Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 001/ХТ2019/00179

 

Г.Ч-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 102/ШШ2018/02289 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 2007 дугаар магадлалтай,

Г.Ч-гийн нэхэмжлэлтэй

Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд холбогдох, 

Ажилд эгүүлэн тогтоолгох тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч Б.Л- нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Ч-, өмгөөлөгч Б.Л-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нар оролцов.

Нэхэмжлэгч Г.Чимэдмаагийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын Тасалбар худалдаалах төвийн даргын 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 95 дугаар тушаалаар намайг тасалбар бичигч мөнгөний няравын ажлаас чөлөөлсөн нь Хөдөлмөрийн хууль зөрчсөн, хууль зүйн үндэслэлгүй байна. Ажил олгогчийн санаачилгаар олон улсын тасалбар түгээх кассын орон тоог 40 хүнтэй нэгжийг 26 болгож цомхотгосон. Байгууллага бүтцийн өөрчлөлт хийхдээ Монгол улсын Засгийн газар, харьяа Зам тээврийн яамнаас байгууллага салбар нэгжид зохион байгуулалт, бүтцийн өөрчлөлт хийсэн, тодорхой ажлын байр, орон тоо хасагдсан тухай тогтоол, журам заавар баталж гараагүй байхад өөрсдийн санаачилгаар нэг төрлийн ажлын байран дахь хэд хэдэн ажилтнаас заримыг үлдээж, заримыг нь чөлөөлсөн. Миний ажлын байр хасагдаагүй, ажлын байрны орон тоо цөөрүүлсэн нь бодитой бус байхад намайг орон тоо цөөрүүлсэн гэх нэрийдлээр ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй. Түүнчлэн, орон тооны цомхтгол хийхдээ хуульд заагаагүй үндэслэлээр хийсэн. Орон тоо цөөрүүлэх зорилгоор явуулсан гэх шалгалтын удирдамж нь хэзээнийх болох нь тодорхойгүй, огноо байхгүй байсан. Салбар нэгжийн бүтцийн өөрчлөлт хийхдээ харьяа яамнаас орон тоо цомхтгох төсөлд хамрагдах ажиллагаа хийгддэг атал энэ ажиллагаа хийгдээгүй, өөрсдийн санаачилгаар орон тооны цомхтгол хийсэн. Ажилдаа эгүүлэн тогтоолгосны дараа ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг шаардах болно. Иймд намайг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн шийдвэрийг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбарт: ...Нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн болон бодит байдлын үндэслэлгүй байна. Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын салбар нэгж болох Тасалбар худалдаалах төвийн орон тоог цөөрүүлэх шийдвэр гарсан. Энэ шийдвэр гарсантай холбогдуулан хөдөлмөрийн гэрээ цуцлах мэдэгдлийг зарим нэр бүхий ажилтанд өгсөн. Гэтэл тасалбар худалдаалах төвийн ажилтнууд гарын үсэг зурж гомдол гаргасан тул Зорчигч үйлчилгээний албаны дарга, Хуулийн зөвлөх, Зорчигч үйлчилгээний албаны ахлах байцаагч, Дотоод хяналтын албаны байцаагч, Үйлдвэрчний эвлэлийн хуулийн зөвлөх нарын бүрэлдэхүүнтэй комисс ажиллан тухайн асуудлыг шийдвэрлэсэн. Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын Удирдлагын асуудал хариуцсан замын орлогч даргаар батлуулсан Мэргэжил, ур чадварын шалгалтын удирдамж гарсан. Удирдамжийн гол зорилго нь дурдсан албан тушаалын орон тоог хасч байгаатай холбогдуулан дээрх ажилтнуудаас мэргэжил, ур чадварын шалгалт авч, сонгон шалгаруулалт явуулсан бөгөөд Г.Ч- нь 41.7% буюу хангалтгүй үнэлгээ авсан. Давтан шалгалт явуулахад мөн 46.7% хангалтгүй оноо авсан. Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын даргын баталсан орон тооны өөрчлөлтөөр Тасалбар бичигч-мөнгөний няравын орон тоо хасагдсан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт заасны дагуу нэг сарын өмнө буюу 5 дугаар сарын 07-ний өдөр мэдэгдсэн. Улмаар Тасалбар худалдаалах төвийн даргын 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 95 дугаар тушаалаар Г.