Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 02 өдөр

Дугаар 102/ШШ2017/00066

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Х.Ж

 

Хариуцагч: С.М

 

            Гэрээний үүрэгт 16.663.590 төгрөг гаргуулахыг шаардсан нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

 Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Х.Ж, өмгөөлөгч Г.Итгэл , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Бадамцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нэргүй нар оролцов.

 

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

 

 Нэхэмжлэгч Х.Ж шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Хариуцагч С.Мтай 2008 онд Солонгос улсад байхдаа танилцсан. 2009 оны 04 дүгээр сард С.Мтай хамтран Солонгос улсаас автомашин Монгол улс руу оруулан худалдаж ашгаа хуваахаар автомашины наймаа хийхээр тохиролцож хамтран ажилласан. Тухайн үед  С.Мт 1550 ам доллар өгсөн. 2010 онд С.М гааль дээр автомашин буусан, гаалийн мөнгө гэж 3000 ам.доллар авсан. Энэ мөнгөнөөс түүний хүргэн ах н.Ганбаатарт 2600 ам доллар, 500.000 төгрөгийн хамтаар өгсөн. Төгрөгийг долларт шилжүүлж С.М нийт 3.000 ам доллар болгон төлнө гэж хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан. Үүний дараа С.М нэг хэсэг таг болсон. 2010 онд 2.000.000 төгрөг өгөөч гэхээр 2.000.000 төгрөг өгсөн. С.М надаас нийт 4550 ам доллар, 2.000.000 төгрөгийн хамт авсан боловч миний мөнгийг өгөхгүй таг алга болсон. Хожим нь би С.Мыг сураглаж Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст залилангийн хэргээр шалгагдаж байгааг мэдсэн. 2010 оны 04 сард С.М нь Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын мөрдөн байцаагч н.Энх-Амгаланд Солонгос улсад байхдаа 10 гаран компаниас хамтран ажиллана гэж мөнгө аваад алга болсон хэмээн   байцаалт өгч байхад нь уулзсан. Тэгэхэд С.М таны мөнгийг өгнө. Энэ хэргээс эхлээд салах хэрэгтэй байна гэж ярьсан. Ингээд С.М эрүүгийн хэрэгт шалгагдаж байхдаа өмгөөлөгчийн хамт 2010 оны 03 дугаар сарын 31-ний өдөр БНСУ-аас аванте ХД маркийн автомашиныг 2010 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн дотор нийлүүлэх буюу 4550 ам долларыг төлөхөөр тохирч хэлцэл байгуулж батламж гэрээ хийсэн. Хугацаандаа мөнгийг төлөөгүй тул 2013 онд С.Мын өмгөөлөгч н.Батсүхэд арга хэмжээ авч өгнө үү гэж Монголын өмгөөлөгчдийн холбоонд гомдол гаргаж байсан. 2014 онд С.Мын хамтран ажилладаг найз н.Бямбаа “танд С.М Соната-5 маркын автомашин явуулсан,  авах уу” гэж утсаар ярьсан. Тухайн үед би Эрдэнэт хотод өөрийн эдлэн газартаа байсан тул хот хооронд такси үйлчилгээ үзүүлдэг Т.Батхуягаар машиныг очиж үзүүлэхэд Соната-5 маркын автомашин байна, урд салон нь цоорсон, муу машин байна. Битгий ав гэхээр нь аваагүй. Ингээд 2015 оны 09 сард Баянгол дүүргийн Иргэний хэргийн шүүхэд С.Мыг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасан. Шүүхийн шийдвэрээр хариуцагчийг эрэн сурвалжилж түүний хаяг утсыг Тахарын албаныхан надад өгсөн.  2016 оны 07 сард утсаар холбогдож мөнгөө шаардахад бензины мөнгө гэж 100.000 төгрөг миний данс руу хийсэн. Гэтэл өнөөдөр хариуцагч нь энэ мөнгөө намайг зээлсэн мэтээр ярьж байна. Иймд хариуцагч С.Маас батламж гэрээний дагуу 4550 ам доллар буюу 11.109.060 төгрөг, хугацаа хэтэрсэн хүү 5.554.530 төгрөг нийт 16.663.590 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

