Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 102/ШШ2017/02784

 

 

 

        2017 оны 10 сарын 23 өдөр

 

 

 

 

 

             Дугаар 102/ШШ2017/02784

 

 

 

 

 

                        ******* хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Оюунтуул даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: 

нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:

холбогдох

 

Урьд эрхэлж байсан ажилд эргүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.*******, хариуцагчийн өмгөөлөгч О.******* нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.******* хөтлөв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Г.******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: …2017 оны  07 дугаар сарын 05-ны өдөр ажлаас чөлөөлөгдсөн. 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдөр мэдэгдэл өгсөн. Анх бол тасалбар худалдаалах төвийн дарга н.Оюунцэцэг орон тоо цөөрүүлэхдээ ******* *******ын бус мэргэжилтэй, бага ажилласан жилтэй сахилгын зөрчилтэй хүмүүсийг цөөрүүлнэ гэсэн. Ажилчдын зүгээс гомдол гаргаад магадлан итгэмжлэлийн шалгалт авахаар болсон. 6 дугаар сарын 12-ны өдөр уг шалгалт болсон. Нарантуяа дарга санал гомдол гарсан. Олон жил ажилласан хүнийг бид нар их айхтар хөдөлгөхгүй гэсэн. Шалгалт авна оноо бол дүгнэнэ гэсэн. Би ******* *******ын хүндэт тэмдэгээр шагнагдаж байсан. Би ажил дээрээ алдаа дутагдал гаргаж байгаагүй. Шалтгалт авдагаараа авсан. Дахин шалгалт авна гэдгийг бол 7 дугаар сарын 04-ны өдөр мэдсэн. Сүүлийн шалгалтыг мэдээгүй байж  байгаад л орсон. Миний хөдөлмөрийн гэрээ бол цуцлагдсан байсан гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...2017 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 95 тоот тушаалаар Г.*******г чөлөөлсөн. Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1 дэх хэсэгт заасан / аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн гэсэн/ үндэслэлээр чөлөөлсөн байдаг. Орон тоо бол алга болоогүй, ажилчид дунд явуулсан сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн ажлаас чөлөөлсөн. Хэрэв үнэхээр ур чадварын шалгалтандаа тэнцээгүй гэж байгаа бол Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр чөлөөлөх ёстой. Гаргаж байгаа тушаал маань өөрөө хууль зөрчсөн байна. 1992 оноос хойш 25 жил ажиллаж байгаа. 15 жилийг нь үйлчлэгчээр ажиллаад, воганы тасалбар түгээгчээр ажилласан. Авч байгаа шалгалт нь хууль зүйн үндэслэлгүй байна. Ажилд эргүүлэн тогтоолгох хүсэлтэй байна гэв.

 

Хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг ******* ******* *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: .. 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдөр мэдэгдэлийг бол өгсөн байна. Ажилчид гомдол гаргасны дагуу тухайн асуудлыг шийдвэрлэх үүднээс комисс гарсан. Жирэмсэн болон жирэмсний амралтай байгаа хүмүүсээс бусад хүмүүст сонгон шалгаруулалт явуулсан. Цахим болон тестээр шалгалтыг авсан байдаг. Г.******* нь эхний шалгалтан дээр 41.7 хувь авсан. Давтан шалгалтыг бол 46.7 хувьтай өгч, 2 удаа шалгалтанд унасан байгаа гэв. Нэг сарын өмнө мэдэгдэлийг өгсөн. 2017 оны 7 дугаар сарын 5-ны өдөр гэрээг цуцалсан байна.  Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч О.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* ******* *******ын даргын 2017 оны 07 дугаар сарын 05 өдрийн 95 тоот тушаалаар хөдөлмөрийн гэрээг хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1 дэх хэсэгт зааснаар цуцалсан. Ажил олгогчийн санаачлагаар олон улсын тасалбар түгээх кассын орон тоог, 40 хүнтэй нэгжийг 26 хүнтэй нэгж болгон цомхотгосон. Хамт олноос бол гомдол гаргасан байдаг. Хүний нөөц, захиргаа удирдлага, хуулийн хэлтэс зэрэг албууд оролцоод шалгалт явуулсан. Шударгаар сонгон шалгаруулалт явуулсан. Жирэмсэн болон хүүхэд асрах чөлөөтэй, нэг жилийн дараа тэтгэвэрт гарах хугацаа нь болчихсон ажилчдыг оролцуулаагүй. Нэг сарын өмнө бол мэдэгдсэн. Г.******* бол сонгон шалгаруулалтанд бага оноо авсан учраас, шууд халаагүй жирэмсэн болон, хүүхэд асрах чөлөөтэй хүний оронд ажлын байр санал болгосон боловч өөрөө зөвшөөрөөгүй. Ингээд ажлын байр, түр орон тоог яваандаа жинхэлж, хадгалах бодлого барьсан. Тухайн нөхцөл байдалд буруу дүгнэлт гаргаад шүүхэд нэхэмжлэл гаргасан байна гэв. 

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг нэг бүрчлэн уншин сонсгож шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч Г.******* нь урьд эрхэлж байсан Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг ******* *******ын *******ын Тасалбар худалдаалах төвд тасалбар бичигч мөнгөний няравын ажилд эргүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

           

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтууд, зохигчдын гаргасан тайлбарыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах үндэслэлтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч Г.******* нь Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг ******* ******* *******д 1992 оны 09 сараас эхлэн үйлчлэгч, тасалбар бичигч, мөнгөний няраваар ажиллаж байгаад 2017 оны 07 сарын 05-ны өдрийн 95 дугаар ******* ******* *******ын тасалбар худалдаалах төвийн даргын тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн байна.

