Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 184/ШШ2022/01408

 

 

 

 

 

 

 

     2022          04         27                                    184/ШШ2022/01408

 

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  Л.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн 1 дүгээр танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: С.Т нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: “Х“ ТББ -д холбогдох

 

Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.Т , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.З, хариуцагч  О.З,  түүний  өмгөөлөгч О.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Даваадулам нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие 2014 оны 8 дугаар сараас “Х” ТББ-д нийгмийн ажилтнаар ажиллаж ирсэн. Би сургууль төгсөөд мэргэжлийн дагуу ажилласан. Ажиллаж байх хугацаандаа ажлын болон хувийн  алдаа дутагдал нэг ч удаа гаргаагүй бөгөөд Сонгинохайрхан дүүргийн зорилтод бүлэгт хамаарах хүүхдүүд,  айл өрхүүдэд  ажлын чиг үүргээ чин үнэнчээр шударгаар гүйцэтгэж ирсэн. Манай ТББ нь оны сүүлд бүтэн жилийн ажлаа дүгнэж 13 дугаар сарын цалин буюу нэг сарын цалинг нийт ажилтан нартаа олгодог бөгөөд 2021 оны 12 дугаар сард 60 хувийн цалин олголгүй намайг үлдээсэн.

Учир байдлыг лавлатал захиралд шаардлага тавьдаг гэх хувийн шалтгаанаар цалин хассан байсан. Манай байгууллага гадны хөрөнгө оруулалттай, бид хариуцсан ажилдаа хариуцлагатай хандахгүй бол гадаадын хандив өгөгч нар бид нараас болж энэ олон гэр бүл, хүүхдийн ирээдүйг үгүй хийж болохгүй, ялгамжтай тэтгэлэг, зорилтод бүлэгт хүрэх эдийн засгийн тусламжаа зориулалтын дагуу зарцуул гэсэн шаардлагад эгдүүцэж 2021 оны 12 сарын 30-ны өдөр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан сахилгын давтан зөрчил гаргасан, хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох зөрчил гаргасан мэтээр ажлаас халлаа. Миний бие 2014 оноос хойш ажиллаж байх хугацаандаа нэг өдөр ажил тасалж, нэг удаа хариуцсан ажилдаа хайнга хандаж байсан удаагүй. Өмнө болоод одоог хүртэл сахилгын шийтгэл болоод хөдөлмөрийн гэрээнд заасан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох зөрчил гаргаагүй.

Иймд 2021 оны 12 сарын 30-ны өдрийн АБ/12/1 дугаар ажлаас халах тушаалыг хүчингүй болгож ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэж өгнө үү гэв.

 

Хариуцагч байгууллагын гүйцэтгэх захирал О.З хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Х” ТББ нь Улаанбаатар хотын эмзэг бүлгийн хуүхдүүдэд туслах, асрах, сурган хүмүүжүүлэх зорилгоор анх 2008 онд үүсгэн байгуулагдаж, өнөөдрийг хүртэл идэвхтэй үйл ажиллагаагаа явуулж байгаа билээ. Тус ТББ-ын удирдах зөвлөл нь гадаад дотоодын хүмүүсээс бүрдсэн нийт 5 гишүүнтэй, 12 ажилчидтай, Сонгинохайрхан дүүргийн 9-р хороо, Малчны 2 гудамж, 47 тоотод үйл ажиллагаагаа явуулдаг. Гүйцэтгэх захирал нь О.З би өөрөө бөгөөд тус ТББ-ын үүсгэн байгуулагч, Удирдах зөвлөлийн гишүүн билээ.  С.Т  нь 2014 оны 11 сарын 01-ний өдрөөс эхлэн хөдөлмөрийн гэрээ байгуулж нийгмийн ажилтны албан тушаалд үндсэн ажилтнаар томилогдож ажилласан. Нэхэмжлэгч нь ажиллаж байх хугацаандаа нэг ч удаа алдаа дутагдал гаргаж үзээгүй гэсэн нь үндэслэлгүй юм. С.Т  нь ажиллаж байх хугацаандаа буюу 2019 онд ажлын хариуцлага алдаж байгууллагыг 6,063,000 төгрөгийн хохирол учруулсан, ажилтны  компьютерээс хувийн мэдээллийг нь уншиж тараасан, мөн туслах багш Ю.У гүтгэж, ажилчдын дунд  маргаан гаргах,  хүүхдүүдтэй ажилладаг нийгмийн ажилтны хувьд хүүхдийн итгэж ярьсан хувийн мэдээллийг үеийн хүүхдүүд дунд нь тарааж хүүхдэд сэтгэл зүйн хохирол учруулж байсан. Энэ бүгд нь баримтаар буюу дансны хуулга, хохирогч гэрч нарын мэдүүлгээр бүрэн нотлогдоно.