 

 

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Бадамцэцэг шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Хариуцагч С.М, нэхэмжлэгч Х.Ж нарын хооронд хамтран ажиллах гэрээ байгуулагдсан. Үүнд маргахгүй. Хамтран ажиллах гэрээний дагуу Х.Ж нь С.Мт 4200 ам доллар өгсөн. Харин С.Мт 2.000.000 төгрөг өгөөгүй бөгөөд С.М нь Х.Жгаас авсан 4200 ам доллараас 2.000.000 төгрөгийг төлсөн. Энэ нь нэхэмжлэлийн үнийн дүнгээс хасагдаж тооцогдох ёстой. Нэхэмжлэгч үүргийн гүйцэтгэлд 11.109.060 төгрөг, түүний хүү 5.554.530 төгрөгийг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжилж байгаа мөнгөн төлбөрийн үүрэг биш. Үндсэн гэрээний дагуу мөнгөө төлнө гэсэн хэлцэл тул хүү тооцогдохгүй. Хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүйг гэрч нотолно гэдэг боловч Монгол улсын хилээр тухайн автомашиныг оруулж ирсэн хүн нь С.М мөн үү, гэрч С.Мын Монгол улсын хилээр оруулж ирсэн автомашиныг үзсэн үү, эсвэл өөр хүний автомашиныг үзсэн юм уу гэдэг нь тодорхойгүй. Хариуцагч нэхэмжлэгчийн данс руу 100.000 төгрөг дансаар шилжүүлсэн учраас хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн учраас ерөнхий хөөн хэлэлцэх хугацаа 10 жил байна гэж нэхэмжлэгчийн өмгөөлөгч тайлбарласан боловч талууд хамтран ажиллах гэрээ байгуулсан тул С.М нь үндэслэлгүйгээр хөрөнгөжөөгүй. С.Мыг Сүхбаатар дүүргийн прокурор шалгаад залилангийн хэрэг биш байна. Тухайн үед эдийн засаг  хямрал нүүрлэснээс шалтгаалж автомашинаа гаалиас авч чадаагүй байна гэж үзэж хэрэг хэрэгсэхгүй болсон. 2016 оны 07 сарын 08-ны өдөр С.М нь нэхэмжлэгч Х.Жд 100.000 төгрөгийг өгсөн. Түүгээр хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж тайлбарлаж байна. Тухайн үед Х.Ж нь С.Мт миний хөл өвдөөд байна. 100.000 төгрөг зээлээч гэж авсан. Түүнээс биш өмнө нь авсан мөнгөний үүргээ биелүүлж байна гэж өгөөгүй гэж хариуцагч тайлбарладаг. Үүнийг нэхэмжлэгч ч үгүйсгээгүй. С.М надад бензины мөнгө гэж 100.000 төгрөг өгсөн гэж байна. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байна. Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй гэж заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэв. 

 

 

 

            Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад             

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 Нэхэмжлэгч Х.Ж нь хариуцагч С.Мт холбогдох гэрээний үүрэгт 16.663.590 төгрөг гаргуулахыг шаардсан нэхэмжлэлийг гаргажээ.

 

Нэхэмжлэгч Х.Ж, хариуцагч С.М нар 2009 оны 04 дүгээр сард БНСУлсаас Монгол улс руу автомашин, хүнсний бүтээгдэхүүн, барилгын материал нийлүүлж хамтран ажиллаж, ашиг олох зорилгоор тохиролцож нэхэмжлэгч нь 1550 ам доллар, дараа нь 2650 ам долларыг 500.000 төгрөгийн хамт нийт 4550 ам доллар шилжүүлж хамтын үйл ажиллагаагаа эхлүүлсэн боловч зорилгоо хэрэгжүүлж чадаагүйгээс хамтын үйл ажиллагаа нь үгүй болж дуусгавар болсон байна.

