Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2023 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 001/ХТ2023/00095

 

С.Тын нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Баярмаа, П.Золзаяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 184/ШШ2022/03845 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 210/МА2023/00473 дугаар магадлалтай,

С.Тын нэхэмжлэлтэй

“ХБ” ТББ-д холбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн төлөөлөгч О.Зын хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Н.Баярмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1. Нэхэмжлэгч С.Т нь хариуцагч “ХБ” ТББ-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2. Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 184/ШШ2022/03845 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1, 83 дугаар зүйлийн 83.6-д тус тус заасныг баримтлан С.Тын ХБ ТББ-ын гүйцэтгэх захирлын 2021 оны 12 дугаар сарын 30-ны АБ/12/1 мэдэгдэл, 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 22/1/1 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаалыг тус тус хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс тооцон гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэх тухай ХБ ТББ-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх тул нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 210/МА2023/00473 дугаар магадлалаар: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 184/ШШ2022/03845 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7-д заасныг баримтлан нэхэмжлэгч С.Тыг хариуцагч ХБ ТББ-ын Нийгмийн ажилтны ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 13,975,000 төгрөгийг хариуцагч ХБ ТББ-аас гаргуулж С.Тд олгож, С.Тын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн хугацаагаар нөхөн төлөхийг хариуцагч ХБ ТББ-д даалгасугай гэж, 2 дахь заалтыг ... нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч ХБ ТББ-аас улсын тэмдэгтийн хураамжид 227,825 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж шийдвэрлэсэн.

4. Хариуцагчийн төлөөлөгч О.З хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна.

4.1 Магадлалын хянавал хэсгийн 4-т талууд 2014.11.01-ний өдөр хөдөлмөрийн гэрээг байгуулснаар тэдгээрийн хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүссэнийг зөв тогтоожээ гэсэн. Гэтэл талууд хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа тодорхой заасан. Хөдөлмөрийн гэрээ 2021.12.31-ний өдөр дуусгавар болсон, талууд сунгаагүй, харин ч дуусгавар болгоод байгаагаа мэдэгдсэн гэх хариуцагчийн өмгөөлөгчийн тайлбарыг Давж заалдах шатны шүүх огт хянаж дүгнээгүй (2023.03.06-ны өдрийн 210/ТМ2023/00553 дугаар шүүх хуралдааны тэмдэглэлийн 3 хуудас). Хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусгавар болсон эсэхийг тогтоохгүйгээр ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор тооцоод байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.3-д заасан хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон бол Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болно гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэхээр байх тул Давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна. ... Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан үндэслэлээ “ажлаас чөлөөлсөн тушаалд үндэслэл заагаагүй, ажил олгогч сахилгын зөрчлийг тогтоох ажиллагааг хийгээгүй, анхан шатны шүүх “ХБ” ТББ-ын Удирдах зөвлөлийн 2022.01.06-ны өдрийн 1/22 тоот тэмдэглэлийг үндэслэж ажилтан зөрчил гаргасныг тогтоогдсон гэж дүгнэсэн нь буруу болжээ” гэх дүгнэлтүүд нь хэргийн үйл баримт, бодит нөхцөл байдлаас хэт зөрүүтэй, маргаан бүхий тушаалын үндэслэлийн талаар хэт хайнга дүгнэлт хийсэн байх ба уг магадлал үндэслэл бүхий байх шаардлагыг зөрчсөн байна.