Ч-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т заасныг үндэслэсэн. Г.Ч-тай 3 удаа уулзаж, өөр ажлын байр санал болгосон боловч тэрээр хүлээн аваагүй. Түүнтэй ижил үндэслэлээр ажлаас чөлөөлөгдсөн өөр ажилтанд мөн адил санал тавихад хүлээн авч, одоо орон тоо нь жинхлэгдсэн байгаа. Нийт 40 орон тоотой байснаас 26 болж буурсан. Иймээс Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын удирдлага тасалбар бичигчийн ажлын байрыг цөөрүүлэх шийдвэр гаргасан гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 102/ШШ2018/02289 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан Г.Ч-г Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын Тасалбар худалдаалах төвийн тасалбар бичигч-мөнгөний нярвын ажилд эгүүлэн тогтоож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн бөгөөд, хариуцагчаас 70.200 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 2007 дугаар магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 102/ШШ2018/02289 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох тухай П.Чимэдмаагийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч Г.Ч- түүний өмгөөлөгч Б.Л- нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй. Г.Ч- нь УБТЗ ХНН-ийн Тасалбар худалдаалах төвтэй хөдөлмөрийн гэрээ байгуулан тасалбар бичигч-мөнгөний няравын ажил үүргийг эрхэлж байсан бөгөөд 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 95 дугаартай түшаалаар орон тоо цөөрсөн гэх үндэслэлээр Н.Чимидмаатай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Г.Ч-г ажлаас чөлөөлөхдөө УБТЗ-ын Удирдлагын асуудал эрхэлсэн замын орлогч даргын баталсан Мэргэжил, ур чадварын шалгалтын удирдамж, уг удирдамжаар авсан сонгон шалгаруулалтыг үндэслэн орон тоо цөөрсөн гэх үндэслэлээр Г.Ч-тай хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь хууль зүйн үндэслэлгүй байна. УБТЗ-ын Тасалбар худалдаалах төвийн ажилчдын орон тоог цөөрүүлэх тухай шийдвэр тусгайлан гараагүй бөгөөд УБТЗ-ын Удирдлагын асуудал хариуцсан замын орлогч даргын баталсан Мэргэжил, ур чадварын шалгалтын удирдамжийг орон тоо цөөрүүлэх бүтцийн өөрчлөлт баталсан шийдвэр гэж давж заалдах шатны шүүх дүгнэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлаж хэрэглээгүй, шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна. Тасалбар худалдаалах төвийн орон тоо, ажилчдын тоо цөөрсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, хуулийн этгээд, байгууллага салбарын нэгж зохион байгуулалт, бүтцийн өөрчлөлт хийсэн, тодорхой ажил албан тушаалын ажлын байр, орон тоо хасагдсан, үгүй болсон, цөөрсөн зэрэг ямар нэг баримт нотлох баримтаар тогтоогдоогүй, орон тоо, бүтцийн өөрчлөлтийн талаар тусгайлан шийдвэр гараагүй, мөн анхан шатны шүүх хурал дээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс орон цөөрүүлэх талаар УБТЗ-ын дарга шийдвэр гаргадаггүй гэж тайлбарласан тайлбар зэрэг нотлох баримтаар тогтоогдоогүй УБТЗ-ын орон тоо цөөрүүлсэн гэх үндэслэлээр чөлөөлсөн атлаа тус төвд тасалбар бичигч-мөнгөний няраваар А.Идэрчулуун н.Урангоо гэх хүмүүсийг гаднаас авч ажиллуулсан байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Улаанбаатар төмөр зам ХНН-ийн Тасалбар худалдаалах төвд холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох тухай Г.Ч-гийн нэхэмжлэлийн шаардлагыг анхан шатны шүүх хангаж шийдвэрлэснийг, давж заалдах шатны шүүх хянаж, шийдвэрийг хүчингүй болгон нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгожээ.

Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрсөн нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн гомдлыг хангах хууль зүйн үндэслэлтэй байна.

Давж заалдах шатны шүүх, хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх хуульд заасан үүргээ биелүүлээгүй, зохигчийн хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргаанд хэрэглэвэл зохих хуулийг буруу тайлбарлан хэрэглэжээ.

Улаанбаатар төмөр зам ХНН-ийн Тасалбар худалдаалах төвийн эрхлэгчийн 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 95 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 42 дугаар зүйлийн 42.1, 43 дугаар зүйлийн 43.1, УБТЗ ХНН, Монголын төмөр замчдын үйлдвэрчний холбооны 2016-2017 оны хамтын гэрээний 3.14 дэх заалтыг тус тус баримтлан “орон тоо цөөрүүлсэнтэй холбоотой сонгон шалгаруулалтад тэнцээгүй” үндэслэлээр Г.Ч-г тасалбар бичигч мөнгөний няравын ажлаас чөлөөлжээ.

Аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл орон тоог цөөрүүлсэн бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болохыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан байна. Дээрх үндэслэлээр ажилтанг ажлаас халахдаа түүнд энэ талаар нэг сарын өмнө мэдэгдэх үүргийг ажил олгогч хүлээнэ.

Г.Ч-г ажлаас халсан 95 тоот тушаал хууль ёсны болж чадаагүй байна.

1. Орон тоо цөөрүүлэх гэдгийг байгууллагын зохион байгуулалтын бүтцийн адил  ажил, албан тушаалын хэд хэдэн орон тооноос тодорхой тооны орон тоог хассаныг ойлгодог бөгөөд энэ тухай шийдвэрийг тухайн байгууллагын бүтэц орон тоог өөрчлөх эрх бүхий этгээд тодорхой үндэслэл, журмын дагуу урьдчилан шийдвэрлэсэн байхыг хууль шаардана.  

Улаанбаатар төмөр зам ХНН-ын даргын 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн А/256 дугаар тоот тушаалаар Тасалбар худалдаалах төвийн дүрмийг шинэчлэн баталсан нь хэргийн 35-37-р талд авагдсныг хоёр шатны шүүх хэрэгт хамааралтай нотлох баримт гэж үзсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасантай нийцээгүй байна. Тухайлбал, 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс Тасалбар худалдаалах төвийн бүтэц, орон тоог өөрчилж, 40 байсныг 26 болгон цөөрүүлсэн, үүний улмаас нэхэмжлэгч Г.Ч-г 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдөр ажлаас халсан гэх үйл баримттай, дээр дурдсан А/256 дугаар тушаалаар батлагдсан дүрэм нь цаг хугацааны хувьд хамааралтай байх боломжгүйг шүүх анхаараагүй, дүрмийн 3.2-т “Төвийн зохион байгууллалтын бүтэц, ...орон тоо, цалингийн санг УБТЗ-ын дарга тогтоож батална” гэж заасан утгатай дүгнэлт хийсэн нь буруу болжээ.

Хэргийн 5-р талд авагдсан Улаанбаатар төмөр замын ХНН-ын Тасалбар худалдаалах төвийн даргын 2017 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн “ажилд авах тухай”  01 тоот тушаалд зааснаар Улаанбаатар төмөр замын даргын 2017 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн А-95 тоот тушаалын дагуу Зорчигч тээврийн албанд зохион байгуулалтын өөрчлөлт орж, Тасалбар худалдаалах төв шинээр байгуулагдсантай холбогдуулан нийт 110 ажилтанг ажилд томилсон шийдвэр гаргасан нь тогтоогджээ.

Дээрх 01 тоот тушаалд “ажилтны орон тоо цөөрүүлэх” агуулга тусгагдаагүй байна.

Иймээс Тасалбар худалдаалах төвийн бүтэц орон тоог өөрчлөх эрх бүхий албан тушаалтан ажилтны орон тоо цөөрүүлэх шийдвэр гаргасан нь хэргийн баримтаар тогтоогдоогүй гэж үзнэ.