 

Зохигчдын хооронд хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр эсэх талаар талууд маргаагүй тул шүүх энэ талаархи нотлох баримтуудыг үнэлэх шаардлагагүй гэж үзлээ.

 

            Нэхэмжлэгч Г.******* нь тасалбар худалдаалах төвийн даргын 95 дугаар тушаалыг гардан авч, 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан, шүүх нэхэмжлэлийг 2017 оны 08 сарын 04-ны өдөр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11-д заасан үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан захирамж гаргасан байна. Нэхэмжлэгч 2017 оны 09 сарын 13-ны өдөр дахин нэхэмжлэлээ гаргасан нь  Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасантай нийцсэн гэж үзнэ. /хх-ийн 13 дугаар хуудас/

 

            Тасалбар худалдаалах төвийн даргын 2017 оны 07 сарын 05-ны өдрийн 95 дугаар тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 42 дугаар зүйлийн 42.1, 43 дугаар зүйлийн 43.1 дэхь заалт, Монгол Оросын хувь нийлүүлсэн ******* ******* ******* нийгэмлэг, Монголын ******* *******чдын үйлдвэрчний эвлэлийн холбооны 2016-2017 оны хамтын гэрээний 3.14 заалтыг үндэслэн орон тоо цөөрүүлсэнтэй холбогдуулан хийсэн сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн тасалбар бичигч мөнгөний нярав Г.*******тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2017 оны 07 сарын 04-ны өдрөөс тасалбар болгон цуцалж, 2 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгохоор шийдвэрлэжээ./хх-7 дугаар тал/

 

Нэхэмжлэгч нь “...намайг тасалбар худалдаалах төвийн даргын 2017 оны 07 сарын 05-ны өдрийн 95 тоот тушаалаар орон тоог цөөрүүлэх гэх үндэслэлээр ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн...” гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлаж байгаа бол хариуцагч нь ...  ******* ******* *******ын даргын 2017 оны 07 дугаар сарын 05 өдрийн 95 тоот тушаалаар хөдөлмөрийн гэрээг хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1 дэх хэсэгт зааснаар цуцалсан. Ажил олгогчийн санаачлагаар олон улсын тасалбар түгээх кассын орон тоог, 40 хүнтэй нэгжийг 26 хүнтэй нэгж болгон цомхотгосон, ...ямар нэгэ хууль тогтоомжийг буруу хэрэглэж, зөрчсөн зүйл байхгүй ...” гэж нэхэмжлэлийн  шаардлагыг эс зөвшөөрч маргаж байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт “аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн” бол ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцална гэжээ.

 

Нэхэмжлэгч Г.******* нь Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг ******* ******* *******ын Тасалбар худалдаалах төвтэй хөдөлмөрийн гэрээ байгуулан тасалбар бичигч мөнгөний няравын ажил үүргийг эрхэлж байсан ба  2017 оны 07 сарын 05-ны өдрийн 95 дугаартай тушаал нь ...орон тоо цөөрүүлсэнтэй холбогдуулан хийсэн сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн тасалбар бичигч мөнгөний нярав Г.*******тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсугай ... гэсэн атал хуулийн этгээд, байгууллага салбар нэгж зохион байгуулалт, бүтцийн өөрчлөлт хийсэн, тодорхой ажил албан тушаалын ажлын байр, орон тоо хасагдсан, үгүй болсон, цөөрсөн зэрэг ямар нэг үйл баримт нотлох баримтаар тогтоогдоогүй болно.

Өөрөөр хэлбэл хэргийн 20 дугаар талд авагдсан хариуцагчийн бичгээр ирүүлсэн ...УБТЗ ХНН-ийн даргын баталсан орон тооны өөрчлөлтөөр Тасалбар бичигч-мөнгөний няравын орон тоо хасагдсан тул.... мэдэгдсэн... гэх тайлбар, шүүх хуралдаанд гаргасан ... ажил олгогчийн санаачлагаар олон улсын тасалбар түгээх кассын орон тоог, 40 хүнтэй нэгжийг 26 хүнтэй нэгж болгон цомхотгосон... гэх  тайлбар, татгалзал үндэслэлээ нотлох, нотлох баримтыг цуглуулах гаргаж өгөх хуульд заасан үүргээ хариуцагч биелүүлээгүй.

 

Нэхэмжлэгчийн эрхэлж байсан ажил албан тушаал хамаарах хуулийн этгээд байгууллага салбар нэгжид зохион байгуулалт, бүтцийн өөрчлөлтөөр тодорхой ажил албан тушаалын байр, орон тоо хасагдсан цөөрсөн үгүй болсон үйл баримт, хариуцагчийн татгалзал нотлох баримтаар нотлогдоогүй тул 95 дугаартай тушаал үндэслэлгүй гарсан, Г.*******г үндэслэлгүйгээр ажлаас халсан гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Иймд Г.*******г урьд эрхэлж байсан тасалбар бичигч мөнгөний няравын ажилд  эгүүлэн тогтоож нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэлээ. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг гаргуулан төсвийн орлогод оруулахаар тогтоов.

 

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118  дахь хэсэгт  заасныг удирдлага болгон 

 

                                                                                                                            ТОГТООХ нь:  

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г.*******г Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг ******* ******* *******ын Тасалбар худалдаалах төвийн тасалбар бичигч мөнгөний няравын ажилд эгүүлэн тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг гаргуулан төсвийн орлогод оруулсугай.

           

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны  шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Ш.ОЮУНТУУЛ