4.2 Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь: 2021.12.30-ны өдрийн АБ/12/1 дугаар ажлаас халах мэдэгдэл, 2022.01.03-ны өдрийн 22/4/1 дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаалыг тус тус хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэхийг хүсчээ. /Нэхэмжлэгч нь анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 2021.12.30-ны өдрийн мэдэгдлийг тушаал гэж нэрлэж, түүнийг хүчингүй болгуулахыг хүссэн шаардлага гаргаж байсан бол хожим хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад уг мэдэгдлээс гадна 2021.01.03-ны өдрийн 22/1/1 дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгуулахыг хүсч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн болно/ Анхан шатны шүүх дээрх бүх шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон бол давж заалдах шатны шүүх магадлалын Хянавал хэсгийн 6.1-д “Хариуцагч байгууллагын 2021.12.30-ны өдрийн АБ/12/1 тоот мэдэгдлийг хүчингүй болгуулахаар тодорхойлсон нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэлийн үндэслэл гэж дүгнэхээр байна. Учир нь мэдэгдэл нь С.Тыг 2022.01.31-ний өдрөөр тасалбар болгон ажлаас чөлөөлөх болсныг мэдэгдсэн агуулгатай байх бөгөөд эрх зүйн үр дагавар үүсгэхгүй юм” гэжээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг дур мэдэн өөрчлөн дүгнэх эрхгүй. ... Харин нэхэмжлэлийн шаардлагын нэг бие даасан шаардлага болох 2022.01.03-ны өдрийн 22/1/1 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгуулахыг хүссэн шаардлагыг нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан ба энэ талаар хариуцагч тайлбар гаргасан, мөн анхан шатны шүүх шийдвэртээ дурдсаар байх атал давж заалдах шатны шүүх тус шаардлагыг шийдвэрлээгүй нь уг маргаан бүхий бие даасан эрх зүйн акт хүчинтэй үлдсэн гэх үндэслэл болно. Харин ажилд эгүүлэн тогтоох шаардлагыг хангасан нь давж заалдах шатны шүүхийн магадлал хууль бус үр дагаврыг бий болгосон байна гэж үзэхээр байна. Иймд гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлж, давж заалдах шатны магадлалыг хүчингүй болгон, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

5. Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын Нийт шүүгчдийн хуралдааны 2023.05.11-ний өдрийн 001ШХТ2023/000520 дугаар тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172.2.1-т заасан үндэслэлийг хангасан гэж дүгнэн хариуцагчийн төлөөлөгч О.Зын гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтжээ.

ХЯНАВАЛ:

6. Анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, зохигчийн эвлэрлийг батлан, хэргийг хэрэгсэхгүй болгов.

7. Нэхэмжлэгч С.Т нь хариуцагч “ХБ” ТББ-д холбогдуулан 2021.12.31-ний өдрийн 12/1, 2022.01.03-ны өдрийн 22/1/1 тоот тушаалуудыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх ба шаардлагын үндэслэлээ “....2014 оны 08 дугаар сараас “ХБ” ТББ-д нийгмийн ажилтнаар ажиллаж байгаад 2022.01.03-ны өдөр ажлаас халагдсан. ... Байгууллагын мөнгөнд үрэлгэн хандлаа гэсэн шаардлагаас болж удирдлагуудтай муудалцсан. ... болохгүй зүйлийн талаар гадны хөрөнгө оруулагч нарт мэдэгдсэн ... өмнө нь сануулах сахилгын арга хэмжээ авсан гэснийг зөвшөөрөхгүй, ... тушаалыг танилцуулаагүй. ...” гэж тодорхойлжээ.

8. Хариуцагч “ХБ” ТББ нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч “С.Тд гүйцэтгэх захирлын 2021.12.01-ний өдрийн 21/12/1 тоот тушаалаар сануулах сахилгын шийтгэл ногдуулсан. Тэрээр өөрийн ажил үүрэгт хамааралгүй асуудлаар дээд албан тушаалтан орлогч эрхлэгч н.Нийн ажлыг үгүйсгэн байгууллагын мөнгөнд үрэлгэн хандсан гэж баримтгүйгээр, гомдол бичгээр гаргах журмыг зөрчсөн. ... С.Т нь 2021.12.17-ны өдөр ажил олгогчтой 13 дахь сарын цалинг бүтэн олгоогүй гэх үндэслэлээр утсаар маргаж, зүй бус үйлдэл гаргасан. Мөн тэрээр Удирдах зөвлөлийн дарга, хөрөнгө оруулагчтай шууд холбоо барьж, гүйцэтгэх захирал О.Зыг ажлаа хийдэггүй, зорилтот бүлэгт хүрэх тусламжийг зориулалтын дагуу зарцуулаагүй, оюутны тэтгэлгийг олгоогүй зэрэг баримтгүйгээр гүтгэсэн ба Удирдах зөвлөлийн 2022.01.06-ны өдрийн хурлаар С.Т нь нотлох баримтгүйгээр гүйцэтгэх захирал О.Зыг гүтгэснийг тогтоосон. Энэ нь хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчил тул ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон.” гэж тайлбар гаргажээ.

9. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ “нэхэмжлэгч С.Т ... сахилгын зөрчил давтан гаргасан ... Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-т заасан ажил олгогч хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж, тайлбар авч, сахилгын зөрчлийн шинж, үр дагаврыг харгалзан энэ хуулийн 123.2-т заасан хөдөлмөрийн сахилгын шийтгэлээс сонгон хэрэглэх заалтыг хэрэгжүүлсэн.” гэж дүгнэжээ.

10. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэхдээ “... Ажил олгогч нь ажилтны гаргасан сахилгын зөрчлийг тогтоох учиртай бөгөөд уг ажиллагааг хийгээгүй ... анхан шатны шүүх “ХБ” ТББ-ын Удирдах зөвлөлийн 2022.01.06-ны өдрийн 1/22 тоот тэмдэглэлийг үндэслэж ажилтан зөрчил гаргасныг тогтоогдсон гэж дүгнэсэн нь буруу ... нэхэмжлэгч С.Т нь хөдөлмөрийн давтан зөрчлийг гаргасан гэх үндэслэл анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдоогүй...” гэж дүгнэн шийдвэрт өөрчлөлт оруулсан байна.

11. Хариуцагчийн төлөөлөгч О.З давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргасан боловч зохигч 2023.05.03-ны өдөр эвлэрлийн гэрээ байгуулж, уг эвлэрлийн гэрээ болон “ХБ” ТББ байгууллагын 2023.05.05-ны өдрийн АБ23/5/1 дугаартай “Зохигчийн эвлэрлийг баталгаажуулах” хүсэлтийн хамт шүүхэд ирүүлжээ.

12. Зохигч “1. Хариуцагч тал нь нэхэмжлэгч талд ажилгүй байсан хугацааны олговор болгож 12,000,000 \арван хоёр сая\ төгрөг төлнө. 2.Нэхэмжлэгч нь нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэх, ажил албан тушаалдаа эргэн орох шаардлагаасаа татгалзаж байгаа болно. 3. Хариуцагч нь нэхэмжлэгчийн 2013.08 сараас 2021.11 сар хүртэлх хугацаанд төлсөн 3,312,750 \гурван сая, есөн зуун арван хоёр мянга, долоон зуун тавь\ төгрөгийг нэхэмжлэгчээс эргэн нэхэмжлэхгүй болохыг дурдав. 4.Нэхэмжлэгч тал нь хариуцагч талын гадаад болон дотоодын хөрөнгө оруулагч, санхүүжүүлэгч нартай харилцаа холбоо тогтоохгүй, хариуцагч талын нэр хүндийг гутаасан мэдээ мэдээлэл, зураг хөрөг тараахгүй байх үүрэг хүлээнэ. 5.Хэрэв хариуцагч тал нь энэхүү гэрээний 4-т заасан хэсгийг зөрчвөл олговор болгож авсан 12,000,000 \арван хоёр сая\ төгрөгийг хариуцагч талд буцаан төлөх үүргийг хүлээнэ. 6.Энэхүү гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй болно.” гэсэн нөхцөл бүхий гэрээг ирүүлсэн байна.