 

Зохигч 2010 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хариуцагч С.М БНСУ-аас аванте ХД маркийн автомашиныг 2010 оны 06 дугаар сарын 20-ны дотор түлхүүр гардуулах байдлаар нийлүүлэхээр тохиролцож, энэ хугацаанд эс барагдуулбал 4550 ам долларыг хүүг өдрийн 0,5 хувиар бодож төлөхөөр тохирч батламж гэрээ нэртэй хэлцэл байгуулжээ.

 

Батламж гэрээ нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болсон, хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан, Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 43 дугаар зүйлийн 43.2.1-д заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр хэлцэл байна.

 

Дээрх үйл баримтад талууд маргаагүй зөвшөөрсөн болно.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч нь “батламж гэрээгээр хариуцагч нь автомашиныг 2010 оны 06 дугаар сарын 20-ны дотор нийлүүлэх, энэ хугацаанд эс барагдуулбал 4550 ам долларыг хүүг өдрийн 0.5 хувиар бодож хүүгийн хамт төлөхөөр тохирсон тул нийт 16.663.590 төгрөг гаргуулна”

 

Хариуцагч “үүргийн гүйцэтгэлд 16.663.590 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлгүй.  Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5-д зааснаар нэхэмжилж байгаа мөнгөн төлбөрийн үүрэг биш. Үндсэн гэрээний дагуу мөнгөө төлнө гэсэн хэлцэл. Гэрээ байгуулагдсан тул үндэслэлгүй хөрөнгөжөөгүй. Хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй” гэж тайлбарлан тус тус маргажээ.

 

2010 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн гэрээгээр хариуцагч С.М БНСУ-аас автомашиныг 2010 оны 06 дугаар сарын 20-ны дотор түлхүүр гардуулах байдлаар нийлүүлэх, эс барагдуулбал 4550 ам долларыг өдрийн  0.5 хувийн хүүгийн хамт төлөхөөр тохиролцон батламж гэрээ байгуулсан боловч энэ хугацаанд машиныг нийлүүлээгүйгээс нэхэмжлэгч нь гэрээтэй холбоотой асуудлаар шаардах эрхээ хэрэгжүүлээгүй байна.

 

Зохигч 2010 оны 06 дугаар сарын 20-ны өдөр гэрээг дүгнэх байсан бөгөөд, нэхэмжлэгч нь  2014 онд Солонгос улсаас явуулсан автомашиныг үзсэн, 2013 онд хариуцагчийн өмгөөлөгчтэй уулзсан  гэсэн тайлбар нь нотлогдоогүй. Гэрч Т.Батхуяг автомашиныг очиж үзсэн гэдэг боловч энэ нь хариуцагч С.Мын явуулсан автомашин мөн эсэх нь тодорхойгүй, хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй гэж тайлбарладаг боловч талуудын хооронд 2010 оны 06 дугаар сарын 20-ноос 2013 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хүчинтэй байхаар байгуулагдсан гэрээний хугацаа дуусгавар болж, тэдний хооронд уг гэрээтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх 3 жилийн хугацаа Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар дуусгавар болжээ.

 

Нэхэмжлэгч, хариуцагч нь 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр шилжүүлсэн 100.000 төгрөгийг зээлсэн, төлбөрөөс төлсөн гэсэн тайлбарыг гаргадаг боловч хэрхэн ямар зориулалтаар шилжүүлсэн нь тодорхойгүй байна.

 

Иймд хариуцагч С.Мт холбогдох гэрээний үүрэгт 16.663.590 төгрөг гаргуулахыг шаардсан нэхэмжлэгч Х.Жгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

 

 

 

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон    

 

 

 

ТОГТООХ нь:

 

 

 

           1. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т зааснаар хариуцагч С.Мт холбогдох гэрээний үүрэгт 16.663.590 төгрөг гаргуулахыг шаардсан нэхэмжлэгч Х.Жгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

 

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 241.270 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.

 

 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчин төгөлдөр болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.                    

 

 

 

                               

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Ж.КУЛЬДАНА