2. Нэхэмжлэгчийн ажлын байрны орон тоо бодитоор хасагдсан гэх үндэслэл тогтоогдоогүй байна.

Тасалбар худалдаалах төвийн 40 орон тоог 26 болгож өөрчилсөн, 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөнө гэх баримт хэргийн 98-р талд авагджээ. Энэхүү баримт, зохигчийн тайлбараас үзэхэд өмнө нэхэмжлэгч Г.Ч-тай адил буюу тасалбар бичигч мөнгөний няравын /олон улсын, 727.200 төгрөгийн цалинтай/ ажил, албан тушаалд нийт 15 ажилтан, үүнээс гадна тасалбарын мөнгөний  нярав /орон нутгийн, 646.250 төгрөгийн цалинтай/ нийт 18 ажилтан, энэ төрлийн ажлыг бүгд 33 ажилтан гүйцэтгэж байжээ. Шинэчилсэн гэх бүтцээр олон улсын тасалбар бичигч ахлах-2, орон нутгийн тасалбар бичигч ахлах-2, тасалбар бичигч нярав 18, нийт 22 болж, орон тоо 11-р цөөрсөн байх боловч нэхэмжлэгчийн ажлын байрнаас хэд нь хасагдсан эсхүл “олон улсын болон орон нутгийн тасалбар бичигчийн” ажлын байрны чиг үүргийг нэгтгэсэн эсэх нь  тодорхой бус байна.

Тасалбар худалдаалах төв нь 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдөр нийт 38 ажилтанд, үүний дотор тасалбар бичигч мөнгөний нярав /олон улсын/ 15 ажилтанд бүгдэд орон тоо цөөрүүлсний улмаас ажлаас халах мэдэгдлийг өгчээ. /хх-26-р тал/ Харин уг шийдвэрийн талаар ажилчид гомдол гаргасан үндэслэлээр сонгон шалгаруулалт зохион байгуулсан нь хэргийн баримтаар тогтоогджээ. Шалгалт 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдөр болон давтан 7 дугаар сарын 04-ний өдөр явагдаж, 5 ажилтан “хангалтгүй үнэлгээ” авч ажлаас халагдсны дотор нэхэмжлэгч Г.Ч- болон түүнтэй адил ажил, албан тушаал эрхэлж байсан 2 ажилтан байна.

Дээр дурдсан нотлох баримтуудаас дүгнэхэд ажил олгогч адил ажил, албан тушаал эрхэлж байсан нийт ажилчдыг орон тоо цөөрүүлсэн үндэслэлээр ажлаас халахаар мэдэгдэл өгч, үүний дараа хэнийг халахаа сонгохоор шалгалт явуулснаас гадна тасалбар бичигч мөнгөний няравын /олон улсын/ хэдэн орон тоог цөөрүүлэх шийдвэр гаргасан эсэх нь ойлгомжгүй, цөөрүүлэх орон тоогоор бус шалгалтын үнэлгээний “хангалтгүй” дүнгээр ажилчдыг ажлаас халсан гэж үзэх хоорондоо зөрчилтэй байдлууд тогтоогджээ.

Анхан шатны шүүх энэ талаар үндэслэлтэй дүгнэлт хийж нэхэмжлэлийг хангасан атал давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн ажиллаж байсан ажил албан тушаалын орон тоо цөөрүүлсэн нь тогтоогдсон гэж үзсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

3. Ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасан ажилтныг ажлаас халах болсноо нэг сарын өмнө мэдэгдэх зохицуулалтыг зөрчсөн байна.

Сонгон шалгаруулалтыг 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдөр болон давтан шалгалтыг 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдөр явуулж, уг шалгалтаар нэхэмжлэгч Г.Ч-г ажлаас халах үндэслэл бий болсон гэж үзэхэд, түүнд ажлаас халах тухай мэдэгдлийг 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдөр өгсөн нь хуулийн агуулгатай нийцээгүй байна.

4. Дээр дурдснаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцээгүй тул магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 2007 дугаар магадлалыг хүчингүй болгож, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 102/ШШ2018/02289 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч Б.Л- нарын гаргасан гомдлыг хангасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар нэхэмжлэгч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