Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2022/01256

 

 

 

 

....-ын нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Г.Даваадорж, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 184/ШШ2022/01408 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч ....-ын нэхэмжлэлтэй, хариуцагч ...- ТББ-д холбогдох ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэх даалгах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ....-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Золзаяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Хишигжаргал, түүний өмгөөлөгч О.Батцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

....- нь 2014 оны 8 дугаар сараас ...- ТББ-д нийгмийн ажилтнаар ажиллаж байсан. Манай ...- ТББ нь оны сүүлд бүтэн жилийн ажлаа дүгнэж 13 дугаар сарын цалин буюу нэг сарын цалинг нийт ажилтан нартаа олгодог бөгөөд 2021 оны 12 дугаар сард 60 хувийн цалин олгоогүй. Энэ талаар лавлаж асуухад Захиралд шаардлага тавьдаг гэх хувийн шалтгаанаар цалин хассан. Манай байгууллага гадны хөрөнгө оруулалттай байгууллага тул хариуцлагатай хандах ёстой гэсэн шаардлага тавихад 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан сахилгын давтан зөрчил гаргасан, хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох зөрчил гаргасан мэтээр ажлаас халсан. ....- 2014 оноос хойш ажиллаж байх хугацаандаа сахилгын зөрчил гаргаагүй. Иймд 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн АБ/12/1 дугаар ажлаас халах тушаалыг хүчингүй болгож ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

...- ТББ нь Улаанбаатар хотын эмзэг бүлгийн хүүхдүүдэд туслах, асрах, сурган хүмүүжүүлэх зорилгоор анх 2008 онд үүсгэн байгуулагдсан. ....- нь 2014 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хөдөлмөрийн гэрээ байгуулж нийгмийн ажилтны албан тушаалд үндсэн ажилтнаар томилогдож ажилласан. ....- нь манай байгууллагыг хариуцлага алдаж 6,063,000 төгрөгийн хохирол учруулсан, мөн ажилтны компьютерээс хувийн мэдээллийг нь уншиж тараасан, туслах багш Ю.Уранчимэгийг гүтгэж, ажилчдын дунд маргаан үүсгэсэн. Сүүлд ....- нь гүйцэтгэх захирлын 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 21/12/1 тоот тушаалаар сануулах сахилгын шийтгэл ногдуулсан. ....- нь 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 13 дахь сарын цалинг бүтэн олгоогүй гэж утсаар хэрүүл хийж зүй бус харилцаж халчих гэх мэтээр мессеж бичих зэргээр давтан хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасан боловч 13 дахь сарын цалинг 50 хувь буюу 528,750 төгрөг олгосон. ....- нь Удирдах зөвлөлийн дарга, хөрөнгө оруулагчтай холбогдож манай байгууллагыг ажлаа хийгдэггүй, зорилтод бүлэгт хүрэх эдийн засгийн тусламжийг зориулалтын дагуу зарцуулаагүй, оюутны тэтгэлгийг олгоогүй гэж гүтгэсэн. ....-ын мэдэгдлээр Удирдах зөвлөл шалгалт хийхэд тэрээр гүйцэтгэх захирал О.Заяанямыг гүтгэсэн болох нь тогтоогдсон. Удирдах зөвлөл нь ....-ыг ажлаас чөлөөлөхийг дэмжиж, байгууллагадаа ажиллуулах хүсэлгүй байгааг түүнд мэдэгдсэн. Тэрээр сахилгын сануулах шийтгэлтэй байх хугацаандаа давтан зөрчил гаргасан, ажлаа хийдэггүй, зан харилцааны доголдолтой тул хүүхдийн байгууллагад ажиллуулахад тохиромжгүй. Иймд ....-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1, 83 дугаар зүйлийн 83.6 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан ....-ын нэхэмжлэлтэй хариуцагч ...- ТББ-д холбогдох ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах тухай гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх тул нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын агуулга:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. ...- ТББ-ын гүйцэтгэх захирлын 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т зааснаао ....-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан. 12 дугаар сарын сүүлийн 15 хоногийн цалинг 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр ХААН банк ХХК дахь дансанд шилжүүлсэн. Хөдөлмөрлөх эрхээ зөрчигдсөн мөн хугацаанаас тооцож тус шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шүүх 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 22/1/1 дугаар тушаалыг нэхэмжлэгч мэтгэлцэж няцаагүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Хариуцагч 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн ажлаас халах тушаал нь 2022 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөр тасалбар болгосон хугацааг мэдэгдсэн бол хугацаа дуусахаас өмнө буюу 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 22/1/1 дугаар тушаал гаргасан нь хууль бус гэж үзэж байна. 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн ажлаас халах тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан сахилгын давтан зөрчил гаргасан гэж тайлбарласан ба өмнө сахилгын зөрчлийг ажилтанд мэдэгдээгүй. Шүүх сахилгын зөрчил гаргасан гэж дүгнэсэнд гомдолтой байна. Шүүх хуралдаанд хариуцагч өмнө нь гаргасан сахилгын зөрчилд хожим арга хэмжээ авсан, ажилтанд танилцуулаагүй тайлбарласан нь тэмдэглэлд тусгагдсан. Ажиллаж байсан хугацааны цалин хөлс авч байсан дансны хуулгаа шүүхэд өгсөн ба нийгмийн даатгал төлсөн ТҮЦ машины тодорхойлолтыг хэрэгт авагдсан ба үүнийг шүүх хэрэгт ач холбогдолгүй гэж үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн тайлбарын агуулга:

