Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2023/00473

 

 

 

 

 

 

 

 

 

     2023         03         06                                         210/МА2023/00473

 

 

Слын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, шүүгч Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

           

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 184/ШШ2022/03845 дугаар шийдвэртэй,

Слын нэхэмжлэлтэй,

“Х” ТББ-д холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах , нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг даалгах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж журмаар гаргасан гомдолд үндэслэн илтэгч шүүгч Э.Энэбиш илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Сл, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.З, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Х, хариуцагчийн өмгөөлөгч Э.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Шолпан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Сл нь 2014 оны 08 дугаар сараас Х ТББ-д нийгмийн ажилтнаар ажиллаж байгаад 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр ажлаас халагдсан.

Хариуцагч нь оны сүүлд бүтэн жилийн ажлаа дүгнэж 13 дахь сарын буюу нэг сарын цалинг нийт ажилтнуудад олгодог ба нэхэмжлэгчид 60 хувийн цалинг үр дүн муутай ажилласан, дарга удирдлагадаа шаардлага тавьдаг гэх шалтгаанаар хассан.

Миний зүгээс байгууллагын болохгүй зүйлийн талаар гадны хөрөнгө оруулагч нарт мэдэгдсэн бөгөөд удирдлагын зүгээс үүнд дургүйцэн намайг сахилгын зөрчил давтан гаргасан гэж ажлаас чөлөөлсөн. Надад өмнө нь сануулах сахилгын арга хэмжээ авсан гэснийг зөвшөөрөхгүй уг тушаал танилцуулаагүй. Байгууллагын мөнгөнд үргэлгэн хандлаа гэсэн шаардлагаас болж удирдлагуудтай муудалцсан.

 Иймд 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 12/1, 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 22/1/1 тоот тушаалуудыг хүчингүй болгож ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинд 12,230,661 төгрөг, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийхийг даалгаж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: “Х ТББ нь Улаанбаатар хотын эмзэг бүлгийн хуүхдүүдэд туслах, асрах, сурган хүмүүжүүлэх зорилгоор үйл ажиллагаа явуулдаг. Слд гүйцэтгэх захирлын 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 21/12/1 тоот тушаалаар сануулах сахилгын шийтгэл ногдуулсан. Тэрээр өөрийн ажил үүрэгт хамааралгүй асуудлаар дээд албан тушаалтан орлогч эрхлэгч н.Нандинцэцэгийн ажлыг үгүйсгэн байгууллагын мөнгөнд үрэлгэн хандсан гэж баримтгүйгээр, гомдол бичгээр гаргах журмыг зөрчсөн. Сл нь гүйцэтгэх захирал, орлогч эрхлэгчтэй зүй бус харьцаж үг хэлээр доромжилж, хэрүүл хийж, хаалга савж гарч хөдөлмөрийн сахилга бат алдсан бөгөөд түүнд сахилгын шийтгэл ногдуулсан тул 13 дахь сарын цалинг олгох ёсгүй ч 50 хувь болох 528,750 төгрөгийг олгосон.

Сл нь 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр ажил олгогчтой “13 дахь сарын цалинг бүтэн олгоогүй” гэх үндэслэлээр утсаар маргаж, зүй бус үйлдэл гаргасан. Мөн тэрээр Удирдах зөвлөлийн дарга, хөрөнгө оруулагчтай шууд холбоо барьж, гүйцэтгэх захирал О.Заяанямыг ажлаа хийдэггүй, зорилтот бүлэгт хүрэх тусламжийг зориулалтын дагуу зарцуулаагүй, оюутны тэтгэлгийг олгоогүй зэрэг баримтгүйгээр гүтгэсэн ба Удирдах зөвлөлийн 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хурлаар Сл нь нотлох баримтгүйгээр гүйцэтгэх захирал О.Заяанямыг гүтгэснийг тогтоосон. Энэ нь хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчил тул ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1, 83 дугаар зүйлийн 83.6-д зааснаар Слын Х ТББ-ын гүйцэтгэх захирлын 2021 оны 12 дугаар сарын 30-ны АБ/12/1 мэдэгдэл, 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 22/1/1 дугаартай ажлаас чөлөөлөх тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэх тухай Х ТББ-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Шийдвэрийн үндэслэх хэсэгт "...гүйцэтгэх захирал О.З ** дугаарын гар утсанд үзлэг хийсэн баримтыг ... талуудын хэн алиныг зүй бус харьцсан, маргаж муудалцсан, ажлын үр дүнг хэрхэн тооцсон, ажлын тайланг үнэлсэн эсэх нөхцөл байдлыг шууд нотолсон баримт гэж үзэх боломжгүй байна” гэжээ.