Хамгийн сүүлд С.Т  нь Гүйцэтгэх захирлын 2021 оны 12 сарын 01-ны өдөр 21/12/1 тоот тушаалаар сануулах хэлбэрийн сахилгын шийтгэл ногдуулж байсан. С.Т  нь өөрийн хуваарьт ажил үүрэгтэй хамааралгүй асуудлаар хэрүүл маргаан үүсгэх,... гүйцэтгэх захирал болон орлогч эрхлэгчтэйгээ зүй бус харьцаж, үг хэлээр доромжилж, зохисгүй харьцсан. Орлогч эрхлэгч Д.Н нь С.Т аас гүйцэтгэх захиралд бичгээр ажлаа тайлагнахыг удаа дараа шаарддаг боловч үүргээ зохих ёсоор биелүүлдэггүй. Байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмын 8.1.1-д байгууллага нь урамшууллын 13 дахь сарын цалинг тухайн жилийн сүүлийн сарын цалин дээр нэмж олгоно гэж заасан байдаг. Ажлын  бүтээмж  үр дүнгийн үнэлэлтээс шалтгаалан ялгамжтай олгодог.

С.Т  нь 2021 оны 12 сарын 17-ны өдөр 13 дах сарын цалинг бүтэн олгоогүй гэж утсаар хэрүүл хийж, зүй бус харилцаж халчих гэх мэтээр мессеж  бичих зэргээр  давтан хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасан болно.

 Мөн тус дотоод журмын 12.7-д Сахилгын шийтгэлтэй байх хугацаанд хөдөлмөрийн дотоод журамд заасан шагнал, урамшуулал, тэтгэмж олгогдохгүй гэж заасан байдаг, С.Т  нь 13 дахь цалин авах эрхгүй байсан боловч       ажлын үр дүнг дүгнээд 13 дахь сарын цалинг 50% буюу 528,750 төгрөг олгосон байдаг.

С.Т  нь Удирдах зөвлөлийн дарга, хөрөнгө оруулагч болох Мартина Цюрхер уруу шууд холбоо барьж, биднийг ажлаа хийдэггүй, зорилтод бүлэгт хүрэх эдийн засгийн тусламжийг зориулалтын дагуу зарцуулаагүй, оюутны тэтгэлгийг олгоогүй гэх мэтээр нотлох баримтгүйгээр гүтгэсэн. С.Т ын  мэдэгдлээр Удирдах зөвлөл шалгалт явуулж, улмаар 2022 оны 01-р сарын 6-ны өдөр Удирдах зөвлөлийн гишүүд болох Ц М, К Ж, болон С.Т, хөндлөнгийн орчуулагч М.Д бид нарыг байлцуулан Скайп хурал хийсэн. Тус хурлаар С.Т   нотлох баримтгүйгээр гүйцэтгэх захирал О.З намайг гүтгэсэн болох нь тогтоогдсон. Ингээд Удирдах зөвлөл нь С.Т ыг ажлаас чөлөөлөхийг дэмжиж, байгууллагадаа ажиллуулах хүсэлгүй байгаагаа  түүнд мэдэгдсэн болно.

