| Шүүх | Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цээлийн Амаржаргал |
| Хэргийн индекс | 166/2020/0251/Э |
| Дугаар | 82 |
| Огноо | 2020-10-21 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Ц.Цэен-Ойдов |
Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 10 сарын 21 өдөр
Дугаар 82
Б.Д-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Хэргийн индекс: 166/2020/0251/Э
Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Манлайбаатар даргалж, шүүгч Ц.Туяа, Ц.Амаржаргал нарын бүрэлдэхүүнтэй
Шүүх хуралдаанд:
Прокурор Ц.Цэен-Ойдов
Нарийн бичгийн дарга Г.Чойном нарыг оролцуулан
Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 274 дугаар шийтгэх тогтоолтой, Б-гийн Д-д холбогдох, 2018000000266 дугаартай эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Амаржаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, хэрэг хариуцах чадвартай, урьд нь :
-2007 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2., 152 дугаар зүйлийн 152.1.д зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар.,
-2017 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2.т зааснаар 250 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн,
-2018 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1.д зааснаар 7 сар 1 хоног хорих ялаар шийтгүүлсэн,
-2019 оны 6 дугаар сарын 21-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.2.т зааснаар 8 сар хорих ялаар тус тус шийтгүүлсэн, ********** регистрийн дугаартай Б- овогт Б-гийн Д-.
Шүүгдэгч Б.Д- нь 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдөр Дархан-Уул аймгийн Шарын гол сумын ** багийн ** дугаар гудамжны **-д хамтран амьдрагч С.У-ийг зодож эрүүл мэндэд нь 2 шүдний үгүй байдал, зүүн нүдний зовхи, цээжний өмнө, баруун гарын шуу, зүүн тохой орчмын зөөлөн эдийн цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 274 дугаар шийтгэх тогтоолоор:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1.д зааснаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2., 11.7 дугаар зүйлийн 1.1.д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б- овогт Б-гийн Д-д холбогдох эрүүгийн 2018000000266 дугаартай хэргээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1.д заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх хэргийг хэрэгсэхгүй болгож,
Шүүгдэгч Б- овогт Б-гийн Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2.д заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2.д зааснаар Б.Д-ыг 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4.д зааснаар Б.Д-д оногдуулсан 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 9 /ес/ сарын хугацаанд сар бүр 300.000 /гурван зуун мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5.д зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдаж,
Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдаж,
Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Д-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Прокурор эсэргүүцэлдээ:
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн зорилт болон уг хуулиар хамгаалагдаж буй харилцааны агуулга нь гэр бүлийн хүчирхийллийг илрүүлэх, таслан зогсоох, хохирогч, гэр бүлийн бусад гишүүний амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах, үйлчилгээ үзүүлэх, урьдчилан сэргийлэх тогтолцоо, үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тогтооход орших бөгөөд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн шинжийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд тодорхойлсон агуулгаар ойлгохдоо уг зүйлд заасан үйлдлүүдээс 3 ба түүнээс дээш удаа хийсэн байхыг хамааруулан ойлгоно.
Б.Д- нь 2017 оны 12 сарын 27-ны өдөр 05 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2.т зааснаар 250 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар,
2018 оны 02 сарын 09-ний өдөр мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар 7 сар 1 хоног хорих ялаар,
2019 оны 06 сарын 21-ний өдөр мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар 8 сар хорих ялаар тус тус шийтгүүлж дахин хамтран амьдрагч С.У-ийг 2020 оны 06 сарын 02-ны өдөр зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь нийгэмд аюултай, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэргийн байнгын шинжийг агуулсан байхад анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 5.д заасан ...нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна... гэсэн зарчмыг шийдвэрийнхээ үндэслэл болгож, шүүгдэгчид холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1.3.д зааснаар хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн ба хуулийн үндэслэлгүй, хууль ёсны зарчимд нийцээгүй дүгнэлт хийсэн гэж үзэж байна.
Эрүүгийн хуульд тусгагдсан ...Нэг гэмт хэрэгт нэг удаа яд оногдуулна... гэсэн зарчмын агуулга нь Эрүүгийн хуулиар тогтоосон гэмт хэрэгт шүүхээс шийтгүүлсэн эсхүл цагаатгасан тохиолдолд шүүхээс, эсхүл өөр шүүхээс дахин ял оногдуулахыг хориглосон агуулгатай гэж ойлгож байна.
Б.Д-ын үйлдэл нь нийгэмд аюултай хор уршиг бүхий гэмт хэрэг бөгөөд энэ тохиолдол нь дээрх зарчимд хамаарахгүй гэж үзэж байна.
