Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 01

 

 

 

 

 

 

 

 

 

Г.Чгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 102/ШШ2017/02784 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Г.Чгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч МОХННУБТЗд холбогдох,

 

Ажилд эгүүлэн тогтоолгох тухай иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Г.Ч

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.Лхагважав

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: А.Цэндзаяа

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: З.Цэрэнханд нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 95 тоот тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн. Тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1-д заасныг баримталсан.

2017 оны 05 дугаар сарын 01-ний өдөр мэдэгдэл өгч тасалбар худалдаалах төвийн дарга н.Оюунцэцэг орон тоо цөөрүүлэхдээ төмөр замын бус мэргэжилтэй, бага ажилласан жилтэй, сахилгын зөрчилтэй хүмүүсийг цөөрүүлнэ гэсэн. Ажилчдын зүгээс гомдол гаргаад магадлан итгэмжлэлийн шалгалт авахаар болсон. 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдөр уг шалгалт болсон.

Орон тоо бол алга болоогүй байхад ажилчид дунд явуулсан сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн ажлаас чөлөөлсөн. Хэрэв үнэхээр ур чадварын шалгалтандаа тэнцээгүй гэж байгаа бол Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.2-т заасан үндэслэлээр чөлөөлөх ёстой. Гаргаж байгаа тушаал нь хууль зөрчсөн байна.

Би 1992 оноос хойш 25 жил ажиллаж байгаа бөгөөд ажил дээрээ алдаа дутагдал гаргаж байгаагүй.

Авч байгаа шалгалт нь хууль зүйн үндэслэлгүй байна. Ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Улаанбаатар төмөр замын даргын 2017 оны 07 дугаар сарын 05 өдрийн 95 тоот тушаалаар ажилтны хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт зааснаар цуцалсан.

Ажил олгогчийн санаачлагаар олон улсын тасалбар түгээх кассын орон тоог 40 хүнтэй нэгжийг 26 хүнтэй нэгж болгон цомхотгосон. Хамт олноос гомдол гаргасны дагуу тухайн асуудлыг шийдвэрлэх үүднээс комисс гарсан. Шударгаар сонгон шалгаруулалт явуулсан. Жирэмсэн болон хүүхэд асрах чөлөөтэй, нэг жилийн дараа тэтгэвэрт гарах хугацаа нь болчихсон ажилчдыг оролцуулаагүй. Г.Ч нь эхний шалгалтан дээр 41.7 хувь, давтан шалгалтыг бол 46.7 хувьтай өгч, 2 удаа шалгалтанд унасан.

Ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэл өгсөн. Г.Ч сонгон шалгаруулалтанд бага оноо авсан учраас түүнийг шууд халаагүй, жирэмсэн болон, хүүхэд асрах чөлөөтэй хүний оронд ажлын байр санал болгосон боловч өөрөө зөвшөөрөөгүй.

Ингээд ажлын байр, түр орон тоог яваандаа жинхэлж, хадгалах бодлого барьсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г.Чг Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын Тасалбар худалдаалах төвийн тасалбар бичигч мөнгөний няравын ажилд эгүүлэн тогтоож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг гаргуулан төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна.

УБТЗ-ын Тасалбар худалдаалах төвийн даргын 2017 оны 07 дүгээр сарын 05-ны өдрийн 95 дугаар тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 42 дугаар зүйлийн 42.1, 43 дугаар зүйлийн 43.1 дэх заалтуудыг тус тус үндэслэж гарсан. Хөдөлмөрийн гэрээ цуцлах гол үндэслэл нь сонгон шалгаруулалт явуулах юм.

Нэхэмжлэгч Г.Ч нь шүүх хуралдаанд мэдүүлэхдээ сонгон шалгаруулалт явуулж, 2 удаа шалгалтанд тэнцээгүй гэдгийг хүлээн зөвшөөрч байна гэдгээ хэлж, энэ асуудлаар мараагүй. Гэтэл шүүх бүтцийн өөрчлөлт хийсэн, тодорхой албан тушаалын ажлын байр, орон тоо хасагдсан, үгүй болсон, цөөрсөн зэрэг баримт нотлох баримтаар тогтоогдоогүй гэж үзсэн нь үндэслэлгүй юм.

Г.Ч болон бусад ажилчидтай хөдөлмөрийн гэрээ цуцлахдаа Сонгон шалгаруулалт явуулах шийдвэр гаргаж, шалгалтын комисс шалгалтыг удирдамжийн дагуу 2 үе шаттай авсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт "Ажил олгогч нь жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эхийг аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсан болон энэ хуулийн 40.1.4, 40.1.5-д зааснаас бусад тохиолдолд ажлаас халахыг хориглоно" гэсэн заалтыг баримтлан жирэмсэн, хүүхэд асрах чөлөөтэй байгаа ажилтнуудаас бусад ажилтнуудын дунд сонгон шалгаруулалт явуулсан.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т заасны дагуу "ажилтны тоог цөөрүүлэх"-дээ ажилчдын мэргэжил, ур чадварыг харгалзан үзсэн. Нэг төрлийн ажлын байран дээрх хэд хэдэн ажилтнаас зармыг нь үлдээж, заримынх нь гэрээг дуусгах төлөвлөгөө гаргасны дагуу тус үйл ажиллагаа явагдсан.

Хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа ганцхан Г.Чг сонгож, дур зоргоор субьектив хандлага гаргаж халаагүй. Харин урьдчилан мэдэгдэж, удирдамж батлагдаж, 2 үе шаттайгаар, давтан шалгалт авсан байдаг юм.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-д заасан "нэхэмжлэлийн үндэслэл шаардлага, түүнийг нотлох баримт"-ийг үндэслэнэ гэж заасан. Орон тоо хасагдсан, цөөрсөн гэдэгт зохигчид огт мараагүй, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага дээр орон тоог цөөрүүлсэн нь хууль бус гэсэн шаардлага гаргаагүй юм.

Гэтэл шүүх "Нэхэмжчлэгчийн эрхэлж байсан ажил албан тушаал хамаарах хуулийн этгээд байгууллага салбар нэгжид зохион байгуулалт, бүтцийн өөрчлөлтөөр тодорхой ажил албан тушаалын байр, орон тоо хасагдсан цөөрсөн үгүй болсон үйл баримт, хариуцагчийн татгалзал нотлох баримтаар нотлогдоогүй тул" гэж шийдвэрийн үндэслэх хэсэгт зааж бичсэн.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т зохигчдын мэтгэлцээний хүрээ хязгаарыг тодорхойлох бөгөөд нэхэмжлэгч нэхэмжлэлд орон тоог цөөрүүлье гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй. Гэтэл шүүх нэхэмжлэлээс өөр асуудлыг шийдвэрлэж байгаа мэт дээрх дүгнэлтийг хийсэн нь ойлгомжгүй юм.

Нэхэмжлэгч орон тоог цөөрүүлж, сонгон шалгаруулалтад 2 удаа тэнцээгүй гэдэг нь тодорхой үйл баримт, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдсон байхад мэтгэлцээнд яригдаагүй асуудлаар дүгнэлт хийж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн. Өөрөөр хэлбэл орон тоог цөөрүүлсэнтэй холбогдолтойгоор ажил олгогч ажилтны дунд сонгон шалгаруулалт явуулж байгаа нь хамгийн шударга хэлбэр бөгөөд сонгон шалгаруулалт орж байгаа энэ үйл явдлыг хэн ч үгүйсгээгүй, хууль бус гэж маргаагүй билээ.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

 

            Нэхэмжлэгч Г.Ч нь хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг  Улаанбаатар төмөр замд холбогдуулан урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

            Нэхэмжлэгч Г.Ч нь Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд 1992 оны 09 сараас эхлэн үйлчлэгчээр ажиллаж байгаад Улаанбаатар төмөр замын тасалбар худалдаалах төвийн даргын 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 01 дүгээр тушаалаар тасалбар бичигч мөнгөний няраваар томилогдон ажиллаж байсан талаар талууд маргаагүй.

 

            Улаанбаатар төмөр замын тасалбар худалдаалах төвийн даргын 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 95 дугаар тушаалаар Г.Чтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 42 дугаар зүйлийн 42.1, 43 дугаар зүйлийн 43.1 дэх заалт, Монгол Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэг, Монголын төмөр замчдын үйлдвэрчний эвлэлийн холбооны 2016-2017 оны хамтын гэрээний 3.14 заалтыг баримталж, орон тоо цөөрүүлсэнтэй холбогдуулан хийсэн сонгон шалгаруулалтын дүнг тус тус үндэслэжээ.

 

Ажлаас чөлөөлсөн дээрх тушаалд орон тоо цөөрүүлсэнтэй холбогдуулан хийсэн сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн хөдөлмөрийн гэрээг цуцалсан гэх боловч тус байгууллагын салбар нэгжийн зохион байгуулалт, орон тоо өөрчлөгдсөнтэй холбоотойгоор 40 хүний орон тоотой баталсныг 26 хүний орон тоотой болгож цөөрүүлсэн гэх тайлбараа хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар  зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй байна.

 

Нэхэмжлэгчийн шүүхэд анх гаргасан нэхэмжлэл /хх 1-2 дахь тал/-д нэхэмжлэгч нь орон тоог цөөрүүлэх гэх үндэслэлээр ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн гэж тайлбарласан, түүний өмгөөлөгч шүүх хуралдаан дээр /хх 44-45 дахь тал/ “...орон тоо алга болоогүй, ... тушаал нь хууль зөрчсөн” гэж маргасан ба шүүх нотлох баримтыг зөв үнэлж, орон тоо цөөрүүлсэн гэх үйл баримтыг тогтоогдоогүй гэж дүгнэсэн нь зөв болжээ.

 

Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгч Г.Чг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасантай нийцсэн байна.

 

            Дээрх үндэслэлээр талуудын хооронд маргаагүй үйл баримтад үнэлэлт, дүгнэлт өгсөн гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдол үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 102/ШШ2017/02784 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч МОХННУБТЗ заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй хэргийн оролцогч магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Н.БАТЗОРИГ

                                                                       

                        ШҮҮГЧИД                                                       Д.БАЙГАЛМАА

 

                                                                                                Э.ЗОЛЗАЯА