Тэрээр сануулгатай байх хугацаандаа давтан зөрчил гаргасан, ажлаа хийдэггүй, зан харилцааны доголдолтой, хүүхдийн  байгууллагад ажиллуулахад тохиромжгүй, 2014.11.01-ний өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.3.3-т заасан “Ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан”, тус гэрээний 5.3.4-т заасан “Дотоод журамд заасан үндэслэл” бий болгосон, Дотоод журмын 13.2.4-т заасан “Ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээ, энэ журамд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан, Тус дотоод журмын 13.3.8-т заасан “Бусад ажилтнууд болон удирдлагад зүй бус дарамт шахалт үзүүлэх, доромжлох, гүтгэх зэргээр хүний нэр төр, эрх чөлөөнд халдсан” зэрэг заалтуудыг баримтлан гүйцэтгэх захирлын 2022 оны 01 сарын 03-ний өдрөөр тасалбар болгон тушаал гарсан.  Тушаалыг мөн өдрөө гардан авсан тухайгаа өөрөө ч тайлбарлаж байна. Нэхэмжлэгч тал тушаалын талаар биш 2021.12.30-ны өдрийн мэдэгдлийг халсан тушаал гэж   тайлбарлаад байгаа нь ойлгомжгүй байна. “Х” ТББ нь сургуулийн өмнөх болон сургуулийн насны хүүхдүүдийн ёс зүй, хүмүүжил дээр онцгой анхаарал хандуулж ажилладаг. Тийм ч үүднээс багш, нийгмийн ажилтан нартаа бие биетэйгээ зөв боловсон, хүндэтгэлтэй харьцах, хэрүүл маргаан гаргахгүй, хов жив зөөхгүй байх дээр хатуу шаардлага тавьдаг. С.Т  нь байгууллагын баримталдаг зарчим, тавьж буй шаардлагад нийцэж ажиллаагүй болно.

 

Иймд С.Т ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбарууд болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч С.Т  нь хариуцагч “Х” ТББ-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ... 2021 оны12 сарын 30-ны өдрийн АБ/12/1 тушаалыг үндэслэн ажлаас халсан тул хүчингүй болгох,    ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү гэжээ.

Хариуцагч байгууллага нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Гүйцэтгэх захирлын 2022 оны 01 сарын 03-ны өдөр хөдөлмөрийн гэрээ дуусгавар болгох тухай тушаал гарсан. Тушаалыг мөн өдрөө  гардан авсан тухайгаа өөрөө тайлбарлаж байна. Нэхэмжлэгч тал ажлаас чөлөөлсөн   тушаалын талаар биш 2021.12.30-ны өдрийн ажлаас чөлөөлөх мэдэгдлийг халсан тушаал гэж тайлбарлаад байгаа нь ойлгомжгүй байна. Байгууллагын дотоод  журам болон Хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан учраас С.Т ыг ажлаас халсан ажилд эгүүлэн авах боломжгүй гэж тайлбарласан   байна.

Нэхэмжлэгч С.Т  дээрх үндэслэлээ хөдөлмөрийн эрхийн маргаан шийдвэрлэх байгууллагад хандах боломжгүй гэж үзэн Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2-д заасан үндэслэлээр шүүхэд гомдол гаргасан байна.

            Хэрэгт цугларсан баримтаар дараах байдал тогтоогдож байна.

С.Т нь “Х” ТББ-д нийгмийн ажилтнаар ажиллаж байсан байх ба тус байгууллагын гүйцэтгэх захирлын 2022 оны 01 сарын 03-ны өдрийн №22/1/1 дугаар тушаалаар“Ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан”, хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор ноцтой зөрчил гаргасан,... ажилтнууд болон удирдлагад зүй бус дарамт шахалт үзүүлэх, доромжлох, гүтгэх зэргээр хүний нэр төр, эрх чөлөөнд халдсан” зэрэг үндэслэлээр гүйцэтгэх захирлын 2022 оны 01 сарын 03-ний өдөр тушаал гаргаж, мөн оны 01 сарын 31-ний өдрөөр тасалбар болгон түүнийг ажлаас чөлөөлсөн байна.