Иймд Анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 274 дугаартай шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.2 дэх хэсэгт заасан үндэслэлээр хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаалгах саналтай байна гэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.Цэен-Ойдов дүгнэлтдээ:
Эрүүгийн хуульд тусгагдсан “Нэг гэмт хэрэгт нэг удаа яд оногдуулна” гэх зарчмын агуулга нь Эрүүгийн хуулиар тогтоосон гэмт хэрэгт шүүхээс шийтгүүлсэн эсхүл цагаатгасан тохиолдолд шүүхээс, эсхүл өөр шүүхээс дахин ял оногдуулахыг хориглосон агуулгатай гэж ойлгож байна. Б.Д-ын үйлдэл нь нийгэмд аюултай хор уршиг бүхий гэмт хэрэг бөгөөд энэ тохиолдол нь дээрх зарчимд хамаарахгүй гэж үзэж байна. Иймд Анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 274 дугаартай шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.2 дэх хэсэгт заасан үндэслэлээр хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаалгах саналтай байна гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Прокурорын эсэргүүцлийг үндэслэн хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болон болсон үйл баримтаас үзвэл :
Шүүгдэгч Б.Д- нь урьд нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хамтран амьдрагч С.У-ийг зодож хөнгөн хохирол учруулан 2017-10-22-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2.т зааснаар 250 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн,
Мөн 2017-10-22-нд болон 2018-01-09-ны өдөр Б.У-ийг зодож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1.д зааснаар 7 сар 1 хоног хорих ялаар шийтгүүлсэн,
Дараа нь 2018 -10-15., 2019-01-28., 2019-01-31., 2019-02-01., 2019-03-31., 2019-02-01., 2019-03-27-ны өдрүүдэд Б.У-тэй байнга харгис хэрцгий хандаж, догшин авирлаж 2019-6-21-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.2.т зааснаар 8 сар хорих ялаар тус тус шийтгүүлсэн болох нь тогтоогджээ. / х.хийн 46-54 -р хуудас/
Шүүгдэгч Б.Д- ял эдэлж суллагдсаны дараа 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдөр гэртээ мөн С.У-ийг зодож эрүүл мэндэд нь 2 шүдний үгүй байдал, зүүн нүдний зовхи, цээжний өмнө, баруун гарын шуу, зүүн тохой орчмын зөөлөн эдийн цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан үйлдэлд Дархан-Уул аймгийн Прокуророос түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2., 11.7 дугаар зүйлийн 1.1.д заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.
Анхан шатны шүүх хэргийг хэлэлцээд ...шүүгдэгч нь өмнө нь хамтран амьдрагч С.У-ийг зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн боловч өмнөх 3 үйлдэлдээ 3 удаа ял шийтгүүлсэн нь тогтоогдсон бөгөөд түүний одоогийн үйлдлийг нь гэр бүлийн хүчирхийлэл “байнга” үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1.д заасан гэмт хэрэгт холбогдуулан зүйлчилж, ял оногдуулах нь шударга ёсны зарчимд нийцэхгүй... шүүгдэгч 1 гэмт хэрэгт 1 удаа ял шийтгүүлнэ гэснийг зөрчиж байна гэсэн дүгнэлт хийж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1.д зааснаар Б.Д-д холбогдох хэргээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1.д буюу заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх хэргийг хэрэгсэхгүй болгож, 11.6 дугаар зүйлийн 2.д зааснаар торгуулийн ял оногдуулсан нь үндэслэлгүй байна.
Учир нь хууль тогтоогч Эрүүгийн хуульд “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх “ гэсэн тусгай зүйл, хэсэг, заалт оруулсан байхад дээрх үйлдлийн хувьд энэ гэмт хэргийн шинжийг агуулж байгаа бол 11.7 дугаар зүйлд зааснаар зүйлчлэх нь зөв бөгөөд харин 1 үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд зааснаар давхар зүйлчилсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна.
Мөн ...шүүгдэгчийн үйлдсэн 1 гэмт хэргийг “тухайн” зүйл, хэсэгт зааснаар хүндрүүлэх нөхцөл байгаа бол хүндрүүлж болох боловч дээрх тохиолдолд 1 үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан 2 өөр зүйл, хэсгээр зүйлчилсэн нь буруу байх тул шүүх хэргийг зөв зүйлчилж, хэргийн талаар хуульд нийцсэн дүгнэлт хийж , шүүгдэгчийн гэм буруу, хэргийн шинж, хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хохирогчийн байдал нөлөөлсөн бол энэ талаар дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэхээс гадна Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн “байнга” гэдэг нь шүүгдэгч урьд нь шүүхээр ял шийтгүүлсэн эсхүл ял шийтгүүлээгүй аль нь байж болох бөгөөд энэ нь урьд шийтгүүлсэн хэрэгт нь дахин ял оногдуулж байгаа гэсэн ойлголт биш болохыг анхаарах нь зүйтэй.
Үүнээс гадна шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дүгээр заалтад ...хэргийн зүйлчлэлийг өөрчлөх... талаар бичих байтал “...201000000266 дугаартай хэргээс гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх “хэргийг” хэрэгсэхгүй болгосугай...:” гэсэн атлаа 2 дугаар заалтаараа хэрэгсэхгүй болгосон хэрэгт нь ял оногдуулсан нь шийтгэх тогтоол ойлгомжгүй, түүнийг биелүүлэхэд эргэлзээ төрүүлэхээр байна.
Иймд Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн тул тогтоолыг хүчингүй болгох тухай Прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3., 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 274 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б-гийн Д-д холбогдох, 2018000000266 дугаартай, 1 хавтас эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2.Хэрэг шүүхэд очтол Б-гийн Д-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрвөл гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МАНЛАЙБААТАР
ШҮҮГЧИД Ц.ТУЯА
Ц.АМАРЖАРГАЛ