13. Эвлэрлийн гэрээг нэхэмжлэгч, хариуцагчийг төлөөлөх эрх бүхий этгээдүүд байгуулсан, дээрх эвлэрлийн гэрээний 3, 4, 5 дахь хэсэгт зааснаас бусад заалтууд шүүхэд гаргасан нэхэмжлэлийн хүрээнд гэж дүгнэхээр байна. Эвлэрлийн гэрээний 1 ба 2 дахь заалтуудыг шүүхээс баталгаажуулж зохигчийн эвлэрлийг батлах нь тэдгээрийн эрх ашгийг зөрчихгүй, сайн дураар эвлэрэх хүсэл зоригтой нь нийцэж байгаа талаар зохигч хяналтын шатны шүүх хуралдаанд тайлбарлаж байна.

Иймд талуудын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээний “1.Хариуцагч тал нь нэхэмжлэгч талд ажилгүй байсан хугацааны олговор болгож 12,000,000 \арван хоёр сая\ төгрөг төлнө. 2.Нэхэмжлэгч нь нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэх, ажил албан тушаалдаа эргэн орох шаардлагаасаа татгалзаж байгаа болно” гэх заалтуудыг баталгаажуулах нь гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй тул эдгээр нөхцөлөөр эвлэрсэн эвлэрлийг баталж, шийдвэр, магадлалыг хүчингүй болгон, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж   шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

14. Түүнчлэн зохигчийн хооронд байгуулсан эвлэрлийн гэрээний “... 3. Хариуцагч нь нэхэмжлэгчийн 2013.08 сараас 2021.11 сар хүртэлх хугацаанд төлсөн 3,312,750 \гурван сая, есөн зуун арван хоёр мянга, долоон зуун тавь\ төгрөгийг нэхэмжлэгчээс эргэн нэхэмжлэхгүй болохыг дурдав. 4.Нэхэмжлэгч тал нь хариуцагч талын гадаад болон дотоодын хөрөнгө оруулагч, санхүүжүүлэгч нартай харилцаа холбоо тогтоохгүй, хариуцагч талын нэр хүндийг гутаасан мэдээ мэдээлэл, зураг хөрөг тараахгүй байх үүрэг хүлээнэ. 5.Хэрэв хариуцагч тал нь энэхүү гэрээний 4-т заасан хэсгийг зөрчвөл олговор болгож авсан 12,000,000 \арван хоёр сая\ төгрөгийг хариуцагч талд буцаан төлөх үүргийг хүлээнэ. ...” гэсэн заалтууд нь шүүхэд гаргасан үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас хальсан байх тул энэ үндэслэлээр шүүхээс баталгаажуулах боломжгүй. Гэвч талууд шүүхийн бус журмаар уг нөхцөлөөр эвлэрэн хэлэлцэх эсэх нь тэдгээрийн сайн дурын үндсэн дээр шийдвэрлэх асуудал тул шүүх энэ талаар тухайлан дүгнэлт хийхгүй. Зохигч нь гэрээний 1, 2 дахь хэсэгт зааснаар эвлэрч, маргааныг дуусгавар болгохоос татгалзаагүй болно. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 184/ШШ2022/03845 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 210/МА2023/00473 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хариуцагч нь нэхэмжлэгчид ажилгүй байсан хугацааны олговорт 12,000,000 төгрөг төлөх, нэхэмжлэгч нь ажилд эгүүлэн тогтоолгох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэх шаардлагаасаа татгалзахаар тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 дэх заалтыг баримтлан хариуцагч “ХБ” ТББ-ын хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2023.04.24-ний өдөр төлсөн 227,825 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

                       

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Х.ЭРДЭНЭСУВД

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Г.АЛТАНЧИМЭГ

                           ШҮҮГЧИД                                                         Н.БАЯРМАА

                                                                                                         П.ЗОЛЗАЯА

                                                                                                         Д.ЦОЛМОН