Нэхэмжлэгч С.Т ыг 2021 оны 12 сарын 01-нд 21/12/1 дугаар захирлын тушаалаар сануулах сахилгын шийтгэл ногдуулсан, 2021 оны 12 сарын 30-нд АБ 12/1 дугаар мэдэгдэл, 2022 оны 01 сарын 03-нд АБ1/1 дугаартай сануулга гэх бичгийн баримтуудыг гаргаж мэдэгдэж байсан байна. /хавтаст хэргийн 3, 4-41 дүгээр тал/

 Талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээ нь хуучин Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-д заасан байнгын ажлын байранд хугацаагүй гэрээ байгуулсан ба гэрээнд нэмэлт өөрчлөлт хийж сунгаж байсан  байна. /хавтаст хэргийн 19-23 дүгээр тал/

“Х” ТББ нь С.Т тай 2014 оны 11 сарын 01-нд хөдөлмөрийн гэрээ, 2020-2021 оны ажлын байрны тодорхойлолт тус тус  байгуулсан ба нийгмийн ажилтны албан тушаалд тавигдах шаардлага, ур чадвар, хүлээх  хариуцлага зэрэг нөхцлийг дурдсан болох нь баримтаар тогтоогдсон байна. /хавтаст хэргийн 19-23, 66-71 дүгээр тал/

 “Х” нэртэй нийгэмд үйлчилдэг Төрийн бус байгууллагын  үүсгэн байгуулагч О.З бөгөөд Удирдах зөвлөлийн гишүүд болох Швейцарь улсын иргэн М.Ц, К Ф Жайгги нарын гишүүнтэй болох нь талуудын тайлбар, гэрчилгээ, Удирдах зөвлөлийн гишүүдийн хурлын протокол зэрэг баримтаар нотлогдож байна. /хавтаст хэргийн 112-117 дугаар тал/

Тус “Х” ТББ нь “Эмзэг бүлгийн хүүхдүүдийг дэмжих, хүмүүжүүлэх, сургалт семинар зохион байгуулах, зөвлөгөө өгөх, ижил зорилготой байгууллагатай хамтран ажиллах” үйл ажиллагааны чиглэлтэй гэрчилгээг 2018 оны 02 сарын 21-нд авч улсын бүртгэлийн газарт бүртгүүлж гэрчилгээгээ авсан ба гадаадын байгууллагатай хамтарч ажилладаг болох нь 2018 оны 02 сарын 05-ны өдрийн №1/18 дугаар удирдах зөвлөлийн тогтоол, талуудын тайлбар зэргээр  нотлогдож байна. /хавтаст хэргийн 27-32 дугаар тал/ 

Хариуцагчаас: “...Манай байгууллага нийгмийн ажилтан хоёр хүн ажилладаг. С.Т  нь ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийн дагуу хийсэн ажлын тайлан гаргах түүнд үнэлгээ хийлгэх үүрэгтэй. Гэтэл энэ үүргээ биелүүлдэггүй. Харин хамт ажилладаг нийгмийн ажилтан Х.А болон орлогч эрхлэгч Д.Н нарын хийсэн тайлан зэргийг хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн бөгөөд нэхэмжлэгчийг үүрэгт ажлаа хэрхэн биелүүлж байгааг нотолсон гэж тайлбарлаж байна. Ирүүлсэн бичгийн баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж үнэлэв. /хавтаст хэргийн 72-109 дүгээр тал/ 

Нэхэмжлэгчээс: Дээрх тайлбарыг няцааж мэтгэлцээгүй ба холбогдох өөрийн  ажил үүргийн дагуу хийсэн ажлын тайлан зэрэг нотлох баримтыг ирүүлээгүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д  тус тус нэхэмжлэлийн шаардлага, татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж заасан хуулийн шаардлагыг хэрэгжүүлээгүй гэж үзлээ.