....-ын давж заалдах гомдлыг эс зөвшөөрч байна. С.Түвшинжаргал нь байгууллагын дотоод журамд заасан ноцтой зөрчил гаргасан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон. Мөн ажлаас халах тушаал биш мэдэгдэлийг эс зөвшөөрч нэхэмжлэл гаргасан тул шүүх хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор хязгаарлалгүй бүхэлд нь хянаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлага хангаагүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.

 

1. Нэхэмжлэгч ....- нь хариуцагч ...- ТББ-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч ... нэхэмжлэгч нь хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан тул ажлаас чөлөөлсөн нь хуульд нийцсэн... гэж маргасан байна.

 

2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Хишигжаргал нь 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр ... 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 13 дахь цалинг бүтэн олгоогүй гэж гүйцэтгэх захиралтай утсаар хэрүүл хийж, ажилдаа ирдэггүй юм байж, юу хийлгэх гэсэн юм, гомдолтой байгаа бол халчих гэж мессеж бичиж улмаар давтан хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасан. Иймд О.Заяанямын гар утсанд үзлэг хийж, 99092239 дугаараас ....-ын 80060008 дугаар руу ярьсан болон бичсэн мессежийг нотлох баримтаар хэрэгт хавсаргуулах... тухай хүсэлтийг гаргасан байна. (хх-54-57)

 

3. Анхан шатны шүүх дээрх хүсэлтийг 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 184/ШЗ2022/04013 дугаартай шүүгчийн захирамжаар хангаж шийдвэрлэсэн боловч уг ажиллагааг хийгээгүй хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3, 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасныг зөрчжээ.(хх-59-60)

 

4. Хэдийгээр хариуцагч тал давж заалдах гомдол гаргаагүй боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол тэдгээр нь нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй гэж заасан тул давж заалдах шатны шүүхээс уг алдааг залруулах, зөрчил бүхий ажиллагаанд үндэслэж хэргийн үйл баримтад эрх зүйн дүгнэлт хийж шийдвэрлэх боломжгүй юм.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д зааснаар шүүх нотлох баримтыг дутуу бүрдүүлж, хэргийг шийдвэрлэсэн гэж үзэх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаан шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 184/ШШ2022/01408 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч ....- нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

  

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ   А.МӨНХЗУЛ 

 

ШҮҮГЧИД  Г.ДАВААДОРЖ

 

Н.БАТЗОРИГ