Анхан шатны шүүхийн дээрх дүгнэлт нь Слыг гүйцэтгэх захирлын даалгасан өдөр тутмын ажлын тайлан хийгээгүй, 2021 оны 08 дугаар сараас ажлын гүйцэтгэл муу байсан, ажлын үр дүн дутууг тогтоох боломжгүй гэж дүгнэгдэхээр байна.

Хэрэгт гэрчээр оролцсон гэрчийн мэдүүлгүүд нь хэт нэг талыг барьсан, гүйцэтгэх захирлын хамаарал бүхий этгээдүүд хоорондоо үгсэн тохирсон гэж үзэхээр байна. Ажлын шаардлага тавьсан Слыг “хэл амаар доромжилсон” хариуцагч тал гүтгэж, ёс зүйн зөрчил гаргасан мэтээр харагдуулж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

5. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд хариуцагчийн гаргасан тайлбарын агуулга: Нэхэмжлэгч 13 сарын цалингийн хэмжээг 50 хувиар буруулсан талаар шүүхэд маргаагүй, гомдол гаргаж байгаагүй. Нэхэмжлэгчийн зүгээс Удирдах зөвлөлд гомдлоо гаргаж шийдвэрлүүлж байсан гэж тайлбарладаг. Удирдах зөвлөл нэхэмжлэгчийг ажлаас халсныг зөв болохыг дүгнэсэн. Тиймээс энэ асуудлаар гомдол гаргаж маргаан үүсээгүй.

Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон гэрчийг гүйцэтгэх захирлын хамаарал бүхий этгээд гэж тайлбарладаг бөгөөд тэдгээрийг найз, нөхөд садан төрлийн хамааралтай гэж үзсэн бол нэхэмжлэгч гэрч асуулгахаас татгалзах, нотлох баримтаас хасуулах гэх зэрэг үндэслэл бүхий хүсэлт гаргах боломжтой байсан ч хүсэлт гаргаагүй. Нэхэмжлэгчид таалагдахгүй мэдүүлгийг гэрч нар хэт нэг талыг барьж мэдүүлсэн, шийдвэрлэсэн гэж үзэх нь хуульд нийцэхгүй. Иймд нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч Сл нь хариуцагч “Х” ТББ-д холбогдуулан АБ/12/1 тоот мэдэгдэл, 22/1/1 тоот ажлаас чөлөөлөх тухай тушаалыг тус тус хүчингүй болгуулахж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Хөдөлмөрийн тухай хуульд заасан урьдчилан шийдвэрлэх журам хэрэглэх боломжгүй үндэслэлээр нэхэмжлэгч шүүхэд гомдол гаргасныг шүүх хүлээн авч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан нь хуульд нийцжээ. 

 

4. Талууд 2014 оны 11 дүгээр сарын 01-ны өдөр хөдөлмөрийн гэрээг байгуулснаар Сл нь “Х” ТББ-д нийгмийн ажилтнаар ажиллаж эхэлсэн, тэдгээрийн хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүссэнийг анхан шатны шүүх зөв тогтоожээ. /хх19-25/

 

5 “Х” ТББ-ын захирлын 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 21/12/1 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.1, байгууллагын дотоод журмын 3.2.2, 12.3.1, хөдөлмөрийн гэрээний 2.1.2, 3.1.3, 4.1-т заасныг баримтлан Слд сануулах сахилгын шийтгэл ногдуулжээ. /хх41/

5.1. Ажил олгогч нь ажилтанд сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэрийг танилцуулснаа баримтаар нотлоогүй байх тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ажилтан уг сахилгын шийтгэлийг өөрт оногдуулсныг мэдсэн гэх түүний тайлбар үндэслэлтэй болжээ.