Түүнчлэн нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс 2021 оны 12 сарын 30-ны өдрийн  “мэдэгдэл” гэх бичгийн баримтыг ажлаас халах тушаал гэж үзэж маргаж байгаа ба  2022 оны 01 сарын 03-ны өдөр гарсан тушаал, мөн оны 01 сарын 31-ний өдрөөр тасалбар болгон ажлаас чөлөөлсөн тухай дээрх тушаалын талаар мэтгэлцээгүй  болно.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5-д заасан “Зохигч гагцхүү бодит байдалд нийцсэн тайлбар өгөх, хэрэг хянан  шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт гаргах үүрэгтэй” гэж заасан үүргийг хэрэгжүүлээгүй ба мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-д зааснаар хариуцагч байгууллагын 2022 оны 01 сарын 03-ны өдөр гаргасан ажлаас чөлөөлсөн тушаалын талаар мэтгэлцээгүй, нэхэмжлэлийн үндэслэл шаардлагадаа уг тушаалын талаар   дурдаагүй тул хүлээн зөвшөөрсөн гэж үзэхээр байна.

Түүнчлэн Шүүх талуудын хоорондох маргааны үндэслэл болж байгаа Ажил олгогчоос гаргасан эрх зүйн акт буюу хөдөлмөрийн эрх зүйн харилцааг дуусгавар  болгосон тухай тушаалд эрх зүйн дүгнэлт өгөх ёстой. 

Хариуцагчийн өмгөөлөгчийн: “...Нэхэмжлэгч тал ажлаас чөлөөлсөн тушаалын  талаар биш 2021.12.30-ны өдрийн ажлаас чөлөөлөх мэдэгдлийг халсан тушаал гэж   тайлбарлаад байгаа нь ойлгомжгүй байна” гэж маргаж байгааг нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс эрх зүйн үндэслэлээ нотолж мэтгэлцэж няцааж чадахгүй байна гэж  үзэв.   

Мөн “Х” ТББ-ын Удирдах зөвлөлийн 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Удирдах зөвлөлийн гишүүдийн хурлын №1/22 протоколд Удирдах зөвлөлийн дарга Мартина Цюрхер удирдсан байх ба “ ... С.Т ыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн захирлын шийдвэрийг удирдах зөвлөл бүрэн дэмжиж байна” гэжээ.

Нэхэмжлэгч нь 2021.12.30-ны өдрийн АБ/12/1 дугаар тушаалыг хүчингүй болгох, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгахыг хүссэн шаардлага гаргасан боловч нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтрийн хуулбарууд хэрэгт авагдаагүй болно. Хаан банкны  дансны дэлгэрэнгүй хуулгыг нотлох баримтаар ирүүлсэн нь хэрэгт ач холбогдолгүй гэж үнэлэв. /хавтаст хэргийн 6-18 дугаар тал/  

Иймд ажил олгогчоос гаргасан тус байгууллагын 2022 оны 01 сарын 03-ны өдрийн №22/1/1 тушаал нь Байгууллагын дүрмийн 7.2.3, дотоод журмын  13.2.4,13.3.8, хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.1.7,5.3.3,5.3.4-д заасан  заалтыг үндэслэн С.Т ыг ажлаас чөлөөлсөн нь үндэслэлтэй байна.

Уг тушаалын талаар нэхэмжлэгч тал маргаагүй мэтгэлцээгүй тул ажил олгогчоос гаргасан эрх зүйн акт буюу тушаал нь үндэслэлтэй хууль зөрчөөгүй гэж дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдав

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118, дугаар зүйлийн  заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Хөдөлмөрийн тухай шинэчлэн найруулсан хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1, 83 дугаар зүйлийн 83.6 -д  тус тус заасныг баримтлан  С.Т ын нэхэмжлэлтэй  хариуцагч “Х” ТББ-д холбогдох ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах тухай гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн  41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх тул нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь  гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй  бөгөөд  шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Л.ОЮУНЦЭЦЭГ