Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 001/ХТ2018/00613

 

Г.Ч-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

        Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Б.Ундрах, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар      

   Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

            2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 102/ШШ2017/02784 дүгээр шийдвэр,

            Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

            2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 01 дүгээр магадлалтай,

            Г.Ч-гийн нэхэмжлэлтэй,

           Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд холбогдох

           Ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

            Хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

            Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

    Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.Ч-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Лхагважав, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Цэндзаяа, өмгөөлөгч О.Баясгалан, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

         Нэхэмжлэгч Г.Ч-гийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдөр ажлаас чөлөөлөгдсөн. 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдөр мэдэгдэл өгсөн. Анх тасалбар худалдаалах төвийн дарга н.Оюунцэцэг орон тоо цөөрүүлэхдээ төмөр замын бус мэргэжилтэй, бага ажилласан жилтэй, сахилгын зөрчилтэй хүмүүсийг цөөрүүлнэ гэсэн. Ажилчдын зүгээс гомдол гаргаад магадлан итгэмжлэлийн шалгалт авахаар болсон. 6 дугаар сарын 12-ны өдөр уг шалгалт болсон. Нарантуяа даргад санал гомдол гарсан. Тэрээр “олон жил ажилласан хүнийг бид  айхтар хөдөлгөхгүй” гэсэн. Шалгалт авна оноо бол дүгнэнэ гэсэн. Би төмөр замын хүндэт тэмдэгээр шагнагдаж байсан. Би ажил дээрээ алдаа дутагдал гаргаж байгаагүй. Шалгалт авдагаараа авсан. Дахин шалгалт авна гэдгийг бол 7 дугаар сарын 04-ний өдөр мэдсэн. Сүүлийн шалгалтыг мэдээгүй байж байгаад орсон. Миний хөдөлмөрийн гэрээ бол цуцлагдсан байсан гэжээ.

           Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Лхагважавын тайлбарт: 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 95 тоот тушаалаар Г.Ч-г чөлөөлсөн. Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр чөлөөлсөн байдаг. Орон тоо бол алга болоогүй, ажилчид дунд явуулсан сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн ажлаас чөлөөлсөн. Хэрэв үнэхээр ур чадварын шалгалтандаа тэнцээгүй гэж байгаа бол Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр чөлөөлөх ёстой. Гаргаж байгаа тушаал маань өөрөө хууль зөрчсөн байна. 1992 оноос хойш 25 жил ажиллаж байгаа. 15 жилийг нь үйлчлэгчээр ажиллаад, вагоны тасалбар түгээгчээр ажилласан. Авч байгаа шалгалт нь хууль зүйн үндэслэлгүй байна. Ажилд эгүүлэн тогтоолгох хүсэлтэй байна гэжээ.

            Хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Цэндзаяагийн шүүхэд гаргасан тайлбарт: 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдөр мэдэгдлийг өгсөн байна. Ажилчид гомдол гаргасны дагуу тухайн асуудлыг шийдвэрлэх үүднээс комисс гаргасан. Жирэмсэн болон жирэмсний амралттай байгаа хүмүүсээс бусад хүмүүст сонгон шалгаруулалт явуулсан. Цахим болон тестээр шалгалтыг авсан байдаг. Г.Ч- нь эхний шалгалтан дээр 41.7 хувь авсан. Давтан шалгалтыг бол 46.7 хувьтай өгч, 2 удаа шалгалтанд унасан байгаа. Нэг сарын өмнө мэдэгдэлийг өгсөн. 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдөр гэрээг цуцалсан. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.

            Хариуцагчийн өмгөөлөгч О.Баясгалангийн тайлбарт: Улаанбаатар төмөр замын даргын 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 95 тоот тушаалаар хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1 дэх хэсэгт зааснаар цуцалсан. Ажил олгогчийн санаачилгаар олон улсын тасалбар түгээх кассын орон тоог 40 хүнтэй нэгжийг 26 хүнтэй нэгж болгон цомхотгосон. Хамт олноос бол гомдол гаргасан байдаг. Хүний нөөц, захиргаа удирдлага, хуулийн хэлтэс зэрэг албууд оролцоод шалгалт явуулсан. Шударгаар сонгон шалгаруулалт явуулсан. Жирэмсэн болон хүүхэд асрах чөлөөтэй, нэг жилийн дараа тэтгэвэрт гарах хугацаа нь болчихсон ажилчдыг оролцуулаагүй. Нэг сарын өмнө бол мэдэгдсэн. Г.Ч- сонгон шалгаруулалтад бага оноо авсан учраас шууд халаагүй жирэмсэн болон хүүхэд асрах чөлөөтэй хүний оронд ажлын байр санал болгосон боловч өөрөө зөвшөөрөөгүй. Ингээд ажлын байр, түр орон тоог яваандаа жинхэлж, хадгалах бодлого барьсан. Тухайн нөхцөл байдалд буруу дүгнэлт гаргаад шүүхэд нэхэмжлэл гаргасан байна гэжээ.                    

            Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 102/ШШ2017/02784 дүгээр шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г.Ч-г Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын Тасалбар худалдаалах төвийн тасалбар бичигч, мөнгөний няравын ажилд эгүүлэн тогтоож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулан төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.                  

             Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 01 дүгээр магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 102/ШШ2017/02784 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

           Хариуцагчийн өмгөөлөгч О.Баясгалангийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 102/ШШ2017/02784 дүгээр шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 01 тоот магадлалыг эс зөвшөөрч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хяналтын шатны гомдол гаргаж байна. УБТЗ-ын Тасалбар худалдаалах төвийн даргын 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 95 дугаар тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 42 дугаар зүйлийн 42.1, 43 дугаар зүйлийн 43.1 дэх заалтуудыг тус тус үндэслэж гарсан. Хөдөлмөрийн гэрээ цуцлах гол үндэслэл нь сонгон шалгаруулалт явуулах юм. Нэхэмжлэгч Г.Ч- нь шүүх хуралдаанд мэдүүлсэн мэдүүлэгтээ “Сонгон шалгаруулалт явуулж, 2 удаа шалгалтанд тэнцээгүй гэдгийг хүлээн зөвшөөрч байна” гэдгээ хэлж, энэ асуудлаар мараагүй. Гэтэл шүүх бүтцийн өөрчлөлт хийсэн, тодорхой албан тушаалын ажлын байр, орон тоо хасагдсан, үгүй болсон, цөөрсөн зэрэг баримт нотлох баримтаар тогтоогдоогүй гэж үзсэн нь үндэслэлгүй юм. Г.Ч- болон бусад ажилчидтай хөдөлмөрийн гэрээ цуцлахдаа Сонгон шалгаруулалт явуулах шийдвэр гаргаж, шалгалтын комисс шалгалтыг удирдамжийн дагуу 2 үе шаттай авсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д "Ажил олгогч нь жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эхийг аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсан болон энэ хуулийн 40.1.4, 40.1.5-д зааснаас бусад тохиолдолд ажлаас халахыг хориглоно" гэсэн заалтыг баримтлан жирэмсэн, хүүхэд асрах чөлөөтэй байгаа ажилтнуудаас бусад ажилтнуудын дунд сонгон шалгаруулалт явуулсан. Монгол Улсын дээд шүүхийн 2007 оны 07 дугаар сарын 03-ны 33 тогтоолын 15.1.2-д “орон тоо цөөрүүлэх” гэдэгт хуулийн этгээд, байгууллагын зохион байгуулалтын бүтцийн адил ажил, албан тушаалын хэд хэдэн орон тооноос тодорхой тооны орон тоог хассаныг ойлгоно” гэж заасан. Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1 дэх заалтын дагуу "ажилтны тоог цөөрүүлэх"-дээ ажилчдын мэргэжил ур чадварыг харгалзан үзсэн. Нэг төрлийн ажлын байран дээрх хэд хэдэн ажилтнаас заримыг нь үлдээж, заримынх нь гэрээг дуусгах төлөвлөгөө гаргасны дагуу тус үйл ажиллагаа явагдсан. Хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа ганцхан Г.Ч-г сонгож, дур зоргоор субьектив хандлага гаргаж халаагүй, харин урьдчилан мэдэгдэж, удирдамж батлагдаж, 2 үе шаттайгаар, давтан шалгалт авсан байдаг юм. 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн шалгалтанд Тасалбарын нярав Г.Ч- нь 41.7 хувь буюу хангалтгүй үнэлгээ авсан. Давтан шалгалтыг 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдөр явуулахад 46.7 хувь мөн адил хангалтгүй оноо авсан. ИХШХШТХ-ийн 62.1.4-т "нэхэмжлэлийн үндэслэл шаардлага, түүнийг нотлох баримт"-ийг үндэслэнэ гэж заасан. Орон тоо хасагдсан, цөөрсөн гэдэгт зохигчид огт маргаагүй, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага дээр орон тоог цөөрүүлсэн нь хууль бус гэсэн шаардлага гаргаагүй юм. Гэтэл шүүх "Нэхэмжлэгчийн эрхэлж байсан ажил, албан тушаал хамаарах хуулийн этгээд байгууллага салбар нэгжид зохион байгуулалт, бүтцийн өөрчлөлтөөр тодорхой ажил албан тушаалын байр, орон тоо хасагдсан цөөрсөн, үгүй болсон үйл баримт, хариуцагчийн татгалзал нотлох баримтаар нотлогдоогүй тул" гэж шийдвэрийн үндэслэх хэсэгт зааж бичсэн. ИХШХШТХ-ийн 62.1.4 нь зохигчдын мэтгэлцээний хүрээ хязгаарыг тодорхойлох бөгөөд нэхэмжлэгч нэхэмжлэлд орон тоог цөөрүүлье гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй. Гэтэл шүүх нэхэмжлэлээс өөр асуудлыг шийдвэрлэж байгаа мэт дээрх дүгнэлтийг хийсэн нь ойлгомжгүй юм. Нэхэмжлэгч орон тоог цөөрүүлж, сонгон шалгаруулалтад 2 удаа тэнцээгүй гэдэг нь тодорхой үйл баримт, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдсон байхад мэтгэлцээнд яригдаагүй асуудлаар дүгнэлт хийж, ИХШХШТХ-ийн 40.2-т заасныг зөрчсөн. Өөрөөр хэлбэл, орон тоог цөөрүүлсэнтэй холбогдолтойгоор ажил олгогч ажилтны дунд сонгон шалгаруулалт явуулж байгаа нь хамгийн шударга хэлбэр бөгөөд сонгон шалгаруулалт орж байгаа энэ үйл явдлыг хэн ч үгүйсгээгүй, хууль бус гэж маргаагүй билээ. Иймд Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 102/ШШ2017/02784 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 01 тоот магадлалыг хүчингүй болгосон өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