Харин тэрээр 21/12/1 тоот тушаалыг мэдсэн үеэсээ хойш гомдол гаргаагүй учир уг тушаал хүчинтэй, Слд сануулах сахилгын шийтгэл ногдуулсан гэж дүгнэнэ.

 

6. “Х” ТББ нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах мэдэгдлийг 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр АБ/12/1 тоот албан бичгээр Слд хүргүүлжээ.

      6.1. Хариуцагч байгууллагын 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн АБ/12/1 тоот мэдэгдлийг хүчингүй болгуулахаар тодорхойлсон нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэлийн үндэслэл гэж дүгнэхээр байна. Учир нь мэдэгдэл нь Слыг 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөр тасалбар болгон ажлаас чөлөөлөх болсныг мэдэгдсэн агуулгатай байх бөгөөд эрх зүйн үр дагавар үүсгэхгүй юм.

 

7. Хариуцагч байгууллагын гүйцэтгэх захирлын 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 22/1/1 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9, 80 дугаар зүйлийн 80.1.4, 80.5, байгууллагын дүрмийн 7.2.3, дотоод журмын 13.2.4, 13.3.8, хөдөлмөрийн гэрээний 5.1.7, 5.3.3, 5.3.4-т заасныг баримтлан Слыг 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөр тасалбар болгон түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн /хх5/ байх ба тушаалд үндэслэлийг заагаагүй байна.

7.1. Ажил олгогч нь ажилтаны гаргасан сахилгын зөрчлийг тогтоох учиртай бөгөөд уг ажиллагааг хийгээгүй байх ба анхан шатны шүүх “Х” ТББ-ын Удирдах зөвлөлийн 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 1/22 тоот тэмдэглэлийг үндэслэж ажилтан зөрчил гаргасныг тогтоогдсон гэж дүгнэсэн нь буруу болжээ.

7.2. Учир нь ажил олгогч 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн тушаал гаргаснаас хойш 3 хоногийн дараа буюу 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр гарсан “Х” ТББ-ын удирдах зөвлөлийн хурлын тэмдэглэлийг үндэслэх боломжгүй юм. Ажилтан Слыг сахилгын зөрчил гаргасаныг ажил олгогч тогтоогоогүй байхдаа тушаалыг гаргажээ.

7.3. Гэрч С.Отгонбаяр, Д.Нандинцэцэг нарын шүүхэд гаргасан мэдүүлгээр ажил олгогч ажилтаны гаргасан сахилгын зөрчлийг тогтоох ажиллагаа хийснийг нотлохгүй юм.

7.4 Иймд нэхэмжлэгч Сл нь хөдөлмөрийн давтан зөрчлийг гаргасан гэх үндэслэл анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т зааснаар нэхэмжлэгч Слыг “Х” ТББ-ын Нийгмийн ажилтны ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох үндэслэлтэй.

7.5. Шүүх нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоосон тул мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7, 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн ажилгүй байсан 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарсан 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хүртэлх 13 сарын хугацааны цалинтэй тэнцэх олговорт 13,975,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, дээрх хугацаагаар нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлөхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэв.

7.5. Нэхэмжлэгч анхан шатны шүүх хуралдаанд “Нийгмийн ажилтнаар 7 жилийн хугацаанд ажилласан, сарын 1,075,000 төгрөгийн цалин авдаг” гэх тайлбарыг гаргасан ба хэрэгт нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн талаарх баримт, үндсэн цалингийн тодорхойлолт авагдаагүй учир нэхэмжлэгчийн тодорхойлсноор 1 сарын цалингийн хэмжээг 1,075,000 төгрөгөөр тооцов.

 

8. Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 184/ШШ2022/03845 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйллийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7-д заасныг баримтлан нэхэмжлэгч Слыг хариуцагч “Х” ТББ-ын Нийгмийн ажилтны ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 13,975,000 төгрөгийг хариуцагч “Х” ТББ-аас гаргуулж Слд олгож, Слын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн хугацаагаар нөхөн төлөхийг хариуцагч “Х” ТББ-д даалгасугай.” гэж,

2 дахь заалтыг “...нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч “Х” ТББ-аас улсын тэмдэгтийн хураамжид 227,825 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

      3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Э.ЗОЛЗАЯА

 

                  ШҮҮГЧИД                               Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                                                                                             Э.ЭНЭБИШ