдсан “” ХХК, “Хурын ус” ХХК нарын тамга, захирлын гарын үсгээр баталгаажсан ““Хурын ус” ХХК-ийн оффис, үйлчилгээ, орон сууцны барилга” гэх ажлын зургаар нотлогдож байна.

Хэдийгээр “” ХХК-д хүлээлгэн өгөөгүй боловч шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа энэхүү зураг төслийг хариуцагч талаас шүүхэд гаргаж өгсөн учир түүнийг зураг төслийг хүлээн авсан гэж үзэх үндэслэлтэй хэмээн нэхэмжлэгчийн төлөөлөгч тайлбарлаж байна.

Хууль болон гэрээнд гүйцэтгэсэн ажлын үр дүн буюу зураг төслийг “захиалагчид” хүлээлгэн өгөхөөр заасан байх тул зураг төслийг “Хурын ус” ХХК-д буюу газар эзэмшигчид хүлээлгэн өгснийг “” ХХК буюу захиалагчид хүлээлгэн өгсөн гэж үзэх боломжгүй.

Хоёр. Засгийн газрын 2009 оны 204 дүгээр тогтоолоор батлагдсан “Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, зөвшилцөл, магадлал хийх дүрэм”-ийн /Засгийн газрын 2018 оны 97 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/ 3.4-т “Архитектур төлөвлөлтийн даалгаврын хүрээнд захиалагч, зураг төсөл зохиогч хатран зургийн даалгаврыг боловсруулна” хэмээн заажээ.

Хэрэгт авагдсан 2013 оны 07 сарын 08-ны өдрийн 655 тоот “Архитектур төлөвлөлтийн даалгавар”-т /хүчингүй/ барилгын хэмжээг 32 х 15 метр хэмжээтэй 2 блок байхаар, барилгажих талбайг 960 м.кв байхаар зааж өгсөн байх ба тухайн орчны барилгын байгууламжтай уялдуулан нэгдсэн төлөвлөлт хийхийг даалгажээ.

“Архитектур төлөвлөлтийн даалгаврын хавсралт”-д /хүчингүй/ 1 дугаараар төлөвлөж буй барилга, 3 дугаараар үйлчилгээтэй орон сууцыг тус тус тэмдэглэжээ.

Гэтэл өмнө дурдсан “Хурын ус” ХХК-д хүлээлгэн өгсөн гэх зураг төсөлд барилгын хэмжээ нь 31.80 х 17.20 метр, 32.0 х 14.40 метр, барилгажих талбай нь 1,006.96 м.кв гэж зурсан нь батлагдсан “Архитектур төлөвлөлтийн даалгавар”-тай /2013.07.08-ны өдрийн 655 тоот - хүчингүй/ нийцэхгүй байна.

Түүнчлэн, “” ХХК-ийн захирал Б.Манлайн гарын үсэг бүхий ““Хурын ус” ХХК-ийн үйлчилгээ, орон сууцны барилга, ерөнхий захиалагч “” ХХК” гэх “Ажлын зураг”-ийн “Ерөнхий төлөвлөгөө” гэх хуудаст “Архитектур төлөвлөлтийн даалгавар”-т /2013.07.08-ны өдрийн 655 тоот - хүчингүй/ 3 дугаараар тэмдэглэгдсэн үйлчилгээтэй орон сууцыг орхигдуулан зурсан байна.

Дээр дурдсанаас үзэхэд “” ХХК-ийн хийж гүйцэтгэсэн зураг төсөл нь батлагдсан “Архитектур төлөвлөлтийн даалгавар”-т нийцээгүй гэсэн хариуцагчийн тайлбар үндэслэлтэй болох нь тогтоогдож байна.

Гурав. Хэрэгт авагдсан 2013 оны 08 сарын 10-ны өдрийн “Хурлын дүгнэлт” гэх баримтаас үзэхэд гэрээний талууд /захиалагч компанийн захирал Ли минг вэй, гүйцэтгэгч компанийн захирал Манлай/ зураг төсөлд оруулах, тусгах өөрчлөлтүүдийг харилцан зөвшилцсөн үйл баримт тогтоогдож байна.

Үүнээс үзэхэд гүйцэтгэгч “” ХХК нь алдаатай зураг төсөл боловсруулсан, үүнийг засаж залруулах талаар талууд хуралдсан байна гэж үзэх үндэслэлтэй.

Дөрөв. Гомдлын шаардлага гаргах хугацааны тухайд.

Хариуцагч тал зураг төсөл алдаатай зурагдсан гэж, нэхэмжлэгч тал энэ талаар гомдлын шаардлага гаргаагүй, гомдлын шаардлага гаргах эрхээ алдсан гэж тус тус тайлбарлан маргаж байна.

Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1-д захиалагч гомдлын шаардлагыг ажил хүлээн авснаас хойш гаргахаар, 352 дугаар зүйлийн 352.4-т ажлын үр дүнг хүлээн авах үед түүний доголдлыг захиалагч мэдэж байсан боловч ямар нэгэн гомдол гаргаагүй бол шаардлага гаргах эрхээ алдахаар тус тус зохицуулжээ.

Өмнө дурдсанчлан гүйцэтгэгч “” ХХК нь ажлын үр дүнг захиалагч “” ХХК-д хүлээлгэн өгөөгүй учир гомдлын шаардлага гаргах хугацаа өнгөрсөн, гомдлын шаардлага гаргах эрхээ алдсан гэсэн нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй байна.

Дээр дурдсан үндэслэлүүдээр зураг төслийн ажлын хөлсний үлдэгдэл 55,000 ам.доллар гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгов.

Тав. Гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй тал хугацаа хэтрүүлсэн хоног тутамд зураг төсөл боловсруулах ажлын тохиролцсон үнийн 0.03 хувиар буруутай талдаа алданги ногдуулахаар талууд харилцан тохиролцсон нь /гэрээний 4.3 дахь заалт/ Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасан алдангийн зохицуулалттай нийцээгүй байна.

Учир нь Иргэний хуулийн 232.6-д “гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн”-гээс алданги тооцохоор зохицуулсан байтал гэрээнд “зураг төсөл боловсруулах ажлын тохиролцсон үнэ”-ээс алданги тооцохоор тохиролцжээ.

Гүйцэтгэгчид ажлын хөлсний үлдэгдэл төлбөрийг төлөөгүй нь захиалагчийн буруу биш, мөн гэрээнд заасан алданги тооцох зохицуулалт хуульд нийцэхгүй байх тул алданги 16,500 ам.доллар гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгов. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар “” ХХК-д холбогдох, ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт ажлын хөлсний үлдэгдэл 55,000 ам.доллар, гэрээнд заасны дагуу алданги 16,000 ам.доллар, нийт 71,500 ам.доллар буюу 171,060,175 төгрөгийг гаргуулах тухай, “” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 04 сарын 13-ны өдөр төлсөн 1,013,500 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 249 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулж нэхэмжлэгч “” ХХК-д олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.