                                                            ХЯНАВАЛ:

           Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаана.

         Нэхэмжлэгч Г.Ч- нь хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд холбогдуулан Улаанбаатар төмөр замын Тасалбар худалдаалах төвд Олон Улсын цехийн тасалбарын нярвын ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа “...төвийн даргын 2017 оны 07 сарын 05-ны өдрийн 95 тоот тушаалаар орон тоог цөөрүүлэх гэх үндэслэлээр ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн, ...сонгон шалгаруулалтад тэнцээгүй гэдэг шалтгаанаар ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй” гэжээ.

         Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй, ажилтныг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан үндэслэлээр холбогдох журмын дагуу ажлаас чөлөөлсөн нь хуульд нийцсэн гэж маргажээ.

          Анхан шатны шүүх нэхэмжлэгч Г.Ч-г Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын Тасалбар худалдаалах төвийн тасалбар бичигч, мөнгөний нярвын ажилд эгүүлэн тогтоож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн шийдвэрийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн байна.

           Нэхэмжлэгч Г.Ч- нь Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд 1992 оны 09 сараас эхлэн үйлчлэгчээр ажиллаж байгаад Улаанбаатар төмөр замын тасалбар худалдаалах төвийн даргын 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 01 дүгээр тушаалаар тасалбар бичигч мөнгөний нярваар томилогдон ажиллаж байсан талаар талууд маргаагүй.

           Улаанбаатар төмөр замын тасалбар худалдаалах төвийн даргын 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 95 дугаар тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 42 дугаар зүйлийн 42.1, 43 дугаар зүйлийн 43.1 дэх заалт, Монгол Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэг, Монголын төмөр замчдын үйлдвэрчний эвлэлийн холбооны 2016-2017 оны хамтын гэрээний 3.14 заалтыг баримталж, Г.Ч-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалжээ.

         Хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбар, нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага зэргээс үзэхэд нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тодорхой бус гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь орон тоо цөөрүүлсэн нь үндэслэлгүй буюу орон тоо цөөрүүлсэн нь бодитой бус гэж маргасан, эсхүл орон тоо цөөрүүлэхдээ сонгон шалгаруулалт явуулж, түүний дүнг үндэслэж ажилтныг ажлаас чөлөөлсөн нь буруу гэж маргаж байгаа нь ойлгомжгүй, тодорхойгүй байна.

          Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл тодорхой нөхцөлд зохигчдын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан мэтгэлцэх эрх хэрэгжинэ.

       Хэрэгт авагдсан баримтын хүрээнд дүгнэлт хийж, хяналтын шатны шүүхээс зохигчдын хооронд үүссэн маргааныг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.

          Иймээс анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, хариуцагчийн өмгөөлөгчийн  гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж хяналтын  шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.                                                  

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

        1. Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 102/ШШ2017/02784 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 01 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

        2. Хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                                   ТАНХИМЫН ТЭРГҮҮН                             Х.СОНИНБАЯР

                                   ШҮҮГЧ                                                        Д.ЦОЛМОН